Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2019/00727

 

Г.Гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2018/02372 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 127 дугаар магадлалтай

Г.Гийн нэхэмжлэлтэй,

М.Тт холбогдох

Автомашины сэлбэгийн үнэ, засварын хөлсөнд нийт 2 530 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Г.Гийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Намжилжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Төрийн банкнаас ЗГ-98/05/304 тоот зээлийн гэрээгээр 17 000 000 төгрөгийн зээл авч АТН 100001257 арлын дугаар бүхий Тоёота Алфард маркийн автомашиныг худалдан авсан. Уг автомашиныг М.Т нь ямар ч асуудалгүй гэсэн тул худалдаж авсан. Гэтэл авсан цагаас эвдрэл гарч, 2 удаа кроп худалдан авсан боловч цахилгааны гэмтлээс болж дахин эвдэрсэн. М.Тээс 300 000 төгрөг авсан бөгөөд машинд эвдрэл гарах бүрт хамт явж үзүүлж оношлуулж, засуулъя гэхэд чи өөрөө явж үзүүлээд мөнгө хэд болохыг надад хэлчих гэдэг байсан. Мөн 4 ширхэг амортизатор, рулийн аппаратын тульк, хол ойрын их гэрлүүд, хойд пүрш 2 ширхэг, наклад 4 ширхэг ком, катушка 4 ширхэг, свеча 4 ширхэг, форсунк 4 ширхэг, агаар шүүгч 2 ширхэг зэргийг сольсон бөгөөд бүгдэд нь ажлын хөлс төлсөн. Дээрх сэлбэг ажлын хөлстэйгөө 2 310 000 төгрөг болсон. Энэхүү мөнгөн дүнг нэхэмжлэх хүсэлгүй байна. Харин одоогийн үүссэн гэмтэл болох цахилгааны болон бусад гэмтэл засварлахад кропны плать 1 ширхэг 200 000 төгрөг, кроп 1 ширхэг 200 000 төгрөг, тэвшний хойд тульк 2 ширхэг 100 000 төгрөг, жолоочийн талын цаф 1 ширхэг 150 000 төгрөг, жолооч талын 5 бул 1 ширхэг 130 000 төгрөг, кондейшний мотор 1 ширхэг 750 000 төгрөг нийт солих сэлбэгийн үнэ 2 530 000 төгрөг болсон. Иймд М.Тээс автомашины сэлбэгийн үнэ, засварын хөлсөнд нийт 2 530 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тоёота Альфард маркийн автомашиныг Япон дахь дуудлага худалдааны Автоком /Autocom/ компаниас 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр онлайн дуудлага худалдаагаар худалдан авч, 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Замын-Үүд гааль дээр гаалийн төлбөрийг төлж хүлээн авсан.

Г.Г нь 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр надтай автомашин худалдан авахаар Замын-Үүдийн гааль дээр уулзаж уг автомашиныг хүлээн авсан. 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод ирж үлдэгдэл төлбөрөө шилжүүлснээр тооцоо дуусч Г.Гийн нэр дээр шилжүүлсэн. Г.Г нь анх машиныг хүлээн авахдаа үзэж шалгаж авсан бөгөөд шаардлагатай оношилгоо, үзлэгт хамруулсан. Үүний дараа машинд засвар хийх тухай холбогдоход би засварт шаардлагатай гэх 300 000 төгрөгийг шилжүүлсэн.

Гэвч автомашиныг Г.Гэд албан ёсоор шилжүүлэн өгснөөс хойш сар гаруйн дараа автомашинд эвдрэл гарсан тухай холбогдсон. Миний хувьд улсын дугаар аваагүй, Монголд яваагүй автомашиныг Япон улсаас гарсан мэдээллээр тулган баталгаажуулж зарсан бөгөөд худалдан авагч уг автомашиныг өөрийн эзэмшил хэрэгцээнд бүтэн сар гаруй ашиглаж унасны дараа надаас мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2018/02372 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Тээс 2 530 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Гэд олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55 500 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч М.Тээс 55 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Гэд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 127 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2018/02372 дугаар шийдвэрийн, тогтоох хэсгийн 1 дэх заалтад “2 530 000 төгрөг” гэснийг “900 000 төгрөг” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “хариуцагч М.Тээс 55 500” гэснийг “хариуцагч М.Тээс 26 150” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 55 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Г.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 254.1 дэх хэсэгт заасан шаардлага гаргах эрхтэй болохыг дурдаад Г.Г надад 2 530 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хуульд нийцсэн шийдвэр гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүх Төрийн банк, М.Т нарын хооронд хийсэн хамтран ажиллах гэрээний хавсралтад зааснаар 1 200 000 төгрөгийг л гаргуулах үндэслэлтэй, үүнээс М.Тээс өмнө нь авсан 300 000 төгрөгийг хасаад 900 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна.

Уг автомашиныг авсан үеэс хойш гарсан зардал анх 2 310 000 төгрөг болсон. Мөн дахин эвдэрч явах боломжгүй болж дахин 2 530 000 төгрөгөөр засуулсан. Холбогдох нотлох баримт, зураг хавтаст хэрэгт байгаа болно. Нийт 4 840 000 төгрөг болсноос би зөвхөн сүүлд гарсан зардлыг буюу 2 530 000 төгрөгийг нэхэмжилсэн. Анхан шатны шүүх дээр миний зүгээс автомашинаа буцааж өгөөд 17 000 000 төгрөгөө авъя гэсэн санал тавьсан ч хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй гэсэн. Миний хувьд засварын мөнгө дээрээс нь зээл төлөх гээд маш дарамттай байна.

Гэрээний 4.1.3 дахь хэсэгт “Худалдагч барааны баталгаат хугацаанд (6 сар) засвар үйлчилгээтэй холбоотой гарсан аливаа эвдрэлийг зээлдэгчтэй тохиролцсоны үндсэн дээр шийдвэрлэнэ” гэж заасан. “Худалдагчаас баталгаат засварын хугацаанд гарсан бусад эвдрэл гэмтэл, засвар үйлчилгээг бүрэн хариуцах ба үнэ төлбөргүйгээр гүйцэтгэнэ” гэж заасан. Гэрээнд “засвар, үйлчилгээний хуваарийг нарийвчлан зааж хавсралтаар баталсан байна.” гэжээ. Энэ нь засвар үйлчилгээний хуваарийг л хавсралтаар баталсан гэсэн ойлголт байна. Энэ нь гэрээнд бүх эвдрэл гэмтлийг засах, солих, бүх гарсан зардлыг М.Т хариуцахаар заажээ.

Гуравдагч этгээдэд шаардах эрх, нэхэмжлэх эрх үүсэх тухайд:

Барааны доголдлыг арилгахад гарсан зардлаа авахаар шаардах,

Барааны доголдлыг арилгахад шаардлагатай мөнгөний хэмжээгээр барааны өртгийг бууруулахыг шаардах,

Барааны доголдлыг арилгаагүйгээс ашиглах боломжгүй болсон 14 хоногоос дээш хугацаанд холбогдон гарах зээлийн төлбөр, хүү алдангийг хариуцан төлөхийг шаардах зэрэг олон эрхийг гэрээнд заасан атал нэхэмжлэгчийн хохирлыг хэт бууруулж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөөрөхгүй байна.

Бид Япон улсаас орж ирсэн, явж байсан машин худалдаж авдаг. Би ч өмнө нь хэд хэдэн машин авч байсан, ийм тохиолдол гарч байгаагүй.

Гэрээний 8.5 дахь хэсэгт “Худалдагч нь үйлдвэрийн гэмтэл болон бусад гадны нөлөөгөөр эвдэрч гэмтсэн буюу ашиглах боломжгүй эсвэл эрхийн зөрчилтэй барааг нийлүүлснээс зээлдэгчид учирсан хохирлыг бүрэн хариуцна.” гэж заасан байна.

Дээрх гэрээнд худалдагч зээлдэгчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулах хэд хэдэн заалт байх бөгөөд Иргэний хуулийн 256.1 дэх хэсэгт зааснаар учирсан хохирлыг төлөх үүрэгтэй гэж заасантай нийцэж байна. Мөн 256.2, 256.3 дахь хэсэгт зааснаар гэрээг цуцлах үндэслэл байна гэж үзэж байна. Мөн М.Т нь хуулийн 257.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн доголдлыг нуун дарагдуулж худалдсан байх тул хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус байна гэж үзэж байна. Учир нь уг автомашин 2003 онд үйлдвэрлэгдсэн бөгөөд 2006 онд үйлдвэрлэсэн гэж хуурамч бичиг баримт үйлдэж худалдсан байдаг.

Иймд ИХШХШТХуулийн 172.1 дэх хэсэгт заасныг давж заалдах шатны шүүх зөрчиж шийдвэр гаргасан гэж үзэж байх тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Г.Г нь М.Тт холбогдуулан автомашины сэлбэгийн үнэ, засварын хөлсөнд нийт 2 530 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 900 000 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгожээ.

Г.Г нь 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Төрийн банкнаас 17 000 000 төгрөгийн зээл авч, үүнээс 15 000 000 төгрөгөөр нь Тоёото Алфард маркийн авто машиныг М.Тээс худалдан авсан. Тус авто машинд авсан цагаас нь эвдрэл гарч, 2 удаа хроп худалдан авч тавьсан боловч цахилгааны гэмтлээс болж дахин эвдэрсэн үндэслэлээр сүүлийн гэмтэлтэй холбогдон гарсан засварын зардал, сэлбэгийн үнэ 2 530 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч М.Т нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...тус машиныг Япон улс дахь дуудлага худалдаанаас худалдаж аваад, Замын-Үүдийн гааль дээр ирэхэд нэхэмжлэгч нь худалдаж авахаар тохирч, хүлээж авсан, улмаар Улаанбаатар хотод ирж шаардлагатай үзлэг, оношилгоонд оруулаад, шалгаж, туршиж үзээд худалдаж авсан. Худалдагч нь тус машиныг Монгол улсад орж ирэхэд нь Япон улсаас гарсан мэдээллээр тулгаж, хүлээж авснаас өөрөөр хэрэглээгүй, засварт шаардлагатай гэх 300 000 төгрөгийг өгсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.

Талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.дэх заалтад нийцсэн байна.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй.

Хариуцагч М.Т нь нэхэмжлэгчид худалдсан 2006 оны АТН10-0001257 арлын дугаартай Тоyото Аlphard НV маркийн автомашиныг “Автоком карс” ХХК-иар дамжуулан 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Япон улс дахь дуудлага худалдаанаас худалдан авч, улмаар 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Замын-Үүдийн гаалиар Монгол улсад оруулж ирсэн.

Нэхэмжлэгч нь 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр автомашиныг худалдаж авахаар Замын-Үүдийн гааль дээр хүлээн авч, Улаанбаатар хотод машинтайгаа ирж 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн Техникийн хяналтын үзлэгийн төвөөр оношлуулан, 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Төрийн банкны ТБ ДГ Соёмбо ТТ салбартай №ЗГ98/05/304 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ” байгуулж, автомашин худалдан авах зорилгоор 17 000 000 төгрөгийг зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар худалдан авсан автомашиныг банкны өмчлөлд шилжүүлэхээр “Фидуцийн гэрээ” байгуулсан байна.

Төрийн банк тус автомашиныг худалдсан худалдагч М.Ттэй “Хамтран ажиллах гэрээ” байгуулсан үйл баримт тогтоогджээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1.-д заасан худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгахад гарсан зардлыг төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй гэх заалтыг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуульд заасан журмыг биелүүлээгүй, хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй байх ба үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй талаар давж заалдах шатны шүүх магадлалдаа тодорхой дурджээ.

Хариуцагч М.Т нь Япон улсын дуудлага худалдаанаас худалдан авсан автомашиныг Монгол улсад ирэнгүүт гаалиас хүлээн авч, тус автомашиныг худалдан авсан талаарх баримтыг худалдан авагчид өгч, Монгол улсад явалгүйгээр автомашиныг худалдан авагчид шилжүүлсэн, худалдан авагч Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл унаж, автомашиныг шалгаж, оношлогоонд оруулсны эцэст тус тээврийн хэрэгслийг худалдаж авахаар үнийг төлж, эд хөрөнгийг хүлээн авсан үйл баримт хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон байхад худалдаж буй тээврийн хэрэгсэлтэй холбоотой мэдээллийг үнэн зөв, бүрэн өгөх үүргээ худалдагч биелүүлээгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт учир дутагдалтай болжээ.

Худалдан авагч эд хөрөнгийг хүлээж авахдаа холбогдох оношлогоонд оруулж, өөрөө биечлэн шалгаж авсан байх тул биет байдлын доголдолгүй хөрөнгө худалдан авагчид шилжүүлсэн гэж хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй боловч тэрээр Төрийн банктай байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-гээр худалдсан автомашины зөвхөн мотор, хропны үндсэн эд ангид 6 сарын хугацаатай баталгаа гаргасан байсныг үндэслэн давж заалдах шатны шүүхээс тухайн эд ангид учирсан гэмтлийн засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг нөхөн төлүүлэхээр, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хропны үнэ 1 200 000 төгрөгийг хариуцагч хариуцах үндэстэй гэж дүгнэн, үүнээс засварын зардалд өгсөн 300 000 төгрөгийг хасч, үлдэх 900 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн байна.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянахдаа хэрэгт цугларсан баримтад үндэслэн өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 219 дүгээр зүйлийн 219.1., 254 дүгээр зүйлийн 254.1. дэх заалтуудыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.2., 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна. 

Иймд магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 127 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Г.Гийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41 050 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Б.УНДРАХ

                                    ШҮҮГЧ                                            Х.ЭРДЭНЭСУВД