Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 903

 

Б.Бд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Оюунчулуун, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          прокурор Н.Анхбаяр,

          шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл,

          нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

         

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр  даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 646 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Л.Түвшинцэнгэлийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Б.Бд холбогдох 1803 0039 70254 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овгийн Базаррагчаагийн Б, 1997 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Төв аймгийн Цээл суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Төмөр замын машин механизмын ашиглалт мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, өвөг эцгийн хамт Баянгол дүүргийн 23 дугаар хороо,

 

Б.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа, согтуугаар, 2018 оны 5 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнийн 03 цаг 39 минутын орчим Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Саппоро төвийн зүүн урд уулзварын замд 94-13 УБН улсын дугаартай “Тоёота Приус 20” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэж заасныг зөрчсөний улмаас явган зорчигч С.Отгонжаргалыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж, улмаар хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Б.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 хэд хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овгийн Базаррагчаагийн Бийг авто тээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан, жолоодох эрхгүй үедээ үйлдсэн гэм буруутайд, 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар Б.Бийн жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 6 сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар оногдуулсан 6 сар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг хорих ялд дүйцүүлэн тооцож, 30 хоногийн ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6 сар 30 хоног хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Бд шүүхээс оногдуулсан 6 сар 30 хоногийн хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих ангид эдлүүлж, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай үйлчлүүлэгч Б.Б нь 21 настай, нагац өвөг Г.Баатарын хамт ам бүл хоёулаа амьдардаг, өвөг эцэг нь зүрхний эмчийн байнгын хяналтанд бусдын асаргаанд байдаг бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэгт холбогдсон байна. Гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо сайн дураараа төлсөн, өөрөө хийсэн гэмт хэргээ илчлэн эргүүлийн цагдаа дээр өөрөө мэдээллээ өгч, хэргийг мөрдөн шалгахад туслалцаа үзүүлсэн байна. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Бийн Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй” гэдгийг тогтоосон атлаа шийтгэх тогтоолын 7 дахь заалтад “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.” гэсэн нь буруу байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-д зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Б.Бийн ялыг хөнгөрүүлж, хорихоос бусад төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.  

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангажээ.

Б.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа, согтуугаар, 2018 оны 5 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнийн 03 цаг 39 минутын орчим Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Саппоро төвийн зүүн урд уулзварын замд 94-13 УБН улсын дугаартай “Тоёота Приус 20” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед, тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэж заасныг зөрчсөний улмаас явган зорчигч С.Отгонжаргалыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж, улмаар хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

шүүгдэгч Б.Б /хх-71-72/, хохирогч С.Отгонжаргал /хх-18-19/ нарын мэдүүлгүүд, техникийн шинжээчийн 348 дугаар дүгнэлт /хх-46-47/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “С.Отгонжаргалын биед баруун талын 4, 5, 6 дугаар хавирганы зөрүүтэй хугарал, баруун хацар, баруун ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн 5816 дугаартай дүгнэлт /хх-41/,

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-7-11, 101-103, 118-120/, согтуурал шалгасан тэмдэглэл /хх-12/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-15/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-16/, хохирлын баримтууд /хх-25-31/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-32, 87/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Бийн согтуугаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, мөн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Бд 6 сар 30 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзэв.

Иймд шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Л.Түвшинцэнгэлийн “...Б.Бийн ялыг хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 646 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Л.Түвшинцэнгэлийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                    

                                                                        

                                  ДАРГАЛАГЧ,

                                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

                                  ШҮҮГЧИД                                                  Д.ОЮУНЧУЛУУН

                                                                                                     М.АЛДАР