Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
Хэргийн индекс | 182/2017/00302/И |
Дугаар | 1764 |
Огноо | 2017-08-04 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 1764
Н.Б нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2017/01047 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Н.Б, хариуцагч ТБ ХХК-д холбогдуулан гаргасан өмнө нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.
Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ТБ ХХК-д 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд Хамгаалалт аюулгүй байдлын хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байсан.
Тус банкинд ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа, сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Хариуцаж байсан ажил, албан тушаалаа мэдлэг, ур чадварын хувьд өндөр түвшинд хийж гүйцэтгэж байсан учраас сүүлийн 8 улирлын турш ажлын гүйцэтгэл 90 хувиас дээш хувиар үнэлэгдэж, үндсэн цалингийн 15-40 хувиар шагнуулж байсан. ТБ ХХК-ийн гүйцэтгэх удирдлага солигдсонтой холбогдуулан орон тоог цөөрүүлж, зардал бууруулахын тулд 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 14-ний өдрийн хооронд ажилтнуудаас "Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох" шалгалт авсан.
Гэвч шалгалт авах тухай надад урьдчилан мэдэгдээгүй, шалгалтын хамрах хүрээ, үнэлж, дүгнэх шалгуур үзүүлэлтийг танилцуулаагүй, зохих бэлтгэлийг хангуулах нөхцөл боломжоор хангаагүй. Уг шалгалтын зорилго нь ажилтан мэргэжил, ур чадварын хувьд хийж гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэх эсэхийг тогтоох байтал хийж гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалд хамааралгүй асуудлаар шалгалт авсан. Уг шалгалт нь Хөдөлмөрийн дотоод журам, ТБ ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан үүрэгтэй холбогдолгүй, гүйцэтгэж байгаа ажил албан тушаалд хамааралгүй.
Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтын үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байсан учраас шалгалтын материал, үнэлгээтэй танилцах хүсэлтийг Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисст удаа дараа тавьсан боловч хүлээж аваагүй. Надад шалгалтын үнэлгээ болон комиссын дүгнэлтийг надад танилцуулаагүй.
Миний ажлыг ямар нэгэн ажлаас халсан, чөлөөлсөн тушаал, шийдвэргүйгээр хүлээн авсан бөгөөд ажил хүлээж авснаас хойш ажил, үүрэг гүйцэтгүүлээгүй. Ингээд ТБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнгийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/1764 тоот Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтыг үндэслэн ажилтан "Төрийн банк" ХХК-ийн ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтын комиссын дүгнэлтээр мэргэжил, ур чадварын хувьд хийж гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэх үндэслэлээр надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан.
Иймд өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжилж байна. Ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг тооцвол дундаж цалин 1 017 552 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 99 ажлын өдөр бөгөөд сарын дундаж ажлын өдөр болох 21.5 хоногт хуваахад нэг өдрийн цалин 47 328 төгрөг, нийт 4 685 472 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү.
Мөн нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлсэн. Ажил олгогч ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар ажлаас халахын тулд ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсныг тогтоосон байх шаардлагатай. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтаар ажилтан Н.Б мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь бүрэн гүйцэд тогтоогдоогүй.
ТБ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/352 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан ТБ ХХК-ийн ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам”-ын 1.2-т зааснаар түвшин тогтоох ажиллагаа нь харьяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ, мэдлэг, ур чадварын үнэлгээ, оролцоо чанарын үнэлгээ гэсэн 3 арга хэмжээнээс бүрддэг.
Хариуцагч нь дээрх 3 үнэлгээнд үндэслэж ажилтныг ажлаас нь чөлөөлсөн боловч Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтын комиссын дүгнэлтийг ямар ямар баримтад тулгуурлан ямар аргаар, яаж тогтоосон, яагаад ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэж үзсэн тухай дурдаагүй, энэ тухай ямар нэг үг, үсэг, өгүүлбэр оруулаагүй тул дүгнэлт гэх баримтыг ажилтан мэргэжил, ур чадварын хувьд хийж гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсныг тогтоосон албан ёсны дүгнэлт, шийдвэр гэж үзэх үндэслэлгүй тул ТБ ХХК-ийн ажилтнуудын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтын комиссын дүгнэлт үндэслэлгүй болохыг тогтоон, хүчингүй болгуулах шаардлага гаргаж байна гэжээ.
Хариуцагч “Төрийн банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Байгаль шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ТБ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/352 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар “ТБ ХХК-ийн ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам” болон 2 дугаар хавсралтаар мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын бүрэлдэхүүнийг тус тус баталсан.
Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс нь мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагаа явуулах хугацаа, холбогдох мэдээлэл болон журмыг нийт ажиллагаанд хамрагдах ажилтнуудад урьдчилан хүргүүлж, мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааг зохион байгуулж ажилласан.
Ажиллагааны дүнг ажилтнуудад танилцуулахад дүнтэй холбоотойгоор ажилтнуудаас гаргасан өргөдлийг хүлээн авч, хариуг хүргүүлсэн. Улмаар мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагаатай холбоотой ажиллагааны нэгдсэн дүнг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Хүний нөөцийн хорооны хуралд танилцуулж, ажиллагаагаар хангалтгүй үнэлэгдсэн ажилтнуудад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.5 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдэл хүргүүлж, мэдэгдлийг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Н.Бд танилцуулж, гардуулсан.
Ийнхүү хуульд заасан хугацаанд ТБ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/1764 тоот тушаалаар худалдан авалт, аюулгүй байдлын газрын Хамгаалалт, аюулгүй байдлын хэлтсийн Аюулгүй байдлын мэргэжилтэн ажлын байранд ажиллаж байсан Н.Бтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хөдөлмөрийн гэрээ цуцалсантай холбоотойгоор Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу Н.Бд 1 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосон.
Нэхэмжлэгч нь ТБ ХХК-д ажиллаж байх хугацаандаа “Ажилтны тусгай нөхцөлт орон сууцны зээл”-ийг авсан бөгөөд тус хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийн хүү, хугацааг өөрчлөлгүй хэвээр үлдээсэн. Банкны зүгээс мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудад нийцүүлэн ажилласан.
Нэхэмжлэгч Н.Б нь Харьяалах газрын захирлын үнэлгээ-21, мэдлэг ур чадварын сорилгод-12, Оролцоо, чанарын үнэлгээнд-14 оноо авч, нийт 47.40 хувиар шалгагдаж, “Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам”-ын 3.4.2-т зааснаар “Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс”-ын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 7 дугаар шийдвэр, 1329380373 тоот дүгнэлт гарч, ТБ ХХК-ийн Хүний нөөцийн газарт хүргүүлсэн. Ийнхүү Хүний нөөцийн газар тухайн шийдвэр, дүгнэлтийг Удирдлагын хороогоор хэлэлцүүлж, тус хорооны 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 34 тоот хурлаас гарсан чиглэлийн дагуу 74/01, 74/02 тоот шийдвэр гарсан.
Иймд дээрх шийдвэрүүд, дүгнэлтэд үндэслэн тус банкны гүйцэтгэх захирлын Б/1764 дугаар тушаал гарч, Н.Б хөдөлмөрийн гэрээг цуцалсан тул уг шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.5 дахь хэсэгт заасны дагуу явагдсан тул ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль тогтоомжид нийцсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалинтай тэнцэх хэмжээний олговорт 4 685 472 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай хариуцагч ТБ ХХК-д холбогдуулж гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч Н.Б нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.
Ажил олгогч нь Н.Бат-Эрдэнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг үндэслэн "Мэргэжил ур, чадварын түвшин тогтоох комисс”-ын дүгнэлтээр мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушааддаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр ажлаас нь халсан. Ажлаас халсан тушаалын үндэслэл болсон мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын дүгнэлтийг Харьяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ, Мэдлэг, ур чадвар /сорилго, даалгаварын гүйцэтгэл, үзүүлэх сургууль г.м/-ын үнэлгээ, Оролцоо, чанарын үнэлгээ гэсэн 3 төрлийн үнэлгээнд үндэслэн гаргасан.
Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын дүгнэлтийн үндэслэл болсон харьяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ, мэдлэг, ур чадварын үнэлгээ, оролцоо чанарын үнэлгээнүүд нь үндэслэлгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байхад шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.
Учир нь харьяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ үндэслэлгүй хийгдсэн тухайд: А.Аюулгүй байдлын газрын захирал М.Батжаргал, Аюулгүй байдлын хэлтсийн захирал Т.Баттулга нар ажилтан ажлын байрны тодорхойлолтод тавьсан шаардлагыг хэрхэн хангаж байгаа эсэх талаар үнэлгээг өгөхдөө хавсралтаар өгөгдсөн материал, хувийн хэрэг, дотоод ажлын ур дунг суурь мэдээлэл болгон ашигласан тухай үнэлгээний хуудаст дурдсан.
Гэвч энэхүү үнэлгээний үндэслэл болсон хавсралтаар өгөгдсөн материал, хувийн хэрэг, дотоод ажлын үр дүнг хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гаргаж өгөөгүй.
Аюулгүй байдлын газрын захирал М.Батжаргал, Аюулгүй байдлын хэлтсийн захирал Т.Баттулга нарын үнэлгээний үндэслэл баримтаар нотлогдоогүй байхад шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “... ажлын байранд тавигдах шаардлага, гүйцэтгэлийн чанар, мэргэжлийн ур чадвар, ажил хэрэгт идэвхи санаачилга, хамт олонд хүлээн зөвшөөрөгдсөн байдал, тусгай чадвар зэрэг үзүүлэлтүүдээр нэхэмжлэгчийг харьяалах хэлтсийн захирал 27 оноо, газрын захирал 36 оноо өгч дүгнэн, нийт 30 оноо авахаас 21 оноо авсан байх бөгөөд энэ үнэлгээг гаргахад ажилтны хувийн хэрэг, дотоод ажлын үр дүнг суурь мэдээлэл болгохыг зөвлөмжилсөн байдал үнэлгээний хуудсанд тэмдэглэгдсэнээс харагдаж байна... " гэсэн дүгнэлт хийсэнд эргэлзэж байна.
ТБ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн тушаалын 1 дүгээр хавсралтаар "Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам", “Төрийн банкны ажилтны мэргэжил ур чадварын түвшин тогтоох комисс”-ын 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 02/2 тоот "Үнэлгээний хуудасны загварыг баталж, үнэлгээ хийлгүүлэх тухай" шийдвэрийн хавсралтаар журмын 1.2.1-д "харьяалах хэлтсийн захирлын үнэлгээ өгөх хуудас”-ны загварыг тус тус баталсан.
Гэтэл Аюулгүй байдлын газрын захирал М.Батжаргал, Аюулгүй байдлын хэлтсийн захирал Т.Баттулга нар ажилтан ажлын байрны тодорхойлолтод тавьсан шаардлагыг хэрхэн хангаж байгаа эсэхийг "Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам" болон "Үнэлгээний хуудсын загвар" батлагдахаас өмнө буюу 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр үнэлсэн. Үүнээс үзвэл ТБ ХХК-ийн ажилтан Н.Бат-Эрдэнийг ажлаас нь халах тухай шийдвэрийг урьдчилан гаргасан болох нь тодорхой харагдана.
Шүүх ажил олгогчийн хууль бус үйл ажиллагааг "... батлагдсан загварт ч нэг адил хүснэгтийн зүүн дээд буланд "2016.11.01” гэх бичвэр байх тул нэхэмжлэгчид өгсөн үнэлгээний хуудасны зүүн дээд талд буй "2016.11.01" гэсэн бичвэрийг үнэлгээ өгсөн огноо илэрхийлсэн утгатай гэж үзэх боломжгүй байна... " гэж зөвтгөсөнд харамсаж байна.
"Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам"-ын 3 дугаар зүйлийн 3.3.1-д "... комисс нь ажлын байрны тодорхойлолтод тавьсан шаардлагыг дүнг хэрхэн хангаж байгаа талаар харьяалах газар, хэлтсийн захирлаар ажилтан тус бүрийн үнэлгээг гаргуулан авна" гэж заасан байхад "... харьяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээний хуудас"-аар "ажлын байранд тавигдах шаардлагыг тохироц", "гүйцэтгэлийн чанар", "мэргэжлийн ур чадвар", "хөдөлмөрийн сахилга бат /таслалт, хоцролт/", "ачаалал даах чадвар", "ажил хэрэгч, идэвхи санаачилгатай байдал", "хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн байдал", "тусгай чадвар" гэсэн асуудлаар үнэлгээ өгсөн байна. Н.Б ажлын байрны тодорхойлолтод ажилтанд тавигдах мэргэжил, туршлагын 14 төрлийн шаардлага, ур чадварын 7 төрлийн шаардлага, нийт 21 төрлийн шаардлага тавигдсан байна.
Энэ бүхнээс дүгнэж үзвэл "Аюулгүй байдлын хэлтсийн ажилтныг үнэлэх үнэлгээний хуудас"-аар өгсөн үнэлгээ нь нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод тавигдах 21 төрлийн шаардлагад хамааралгүй болох нь баримтаар нотлогдсон байхад шүүх үүнийг үнэлж дүгнээгүйд гомдолтой байна.
Ажилтан ажлын байрны тодорхойлолтод тавьсан шаардлагыг хэрхэн хангаж байгаа эсэхийг үнэн зөв, бодитой шалгаж тогтоохгүйгээр ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэх эсэхийг дүгнэх боломжгүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т "ажилтан мэргэжил, ур чадварьш хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно" гэж заасныг Улсын дээд шүүхийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15.2-т "ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гуйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон" гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчлалын комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно" гэж тайлбарлажээ.
ТБ ХХК-ийн ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс нь ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэх эсэхийг тогтоох гол шалгуур, үзүүлэлт болох ажлын байрны тодорхойлолтод тавьсан шаардлагыг хэрхэн хангаж байгаа эсэхийг огт үнэлээгүй, энэ байдлыг тогтоогоогүй. Зүй нь ажилтан ажлын байрны тодорхойлолтод тавьсан шаардлагыг хэрхэн хангаж байгаа эсэхийг мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс тогтоосон байх шаардлагатай.
Харин Мэдлэг, ур чадвар /сорилго, даалгаврын гүйцэтгэл, үзүүлэх сургууль г.м/-ын үнэлгээ үндэслэлгүй хийгдсэн тухайд: Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журмын 1 дүгээр зүйлийн 1.2.2-т "... мэдлэг, ур чадварын үнэлгээ гэдэгт сорилго, даалгаврын гүйцэтгэл, үзүүлэх сургууль гэх мэт хамаарна" гэж заажээ.
Нэхэмжлэгчээс зөвхөн сорилгын шалгалт авсан. Даалгаврын гүйцэтгэл, үзүүлэх сургууль гэх мэт шалгалтуудыг аваагүй. Зөвхөн сорилгын шалгалтын дүнг үндэслэн мэргэжил, ур чадварын үнэлгээ өгсөн.
ТБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр баталсан Төв банкны ажилтнуудын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааны удирдамжийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар сорилго нь тухайн ажлын байрны ажил, үүрэгтэй холбоотой хууль, дүрэм, журам, заавар, аргачлалыг хамарсан байх ёстой.
Нэхэмжлэгч Н.Бэс авсан 30 асуулт бүхий сорилгоос зөвхөн 5, 6, 7, 8, 10, 11, 27 дугаар асуултууд нь тухайн ажлын байрны ажил, үүрэгтэй холбоотой хууль, дүрэм, журам, заавар, аргачлалыг хамарсан байсан. Бусад нь Худалдан авалт, Аюулгүй байдлын газрын Хамгаалалт, аюулгүй байдлын хэлтсийн Аюулгүй байдлын мэргэжилтний ажлын байрны гүйцэтгэх ажил, үүрэгтэй хамааралгүй болох нь ажилтан Н.Б ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, 30 асуулт бүхий сорилгын шалгалтын баримтаар нотлогдсон. Энэ талаар анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт ".. түүний ажил, албан тушаал, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй, хамааралгүй шалгуураар шалгалт авсан, мэргэжил ур чадварын хувьд бүрэн гүйцэд үнэлээгүй, ажилтны эрх ашгийг хохироосон зэрэг үзүүлэлт тогтоогдохгүй байна... " гэж хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Мөн Оролцоо чанарын, үнэлгээ үндэслэлгүй хийгдсэн тухайд: Төв банкны ажилтнуудын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааны удирдамжийн 4 дүгээр зүйлийн 4.2-т "... оролцоо, чанарын үнэлгээг комиссын төлөөлөл ярилцлага болон комиссоос тоггоосон бусад арга хэлбэрийн дагуу хийж гүйцэтгэнэ" гэсний дагуу оролцоо, чанарын үнэлгээг ярилцлагын арга хэлбэрийн дагуу хийж гүйцэтгэсэн. Хэрэгт авагдсан ярилцлагын үнэлгээний хуудаснаас үзвэл ажилтан Н.Бэс нийт 10 асуулт асуух ёстой байсан. Асуулт тус бүр Маш муу-0, Муу-1, Дунд зэрэг-2, Сайн-З, Маш сайн-4 гэсэн үнэлгээтэй байна. Ажилтан нийт 10 асуултанд "Маш сайн-4" хариулсан тохиолдолд нийт авбал зохих 40 оноог авах ёстой болох нь ойлгомжтой тодорхой байхад шүүх "Төрийн банкны ажилтны мэргэжил ур чадварын түвшин тогтоох журамд ажилтны оролцоо чанарын үнэлгээг гаргахдаа үнэлгээний хуудсаар асуултаар шалгах талаар заагаагүй " гэсэн байж боломгүй дүгнэлтийг хийсэн.
Н.Бэс 10 асуулт асууж 40 хүртэл оноо өгөх байтал эхний этгээд асуулт асууж 3 оноо, дараагийн этгээд нь 5 асуулт асууж 3 оноо өгсөн байна. Ажилтнаа асуулт асууж 40 хүртэл оноогоор үнэлгээ өгөх байтал 5 асуулт асууж 3 оноо өгсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг ноцтой зөрчиж, хууль бусаар ажлаас халсныг анхан шатны шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна.
Хэрэгт авагдсан үнэлгээний хуудсанд үнэлгээ өгсөн этгээд тодорхой үнэлгээ өгсөн он, cap, өдөр тавиагүй, асуусан асуулт нь ойлгомжгүй, асуултанд ажилтан хариулсан тухай тайлбар хэсэгт тэмдэглэгээ хийгдээгүй байхад шүүх энэ нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байна.
Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журмын 3 дугаар зүйлийн 3.3.3-т "... комиссын даргын томилсон комиссын төлөөлөл оролцоо, чанарын үнэлгээг хийж гүйцэтгэнэ" гэж заасан.
Үнэлгээний хуудсанд зурагдсан гарын үсэг комиссын төлөөлөл болох Б.Дэлгэрбаяр, Д.Ганбаатар нарын гарын үсэг болохыг ТБ ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн өмнө баримтаар нотлоогүй, оролцоо чанарын үнэлгээ тогтоох шалгалтыг комиссын төлөөлөл Б.Дэлгэрбаяр, Д.Ганбаатар нар авсан гэсэн баримт хариуцагч шүүхэд нөхөж бүрдүүлж өгсөн.
Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн гаргаж өгсөн хууль бус баримтад хөтлөгдөж "... оролцоо чанарын үнэлгээг гүйцэтгэх комиссын төлөөллөөр Б.Дэлгэрбаяр, Д.Ганбаатар нарыг томилж Н.Бэс оролцоо чанарын үнэлгээ тогтоох шалгалтыг комиссын төлөөлөл Б.Дэлгэрбаяр, Д.Ганбаатар нар авч rapын үсэг зурсан болох нь үнэлгээний хуудсуудаар нотлогдсон... " гэж үндэслэлгүй дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн маргааныг тодорхойлж, үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг ноцтой зөрчиж, хууль бус шийдвэр гаргасан байна.
Ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр ажлаас халахын тулд ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушааддаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон байх шаардлагатай.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар ажилтан Н.Б мэргэжил, ур чадварын түвшин үнэн зөв, бодитой тогтоогдоогүй, мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс ажилтан Н.Б гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэх эсэхийг тогтоогоогүй байхад шүүх зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн маргааныг зөв тодорхойлж, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэгчийн мэдлэг, ур чадварын түвшин үнэн зөв, бодитой тогтоогоогүй болохыг анхаарч үзээгүй, анхан шатны нотлох баримтыг мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтын комиссын дүгнэлтийг үндэслэл болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т нийцээгүй байх тул дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондох маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
Нэхэмжлэгч Н.Б, ТБ ХХК-д холбогдуулан, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэх гомдлын шаардлага гаргасныг хариуцагч ТБ ХХК эс зөвшөөрч ажилтны мэргэжил, ур чадварыг тогтоох шалгалтад тэнцээгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ “... шалгалт авах тухай урьдчилан мэдэгдээгүй, ... шалгалтад бэлтгэх боломж олгоогүй, шалгалтын асуулга, сорилт, даалгавар нь ажлын байрны чиг үүрэгтэй хамааралгүй байсан, ... ажлын байрны тодорхойлолтод заагаагүй асуудлаар үнэлгээ өгсөн, ... шалгалтын материал, үнэлгээтэй танилцах хүсэлтийг хүлээн аваагүй атлаа ажлаас чөлөөлсөн ..., үнэлгээний загвар хуудсыг 11 дүгээр сарын 05-ны өдөр комиссын шийдвэрээр баталсан байхад 11 дүгээр сарын 01-ний өдөр үнэлгээгээ өгсөн …” гэж тайлбарлажээ.
