| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 106/2018/0624/Э |
| Дугаар | 872 |
| Огноо | 2018-09-20 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 10.1.2, |
| Улсын яллагч | А.Баясгалан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 872
МАГАДЛАЛ
2018.9.20 № 872 Хянуулах
Б.Х-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор А.Баясгалан,
шүүгдэгч Б.ын өмгөөлөгч Б.Долгорсүрэн,
нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж, шүүгч Ч.Отгонбаяр, Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 619 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.ын гаргасан давж заалдах гомдол болон дээд шатны прокурорын бичсэн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 34 дугаартай эсэргүүцлээр шүүгдэгч Б.т холбогдох 1805 0058 30485 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Ханхар овгийн Бүүвэйн , 1966 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянгол дүүрэг, 10 дугаар хороо,
1984 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн б-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Улаанбаатар хотын шүүхийн 1985 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 15 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 168 дугаар зүйлийн в-д зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 11 сар 10 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан;
Б. нь 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 9-37 тоот, өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Д.Оюунгэрэлийг зодож алсан,
мөн 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 9-37 тоот, өөрийн гэртээ согтуугаар Ж.Шархүүгийн зүүн гар тус газарт нь таягаараа цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ханхар овогт Бүүвэйн ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Б.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар 12 жилийн хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Б.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцон, 30 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, Б.ын биечлэн эдлэх хорих ялыг 12 жил 30 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар Б.т оногдуулсан 12 жил 30 хоног хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.ын 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 76 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан таягийг устгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюун-Эрдэнэ, хохирогч Ж.Шархүү нар гэмт хэргийн хохирол, хор уршиг, оршуулгын зардал, эмчилгээний төлбөрийг шүүгдэгчээс нэхэмжлээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б. гаргасан давж заалдах гомдолдоо “...Миний бие өөрийн гэм буруутай үйлдлээ үнэн зөвөөр хүлээн зөвшөөрч хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, харамсаж байгаа боловч надад холбогдох хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх хүндрүүлэх нөхцөлтэй зүйл бөгөөд талийгаач Оюунгэрэл бид хоёр хууль ёсны гэр бүлийн баталгаагүй. Хамт амьдарч байсан нь үнэн боловч гэр бүлийн харилцаатай байгаагүй. Энэ талаар гэрчүүд болон бидний ойр дотны хүмүүс бүгд мэддэг байсан. Зөвхөн олсон архиа хувааж уудаг байсан. Миний 80 хувийн группын мөнгөөр эгч Отгонтэнгэр намайг асарч авч явдаг юм. Талийгаач өглөө гараад явдаг ба согтуу ирж, зөвхөн хоног төөрүүлэх гэж манайд байдаг байсан. Иймээс уг байдлыг харгалзан зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү. Миний бие муудаж эмнэлэгт хэвтсэн бөгөөд миний биеийн нарийн, бүдүүн гэдэс тасархай, ходоод муу, 80 хувийн хөдөлмөрийн чадвар алдсан зэргийг харгалзан үзэж, ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих анги болгож өгнө үү. ...” гэжээ.
Дээд шатны прокурор Н.Энхтуяа бичсэн эсэргүүцэлдээ “...шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэнд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнд, биеийн эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц нийтэд тустай ажил хийлгэх ялыг жирэмсэн эмэгтэй, тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэй хүнд оногдуулахгүй гэж заасан тул Б.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзэж шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтанд зааснаар “Б.т оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцон, 30 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтанд зааснаар оногдуулсан 12 жил хорих ялд нэмж нэгтгэн, Б.ын биечлэн эдлэх хорих ялыг 12 жил 30 хоногийн хугацаагаар тогтоосугай” гэж шийдвэрлэжээ.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэсэн заалтыг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж шүүгдэгчид оногдуулсан ялын төрлийг өөрчилж, нэмж нэгтгэн шүүгдэгчид хуульд заагаагүй ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна.
Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, шүүгдэгч Б.ын эрх зүйн байдлыг дордуулсан ял шийтгэл оногдуулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж эсэргүүцэл бичив. ...” гэжээ.
Прокурор А.Баясгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дээд шатны пркурорын гаргасан эсэргүүцлийг дэмжиж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хөнгөн төрлийн, хорих ял оногдуулахгүй гэмт хэрэг юм. Шүүхээс Б.т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар 12 жилийн хорих ял дээр торгох ялыг нэмж нэгтгэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр болсон. Өөрөөр хэлбэл нэмж нэгтгэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Шүүгдэгчийн хувьд 30 хоногоос бага ял оногдуулах нь эрх зүйн байдлыг нь дээрдүүлнэ гэж үзэж байна. ...” гэв.
Шүүгдэгч Б.ын өмгөөлөгч Б.Долгорсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...прокурорын гаргасан эсэргүүцэлтэй холбогдуулан шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Нэмж нэгтгэсэн асуудал нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар зүйлчилсэн нь буруу гэж үзэж, хэргийн зүйлчлэлтэй санал нийлэхгүй байна. Учир нь тухайн хэрэг болсон өдөр буюу 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн өмнөх өдөр нь талийгаач толгой руугаа цохиулчихаад эмнэлэгт очиж үзүүлээгүй, хэрвээ үзүүлсэн бол амьд байх боломжтой байсан байж магадгүй. Тиймээс тусламж үзүүлэх “цаг хугацаа алдсан” гэж үзэж байна. Тийм учраас зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү. Мөн ял эдлэх дэглэмийн тухайд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, эрүүл мэндийн тухайд хөдөлмөрийн чадвар 80 хувь алдагдалтай хүн учир нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангажээ.
Шүүгдэгч Б. нь 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 9-37 тоот, өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Д.Оюунгэрэлийг зодож алсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оюун-Эрдэнэ /хх-27-30/, гэрч Б.Баясгалан /хх-67-68/, гэрч Д.Хажидмаа /хх-43-46/, гэрч Д.Наранжаргал /хх-54-55/, гэрч Э.Рэгзэдмаа /хх-56-57/, гэрч С.Амарсанаа /хх-60/ нарын мэдүүлгүүд,
шинжээч эмч Д.Ганзоригийн “дээрх толгойн гэмтлийг авсан хүн гэмтсэн судас, алдаж байгаа цусны хэмжээтэй холбоотой цус хуралдаж тархийг дарах хүртэл амьд байх боломжтой. Уг гэмтлүүд нь цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хурсан цусан хураа нэмэгдэж, тархи дарах, амь насанд аюултай байдалд хүрэх хүртэл амьд байж идэвхитэй үйлдэл хийх боломжтой” гэх мэдүүлэг /хх-95-96/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Талийгаач нь их тархины дух, зулай, чамархайн зүүн дэлбэн хамарсан том хэмжээний хатуу хальс дээрх цусан хурааны улмаас тархи дарагдаж, төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас баржээ” гэсэн 342 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-77-79/ зэрэг,
мөн 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 9-37 тоот, өөрийн гэртээ согтуугаар Ж.Шархүүгийн зүүн гар тус газарт нь таягаараа цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ж.Шархүү /хх-32-33/, гэрч Б.Отгонтэнгэр /хх-38-42/, гэрч Б.Уранчимэг /хх-71-72/ нарын мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Ж.Шархүүгийн биед зүүн богтос ясны далд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 5911 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-93/,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5-6/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-7-17/ зэрэг тус тус хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б. нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж дүгнэсэн нь хуульд нийцжээ.
Шүүгдэгч Б.т 12 жил 30 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзэв.
Дээд шатны прокурор Н.Энхтуяагийн “...Б.т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар 12 жилийн хорих ял дээр торгох ялыг нэмж нэгтгэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан ...” гэх эсэргүүцэл,
шүүгдэгч Б.ын “...талийгаач Оюунгэрэл бид хоёр хууль ёсны гэр бүлийн баталгаагүй. Хамт амьдарч байсан нь үнэн боловч гэр бүлийн харилцаатай байгаагүй. Энэ талаар гэрчүүд болон бидний ойр дотны хүмүүс бүгд мэддэг байсан. ... уг байдлыг харгалзан зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулага бүхий давж заалдах гомдол гаргасныг тус тус хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд, шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоохоор хуульчилсан бөгөөд мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол ...хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад эдлүүлэхээр шийдвэрлэж болох эрхийг шүүхэд олгожээ.
Дээрх зүйлд зааснаар торгуулийн ялыг хорих ялд нэмж нэгтгэхдээ, торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцохоор хуульчилжээ.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд харин “шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан” гэсэн прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлгүй байна.
Шүүгдэгч Б.ын гомдлын хувьд: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “... эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд…” гэж энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүдийг заасан байна.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн тайлбарт “...Энэ хуульд заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаа” гэж гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно...” гэж тодорхойлсон бөгөөд шүүгдэгч Б. болон амь хохирогч Д.Оюунгэрэл нар нь хэдийгээр гэр бүлийн баталгаагүй боловч 7 жилийн турш хамтран амьдарсныг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай байсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн гэрч Д.Наранжаргалын “ ...би ыг Оюунгэрэлийг хэд хэдэн удаа зодож, цохиж байхыг харсан...” /хх-54-55/, гэрч С.Амарсанаагийн “... нь тэр эмэгтэй /Оюунгэрэл/-г нүцгэн хөөж байхыг харсан...” /хх-61/, гэрч Э.Рэгзэдмаагийн “... нь Оюунгэрэлийг энэ нэг муу юм чинь надаас салахгүй байна. Надаас салгаад өгөөч гэж орилж, чарлаж, агсам тавиад байсан...” /хх-56/ зэрэг нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б. нь амь хохирогч Д.Оюунгэрэлд сэтгэл санааны болон бие махбодийн хүчирхийлэлийг удаа дараа үзүүлж байсны гадна хэрэг учрал болсон 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий Д.Оюунгэрэлийг зодож “ ...их тархины дух, зулай, чамархайн зүүн дэлбэн хамарсан том хэмжээний хатуу хальс дээрх цусан хурааны улмаас тархи дарагдаж, төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдал...” бүхий гэмтэл учруулан алсан нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасан “бие махбодын хүчирхийлэл”-д хамаарна.
Нөгөөтэйгүүр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт “...гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг…” ойлгохоор заасан бөгөөд шүүгдэгч Б.ын хувьд хамтран амьдрагч амь хохирогч Д.Оюунгэрэлийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хийсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.ын “...зүйлчлэлийг хөнгөрүүлж, ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих ангид болгож өгнө үү...” гэсэн давж заалдах гомдол, “...шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан ял шийтгэл оногдуулсан байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй...” гэсэн дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг тус тус хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 619 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.ын гаргасан давж заалдах гомдол болон дээд шатны прокуроын бичсэн эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧИД О.ЧУЛУУНЦЭЦЭГ
М.АЛДАР