Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
Хэргийн индекс | 128/2018/0537/З |
Дугаар | 911 |
Огноо | 2019-12-18 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 911
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “И б ш” сан,
Хариуцагч: Амгтг, Амгтг Кхтд,
Нэхэмжлэлийн шаардлага:
1. ... 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 512 дугаар шийдвэрийг хүчингүй болгохоос татгалзсан Амгтг Кадастрын хэлтсийн даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох,
2. “Г” ХХК-д ашиглалтын MV-020634 тоот тусгай зөвшөөрлийг 2019 оны 09 дүгээр сарын 18-нд дахин олгосон Амгтг Кадастрын хэлтсийн даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох,
3. 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 512 дугаар шийдвэрийг хүчингүй болгохыг Амгтг Кхтдд даалгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “И б ш” сангийн тэргүүн Л.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Г, Д.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, Ч.Э, гуравдагч этгээд “Г” ХХК-ийн захирал Б.Б, түүний өмгөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “И б ш” сангийн тэргүүн Д.Б-оос шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага, тайлбартаа: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, өөрчилж байна.
2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 512 дугаар шийдвэрийг хүчингүй болгохоос татгалзсан Амгтг Кадастрын хэлтсийн даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, Г ХХК-д ашигт малтмалын ашиглалтын 20634 дугаар тусгай зөвшөөрлийг 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр дахин олгосон Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 512 дугаар шийдвэрийг хүчингүй болгохыг Амгтг Кхтдд даалгах тухай нэхэмжлэл гаргаж байна.
... Хайгуулын тусгай зөвшөөрлийг 1998 онд авч хайгуулын тусгай зөвшөөрөл нь 2007 онд дууссан. Хайгуулын өмнөх 3 жил нь 2010 онд дууссан. Түүнээс хойш 5-6 жил ямар ч үйл ажиллагаа явуулаагүй. Тухайн үеийн Ашигт малтмалын тухай хуульд ашиглалтын өмнөх 3 жилээс хэтрүүлэхгүй гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Тиймээс цуцлагдах үндэслэлтэй байхад нь цуцлаагүй байна. 2012 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй. 2016 онд ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан. Түүнээс хойш ямар ч үйл ажиллагаа явуулаагүй өнөөдрийг хүрсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Мөн хуулийн шаардлага хангагдаагүй байхад ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон. Ашиглалтын хугацааг 30 жилээр тогтоож хууль бус гэрээ байгуулсан. Хууль бус гэрээний үр дүн нь Монгол Улсын эрх ашгийг хохироосон байж болзошгүй гэж үзэж байна. Уг гэрээг 15 хувиар тооцож хийсэн. Олон улсын хуулийн дагуу бизнесийн үйл ажиллагаанд оролцсон, үр дүн нь гарсан байна. Гэтэл гуравдагч этгээд манай компани ямар ч үйл ажиллагаа явуулаагүй гэж байна. Монгол Улс ямар хор хохирол амсах талаар бид хараахан мэдэхгүй байна. Ямар ч гэрээ хийгээгүй, ямар ч үйл ажиллагаа явуулаагүй гэж байгаа боловч Олон улсад Монгол Улсыг төлөөлж хийсэн гэрээ нь Олон улсад явагдсан байна. Ашиглалтын тусгай зөвшөөрөл авахдаа 34 хувийг Монголын төр үнэ төлбөргүй эзэмшихийг зөвшөөрсөн шийдвэр гаргах ёстой. Гэтэл тэр шийдвэр нь тусгагдаагүй. Энэ шийдвэр гарсны үндсэн дээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоно. Монгол улсад болохоор 20 жилийн хугацаатай гэж гэрчилгээг зассан боловч толгой компанидаа энэ талаар мэдэгдсэн эсэх, толгой компани нь зөвшөөрсөн эсэх нь тодорхойгүй. Техникийн алдаа гэж тайлбарлаж байгаа боловч 2009 онд Цөмийн энергийн тухай хууль батлагдсан. Үүнээс хойш ураны 9 ордод ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон. Гэтэл бусад нь бүгд 20 жилийн хугацаагаар хийсэн байна. Төрийн олон байгууллагуудын дарга нар мэргэжилтэн гарын үсэг зурахдаа энэ талаар яагаад мэдээгүй өнөөдрийг хүрсэн нь тодорхойгүй. Ашиглалтын тусгай зөвшөөрөл авахдаа Цөмийн энергийн тухай хуулийн 33 заалт болон бусад хуулийн нийт 50 гаран заалт зөрчсөн. Бид стратегийн өмгөөлөл хийж байгаа нь төрийг гадны байгууллагын өмнө унгах гэж байгаа үйлдэл биш. Төрийн байгууллага хуулиа хэрэгжүүлдэг байгаасай. Цаашид ийм жишиг тогтоосой гэсний үндсэн дээр хийж байгаа. Захиргааны гэрээ хийхдээ нөлөөлөлд өртөх иргэдэд сонсох ажиллагаа хийсэн. Сонсох ажиллагаа хийхгээгүй бол уг гэрээ хүчингүй гэж хуульд заасан. Сонсох ажиллагаа хийгээгүй гэдэг нь тухайн орон нутгаас ирсэн албан бичгээр нотлогдож байгаа. Мөн нөлөөллийн бүсээс ирсэн малчдын гарын үсэгтэй баримт байгаа. Нөлөөллийн бүсийн малчдад нөлөө үзүүлээгүй гэж тайлбарлаж байна. Уран ашиглах гэж байгаа бол нэгдүгээрт хяналт тавих ёстой. Мөн байгаль орчны төлөвлөгөө батлуулах ёстой. Гэтэл хайгуул хийчхээд тэр чигт нь орхичихсон. Хүдрийн биетийг хөндөж л байвал туршилт, хайгуул байх нь хамаагүй гардаг зүйл. Түүнийг ямар хэмжээнд байгааг нь багажаар илэрхийлдэг. Гэтэл багаж ч байхгүй. Аймгийн Засаг даргын орлогч нь энд хайгуул хийсэн ямар нэг сөрөг нөлөө гараагүй гэсэн байна. Гэтэл тийм зүйл байхгүй. Цацраг идэвх нь амт, үнэргүй байдаг. Бид худаг гаргаж өгч сайн үйлс бүтээсэн гэж тайлбарладаг боловч жирийн худаг гаргахаас өөр. Өнгөн хөрсөнд бэхжүүлэгч бодис хэрэглэдэг. 150-300 метр хүртэл гүнд өрөмддөг. Гүнд байгаа хүдрийн биет рүү маш хүчтэй хүхрийн хүчил шахаад буцааж авдаг. Эргүүлж авсан усныхаа цацрагтай шалаамыг газар асгадаг. Түүнд 7 хоног тутам цацрагийн хяналт хийх ёстой боловч тийм зүйл огт хийгээгүй. Уусган баяжуулах арга хэрэглэсэн бол байгаль орчны төлөвлөгөө, үнэлгээнд тусгах ёстой. Гэтэл огт хийгээгүй. Түүнийг хийж байж хэдий хэмжээний нөөцтэй орд гэдгийг нь тогтооно. Сүүлд өгсөн материалд геологийн лаборатори хийсэн гэж байсан. Байгаль орчны тухай хуулиар ямар нөлөөлөл үзүүлэх вэ гэдгийг бичсэн байх ёстой. Гэтэл ерөнхий үнэлгээгээ хийгээгүй байна. н.Энхбат гэх хүний материал ирсэн боловч шаардлага хангаагүй байна. Байгаль орчны төлөвлөгөө гэдэг нь нөлөөллийн бүсийн иргэдийг аврах төлөвлөгөө. Гэтэл 2 хуудас зүйл бичсэн байна. Усны ойролцоо байгаа хуучин хаягдлын далангийн иргэд хэмжилт хийсэн. Мөн Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтээр өндөр үзүүлэлттэй гарсан. Хэвийн хэмжээ нь 0,20 хүрэхгүй хэмжээтэй байдаг. Гэтэл 1 бүхэлтэй гарсан байна. Хайгуул болон туршилтын олборлолтоос болж цацрагийн тодорхой хэмжээний нөлөөлөл үүссэн гэдэг нь тодорхой байна. Тухайн бүсэд нууцад хамааралгүй асуудлаар иргэдийн зайлшгүй мэдэх, оролцох, санал өгөх тухай заалтыг хэрэгжүүлээгүй байна” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Гоос шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Амгтг нь хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу Цөмийн энергийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.2 дахь хэсэгт заасан тусгай эрхийг олгох бүрэн эрхтэй. Энэ бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ хуулиар олгосон шаардлагыг хангаагүй, хууль зөрчиж тусгай зөвшөөрөл олгосон. Цөмийн энергийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.2 дахь хэсэгт заасан тусгай зөвшөөрлийг олгохдоо мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6.2 дахь хэсэгт заасан өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянах ёстой. Үүнийг хангаагүй бол хангаагүй нөхцөл байдлаа тайлбарлаж өргөдөл гаргагчид буцаах эрхтэй. Мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1. дэх хэсэгт эрхлэх үйл ажиллагааны зорилго, төрөл, үндсэн чиглэл, техник, эдийн засгийн үндэслэл, мэргэжлийн боловсон хүчний танилцуулга, дотоод хяналтын ажилтан болон цацрагтай ажиллагчийн мэргэшлийн бэлтгэл, сургалтын гэрчилгээ байхыг шаардсан. Эрхлэх үйл ажиллагаанд холбогдох аюулгүй ажиллагааны олон улсын стандартын хөтөлбөр түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, үйл ажиллагаа эрхлэх байрны цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүйн стандартын шаардлага хангасан талаарх төрийн захиргааны байгууллагын үнэлгээ зэргийг шаарддаг. Энэ талаар асуухад гуравдагч этгээдийн төлөөлөгч зөвхөн ашиглалтад биш хэрэглэх нөхцөлд байдаг гэж тайлбарласан. Ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад энэ байх ёстой. Мөн үйл ажиллагаа эрхлэх байрны цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүйн стандартын шаардлага хангасан талаарх төрийн захиргааны байгууллагын үнэлгээ гэж заасан. Хэрэгт техник эдийн засгийн үнэлгээ, ажлын байр, ажилчдын багаж зэрэг баримт авагдсан байна. Энэ нь 2008-2010 онд хайгуулын төслийн хүрээнд хийгдсэн зүйлүүд байна. Хуульд хайгуул, ашиглалт гээд бүх зүйлд байгаа. Хайгуулын зөвшөөрлийг 2011 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр авсан. Үүнээс өмнө гаргасан баримтуудыг дахин гаргаж өгсөн. Цацраг идэвхт ашигт малтмал ашиглах зөвшөөрөл авахдаа эдгээр баримтыг бүрдүүлээгүй. Хайгуул хийх, ашиглалт хийх хоёр ялгаатай. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хайгуулын төсөл дээр л хийсэн. Хайгуулын ажлын хэмжээнд л байх болохоос ашиглалтын хэмжээнд байхгүй. Ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад дахин авна гэдгийг Цөмийн энергийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.2 дахь хэсэгт заасан. Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.7 дахь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэнэ гэж заасан. Гэтэл гуравдагч этгээдийн төлөөлөгч үйл ажиллагаа эрхлэхэд хийнэ гэж тайлбарлаж байна. Нэгэнт техник эдийн засгийн үндэслэлээ хийсэн бол нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн байхыг шаардсан. Түүнээс техник эдийн засгийн үндэслэлээ хийсэн бол түүнийг үндэслэж нөлөөлөх байдлын үнэлгээ хийнэ. Түүнээс газар дээр очиж хийхгүй. Байгаль орчныг хамгаалах арга хэмжээний төлөвлөгөө байна. Тэгэхээр хайгуулын төслийн хүрээний баримтыг л гаргаж өгсөн байна. 2016 онд өргөдлөө өгөх ёстой байсан. Эдгээр баримтыг бүрдүүлээгүйгээс болж цацрагийн болзошгүй байдал бий болсон. Гуравдагч этгээдийн төлөөлөгч 20 км зайд байдаг гэж тайлбарлаж байгаа боловч 500 метр зайд байдаг. 200 метр урсаж хөлдсөн.
... Дүгнэлт гаргуулах гэж хүсэлт гаргаад 2-3 жил болж байж комисс томилж 2-3 асуудал л гаргаж өгсөн. Төрийн захиргааны байгууллага хүнд сурталтай байгаа тул шүүхэд гаргах ёстой юм байна гэж үзэж нэхэмжлэл гаргасан” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дээс шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон дүгнэлтдээ: “... Цөмийн энергийн тухай хуульд заагдсан цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгох асуудал нь нилээн олон шат дамжлага дамжиж байж олгогддог. Энэ үүднээс Цөмийн энергийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан бичиг баримтуудыг төрийн захиргааны байгууллага шаардаж үзэж танилцаж байж 6-12 сарын хугацаанд хянан хэлэлцэж олгох асуудлыг шийднэ. Жирийн ашигт малтмал олгох асуудлыг 14 хоногт шийддэг. Гэтэл 2016 оны 01 дүгээр сард гаргасан өргөдлийг шийдвэрлэсэн хугацаа нь өнгөц байдлаараа 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр олгогдсон шийдвэрээр 6 сарын хугацаанд хийгдсэн мэт харагдаж байгаа боловч Ашигт малтмал, Газрын тосны газраас тодорхой хуульд заасан эрхээ хэрэгжүүлж ажиллаагүй. Үнэхээр олгох үндэслэл байсан эсэхийг анзаарч үзээгүй. Зөвхөн Засгийн газар хуралдаанаараа хэлэлцээд зарчмын хувьд дэмжсэн. Манайд олгохыг даалгасан тул бид олгосон гэж тайлбарлаж байна. Гэтэл Засгийн газрын тэмдэглэлд зарчмын хувьд дэмжиж байгаа боловч холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн олгохыг даалгаж байна гэсэн байна. Цөмийн энергийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 112.1.1 дэх хэсэгт цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах тусгай зөвшөөрлийг олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох нь Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх. Гэтэл бидний эрхлэх асуудал биш Засгийн газрын эрх хэмжээний асуудал гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Мөн тусгай зөвшөөрлийг дахин олгосон гэдэг асуудал байна. Хэдийгээр шүүх хуралдааны явцад дахин олгох талаар Кадастрын хэлтсийн даргын шийдвэр гараагүй. Бид техникийн алдааг засаж байсан. Үүний хүрээнд хийсэн гэж байна. Гэтэл Г ХХК-иас 2019 оны 9 дүгээр сард өөрөөр хэлбэл “Их бага баян шарга” ТББ шүүхэд нэхэмжлэл гаргаж захиргааны хэрэг үүсгэснээс хойш буюу 2019 оны 9 дүгээр сард Амгтгт хүсэлтээ өгсөн байна. 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сар хүртэл Амгтг юу хийж байсан юм. Олон ажилтан ажилладаг гэж тайлбарлаж байна.
... Захиргааны байгууллага ямар нэг акт гаргахдаа хэлбэрийн хувьд болон хууль зүйн шаардлагад нийцсэн акт гаргах ёстой. 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэрийг хуульд нийцүүлсэн, хууль ёсны акт байсан гэж хэлэх үндэслэл нь нотлох баримт шинжлэн судлахад огт нотлогдоогүй. Цөмийн энергийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан асуудлыг 6 сарын сарын хугацаанд хяналт тавьсан эсэх тодорхойгүй. Үйл ажиллагаа эрхлэх ажлын байрны цөмийн болон цацрагийн хамгаалалт аюулгүй стандартын шаардлага хангасан талаар төрийн захиргааны байгууллагын үнэлгээ хийлгэнэ гэж заасан. Энэ үнэлгээ байхгүй. Цацрагийн хэмжилтийн багаж хэрэгсэл тоног төхөөрөмжийн гэрчилгээ үндсэн үзүүлэлт гэдгийг юу гэж анхаарч үзсэн юм. Гуравдагч этгээдийн хувьд зөөврийн багаж байгаа. Түүнийг авч очиж хэмждэг гэж байна. Гэтэл Цөмийн энергийн тухай хуульд заасан стандартын хүрээнд 7 хоног бүр цацраг идэвхт бодис байгаа эсэхийг хэмжиж, төрийн эрх бүхий байгууллагуудад мэдээлэл өгөх талаар зохицуулсан. Цөмийн энергийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах үйл ажиллагаанд дараахь зарчмыг баримтална гээд. 4.1.4 дэх хэсэгт олон улсын болон үндэсний стандартыг чанд мөрдөх гэж заасан. Энэ нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулиар хүлээсэн үүрэг. 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь хэсэгт хүний эрүүл мэнд, байгаль орчинд аюулгүй техник, технологи ашиглах гэж заасан. Энэ асуудлуудыг тусгай зөвшөөрөл эзэмшигч компани бодитоор хийгээгүй гэж хэлэх боломжтой.
...бодит байдал дээр тусгай зөвшөөрөл аваад 3 жил болж байна. 3 жил болсон байж бид тэнд үйл ажиллагаа хийгээгүй, тэр бүс нутагт амьдарч байгаа хүн мал, байгаль, нийгэмд сөрөг нөлөөлөл огт үзүүлээгүй гэж байгаа нь үндэслэлгүй. Бумбатын нүүрсний ордыг ашиглаад орхисон талбайгаас гарч байгаа цацраг идэвхт бодисын хэмжээ хэвийн байх хэмжээнээсээ 5 дахин их байгаа. Цацраг идэвхт бодис буюу уран олборлосон тохиолдолд хууль тогтоомжид нийцүүлж үйл ажиллагаагаа эрхлэхгүй байгаа. Зөвхөн ашиг олох зорилготой байх магадлалтай. Өнөөдрийг хүртэл төрийн эзэмшлийн 34 хувь дээр тохиролцоогүй. Монгол Улсад төр байгаа бол энэ компанийн үйл ажиллагааг тодорхой хууль тогтоомж, стандартад нийцүүлж ажиллуулахгүй толгойг нь илсэн байдлаар хандаж байгаа нь анхнаасаа энэ тусгай зөвшөөрөл хууль зөрчиж олгогдсон. Үүнийг хууль тогтоомжид нийцүүлэх ямар үйл ажиллагаа хийгдэж байна. 30 жилийн хугацаагаар олгочхоод 3 жилийн дараа төрийн захиргааны төв байгууллага нь энэ алдаатай байсан байна гээд төрийн бус байгууллагаас нэхэмжлэл гаргаж захиргааны хэрэг үүссэний дараа зөвшөөрөл авсан компаниас хүсэлт гаргуулж, хүсэлтийнх нь дагуу шийдсэн мэтээр хандаж байгаа асуудал нь маш ойлгомжгүй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа замчен өгсөн энэ замчены дагуу бид шийдвэрлэсэн. Даргын зөвлөлийн хуралдаан дээр энэ асуудлыг бид авч хэлэлцсэн гэж байна. Ийм зүйлийн энэ шүүх хуралдаанаар хэлэх боломжгүй. Хэлж байгаа тохиолдолд энэ нь цаад агуулгаараа тусгай зөвшөөрөл олгогдохдоо юуг үндэслэж олгогдсон. Тусгай зөвшөөрөл олгосноороо ямар үр дүнд хүрэх вэ гэдгийг төрийн захиргааны байгууллага анхаарч үзээгүй. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлд төр иргэнийхээ өмнө хүлээх үүргийг зохицуулсан байдаг. Иргэний тайван амьдрах, хууль зүй, нийгэм эдийн засаг, соёлын бүх зүйлийг баталгаатай эдлүүлэх үүргийг иргэний өмнө хүлээсэн байдаг. Монгол улс оршин байгаагийн гол үндэс нь газар нутаг, иргэн. Иргэнийхээ эсрэг ажиллагаа хийж байгаа төрийн захиргааны байгууллагын үйлдлийг зөвтгөх үндэслэл байхгүй. Төрийн захиргааны байгууллага бол хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлэх ёстой. Тэгэхээр энэ нь жилийн хүмүүсийн тоглодог асуудал биш. Хэдийгээр Монгол Улсад стратегийн ордод авагдаад 34 хувь нь төрийн өмч болж, тодорхой ашиг өгөх мэт харагдаж байгаа боловч үүнийг нарийвчилж хуульчилж өгсөн асуудлуудыг хууль тогтоомжид нийцүүлж ажиллах нь төрийн захиргааны байгууллагын үүрэг. 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 512 дугаар шийдвэр нь хэлбэрийн хувьд хуульд нийцсэн гэж харагдаж байгаа боловч хууль зүйн шаардлага хангаагүй. Өөрөөр хэлбэл Цөмийн энергийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2, 26.1.3 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хуулийн нөхцөл шаардлагыг хангаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй. Нэхэмжлэлийн гурав дахь шаардлагын тухайд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт зааснаар захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр үйлдэл нь хууль бус гэж үзэж байна. Хуулиар хамааруулсан байхад манайд хамааралгүй. Засгийн газрын асуудал гэж байна. Захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.10 дахь хэсэгт нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй гэдэг нь тогтоогдсон бол хүчингүй болгоно гэж заасан. Тиймээс хүчингүй болгохыг Амгтг Кхтдд даалгаж өгнө үү. Мөн хууль бус ажиллагаа гэдэг нь нотлогдсон гэж үзэж байна. Цөмийн энергийн тухай хуулийн 19 дүгээр зүйл болон бусад зохицуулалтуудыг зөрчсөн. Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг удаа дараа зөрчсөн” гэв
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дгаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үндсэн хуульд байгалийн баялаг, газрын хэвлий, газар, газрын хэвлий доорх баялаг бол ард түмний өмч төрийн мэдэл байна гэж заасан. Төр өөрөө тусгай зөвшөөрөл олгуулж, хайгуул хийх, олборлолт явуулах эрхээ эдэлдэг. Төрийн захиргааны байгууллага хуулийг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй. Холбогдох хуулийг баримталж Ашигт малтмалын тухай хууль болон Цөмийн энергийн тухай хуулийг үндэслэж маргаан бүхий тусгай зөвшөөрлийг олгосон. Маргаанд байгаль орчны ерөнхий үнэлгээ, нөхөн олговор, 512 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах тухай асуудал яригдаж байна. Тэгэхээр хэргийн оролцогч хэн аль нь нэгнээ хар, цагаан гэж ярилгүйгээр хууль ярьж мэтгэлцэх нь зүйтэй гэж үзэж байна. Төрийн захиргааны байгууллагад ажиллаж байгаа хүмүүс тодорхой хардалт сэрдэлтийн дор ажилладаг. Нэхэмжлэл гаргасан нь сайн байна. Гэхдээ Монгол төр шүүх засаглалтай. Гүйцэтгэх засаглалтай, хууль тогтоох засаглалтай. Хуулийг гүйцэтгэх засаглал хэрэгжүүлдэг. Түүнд хяналт тавьдаг субъект нь шүүх. Тиймээс төрийн байгууллага үнэхээр буруу шийдвэр гаргасан бол түүнийг шүүх шийдвэрлэх байх. Төрийн захиргааны байгууллага үүргээ биелүүлэх ёстой байсан боловч үүргээ биелүүлээгүй байна гэж буруутгахгүйгээр хуулийн дагуу мэтгэлцэх нь зүйтэй гэж үзэж байна. Төрийн захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа Цөмийн энергийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2 дахь хэсэгт заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа тус улсад татвар төлж байгаа компанид олгож болно гэсэн заалтыг үндэслэж Г ХХК-ийг энэ компани мөн байна гэж үзсэн. Мөн хуулийн 17, 18, 19 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж байна гэж үзсэн. Мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.1 дэх хэсэгт энэ хуулийн 5.2 буюу 5.3-т заасан нөхцөлийг зөвшөөрснөө нотолсон албан ёсны шийдвэр гаргасан гэж ойлгож маргаан бүхий тусгай зөвшөөрлийг олгосон. Тиймээс шүүх Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд нийцүүлж, хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэж шийдвэр гаргана гэж үзэж байна” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан зохицуулалт хангагдаагүй гэж байна. Тухайн орон нутгийн эрх бүхий байгууллагаас санал хүсэлтээ ирүүлсэн байдаг. 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 512 дугаар шийдвэрийг цуцлахаас татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага нь маш тодорхойгүй шаардлага гэж үзэж байна. Цөмийн энергийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2, 26.1.3 дахь хэсгийг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж байна. Манай байгууллагаас Цөмийн энергийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.1 дэх хэсгээр цуцлах шийдвэр гаргах байсан гэж тайлбарлаж байна. Энэ нь өгсөн хүсэлт нь хуулийн шаардлага хангаж, хангалттай нотлох баримтыг гаргуулсан байсан эсэх талаар нотлох баримт хэрэгт авагдсан. Хуулийн шаардлага хангаагүй бол төрийн захиргааны байгууллага цуцлах шийдвэр гаргах боломжгүй. Үүнд шүүх хуульд нийцүүлж үнэлэлт дүгнэлт өгөх байх. 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр дахин олгосон. Энэ нь хууль зөрчсөн гэж тайлбарлаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлд зааснаар захиргааны актын илэрхий алдааг засах зарчимд нийцүүлж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Энэ алдааг өөрөө болон эсхүл оролцогчийн хүсэлтээр засаг эрхтэй. Утга агуулга өөрчлөгдөөгүй зөвхөн гарсан механик алдааг зассан. Компьютерийн систем муудаад шинэчилсэн зүйл байхгүй. Геологи уул уурхайн компьютержсон систем нь ердийн ашигт малтмалд зориулагдаж хийгдсэн. Цөмийн энергийн энэ асуудал нь Цөмийн энергийн газар татан буугдсанаар манайд шилжсэн асуудал. Ердийн ашигт малтмал 30 жилээр олгогддог. Түүнд нийцсэн компьютержсон систем юм. Тиймээс механикаар хугацааг оруулах шаардлага гардаг. Гэтэл үүнийг механикаар оруулаагүй алдаа гаргасан байсныг дараа нь хуульд нийцүүлж засварласан. Хуульд нийцүүлж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж тайлбарлаж байгааг ойлгохгүй байна. Эхний хоёр нэхэмжлэлийн шаардлага нь бидний гаргаж өгсөн нотлох баримтуудаар нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргаж байгаа Цөмийн энергийн тухай хуулийн 33 зүйл заалт, бусад хуулийн 10 гаран заалтыг зөрчсөн гэж байгаа нь бүх нөхцөлөөр няцаах баримт гаргаж өгсөн. Нотлох баримт шинжлэн судлахад энэ бүх баримтууд шаардлага хангаж байна. Өмнө нь орон нутгаас болон Байгаль орчин аялал жуучлалын яамнаас ерөнхий үнэлгээ хийсэн. Ерөнхий үнэлгээ хийгдэж үүний дагуу нарийвчилсан үнэлгээ хийгдэхээр бол уурхайг ашиглах үйл ажиллагааны явцад нарийвчилсан үнэлгээ хийдэг. Үүний дагуу менежментийн төлөвлөгөө боловсруулагддаг. Тиймээс ашиглалтын тусгай зөвшөөрөл авахдаа байгаль орчны үнэлгээ гэж заасан. Түүнээс ерөнхий үнэлгээ, нарийвчилсан үнэлгээг хуульд тусгаагүй. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгоход ерөнхий үнэлгээ хийсэн талаар материалыг үзэж авдаг. Цаашид уурхайг эхлүүлэх, уурхай нээх, уурхай хүлээлгэж өгөх бүх үйл ажиллагаанд нарийвчилсан үнэлгээ төлөвлөгөө гэсэн дарааллаар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар хийлгэдэг. Тиймээс Их бага баян шарга сангийн тэргүүн Л.Бын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дахь хэсэгт зааснаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Боос шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Гуравдагч этгээд хуулийг өөрөөр тайлбарлаж байна гэж байгаа боловч нэхэмжлэгч тал өөрсдөө өөрөөр тайлбарлаад байна. Байгаль орчны үнэлгээтэй байна гэдгийг нарийвчилсан үнэлгээ байна гэж, үйл ажиллагааны цацрагийн хамгаалалтын хэрэгсэл, цацрагийн аюул ослоос сэрэмжлүүлэх төлөвлөгөөг ашиглалтын үеийн гэх мэт өөрөөр тайлбарлаж байна. Энэ орд газрыг ашиглахын тулд олон жил судалгаа хийсэн. Цаашид үйлдвэр байгуулахад үйлдвэрийн төсөл гарна. Тэр төслөөр ямар хэмжээний газар, ус, агаар бохирдох, ямар хамгаалах хэрэгсэл хийх, хэдэн хүн ажиллах, орчинд нь ямар зүйл байх талаар суурь судалгааг хийлгэх ёстой. Байгаль орчны суурь судалгаа хийсэн заавал ерөнхий үнэлгээ өгөх ёстой гэж байна. мөн цацрагийн стандарт ярьж байна яг аль стандарт гэдгийг заах ёстой. Эхний шатны судалгаанууд хийгдсэн. Хянан баталгаа хийсэн. Археологийн судалгаа хийсэн. Байгаль орчны суурь судалгаа хийлгэхээр тохирсон байгаа. Тэгэхээр ерөнхий үнэлгээ биш нарийвчилсан үнэлгээ байх ёстой гэж байна. Эсхүл цацрагийн стандарт ярьж байна. Яг ямар дугаартай стандарт гэдэг нь тодорхойгүй. Зүгээр л цацраг аюултай, олон улсын болон Монгол Улсын стандартыг зөрчиж байна, хууль зөрчиж, хуурамч баримт бичиг бүрдүүлсэн, олон материалыг хурдан гаргаж өгсөн заримыг нь хуурамчаар үйлдсэн гэж тайлбарлаж байна. Энэ тусгай зөвшөөрлийг авахад 2011 оноос хойш 2-3 байгууллага дамжиж байж авсан. Цөмийн энергийн газар кадастрын хэлтэстэй байхад материал өгсөн. 2015 онд татан буугдсан. Дараа нь эрх нь Амгтгт ирсэн. Энэ хооронд материал нааш цааш болсон. Өөр газрын архивт орсон зүйл байж болно. Нэхэмжлэлийн тавьсан шаардлагаар лицензийн хугацаа засагдсан нь сайн хэрэг. Гэтэл өнөөдөр болохоор яагаад засагдсан юм гэж шинэ лиценз авсан мэт асуудал ярьж байна. Мөн Бумбатын нүүрсний уурхай бол 1960 хэдэн онд байгуулагдаж байсан. Нөгөө газраасаа 500 метрт худаг гаргасан гэж байна. Энэ худгийг сумын Засаг дарга оролцож, хүсэлт гаргаж бариулсан. 6,000,000 төгрөгийн үнэтэй худаг хүлээж авсан. Анх кранттай байсан. Одоо ямар байгааг мэдэхгүй байна. Нэхэмжлэгч хяналт тавьж байгаа нь сайн боловч ус шинжилгээний бичиг байхгүй байна. Хэн хэзээ шинжилгээ хийж ямар дүгнэлт гаргасан нь тодорхойгүй. Сүүлдээ ус цэвэр байсан. Урсаж хөлдсөн мөс хордож эхэлсэн гэж байна. Бид орон нутагт нь жил бүх хүлээлгэж өгсөн. Дараа нь лиценз авахад аймгийн Засаг дарга, мэргэжлийн хяналтын газраас бичиг авсан. Эдгээр баримт хэрэгт авагдсан. Түүнээс шинээр ямар нэг баримт бүрдүүлсэн зүйл байхгүй. Тусгай зөвшөөрлийн талбайд байнгын хяналт тавиулах хэрэгтэй гэж үзэж байна. Суурин аппарат байдаг. Бусад газарт бол аймагт байхгүй. Мэргэжлийн хяналтын газарт нэг байдаг гэж тайлбарлаад байна. Суурин аппарат бол хаана ч байхгүй. Цацрагийн хэмжээг иргэд хүнсний нөгөө авахдаа хэмжиж үздэг шаардлага 1990 оноос хойш тавигддаг. Манайх суурин аппарат тавьчихаад тэр нь заалт өгөхөөр очно гэсэн зүйл байхгүй. Иргэд Байгаль орчин, аялал жуучлалын яаманд хандах бүрэн эрхтэй. Гэтэл хандаагүй. Нэхэмжлэгч байгууллага л өөрөө хандсан гэж байна. Нэхэмжлэгч байгууллагыг би хардаж байна. Г ХХК-ийн стратегийн өмгөөлөл гэж хэрэгт байгаа нэхэмжлэгчийн санхүүжилтийн баримт нь нээлттэй нийгэм форумаас авсан баримт. Нээлттэй нийгэм форум олон улсын байгууллага ямар захиалга өгч биднийг ингэж байгааг ойлгохгүй байна. Лиценз олголтын асуудал олон үе шатаар шалгагдсан. Цөмийн энергийн комисс нь 34 хувийг авах эсэхийг тал талаас нь нотолж байж шийдвэр гаргаж байгаа. Дараа нь дахин шийдвэр гаргахад 3 байгууллагаас санал авч Амгтг Кхтд шийдвэр гаргаж олгодог. Түүнээс гадна нөөц тогтоосон, нөөцөө хэлэлцүүлсэн компанид давуу эрх байгаа. Анх шийдвэрийг хүчингүй болгуулна гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан. Одоо болохоор лицензийг цуцлуулна гэж байна. Энэ нь үндэслэлгүй гэж хэлмээр байна. Санхүүгийн чадавхын хувьд олон жил судалгаа хийсэн бланс байгаа” гэв.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Цээс шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь 512 дугаар шийдвэрийг хүчингүй болгохоос татгалзсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох шаардлага. Тиймээс 512 дугаар шийдвэрийг хүчингүй болгохыг татгалзаж байгаа шийдвэр нь яагаад хууль бус юм гэдгийг тайлбарлах ёстой. Энэ үндэслэлээ тайлбарлахдаа Засгийн газрын эрх мэдэлд хамаарах асуудал гэж татгалзсан нь үндэслэлгүй байна гэж байна. Нэг бол татгалзана, эсхүл цуцлах шийдвэр гардаг. Гэтэл заавал хүчингүй болгуулах шийдвэр гаргуулах нөхцөл байдал байсан гэдгийг нотлох баримт байхгүй. Энэ хүсэлтийг гаргаснаар Амгтг Кхтд заавал хүчингүй болгох ёстой гэдгийг нотлох баримт гаргаж өгөөгүй байж татгалзсан үйлдсэн нь хууль бус гэж тайлбарлаж байна. Энэ нөхцөл байдалдаа ямар нэг хууль зүйн үндэслэл бүхий тайлбар хийгээгүй. Худаг, Тагнуулын ерөнхий газрын бичгийн талаар л ярьж байна. Эдгээр нь энэ нэхэмжлэлийн шаардлагатай ямар ч хамааралгүй. Өмнөх нэхэмжлэлийн шаардлагад хамааруулж тухайн захиргааны акт хуульд нийцсэн эсэхийг хянахаар нотлох баримт гаргаж иртэл тэр бүгд ямар ч хэрэггүй болсон. Дахин олгосон шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлага гаргаж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч илт алдааг зассан гэж тайлбарласан. Энэ нь ямар нэг хууль зөрчөөгүй. 3 жилийн дараа хэрэгжсэн нь хууль бус гэж байгаа бол алдааг засах хугацааг хуульд заагаагүй. Хуульд алдааг хэзээ мэдсэн тэр үедээ засах боломжтойгоор хуульчилсан. Тиймээс хэдэн жилийн дараа зассан эсэхээс үл хамаарч хуульд нийцүүлж байгаа үйлдэл тул хууль бус байх үндэслэл байхгүй. Энэ нөхцөл байдлыг тайлбарлахдаа шүүхэд өгсний дараа алдаа заасан гэж байна. Нэхэмжлэгч шүүхэд өгснөөр бид мэдэж алдааг засуулсан. Энэ ямар нэг хууль зөрчөөгүй. Тиймээс энэ нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Мөн хүчингүй болгохыг даалгах шаардлага нь ойлгомжгүй байна. Шүүх хүчингүй болгож болохгүй, заавал Кхтдар хүчингүй болгохыг даалгах гэж байгаа нь тодорхойгүй. Энэ нь нэг дэх нэхэмжлэлийн шаардлагатай нь холбоотой юм уу ойлгохгүй байна. Захиргааны байгууллага гаргах ёстой шийдвэрээ гаргахаас татгалзсан шийдвэр нь хууль бус бол түүнийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх нь нээлттэй. Тиймээс заавал гаргах ёстой шийдвэр гэж хүчингүй болгосон шийдвэрийг үзэж байна. Худаг гаргасан нь хүчингүй болгуулах үндэслэл болж байгаа юм уу? худгийн талаар л яриад байна. Хүчингүй болгох үндэслэлд тулгуурлаж ярих хэрэгтэй. Түүнээс шийдвэр гаргахаас өмнөх асуудалтай холбох юм бол нэхэмжлэлийн шаардлагатай холбогдохгүй. Хууль бус нотлох баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон бол хүчингүй болгоно гэж заасан. Бид ямар баримтыг хууль бусаар үйлдэж тэр нь ямар байгууллагаар тогтоогдсон, бид ямар зөрчил удаа дараа гаргасан талаар л ярих ёстой. Түүнээс шийдвэр гарахаас өмнөх асуудалтай холбовол нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй. Хууль бус нотлох баримт байна гэдгийг шүүх тогтоодог. Гэтэл хууль бус нотлох баримт байна гэдгийг тогтоосон зүйл байхгүй. Байгаль орчны үнэлгээний тухай хуульд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг нөөцийг ашиглах, ашигт малтмал хайх, ашиглах эрх авахад төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ гэж заасан. Нарийвчилсан үнэлгээг бол ерөнхий үнэлгээн дээр нарийвчилсан үнэлгээ хийхээр заасан бол нарийвчилсан үнэлгээг хуулийн 8 дугаар зүйлд зааснаар хийнэ. Төсөл эхлэхээс өмнө хийсэн ерөнхий үнэлгээ нь өөр ямар нэг үнэлгээтэй хольж будлихгүйгээр хийх үнэлгээ. Тагнуулын ерөнхий газар дүгнэлт өгөх эрх хуулиар зохицуулагдаагүй. Тагнуулын ерөнхий газар санал өгнө. Тэр саналын дагуу баримт материал бүрдүүлж аваад хуульд нийцэж байгаа эсэхийг Цөмийн энергийн газар, Амгтг үнэлж тусгай зөвшөөрөл олгодог. Тэгэхээр Тагнуулын ерөнхий газраас заавал дүгнэлт гарч, зөвшөөрөл авах зохицуулалт байхгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчээс анх “Амгтг Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 22-ний өдрийн 512 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоох, “Г” ХХК-д 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр олгосон MV-020634 тоот цацраг идэвхт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэлийг шаардлагаа “...MV-020634 тоот тусгай зөвшөөрөл нь илт хууль бус болохыг тогтоолгох”[1] гэж өөрчилсөн боловч нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд энэхүү өөрчилсөн шаардлагаасаа татгалзаж, өмнө гаргасан нэхэмжлэлээ дэмжихээ илэрхийлсэн.
Улмаар нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд “... 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 512 дугаар шийдвэрийг хүчингүй болгохоос татгалзсан Амгтг Кадастрын хэлтсийн даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, “Г” ХХК-д ашиглалтын MV-020634 тоот тусгай зөвшөөрлийг 2019 оны 09 дүгээр сарын 18-нд дахин олгосон Амгтг Кадастрын хэлтсийн даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 512 дугаар шийдвэрийг хүчингүй болгохыг Амгтг Кхтдд даалгуулах”[2] гэж тус тус өөрчилсөн ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “...хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх...” гэж заасны дагуу захиргааны хэргийн шүүх нь нэхэмжлэгчээс тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх эрх хэмжээтэй тул шүүх нэхэмжлэгчээс сүүлийн байдлаар өөрчилж, улмаар дэмжиж байгаагаас илэрхийлсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэж дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үүнд:
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 21 дүгээр хуралдаанаас “...Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Уулбаян сумын нутагт орших 1068Х хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий Өлзийт нэртэй цацраг идэвхт ашигт малтмалын орд газрын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Г” ХХК-д олгох асуудлыг зарчмын хувьд дэмжиж, холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын даргад даалгав” гэжээ[3].
Цөмийн энергийн комиссын мөн өдрийн 2 дугаар хуралдаанаар “Цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход санал өгөх тухай асуудлыг хэлэлцэж “цацраг идэвхт ашигт малтмалын орд газрын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Г” ХХК-д олгох асуудлыг зарчмын хувьд дэмжсэн санал”[4]-ыг 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 1/264 дугаартай албан бичгээр Ашигт малтмалын газар/хуучин нэрээр/-ын даргад хүргүүлсэн байх ба тус газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 512 дугаар шийдвэрээр “Сүхбаатар аймгийн Уулбаян, Түвшинширээ сумын нутаг дахь Өлзийт нэртэй 10665,22 гектар талбай бүхий уурхайн эдэлбэрт ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Г” ХХК-д олгож” шийдвэрлэсний дагуу 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр MV-020634 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн гэрчилгээг 2046 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 30 жилийн хугацаатайгаар[5] бичиж олгосон байх ба “Г” ХХК-иас 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан хүсэлтийг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааг 2036 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 20 жилийн хугацаатай байхаар өөрчилж тусгай зөвшөөрлийг гэрчилгээг дахин олгосон байна[6].
Нэхэмжлэгчээс 2019 оны 06 дугаар сарын 04-ны өдөр Амгтг даргад хандан гаргасан “MV-020634 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” хүсэлтэд Амгтг 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 7/4672 тоот албан бичгээр “...цацраг идэвхт тусгай зөвшөөрөл олгох, цуцлах тухай асуудлыг Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрхэд хамааруулж өгсөн. ...ашиглалтын тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаатай олгосныг манай зүгээс засварлан хариу өгөх болно” гэсэн хариуг өгчээ[7].
Цацраг идэвхт ашиг малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Цөмийн энергийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2-т заасан үүргийн биелүүлээгүй болон мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 29 дүгээр зүйлийн 29.4, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-56.1.5-д заасан үндэслэл бий болсон тохиолдолд төрийн захиргааны байгууллага нь Цөмийн энергийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор заажээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нараас нэхэмжлэлийн үндэслэлээ “Сүхбаатар аймгийн Уулбаян, Түвшинширээ сумын нутагт Өлзийт нэртэй MV-020634 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд Цөмийн энергийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2-т заасан тусгай зөвшөөрлийг анх авахдаа хуурамч баримт бичиг бүрдүүлж өгсөн, тухайлбал, байгаль орчны болон биологийн нөхөн сэргээлт хийх, цөмийн болзошгүй аюулын үед арга зохих хэмжээ авах шаардлагатай тоног төхөөрөмж, ажиллах хүч, санхүүгийн чадавхитай эсэх нь тодорхойгүй байхад тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаагүй, мөн зүйлийн 26.1.3-т заасан тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, тэр дундаа гуравдагч этгээд нь цацрагийн бохирдлыг бий болгосон, орд ашиглах гэрээ байгуулаагүй, Цөмийн энергийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу компанийн хувьцааны 34 хувийг төрийн мэдэлд шилжүүлэн өгөөгүй байхад уг тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохгүй байгаа нь хууль бус” гэж тайлбарлан маргасан.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “захиргааны байгууллага нь холбогдох байгууллагуудын санал дүгнэлтийг үндэслэн “Г” ХХК нь цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авах шаардлагыг хангасан гэж үзэж тусгай зөвшөөрөл олгосон ба уг тусгай зөвшөөрлийг авахдаа хуулийн этгээдээс бүрдүүлж өгсөн баримт бичгүүд хуурамч байсан эсэхийг бид мэдэхгүй, түүнчлэн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох бусад нөхцөл бүрдсэн эсэхийг нотлох баримт байхгүй байхад захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргах боломжгүй, мөн тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хугацааг хуульд нийцүүлэн зөвтгөсөн тул нэхэмжлэл үндэслэлгүй” гэж, гуравдагч этгээд, түүний өмгөөлөгчөөс “Манай байгууллага нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хүрээнд талбайгаа жил бүр орон нутагт хүлээлгэн өгч байсан ба орд ашиглах гэрээ байгуулагдсан бөгөөд холбогдох судалгааны ажлууд хийгдэж байгаа, харин уурхай байгуулагдаагүй ашиглалтын үйл ажиллагаа эхлээгүй байхад байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, байгаль орчинд хохирол учруулсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлага нотлох баримтаар нотлогдохгүй байна” гэж тус тус тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.
Нэхэмжлэгч “И б ш сан”-аас Амгтг даргад хандан “MV-020634 тоот тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” хүсэлт гаргаж байсан байх ба тус сангийн тэргүүн Л.Боос “Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад мөн хандаж байсан” гэж тайлбарлаж байгаагаа үзвэл, нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн цуцлах, хүчингүй болгох эрх хэмжээ бүхий Амгтг Кхтдд хандаж хүсэлтээ гаргасан, захиргааны байгууллагаас хууль тогтоомжид нийцээгүй шийдвэрээ хүчингүй болгохоос татгалзсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Учир нь:
Цөмийн энергийн тухай хуулийн 112 зүйлийн 1.1-д “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 112.1.1-д “цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах тусгай зөвшөөрлийг олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох”, Ашигт малтмалын тухай хуулийн 11.1.19-т “түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох”, 11.2-т “...кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13 – 11.1.23-т заасан асуудлыг эрхэлнэ” гэж зааснаас үзвэл цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, хүчингүй болгох нь Амгтг Кадастрын хэлтсийн даргын, харин Кадастрын хэлтсийн даргын шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хянах үйл ажиллагаа нь Амгтг даргын эрх хэмжээнд хамаарч байхад нэхэмжлэгч хуулийн этгээдээс эрх бүхий этгээдэд хандаагүй, гомдол хүсэлт гаргаагүй атлаа “хууль тогтоомж зөрчиж гаргасан шийдвэрээ хүчингүй болгохоос татгалзсан” гэж тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Гэвч нэхэмжлэгчээс Амгтг даргад хандаж гаргасан хүсэлтэд Кхтд хариу өгсөн, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар оролцсон Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч шүүх хуралдаанд тайлбар гаргасан тул хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлд шүүхээс дүгнэлт хийх нь зүйтэй байна.
Тусгай зөвшөөрлийг авахдаа хуурамч баримт бичиг бүрдүүлсэн гэх үндэслэлийн тухайд:
Тагнуулын ерөнхий газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 01/546 тоот “Санал хүргүүлэх тухай” албан бичигт “Чех-Монголын хамтарсан хөрөнгө оруулалттай “Г” ХХК нь ... хуульд заасан цацраг идэвхт ашиг малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэгчид тавигдах шаардлагыг бүрэн хангаагүй байх тул ... дэмжих боломжгүй“ гээд хавсралтаар Цөмийн энергийн тухай хуулийн тусгай зөвшөөрөл хүсэгчид тавигдах шаардлага болон “Г” ХХК-ийн хүргүүлсэн материалыг харьцуулсан 11 зүйл бүхий хүснэгтийг Ашигт малтмалын газарт хүргүүлсэн байна[8].
“Г” ХХК-аас 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 10-16 тоот албан бичгээр дээрх албан бичигт дурьдсан нэмэлт мэдээлэл болгож хайгуулын ажлын зардлын дүн, өрөмдлөгийн ажлын мэдээлэл, хайгуулын ажлын явцад хийсэн байгаль орчныг нөхөн сэргээсэн ажлын тайлангууд, Дэнисон майнис корпораци болон Ураниум Индастри компанийн танилцуулгыг Тагнуулын ерөнхий газар болон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс, Цөмийн энергийн комиссын ажлын албанд тус тус хүргүүлсэн талаарх баримтуудыг нотариатаар баталгаажуулан шүүхэд ирүүлжээ.
Мөн “Г” ХХК-ийн цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод хяналт, мониторингийн радиометрийн багажуудын танилцуулга, баталгаажуулалтын гэрчилгээ, байгаль орчин, геоэкологийн үнэлгээ, цацрагийн хяналтын ажлын хэсэг томилсон тушаалууд, цацрагийн хяналтын ажилтнуудыг сургалтанд хамрагдсан талаарх сертификатууд, “Цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод дүрэм/ALARA хөтөлбөр/, цацрагийн болзошгүй ослын үед авах арга хэмжээний төлөвлөгөө, болзошгүй цөмийн болон цацрагийн осол, сүйрлийн хор уршгийг арилгахад шаардлагатай нөөц боломж, хүч, хэрэгслийн тухай танилцуулга, гэнэтийн ослын үед авах арга хэмжээний төлөвлөгөө гэсэн баримтуудыг хариуцагч захиргааны байгууллагаас өөрийн байгууллагын “хуулбар үнэн” тэмдэгтэйгээр шүүхэд ирүүлэв[9].
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 06/6262 тоот албан бичгээр “Г” ХХК-ийн Сүхбаатар аймгийн Уулбаян, Түвшинширээ сумдын нутаг Өлзийт нэртэй 1068Х тусгай зөвшөөрөл бүхий талбайд хэрэгжих цацраг идэвхт ашигт малтмалын эрэл, хайгуул хийх төсөлд хийсэн “Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлт”-ийг 2011 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 6/4146 тоот албан бичгээр “Г” ХХК-д хүргүүлсэн талаарх баримтыг тус байгууллагын “хуулбар үнэн” тэмдэг дарж шүүхэд ирүүлжээ[10].
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эх хувиар нь, хэрэв тухайн баримтын эх хувийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө...” гэж, 38.4-т “Төрийн байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна” гэж тус тус заасан байх ба “Г” ХХК-аас Өлзийт нэртэй талбайд цацраг идэвхт ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэхдээ төрийн захиргааны байгууллагад хүргүүлсэн дээрх баримт бичгүүдийг хуурамч болохыг шалган тогтоосон эрх бүхий этгээдийн аливаа шийдвэр гараагүй байх ба нэхэмжлэгчээс дээрх баримт бичгүүдийг хуурамч болохыг тогтоосон аливаа шийдвэрийн талаарх эх сурвалж зааж маргахгүй байна.
Дээрхээс үзвэл, Г” ХХК-ийн Сүхбаатар аймгийн Уулбаян, Түвшинширээ сумдын нутаг Өлзийт нэртэй талбайд цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэхдээ гаргаж өгсөн баримт бичгүүдийг хуурамч эсэхийг захиргааны байгууллага болон захиргааны хэргийн шүүх тус тус шалган тогтоох боломжгүй тул нэхэмжлэгчийн “тусгай зөвшөөрлийг авахдаа хуурамч баримт бичиг бүрдүүлсэн” гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Учир нь хуурамч баримт бичиг бүрдүүлсэн гэдэгт хууль зүйн хувьд хүчин төгөлдөр бус баримтыг захиргааны байгууллагад гаргаж өгсөн байхыг ойлгохоос бус хуулийн этгээдээс гаргаж өгсөн баримт бичгийн хүрээнд тэрээр ашиглалтын тусгай зөвшөөрөл авах шаардлагыг хангасан байсан эсэх, эсхүл хангахгүй байсан эсэх нь хамаарахгүй.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч, болон өмгөөлөгч нараас нэхэмжлэлийн энэ үндэслэлээ мөн “захиргааны байгууллагууд, тухайлбал, Амгтг болон Байгаль орчин аялал жуулчлалын яам нь баримтуудыг нөхөн бүрдүүлж шүүхэд гаргаж ирүүлж байгаа нь Байгаль орчин, аялал, жуулчлалын яамнаас байгаль орчны үнэлгээний талаар нэхэмжлэгч хуулийн этгээд болон шүүхэд зөрүүтэй албан бичгүүдийг ирүүлдэг, хариуцагч захиргааны байгууллага нь анх гаргаж өгөөгүй баримтаа дараа нь архиваас авлаа гэж авчирч өгдөг байдлаар нотлогддог” хэмээн тайлбарлан маргах боловч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас иргэн Л.Бд хүргүүлсэн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 06/6629 тоот албан бичигт “...байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн тухай баримт байхгүй”[11] гэсэн болон 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шүүхэд ирүүлсэн 06/7552 албан бичигт “...байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргуулах тухай хүсэлт материал байхгүй”[12] гэсэн, түүнчлэн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд ирүүлсэн 06/6262 тоот албан бичигт “Г” ХХК-ийн Сүхбаатар аймгийн Уулбаян, Түвшинширээ сумдын нутаг Өлзийт нэртэй 1068Х тусгай зөвшөөрөл бүхий талбайд хэрэгжих цацраг идэвхт ашигт малтмалын эрэл, хайгуул хийх төсөлд хийсэн “Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлт”-ийг хавсралтаар хүргүүлэв гэсэн тус бүрдээ өөр цаг хугацаанд хийгдэх байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнүүдийн ялгаатай төрлүүдийг байгаа болон байхгүй илэрхийлсэн агуулгатай байна.
Мөн хариуцагчаас анх 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариу тайлбар гаргахдаа 25 хуудас[13] баримтыг хавсаргаж ирүүлсэн байх ба шүүхээс шаардсаны дагуу 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр дахин 105 хуудас баримтыг гаргаж ирүүлсэн.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг захиргааны хэргийн шүүх цуглуулах үүрэгтэй боловч энэ нь хэргийн оролцогчдоос өөрийн тайлбарыг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх эрхийг хязгаарладаггүй ба хариуцагчаас хэрэгт шаардлагатай нотлох баримтыг 2 өөр цаг хугацаанд өөрийн санаачилгаар болон шүүхийн шаардсаны дагуу гаргаж өгсөн нь тухайн нотлох баримтыг нөхөж бүрдүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүйн дээр баримтыг нөхөн бүрдүүлсэн эсэхийг мөн захиргааны хэргийн шүүх шалган тогтоох боломжгүй тул дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй.
Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэх үндэслэлийн тухайд:
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” гэж заасан байна.
2017 оны 11 дүгээр сарын 08-ний өдрийн Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Бумбатын уурхайн бүс газраас сорьц авсан дүнгээр агаар дахь болон хөрсний гадаргуу дахь цацрагийн хэмжээ 0,60мкЗв/ц хэмжээтэй хэмжигджээ[14].
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагчийн 2018 оны 08 дугаар сарын 10-ний өдрийн 11/085/120 дугаартай зөвлөмжөөр “Бумбатын нүүрсний уурхайн карьерийн цацраг идэвхийг бууруулах, хүн ам, мал амьтныг цацрагийн нөлөөллөөс хамгаалах үүднээс ... ил уурхайн карьер дахь нүүрсний олборлолт явуулж байсан амуудын ойр орчмын цацраг идэвхийг бууруулах, ...цацрагийн сөрөг нөлөөллөөс хамгаалах арга хэмжээ(хашаажуулах, цэвэр хөрсөөр хучих г.м)-г авч хэрэгжүүлэх”-ийг зөвлөжээ[15].
Нэхэмжлэгч “И б ш сан”-аас 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандаж “MV-020634 тоот тусгай зөвшөөрлийг цуцлагдах дүгнэлт гаргаж өгнө үү”[16] гэж хандсан байх ба нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Боос шүүх хуралдаанд “нутгийн захиргааны байгууллага болон манай сангийн зүгээс дүгнэлт гаргуулахаар хандсан боловч хариу өгөөгүй” гэж тайлбарласан.
Мөн гуравдагч этгээдээс “Бумбатын нүүрсний хаагдсан уурхайн карьер нь манай ашиглалтын талбайд хамаарахгүй. 20 км зайтай” гэж, нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс “уг уурхайн хаягдсан карьер нь гуравдагч этгээдийн тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас 500м зайтай” гэж зөрүүтэй тайлбарлаж байна.
Дээрхээс үзвэл, тухайн нутаг дэвсгэрт буюу Бумбатын нүүрсний уурхайн хаягдсан карьер орчимд цацрагийн идэвхжил өндөр байгаа нь гуравдагч этгээдийн үйл ажиллагаанаас хамаарсан эсэх, мөн энэхүү хорт нэгдэл нь агаараар дамжин “Г” ХХК-ийн гаргасан ил худгийн усанд шингэж, улмаар байгаль орчинд, нийтийн эрх ашигт сөргөөр нөлөөлж байгаа эсэх нь тодорхойгүй, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг ноцтойгоор зөрчсөн болох нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдоогүй байна.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2/594 дүгээр албан бичгээр “...тусгай зөвшөөрлүүдийг олгоход татгалзах зүйлгүй болно. Цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг “Г” ХХК-д олгосон тохиолдолд Цөмийн энергийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийг 34.1-д заасны дагуу цацраг идэвхт ашигт малтмалыг ашиглах Улсын ерөнхий байцаагчийн зөвшөөрлийг дор дурьдсан бичиг баримтыг шинэчлэн боловсруулж, хянуулсны үндсэн дээр олгохыг уламжилж өгнө үү” гэж Ашигт малтмалын газарт мэдэгдсэн байна[17].
MV-020634 тоот цацраг идэвхт ашиг малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн хүрээнд уурхай байгуулагдаагүй, ашиглалтын үйл ажиллагаа эхлээгүй байгаа тухайд хэргийн оролцогчид маргаагүй.
Энэ тохиолдолд дээрх албан бичигт дурьдсан бичиг баримтыг шинэчлэн боловсруулж, хянуулсан байхыг шаардахааргүй, харин тусгай зөвшөөрөл эзэмшигч нь “Ашигт малтмалыг ашиглах буюу газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагаа”-г эхлэхийн өмнө Улсын ерөнхий байцаагчийн зөвшөөрлийг авсан байхыг шаардсан байх тул нэхэмжлэгчийн “Мэргэжлийн хяналтын байгууллагаас санал өгөөгүй байхад тусгай зөвшөөрөл олгосон нь хуульд нийцээгүй” гэсэн тайлбар үндэслэлгүй.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “Цөмийн энергийн тухай хуулийн зорилт нь хүн ам, нийгэм, байгаль орчныг ионжуулагч цацрагийн нөлөөнөөс хамгаалахад оршдог” гэсэн, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “цацрагийн хор уршгийг тооцоолох боломжгүй” гэсэн тайлбаруудыг хүлээж авах үндэслэлтэй боловч маргааны тохиолдолд “Бумбатын хаагдсан нүүрсний уурхай”-н орчимд цацрагийн идэвхжил хэмжигдэж байгаа явдал нь гуравдагч этгээдийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаанаас шууд хамааралтай эсэхийг шалган тогтоосон эрх бүхий байгууллагын аливаа шийдвэр гараагүй, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй нөхцөл байдал нотлогдохгүй байх тул энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй.
Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчээс байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар ... байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан тохиолдолд энэхүү үндэслэлээр дахин шүүхэд хандаж шийдвэрлүүлэх эрхийг энэхүү шийдвэр хязгаарлахгүйг дурьдах нь зүйтэй.
Цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь компанийн хувьцааны төрийн эзэмших хувийг 34 хувь хүртэл нэмэгдүүлээгүй гэх үндэслэлийн тухайд:
Цөмийн энергийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Улсын төсвийн хөрөнгөөр эрэл, хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тухайн ордыг ашиглах гэрээгээр тодорхойлно. Уг гэрээгээр тогтоосон төрийн эзэмшлийн хувь, хэмжээг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулж болно” гэж заажээ.
“Г” ХХК-аас 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Цөмийн энергийн газрын цөмийн материалын хэлтэст хандаж “... заасан нөхцөлийг хүлээн авч “Г” ХХК-д Монгол Улсын төрийн эзэмшиж буй хувьцааны 15 хувийг үнэ төлбөргүйгээр 34 хувьд хүргэн нэмэгдүүлж хуулийн шаардлагаа бүрэн хангахаа хүлээн зөвшөөрснөө үүгээр мэдэгдэж байна. ... энэхүү шийдвэрийг зөвшөөрч байгаа тухай ... олонхи хувьцаа эзэмшигч Дэнисон майнс компанийн ерөнхийлөгчийн захиаг хавсаргав” гэж мэдэгдсэн[18] байх ба энэхүү мэдэгдлийн дагуу хувьцааг шилжүүлээгүй болох нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас ирүүлсэн лавлагаанд тус компанийн хувьцаа эзэмшигчээр “Вермуд улсын иргэн Дэнисон майнс 85 хувь, Монгол Улсын “Мон-Атом” ХХК 15 хувь эзэмшиж байгаа”[19] бичигдсэн байдлаар тогтоогдож байна.
Мөн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар “Мон-Атом” ХХК-ийн 100 хувийн хувьцааг “Эрдэнэсмонгол” ХХК, “Эрдэнэсмонгол” ХХК-ийн 100 хувийн хувьцааг иргэн Д.Зоригт тус тус эзэмшиж байгаагаас үзвэл, цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий “Г” ХХК-ийн хувьцаанд Монгол Улсын төрийн эзэмших хувь “0” буюу байхгүй гэж үзэхээр байна[20].
Гэвч Цөмийн энергийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан хувьцаа эзэмшигчийн үүрэг нь “ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьцааг шилжүүлэх”-д хамаарч байх ба “Гурвайхан” ХХК-ийн хувьцааны 15 хувийг “Мон-Атом” ХХК, 85 хувийг Дэнисон майнс тус тус эзэмшсэн хэвээрээ байгаа тохиолдолд Цөмийн энергийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т заасан тохиолдолд бий болоогүй гэж үзэхээр байна.
Түүнчлэн цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьцааны 34 багагүй хувийг төрийн мэдэлд шилжүүлэн авах харилцааг хэрэгжүүлэх хугацааг хуулиар хязгаарлаагүй байх тул гуравдагч этгээдээс төрийн эзэмшлийн хувийг нэмэгдүүлэхийг зөвшөөрч байгаа илэрхийлсэн, төрөөс энэхүү зөвшөөрлийн дагуу хувьцааг шилжүүлэн авах ажиллагааг хийгээгүй байгаад тусгай зөвшөөрөл эзэмшигчийг буруутгах боломжгүй тул тул энэ үндэслэлээр цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг хүчингүй болгохыг даалгаж шийдвэрлэх боломжгүй байна.
Харин шүүхийн энэхүү шийдвэр нь “Г” ХХК нь өөрийн хувьцааны 34-өөс доошгүй хувийг төрийн эзэмшилд шилжүүлээгүй тохиолдолд Цөмийн энергийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т заасан захиргааны байгууллагын бүрэн эрхийг хязгаарлахгүй болохыг тэмдэглэв.
Орд ашиглах гэрээ байгуулаагүй гэх маргааны тухайд:
Сүхбаатар аймгийн Уулбаян, Түвширээ сумдын нутагд орших MV-020634 дугаартай Өлзийт нэртэй талбайд цацраг идэвхт ашигт малтмал ашиглах харилцааг зохицуулсан 2016/... дугаар бүхий “Орд ашиглах гэрээ”-г 2016 оны 11 дүгээр сард “Г” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Боос Амгтгтай байгуулсан байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс уг гэрээ байгуулагдсан тухайд маргаагүй.
Дээрх гэрээ нь Цөмийн энергийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасан хугацаанд байгуулагдаагүй байхад захиргааны байгууллагаас мөн зүйлийн 29.4-т заасан эрхээ хэрэгжүүлээгүй байна.
Мөн уг гэрээ нь хуулиар зөвшөөрсөн хугацаанаас илүү хугацаагаар байгуулагдсан боловч гэрээний талууд уг гэрээний хүчин төгөлдөр байдлыг үгүйсгэхгүй байгаа нөхцөлд гэрээ байгуулагдаагүй гэж үзэх боломжгүй.
Харин Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 56 дугаар зүйлд заасан журмын дагуу “Орд ашиглах гэрээ”-ний хугацааг хуульд нийцүүлэн өөрчлөх боломжтой байна.
Хууль зөрчиж цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрээ хүчингүй болгохгүй байгаа нь хууль бус гэх маргааны тухайд:
Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн энэхүү үндэслэлээ “захиргааны байгууллага нь “Г” ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо Цөмийн энергийн тухай хуулийн 16, 17,18, 19 дүгээр зүйлүүдийн 33 зүйл заалтыг зөрчсөн, хайгуулын тусгай зөвшөөрлийн болон ашиглалтын өмнөх үйл явуулах 3 жилийн хугацаа 2010 онд дууссан, хайгуулын ажлын явцад байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлж ажилласныг нотлох баримт байхгүй, түүнчлэн цацрагийн тархалтыг хэмжих багаж суурилуулаагүй, цөмийн болзошгүй аюулын үед авах арга хэмжээ, авран хамгаалах ажлын төлөвлөгөө, мэргэжилтэн байгаа эсэх нь тодорхойгүй, Тагнуулын ерөнхий газар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Ашигт малтмалын газарт хүргүүлсэн албан бичгийн дагуу гуравдагч этгээдээс гаргаж өгсөн баримтад үндэслэн тагнуулын болон мэргэжлийн хяналтын байгууллагаас дахин санал өгсөн эсэх нь тус тус тодорхойгүй байхад 2016 онд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон нь хууль бус” гэж,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Гоос “Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо, хуулиар тогтоосон шаардлагыг хангаагүй, хууль зөрчиж олгосон, тусгай зөвшөөрөл хүсэгчийн өргөдөл, түүнд хавсаргасан баримтуудыг хүлээн аваад хуулийн шаардлага хангаагүй, тухайлбал, хайгуулын төслийн хүрээнд хийгдсэн байгаль орчны үнэлгээ, менежментийн төлөвлөгөө зэргийг хавсаргасан... зэрэг тохиолдолд тусгай зөвшөөрөл олгохгүй буцаах ёстой байтал буцаагаагүй нь хуульд нийцээгүй” гэж,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дээс “Засгийн газрын хуралдаанаас “Г” ХХК-д цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг зарчмын хувьд дэмжиж, хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг даалгаж шийдвэрлэсэн байхад хариуцагчаас Засгийн газрын эрх хэмжээний асуудал гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, Цөмийн энергийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.8-д заасны дагуу холбогдох захиргааны байгууллагууд болон олон нийтэд мэдээлэх үүргээ хэрэгжүүлээгүй нь Цөмийн энергийн тухай болон Захиргааны ерөнхий хуулийн зохицуулалтад нийцээгүй, орон нутгийн иргэд нь ямар ч мэдээлэлгүй, сумын Засаг дарга нь шав тэмдгийг нь хайгаад олдоггүй” гэж тус тус тайлбарлаж байгаа нь нэхэмжлэлийн шаардлагад шаардлагад хамааралгүй байх тул Тагнуулын ерөнхий газраас дахин санал авсан эсэх нотлох баримт цуглуулахгүй, түүнчлэн шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй. Учир нь :
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн ... асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргах эрх хэмжээгүй ба нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс тайлбарлаж буй дээрх үндэслэлүүд нь захиргааны байгууллагаас ашиглалтын тусгай зөвшөөрлийг анх олгосон нь хууль тогтоомжид нийцсэн эсэх буюу “... тусгай зөвшөөрөл олгосон нь хууль бус гэж үзэж хүчингүй болгуулах” шаардлага гаргасан үед дүгнэгдэхээр байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс анх гаргасан “хүчингүй болгуулах” нэхэмжлэлээ дэмжихгүй, харин өөрчилсөн “...2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 512 дугаар шийдвэрийг хүчингүй болгохоос татгалзсан Амгтг Кадастрын хэлтсийн даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох” шаардлагаа дэмжиж байгаа тохиолдолд тусгай зөвшөөрөл хүсэгч нь цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэгчид хуулиар тавигдах шаардлагыг хангаж байсан эсэх нөхцөл байдалд шүүхээс дүгнэлт хийх боломжгүй.
Харин Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох тохиолдлуудыг нэрлэн заасан байх ба мөн зүйлийн 48.3-т “Захиргааны байгууллага энэ хуулийн 78.2.1, 48.2.2, 48.3.3, 48.3.5-д заасан тохиолдолд захиргааны актын гарсан өдрөөс нь хойш 5 жилийн дотор хүчингүй болгож болно” гэж зохицуулжээ.
Ашигт малтмалын газар/хуучин нэрээр/-ын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 512 дугаар шийдвэр нь “Г” ХХК-ийн хувьд цацраг идэвхт ашигт малтмал ашиглах эрхийг олгосон эерэг нөлөөлөл бүхий акт байх тул захиргааны байгууллагаас уг шийдвэрийг анх гаргахдаа хууль тогтоомж зөрчиж олгосон гэж үзэж хүчингүй болгох тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн дээрх зохицуулалтуудыг баримтлах шаардлагатай юм.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “...төрийн байгууллагуудын үйл ажиллагааг хариуцлагжуулах, үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, хуулиар тогтоосон арга, аргачлал, стандартыг мөрддөг болгох жишиг бий болгох шаардлагатай” гэж тайлбарлаж байгаа нь хүлээн авахуйц байх боловч нэгэнт хуулийн этгээдэд эрх олгосон эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гарсны дараа түүнийг хүчингүй болгох эсэх нь захиргааны байгууллагын эрх хэмжээнд хамаарч байх ба гагцхүү энэ эрх хэмжээ нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т нэрлэн заасан нөхцөлүүд үүссэн тохиолдолд хэрэгжихээр байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс маргаан бүхий акт нь захиргааны хэм хэмжээний актаар эсхүл захиргааны актад хүчингүй болгохоор заасан, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй, захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авилга өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан эсэх талаар үндэслэл зааж маргаагүй.
Харин Цөмийн энергийн тухай болон Ашигт малтмалын тухай хуульд хүчингүй болгохоор заасан, ... нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн гэж тайлбарлан маргасан үндэслэлүүд нь нотлох баримтаар тогтоогдсонгүй.
Иймд нэхэмжлэгч “Их бага баян шарга” ХХК-аас Амгтг, тус газрын Кхтдд холбогдуулан гаргасан “2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 512 дугаар шийдвэрийг хүчингүй болгохоос татгалзсан Амгтг Кадастрын хэлтсийн даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 512 дугаар шийдвэрийг хүчингүй болгохыг Амгтг Кхтдд даалгуулах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
“Г” ХХК-д ашиглалтын MV-020634 тоот тусгай зөвшөөрлийг 2019 оны 09 дүгээр сарын 18-нд дахин олгосон Амгтг Кадастрын хэлтсийн даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн тухайд:
Цөмийн энергийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Энэ хуулийн 15.1.2, 15.2.2-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг техник, эдийн засгийн үндэслэл, хяналт шалгалтын үр дүнг харгалзан 20 жил хүртэл хугацаагаар олгоно” гэж заасан байна.
Гэтэл Ашигт малтмалын газар/хуучин нэрээр/-ын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 512 дугаар шийдвэрт Сүхбаатар аймгийн Уулбаян, Түвшинширээ сумын нутаг дахь Өлзийт нэртэй 10665,22 гектар талбай бүхий уурхайн эдэлбэрт ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Г” ХХК-д ямар хугацаагаар олгож байгааг бичээгүй байна.
Харин дээрх шийдвэрийн дагуу 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр MV-020634 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн гэрчилгээг 2046 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 30 жилийн хугацаатайгаар[21] бичиж олгосон байх ба “Г” ХХК-иас 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан хүсэлтийг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааг 2036 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 20 жилийн хугацаатай байхаар өөрчилж тусгай зөвшөөрлийг гэрчилгээг дахин олгожээ[22].
Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “ашиглалтын тусгай зөвшөөрөл” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал ашиглах эрх олгосон баримт бичгийг” гэж заасан болон “Г” ХХК-ийн “Орд ашиглах гэрээ” нь мөн гэрчилгээнд бичигдсэн хугацаагаар байгуулагдсан байгаагаас үзвэл тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа нь эрх зүйн үр дагавар үүсгэж байх тул энэ талаарх нэхэмжлэгч талын тайлбарууд үндэслэлтэй байна.
Гэвч хариуцагч захиргааны байгууллага нь уг гэрчилгээний хүчинтэй хугацааг хуулиар зөвшөөрөгдсөн хугацаагаар бичиж олгосон байсныг хуульд заасан хугацаагаар болгож өөрчилсөн нь өөрийн үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэхэд чиглэсэн байх ба Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэг”-ийн хүрээнд хийгдсэн үйл ажиллагаа байх ба захиргааны байгууллагаас алдаагаа залруулж, тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааг хуульд нийцүүлэн өөрчилж олгосныг хууль бус гэж үзэх буруутгах боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Цөмийн энергийн тухай хуулийн 112 зүйлийн 112.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.19, 11.2, Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “И б ш сан”-аас Амгтг, тус газрын Кхтдд холбогдуулан гаргасан “... 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 512 дугаар шийдвэрийг хүчингүй болгохоос татгалзсан Амгтг Кадастрын хэлтсийн даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, “Г” ХХК-д ашиглалтын MV-020634 тоот тусгай зөвшөөрлийг 2019 оны 09 дүгээр сарын 18-нд дахин олгосон Амгтг Кадастрын хэлтсийн даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 512 дугаар шийдвэрийг хүчингүй болгохыг Амгтг Кхтдд даалгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.13-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ
[1] 2 дугаар хавтаст хэргийн 110 дахь талд
[2] 3 дугаар хавтаст хэргийн 83 дахь талд
[3] 1 дүгээр хавтаст хэргийн 121 дэх талд
[4] 1 дүгээр хавтаст хэргийн 171 дэх талд
[5] 1 дүгээр хавтаст хэргийн 164-166 дахь талд
[6] 2 дугаар хавтаст хэргийн 199 дэх тал
[7] 2 дугаар хавтаст хэргийн 75-78 дахь талд
[8] 2 дугаар хавтаст хэргийн
[9] 2 дугаар хавтаст хэргийн 128-аас 3 дугаар хавтаст хэргийн 77 дахь талд
[10] 1 дүгээр хавтаст хэргийн 200-205 дахь талд
[11] 1 дүгээр хавтаст хэргийн 140 дэх талд
[12] 2 дугаар хавтаст хэргийн 74 дэх талд
[13] 1 дүгээр хавтаст хэргийн 162-187 дахь талд
[14] 1 дүгээр хавтаст хэргийн 116 дахь талд
[15] 2 дугаар хавтаст хэргийн 178 дахь талд
[16] 1 дүгээр хавтаст хэргийн 139 дэх талд
[17] 2 дугаар хавтаст хэргийн 94-95 дахь талд
[18] 2 дугаар хавтаст хэргийн 235-237 дахь талд
[19] 2 дугаар хавтаст хэргийн 41 дэх талд
[20] 2 дугаар хавтаст хэргийн 160-161 дэх талд
[21] 1 дүгээр хавтаст хэргийн 164-166 дахь талд
[22] 2 дугаар хавтаст хэргийн 199 дэх тал