Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 00137

 

                                                                           

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энхбаатар,

Улсын яллагч Ч.Сэлэнгэ

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Ганзориг

Хохирогчийн өмгөөлөгч С.Ванчиг

Хохирогч Б.Батцэцэг

Шүүгдэгч Н.Дамдинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийж,

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-д заасан гэмт хэрэгт сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Нацагдоржийн Дамдинсүрэнд  холбогдох Эрүүгийн 201614000101 дугаартай хэргийг 2016 оны 06 сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

                                      Шүүгдэгчийн биеийн байцаалт.

Монгол улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 04-нд Архангай аймагт төрсөн, эрэгтэй, 31 настай, дээд боловсролтой, Эрдэнэт Дулааны цахилгаан станцад машиннист ажилтай, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-17-56 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай Боржигон овгийн Нацагдоржийн Дамдинсүрэн. / АЯ85110498/

                                        Холбогдсон гэмт хэргийн талаар.

Шүүгдэгч Н.Дамдинсүрэн нь 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэр Пирамид төвийн хойд авто замд тоёота алион маркын 8471 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч явсан явган зорчигч Б.Батцэцэгийг мөргөж биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд :

           1. Шүүгдэгч Н.Дамдинсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 01 дүгээр сарын 29-ний орой 17 цагийн үед өөрийн эзэмшлийн 8471 ОРО улсын дугаартай авто машинтайгаа Мэнд-Амар худалдааны төвийн зүүн талын авто зам дээр явган хүний гарцтай хэсгээр хурдаа хасаад явж байгаад зам хөндлөн гарч явсан хохирогч Б.Батцэцэгийг машиныхаа баруун урд хэсгээр мөргөж зам тээврийн осол гаргасан нь үнэн. Би тухайн үед нь хохирогчийг Нэгдсэн эмнэлэг рүү авч явж үзүүлсэн ба нурууны зураг авахуултал нуруу нь нилээд муруйлттай гарсан. Би хохирогчид хэрэгтэй эм, тариа, хоол хүнсийг нь авч өгч байсан ба эмнэлэгт хэвтүүлж ор хоногийн мөнгийг нь төлж, Улаанбаатар хот руу өөрийн зардлаар авч явж эмнэлэгт үзүүлж, буцах зардлыг нь өгч байсан. Би хохирогчид эм, тариа, үзлэг шинжилгээ, ор хоногийн болон хоол хүнс, бэлэн мөнгө гээд нийт 790 783 төгрөгийн тусламж үзүүлсэн. Хохирогч надаас эхлээд 3 000 000 төгрөг нэхэмжилж байснаа сүүлдээ 10 000 000 төгрөг нэхэмжлэх болсон. Гэвч миний цалингийн дансны орлого, зарлагын гүйлгээг мөрдөн байцаалтын шатанд зогсоосон тул цалингаа ч авч чадахгүй өнөөдрийг хүрсэн. Одоо шүүхийн шийдвэрээр хохирогчид төлөх ёстой эмчилгээний зардлыг төлнө. Хохирогч надаас нийт 200 000 төгрөг бэлнээр цувуулж авсан ба өнөөдөр 70.000 төгрөг л авсан гэж хүлээн зөвшөөрч байна. Би Батцэцэгийг надаас авсан зүйлээ бүгдийг нь бичиж өгөөч гэтэл өгдөггүй юм гэв.   

