Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2019/00679

 

Л.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2018/03267 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 51 дүгээр магадлалтай

Л.Бгийн нэхэмжлэлтэй,

Г.Бд холбогдох

“Зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 9 000 000 төгрөг, зээлийн хүүний үлдэгдэл 387 000  төгрөг, алданги 4 693 500 төгрөг, нийт 14 080 500 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “Зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмөнхийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Батмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Б нь надаас 2017 оны 1 сарын 24-ний өдөр 9 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сар бүр 8 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл алданги тооцохоор гэрээ хийж зээлж авсан. Дахин 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл зээлийн гэрээний хугацааг сунгасан. Зээлийн гэрээний хугацаа нийт 10 сар, энэ хугацааны зээлийн хүүнд 7 200 000 төгрөгийг төлөх ёстой байсан. 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гэрээний хугацаа дууссан. 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс алданги тооцсон. 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 9 000 000 төгрөгийн төлөлт хийсэн. 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 27 хоногийн алданги өдөрт 81 000 төгрөг, нийт алданги 2 187 000 төгрөг болсон. 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр нийт хүү, алдангийн нийт төлбөр 9 387 000 төгрөг төлөхөөс 9 000 000 төлсөн байна.

Ингээд хүүгийн үлдэгдэл 387 000 төгрөг, үндсэн зээлийн төлбөр 9 000 000 төгрөг, нийт 9 387 000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс хойш алданги тооцоход 4 693 500 төгрөг болж байгаа. Алдангийг төлөгдөөгүй үүргийн гүйцэтгэлийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцвол 4 693 500 төгрөг болно.

Иймд хариуцагч Г.Баас зээл 9 000 000 төгрөг, алданги 4 693 500 төгрөг, нийт 14 080 500 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлд дурдагдсан 9 000 000 төгрөгийг зээлсэн зүйл огт байхгүй. Тус зээлсэн гэх 9 000 000 төгрөгийг миний өмнө нь 4 жил хамт ажиллаж байсан Д.Алтанчимэгийн төрсөн эгч Д.Цэцэгмаа гэх хүн авсан. Тухайн үед Д.Алтанчимэг надад хандаж хүнээс хүүтэй мөнгө зээлж авах гэсэн боловч нийгмийн даатгал төлдөг, ажил орлоготой хүнийг заавал гэрээнд гарын үсэг зуруулна тэгж байж гэрээ хийнэ гээд байна. Нөхөр н.Батхуягийн ээж, аав, манай эгч Д.Цэцэгмаа нар очоод гэрээ хийх гэхээр мөнгө зээлэхийг зөвшөөрөхгүй байна гэж байсан. Тэгээд та гэрээнд гарын үсэг зураад өгөөч манай эгч н.Цэцэгмаа тус мөнгийг удахгүй төлж дуусгана тус болооч гэсэн. Би хамт ажиллаж байсан учраас түүнд итгэж Л.Б гэх хүнтэй уулзаж би энэ мөнгийг өөртөө аваагүй, Д.Цэцэгмаа гэж хүн таниас зээлж байгаа шүү гэдгийг тайлбарлаж хэлэхэд хамаагүй та гарын үсгээ гэрээнд заавал зур гэж хэлсэн учраас сүүлд ийм зүйл болно гэж төсөөлөөгүй учир Л.Б, Д.Алтанчимэг нарт итгэж зээлийн гэрээ гэх гэрээнд гарын үсгээ зурсан. Тэгээд тус бодит байдлыг баталгаажуулж, уг 9 000 000 төгрөгийг авсан Д.Алтанчимэгийн төрсөн эгч Д.Цэцэгмаад мөнгийг нь хүлээлгэж өгсөн тухай болон Г.Б миний бие тус асуудалд огт хамааралгүй, мөнгө зээлж аваагүй болохыг баталгаажуулах гэрээ байгуулж, нотариатаар батлуулсан. Сүүлд Д.Алтанчимэг болон түүний эгч Д.Цэцэгмаа нар Л.Бд зээлсэн мөнгийг гэрээ ёсоор төлсөн гэж хэлж байсан.

Иймд Л.Бгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Талууд 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 9 000 000 төгрөгийг, 2 сарын хугацаатай зээлэхээр гэрээ хийсэн. Зээлийг 8 сараар сунгасан гэж байгаа боловч сунгасан эсэх нь эргэлзээтэй. Гэрээний тооцооллыг нэхэмжлэгч буруу хийсэн байна. Алдангийг үндсэн зээлийн 50 хувиас хэтрэхгүй гэж үзвэл 9 000 000 төгрөгийн 50 хувь нь 4 500 000 төгрөг байхаар тооцох ёстой. Алдангийн хэмжээ ихэссэн байна. Тооцоолол буруу байна.

Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжилж байгаа үнийн дүн нь өөр байна. Төлөлтийн хувьд 9 000 000 төгрөг төлсөн. Сүүлд хариуцагчийн зүгээс нотлох баримтаар гаргаж өгсөн дансны хуулгаас харахад Д.Алтанчимэг гэж хүнээс 630 000 төгрөг, Б.Батхуягаас өөрт нь 570 000, 560 000, 370 000 төгрөг, Д.Цэцэгмаагаас 9 000 000, 2 500 000 төгрөгийг дансаар төлсөн. Үүнээс гадна Д.Алтанчимэг гэж хүн 1 290 000 төгрөг, 720 000 төгрөгийг тус тус 2017 онд төлөлт хийж байсан. Ингээд нийт 15 640 000 төгрөгийг төлсөн байгаа. Тийм учраас зээлийн гэрээнд үндэслэсэн зээлийн тооцоолол буруу, төлөлт нь хасагдаагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд иргэн Л.Б болон иргэн Г.Б нарын хооронд 2017 оны 1 сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдсан байдаг. Тус гэрээгээр зээлдүүлэгч Л.Б нь 9 000 000 төгрөгийг сар тутамд 8 хувийн хүүтэй 60 хоногийн хугацаатайгаар зээлдэгч Г.Бд олгосон гэдэг. Гэвч бодит байдал дээр тус мөнгийг Г.Б бус иргэн Д.Цэцэгмаа, Д.Алтанчимэг, Б.Батхуяг нар авсан байдаг. Учир нь тус иргэд Л.Бгаас мөнгө зээлэх талаар асуухад тогтмол цалинтай, байнгын ажлын байранд ажилладаг хүнтэй зээлийн гэрээ байгуулна гэсний дагуу өөрийн танил Д.Алтанчимэгтэй урьд нь нэг байгууллагад хамт ажилладаг байсан Г.Баас тусламж гуйсны дагуу Г.Б иргэн Л.Бтай тэдний өмнөөс зээлийн гэрээ байгуулсан байдаг. Дээрх гэрээ байгуулах үед Г.Б нь тэдний нэг болох Д.Цэцэгмаатай тухайн цаг хугацаанд, нотариат дээр адил үнийн дүн, агуулга бүхий зээлийн гэрээг дээрх гэрээний баталгаа болгон байгуулсан байдаг.

Тиймээс дээрх зээлийн төлбөрийг Д.Цэцэгмаа, Д.Алтанчимэг, Б.Батхуяг нар одоог болтол төлсөөр байна. Өөрөөр хэлбэл Л.Б болон Г.Б нар нь дээрх гэрээний дагуу аливаа хууль зүйн үр дагавар хүсээгүй дүр үзүүлэн хийсэн хэлцэл юм.

Иймд Л.Б болон Г.Б нарын хооронд 2017 оны 01 сарын 24-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлд нэг цагт, нэг нотариат дээр адил дүнтэй, адил агуулгатай зээлийн гэрээ хийж, баталгаа болгон байгуулсан гэж байна. Энэ нь нотариатын бүртгэлийн дугаар дээрээс харагдана. Би Д.Алтанчимэг, Д.Цэцэгмаа, Г.Б гурвууланг нь таньдаг. Гэхдээ Г.Б миний орлого тэдэн төгрөг, би өөрөө бизнесийн зээл авна гэж хэлж зээл авсан болохоос биш Д.Цэцэгмаад өгнө, Д.Алтанчимэгт өгнө гэж зээл аваагүй. Зээлийн гэрээ хавтаст хэргийн 3 дугаар хуудсанд, бүртгэлийн дугаар нь 55 гэж байгаа. Би гэрээ хийгээд явсан. Хариуцагчийг хэн яаж гуйж, яаж гэрээ хийсэн талаар мэдэхгүй. Д.Цэцэгмаатай байгуулсан гэрээний бүртгэлийн дугаар 57 байгаа. Би анх зээл олгохдоо чи ажил төрөлтэй, зээл төлөх боломжтой гээд барьцаагүй их хэмжээний зээл өгсөн. Түүнээс биш дамжуулсан талаар мэдэхгүй. Хариуцагчийн хариу тайлбар дээр н.Цэцэгмаад өгсөн гэж байгаа ч одоо болохоор Д.Алтанчимэгт өгсөн гэж байгаа. Д.Алтанчимэг тусдаа зээлтэй, Д.Цэцэгмаа тусдаа зээлтэй, Г.Б тусдаа зээлтэй.

Би хорт хавдартай байнга Солонгос Улс руу явж эмчилгээ хийлгэдэг. Би нэг удаа л эд нартай уулзаж үзсэн. Эд нар бүгдээрээ банкны хүмүүс. 2 000 000 төгрөг өгсөн гээд байгаа бол баримтаа гаргаад ирээч. Би дансны хуулга ирээгүй байхад бүгдийг хэлсэн. Миний алт, мөнгө, монетэн эдлэлийг Алтан тэвш гэдэг ломбардад тавиад тийзний мөнгө авч явсан. Тийзний мөнгийг л шилжүүлсэн гэж хэлсэн. 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрөөс эхэлж Д.Алтанчимэгийн дансны хуулга гарч ирж байгаа. 3 дугаар сарын 26-ны өдөр Солонгос явсан билетний үнэ 550 000 төгрөг гэх мэтээр дандаа гүйлгээний утга нь байгаа. Эд нар банкны хүмүүс. Бичиг үсгийн чадвар сайтай. Хүнд юу өгөхөө яаж өгөхөө мэддэг. Юу авахаа мэддэг. Энэ хүмүүс яагаад худлаа яриад байгаа юм бэ? Хэрвээ Д.Алтанчимэг, Д.Цэцэгмаа нарт өгөх байсан бол би өөрсдөд нь л зээл өгнө, би яагаад энэ хүнтэй гэрээ хийгээд байгаа юм бэ? Зээлийг нэг биш яагаад 2 удаа сунгаад байгаа юм бэ? нэг удаа гэрээ хийсэн бол дарамталж байгаад гэрээ хийсэн гэж хэлэх байсан байх. Д.Алтанчимэг, Д.Цэцэгмаа нар Алтанбулагийн банканд цуг ажиллаж байсан, багын танилууд. Эд нар үгсэн хэлэлцэж намайг хохироож байна. Би өөрийнхөө мөнгийг нэхэж байгаа. 2 500 000 төгрөг өгсөн Д.Цэцэгмаагийн зээлийн гэрээг ч бас өгсөн. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Солонгост байх хугацаандаа Д.Алтанчимэгтэй уулзсан. Тэр хугацаанд надад мөнгө өгсөн бол гарын үсэг зуруулна. Хэнд юу өгч байгаагаа мэдэх оюунлаг хүмүүс. Тэр хүмүүс өөрсдөө надад тусдаа зээлтэй байсан. Хамгийн сүүлд 2 500 000 төгрөг өгсөн байсан. Хугацаа хэтэрвэл хүү тооцно гээд амаараа хэлж байсан. Тэр зээлийн л хүү. Мөнгө төлсөн баримтууд нь бүгдээрээ Бааска гэж бичсэн байгаа. Тэгэхээр Бааска өөрийнхөө төлөлтийг хийж байгаа. Д.Цэцэгмаа, Д.Алтанчимэг хоёр зээл авсан бол өөрсдийнхөө л нэрийг бичнэ. Ил тодоор намайг хуураад байна. Би Солонгост өөрөө банкны данстай. Банкны хүмүүс дансаар хийх ёстой байсан. Энэ хүмүүс худлаа хэлж байна гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2018/03267 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу хариуцагч Г.Баас 10 800 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Бд олгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2-т заасан үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Л.Бд холбогдох зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох хариуцагч Г.Бын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228 360 төгрөг, хариуцагч Г.Баас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158 950 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 187 750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 51 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2018/03267 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу хариуцагч Г.Баас 7 050 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7 030 500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

3 дахь заалтын “... 187,750 төгрөгийг ...” гэснийг 127 750 төгрөгийг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 187 750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж:Батмөнх хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2018/03267 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 51 дүгээр магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, хяналтын гомдол гаргаж байна.

  1. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар:

Анхан болон давж заалдах шатны шүүх талууд харилцан тохиролцсон үр дагаврыг мэдэж байсан нь зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлгээр нотлогдож байх тул нэхэмжлэгч Л.Б болон Г.Б нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн.

Иргэний хуулийн 281.2-т “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно” гэж заасан. Гэтэл хариуцагчийн тайлбар болон гэрчийн мэдүүлэгт хариуцагч Г.Б нь 9 000 000 төгрөгийг аваагүй, харин Д.Алтанцэцэг болон түүний эгч Д.Цэцэгмаа нар авсан талаар дурдсан. Тиймээс нэхэмжлэгч Л.Б болон хариуцагч Г.Б нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй болно. Мөн дээрх зээлийн төлбөрийг хариуцагч Г.Б бус мөнгө авсан Д.Алтанчимэг, Д.Цэцэгмаа нар төлж байсан нь банкны дансны хуулгаас тодорхой харагдана.

  1. Нотлох баримтыг буруу үнэлсэн талаар:

Анхан болон давж заалдах шатны шүүх гэрч Д.Цэцэгмаагийн мэдүүлгийг буруу үнэлсэн гэж үзэж байна. Учир нь гэрч мэдүүлэгтээ мөнгийг хариуцагч Г.Б бус Д.Цэцэгмаа, Д.Алтанчимэг нар авсан талаар дурдсан байтал шүүх тус мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй. Тэгсэн атлаа хариуцагч Г.Б төлбөр төлөх үүрэг хүлээх ёстой нь гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна гэсэн. Гэрчийн мэдүүлгийн аль хэсгийн, юу гэж хэлсэн тайлбараар нотлогдож байгааг огт дурдаагүй байдаг. Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас харьцуулан үзээгүй гэж үзэж байна.

Мөн хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон талаар тодорхой дурдаагүй байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүх нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Л.Б нь Г.Бд холбогдуулан “Зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 9 000 000 төгрөг, зээлийн хүүний үлдэгдэл 387 000  төгрөг, алданги 4 693 500 төгрөг, нийт 14 080 500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, зээлийг аваагүй гэж маргаж, талуудын хооронд байгуулсан 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “Зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч Г.Баас 10 800 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх хариуцагчаас 7 050 000 төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрт өөрчлөлт оруулж,  шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.

Магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмөнхийн гомдол үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаар зохигч 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр “Зээлийн гэрээ” байгуулж, тус гэрээгээр Л.Б нь Г.Бд 9 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 8%-ийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч зээлийн гэрээгээр тохирсон хугацаанд хүүгийн хамт буцаан төлөхөөр, хугацаандаа гүйцэтгээгүй бол хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-иар алданги төлөхөөр харилцан тохиролцсон, зээлдэгчийн хүсэлтээр гэрээг 8 сарын хугацаагаар сунгасан үйл баримт тогтоогджээ.

Гэрээнд талууд гарын үсэг зурж, хүсэл зоригоо илэрхийлэн, нотариатаар гэрчлүүлсэн, гэрээний зүйл болох мөнгийг зээлдэгч хүлээн авснаа бичгээр илэрхийлсэн үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр хэлцэл гэж үзсэн нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2. дахь заалтыг зөрчөөгүй байна.

Иймд зээлийн мөнгийг аваагүй, дүр үзүүлж хэлцэл хийсэн гэх үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй гэж үзэж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2. дахь заалтад нийцжээ.

Талуудын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1. дэх заалтад нийцсэн байна.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэгтэй, түүнчлэн талууд харилцан тохиролцож хүү тогтоож болох ба анзын гэрээг бичгээр хийх, анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иас хэтэрч болохгүй талаар хуульд заасан.

Хариуцагч 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэгчээс 9 000 000 төгрөгийг 2  сарын хугацаатай, сарын 8%-ийн хүүтэй зээлсэн, зээлийн гэрээг 8 сарын хугацаагаар сунгасан, гэрээний үүрэгт зээлдэгч /9 000 000 х 8% х 10 сар/ нийт 16 200 000 төгрөгийг төлөх үүрэгтэйгээс 11 500 000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 4 700 000 төгрөг төлөгдөөгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

Зээлдүүлэгч зээл, зээлийн хүүний үлдэгдэл төлбөр, алдангийг үлдэгдэл төлбөрийн 50 хувиар тооцож шаардсан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1., 232 дугаар зүйлийн 232.4. дэх заалтыг зөрчөөгүй байна.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянаж, зээлийн үлдэгдэл төлбөр 4 700 000 төгрөгийг алдангийн хамт /4 700 000 + /4 700 000 х 50 %/ нийт 7 050 000 төгрөгийг хариуцагчаас гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Хариуцагч Г.Б нь зээлийн гэрээний зүйл болох 9 000 000 төгрөгийг хүлээн авсан, зээлийн гэрээг сунгуулахаар хүсэлт гаргасан талаарх өөрийн бичвэрийг баримтаар үгүйсгээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэл, тайлбараа өөрөө нотлох, нотлох баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтыг зөрчөөгүй тул “...нотлох баримт үнэлэх хуульд заасан журмыг зөрчсөн, ...хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй...” гэх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.,167 дугаар зүйлийн 167.1.2.-т нийцсэн, 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 51 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмөнхийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 127 750 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД