Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 1826

 

                                              

Т.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2017/01332 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Т.Бгийн, хариуцагч НШГАнд холбогдуулан гаргасан 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн "Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай" 5/219 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Т.Б

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Т.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхиин шүүгчийн 2014 оны 9 сарын 19-ний өдрийн 000 дүгээр захирамжаар 157 860 800 төгрөгийг төлөхөөр болсон бөгөөд уг төлбөрийг миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 396 байрны 10 тоот, 4 өрөө орон сууц, авто зогсоолыг худалдан борлуулсан үнээс гаргуулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн "Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай" 5/219 тоот тогтоолыг ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.А үйлдэн гаргасан.

Анхны дуудлага худалдаа зарлан явуулах тухай мэдэгдлийг надад ирүүлсэн боловч уг дуудлага худалдаагаар худалдан борлуулж буй дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдах үнийн саналыг төлбөр төлөгчөөс авалгүйгээр зах зээлийн үнэлгээгээс хэт доогуур үнэлж, уг үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулсан нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх заалтыг зөрчсөн тул 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн "Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай" 5/219 тоот тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч НШГАны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.И шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Төлбөр төлөгч Т.Бд төлбөрөө сайн дураар биелүүлэхийг мэдэгдэж, удаа дараа хугацаатай мэдэгдлийг гардуулсан боловч үл биелүүлсэн тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан төлбөр төлөгч Т.Б болон хамтран өмчлөгч Т.О, Б.О, Б.Д нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 39 дүгээр байрны Б блокын 10 тоот 143 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, 14.31 м.кв талбайтай 2 тоот авто зогсоол зэрэг барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 36.1.3-т зааснаар битүүмжлэн хураасан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар төлбөр авагч, төлбөр төлөгч болон орон сууцны өмчлөгч нараас үнийн санал өгөхийг мэдэгдсэн боловч төлбөр төлөгч Т.Б болон барьцааны орон сууцны хамтран өмчлөгч нар дурдсан хугацаанд үнийн саналаа шийдвэр гүйцэтгэгчид өгөөгүй, төлбөр авагч талтай харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу барьцааны үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгохоор хөндлөнгийн шинжээч томилсон.

Барьцааны орон сууцанд үнэлгээчний тогтоосон үнэ болох 295 725 000 төгрөгийн 70 хувиар тооцон 207 007 500 төгрөгөөр, 14.31 м.кв талбайтай 2 тоот авто зогсоолыг үнэлгээчний тогтоосон үнэ болох 18 600 000 төгрөгийн 70 хувиар тооцон 13 020 000 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тус тус тогтоон тус албанаас 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулагдах анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулсан боловч мөн худалдан борлогдоогүй болно.

Албаны зүгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохион байгуулж явуулахдаа төлбөр төлөгч Т.Б болон барьцаа үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч нарт хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бүрийг мэдэгдэж, тайлбар тодорхойлолт байнга авч ажилласан.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулж байгаа тул Т.Бгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд Б ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь 2014 оны 11 сард эхэлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан, мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны журмаар хураан авсан Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 39 дүгээр байрны Б блок, 10 тоот 143 м.кв 4 өрөө орон сууц, мөн 14.31 мкв талбайтай 2 тоот авто зогсоолыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, түүнээс зохих төлбөрийг гаргуулах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгох ажиллагааг хийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас албадан дуудлага худалдааг зохион байгуулсан. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Т.Б нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж, хуульд заасан журмын дагуу тогтоосон үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд удаа дараа гаргаж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллаагааг удаашруулж байсан бол энэ удаа албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж тус байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт зааснаар НШГАнд холбогдох, 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн "Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай" 5/219 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай Т.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгч Т.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Миний бие "Бизнес инвест девелопмент" ББСБ ХХК-иас нийт 81 000 000 төгрөгийн зээлийг сарын 3.5%-ийн хүүтэй зээлж авсан. Өнөөдрийн байдлаар үндсэн зээл, хүү, алдангинд 90 000 000 төгрөг, шүүхийн шийдвэр гарснаас хойш "Бизнес инвест девелопмент" ББСБ ХХК-д бэлнээр 18 000 000 төгрөг, бэлнээр 8 000 000 төгрөг, нийт 116 000 000 төгрөгийг төлсөн.

НШГА нь төлбөр төлөгч болон орон сууцны өмчлөгч нараас үнийн санал аваагүй, манай Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 39 дүгээр байрны Б блокын 10 тоотын нийт 143 м.кв талбайтай 4 өрөө орон сууц нь шинэ тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгө бөгөөд хамгийн багадаа 357 500 000 төгрөг, 14.31 м.кв талбайтай 2 тоот авто зогсоол нь доод тал нь 30 000 000 төгрөгийн үнэтэй.

Гэтэл "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК нь илт төлбөр авагч талд үйлчилж зах зээлийн үнээс хамаагүй багаар үнэлж, хамтран өмчлөгч нарын эрх ашгийг хохироож байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар хөндлөнгийн шинжээч томилох эрх нь НШГАнд байгаа хэдий ч үнэлгээний компани нь зах зээлийн ханшаар бодитой үнэлж, төлбөр төлөгчийн эрх, ашгийг ноцтой хохироохгүй байх ёстой.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт "Төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно" гэж заасан тул 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн "Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай" 5/219 тоот тогтоол хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, миний орон сууцыг дахин үнэлэх боломжоор хангаж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ маргаан бүхий үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч НШГАнд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 5/219 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

 

Хэрэгт Т.Б 157 860 800 төгрөгийг 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Бизнес инвест девелопмент ББСБ ХХК-д төлөхөөр зөвшөөрсөн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 3924 дүгээр захирамж авагдсан байх ба НШГА нь уг захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулан барьцаанд тавьсан эд хөрөнгүүдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.1, 36 дугаар зүйлийн 36.5 дахь хэсэгт заасны дагуу битүүмжилж, хураан авч улмаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 3/519 дүгээр тогтоолоор анхны албадан дуудлага худалдаа явуулах ажиллагааг зохион байгуулахыг шийдвэр гүйцэтгэгчид үүрэг болгожээ.  

Нэхэмжлэгч Т.Б нь дээрх тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн үндэслэлээ “... үнийн санал аваагүй, зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлж, дуудлага худалдаанд оруулсан” гэж тайлбарлах боловч уг үйл баримт нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Хариуцагч НШГАнаас төлбөр төлөгч Т.Б болон Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хорооллын 39 дүгээр байрны Б блокын 10 тоотод байрлах 143 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, 2 тоот авто зогсоолын хамтран өмчлөгч Т.Оюунбилэг, Б.Оюунсан, Б.Дөлгөөнсан нарт 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 3/12945 тоот, мөн сарын 12-ны өдрийн 3/13512 тоот албан бичгээр төлбөр авагчтай эд хөрөнгийн үнийг тохиролцон тогтоон ирүүлэхийг мэдэгдсэн байна. Нэхэмжлэгч нь мэдэгдэл хүлээн авсан гэдгээ хүлээн зөвшөөрч маргаагүй.

Төлбөр авагч болон төлбөр төлөгч нар үнээ тохиролцон тогтоогоогүйн улмаас хариуцагч байгууллага нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасны дагуу шинжээч томилон үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлүүлж, улмаар анхны албадан дуудлага худалдааг явуулахаар тогтсон байдаг.

            Анхан шатны шүүх дээрх үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь заалтыг оновчтой хэрэглэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

Төлбөр төлөгч болон өмчлөгч нараас үнийн санал аваагүй, шинжээчийн дүгнэлт зах зээлийн ханшаар бодитой үнэлээгүй гэх үндэслэлээр гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй гэж үзлээ.

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2017/01332 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

 

                      ШҮҮГЧИД                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                       Ч.ЦЭНД