          2.  Хохирогч Б.Батцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн... 2016 оны 01 дүгээр сарын 29-ний орой 17 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Пирамид төвийн хойд явган хүний гарцтай хэсгээр ертөнцийн зүгээр урд хэсгээс хойд чиглэлтэй гарч явтал ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй ирж явсан авто машин ирж намайг мөргөөд, би нилээд хол шидэгдэж газар унасан. Тэр үед авто замын эсрэг урсгалд осол гарсан бололтой хоёр замын цагдаа шалгалт хийж байсан хоёр цагдаа ирээд жолоочид “чи гарцан дээр хүн дайрч осол гаргасан” гээд цагдаад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа нар ирээд хэмжилт хийсэн ба осол гаргасан жолооч найзыгаа дуудаад надтай хамт эмнэлэг явуулсан. Дараа нь осол гаргасан жолооч эмнэлэг дээр ирээд би цагдаа нарт өгөх мөнгөө танд өгье гээд намайг машиндаа суулгаад олон удаа гуйсан. Тэгэхээр нь би чи юу яриад байгаа юм бэ? гэж л хэлсэн. Энэ авто ослоос хойш миний толгой өвдөнө, хөл мэдээгүй зогсох боломжгүй, нуруу өвдөөд тэргэнцэртэй л явдаг боллоо. Би эрүүл саруул хувиараа юм хийгээд хоёр хүүхдээ тэжээгээд яваад байсан. Би маш их гомдолтой байна. Өнөөдөр Н.Дамдинсүрэнгээс шинжилгээний 10 000 төгрөг, эм тарианы 433 800 төгрөг, шатахууны 465 000 төгрөг, нотариатын 6 600 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 500 000 төгрөг, тэргэнцэрийн 100 000 төгрөг, үзлэгийн 30 000 төгрөг, цалин хөлс орлогогүй 3 сар байсны 576 000 төгрөг, групп-д орсоны улмаас дутуу орлого болох /192 000-140 000=52 000 х 2 =104 000 төгрөг/ бүгд 2 225 400 төгрөг болж байгаагаас шүүгдэгчийн надад авч өгсөн гэх мах, будааны үнэ 146 4000 төгрөгийг хасаад 2 079 000 төгрөгийг нэхэмжилсэн. Хурлын өмнө шүүгдэгч надад 500 000 төгрөг бэлнээр өгсөн үүнийг хасвал 2 079 0000 төгрөг нэхэмжилж байна гэв.

            3. Гэрч А.Батболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн....2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр манай Цагдаагийн газрын цасны баяр болдог өдөр ахлах ахлагч Цогтбаярын хамт 24 цагаар үүрэг гүйцэтгэж байхад Орхон аймаг Баян-Өндөр сум Мэнд-Амар худалдааны төвийн зүүн талын авто замын явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч явсан явган зорчигч эмэгтэй хүн нь ертөнцийн зүгээр урд зүгээс хойд зүг чиглэлтэй явган хүний гарцаар гарч байхад нь ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй явж байсан тоёота алион маркын 8471 ОРО улсын дугаартай авто машин мөргөсөн. Зам тээврийн осол болох үед нь ахлах ахлагч Цогтбаяр бид хоёр авто замын эсрэг талд авто машин шалгаж байсан.Тэгээд шууд Цагдаагийн газарт дуудлага өгсөн, удалгүй байцаагч ирж хэмжилт хийсэн. Зам тээврийн осол гаргасан гэх авто машины жолооч авто машин жолоодох эрхгүй байсан гэсэн мэдүүлэг, /хх-ийн 17 тал/

            4. Гэрч С.Цогтбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн....2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр манай Цагдаагийн цасны баяр болдог өдөр ахлах ахлагч Батболдын хамт 24 цагаар үүрэг гүйцэтгэж байхад Орхон аймаг Баян-Өндөр сум Мэнд-Амар худалдааны төвийн зүүн талын авто замын явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч явсан явган зорчигч эмэгтэй хүнийг ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй явж байсан тоёота алион маркын 8471 ОРО улсын дугаартай авто машин мөргөж зам тээврийн осол гаргасан. Осол болох үед нь ахлах ахлагч Батболд бид хоёр авто замын эсрэг талд буюу Пирамидийн хойд талын авто замын нэгдүгээр эгнээн дээр зогсож байсан авто машинуудад арга хэмжээ аваад зогсож байх үед уг осол болсон. Тэгээд Цагдаагийн газарт дуудлага өгсөн. Авто машинд мөргүүлсэн гэх эмэгтэй явган хүний гарцтай хэсэг дээр зам хөндлөн гарч яваад авто машинд мөргүүлсэн. Зам тээврийн осол гаргасан жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, авто машин жолоодох эрхгүй байсан  гэсэн мэдүүлэг, /хх-ийн 18 талд/

         5. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг, осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 4-7-р талд /

         6. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан акт, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 10-12 тал/

         7. 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 10 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтэнд : 1.Тоёота алион маркын 8471 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Дамдинсүрэн нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13-р бүлэг Явган хүний гарц нэвтрэх, 13.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн байна. 2. 8471 ОРО улсын дугаартай авто машиныг жолоодож явсан жолооч Н.Дамдинсүрэн нь 2015 оны 8 дугаар сарын 16-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрх 1 жилээр хасагдсан В ангилалын 546295 хүчингүй байна. 3. Явган зорчигч Б.Батцэцэг нь МУ-ын замын хөдөлгөөний хууль, дүрмийн заалт зөрчөөгүй байна. 4. Тоёота алион маркийн 8471 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Дамдинсүрэн нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх заалтыг тус тус зөрчсөнөөр зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна гэжээ./ хх-ийн 20-р талд /

8. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шинжээчийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 163 дугаартай дүгнэлтэнд : 1. Б.Батцэцэгийн биед бүсэлхийн 4-өөс 5-р нугалам, бүсэлхийн 5-с ахар сүүлний 1-р нугалмуудын хоорондох жийргэвч мөгөөрсний цүлхийлт, ууцны хэсгийн ахар сүүлний баруун талын цууралт, бүсэлхийн нурууны өвдөлт, тархи доргилт үүсчээ. 2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.3. эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. 4. Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. 5. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх-ийн 22-р талд /

        9. Хохирогч Б.Батцэцэгийн өвчний түүх / хх-ийн 23-28-р талд /

        10. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэн Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 222 дугаартай дүгнэлтэнд : 1. Б.Батцэцэгийн биед бүсэлхийн 4 ба 5, бүсэлхийн 5 ба ууцны 1-р нугалам хоорондын жийргэвч мөгөөрсний цүлхийлт, ууцны төгсгөл хэсэг болон ууц ахар сүүлний уулзвар хэсэгт баруун талд цууралт, баруун ууц аарцагийн дэлбээний холбоосын няцрал, суналт зэрэг гэмтэл үүсчээ. 2.Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн мөргөх, цохих, цохигдох үйлчлэлийн улмаас үүсгэгдэх боломжтой. 3.Эрүүл мэндийг түр хугацаагаарр сарниулна, хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх байдлыг эдгэрэлтээс шалтгаалан тогтооно. 4. Гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. 5. Шинжээч эмч Ч.Буянзаяагийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 163 тоот дүгнэлт үндэслэлгүй байна гэжээ./ хх-ийн 32-р талд /

11.Хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл/ х-ийн 58-р талд /

12. Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

Шүүгдэгч Н.Дамдинсүрэн нь 2016 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр Орхон аймаг Баян- Өндөр сум Уртбулаг багийн нутаг дэвгэрт Пирамид төвийн хойд авто замын явган хүний гарцан дээр өөрийн эзэмшлийн Тоёота аллион маркын 8471 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Б.Батцэцэгийг мөргөж түүний бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Батцэцэг, гэрч  С.Цогтбаяр, А.Батболд нарын мэдүүлэг, шинжээчийн 163, 222 тоот дүгнэлтүүд, техникийн шинжээчийн 10 тоот дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх үнэн зөвд тооцсон болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Ганзориг нь шинжээчийн дүгнэлтийг үнэлэх боломжгүй, 163, 222 тоот дүгнэлт нь хүндэвтэр, 459, 657 тоот дүгнэлтүүд нь хөнгөн гэсэн дүгнэлт гарсан учир шүүгдэгч Дамдинсүрэн нь Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1-д заасан гэмт хэргийг үйлдээгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, захиргааны зөрчил учир хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү, хэрэгт авагдсан баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэж мэтгэлцэж байх боловч шүүгдэгчийн хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээч эмч Ж.Гэрэлмаа, Мэдрэлийн эмч Д.Даваасүрэн, гэмтлийн эмч Болд нарын бүрэлдэхүүнтэй 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр иргэн Б.Батцэцэгийн биед учирсан гэмтлийн талаар шинжээчийн дүгнэлт гарсан. Эмнэлгийн бичиг баримт болон үзлэгээр Б.Батцэцэгийн биед бүсэлхий 4 ба 5, бүсэлхий 5 ба ууцны 1-р нугалам хоорондын жийргэвч мөгөөрсний цүлхийлт, ууцны төгсөл хэсэг болон ууц ахар сүүлний уулзвар хэсэгт баруун талд цууралт, баруун ууц аарцагийн дэлбээний холбоосын няцрал суналт зэрэг гэмтэл үүссэн байсан. Энэ гэмтэл нь эрүүл мэндийг удан хугацаагаар буюу 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулдаг. Иймээс эрүүл мэндийг сарниулсан хугацаагаараа гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Хохирогч Б.Батцэцэг нь 2016 оны 05 сарын 03-ны өдрийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар алдсан нь хөдөлмөрийн чадвар түр алдсан, эмчийн хяналтанд эмчлэгдээд тодорхой хугацааны дараа эдгэнэ, тогтонги алдалт бол эдгэхгүй. Жийргэвчний цүлхийлт нь мэдрэлийн ёзоорын өвдөлт ихтэй байгаа үед хөдөлмөрийн чадвар түр алдалтын хувь тогтоогдон энэ хугацаанд эмчийн хяналтанд эмчлэгдэх ёстой. Ийм учираас гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдаж байгаа гэсэн тайлбар зэргээр шүүгдэгч Н.Дамдинсүрэнгийн үйлдлийн улмаас хохирогчийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсан гэж үзэх үндэслэлтэй байна. Харин шинжээчийн 459, 222 тоот дүгнэлтүүдийг нотлох баримтаас хасаж тооцсон болно.

Иймд шүүгдэгч Н.Дамдинсүрэнд холбогдох хэргийн зүйлчлэл зөв шүүхээс түүнийг Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл халдаах үндэслэлтэй боловч шүүгдэгч хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.1, 208 дугаар зүйлийн 208.1.1-д зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Батцэцэгийн нэхэмжилсэн 2.079.000 төгрөгнөөс бэлнээр авсан 70.000 төгрөг, шүүх хуралдааны өмнө авсан 500.000 төгрөг, өмгөөллийн хөлс 500.000 төгрөг зэргийг хасаж үлдэх 1.009.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгож, хохирогч цаашид гаргах эмчилгээний зардлаа шүүгдэгчээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдав.

Хохирогчийн нэхэмжилсэн өмгөөллийн хөлс 500.000 төгрөгийн хувьд төлбөрийн чадвартай иргэний хүсэл зоригийн дагуу байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хөлс гэж үзэж хасаж тооцлоо.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 285, 286, 290-299,248 дугаар зүйлийн 248.1.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь :

           1. Шүүгдэгч Боржигон овгийн Нацагдоржийн Дамдинсүрэнг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.1-д заасныг баримтлан Нацагдорж овогтой Дамдинсүрэнд холбогдох эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

         3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүйг  тус тус дурьдсугай.

         4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2-д зааснаар шүүгдэгч Н.Дамдинсүрэнгээс 1.009.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Батцэцэгт олгож, хохирогч цаашид гаргах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

    5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч Н.Дамдинсүрэнгийн нэр дээр бүртгэлтэй 8471 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг тогтоол хүчин төгөлдөр болмогц битүүмжлэлээс чөлөөлж, түүний нэр дээрхи харилцах дансны зарлагын хөдөлгөөнийг хязгаарлан зогсоох шийдвэрийг хүчингүй болгосугай.

          6.  Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

          7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ.