| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2017/00291/И |
| Дугаар | 130/ШШ2017/00365 |
| Огноо | 2017-05-31 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 130/ШШ2017/00365
| 2017 оны 05 сарын 31 өдөр | Дугаар 130/ШШ2017/00365 | Баян-Өлгий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багт оршин суух, утас 9*****, РД:БЭ***** М***** овогт Х.С н нэхэмжлэлтэй,
Хариуцагч:- гийн Өлгий сумын 10 дугаар багт оршин суух, утас 9***********, РД:БЗ****** Б******* овогт Х.Т д холбогдох иргэний хэргийг хэлэлцэв
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып, хариуцагч Х.Т, гэрч А.А , орчуулагч А.Еркегүл, хуралдааны нарийн бичгийн дарга Т.Айбек нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Микроавтобусны үнэ 2200000 төгрөг, нэг үхэр, 6 хонины үнэ бүгд 820000 төгрөг, нийтдээ 3020000 төгрөг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч Х.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Т нь надтай тохиролцсоны үндсэн дээр хөлсөөр ажилладаг нэгэн байсан юм. 2016 оны 4 дүгээр сараас миний эзэмшлийн 8224БӨА гэсэн дугаартай микро автобусыг 2200000 төгрөгөөр худалдан авч, төлбөрийг нь өөрийнхөө хөлснөөс суутгаж өгөхөөр болсон юм. Гэтэл Х.Т нь надад өртэй болсны дараа цаашид танд ажиллаж чадахгүй хэмээн зугтчихсан болохоор нь түүнд худалдсан микро автобусыг буцаан авах гэсэн боловч тэрхүү микро автобусыг маань Х.Т задалж бусдад задлан зарж, борлуулан буцаан хэвэндээ оруулах боломжгүй хүргэсэн байна. Өөрөөр хэлбэл миний эд хөрөнгийг үрэн таран хийж гэм хор учруулсан болох нь гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна. Гэрч А нь миний микро автобусны моторыг Х.Таас худалдан авсан байна. Иймд Х.Таас өөрт учирсан гэм хор болох микро автобусны үнэ 2200000 төгрөг, надаас худалдан авсан нэг үхэр, 6 хонины мөнгө болох 820000 төгрөг нийтдээ 3020000 (гурван сая хорин мянган) төгрөг гаргуулан намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ
Нэхэмжлэгч Х.С шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахад: Бид хоёрын хооронд ямар нэгэн өш хонзонгийн асуудал байхгүй. Х.Т нь манайд ажил хийдэг байсан. Цалин хөлсөө тухай бүрт авч байсан. Дараа нь тусдаа гарсан. Энэ явдал бол нэг жилийн өмнө болсон. Энэ машиныг надаас Ганц хүүдээ машин авч өгөх гэж байгаа гээд авъя гэж гуйсан. Дараа нь хүү маань Казахстан улс руу явчихсан учраас машинаа буцааж аваарай гэж хэлсэн. Мөн манай хашаанд мод ихтэй байсан учраас багтах зай байгаагүй. Тэгээд Х.Т нь түр манайд байлгаж байгаад аваарай гэж хэлсэн болохоор зөвшөөрсөн. Дараа нь Х.Т өвдсөн үед тусалсан. Мөн энэ хүн болон түүний эхнэрийг нь группд гаргаж өгсөн. Түүнээс гадна идэшний мал асуухаар нь нэг үхэр, 6 хонь гаргаж өгсөн. Дараа нь хавар танайд ажиллая гэж хэлж байсан. Сүүлд нь А гэдэг өөрийнхөө хамаатан хүнд гэрийн мод хийж ажиллахаар боллоо гэсэн. Тэгээд машинаа авах гээд очиход задалж эд ангийг нь зарсан байна. Одоо бол зөвхөн кузов нь үлдсэн байна. Уг машины техникийн гэрчилгээ нь надад байна. Бид хоёрын хооронд ямар нэгэн бичгээр хийсэн худалдах, худалдан авах гэрээ байхгүй. Идэшний малыг манай эхнэр хүлээлгэн өгч байсан. Одоо хүртэл мөнгийг нь өгөөгүй. Капитрон банкнаас мөнгө авч малын үнийг төлсөн гэж худлаа зүйл хэлсэн байна. Энэ машиныг хүүдээ машин авч өгнө гэж гуйсан. Үнийг нь цалингаасаа татаж аваарай гэсэн. Тэрнээс биш бэлэглэсэн асуудал байхгүй. Би машин бэлэглэчхээр баян хүн биш. Одоо бол машиныг маань задлаад юу ч үгүй болгосон учраас мөнгийг нь авах хүсэлттэй байгаа. Тухайн үед яг хэдэн төгрөг гэдгийг хэлээгүй. Жанамыг тавиад янзалж ажиллуулж авсны дараа тохироё гэсэн. Ямар ч байсан 1 сая төгрөгөөс буухгүй гэдгийг хэлсэн. Иймд Х.Таас микро автобусны үнэ 2200000 төгрөг, нэг үхэр, 6 хонины үнэ бүгд 820000 төгрөг, нийтдээ 3020000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Х.Т шүүхэд бичгээр өгсөн хариу тайлбарт: Миний бие 2013 оноос Сарайн микро хоршоонд гэрийн унь, хана хийдэг норомчиноор ажилласан юм. Материалаа Булган аймгаас 1 сар явж тэдэнтэй нэг машин мод бэлтгэж ирсэн юм. Би 2 жилд 6000 унь, 30 гэрийн хана хийж өгсөн юм. Нэг ширхэг унийг 1500 төгрөгөөр үнэлээд 1000 төгрөгийг өгөөд 500 төгрөгийг зарагдсан дараа авна гэдэг байсан юм. Удалгүй сая төгрөгийн бэлэг өгнө гэдэг байсан юм. Эцэст нь 2015 оны 4 дүгээр сард явахгүй тоногдсон микро автобусыг надад бэлэглэж байна гээд өөрөө жолоонд сууж хүү Тилеубек нь Истана машинаар чирч аваачиж өгсөн юм. Урьд талын 2 сандал л байсан бусад сандлууд нь жанам, кольцо байхгүй, мотор нь ч ажиллахгүй олон жил хашаанд нь эвдэрхий хэвтэж байсан машин байсан юм. Машинаа угаа гэхээр нь би 2 шил архи хийхэд манай хөршүүд Базархан, Хонан нар ч хамт байсан. Тэр үед Сарай ерөөл хэлэхдээ манай ажилтан Тилеухан гарын дүйтэй хүн, над дээр сайн ажиллаж унь, гэрийн хана чанартай хийсэн. Тийм учраас би энэ машинаа Тилеуханд энэ машинаа үнэ төлбөргүй бэлэглэж байна гэж хэлсэн юм. Тэд гэрчлэх байх. Авчирсаны дараа нэг дугуйг тайлаад өөрөө аваад явсан юм. Миний микро автобусны үнэ 2200000 төгрөг гэж худлаа бичсэн байна. Би тэнэг хүн биш юу боллоо гэж эвдэрхий микро автобусыг 2200000 төгрөгөөр авах юм вэ. Сарай надад би микро автобусыг чинь зарж өгнө гэдэг байсан юм. Тэгээд Сарай 2016 оны Айбахыт болон бас нэг хүнийг эд нар чиний микро автобусыг 500000 төгрөгөөр авна гэнэ гэж явуулсан юм. Тэд ирж үзээд их муу юм байна, яаж 500000 төгрөгөөр авах юм вэ гэж аваагүй юм. Сарлаг үхрийг 400000 төгрөгөөр, 6 хонийг тус бүрийг нь 70000 төгрөгөөр авсан юм. 2016 оны 10 дугаар сард Сарай Булган аймаг руу гэрийн модонд явна чи надад мөнгө өг гэхээр нь Сарай Капитрон банкны ня-бо Ризабекийг сайн таньдаг юм байна миний 10 сарын группийн мөнгийг намайг дагуулан очиж урьдчилан тус банкнаас зээлээр авсан юм. байна. Надаас 950000 төгрөг авсан юм. Энэ мөнгөө надад буцааж өгөөгүй юм. Материалаа Булган аймгаас 1 сар явж авах үеэр надад чамд өдөрт 30000 төгрөг өгнө гэж хэлэлцэн тохироод явсан боловч материалаа бэлдэж ачиж авчирсны дараа өдрийг нь 20000 төгрөгөөр тохироё гэчхээд 600000 төгрөгийг 2-3 тасалж байж өгсөн юм. Ийнхүү миний хөдөлмөрийн хөлсийг зөв олгохгүй болохоор нь гаръя гэж бодоод би өөрөө хувиараа гэрийн унь, хана хийдэг болсон чинь чи надаас булталаа гэж ад үзэж ийнхүү надаас үндэслэлгүй нэхэмжилж байгаа нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ
Хариуцагч Х.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би 2003 оны хавар энэ хүнд ажилд орсон. Тухайн үед 10 хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг байсан. Бид нар казах гэрийн хана, унь зэрэг зүйлүүдийг хийдэг байсан. Тухайн үед ямар нэгэн гэрээ байгуулаагүйгээр амаар тохиролцсон. Нэг ширхэг унийг 1000 төгрөгөөр хийдэг. Зунжингаа ажиллаад 2,3 сарын дараа мод нь дуусчихсан. Тэгээд Шынболат гэдэг хүн дээр очиж ажилласан. Бид нар урд нь зуны цагт л ажилладаг байсан. Тэнд ажиллаж байхад Х.С нь чамайг өвөл, зунжингаа ажиллуулъя гэхээр нь дахиж эргэж ирээд ажилласан. 2014 оны намар надад 3000 унь хийж өгөөрэй гээд модыг нь авчирч өгсөн. Тэгээд өвөлжингөө гэртээ модыг нь хатгаад хийж дуусгасан. Би аль болох чанартай хийхийг хүсэж эрмэлздэг байсан. Надад мөнгөний хэрэг гарахад 1 сая төгрөг, мөн идэшний мал өгсөн. Надад тусалсан сэтгэлийг үнэлээд үргэлжлүүлээд ажиллаж байсан. Урьд нь нэг унийг 10000 төгрөг хийдэг байсан бол би чанартай унь хийснээс хойш 15000 төгрөгөөр, сүүлд нь 18000 төгрөгөөр зардаг болсон. 1000 төгрөгийг бэлнээр аваарай, 500 төгрөгийг 3000 унийг бүхэлд нь зарж дууссаны дараа өгье гэсэн. Тэр үед би гэрээ байгуулъя гэж бодоогүй, зүгээр л итгэсэн. Мөн өөр тогтвортой ажил олдохгүй байсан учраас тохирсон. Дараа нь мал гуйсан үед мал өгч байсан. Хүүхдийнхээ хурим хийхэд бас мөнгө, төгрөгөөр тусалж байсан. Би унь хийхээс гадна хана бас хийж байсан. Ингээд 11 дүгээр сараас 9 дүгээр сар хүртэл тасралтгүй ажилласан. Хэдэн сарын дараа чиний хийсэн уньнаас маш их ашиг оллоо, чамд 1 сая төгрөгийг шагнал өгье гэсэн. Тэгэхэд та өгвөл авна, өгөхгүй бол гомдохгүй гэдгээ хэлсэн. Дараа нь хавар 1 сая биш 500000 төгрөг өгье гэсэн. Тэгэхэд бас та өөрөө мэдээрэй гэж хариулж байсан. Дараа нь би танд 500000 төгрөгийнхөө оронд машинаа өгье гэсэн. Тухайн жилд би байшингаа хашаагүй барьсан. Тэгээд энэ машин явахгүй юм аа гэхэд амбаар болгож нүүрсээ тавиарай гэхээр нь тэр машиныг чирээд гэрийнхээ хажууд авчирч тавьсан. Тэгээд Х.С нь надад энэ машиныг бэлгэнд өглөө гээд манай хөршүүд бүгд ирээд найрлаж тэмдэглээд 2,3 шил архи уусан. Энэ үед машиныг бэлгэнд өгсөн гэдгээ манай хөршүүдэд хэлж байсан. Ингээд явж байхад нэг өдөр Х.Сн эхнэр нь надад энэ машиныг чамд зүгээр өгөөгүй, болгоомжтой байгаарай гэж хэлсэн. Гэхдээ би итгээгүй. Дараа нь согтуу очиж янз бүрийн асуудал гаргасан. Энэ хооронд микро автобусны үнийг миний цалингаас хасаж аваагүйд гэдэгт хэн ч итгэхгүй. Гэтэл 2,3 жил дуугаа байж байгаад би тэр машиныг худалдсаны дараа надаас 2 сая төгрөгийг нэхэмжилж байна. Үүнийг манай хөршүүд болон надтай хамт ажиллаж байсан хүмүүс бүгд мэдэж байгаа. Эдгээр хүмүүс биднийг шүүхэд дуудвал очиж гэрчилнэ гэсэн. Тэр машиныг авахдаа дотор нь нэг ч цахилгаан утас байгаагүй. Зөвхөн урьд талд нь хоёр суудал байсан. Дараа нь хүүхэд нь нэг өдөр манайд ирээд аккумулятор, дизель түлш авч ирээд 100000 төгрөгөөр өгье, мөнгө төгрөг хэрэгтээ байна гэхээр аваад дараа нь өөрт нь буцааж өгсөн. Тэр машинаа манай гэрийн хажууд байхад 500000 төгрөгөөр зарна гээд 3 залууг дагуулж ирээд нэг удаа үзүүлж байсан боловч аваагүй. Дараа нь Сэлэнгэ аймагт модон явна, мөнгө шаардлагатай байна, та группны мөнгөө урьдчилж авч өгөөрэй гэсэн. Тэр үед 11 дүгээр сард сунгуулах ёстой гэхэд Х.Т нь өөрөө танил талаа ашиглаж нэг сарын өмнө сунгуулж өгсөн. Тэгэхээр нь Капитрон банкнаас 1 сая төгрөг авч өгсөн. Үүний 950000 төгрөгийг аваад 800000 төгрөгийг дансандаа хийж 150000 төгрөгийг өөрөө авсан. Сэлэнгэ аймгаас ирсний дараа чамд мал өгнө гээд надаас зээлсэн мөнгөө өгөөгүй. Тэгээд намар нь 6 хонь, 1 үхэр өгсөн. 3000 ширхэг унь хийхэд 1500 төгрөгөөр бодоход 4,5 сая төгрөг болно. Надад шагнал болгож 1 сая төгрөг өгөх ёстой. 500000 төгрөгийн оронд машинаа өгсөн. Дараа нь манайд очихдоо бэлгэнд өглөө гэж хэлж байсан. Энэ машин бол явдаггүй амбаарын зориулалтаар авсан учраас тээврийн гэрчилгээг авъя гэж бодоогүй. Надад бэлгэнд өгсөн учраас минийх гэж бодоод машинаа задлаад эд ангийг нь бусдад зарж борлуулсан. Нэхэмжлэлийг нь зөвшөөрөхгүй, 3020000 төгрөгийг төлөхгүй гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Х.Сн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
1) Нэхэмжлэгч Х.С микро автобусаа хариуцагч Х.Тд худалдсан нь зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.С нь тухайн үед Х.Тд микро автобусны үнийг яг хэдэн төгрөг гэдгийг хэлээгүй. Жанамыг тавиад янзалж ажиллуулж авсны дараа тохироё, ямар ч байсан 1 сая төгрөгөөс буухгүй, дутуу байгаа зүйлүүдийг засаж аваад хүүхдээрээ бариулаад үзээрэй гэж мэдүүлсэн ба шүүх хуралдаанд оролцсон гэрч А.А (нэхэмжлэгч Х.Сн эхнэр) тухайн үед микро автобусыг чухам хэдэн төгрөгөөр худалдсаныг мэдэхгүй гэж мэдүүлсэн болно.
Иймээс нэхэмжлэгч Х.С нь микро автобусаа чухам хэдэн төгрөгөөр үнэлж хариуцагч Х.Тд худалдсан болохыг нотлох баримт байхгүй байна.
Нэхэмжлэгч Х.С худалдсан гэх миро автобус нь өөрөө явдаггүй, өөр машинаар чирч хариуцагч Х.Тд аваачиж өгсөн, микро автобусын сандлууд нь дутуу, жанам, кольцо нь байхгүй, зэрэг эд анги нь дутуу ажилгаагүй эвдэрхий байсан гэдэгт зохигчид маргаагүй, хүлээн зөвшөөрч байгаа тул нэхэмжлэгчийн гаргаж өгсөн 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн Эд зүйлийн үнэлгээ тогтоолгох тухай тодорхойлолтоор уг нийтийн тээврийн хэрэгслийн үнэ 2300000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ нь эргэлзээтэй байгаа тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй болно.
Мөн нэхэмжлэгч Х.С микро автобусны үнийг 2200000 төгрөгөөр үнэлж нэхэмжилсэн үндэслэлээ нотолж чадаагүй болно.
Хариуцагч Х.Т нь микро автобусны эд ангийг бусдад зарж борлуулсан болох нь гэрч Х.Аын шүүхэд өгсөн мэдүүлгээр батлагдаж байгаа ба гэрч А нь уг микро автобусны моторыг 350000 төгрөгөөр худалдан авсан болох нь тогтоогдож байна.
2) Хариуцагч Х.Т нь микро автобусыг нэхэмжлэгч Х.С бэлэглэсэн гэх боловч үүнийг нотлох баримт байхгүй байна. Хариуцагчийн шүүхэд бүрдүүлж өгсөн РД:БЗ67120136 Т.Хуандых, РД:БЗ86022011 А.Жанболат нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Манай хөрш Х.Т би машин авч ирлээ гээд биднийг дуудсан. Тэгээд бид очиход Сарай би энэ машиныг Тилеуханд бэлэглэж байна гэж ерөөл өргөж байсныг бид сонссон гэсэн боловч бэлэг нь хариу төлбөргүй байх ёстой ба нэхэмжлэгч Х.С ажил хийж өгсний шагналд микро автобусыг бэлэглэсэн гэж хариуцагч Х.Ты мэдүүлгээс бэлэг биш болох нь нотлогдож байна.
3) Хариуцагч Х.Т сарлаг үхрийг 400000 төгрөгөөр, 6 хонийг тус бүрийг нь 70000 төгрөгөөр үнэлж нэхэмжлэгч Х.Сгаас худалдан авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа ба нэхэмжлэгч Х.С нэг үхэр, 6 хонины үнэ бүгд 820000 төгрөгийг төлсөн гэх боловч төлсөн гэдгээ нотлох баримтаа шүүхэд гаргаж өгч чадаагүй болно.
Иймд дээрх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Х.С нь микро автобусны үнэ ямар ч байсан 1 сая төгрөгөөс буухгүй гэсэн мэдүүлгийг үндэслэн микро автобусны үнийг 1100000 төгрөг, хариуцагч Х.Ты хүлээн зөвшөөрснөөр нэг үхэр, 6 хонины үнэ 820000 төгрөг бүгд 1920000 төгрөгийг хариуцагч Х.Таас гаргуулан нэхэмжлэгч Х.Сд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 1100000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65200 төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 45670 төгрөгийг хариуцагч Х.Таас гаргуулан нэхэмжлэгч Х.Сд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-ийг баримтлан хариуцагч Ботахар шаку овогт Х.Таас микро автобусны үнийг 1100000 төгрөгөөр, сарлаг үхэр, 6 хонины үнэ бүгд 820000 төгрөг бүгд 1920000 (нэг сая есөн зуун хорин мянган) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М***** овогт Х.Сд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 1100000 (нэг сая нэг зуун мянган) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57 дугаар зүйлийн 57.1-ийг баримтлан нэхэмжлэгч Х.С нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65200 (жаран таван мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Х.Таас 45670 (дөчин таван мянга зургаан зуун далан) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Сд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК