Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 883

 

 Магадлал                                                         Хянуулах   

2018.9.25                                                    №                                                Улаанбаатар хот             

 

 

 

 

 

 

А.Ө, Д.Л нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Зориг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор А.Марал,

шүүгдэгч, хохирогч А.Ө, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг,

шүүгдэгч, хохирогч Д.Л, түүний өмгөөлөгч Х.Отгончимэг,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 556 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч, хохирогч Д.Лгийн өмгөөлөгч Х.Отгончимэг, шүүгдэгч, хохирогч А.Ө нарын гаргасан давж заалдах гомдлуудаар А.Ө, Д.Л нарт холбогдох 1705008160196 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Тэмээчин овгийн Арсланбаатарын Ө, 1980 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, эрэгтэй, 37 настай, дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, ТВ коктейль хамтлагийн ахлагчаар ажилладаг, ам бүл 6, хадам эцэг, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүрэг 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол,

Урианхай овгийн Доржсүрэнгийн Л, 1980 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 37 настай, дээд боловсролтой, гаалийн байцаагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эцэг, нөхөр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол,

А.Ө нь 2017 оны 9 дүгээр сарын 9-ний өглөө 04 цагийн үед Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 15 дугаар байрны 38 тоот хаалганы гадна гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж өөрийн эхнэр Д.Лг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Д.Л нь тэр үед гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж өөрийн нөхөр А.Өын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: А.Ө, Д.Л нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Тэмээчин овгийн Арсланбаатарын Ө, Урианхай овгийн Доржсүрэнгийн Л нарыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.Өыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр, Д.Лг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар А.Ө, Д.Л нарын торгох ялыг биелүүлэх хугацааг 3 сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, А.Ө, Д.Л нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч, хохирогч Д.Лгийн өмгөөлөгч Х.Отгончимэг гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний үйлчлүүлэгч Д.Л нь 2017 оны 9 дүгээр сарын 9-ний өглөө 04 цагийн үед Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 15 дугаар байрны 38 тоот хаалганы дэргэд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, З хүүхдийн эцэг болох А.Өд зодуулж, тархины доргилт, баруун чамархай, дагзны зөөлөн эдийн няцрал, баруун шуу, зүүн бугалга, бэлхүүс хонго зэрэг биеийн ихэнх хэсэгт цус хуралт, няцралт үүссэн зэрэг гэмтлийн улмаас эрүүл мэндээрээ хохирсон.

Д.Лд энэхүү гэр бүлийн хүчирхийллийн зодуур удаа дараа давтагддаг ба Л нь нөхөр А.Өын зодуур дарамтыг эсэргүүцэж өөрийгөө хамгаалах үйлдэл хийснийхээ төлөө өнөөдөр шүүхээр ял сонсож, хэрэгтэн болоод байна. Гэвч мөрдөгч нь мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өмгөөлөгчтэй байна гэсэн  заалтыг зөрчиж шүүгдэгч Лг шүүхийн шат хүртэл өмгөөлүүлэх эрхийг хангаагүй. Өнөөдөр эх хүн, эмэгтэй хүн гэр бүлийн хүчирхийллийн улмаас согтуу нөхрийн хэрцгий догшин авираас болж гэмт хэрэг үйлдсэн болохоос санаатай гэмт хэрэг үйлдээгүй байна. Лгийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар шүүгдэгчийн хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь заалтад зааснаар байнгын хүчирхийлэл дарамтанд өртсөнөөс өөрийгөө хамгаалах зорилгоор хохирогчид халдаж гэмт хэрэг үйлдсэн байна. Иймд анхан шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээс оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган төгрөгийн торгуулийн ялыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч, хохирогч А.Ө гаргасан давж заалдах гомдолдоо: “...А.Ө би 2017 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр өөрийн амьдрах Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 15 дугаар байрны 38 тоот байранд эхнэр Д.Лтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас харилцан зодолдож, эхнэр миний толгойн тус газар хатуу зүйлээр 2 удаа цохиж хөнгөн гэмтэл, би өөрөө эхнэр Д.Лгийн үйлдлийг таслан зогсоох зорилгоор хүч хэрэглэн биед нь хөнгөн гэмт учруулсан гэмт хэрэгт холбогдон Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.

Анхан шатны шүүх хуралдаан болох өдрөөс сарын өмнө эхнэр бид 2 харилцан ойлголцон бие биеэ уучилж, цаашид үр хүүхдийнхээ сайн сайханы төлөө эвтэй найртай амьдрахаар тохиролцсон байсан. Гэтэл шүүх хурлаас хойш эхнэр бид хоёрын харилцаа илтэд муудаж, дахин хэрүүл тэмцэл болохоор шинжтэй болсон тул одоо би өөрийн төрүүлсэн ээж дээрээ эргэн ирж амьдарч байна. Анхан шатны шүүх хурал дээр хэдийгээр бид хоёр гэмт хэрэг үйлдсэн талаараа ярихгүй байхаар харилцан тохиролцож орсон боловч шүүх хэрэг гарсан нөхцөл байдлыг үнэн зөвөөр тогтоох ёстой байсан гэж ойлгож байна. Миний бие хэрэг гардаг өдрөөс хэдэн сарын өмнө эхнэртэйгээ хувийн таарамжгүй харилцааны улмаас гэрээсээ явсан байсан бөгөөд тэр өдөр найзын маань төрсөн өдрийн баярт очсон. Найз нөхдөөрөө баярлаж байгаад тарахад намайг манай найз гэрт хүргэж өгсөн. Тухайн үед би найз нартаа гэрээсээ явсан гэж хэлж чадаагүй учраас нэрэлхэн гэрийнхээ гадна буугаад худлаа орц руугаа орж байгаа дүр эсгэж орцныхоо үүдэнд иртэл эхнэр Лтэй таарсан. Тэгээд би “чи яагаад шөнийн 03 цаг болж байхад ирж байгаа юм, үр хүүхдээ хаяад хаагуур яваад байгаан” гэж асуухад урдаас хэл амаар дайрч улмаар бид хоёр хэрэлдсэн чигээрээ хөршийн хаалга хооронд орсон. Гэтэл Л хэрэлдсэн чигээрээ гэрийн хаалга онгойлгож цааш гүйж орсноо алх авч гарч ирж миний толгойн орой хэсэг рүү хоёр удаа дэлссэн. Гэнэт маш их өвдөлтийг мэдэрсэн, нүүр дагаад халуу оргиод ирсэн би цус гарч нүүр даган урсаж байгааг мэдэрсэн. Ингээд би эхнэр Лгийн гараас алхыг булаан авч цааш нь шидээд түүнийг шилэн хүзүүнээс нь дарахад өөрөө надтай ноцолдож миний нүүрийг самардах гээд байхаар нь би үсдэж доош дараад дээрээс нь өвдөглөж доош нь дарж өөрийгөө хамгаалж байгаад цагдаа ирэхэд гараа татаж авсан. Хэргийн бодит байдал энэ бөгөөд миний бие мөрдөн байцаалтын шатанд мөрдөн байцаагч нарт үнэн зөвөөр ярьж, энэ байдал нь бусад баримтуудаар бас нотлогдсон байдаг. Эхнэр Д.Лгийн биед үүссэн гэмтлүүд нь дандаа түүний ар нурууны хэсэгт үүссэн байх бөгөөд энэ нь би түүний гараас алх булааж аваад өөрт болон бусдад аюулгүй байдал үүсгэх зорилгоор үсдэж доош дарснаас үүссэн гэж бодож байна.

Миний бие эхнэртэйгээ үргэлж хэл ам хийж муудалцаж байдаг хүн биш бөгөөд 2017 оны хавраас манай гэр бүлд бидний дунд үл ойлголцол үүсэж, эхнэр байнга гадуур дотуур шөнө, орой явж байснаас хэрүүл гарах болсон. 2017 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр гарсан хэрүүл нь мөн л дээрх шалтгаанаас үүдэлтэй байсан ба ямар ч эр хүн, нөхөр хүн эхнэрээ өөрийнхөө толгойд тэр тусмаа алхаар 2 удаа цохихыг хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Цохилуур нь таараад би үхсэн бол нөхцөл байдал өөр байх байсан. Тэглээ гээд миний бие эхнэртээ хүч хэрэглээгүй бөгөөд харин таслан зогсоох зорилгоор хананд шахаж үсдэж доош дарсан ба улмаар улам орилж үсчээд байхад нь бусдад болон дахин надад гэмтэл учруулахгүй байх зорилгоор миний аргагүй байдлын улмаас энэ үйлдлийг хийсэн юм. Иймд миний хэргийг аргагүй хамгаалалт хийсэн гэж цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч, хохирогч А.Ө тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би гэр бүлийн хүн болох Л.Лтэй эвлэрч, учир байдлаа олсон тул өөрийн гаргасан давж заалдах гомдлоосоо татгалзаж байна. ...” гэв.

Шүүгдэгч, хохирогч Д.Лгийн өмгөөлөгч Х.Отгончимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би гаргасан давж заалдах гомдлын шаардлагаа өөрчилж байна. Гэм буруугийн талаар маргах зүйлгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч, хохирогч А.Өын өмгөөлөгч Д.Тунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. ...” гэв.

Шүүгдэгч, хохирогч Д.Л тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор А.Марал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Гэмт хэрэг 2017 оны 9 дүгээр сарын 9-ны өдөр үйлдэгдэж, хэргийг прокурорт 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдүүлэхээр ирүүлсэн. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулсан болох нь нотлогдон тогтоогдсон тул анхан шатны шүүхээс шийтгэх тогтоол гарсан. Давж заалдах шатны шүүх хуралдаанд гомдол гаргасан оролцогч нар гомдлоосоо татгалзсан хэдий ч прокурорын зүгээс үзэхэд тухайн гэмт хэрэг нь 2017 оны 9 дүгээр сарын 9-ны өдөр гарсан. Гэтэл энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө анхан шатны шүүх эцэслэн шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан байх тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

А.Ө нь 2017 оны 9 дүгээр сарын 9-ний өглөө 04 цагийн үед Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 15 дугаар байрны 38 тоот хаалганы гадна гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж өөрийн эхнэр Д.Лг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь: Д.Лгийн хохирогчоор өгсөн “ямар нэгэн үгийн зөрүүгүй зүүн талын шанаа руу баруун гараараа атгаж байгаад нэг удаа хүчтэй ханатай хавсарч цохисон. ...хөршийн хаалганы дотор талд гэрэлгүй байсан учраас намайг үргэлжлүүлээд зодож эхэлсэн. Намайг шанаадчихаад шууд элэгдсэн ба элэг ээ тэврээд газар суутал нуруу руу 5-6 удаа гараараа цохиод, хөлөөрөө өшиглөөд байсан. Тэгээд амьсгал авч чадахгүй байтал үснээс чирээд нүүр рүү хөлөөрөө өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-12-15/, гэрч М.Доржсүрэнгийн “гэрийн үүдэнд охин Л нь орилох чимээ гарахаар нь гялс босоод гадагшаа гартал гэрийн үүдэнд хүргэн Ө нь охин Лгийн үснээс дараад, доош нь газар суулгачихсан, хоолойг нь боож байгаа бололтой “чамайг гүйцээнэ” гэсэн утгатай үг хэлж байхаар нь болиулсан” гэсэн мэдүүлэг /хх-18-19/, гэрч Г.Амаржаргал /хх-20-21/, гэрч Н.Баяржаргал /143-144/, гэрч Ч.Мятав /хх-149-150/ нарын мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Д.Лгийн биед тархи доргилт, баруун чамархай, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун шуу, зүүн бугалга, зүүн дал, бүсэлхий, зүүн хонгоны гадна хэсэгт цус хуралт, хамрын нуруу, зүүн дал, зүүн өвдөгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх 11556 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-29/ зэрэг нотлох баримтуудаар,

Д.Л нь 2017 оны 9 дүгээр сарын 9-ний өглөө 04 цагийн үед Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 15 дугаар байрны 38 тоот хаалганы гадна гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж өөрийн нөхөр А.Өын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: А.Өын хохирогчоор өгсөн “жижиг төмөр алх авч гарч ирээд толгойны орой хэсэгт цохиж цус гаргасан” гэх мэдүүлэг /хх-128-130/, гэрч М.Доржсүрэнгийн “хүргэн Өын толгойноос цус гараад байж байсан” гэсэн мэдүүлэг /хх-18-19/, гэрч Г.Амаржаргал /хх-20-21/, гэрч Н.Баяржаргал /143-144/, гэрч Ч.Мятав /хх-149-150/ нарын мэдүүлгүүд,  

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...А.Өын биед тухайн үед зулайн хуйханд няцарсан шарх гэмтэл учирсан байжээ. Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх 295 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-117-118/ зэрэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.

Мөрдөн байцаалтын шатанд хэргийн үйл баримтын талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх ба шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр А.Ө, Д.Л нарын үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдсонгүй.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” бол гэж хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тогтоожээ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй.” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж “хөөн хэлэлцэх хугацааг” тогтоон хуульчилсан байх бөгөөд давж заалдах шатны шүүхээр хэрэг хянан хэлэлцэх явцад А.Ө, Д.Л нарт холбогдох гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул тэдэнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 556 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Шүүгдэгч Тэмээчин овгийн Арсланбаатарын Ө, Урианхай овгийн Доржсүрэнгийн Л нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтыг тус тус хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

                        ШҮҮГЧИД                                                      Б.ЗОРИГ

                                                                                               М.АЛДАР