Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 904

 

                                                                     МАГАДЛАЛ

2018.10.2                                                               № 904                                          хянуулах

 

 

 

 

 

 

 

З.С, Б.Г нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Оюунчулуун, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          шүүгдэгч /хохирогч/ Б.Г,

          нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

          Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ  даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 616 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Ггийн өмгөөлөгч Ц.Оюунгэрэлийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Б.Г, З.С нарт холбогдох 1805 0219 00520 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигон овгийн Загдраднаагийн С, 1983 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, гурван хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо,

2. Отгоо Тайж овгийн Балсангийн Г, 1976 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Худалдааны менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо,

З.С нь 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Нар их дэлгүүрийн орчим иргэн Б.Гтай маргалдаж, улмаар үснээс нь зулгааснаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Б.Г нь 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Нар их дэлгүүрийн орчим иргэн З.Стай маргалдаж, улмаар үснээс нь зулгааснаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: З.С, Б.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овгийн Загдраднаагийн Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн, Отгоо Тайж овгийн Балсангийн Гг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.Сыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Гг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Г, З.С нарын торгох ялыг биелүүлэх хугацааг 3 сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлэхгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч /хохирогч/ Б.Ггийн өмгөөлөгч Ц.Оюунгэрэл гаргасан давж заалдах гомдолдоо: “...Б.Г нь тухайн өдөр гэр бүлээс гадуур харилцаатай байсан А.Цогбаяртай урьд өдөр нь яриад асуудлаа шийдвэрлэх талаар тохирсоны дагуу ажил дээр нь очиход А.Цогбаяр “гаръя” гээд гадаа гарсан байдаг. А.Цогбаярын эхнэр Д.Чимэддулам, дүү С нар Б.Гтай тааралдаад Д.Чимэддулам нь хувцас, цүнхээ барьсан гараас нь барьж, З.С нь гар, хөл рүү нь өшиглөж, шууд үснээс нь зулгааж хоёулаа хоёр талаас нь дайрахад нь Б.Ггийн зүрхээр хатгуулж, дотор нь муухайрахад “миний бие муу байна, би жирэмсэн” гэж хэлэхэд З.С үснээс нь зулгаагаад тавихгүй байсан бөгөөд энэ хоёр хүн биед нь шууд эхэлж халдсан. Хоёр хүн зэрэг дайрахад өөрийгөө хамгаалах зорилгоор З.Сын үсэнд хүрэхэд Б.Ггийн толгойноос гараа авсан. Ггийн хувьд өөрийгөө хамгаалах зорилгоор уг үйлдлийг хийсэн байдаг. Гэтэл гараа мушгиулаад, үсээ зулгаалгаад байгаа хүн хэрэгтэн болж шүүхээр шийтгүүлж байна.

А.Цогбаяр нь маргааш Б.Гтай уулзах талаар эхнэр Д.Чимэддуламд хэлж, Д.Чимэддулам нь энэ талаар дүү З.Стай хамт очихоор ярилцаж тохироод Б.Гтай маргааш уулзаад яах талаараа урьдчилан тохиролцсон байдаг. Энэ талаар тодорхой асууж тодруулаагүй боловч З.Сын өөрийнх нь өгсөн мэдүүлэгт тодорхой байдаг.

Энэ хэрэгт оролцсон Д.Чимэддуламаас байцаалт аваагүй, үйлдлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар ямар ч баримт хэрэгт байхгүй байдаг. Энэ хүн Б.Ггийн гарыг нь бариад тавихгүй зууралдаж байсан. Энэ хоёр хүн энэ хэрэг гарахад оролцсон гэж үзэж байна. А.Цогбаяр нь “энэ байцаагчийг би танина, сая уулзлаа, та нар хоорондоо тохиролцоод эвлэрэхгүй бол шүүхээр орох юм болно шүү гэж хэлж байна” гэж ярьсан байсан. Ингээд эхнэр Д.Чимэддуламыг энэ хэргээс мултлах ажиллагааг хийсэн гэж үзэж байна. Байцаагч нь Б.Гг “миний бие өвдөөд босч чадахгүй байна” гэхэд нь “заавал ирж уулзаж эвлэр” гэж дуудаж Д.Чимэддуламтай эвлэрүүлснээр Д.Чимэддуламын үйлдлийг хэрэгсэхгүй болгосон. Д.Чимэддулам, З.С хоёр Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлд зааснаар уг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэж байгаа тул хэргийг дахин шалгуулахаар буцаалгах саналтай байна.

