Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2016/0585

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярчимэг нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 471 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд ******* говь ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлоор, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* говь ХХК-ийн хуулийн этгээдийн нэрийн бүртгэлийг хүчингүй болгуулах, дахин энэ нэрээр өөр хуулийн этгээд бүртгэхгүй байхыг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт даалгаж өгнө үү гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 471 дүгээр шийдвэрээр: 2003 оны Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.8, Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн ******* говь ХХК-ийн хуулийн этгээдийн нэрийн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2015 оны Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дугаар зүйл, Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д заасныг тус тус баримтлан ******* ХХК-ийн дахин энэ нэрээр өөр хуулийн этгээд бүртгэхгүй байхыг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд ******* говь ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.******* давж заалдах гомдолдоо:...Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй гэж заасан. Манай компанийн холбогдох хууль журмын дагуу Улсын бүртгэлийн газраас баталгаажуулж авсан ******* говь гэсэн нэрийг нэхэмжлэгчийн ******* гэсэн нэртэй ижил, төсөөтэй гэж үзэх боломжгүй.

Учир нь тус 2 нэр бичвэр болон дуудлагаараа эрс ялгаатай. Манай компанийн нэрэнд говь гэсэн үг орсон байгааг шүүх анхаарах нь зүйтэй.

Мөн хуулийн этгээдийн нэрийг улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэн хэлбэрээр ойлгох бөгөөд тус 2 компанийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэн нэр өөр өөр байх тул хариуцагчийг давхардуулан ижил, төсөөтэй нэр олгосон гэж үзэх үндэслэлгүй.

Анхан шатны шүүх ...олон нийтийн танигдсан нэрийн ард байршлыг тодорхойлсон үг залгаж өөрийн үйл ажиллагааг бусдад таниулах хэрэгсэл болгосон гэх байдлыг ижил төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд үгүйсгэх боломжгүй байна гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэх эргэлзээг төрүүлж байна.

Учир нь дээрх байдлыг нотолсон нотолгоо хэрэгт авагдаагүй бөгөөд хүн бүр говь гэсэн үг залгасан учир ******* говь ХХК нь ******* ХХК-ийн говийн салбар гэж үзэхгүй.

Мөн хуулийн этгээдийн нэрийг гадаад үгээр хөрвүүлэхэд ижилхэн хэлбэрээр бичиж болохгүй гэсэн хуулийн зохицуулалт байхгүй учир адилхан Airmarket гэж бичсэнээрээ тус 2 хуулийн этгээдийн нэрийг давхацсан, төсөөтэй гэж үзэх боломжгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ******* ХХК-иас ******* говь ХХК-ийн оноосон нэрийг тус компанийн нэртэй бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байна гэж үзэж, ******* говь ХХК-ийн хуулийн этгээдийн нэрийн бүртгэлийг хүчингүй болгуулах, дахин энэ нэрээр өөр хуулийн этгээд бүртгэхгүй байхыг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт даалгах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч компанийн нэхэмжлэлийн ******* говь ХХК-ийн хуулийн этгээдийн нэрийн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлагыг хангаж, дахин энэ нэрээр өөр хуулийн этгээд бүртгэхгүй байхыг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, хэргийг буруу шийдвэрлэсэн байна.

Тодруулбал, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн *******, ******* говь гэсэн нэрүүд давхардаагүй, нэрийн бичвэрийн хувьд ялгаатай байхад шүүх олон нийтэд танигдсан нэрийн ард байршлыг тодорхойлсон үг залгаж, өөрийн үйл ажиллагааг бусдад таниулах хэрэгсэл болгож, бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байхыг хориглосон хуулийн шаардлагыг зөрчсөн гэж дүгнэн, Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн27.3 дахь хэсгийн Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй гэсэн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Түүнчлэн улсын бүртгэлийн байгууллага Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 16 дугаар зүйлийн 16.8-д Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан эсэхийг холбогдох бүртгэх байгууллага цахим хэлбэрээр шалгаж баталгаажуулна гэж заасны дагуу ******* говь ХХК-ийн нэрийг шалгахад давхардсан хуулийн этгээдийн нэр байгаагүй учир баталгаажуулсан, ийнхүү баталгаажуулсан нь мөн Хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулах, хадгалах журам[1]-ын 3.1-д Хуулийн этгээдийн нэр нь өөр хуулийн этгээдийн нэртэй улсын хэмжээнд давхардаагүй байна гэж заасныг зөрчөөгүй байх тул хариуцагч байгууллагыг шууд буруутган гуравдагч этгээдийн хуулийн этгээдийн нэрийн бүртгэлийг хүчингүй болгох боломжгүй.

Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгчээс тус компанитай адил үйлчилгээг зах зээлд эрхэлдэг ******* говь ХХК гэх ижил нэртэй хуулийн этгээд Өмнөговь аймгийн Оюутолгой, Улаанбаатар хотод байрлалтайгаар үйл ажиллагаа явуулан бидний нэрээр бусдыг төөрөгдүүлж, ашиг орлого олж байна... гэж тайлбарлан маргах боловч бусдыг төөрөгдүүлэн ашиг орлого олсон гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, энэхүү бүртгэлийн улмаас нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байна.

Харин нэхэмжлэгчийн дахин ******* нэрээр өөр хуулийн этгээд бүртгэхгүй байхыг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд улсын бүртгэлийн байгууллага нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2015 он/-ийн 14 дүгээр зүйлийн 14.2.1-д зааснаар хуулийн этгээдийн нэрийн санд бүртгэгдсэн нэртэй давхардаагүй байх ерөнхий шаардлагыг хангасан хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулах учир нэхэмжлэгч компанийн нэртэй давхардсан, ямар нэгэн холбоосгүйгээр гадаад үгийн авиан дуудлага болон бичвэрийн хувьд ижил төсөөтэйтохиолдолд шинээр байгуулагдах хуулийн этгээдийн нэрийг бүртгэх боломжгүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгох нь зөв юм.

Үүнээс гадна шүүх улсын бүртгэлийн байгууллага ******* говь ХХК-ийн нэрийг баталгаажуулсан нь Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар тогтоолоор батлагдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6 дахь заалтын тайлбарыг зөрчсөн талаар дүгнэлт хийхдээ уг заалтыг 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хүчингүй болгосныг анхаараагүй байна.

Иймд гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 471 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 16 дугаар зүйлийн 16.8, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2015 он/-ийн 14 дүгээр зүйлийн 14.2.1, Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн ******* говь ХХК-ийн хуулийн этгээдийн нэрийн бүртгэлийг хүчингүй болгуулах, дахин энэ нэрээр өөр хуулийн этгээд бүртгэхгүй байхыг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд ******* говь ХХК-ийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан гуравдагч этгээд ******* говь ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэнхуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН