Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2019/00730

 

А.Нгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2018/02494 дүгээр шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 132 дугаар магадлалтай

А.Нгийн нэхэмжлэлтэй,

“С” ХХК, “О” ХХК-иудад холбогдох

“О ХХК-ийн бизнес сервис хэлтсийн орчуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг

Хариуцагч “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Навчаа, “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнтуяа нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Ариунжаргал, хариуцагч “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Навчаа, хариуцагч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнтуяа, Д.Ундраа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ангар овогтой Н миний бие “О” ХХК-ийн хүний нөөцийн гэрээт компани болох “С” ХХК-иар дамжуулж 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр SCC-00532 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулан “О” ХХК-ийн бизнес сервис хэлтэст байнгын ажлын орон тоон дээр Орчуулагчийн албан тушаалд ажилд орсон. Миний сарын дундаж цалин 2 700 000 төгрөг. Миний бие ажил үүргээ цаг хугацаандаа, чанартай, сайн гүйцэтгэж байсан бөгөөд ямар нэгэн сахилгын шийтгэл хүлээж байгаагүй болно. Ажил үүргээ сайн гүйцэтгэж байсан гэдгийг миний сүүлийн 2 жилийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ болон, 2017 онд үйлчилгээ үзүүлж байсан сургалтын хэлтсээс шилдэг зөвлөх өргөмжлөлийг авч байсан зэргээр нотлогдоно. Гэтэл 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж цаашид сунгагдахгүй болсон тухай мэдэгдлийг ажлын имэйлээр “С” ХХК-иас хүлээж авсан. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь хэсэгт заасан аль нэг нөхцөлд хамаарахгүй, түүнчлэн уг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, 21.5 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэл болж чадахгүй байна. Миний бие уг мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй, цаашид ажиллах хүсэлтэй, мөн хөдөлмөрийн гэрээг сунгахгүй болсон талаар тайлбар хүссэн албан бичгийг 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр “С” ХХК-д хүлээлгэн өгч хүний нөөцийн ажилтан Б.Мягмарсүрэнгээр гарын үсэг зуруулж баталгаажуулж авсан.

Гэтэл захирлын 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №Б/120 дугаартай Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай тушаал гаргаж намайг ажлаас чөлөөлсөн.

Иймд миний бие дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Ангар овогтой Н намайг “О” ХХК-ийн бизнес сервис хэлтсийн Орчуулагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гаргах өдрийг хүртэл тооцож хариуцагч нараас 12 500 000 төгрөгийг гаргаж өгнө үү, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэр дээр бичилт хийхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: А.Н нь 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр “О” ХХК-ийн Өмнөговь дахь уурхайн талбайд ажиллах Орчуулагчийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр “С” ХХК-д ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээг байгуулахын өмнө ажил горилогчтой тохиролцоо гэх хэлцлийг байгуулж, хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах талаар тохиролцсон.

Уг тохиролцооны үндсэн дээр Хөдөлмөрийн гэрээг 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаатай гэрээг 1 жилийн хугацаатайгаар сунгасан байдаг. 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Мэдэгдэх хуудсаар дээрх Хөдөлмөрийн гэрээний хугацааг сунгахгүй болохыг ажилтанд мэдэгдсэн байна. Улмаар 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Гүйцэтгэх захирлын тоот тушаалаар Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Хариуцагч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан бодит шалтгаан нөхцөл нь түүний аж ахуйн үйл ажиллагааны онцлогтой холбоотой юм. Хавтаст хэрэгт авагдсан “С” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний арын хуудсанд компанийн үйл ажиллагааны чиглэлээр Дотоодод хөдөлмөр зуучлах эрхлэх үйл ажиллагаа бүртгэгдсэн байдаг.

Гэрээт компанийн захиалгагүйгээр ажилтныг ажилд авч байнгын ажил үүргээр хангах боломжгүй учир гэрээт компаниудад ажиллах ажилтнуудтай хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулах шаардлагаар хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байна, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх хэсэгт байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна. Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь хэсэгт энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болно гэж тус тус заажээ. Хууль шүүхийн өмнө талууд эрх тэгш байх зарчимтай. Ажилтан болохоор хүссэн үедээ өргөдлөө өгөөд ажлаас гарч болдог байтал ажил олгогчийн тухайд ажилтныг хугацаагүйгээр ажиллуулах ёстой гэх нэхэмжлэгчийн тайлбар нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон хугацаанд ажилтныг ажил үүргээр хангаж, хөдөлмөрийн хөлс, бусад нөхцөлөөр хангах үүргээ биелүүлсэн ба хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсноор уг үүрэг дуусгавар болсон. Гэрээг сунгах нь дан ганц ажилтны хүсэл зоригоор шийдвэрлэгдэхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: А.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлд хариу тайлбарыг гаргаж байна. “С” ХХК болон иргэн А.Н нарын хооронд 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан SCC-00532 дугаартай хөдөлмөрийн гэрээ, “С” ХХК-ийн 2016 оны 06 дугаар сарын 05-ны Мэдэгдэх хуудас, мөн компанийн Гүйцэтгэх захирлын 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/120 дугаартай А.Нтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай тушаал, НДД№А0398319 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, даатгуулагчийн ажил, ажил албан тушаалын өөрчлөлтийн тэмдэглэл гэх хэсэгт хийгдсэн “С” ХХК-д орчуулагч гэсэн тэмдэглэл бүхий баримт материалыг нотлох баримтаар гаргаж өгчээ. Эдгээр нотлох баримт нь “С” ХХК болон иргэн А.Н хоёрын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн болохыг нотолж байна.

