Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2019/00708

 

Б.Тийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1117 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дүгээр магадлалтай

Б.Тийн нэхэмжлэлтэй,

“Д” ХХК, Т.Б нарт холбогдох,

Тээвэрлэлтийн хөлс 22 324 560 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч Т.Бийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Алтанчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранчилэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Т би өөрийн 97-41 УНИ, 82-70 УНР ачааны машинаар Дархан-Уул аймагт байрлах “Д” ХХК-аас төмрийн хүдэр ачиж Өмнөговь аймгийн Таван толгойд байрлах “Энержи Ресурс” ХХК-д буулгахаар 2014.05.19-ний өдрөөс 2015.05.25-ны өдөр хүртэл нийт 13 удаагийн рейс тээвэр хийсэн. Дээрх хоёр машин хоёулаа миний өмч бөгөөд би өөрийн төрсөн ах Бодио овогтой Насандэмбэрэлээр өөрийн хувийн машинаар цуг тээвэрт явж хөлсөө авч чадаагүй юм. Тээвэрт явж эхэлснээс хойш тээврийн хөлс мөнгөө авах талаар Ганболдтой удаа дараа ярьж шаардаж явсан ба “Энержи Ресурс” ХХК мөнгөө өгөхгүй байна. Том газар юм чинь бөөнөөр нь өгчих байх гэж тайлбарладаг байсан. Ингэж удаан хүлээсний эцэст “Дархан говь феор”е ХХК нь 2014, 2015 онд захирал хийж байсан Төмөрбаатарын Бтэй өөрийн ах Д.Энхтөр хуулийн зөвлөх Батхүү нарыг 2017.04.23-ны өдөр уулзуулахад 97-41 УНН, 82-70 УНР улсын дугаартай автомашинуудаар 2014, 2015 онуудад төмрийн хүдрийн ачаа тээвэр хийлгэсэн нь үнэн үүссэн өр төлбөрийг барагдуулах акт баримтанд гарын үсэг зурахад бэлэн ямар ч төлбөр төлөөгүй байгаа нь үнэн. Энэ төлбөрийг барагдуулна гэж удаа дараа хэлж байсан.

Сонгинохайрхан дүүргийн Хангай захын зүүн талын 12 давхар байранд оршин суух “Д” ХХК-ийн нягтлан бодогч Баярмаатай 2017.04.29-ний өдөр 97-41 УНН, 82-70 УНР улсын дугаартай Б.Т, Б.Насандэмбэрэл нарын 2014, 2015 онд хийсэн төмрийн хүдэр тээврийн тооцоог компьютерын программаас нэг бүрчлэн шүүж тулган шалгаж 22.324.560 төгрөгийн авлагатай болох тухай тооцоо нийлсэн бөгөөд тооцоо нийлсэн акт үйлдэж гарын үсэг зуруулж баталгаажуулан авсан юм. Иймд надад учирсан тээврийн хөлс болох 22.324.560 төгрөгийг “Д” ХХК болон иргэн Т.Б нараас гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна.

Манай “Д” ХХК нь Магнетитын үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үйлдвэрийн бүтээгдэхүүн болох магнетитын тээвэрлэлтийн харилцааг 2014.01.01-ний өдрийн хот хоорондын ачаа тээвэрлэлт ложистикын үйлчилгээний гэрээг иргэн Т.Бтэй байгуулснаар зохицуулж ирсэн. Тус гэрээгээр компани тээврийн хөлсийг Т.Бд төлөх, Т.Б тээвэрлэгчийн үүргийг тус тус хүлээж хамтран ажиллаж байсан. Компани Т.Бээр тээвэрлэгчийн үүргийг гүйцэтгүүлж, түүний хариу төлбөрийг төлөх үүргийг хүлээж байсан ба зохих төлбөрийг бүрэн төлж барагдуулсан.

Компани нэхэмжлэгчид, нэхэмжлэгч нь компанид ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулах болон тээвэрлэх, тээвэрлүүлэх талаар санал тавьж хүсэл зоригоо илэрхийлж байгаагүй болно. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харвал /хуудас 14/ ...миний хуучны танил болох Ховд аймагт ажилладаг Лхагвасүрэн гэх залуу 99788949 дугаарын утаснаасаа залгаад Дарханд нэг ийм ажил байна сонирхох юм уу? Манай үеэл ах болох Ганболд гээд залуу байгаа та тэр хүнтэй уулзаад үз гэж санал болгоод 99055806 дугаарын утсыг өгсөн. Ганболдтой дугаараар нь залгаж лавлахад Дарханаас ачаад Өмнөговьд буулгах ажил байгаа юм одоогоор би ганцаараа яваад байгаа юм. Машины хэрэг гараад байгаа мөнгө нь найдвартай тээврийн хөлсийг сарын дараа хийчихдэг гэж хэлсэн, ...Би Т.Бтэй өөрөө биечлэн уулзаж байгаагүй., ...Т.Бтэй бол нэг ч удаа уулзаж утсаар ярьж байгаагүй гэж мэдүүлэг өгсөн байгаа нь компани болон нэхэмжлэгч хоорондын иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй болохыг харуулж байна. Лхагвасүрэн, Ганболд, Т гэх хүмүүсийн хооронд эрх зүйн харилцаа үүссэн байх боломжтой.

Т.Б нь нэхэмжлэгчтэй ямар харилцаатай байсан тэдгээрийн хооронд ямар нэгэн гэрээ, хэлцэл байгаа эсэх зэрэг асуудлыг компани огт мэдэхгүй, мэдэх боломжгүй юм. Учир нь Т.Б нь ДХХК-ийн удирдлагад огт ажилладаггүй, ажиллаж байгаагүй бөгөөд компанийг төлөөлөх эрх Т.Бд олгогдож байгаагүй, харин Т.Б, “Д” ХХК-иуд нь хоорондоо иргэний эрх зүйн харилцаанд гэрээний талууд болж оролцож байсан.

Энэ хэрэгт нэгэн анхаарал татах зүйл болсон нь нэхэмжлэгч анх компанийг хариуцагчаар татсан, түүний дараа Т.Бийг хамтран хариуцагчаар татсан, удалгүй Т.Бийг хариуцагчаас хасаж өгөхийг хүссэн. Энэ үйл явдлын цаад далд шалтгаан нь юу болох талаар маш ойлгомжгүй байгаа.

Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэлийг, иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт үүрэг үүсэх үндэслэлүүдийг тодорхой заасан байдаг бөгөөд энэхүү иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг компани хариуцах ямар ч хууль зүйн үндэслэлгүй болно.

Иргэний хуулийн 395 дугаар зүйлийн 395.1 Тээвэрлэлтийн гэрээнээс үүсэх шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа нэг жил... байна гэж заасан байдаг тул нэхэмжлэгчийн шаардах эрхийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Иймд “Д” ХХК нь тээврийн гэрээг Т.Бтэй байгуулж түүнд төлөх ёстой төлбөрийг нэгэнт барагдуулсан. Нэхэмжлэгч Б.Ттэй иргэний эрх зүйн харилцаанд огт оролцоогүй, түүний өмнө үүрэг хүлээхгүй, манай компанид холбогдолгүй бусад этгээдүүдийн хоорондын маргах асуудал, мөн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 ...шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацааг дууссан үеэс үүснэ гэж заасан байх ба тээврийн хөлсөө шаардах эрх 2015.05.25-ны өдөр үүссэн байна.

Иргэний хуулийн 395 дугаар зүйлийн 395.1 Тээвэрлэлтийн гэрээнээс үүсэх шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа нэг жил байна гэж заасан ба 2015.05.25-ны өдрөөс хойш нэг жилийн хугацаанд буюу 2016.05.25-ны өдөр хүртэл хугацаанд нэхэмжлэгчээс хариуцагчид хандан тээвэрлэлтийн хөлсийг шаардаж нэхэж байсан талаар баримт илрээгүй, иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, 79 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэх нөхцөл байхгүй байна.

Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэсний дагуу нэхэмжлэгчийн нэхэмжилж буй мөнгийг төлөхөөс татгалзаж байна. Эцэст нь хэлэхэд миний бие нэхэмжлэгчийг огт танихгүй уулзаж ч байгаагүй бөгөөд түүгээр тээвэр хийлгэх талаар ямар нэгэн санал хүсэлт гаргаж байгаагүй болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1117 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-т заасныг баримтлан хариуцагч Т.Бээс 22 324 560 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Тд олгож, хариуцагч “Д” ХХК-тай холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269 573 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Бээс улсын тэмдэгтийн хураамж 269 573 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Тд олгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дүгээр магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1156 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Т.Бийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Т.Бээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270 000 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Т.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: МУ-ын Үндсэн Хуулийн 16-р зүйлд “...хуульд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхийг баталгаатай эдэлнэ” гэсэн эх сурвалжийг ИХШХШТХ-ийн 116.2 зүйлд заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, Улсын Дээд Шүүхийн тайлбарыг баримтлахгүй хэт нэг талд үйлчилж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэгжүүлж, хуулийг буруу тайлбарлаж, хууль шударга ёсыг үл тоосон Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаагийн 2018 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 1117 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байсан. Миний давж заалдах гомдлын дагуу Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд 01 дугаартай магадлал гарч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэснийг эс зөвшөөрч, хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхүүдэд миний зүгээс маш тодорхой үндэслэл, тайлбаруудыг гаргаж байсан, мөн хамтран хариуцагч “Д” ХХК-ийн зүгээс тодорхой тайлбар үндэслэлүүдийг гаргаж байсан боловч тус хоёр шатны шүүх үл тоон хэргийг шийдвэрлэж байгаад гомдолтой байна.

Хариуцагч нарын зүгээс:

Нэхэмжлэгчтэй иргэний эрх зүйн харилцаанд талууд болж оролцоогүй,

Шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан,

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхойлж чадаагүй,

Хэрэгт авагдсан нотлох баримт нь хуульд заасан шаардлагыг хангахгүй,

Хариуцагч нарыг хэрхэн ямар үндэслэлээр сонгосон, тэдгээрийн хэнд нь хамааруулж хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй зэрэг тайлбаруудыг хууль зүйн үндэслэлийн хамт анхан шатны шүүхэд хариуцагч нарын зүгээс гарган маргасан боловч шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Харин давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүх хэрхэн хуульд нийцэхгүй, үндэслэл бүхий шийдвэр болж чадаагүй талаар маш тодорхой гомдлыг гаргасан боловч Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Т.Б миний эрхийг маш ноцтойгоор зөрчиж хэргийг хянан шийдвэрлэхдээ хэт нэг талыг баримтлан дэндүү бүдүүлгээр шийдвэр гаргалаа.

Хамгийн энгийн жишээнээс эхэлье:

Магадлалын тавдугаар талд “...тээврийн ажлын хөлсөө байнга нэхэмжилж...”, мөн тэнд “...өнгөрсөн хугацаанд байнга шаардаж байсан...” гэж Монгол Улсын шүүх давж заалдах журмаар хэргийг хянан хэлэлцэхдээ дүгнэсэн байдаг нь хачирхалтай. Шүүхийн шийдвэрт хөндлөнгөөс хэн ч нөлөөлөх эрх байхгүй, гэтэл хуулиар нөлөөллөөс ангид энэ байгууллагын эрхэм шүүгчид хэргийн оролцогчдын нэгний өмнөөс үйл явдлыг “байнга” гэх үгээр хэт баяжуулан болоогүй зүйлийг болсон мэтээр хүч түрэн дүгнэж байгаа нь эмгэнэлтэй. Монгол Улсын шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ “байнга” гэх хар ярианы үгийг шийдвэр, магадлалд хэрэглэх нь шүүгчдийн мэргэжлийн ур чадвар мууг эсхүл хэн нэгний нөлөөгөөр гаргасан шийдвэрээ үнэмшилтэй мэт харагдуулах зорилгоор хэрэглэсэн болохыг харуулж байна.

Мөн тус магадлалын тавдугаар талд “Хариуцагч Т.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзахдаа тээврийн гэрээний харилцаа үүсээгүй гэж буюу нэхэмжилж буй мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзаагүй бөгөөд зөвхөн хуулийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр татгалзаж буй нь үндэслэл муутай байна.” гэжээ.

Гэтэл миний бие анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа /х.х-21 талд/ би түүнтэй гэрээ байгуулж ажиллаагүй гэж цагаан дээр хараар, өөрийн гараар бичиж өгсөн байтал энэ талаар маргаагүй хэмээн үзсэн нь хатуугаар хэлэхэд шүүх хэргийн оролцогчийг гүтгэсэн үйлдэл гэж үзэж байна. Миний зүгээс иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй гэж маргаж байсан, хамтран хариуцагчийн зүгээс мөн адил иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй, энэхүү маргаан нь бидэнд хамааралгүй бусад этгээдүүдийн хоорондын маргаан болох талаар тайлбарлаж байсан, нэхэмжлэгчийн өөрийнх нь “...Миний хуучны танил болох Ховд аймагт ажилладаг Лхагвасүрэн гэх залуу 99788949 дугаарын утаснаасаа залгаад Дарханд нэг ийм ажил байна сонирхохгүй юм уу, манай үеэл ах болох Ганболд гээд залуу байгаа та тэр хүнтэй уулзаад үз гэж санал болгоод 99055806 дугаарын утсыг өгсөн. Ганболдтой дугаараар нь залгаж лавлахад Дарханаас ачаад Өмнөговьт очиж буулгах ажил байгаа юм аа одоогоор би ганцаараа яваад байгаа юм машины хэрэг гараад байгаа, мөнгө нь найдвартай тээврийн хөлсийг сарын дараа хийчихдэг” гэж хэлсэн, “...Би Бтэй өөрөө биечилж уулзаж байгаагүй.”, “...Бтэй бол нэг ч удаа уулзаж утсаар ярьж байгаагүй” /хх-14 тал/ гэх гэрчийн мэдүүлэг зэргээр нэхэмжлэгч, хариуцагч хэргийн бүх оролцогч нар иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй гээд байхад шүүх чи тэгж маргаагүй хэмээн гүтгэж байгаа нь дэндүү харамсалтай.

Давж заалдах шатны шүүх нэгэнт дууссан хөөн хэлэлцэх хугацааг дуусаагүй хэмээн амь оруулахдаа Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэсэн хуулийн заалтыг хэрэглэжээ.

Гэтэл энэхүү иргэний хэрэгт хуулийн энэхүү заалтад заасан нөхцөл, шаардлагын алин ч үүсээгүй болохыг хэргийн материалаас харж болно. Шүүх энэхүү хуулийн заалтад хэргийг нийцүүлэхдээ миний болон бусад этгээдийн цагдаагийн байгууллагад өгсөн гэрчийн мэдүүлгээс тал дутуу өгүүлбэрээр түүж, нэг ёсондоо эвлүүлэг хийж, иргэн намайг маргаагүй, нэхэмжлэгчийн төлбөрийг хүлээн зөвшөөрч байсан мэтээр хувиргахыг оролдсон. Гэтэл тус мэдүүлгүүдийг бүтнээр нь уншвал би анхнаасаа төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй, тэднийг танихгүй гэж маргасан болохоос хуульд заасан шиг урьдчилгаа олгосон, хүү төлсөн, баталгаа гаргах зэргээр тэдний шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зүйл энэ хэрэг дотор байхгүй.

Шүүх Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсгийг баримтлан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзсэн байтлаа хөөн хэлэлцэх хугацааг хэзээнээс эхэлж тоолсон, хэзээ нь тасалдсан гэдгээ тодруулалгүйгээр хэргийн хянаж байгаа нь нөлөөнд автаж, хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэхээс өөрөөр ойлгох ямар ч арга байхгүй.

Мөн л магадлалын тавдугаар талд шүүх “...хариуцагч Т.Б тухайн тооцооны баримтыг үгүйсгэсэн, нэхэмжилж буй дүнг зөвшөөрөхгүй байгаа талаар тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар талууд маргаагүй гэж үзнэ” гэжээ. Гэтэл нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримт болох мөн шүүх тэндээс эвлүүлэг хийх гэж оролдсон цагдаагийн байгууллагад өгсөн миний мэдүүлэгт /х-6-р талын зүүн тал/ “Би жолооч нарт 80-аад сая төгрөгийн өглөгтэй. Би гэхдээ журмын дагуу нэмүү өртгийн албан татвар, хүн амын орлогын албан татварыг суутгасны дараа бүх жолооч нарт кофцентэлж төлж барагдуулна. Би анхнаасаа Насандэмбэрэл, Т нартай ярилцаж тохироогүй. Ганболд гэдэг хүний бригадад ажиллаж байсан. Тийм болохоор энэ асуудлаар Ганболдтой ярина.”, өмнө дурдсан хх-21 талд байх анхан шатны шүүхэд гаргасан миний тайлбар зэрэг нь нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар анхнаасаа маргаантай байсныг тодорхой харуулсаар байтал шүүх эдгээрийн үнэлж, дүгнэлгүй шат дараалан шийдвэрлэж байгаад гомдолтой байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн талаар товчхон:

Энэхүү хэрэг маргаан нь “Д” ХХК, иргэн Т.Б, иргэн Б.Т нарын хоорондын маргах асуудал биш байсан, хариуцагч нар нэхэмжлэгчтэй иргэний эрх зүйн харилцаанд гэрээний үндсэн дээр оролцоогүй болох талаар хариуцагч нар хангалттай нотолсон.

Иргэний хуулийн 395 дугаар зүйлийн 395.1-д “Тээвэрлэлтийн гэрээнээс үүсэх шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа нэг жил, санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлийн улмаас хохирол учирсан бол хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна” гэж заасан байдаг.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэх гол нөхцөл нь хуульд өөрөөр заагаагүй байхыг шаардсан байх тул шүүгч нь хэргийг шийдвэрлэхдээ нэгдүгээрт Иргэний хуулийн 395.1-т тусгайлан заасан хөөн хэлэлцэх хугацааг, хоёрдугаарт Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг гэсэн дарааллаар хуулийг хэрэглэх ёстой байсан. Хуульд юу гэж заасан байна түүнийг үг үсэггүй бүгд дагаж мөрддөг. Энэхүү маргаанд хэрэглэх хуулийн заалтууд нь 395.1-т гэрээнээс үүсэх хөөн хэлэлцэх хугацаа нэг жил байх талаар, 395.2.3-т хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолох талаар “бусад тохиолдолд гомдлын шаардлагын хариуг авсан буюу гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс.” гэж байсаар байтал хуулийг илтэд буруу тайлбарлаж хэрэглэх ёсгүй хуулийг буюу Иргэний хуулийн 75 дугаар зүйлийг хэрэглэж, хөөн хэлэлцэх хугацааг хүчээр амилуулан шийдвэрлэсэн нь ИХШХШТХ-ийн 116 дугаар зүйлийн 116.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэж заасантай огтоос нийцэхгүй байгааг харуулсан. Хуульд заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг тооцохоор Б.Т нь 2015 оны 5 дугаар сард хамгийн сүүлд тээвэр хийсэн гэж харагдаж байх тул 2015 оны 5 дугаар сард шаардах эрх нь үүссэн гэж үзээд хөөн хэлэлцэх хугацаа нь 2016 оны 6 дугаар сард бүрэн дууссан, гэтэл шүүх энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй.

Нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн явцад хамтран хариуцагчаар Т.Б намайг татсан, удалгүй надаас татгалзсан, мөн удалгүй дахиж эргүүлэн хамтран хариуцагчаар татсан. Ийнхүү нэг асуудлаараа хэд хэдэн хүсэлт гаргаж түүнээсээ өөрөө татгалзаж эргэж буцаж байсан боловч нэхэмжилж буй төлбөрөө хариуцагч нарын хэнд нь холбогдуулж хэдийг нэхэмжилж буйгаа тодорхойлоогүй. Шүүх хуралдаанд энэ талаар “Д” ХХК-ийн зүгээс тодруулж “манай компаниас хэдийг нэхэмжилж байгаа вэ, Т.Бд холбогдуулж хэдийг вэ” гэж асуусан байх боловч хариулт өгөөгүй, шүүгч мөн адил үүнийгээ тодорхойлохыг шаардсан боловч хариулт өгч чадаагүй байна. Нэхэмжлэлийн шаардлагаа нотлох нь нэхэмжлэгчийн үүрэг байдаг. Үүнийг нотлохын тулд хэд хэдэн хариуцагчтай хэрэгт хэнд нь холбогдуулж хэдийг нэхэмжилж буйгаа тодорхой болгосноор шүүх уг маргааныг шийдвэрлэх боломжтой болно. Гэтэл шүүгч нь шууд автоматаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх боломжгүй юм.

Жич: Энд дурдагдсан эргэж буцсан олон хүсэлтийн нэг болох 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн ирүүлсэн хүсэлт нь шүүх хуралдаан эхэлсний дараа шүүгчийн туслах хурал дундуур барьж орж ирсэн хүсэлт бөгөөд нэхэмжлэгч нь уг хүсэлтээ шүүгчийн туслахын фэйсбүүк цахим хаягаар ирүүлсэн болохыг шүүгчийн туслах нь дурдаж, шүүгчид өгсөн. Энэ хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхгүй байхыг хариуцагч компанийн зүгээс хүссэн боловч шүүгч хурлыг завсарлуулсны дараа хүсэлтийг хангаж буйгаа хэлсэн. Нэхэмжлэгч, хариуцагч нар хүсэлтээ гагцхүү шүүхэд гаргах учиртай байтал дээрх хүсэлт нь шүүгчийн туслахын хувийн орон зай буюу түүний хувийн эзэмшлийн цахим хаягт ирүүлсэн буюу түүнд гаргасан хүсэлт гэж үзнэ. Нэмж нэг зүйлийг хэлэхэд фэйсбүүкийн найзууд биш хүмүүс хоорондоо захидал илгээн харилцах боломжгүй байдаг.

Шүүгч хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэргийн 11-12 дугаар талд буй тооцоо нийлсэн акт гэх баримтад тулгуурлан шийдвэрээ гаргасан байна. Гэтэл дээрх баримт нь ИХШХШТХ-ийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө...” гэж заасан шаардлагыг хангаагүй. Тус тооцоо нийлсэн акт гэх 4 баримтыг өнгөц төдий харвал нотариатч нь хуулбараар гэрчилсэн мэт боловч үнэндээ дээрх баримтын зөвхөн нэг нь хуульд заасан шаардлагыг хангасан байна. Учир нь дээрх 4 баримт нь бүгд тус тусдаа баримт болох нь нотариатч үйлчилгээний хураамжаа 2000 төгрөг гэж тэмдэглэсэн байдлаас харагдана.

Хууль зүй, дотоод хэргийн сайд 2011 оны А/123 дугаар тушаалаар нотариатын үйлчилгээний хөлсний хэмжээг батлахдаа баримт бичгийн хуулбарыг гэрчлэхдээ нүүр тутмаас 500 төгрөг байна гэсэн нь нотариатч тус бүр 4 ширхэг баримтыг хуулбараар гэрчилсэн болохыг харуулж байна. Тэгэхээр нотариатч нь уг баримтуудыг гэрчлэхдээ баримт тус бүр дээр өөрийн хоёр тэмдэгийг хоёуланг нь дарах, баримт тус бүрд бүртгэлийн дугаар олгож тэмдэглэл хийх ёстой. Тиймээс нотлох баримт болох тус 4 баримтын гагцхүү нэг нь л хуульд заасан бичгийн нотлох баримтын шаардлагыг хангаж байгаа буюу нотариатаар гэрчлэгдсэн байна. Мөн энэ талаар хариуцагч компанийн зүгээс шүүх хуралдаанд нотариатиар гэрчлэгдээгүй гурван баримтыг нотлох баримтаас хасуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байх боловч шүүгч анхааралгүй орхисон байна. Мөн дээрх баримтуудаас хоёр нь нэхэмжлэгчээс өөр этгээдүүдийн нэртэй болохыг дурдах нь зүйтэй бөгөөд хуульд заасан шаардлагыг хангаагүй нотлох баримтад тулгуурлан шийдвэр гаргасан нь ИХШХШТХ-ийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь заалтыг зөрчсөн байна.

Иймд нэгэнт шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, нотлох баримт нь хуульд заасан шаардлагыг хангаагүй байхад шийдвэрлэсэн Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаагийн 2018 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 1117 дугаар шийдвэр хуульд заасан шаардлагыг хангаагүй, үндэслэл бүхий бус, хэргийн оролцогчийг гүтгэсэн, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Т нь “Д” ХХК, Т.Б нарт холбогдуулан тээвэрлэлтийн хөлс 22 324 560 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч Т.Батцэцэгээс 22 324 560 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, “Д” ХХК-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгч Б.Т нь 2014 оны 05 дугаар сарын 19-нөөс 2015 оны 05 дугаар сарын 25-ны хооронд төрсөн ах Б.Насандэмбэрэлийн хамт өөрийн эзэмшлийн 97-41 УНИ, 82-70 УНР дугаартай автомашинаар “Д” ХХК-иас төмрийн хүдэр ачиж Өмнөговь аймгийн Таван толгойд байрлах “Энержи ресурс” ХХК-д буулгахаар 13 удаагийн рейс тээвэр хийсэн боловч ажлын хөлсөө аваагүй гэжээ.

Хариуцагч Т.Б “...нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй байхад өөрсдөө дур мэдэн ажилласан, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн...” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж, хариуцагч “Д” ХХК нь үйлдвэрийн бүтээгдэхүүн болох магнетитын тээвэрлэлтийн харилцааг иргэн Т.Б гэрээний дагуу гүйцэтгэж байсан, түүнд гэрээний үүргийн гүйцэтгэлд 181 000 000 төгрөгийг төлсөн  тээвэрлэлтийн хөлсийг компани хариуцахгүй гэж маргасан байна.

Хариуцагч “Д” ХХК, Т.Б нарын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Хот хоорондын ачаа тээвэрлэлт, Ложистикийн үйлчилгээний гэрээ байгуулагдсан бөгөөд тус гэрээгээр гүйцэтгэгч Т.Б нь “Д” ХХК-ийн Дархан Уул аймаг дахь үйлдвэрийн талбайгаас магнетитийн бүтээгдэхүүнийг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах “Энержи ресурс” ХХК-д хүргэх, буцахдаа Таван толгойн нүүрсний уурхайгаас Дархан Уул аймагт хүртэл нүүрс автомашинаар тээвэрлэн гүйцэтгэх, захиалагч ачаа хүлээн авмагц төлбөрийг гэрээгээр тохирсон хугацаанд гүйцэтгэгчийн заасан дансанд шилжүүлэхээр тохиролцжээ.

Хэрэгт авагдсан баримтаар Т.Б гэрээний дагуу хийсэн тээвэрлэлтийн  хөлсөө “Д” ХХК-иас бүрэн хүлээж авсан, нэхэмжлэгч Б.Тийн нэхэмжлэлд дурдсан хоёр автомашин “Д” ХХК-ийн үйлдвэрийн хашаанаас Өмнөговь аймаг дахь Цогтцэций суманд байрлах “Энержи ресурс” ХХК-руу ачаа тээвэрлэсэн болох нь “Д” ХХК-ийн 2014-2015 оны ачаа тээврийн  тооцоо нийлсэн акт, Б.Насандэмбэрэл, Г.Ганболд нарын гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдсон байна.

Иймд Б.Т нь Т.Бийн “Д” ХХК-тай байгуулсан гэрээний үүргийг гүйцэтгэхэд оролцсон гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгджээ.

Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлсийг төлөх үүрэгтэй тул Б.Т гүйцэтгэсэн ажлын хөлсийг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1. дэх заалтыг зөрчөөгүй талаарх шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

“Д” ХХК нь гүйцэтгүүлсэн ажлын хөлсийг Т.Бд бүрэн төлсөн нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон тул нэхэмжлэгчийн шаардлагыг хариуцагч Т.Бээр хариуцуулж, “Д” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангажээ.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрийг хэвээр үлдээхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтад нийцсэн байна.

Т.Б нь 2014-2015 онд хийсэн тээврийн хөлсийг шаардаж 2017 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д заасан шаардлага гаргах хугацааг хэтрүүлээгүй байх бөгөөд Иргэний хуулийн 395 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй, энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн байх тул “...нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, ...шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, ...нотлох баримтыг үндэслэл бүхий үнэлээгүй...” гэх  хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1117 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Т.Бийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Т.Бээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 270 000 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     П.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧ                                           Х.ЭРДЭНЭСУВД