Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 367

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 01 дүгээр багт оршин суух, БЛ89121807 регистрийн дугаартай, Жадик овогт Муталивын Айбөбегийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын сум дундын эмнэлэг /ерөнхий эмч К.Өмиргүл/-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Айбөбе, түүний өмгөөлөгч А.Серикжан, С.Нургайып, орчуулагч Т.Айбек, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Маншүк нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын сум дундын эмнэлгийн эрхлэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус сумын 2 дугаар багийн хүний бага эмчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсжээ.

Нэхэмжлэгч М.Айбөбе шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Гомдол гаргагч М.Айбөбе би Цэнгэл сумын сум дундын эмнэлэг /СДЭ/-ийн эрхлэгчийн 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 27 тоот тушаалаар тус сумын 2 дугаар багийн хүний бага эмчээр томилогдон 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл бага эмчээр ажилласан бөгөөд ажиллах хугацаанд ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ, холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм, журам, гэрээгээр хүлээсэн ажил үүргээ чанд гүйцэтгэж ирсэн ба ажлын алдаа дутагдал гаргаж байгаагүй болно. Гэвч ажлаас буруу халагдсан ажилтан А.Нуржан нь шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн томилогдсон гэх үндэслэлээр миний хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, шууд ажлаас халсан тул ажил олгогчийн тушаалыг хүчингүй болгож, урдах ажилд эгүүлэн тогтоолгох, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.1, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т заасныг үндэслэн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Ажил олгогч "... ажлаас чөлөөлөх тухай 02 дугаар тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 37 дугаар зүйлийн 37.1.5, 40 дүгээр зүйлийн 40.2, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 720 дугаартай шүүгчийн захирамжийг тус тус үндэслэжээ. А.Нуржаны хувьд 2016 оны 02 дугаар сарын 00-ны өдөр Цэнгэл сумын сум дундын эмнэлгийн эрхлэгчийн 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 25 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 2 дугаар багийн бага эмчийн орон тоонд эгүүлэн тогтоолгохыг тус эмнэлгийн эрхлэгчид даалгах" шаардлагатай нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүхэд гаргасан бөгөөд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 329 тоот шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон ба нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргасан боловч Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 212/МА2016/00032 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн 329 дүгээр шийдвэрийг хэвээр баталсан. Харин нэхэмжлэгч тал хуулийн хугацаанд хяналтын гомдол гаргаагүй учраас Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.2-т анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Гэвч нэхэмжлэгч А.Нуржан нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 2 дугаар багийн бага эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагатай нэхэмжлэл гаргаж урьд нь шүүхээр хэлэлцсэн асуудлаар дахин шүүхэд хандсан ба үүнийг шүүх хүлээн авч улмаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-т Шүүгч дараах тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж, 65.1.6 дахь заалтад нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа бол шүүх захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах талаар тус тус зохицуулжээ.

Дээрх хуулийн зохицуулалтын дагуу А.Нуржаны нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзах ёстой атал түүнийг хүлээн авч хэрэг үүсгэсэн улмаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй бөгөөд уг шүүгчийн захирамжид гомдол гарах эрхгүйгээр гаргасан хэдий ч хуульд нийцээгүй байгаа тул үүнийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй байна. Иймээс ажил олгогч буюу Цэнгэл сумын СДЭ-ийн эрхлэгчийн 720 дугаартай шүүгчийн захирамж болон Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 37 дугаар зүйлийн 37.1.5, 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг баримталж гаргасан 02 дугаар тушаалыг хууль бус гэж үзэж байгаа болно. Иймд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын сум дундын эмнэлгийн эрхлэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус сумын 2 дугаар багийн хүний бага эмчийн ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсье гэжээ.

Нэхэмжлэгч М.Айбөбе шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Би анх 2013 онд Цэнгэл сумын Сум дундын эмнэлэгт тус сумын 2 дугаар багийн бага эмчээр ажилд орсон. Гэтэл намайг 2017 оны 01 дүгээр сард ажлаас чөлөөлсөн. Энэ хугацаанд нийт 3 жил ажилласан. 2017 оны 1 дүгээр сард намайг ажлаас чөлөөлж миний эрхэд халдсан учир шүүхэд хандсан. 2013 онд анх ажилд ороход Нуржан гэдэг хүний оронд ажилд орсон. Тухайн үед Нуржан гэх хүн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн байсан. Гэтэл 3 жилийн дараа шүүхэд гомдол гаргаснаар шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон. Миний бодлоор ажлаас чөлөөлөгдсөний дараа 1 сарын дараа шүүхэд хандах ёстой байтал Нуржан 3 жилийн дараа шүүхэд хандсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Би ажиллах хугацаанд ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Одоогийн эрхлэгч тус эмнэлэгт ямар нэгэн түр орон тоо гарсан ч гэсэн намайг авч ажиллуулахгүй байгаа. Нуржан гэх хүнд тухайн үед лицензийн зөвшөөрөл байгаагүй. Намайг 3 жил ажиллуулаад ажлаас халсанд гомдолтой байна. Би цалингаараа гэр бүлээ тэжээж байсан учир намайг ажлаас чөлөөлөгдсөний дараа гэр бүлд маань бас хэцүү болоод байгаа. Хэрвээ намайг ийнхүү ажлаас чөлөөлөх байсан бол би тухайн үед энэ ажилд орохгүй байсан. Тийм учраас намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын сум дундын эмнэлгийн ерөнхий эмч К.Өмиргүл шүүхэд гаргасан тайлбартаа: Баян-Өлгий аймгийн сум дундын эмнэлгийн ерөнхий эмч К.Өмиргүл би иргэн Айбөбегийн Ажилд эгүүлэн тогтоолгох тухай хүсэлт гаргасан нэхэмжлэлтэй танилцаж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

1. К.Өмиргүл би тус сумын эмнэлэгт 17 жил ажиллаж байна. Би багийн эмч М.Айбөбег тус сумын эмнэлэгт ажилд орсон үеэс /2013 оноос/ хойш мэддэг билээ. Төрөл садан биш, өс хонзонгүй. Одоо албаны хувьд хяналт тавьдаг даргын үүрэгт ажлыг гүйцэтгэж байгаа ба эмнэлгийн бүх ажилчдад тэгш, ялгаваргүй ханддаг.

2. Мөн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж №720 тоот захирамжийг үндэслэн шүүхийн шийдвэрийг биелүүлсэн юм.

3. Манай СДЭмнэлэг нь батлагдсан 39 орон тоогоор ажиллах ёстой. Одоогийн байдлаар 44 хүн ажиллаж байгаа учир жилийн төсөв хэтрэлтэй байгаа. М.Айбөбег ямар нэгэн орон тоонд авч ажиллуулах боломжгүй юм гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч байгууллагын төлөөлөгч К.Өмиргүл болон түүний өмгөөлөгч Я.Сьезд нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй ба нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар нэхэмжлэгч талын хүсэлтээр хэргийг хариуцагчийн эзгүйд хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Нэхэмжлэгч М.Айбөбе хариуцагч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын сум дундын эмнэлэгт холбогдуулж тус сумын Сум дундын эмнэлгийн эрхлэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан тус сумын 2 дугаар багийн хүний бага эмчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллага нь эс зөвшөөрч маргажээ.

Шүүх хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлээ.

Учир нь, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Сум дундын эмнэлгийн эрхлэгчийн 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 27 дугаартай тушаалаар 2 дугаар багийн бага эмч А.Нуржан өөрийн хүсэлтийн дагуу ажлаас гарсан тул оронд нь 2013 оны 9 сарын 20-ноос эхлэн бага эмч сувилагч мэргэжилтэй Муталивын Айбөбег томилсон байжээ.

Гэтэл тус сумын 2 дугаар багийн бага эмчээр ажиллаж байсан А.Нуржан нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус сумын 2 дугаар багийн бага эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаснаар 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 1115 дугаартай тогтоолоор Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 329 дүгээр шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 22 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

-Хариуцагчийн зүгээс хяналтын шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн агуулгатай тайлбар ирүүлснийг Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолд дурдсан ба уг хэрэг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаж ирсний дараа хариуцагч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Сум дундын эмнэлгийн эрхлэгч К.Өмиргүл нь нэхэмжлэгч А.Нуржаны Цэнгэл сумын 2 дугаар багийн бага эмчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 720 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн байна.

Улмаар хариуцагч Цэнгэл сумын Сум дундын эмнэлгийн эрхлэгч К.Өмиргүл нь 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 02 дугаартай тушаалаар Цэнгэл сумын 2 дугаар багийн хүний бага эмчээр А.Нуржаныг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн томилж, түүний оронд ажиллаж байсан М.Айбөбег мөн өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, 36 дугаар зүйлийн 36.1.2, 37 дугаар зүйлийн 37.1.5, 40 дүгээр зүйлийн 40.2, 43 дугаар зүйлийн 43.1, 43.3, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 720 дугаартай шүүгчийн захирамжийг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Нэхэмжлэгч М.Айбөбе нь Цэнгэл сумын 2 дугаар багийн бага эмчээр анх томилогдохдоо А.Нуржаны оронд томилогдсон байх бөгөөд хариуцагч Цэнгэл сумын сум дундын эмнэлгийн эрхлэгчийн А.Нуржаныг урьд ажиллаж байсан Цэнгэл сумын 2 дугаар багийн бага эмчийн ажилд авахаар хүлээн зөвшөөрснийг баталсан тус шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 720 дугаартай шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж мөн хуулийн 75 дугаар зүйлд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхээр тус тус хуульчилсан байх бөгөөд хариуцагчийн А.Нуржаныг урьд эрхэлж байсан Цэнгэл сумын 2 дугаар багийн бага эмчийн ажилд томилсон 02 дугаар тушаал нь хууль зөрчөөгүй байна.

Хариуцагч буюу ажил олгогч Цэнгэл сумын Сум дундын эмнэлгийн эрхлэгч К.Өмиргүл нь А.Нуржаныг урьд эрхэлж байсан Цэнгэл сумын 2 дугаар багийн бага эмчийн ажилд томилсон хэдий боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар түүний оронд ажиллаж байсан ажилтан М.Айбөбед бололцооны дагуу өөр ажил олж өгөх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч М.Айбөбегийн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын сум дундын эмнэлэгт холбогдох тус сумын Сум дундын эмнэлгийн эрхлэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус сумын 2 дугаар багийн хүний бага эмчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын сум дундын эмнэлгийн эрхлэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус сумын 2 дугаар багийн хүний бага эмчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэгч М.Айбөбегийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч М.Айбөбе нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