Иймд А.Нгийн нэхэмжлэлийн “О” ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2018/02494 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасныг баримтлан А.Нг “Спейшлайз Карьер Консалтинг” ХХК-д орчуулагчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч “Спейшлайз Карьер Консалтинг” ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 10 971 645 төгрөгийг гаргуулж А.Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх, “О” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан А.Нгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож дэвтэрт бичилт хийхийг “Спейшлайз Карьер Консалтинг” ХХК-д үүрэг болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Спейшлайз Карьер Консалтинг” ХХК-аас 190 496 төгрөгийг гаргуулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 132 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2018/02494 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч С ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190 496 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Навчаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч “О” ХХК-иас магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.

1. Давж заалдах шатны шүүхийн 132 дугаар магадлалын хянах хэсэгт “Нэхэмжлэгчээс “О” ХХК-д бизнес, сервис хэлтсийн орчуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгохоор шаардсан байхад анхан шатны шүүх “С” ХХК-д ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн шаардсанаас өөр зүйлийг буюу нэхэмжлэлийн шаардлагаас хальж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчим, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчимд нийцээгүй....” гэж дүгнэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “ажил олгогч гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг, мөн зүйлийн 3.1.2-т “ажилтан гэж ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэнийг” гэж тодорхойлсон ба мөн хуулийн 128 дугаар зүйлд шүүхээр хянан шийдвэрлэх маргааныг тогтоож өгсөн байдаг.

Иргэн А.Н нь 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд "Ажилд эгүүлэн тогтоолгох" тухай нэхэмжлэл гаргасан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дэх хэсэгт зааснаар ажил олгогчийн санаачлагаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдлыг шүүх хянан шийдвэрлэхээр, мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар ажилтан ажлаас буруу халсан тухай гомдлоо шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор шүүхэд гаргахаар тус тус зохицуулсан байхад үүнийг зөрчиж иргэн А.Нгийн нэхэмжлэлийг шүүх хүлээн авч ажиллагаа явуулсан байдаг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т “нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага түүнийг нотлох баримт”-ыг нэхэмжлэлд тусган хавсаргасан байхыг шаарддаг ба иргэн А.Н нэхэмжлэлдээ нотлох баримтаар хариуцагч “С” ХХК-тай байгуулсан 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтэр, А.Нгаас “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Азбаярт гаргасан өргөдөл, түүний хариу, “С” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Б/120 дугаартай Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг гаргаж өгсөн байдаг.

Харин хариуцагч “С” ХХК-аас А.Нтай байгуулсан тохиролцоо, Хөдөлмөрийн гэрээний өөрчлөлт, ажлын байрны тодорхойлолт,  Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох мэдэгдэх хуудас, компанийн дотоод журам зэргийг гаргаж өгсөн ба хариуцагч “О” ХХК-д холбогдох баримт байдаггүй, мөн гаргасан нэхэмжлэлдээ хавсаргаагүй болно.

Энэ нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсгийг зөрчиж бүрдүүлбэр дутуу нэхэмжлэлийг хүлээн авч, улмаар мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11 дэх хэсгийг зөрчсөн, энэ талаар “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд хүсэлт гаргасан байхад тэрхүү үндэслэлийн талаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянахдаа анхаарч үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж, нотлох баримтад тулгуурлаагүй, үндэслэлгүй дүгнэлт гаргасанд гомдолтой байна.

Харин анхан шатны шүүхээс “О” ХХК-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болохыг дурдах нь зүйтэй.

2. Давж заалдах шатны шүүхийн 132 дугаар магадлалын хянах хэсэгт “... шүүх шийдвэрийнхээ үндэслэх болон тогтоох хэсэгт хариуцагч "С" ХХК-ний нэрийг “Спейшлайз Карьер Консалтинг” ХХК гэж буруу бичсэн нь хэдий техникийн шинжтэй алдаа боловч тэмдэглэх нь зүйтэй” гэж дүгнэжээ.

Энэ нь хууль зүйн ямар сөрөг үр дагаварт хүргэж байгаа, алдааг тэмдэглэх нь хэргийг хянан шийдвэрлэхэд ямар ач холбогдолтой болоод магадлалд онцгойлон дурдаж байгаа нь ойлгомжгүй. Магадлалд зөвтгөж бичсэн нэр нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрөөр бичигдсэн болохыг энд тэмдэглэх нь зүйтэй.

Мөн магадлалд хариуцагч “О” ХХК-ийн нэрийг бичихдээ улсын бүртгэлийн гэрчилгээн дээрх бичиглэлээс өөрөөр бичсэн байгааг техникийн шинжтэй алдаа гаргасан гэж үзэх үндэслэлтэй.

3. Давж заалдах шатны шүүхээс “нэхэмжлэгч нь ажилгүй байсан бүх хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл тооцож хариуцагч нараас гаргуулахаар ирээдүйд чиглэсэн, хэдий хугацаа хүртэл, хэдэн төгрөг шаардаж байгаа нь тодорхой бус, тооцоололгүй шаардлага нэмэгдүүлснийг анхан шатны шүүх анхаараагүй байна” гэжээ.

Анхан шатны шүүхийн цалин хөлстэй холбоотой тооцоолол, дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй болно. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс анхан шатны шүүхийн шийдвэрт заасан цалин хөлсний дүнгийн талаар маргаагүй бөгөөд давж заалдах шатны шүүхэд энэ талаар гомдол гаргаж маргаагүй. Тиймээс давж заалдах шатны шүүхийн цалин хөлстэй холбоотой дүгнэлт үндэслэлгүй төдийгүй огт ойлгомжгүй байна.

4. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан ажиллагааг гүйцэтгээгүйгээс хэрэгт эрх зүйн дүгнэлт хийх, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй болжээ. Тухайлбал нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгохоор шаардахдаа “С” ХХК-д нэг ч хоног ажиллаагүй, уг компаниар дамжуулан “О” ХХК-д ажиллаж байсан гэх тайлбар гаргасан...Хариуцагч “О” ХХК нь А.Н нь “С” ХХК-тай хөдөлмөрийн харилцаатай байсан, манайд А.Н гэж ажилтан байхгүй гэсэн агуулгатай тайлбар гаргасан...хариуцагч “С” ХХК нь “Оюу” толгой” ХХК гэрээг цуцалсан гэж тайлбарласан, “С” ХХК-ийн тайлбарыг нэхэмжлэгч зөвшөөрөхгүй маргахдаа хөдөлмөрийн гэрээг 2 жилээр сунгасан, гэрээний хугацаа 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр дуусах ёстой” гэж дүгнэжээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг нэхэмжлэгчийн ямар хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 38 дугаар зүйлийн 38.9-д заасны дагуу гүйцэтгээгүй гэж буруутгаж байгаа нь тодорхой.

Монгол Улсын 1500 компани “О” ХХК-тай гэрээтэй бөгөөд тухайн компаниуд нь гэрээний дагуу ажил гүйцэтгэж, үйлчилгээ үзүүлж, бараа бүтээгдэхүүнийг хангаж нийлүүлдэг ба тус компаниудаас 130 гаруй компанийн 8000 гаруй ажилтан “О” ХХК-аас тухайн гэрээт компанитай байгуулсан гэрээний дагуу ажлыг  тус компанийн  уурхайн талбарт ирж гүйцэтгэдэг. Энэ нь дээрх компаниудтай байгуулсан гэрээний дагуу хийж гүйцэтгэж байгаа ажил болохоос “О” ХХК-ийн ажилтан гэсэн үг биш юм. А.Н нь “С” ХХК болон “О” ХХК-ийн хооронд байгуулсан “Гэрээт ажилтнаар хангах үйлчилгээний гэрээ”-ний дагуу  уурхайн талбарт шаардлагатай хэлтэст орчуулга хийх үйлчилгээ үзүүлж байсан бөгөөд “О” ХХК нь  уг гэрээний дагуу хэдийд ч  захиалгаасаа татгалзах эрхтэй болно.

   Мөн хариуцагч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “О ХХК гэрээг цуцалсан” гэсэн тайлбарыг бус харин “Бид нар хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болгоод “О” ХХК-аас орчуулагчийн үйлчилгээ авах уу гэдэг санал авах ёстой” гэсэн тайлбарыг хийсэн байдаг.

Иргэн А.Н “С” ХХК-аас түүнтэй хөдөлмөрийн гэрээг 2 жилээр сунгасан цаасан баримт байхгүй гэж тайлбарладаг. Мөн А.Н “С” ХХК-аас “... хөдөлмөрийн гэрээг 1 жилээр сунгасан. ... 2018 оны 07 дугаар сарын 18-ын өдөр дуусгавар болсон” гэсэн тайлбарыг өгсөн ба үүнийг нотлох баримтууд нь хавтаст хэргийн 62, 64 дүгээр хуудаст тус тус авагдсан байдаг.

Тиймээс хэргийн оролцогчдын шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримт зэрэгт үндэслэл бүхий дүгнэлтийг давж заалдах шатны шүүх өгөөгүйд гомдолтой байна.

5. Нэхэмжлэгч нь хариуцагч “С” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулсан, мөн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тушаал, Гэрээт ажилтнаар хангах үйлчилгээний гэрээ зэргийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгсөн байхад давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь нотлох баримтад тулгуурлаагүй байна.

6. Хэрэгт гэрээт ажилтнаар хангах үйлчилгээний гэрээ г нотариатаар батлуулж, хуулбар үнэн болохыг гэрчилсэн гэрээний хуулбар, тухайн гэрээний орчуулга, орчуулсан гэрээний хуулбарыг үнэн болохыг нотариатаар батлуулсан хувь авагдсан ба давж заалдах шатны шүүхээс хүчингүй болсон хуулийн заалт буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх заалтыг үндэслэж дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хууль ёсны байх шаардлагыг хангаагүй.

7. Нэхэмжлэгч болон хариуцагчаас дээр дурдсанчлан холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгсөн ба анхан шатны шүүхээс “...хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч болон хариуцагч “С” ХХК...ажил олгогч, ажилтны хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн нь...нотлогдож байх тул “О” ХХК-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв” гэсэн үндэслэл бүхий дүгнэлтийг гаргасан. Энэ талаар давж заалдах шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна.

8. Магадлалд “Хэргийн 1 дүгээр хавтасны 147 дугаар талд нэхэмжлэгч нь хариуцагч “О” ХХК-д ажиллаж байснаа нотлохоор Ргоsресt сайтад үзлэг хийлгэх, ... хариуцагч нарын хооронд байгуулагдсан гэрээг нотлох баримтаар гаргуулахаар хэргийн нөхцөл байдлыг тодорхойлоход ач холбогдолтой хүсэлт гаргасныг хангахаас татгалзаж, хариуцагч байгууллагуудын хооронд байгуулагдсан гэрээг нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасан нотлох баримтыг шүүх дутуу бүрүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн үндэслэлд хамаарч байна” гэжээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд бичсэн Prospect бол Рио Тинто компанийн хаалттай дотоод цахим хуудас. Рио Тинто компани нь олон нийтэд нээлттэй www.riotinto.com гэсэн цахим хуудастай бөгөөд үүнээс гадна Prospect хэмээх олон нийтэд хаалттай дотоод цахим хуудастай. Англи болон Австрали улсад төвтэй Рио Тинто компанийн цахим хуудас дахь аливаа мэдээ, дуу, дүрс бичлэг нь зохиогчийн эрхээр хамгаалагдсан болох анхааруулга тавьсан байдаг. Энэ талаар “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанууд дээр удаа тайлбарлаж байсан. А.Нгаас гаргаж өгсөн хавтаст хэргийн 193 дугаар талд авагдсан баримтаас үзэхэд http://ecplb.riotinto.org/rio гэсэн хайлтын замтай байгаа нь тухайн цахим хуудас Рио тинто компанийн цахим хуудас болохыг нотолж байна.

Хариуцагч нарын хооронд байгуулагдсан Гэрээт ажилтнаар хангах үйлчилгээний гэрээ хавтаст хэрэгт авагдсан талаар нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэх шүүх хуралдаан дээр хариуцагчаас нотлох баримтаар гаргаж өгсөн тухай мэдэгдсэн тул тухайн нотлох баримтыг шүүх дахин гаргуулах нь үндэслэлгүй.

Давж заалдах шатны шүүх энэхүү гэрээний талаар дурдсан атал нэхэмжлэгчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан “хариуцагч байгууллагууд” гэдэгт “О” ХХК болон “С” ХХК-ийн тухай өгүүлж байна гэж үзэх үндэслэлгүй. Учир нь “О” ХХК болон “С” ХХК нь байгууллага биш. Эдгээр хуулийн этгээдүүдийн эрх зүйн байдал нь Компанийн тухай хуулиар тодорхойлогдсон. Иймд давж заалдах шатны шүүх нотлох баримтад тулгуурлан дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна

Дээрхээс үзэхэд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэл, нотлох баримтыг буруу үнэлж, дүгнэж, асуудлыг бүрэн хяналгүй дүгнэлт гаргаж, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн заалтыг зөрчиж хариуцагчийг хохироож байна.

Хариуцагч талаас дурдсан гомдлын дээрхи үндэслэлүүд нь давж заалдах шатны шүүхийн үндэслэл, дүгнэлтүүд нь хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримтыг эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь бүрэн үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй болохыг харуулна гэдэгт итгэж байна.

Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2018/02494 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн “О” ХХК-д холбогдох хэсгийг хэвээр үлдээж, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 132 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнтуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч “С” ХХК-ийн хувьд давж заалдах шатны шүүх хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулах боломжтой байсан гэж үзэж хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан “хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн”, 168.1.7-д заасан “энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн” гэх үндэслэлүүд бүрдээгүй байхад үндэслэлгүйгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцаахаар шийдвэрлэсэн.

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д “хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг ... хэргийн оролцогч өөрөө олж авах боломжгүй ... тохиолдолд ... хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэж заасан ба шүүхээр бүрдүүлүүлэх нотлох баримт нь хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай байх үндсэн шаардлагыг ийнхүү хуульчилжээ.

 Гэтэл Давж заалдах шатны шүүхийн магадлалд “...Хэргийн 1 дүгээр хавтасны 147 дугаар талд нэхэмжлэгч нь “О” ХХК-д ажиллаж байснаа нотлохоор хариуцагчийн Ргоspect сайтад үзлэг хийлгэх, түүнийг ажлаас халснаас хойш Б.Энхжин, Э.Хосбаяр гэх 2 хүнийг түүний оронд ажилд авсан тухай баримтыг гаргуулахыг, шинээр авсан ажилтнуудыг хөдөлмөрийн гэрээ, хариуцагч нарын хооронд байгуулагдсан гэрээг нотлох баримтаар гаргуулахаар хэргийн нөхцөл байдлыг тодорхойлоход ач холбогдолтой хүсэлт гаргасныг хангахаас татгалзаж, хариуцагч байгууллагуудын хооронд байгуулагдсан гэрээг нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан” гэх үндэслэл дурдсан нь үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч А.Н нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь “хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй, хугацаагүйгээр ажиллуулах ёстой байсан гэх тухай байхад ажлаас халагдснаас хойш 2 хүнийг ажилд авсан эсэхийг тодруулах нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагагүй. Хэрвээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр А.Н ажлаас халагдсан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-т “Энэ хуулийн 40.1.1-д заасан орон тоо хасагдсан гэх боловч түүнийг гурван сарын дотор дахин бий болгож, орон тоо хассан нь үндэслэлгүй болох нь тогтоогдвол тухайн ажилтныг ажилд нь эгүүлэн тогтооно” гэж заасан тул дээрх нөхцөл байдлыг тодруулах нь хэрэгт ач холбогдолтой байх юм.

“О” ХХК-ийн эзэмшлийн Ргоspect гэх сайтад үзлэг хийснээр тухайн сайтад байгаа гэх мэдээллээр /нэхэмжлэгчээс хүсэлтдээ хавсаргасан баримтаас харахад/ нэхэмжлэгч А.Н нь “О” ХХК-д ажиллаж байсныг буюу тухайн этгээдүүдийн хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэдгийг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолж чадахааргүй байна. Энэ нь шүүхээр бүрдүүлүүлэх нотлох баримт нь хэрэгт ач холбогдолтой зайлшгүй гэх хуулиар тавигдсан шаардлагыг хангахгүй байх үндэслэлийг бүрдүүлж байна. Өөрөөр хэлбэл, тухайн цахим сайт нь “О” ХХК-ийн үндсэн болон гэрээт компаниудын ажилтнуудын аль алины анхдагч мэдээллийг агуулсан цахим сүлжээ болохыг тус компанийн төлөөлөгч шүүх хуралдаан дээр тайлбарласан байдаг.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр гаргасан хүсэлтдээ “О” ХХК болон “С” ХХК-ийн хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээг гаргуулж өгнө үү гэсэн билээ. Уг хүсэлт гаргахаас өмнө буюу 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд “О” ХХК болон “С ХХК-ийн хооронд байгуулагдсан Гэрээт ажилтнаар хангах тухай гэрээг нотлох баримтын шаардлага хангуулан гаргаад өгчихсөн байсан. Нэхэмжлэгчийн хүсэлтэд дурдсан хамтран ажиллах гэрээ гэдэг нь хавтаст хэргийн 79-134-р талд авагдсан 56 хуудас гэрээ юм. Нэгэнт хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан баримтыг дахин хэрэгт хавсаргуулах шаардлагагүй талаар тайлбарласны эцэст анхан шатны шүүх уг хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон.

Магадлалын хянавал хэсэгт “Нэхэмжлэгч нь “О” ХХК-д бизнес, сервисийн хэлтсийн орчуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгохоор шаардсан байхад анхан шатны шүүх “С” ХХК-д ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн шаардсанаас өөр зүйлийг буюу нэхэмжлэлийн шаардлагаас хальж шийдвэрлэсэн” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нотлох үүрэг нь зөвхөн нэхэмжлэгчид байдаг. Нотлох баримт, талуудын тайлбараар А.Н нь “С” ХХК-д ажилд орсон болох нь тогтоогддог. А.Н нь тус компанитай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, тус компанийн захирлын ажлаас чөлөөлөх тухай тушаалд гомдол гаргасан байдаг. Хэрвээ А.Н нь шүүхэд гаргасан тайлбараа буюу “О” ХХК-ийн ажилтан болохоо нотолж чадаагүй бол гуравдагч этгээдэд хариуцлага хүлээлгэх боломжгүй. А.Н нь 2 компанид нэгэн зэрэг ажилд тогтоолгох боломжгүй тул дээрх дүгнэлт үндэслэлгүй гэж үзэж байна.

Магадлалын 5-р хуудасны төгсгөлийн догол мөрөнд анхан шатны шүүхийн шийдвэрт ямар баримтыг үнэлж, ямар үндэслэлээр “О” ХХК нь хариуцагч биш гэж үзсэн үндэслэлээ тодорхой заагаагүй гэжээ. Шүүх хуралдаан дээр зохигчид, тэдгээрийн төлөөлөгчид уг асуудлаар хангалттай тодорхой мэтгэлцсэн ба нэхэмжлэгч өөрийн тайлбараа нотолж чадаагүй учраас анхан шатны шүүх “О” ХХК-ийг хариуцагч биш гэх дүгнэлт хийсэн.

Магадлалын 5-р хуудасны 3 дугаар догол мөрөнд “Гэрээт ажилтнаар хангах нэртэй гэрээ нь нотлох баримтын шаардлага хангаагүй ба хариуцагч нь эх хувиар өгөх боломжгүй тухайгаа мэдэгдсэн. Гэтэл “Гэрээт ажилтнаар хангах тухай англи хэлээр үйлдэгдсэн гэрээг эх хувиас нотариатаар гэрчлүүлэн хуулбар үнэн тамгатайгаар, Англи эхээс Монгол хэл рүү орчуулсан орчуулгын эх хувийг мөн нотариатаар гэрчлүүлэн хуулбар үнэн тамгатайгаар өгсөн болох нь хавтаст хэргийн 79-134-р талд байгаа.

Хариуцагч “С” ХХК нь өөрт цорын ганц хувь байгаа анхны Хөдөлмөрийн дотоод журмаа өөр байдлаар нотлох баримтаар гаргаж өгөх боломжгүй тухайгаа тайлбарласныг Гэрээт ажилтнаар хангах тухай гэрээг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргаж өгөх боломжгүй гэж тайлбарласан хэмээн үндэслэлгүй дүгнэлт магадлалд бичигдсэн.

Магадлалын 5 дугаар хуудасны 4 дэх догол мөрөнд “хавтаст хэргийн 79-134 дүгээр талд нотлох баримтын шаардлага хангахгүй, зөвхөн орчуулсан, нотариатаар гэрчлэгдээгүй, орчуулгын тэмдэгтэй хувийг нотариат гэрчилсэн баримтууд авагджээ” гэжээ.

ИХШХШтХ-ийн 44.2-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэж заасны дагуу “Гэрээт ажилтнаар хангах тухай” англи хэлээр үйлдэгдсэн гэрээг эх хувиас нотариатаар гэрчлүүлэн хуулбар үнэн тамгатайгаар, Англи эхээс Монгол хэл рүү орчуулсан албан ёсны цорын ганц орчуулгын эх хувь гэрээний талуудад байдаг ба уг бичмэл нотлох баримт болох орчуулгын эх хувийг мөн нотариатаар гэрчлүүлэн өгсөн. /хх79-134-р тал/

Ийнхүү Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон хэргийн оролцогчийн эрх ноцтой зөрчигдөөгүй буюу “хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн эрхийг эдлүүлээгүй явдал нь шүүхийн шийдвэрт шууд нөлөөлөөгүй, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан байдлаар хэрэгт авагдсан, хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт бүрдүүлүүлэх талаар хүсэлтийг нэхэмжлэгч гаргаагүй буюу ИХШХШтХ-ийн 167.1.5 дугаар хэсэгт заасан үндэслэл бүрдээгүй байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх руу буцаах үндэслэлгүй үзэж байна.

Хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан асуудлаар давж заалдах шатны шүүх ямар нэгэн дүгнэлт хийгээгүй. Иймд дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тухайд:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.8-д “хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг хуульд зааснаас дордуулсан тухай ажилтны гомдол”-ыг тус хуулийн 129.1.1 дүгээр зүйлд зааснаар ажилтан нь эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллага /шүүх, хөдөлмөрийн маргаан таслах комисс/-д гаргахаар маш тодорхой хуульчилсан. Хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах замаар Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.1-д заасан байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна гэх заалтыг зөрчсөн буюу хуульд заасан нөхцөлийг дордуулж гэрээ байгуулсан гэх үндэслэлээр гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийн уг заалтыг хэрэглэж, хэрэгсэхгүй болгох байтал уг хуулийн зүйл заалтыг хэрэглээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 129.3 дахь заалтыг зөрчсөн. А.Н нь хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа харилцан тохиролцож, хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулах нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн, талууд харилцан тохиролцож чадахгүй бол гэрээ байгуулагдахгүй байсан. Гэтэл гэрээ байгуулснаас хойш 2 жилийн хугацаанд огт гомдол санал гаргаж байгаагүй хэрнээ шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний дараа дан ганц хариуцагчийг буруутгах эрх зөрчсөн гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй ба энэ тухай шүүх хуралдаанд удаа дараа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзал, тайлбараа гаргасаар байтал шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд:

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т “энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсноор хугацаатай байгуулж болно” гэжээ. Хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах шалтгаан нөхцөл гэрээний талуудын хэн алинд гэрээ байгуулах үед байхыг үгүйсгэхгүй, нөгөө талаас хөдөлмөрийн харилцаа гэрээний үндсэн дээр үүсдэг тэгш эрхийн зарчим үйлчилдэг эрх зүйн харилцааны нэг төрөл болохын хувьд Хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулахыг хуулиар зөвшөөрсөн ба ингэхдээ талууд харилцан тохиролцсон байх нөхцлийг тодорхойлсон ч тухайн шалтгаан үндэслэлээ заавал гэрээндээ тусгасан байх шаардлагыг хуульд заагаагүй байна.

Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт: “Зохигчдын хооронд 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр орчуулагчийн ажлын байранд анхны хугацаатай гэрээ байгуулахыг харилцан тохиролцсон “Тохиролцоо” гэх баримтыг үйлджээ. Энэхүү баримт нь 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл нэг жилийн хугацаатай байхаар тохиролцож талууд гарын үсэг зурсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21.7, 23.2.2-т заасны дагуу байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байхаар тохиролцсон байна” гэх дүгнэлт байх ба үүнээс дүгнэхэд шүүх талууд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсныг хууль ёсны гэж үзжээ.

Гэтэл анхан шатны шүүх дээрх дүгнэлтийнхээ эсрэг ойлгомжгүй, үндэслэлгүй дараах дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна. Үүнд:

Шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт “Дээрх хугацаа дуусахад талуудын хэн алин нь гэрээг цуцлах санал гаргаагүй, ажилтан тухайн өдрөөс ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэж байх үед хөдөлмөрийн гэрээг хоёр дах удаагаа 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл сунгаж өөрчилсөн нь зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.2-т зааснаар хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан гэж үзэх үндэслэлгүй”, “Өөрөөр хэлбэл ажилтан, ажил олгогчийн тохиролцооны үндсэн дээр хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж болох бөгөөд дээрх гэрээний хугацаа сунгасан баримтыг үндэслэн зохигчдыг байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулахаар тухайлан тохиролцсон гэж үзхээргүй байна” гэжээ.

Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 23.3 дугаар хэсэгт “Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцогдоно” гэж заасан. Хуулийн энэ зүйлд хугацаагүйгээр сунгагдсанд тооцогдоно гэж ерөөсөө заагаагүй харин ч эсрэгээрээ анх уг гэрээг ямар хугацаагаар байгуулахаар тохиролцсон уг хугацаагаар сунгагдсанд тооцогдоно гэж маш тодорхой заасан. Гэтэл анхан шатны хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулахаар тухайлан тохиролцсон гэж үзэхгүй гэж илт үндэслэлгүй зүгнэлт хийсэн. Гэтэл шүүх анх гэрээ байгуулахдаа хугацаатай байгуулсныг хуульд нийцсэн гэж дүгнэсэн хэрнээ гэрээнд орсон нэмэлт өөрчлөлтийг хууль бус гэсэн нь гэрээний талуудын чөлөөт байдлын зарчимтай нийцэхгүй байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж буруутгагдаж байгаа хэдий ч Хөдөлмөрийн гэрээний хугацаанд ажил олгогчийн үүргээ хангалттай сайн биелүүлж ирсэн, нөхцөл байдлын хувьд хариуцагч компани нь гэрээт байгууллага буюу ажил үйлчилгээ авагч хуулийн этгээдийн захиалгагүйгээр ажилтныг байнга ажил үүргээр тогтмол хангахын зэрэгцээ ажил үүргээр хангагдаагүй ажилтанд цалин хөлс олгох санхүүгийн боломжгүй, гэрээт байгууллагуудад ажил үүрэг гүйцэтгэж буй ажилтныг байнга хугацаагүйгээр ажиллуулах боломжгүй учраас уг нөхцөлийг зөвшөөрсөн ажил горилогчтой тохиролцож Хөдөлмөрийн гэрээ байгуулдаг. “О” ХХК-тай байгуулсан Гэрээт ажилтнаар хангах тухай гэрээний хугацаа дуусгавар болж, дахин сунгагдаагүй байгаа энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, “С” ХХК нь А.Ннд өөр ажлын байрны санал тавьж эвлэрэх хүсэлт гаргасан боловч хүлээн зөвшөөрөөгүй тул А.Нг ажилд нь эгүүлэн ажиллуулах бодит боломжгүй байгааг харгалзан үзэхийг хяналтын шатны шүүхээс хүсч байна.

Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

А.Н “С” ХХК, “О” ХХК-д холбогдуулан “О ХХК-ийн бизнес сервис хэлтсийн орчуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгахыг шаардсан байна.

“О” ХХК “...хариуцагч биш...” гэж, “С” ХХК “...ажил олгогчийн шийдвэр хууль зөрчөөгүй...” гэж тус тус маргажээ.

Анхан шатны шүүх А.Нг “С” ХХК-ийн орчуулагчийн ажилд эгүүлэн тогтоож, 10 971 645 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс “О” ХХК-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

1. Магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагч нарын гомдол үндэслэлтэй байх тул энэ тухай гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй, хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байхад давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь заалтад нийцээгүй байна.

Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө.

Хэргийн 79-134 дүгээр талд хариуцагч нарын хооронд байгуулагдсан “Гэрээт ажилтнаар хангах үйлчилгээ” нэртэй гэрээний англи, монгол хэлээр бичсэн хуулбар нотариатаар гэрчлэгдсэн хэлбэрээр авагдсан байхад давж заалдах шатны шүүх уг баримтыг хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-г зөрчжээ.

Тухайн нотлох баримт нь хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд талууд хүсэлт гаргаагүйгээс гэрээ эхээрээ хэрэгт авагдаагүй, гэрээний агуулгын талаар зохигч маргаагүй байгааг давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ анхаарч үзээгүй нь дутагдалтай болжээ.

Ажил олгогч ажилтныг хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон гэж ажлаас чөлөөлсөн байх тул нэхэмжлэгчийг ажлаас халсны дараа тухайн ажлын байранд өөр ажилтан авсантай холбоотой нотлох баримт гаргуулах хүсэлтийг анхан шатны шүүх хянаад, өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийж, хангахаас татгалзсан нь хууль зөрчөөгүй байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3., 168.1.7., 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь заалтад нийцээгүй тул магадлалыг хүчингүй болгоно.

2.Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргаанд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг буруу тодорхойлж, шийдвэрлэсэн байх тул шийдвэрт өөрчлөлт оруулна.

а/.Нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар тооцож шаарджээ.

Тодруулбал, А.Н нь “О” ХХК-ийн бизнес сервис хэлтсийн орчуулагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлагыг “О” ХХК, “С” ХХК-д хоёуланд нь холбогдуулж гаргасан байна.

“С” ХХК, А.Н нарын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 2.3.-т ажилтны ажлын газрын байршлыг Өмнөговь аймаг, Ханбогд сум, О, Уурхайн сайт гэж тодорхойлжээ.

“С” ХХК нь дотооддоо хөдөлмөр зуучлах үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд тус компани “О” ХХК-тай “Гэрээт ажилтнаар хангах үйлчилгээ” нэртэй гэрээний дагуу хамтран ажиллаж “О” ХХК-иас зарласан ажлын байранд сонгон шалгаруулалт зарлаж, нэхэмжлэгчийг ажилд авсан, гэрээний дагуу ажиллуулсан үйл баримт тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч нь “С” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, уг байгууллагын заасан газар ажиллахаар тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байх тул “О” ХХК-д орчуулагчаар ажиллуулах тухай А.Нгийн нэхэмжлэлийг  хангах боломжгүй юм.

б/. А.Н нь 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр “С” ХХК-тай SCC-00532 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулж, нэг жилийн хугацаатай орчуулагчаар ажиллахаар харилцан тохиролцсон, 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр гэрээний хугацааг 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл сунгаж, “Хөдөлмөрийн гэрээний өөрчлөлт” нэртэй гэрээ байгуулсан, Компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №Б/120 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, цаашид сунгагдахгүй болсон гэжээ.

Талууд 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр “Тохиролцоо” гэх баримт үйлдсэн байх боловч хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан гэж үзэх Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй байна.

Иймд А.Нд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг “С” ХХК-иас гаргуулж шийдвэрлэснийг хэвээр үлдээх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1., 69 дүгээр зүйлийн 69.1. дэх заалтыг зөрчихгүй гэж үзлээ.

Дээр дурдсан үндэслэлээр “О” ХХК-ийн бизнес сервис хэлтсийн орчуулагчийн ажилд эгүүлэн тогтоох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 132 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2018/02494 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг баримтлан хариуцагч “С” ХХК-иас 10 971 645 төгрөгийг гаргуулан А.Нд олгож, нэхэмжлэлээс “О” ХХК, “С” ХХК-д холбогдох “О ХХК-ийн бизнес сервис хэлтсийн “орчуулагч”-ийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Навчаа, “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнтуяа нарын гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид “О” ХХК-иас төлсөн 190 496 төгрөгийг, “С” ХХК-иас төлсөн 190 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар хариуцагч нар тус бүрт буцаан олгосугай.

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.УНДРАХ

                           ШҮҮГЧ                                               Х.ЭРДЭНЭСУВД