Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2017/01332

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2017/01332

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Т.Б-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: НШШГА-д холбогдох

 

2016 оны 4 сарын 29-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 5/219 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Б, гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Төлбөр төлөгч Т.Б миний бие Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 9 сарын 19-ний өдрийн 3924 тоот захирамжаар 157,860,800 төгрөгийг төлөхөөр болсон бөгөөд уг төлбөрийг иргэн Т.Б миний өмчлөлийн ... орон сууц, авто зогсоолыг худалдан борлуулсан үнээс гаргуулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад 2016 оны 4 сарын 29-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 5/219 тоот тогтоолыг ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.А үйлдэн гаргасан.

Анхны дуудлага худалдаа зарлан явуулах тухай мэдэгдлийг төлбөр төлөгч Т.Б надад хүргүүлсэн боловч уг дуудлага худалдаагаар худалдан борлуулж буй дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдах үнийн саналыг төлбөр төлөгч Т.Б надаас авалгүйгээр зах зээлийн үнэлгээгээс хэт доогуур үнэлж уг үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулсан нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх заалтыг зөрчсөн учраас 2016 оны 4 сарын 29-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 5/219 тоот тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2014 оны 9 сарын 19-ний өдрийн 3924 дүгээр захирамжаар Т.Б-с 157,860,000 төргөгийг гаргуулж БИД ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичгийг 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр манай алба хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохион байгуулж ажиллаж байна.

Төлбөр төлөгч Т.Б-д төлбөрөө сайн дураар биелүүлэхийг мэдэгдэж удаа дараа хугацаатай мэдэгдлийг гардуулсан боловч үл биелүүлсэн тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан төлбөр төлөгч Т.Б болон хамтран өмчлөгч Т.О, Б.О, Б.Д нарын өмчлөлийн ... тоот 143 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, 14.31 м.кв талбайтай 2 тоот авто зогсоол зэрэг барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 366 дугаар зүйлийн 36.1.2, 36.1.3-т зааснаар битүүмжлэн хураасан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар төлбөр авагч, төлбөр төлөгч болон орон сууцны өмчлөгч нараас үнийн санал өгөхийг мэдэгдсэн боловч төлбөр төлөгч Т.Б болон барьцааны орон сууцны хамтран өмчлөгч нар дурьдсан хугацаанд үнийн саналаа шийдвэр гүйцэтгэгчид өгөөгүй, төлбөр авагч талтай харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу барьцааны үл хөдлөх эд хөрөнгөнд үнэлгээ тогтоолгохоор хөндлөнгийн шинжээч томилсон.

Барьцааны орон сууц болох ... тоот 143 м.кв талбайтай 4 өрөө орон сууцанд үнэлгээчний тогтоос үнэ болох 295,725,000 төгрөгийн 70 хувиар тооцон 207,007,500 төгрөгөөр, 14.31 м.кв талбайтай 2 тоот авто зогсоолыг үнэлгээчний тогтоосон үнэ болох 18,600,000 төгрөгийн 70 хувиар тооцон 13,020,000 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тус тус тогтоон тус албанаас 2016 оны 5 сарын 13-ны өдөр зохион байгуулагдах анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй.

Иймд иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх заалтыг үндэслэн ... тоот 143 м.кв талбайтай 4 өрөө орон сууцанд үнэлгээчний тогтоосон үнэ болох 295,725,000 төгрөгийн 50 хувиар тооцон 147,862,500 төгрөгөөр, 14.31 м.кв талбайтай 2 тоот авто зогсоолыг үнэлгээчний тогтоосон үнэ болох 18,600,000 төгрөгийн 50 хувиар тооцон 9,300,000 төгрөгөөр 2 дахь албадан дуудлага худалдааны доод үнийг тус тус тогтоон тус албанаас 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулагдсан 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулсан боловч мөн худалдан борлогдоогүй болно.

