Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 102

 

А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгчид М.Нямбаяр, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 367 дугаар шийдвэртэй, А-гийн  нэхэмжлэлтэй, Б аймгийн Ц сумын Сум дундын эмнэлэгт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып, хариуцагчийн өмгөөлөгч Я.Сьезд нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Ц сумын сум дундын эмнэлгийн эрхлэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус сумын 2 дугаар багийн хүний бага эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай. 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ; “Гомдол гаргагч А би Ц сумын сум дундын эмнэлэгийн эрхлэгчийн 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 27 тоот тушаалаар тус сумын 2 дугаар багийн хүний бага эмчээр томилогдон 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл ажилласан бөгөөд ажиллах хугацаанд ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ, холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм, журам, гэрээгээр хүлээсэн ажил үүргээ чанд гүйцэтгэж ирсэн ба ажлын алдаа дутагдал гаргаж байгаагүй болно. Гэвч ажлаас буруу халагдсан ажилтан Н нь шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн томилогдсон гэх үндэслэлээр миний хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, шууд ажлаас халсан тул ажил олгогчийн тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлсэн ажилдаа эгүүлэн тогтоолгох, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т заасныг үндэслэн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Ажил олгогч "... ажлаас чөлөөлөх тухай 02 дугаар тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 37 дугаар зүйлийн 37.1.5, 40 дүгээр зүйлийн 40.2, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 720 дугаартай шүүгчийн захирамжийг тус тус үндэслэжээ. Н нь Ц сумын сум дундын эмнэлгийн эрхлэгчийн 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 25 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Ба аймгийн Ц сумын 2 дугаар багийн бага эмчийн орон тоонд эгүүлэн тогтоолгохыг тус эмнэлгийн эрхлэгчид даалгах" шаардлагатай нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүхэд гаргасан бөгөөд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 329 тоот шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон ба нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргасан боловч Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 212/МА2016/00032 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн 329 дүгээр шийдвэрийг хэвээр баталсан. Харин нэхэмжлэгч тал хуулийн хугацаанд хяналтын гомдол гаргаагүй учраас Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Гэвч нэхэмжлэгч Н нь Баян-Өлгий аймгийн Ц сумын 2 дугаар багийн бага эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагатай нэхэмжлэл гаргаж урьд нь шүүхээр хэлэлцсэн асуудлаар дахин шүүхэд хандсан ба үүнийг шүүх хүлээн авч улмаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.1.6-т заасан зохицуулалтын дагуу Н-ын нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзах ёстой атал түүнийг хүлээн авч хэрэг үүсгэсэн улмаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй бөгөөд уг шүүгчийн захирамжид гомдол гарах эрхгүйгээр гаргасан хэдий ч хуульд нийцээгүй байгаа тул үүнийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй байна. Иймээс ажил олгогч буюу Ц сумын Сум дундын эмнэлгийн эрхлэгчийн 720 дугаартай шүүгчийн захирамж болон Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 37 дугаар зүйлийн 37.1.5, 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг баримталж гаргасан 02 дугаар тушаалыг хууль бус гэж үзэж байгаа болно. Иймд Б аймгийн Ц сумын сум дундын эмнэлгийн эрхлэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус сумын 2 дугаар багийн хүний бага эмчийн ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсье.” гэжээ.

Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбарт: “Б аймгийн сум дундын эмнэлгийн ерөнхий эмч Ө би иргэн А-гийн “Ажилд эгүүлэн тогтоолгох тухай” хүсэлт гаргасан нэхэмжлэлтэй танилцаж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

1. Ө би тус сумын эмнэлэгт 17 жил ажиллаж байна. Би багийн эмч А-г тус сумын эмнэлэгт ажилд орсон үеэс /2013 оноос/ хойш мэддэг билээ. Төрөл садан биш, өс хонзонгүй. Одоо албаны хувьд хяналт тавьдаг даргын үүрэгт ажлыг гүйцэтгэж байгаа ба эмнэлгийн бүх ажилчдад тэгш, ялгаваргүй ханддаг.

2. Мөн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 720 дугаар захирамжийг үндэслэн шүүхийн шийдвэрийг биелүүлсэн.

3. Манай Сум дундын Эмнэлэг нь батлагдсан 39 орон тоогоор ажиллах ёстой. Одоогийн байдлаар 44 хүн ажиллаж байгаа учир жилийн төсөв хэтрэлтэй байгаа. А-г ямар нэгэн орон тоонд авч ажиллуулах боломжгүй юм.” гэжээ. 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 367 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Б аймгийн Ц сумын сум дундын эмнэлгийн эрхлэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус сумын 2 дугаар багийн хүний бага эмчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэгч А-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “Баян-Өлгий аймгийн Ц сумын 01 дүгээр багт оршин суудаг нэхэмжлэгч А-гийн өмгөөлөгч С.Нургайып би Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 367 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:  

1. Анхан шатны шүүх нь нэхэмжлэгч А-гийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, хууль бус гарсан захирамжийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзсан явдалд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл, Баян-Өлгий аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч Х.Мейрамбек нь 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж 720 дугаар захирамж гаргаснаас болж иргэн А-гийн хууль ёсны эрх ашиг сонирхол нь зөрчигдсөн байна. Учир нь: Уг захирамжаар Н-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохдоо А-гийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зүй ёсоор хөндсөн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийн “...хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл...” гэдэгт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх урьдчилсан нөхцөл бүрдсэн байхыг ойлгоно. Үүнд: Тус хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд талууд мэтгэлцээгүй байх гэсэн урьдчилсан нөхцөлийг шүүхээс тодруулаагүй байна. Өөрөөр хэлбэл энэхүү нэхэмжлэл нь 3 шатны шүүхээс өмнө нь хянан шийдвэрлэгдэж анхан шатны шүүхэд буцан ирж байгаа хэрэг юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд талууд мэтгэлцээгүй гэж үзэх боломжгүй байсан юм. Гэтэл Ерөнхий шүүгч Х.Мейрамбек нь тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжгүй гэдгийг мэдсээр байж хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэж гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчсөн байв. Үүнийг нэхэмжлэгч А эс зөвшөөрч Ерөнхий шүүгч Х.Мейрамбект гомдлоо гаргаж, уг гомдлын дагуу өөрийнхөө захирамж хууль бус гэдгийг хүлээн зөвшөөрөн хүчингүй болгосон юм. Нэгэнт захирамжийг хүчингүй болгосон учраас Ны нэхэмжлэлтэй иргэний хэрэг буцаан сэргээгдсэн боловч түүний өмгөөлөгчийн гомдлоор Ерөнхий шүүгч Х.Мейрамбекийг захирамжийг дахин хүчингүй болгох тогтоол гарсан. Гэхдээ энэ бүх үйл явдалд А-д ямар нэгэн буруу байхгүй. Шүүхийн буруутай ажиллагаанаас болж ажилтан хохирох ёсгүй. Хэрэв Ерөнхий шүүгч Х.Мейрамбек нь Ны хэргийг хууль бусаар хялбаршуулсан журмаар шийдвэрлээгүй байсан бол ийм зүйл гарах ёсгүй байсан. 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж...” гэж заасан байна. Н-ыг эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гараагүй бөгөөд зөвхөн шүүгчийн захирамж гарсан байсан. Өөрөөр хэлбэл хариуцагчийн хүлээн зөвшөөрснийг баталсан шүүгчийн захирамжаар эгүүлэн томилогдсон тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.2 дахь хэсэг заасан үндэслэл хамаарахгүй. Учир нь ажил олгогч шударга бус хандаж, Аг үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхан Н-д илт давуу байдал тогтоосон байна. Ажил олгогч нь Агийн эрх ашиг сонирхол нь зөрчигддөг болохыг мэдсээр байж Ны нэхэмжлэлийн шаардпагыг зөвшөөрсөн нь хууль бус байна. Н-ын гомдолтой иргэний хэрэг нь гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхолд шууд нөлөөлөх иргэний маргаан байсан учраас шүүхийн зүгээс ч, ажил олгогчийн зүгээс ч анхааралтай хандах ёстой байсан боловч аль аль нь шударга бус хандсан байна.

Мөн А нь шинээр орсон ажилтан биш. Өөрөөр хэлбэл А нь 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр анх сул орон тоонд ажилд орж байсан. 2013 оны 9 дугээр сард ажлаас чөлөөлөгдсөн Н-ын шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрсөн байсан ч 3 жилийн дараа Ерөнхий шүүгч Х.Мейрамбек нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэх урьдчилсан нөхцөл бүрдсэн эсэхийг үл харгалзан захирамжаар тэдний эвлэрлийг баталж, хэргийг хаасан нь хууль бус болсон. Энэхүү хууль бус ажиллагаанаас болж ажилтан А нь хохирох учиргүй. 

 

Нөгөөтээгүүр, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно...” гэж заасантай шүүх адилтгаж үзэх ёстой байсан. 

 

Иймээс анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 367 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулан, гомдлын шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч А нь хариуцагч Б аймгийн Ц сумын сум дундын эмнэлэгт холбогдуулан тус эмнэлгийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан сумын 2 дугаар багийн хүний бага эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага гаргаж, хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

Ажил олгогч 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, 36 дугаар зүйлийн 36.1.2, 37 дугаар зүйлийн 37.1.5, 40 дүгээр зүйлийн 40.2, 43 дугаар зүйлийн 43.1, 43.3 дахь хэсэг, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 720 дугаартай шүүгчийн захирамжийг үндэслэн Н-ыг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн Ц сумын 2 дугаар багийн хүний бага эмчээр эгүүлэн томилж, Ны орон тоонд ажиллаж байсан А-г 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлжээ.

 

Нэхэмжлэгч А-г 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 27 дугаар тушаалаар Н-ын оронд хүний бага эмчийн ажилд томилсон байна. Ажил олгогч Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 720 дугаартай шүүгчийн захирамжийг үндэслэн Н-ыг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн Ц сумын 2 дугаар багийн хүний бага эмчээр эгүүлэн томилж, бага эмчээр ажиллаж байсан Аг ажлаас чөлөөлсөн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаартай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 37 дугаар зүйлийн 37.1.5, 40 дүгээр  зүйлийн 40.2, 43 дугаар зүйлийн 43.1 дэх заалтуудыг зөрчөөгүй байна.

Учир нь Баян-Өлгий аймгийн Ц сумын сум дундын эмнэлгийн эрхлэгчийн 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 27 дугаартай тушаалаар 2 дугаар багийн бага эмч Н нь өөрийн хүсэлтээр ажлаас гарсан тул оронд нь бага эмч А-г томилсон байжээ. Гэтэл бага эмчээр ажиллаж байсан Н нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус сумын 2 дугаар багийн бага эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдол гаргаснаар анхан шатны шүүх хэргийг 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 329 дугаартай шийдвэрээр гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдэж, давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 22 дугаартай магадлалаар уг шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэснийг эс зөвшөөрч Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны шүүхэд гомдол гаргаснаар 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн  1115 дугаартай тогтоолоор  шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ. Уг хэрэг анхан шатны шүүхэд ирсний дараа хариуцагч Н-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 720 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн бөгөөд уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд  дурдсан үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулан, гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 367 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.  

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК 

 

 

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

 

Д.КӨБЕШ