Талуудын хооронд 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсч, нэхэмжлэгч нь 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс Төрийн банкны Аюулгүй байдлын хэлтсийн аюулгүй байдлын мэргэжилтнээр ажиллаж байгаад Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/1764 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байх бөгөөд хариуцагчийн буюу ажил олгогчийн уг шийдвэрийг буруутгах хуулийн үндэслэл тогтоогдсонгүй.
Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2016 оны А/352 тоот тушаалаар тус банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журмыг баталж, уг шалгалтыг харьяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ, мэдлэг, ур чадварын үнэлгээ, оролцоо чанарын үнэлгээ гэсэн 3 төрлөөр авахаар шийдвэрлэж, тушаалын хавсралтаар баталсан тус банкны ажилтны мэргэжил ур чадварын түвшин тогтоох журмын 3.4.2-т мэргэжил, ур чадварын түвшин 60 хүртэл хувьтай бол шалгуурт тэнцээгүй гэж үзээд хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан байна. М.Гантөмөр, мэргэжил ур чадварын түвшин тогтоох комиссын дүгнэлтээр харьяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ 0-30 хувь авахаас 21 хувийн, мэдлэг, ур чадварын үнэлгээ 0-30 авахаас 12 хувь, оролцоо чанарын үнэлгээ 0-40 авахаас 14,5 хувь нийт 47,4 авчээ. /хх-64/
Нэхэмжлэгч нь комиссын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар зохих журмын дагуу гомдол гаргасан гэх боловч үүнийг нотолсон баримтгүй, уг үнэлгээ нь ажилтны эрхийг зөрчсөн бодитой хийгдээгүй гэж үзэхээргүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болохоор заасан тул ажил олгогч талын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын дүгнэлтийг үндэслэн хөдөлмөрийн гэрээгээ цуцласныг шүүхийн зүгээс буруутгах хуулийн үндэслэлгүй болно.
Түүнчлэн ажил олгогч ТБ ХХК нь дээрх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар ажилтан Н.Бд нэг сарын өмнө мэдэгдэх хуульд заасан үүргээ биелүүлжээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байна.
Нэхэмжлэгч Н.Б нь түвшин тогтоох журмыг танилцуулаагүй, шалгалтад бэлтгэх боломж олгоогүй гэж гомдол гаргасан боловч хэрэгт авагдсан баримтаас харахад Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/358 тоот тушаалаар баталсан шалгалтад хамрагдах ажилтнуудын нэрсийн жагсаалттай танилцсан байна.
Ажилтны харьяалах шууд удирдлага нь түвшин тогтоох журмын 1.2.1-д ажилтны талаар үнэлгээ өгөхөөр заасан байхын зэрэгцээ холбогдох үнэлгээний загвар хуудсыг 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн шалгалтын комиссын шийдвэрээр батлагдахын өмнө 11 дүгээр сарын 01-ний өдөр үнэлсэн байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.
ТБ ХХК нь дүрэмд заасны дагуу тус банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам баталж, томилогдсон комиссоос тогтоосон журмын дагуу шалгалт авсан болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон байх тул нэхэмжлэгчийн “өөрт олгогдсон ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагад хамааралгүй асуудлаар шалгалт авсан, оролцоо чанарын үнэлгээ үндэслэлгүй хийгдсэн, үнэлгээний хуудсанд үнэлгээ өгсөн этгээд тодорхой үнэлгээ өгсөн он, сар, өдөр тавиагүй, асуусан асуулт нь ойлгомжгүй, асуултад ажилтан хариулсан тухай тайлбар хэсэгт тэмдэглэгээ хийгдээгүй байхад анхан шатны шүүх буруу үнэлсэн, комиссын дүгнэлтийг үндэслэл болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дах хэсэгт нийцээгүй” гэх гомдлыг үндэслэлгүй гэж үзлээ.
Дээрх үйл баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
Иймээс нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2017/01047 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ
Ч.ЦЭНД