Албаны зүгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохион байгуулж явуулахдаа төлбөр төлөгч Т.Б болон барьцаа үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч нарт хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бүрийг байнга мэдэгдэж, тайлбар тодорхойлолт байнга авч ажилласан.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулж байгаа тул Т.Б-н гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээдийн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус ББСБ нь *******нд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1-р шүүхийн 2014 оны 9 сарын 19-ний өдрийн 3924 дугаар Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шийдвэр болон мөн шүүхийн 2014 оны 11 сарын 11-ний өдрийн 58 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудас-ын дагуу явагдаж буй иргэн Т.Б-с Зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлд 158,860,800 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжинд 473,627 төгрөг гаргуулах тухай шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд төлбөр авагчаар оролцож байгаа юм.

Дээрх шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь 2014 оны 11 сард эхэлж, Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан, мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны журмаар хураан авсан ... тоот 143 м.кв 4 өрөө орон сууц, мөн 14.31 мкв талбайтай 2 тоот авто зогсоолыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, түүнээс зохих төлбөрийг гаргуулах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгох ажиллагааг хийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас албадан дуудлага худалдааг зохион байгуулсан. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Т.Б нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаанд зориуд саад учруулж хуульд заасан журмын дагуу тогтоосон үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд удаа дараа гаргаж шийдвэр гүйцэтгэлийн ажиллаагааг удаашруулж байсан бол энэ удаа албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж ББСБ-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Б нь 2016 оны 4 сарын 29-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 5/219 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч ******* эс зөвшөөрч маргаж байна.

 

Нэхэмжлэгч Т.Б нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдах үнийг саналыг аваагүй, зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлж үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулсан гэж тайлбарладаг бол хариуцагч ******* нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэж маргадаг.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Т.Б-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2014 оны 9 сарын 19-ний өдрийн Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 3924 дүгээр захирамжаар Т.Б-с 158,334,427 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч БИД ББСБ-д олгон шийдвэрлэж, зээлийн барьцаанд ... тоотын 143 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, 14.31 м.кв талбайтай 2 тоот авто зогсоолыг тавьсан болохыг дурджээ.

 

*******наас дээр дурдсан зээлийн барьцаа хөрөнгүүдийг 2015 оны 4 сарын 28-ны өдрийн 121/01 тоот тогтоолоор битүүмжилж, 2015 оны 8 сарын 12-ны өдрийн 121/04 тоот тогтоолоор хураасан байна.

 

Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан ... орон сууц, 14.31 м.кв талбайтай 2 тоот авто зогсоолын үнийг төлбөр авагч, өмчлөгчтэй харилцан тохиролцож тогтоон шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэх, хэрэв тохиролцож тогтоогоогүй тохиолдолд үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлийг төлбөр төлөгч Т.Б, өмчлөгч Т.О, Б.О, Б.Д нарт мэдэгдсэн болох нь *******ны 2016 оны 4 сарын 06-ны өдрийн 3/12945 тоот мэдэгдэл, 2016 оны 4 сарын 12-ны өдрийн 3/13512 тоот мэдэгдэл, холбогдох Монгол шуудан ТӨХК-ийн тасалбар зэрэг баримтаар нотлогдож байна.

 

Төлбөр төлөгч, өмчлөгч нар үнийн саналаа ирүүлээгүй байх тул төлбөр авагч БИД ББСБ нь зах зээлийн үнийг үнэлгээчнээр тогтоолгох тухай хүсэлтийг *******нд 2014 оны 4 сарын 14-ний өдөр гаргажээ.

 

Ийнхүү төлбөр авагч, төлбөр төлөгч, өмчлөгч нар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгүүдийн санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй учир ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 4 сарын 18-ны өдрийн 76 тоот тогтоолоор Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан ... тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно гэж заасантай нийцэж байна.

 

Иймд, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан дэс дараалал, үе шаттайгаар явагдсан байх тул 2016 оны 4 сарын 29-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 5/219 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай Т.Б-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайд,

Хариуцагчийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг 2017 оны 4 сарын 20-ны өдөр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.   Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т зааснаар *******нд холбогдох, 2016 оны 4 сарын 29-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 5/219 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай, Т.Б-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР