Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 796

 

Б.Б, У.Ц нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мягмаржав, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          шүүгдэгч Б.Бы өмгөөлөгч Д.Рэнцэнбямба,

          шүүгдэгч У.Ц, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа,

          нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

         

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 1009 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Рэнцэнбямба, шүүгдэгч У.Ц, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Б.Б, У.Ц нарт холбогдох 1706 0376 90566 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Монгол овгийн Бямбадоржийн Б, 1999 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Төв аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Төв аймгийн Жаргалант сум, 1 дүгээр баг,

 

2. Цоохор овгийн Ууганбаатарын Ц, 1999 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Төв аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт, Төв аймгийн Жаргалант сум, 2 дугаар баг, Өгөөмөр 6 дугаар гудамж,

 

Б.Б, У.Ц нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сувдан сондор” хотхоны зүүн урд талын задгай талбайд, иргэн Э.Эгийн “Iphone 6” загварын, 408.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Б.Б, У.Ц нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Б, У.Ц нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Б, У.Ц нарыг тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б, У.Ц нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, У.Ц, Б.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Төрийн сангийн 100900005406 тоот данснаас барьцааны 500.000 төгрөгийг У.Ц /РД:НМ99051714/, Б.Б /РД:НМ99032513/ нарт тус тус буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Бодсайхан гаргасан давж заалдах гомдолдоо: “... У.Цг гар утас авч зугтаасан гэдгийг нь мэдээгүй, сүүлд гар утас авсан талаараа хэлэхэд нь мэдсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна ...” гэжээ.

 

Шүүгдэгч Б.Бы өмгөөлөгч Д.Рэнцэнбямба давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Шийтгэх тогтоолд “Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул тэдэнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлтэй гэж үзлээ. Шүүх, шүүгдэгч У.Ц, Б.Б нарт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо” гэж дурдсан боловч шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “У.Ц, Б.Б нарт тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэжээ.

Б.Б нь 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 19 нас хүрсэн, Төв аймгийн Жаргалант сум, 1 дүгээр баг, Буурал Замтын 6 дугаар гудамжны 1 тоотод эцэг, эхийн хамт амьдардаг, ял шийтгэл хүлээж байгаагүй. 2017 онд Монгол Улсын Шинжлэх ухаан техникийн их сургуулийн Механик инженерийн сургуульд элсэн суралцсан бөгөөд 1 дүгээр курсийн голч дүн 2.5 буюу хангалттай сайн суралцаж байгаа. Эцэг, эхийн хараа хяналт сайтай, сурч боловсрох чин хүсэл эрмэлзэлтэй нэгэн билээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь заалтад “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно”, 8.7 дугаар зүйлийн 1 дэх заалтад “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж, нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно”, 4 дэх заалтад “Гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг тодорхой хамт олон, төрийн бус байгууллага, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, сурган хүмүүжүүлэгч, ойрын төрөл, садангийн хүн, тодорхой иргэний хүсэлтээр нь, эсхүл зөвшөөрснөөр нь даалгаж болно” гэж тус тус заасныг үндэслэн анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад Б.Бы төрсөн эх Ю.Жаргалмаагийн зүгээс “Б.Быг дахин гэмт хэрэг зөрчилд холбогдуулахгүй, хянан харгалзаж, сургалт хүмүүжлийг бүрэн хариуцаж, хяналтандаа байлгах бүрэн боломжтойгоо илэрхийлж, хуулийн хүрээнд ял оногдуулахыг тэнсэж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан боловч шүүхийн зүгээс хүсэлттэй холбоотой ямар нэг шийдвэр гараагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээр дурдсан заалтууд нь 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон бөгөөд батлагдсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа юм.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гаргахдаа, хэрэглэвэл зохих хууль буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар бүлэгт заасан үндэслэл журмыг хэрэглээгүй, мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасны дагуу шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, мөн хуулийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч У.Ц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, ухаарч ойлгож байна. Төлөх хохирол, төлбөр байхгүй. Иймд намайг ганц удаа харж үзэж, хорихоос өөр төрлийн шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч У.Цгийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх нь шүүгдэгч У.Цд ял оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулсан зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэх боломжтой байтал түүнийг нийгмээс тусгаарлаж, хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Шүүгдэгч У.Ц нь 1999 оны 5 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 19 настай, оюутан, эцэг, эхийн хамт амьдардаг.

Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Эд учирсан хохирол буюу эд зүйлийг нь биетээр нь буцаан өгч, хохирол гомдолгүй болгосон.

Гэмт хэргийн улмаас хохирогчийн биед ямар нэгэн гэмтэл тогтоогдоогүй, хохирогч гомдол, саналгүй хэргийг нь хэрэгсэхгүй болгож өгөөч гэж мөрдөн байцаалт болон шүүх хуралд өөрийн биеэр оролцож санал хүсэлтээ хэлсэн.

Мөн шүүгдэгч өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэг “Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх”, 8.7 дугаар зүйлийн 1 дэх заалт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 8 жил түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж, 1-3 жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно” гэж хуульчилсан байна. Иймд У.Цд оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү. ...” гэв.

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Б.Б, У.Ц нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сувдан сондор” хотхоны зүүн урд талын задгай талбайд иргэн Э.Эгийн “Iphone 6” загварын, 408.000 төгрөгийн гар утсыг хүч хэрэглэн довтлон авч, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Э.Эгийн “... 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 21 цаг 30 минутын үед гэрлүүгээ харихаар явж байхад, үл таних гурван залуу зогсож байсан. Би хажуугаар нь зөрөөд явахад нэг танихгүй залуу гал асууж, нөгөө залуу нь араас миний ноосон малгайгаар нүүр бүтээж, тэвэрч аваад хойшоо унагаж, дээрээс цээж рүү дэвсэж, нүүр лүү гараараа цохисон. Өндөрдүү биетэй залуу нь өмдний зүүн урд халаасанд байсан миний гар утсыг аваад явсан. ...” /хх-21-22, 23, 55, 73/

 

гэрч Н.Батзоригийн “... манай хоёр найз нэг бандитай таарсан, юм ярьж байгаад хэрэлдэж ноцолдоод эхэлсэн. Тэгэхээр нь би юу болоод байгааг нь мэдэхгүй хараад зогсож байтал нөгөө бандийг унагааж байгаад цохиж, зодоод байх шиг байсан. Би хараад зогсож байсан. Тэгтэл манай хоёр найз нөгөө бандийг зодож байгаад цаашаа зугтаасан. Тэгэхээр нь би юу болсон талаар мэдэхгүй араас нь гүйх гэтэл нөгөө зодуулж байсан банди намайг ирээд бариад авсан. ...” /хх-24-27/,

 

гэрч Б.Пунцагбалжирын “... Э.Эг тосож авах гээд зогсож байтал хойд гудамжнаас хоёр залуу хөөцөлдөөд “наадхаа бариарай” гэхээр нь урдаас нь тосоод автал Э.Э араас нь хөөж байсан. Урд нь гүйж байсан залууг барьж авсан чинь Э.Э тэр залууг “намайг дээрэмдсэн хоёр залуутай хамт явж байсан залуу” гэж хэлсэн. ...” /хх-56/ гэх мэдүүлгүүд,

 

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-7-8, 9/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-18/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-19/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-34-35/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

 

Мөн анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөв тайлбарлаж, шүүгдэгч У.Ц, Б.Б нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн довтолж, дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн хэмээн дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Бы өмгөөлөгч Д.Рэнцэнбямба, шүүгдэгч У.Цгийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нарын “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу өөрчлөлт оруулж өгнө үү...” гэсэн утга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Эрүүгийн хуулийн зүйл, хэсгүүдэд заасан хэм хэмжээний дийлэнх нь тухайн заалтыг зайлшгүй, хэлбэрэлтгүй биелүүлэх үүргийг шүүхэд хүлээлгэсэн байдаг. Харин шүүх Эрүүгийн хуулийн зарим нэг зүйл, хэсэг дэх хэм хэмжээг эрх хэмжээнийхээ хүрээнд буюу өөрийн үзэмжээр, дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэж болдог онцлогтой. Ийм зүйл, хэсгүүдийн нэг бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйл юм.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно.” гэж заажээ.

 

Энэхүү заалт нь шүүхэд эрх олгосон заалт бөгөөд заавал хэрэгжүүлэхээр үүрэг болгосон заалт биш ба 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын зорилгыг шинээр тусгайлан зохицуулсан байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зорилго, үндэслэл, журмыг тодорхойлон хуульчилжээ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно.” гэж заасан байна.

 

Тухайлбал, өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэхэд чиглэгдэх учиртай.

 

 Дээрх байдлаас дүгнэж үзвэл прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б, У.Ц нарт оногдуулсан ял шийтгэл тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрөл, хэмжээ, тэдгээрийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Харин дээрх хуулийн “хорин нэгэн насанд хүрээгүй хүн” гэдэгт онцгойлон авч үзэх нөхцөл байдал хамаарах бөгөөд шүүгдэгч Б.Б, У.Ц нарт дээрх хуулийн зохицуулалт хамаарах үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо, “...шүүгдэгч Б.Б, У.Ц нар нь гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. ...” гэж хэт ерөнхий, тодорхой биш байдлаар дүгнэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагатай бөгөөд дээрх тодорхой биш байдалд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй нөхцөл байдалд хүрч болзошгүй тул цаашид хохирогч, гэрч нарын ямар мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсоноо тодорхой заасан байхад анхаарвал зохино.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 1009 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Рэнцэнбямба, шүүгдэгч У.Ц, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧИД                                                       Д.МЯГМАРЖАВ

                                                                                                            М.АЛДАР