З.Сын хувьд үйлдэл нь тодорхой байгаа. Б.Ггийн гарын сарвуу, зүүн болон баруун шилбийг нь өшиглөж үснээс зулгааж, хариугүй унах гээд “миний зүрх өвдөөд байна, би жирэмсэн” гэж хэлсэн ч дайраад байсан тул Б.Г үс зулгаасан гарыг нь тавиулах гэж үснээс нь нэг удаа л зулгааж гарыг нь тавиулсан. Б.Гд өөр үйлдэл байхгүй. Энэ үйлдлээс З.Сд ямар ч гэмтэл учрах боломжгүй.

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5003 тоот дүгнэлтэд Б.Ггийн гэмтлийн зэргийг баруун сарвууны арын хэсэгт 4.0х0.1 см хүрэн улаан өнгийн зулгаралтууд, зүүн шилбэний урд доод хэсэгт 3.0х0.2 см хүрэн улаан өнгийн зулгаралттай, баруун шилбэний урд доод хэсэгт 2.0х2.0 см хөхөлбөр өнгийн цус хуралттай зэрэг гэмтлүүд үүссэн байх бөгөөд Б.Г 2018 оны 4 дүгээр сарын 16-нд буюу тэр өдрөө “Есү Энх” эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлэхэд “умайн цочрол их, ихэс бага зэрэг ховхорсон”, эмч Энхцэцэг гэсэн үзлэгийн дүгнэлтээ бичсэн байх ба шүүх эмнэлгийн дүгнэлт гарахад энэ үзлэгийг ямар нэг байдлаар оруулаагүй орхигдуулсан байна. Б.Гд хүнд зэргийн гэмтэл учирсан. Д.Чимэддулам, З.С нарын гэмт үйлдлийн улмаас ураг зулбах шинж тэмдэг илэрч /тухайн үед доошоо цус гарч байсан/, маргааш нь орноосоо босч чадахгүй хэвтэж, эмчид үзүүлж эмнэлгийн тусламж авсан.

З.Сын хувьд ямар ч ил шарх, зулгаралт, цус хуралт үүсээгүй, ямар нэг эмчийн үзлэгт ч ороогүй, зулай орой хэсгийн хуйх тэмтрэхэд эмзэглэлтэй. Тархины эд голомтод өөрчлөлтгүй байхад хөнгөн зэргийн гэмтэл гарах ямар ч үндэслэлгүй байх бөгөөд урьд нь авто ослын улмаас тархиндаа гэмтэл аваад эмнэлэгт хэвтээд гарсан, эмчийн хяналтад байдаг гэж өөрөө ярьсан байдаг. Эдгээрээс дүгнэлт хийхэд Б.Ггийн биед анх эхэлж халдсан, илүү их хохирсон хүн хэрэгтэн болж байгааг ойлгохгүй байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан Б.Гд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч /хохирогч/ Б.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би гомдолтой байна. Би тухайн үед жирэмсэн гэдгээ хэлсээр байтал хоёр талаас зодоод байсан. Анхнаасаа мэдүүлгүүдийг худлаа бичсэн гэж бодож байна. Би намайг үсдээд тавихгүй байхаар нь гарыг нь тавиулах зорилгоор үснээс нь нэг удаа зулгаасан. Миний хувьд тэднийг зодож цохисон асуудал байхгүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

З.С нь 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Нар их дэлгүүрийн орчим иргэн Б.Гтай маргалдаж, улмаар үснээс нь зулгааснаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг,

Б.Г нь 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Нар их дэлгүүрийн орчим иргэн З.Стай маргалдаж, улмаар үснээс нь зулгааснаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

З.Сын хохирогчоор өгсөн “...цагдаагийн хажууд намайг үсдэж, баруун гараараа толгой руу хоёр удаа цохисон. ...” гэх мэдүүлэг /хх-39-40/,

Б.Ггийн хохирогчоор өгсөн “...хоёр эмэгтэй гарч ирээд “сайн байна уу, чи Г юу” гэж хэлээд өөдөөс дайраад цохиж, зодсон. ...цагдаагийн хажууд миний уур хүрч З.Сын үснээс нэг удаа зулгаасан. ...” гэх мэдүүлэг, /хх-47-48/, гэрч А.Цогбаяр /хх-19-20/, гэрч Д.Чимэддулам /хх-21-22/, гэрч Б.Уранчимэг /хх-71-72/ нарын мэдүүлгүүд,

шинжээч эмч М.Золжаргалын “Тархи доргилт гэмтэл нь үсдэж үснээс зулгаахад үүсэх боломжтой. Тархи доргилт нь хэрэг учрал болсон үед үүсэх боломжтой шинэ гэмтэл юм” гэх мэдүүлэг /хх-54/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Б.Ггийн биед тархи доргилт, баруун сарвуунд зулгаралт, баруун, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх 5003 дугаартай дүгнэлт /хх-25/,

мөн “...З.Сын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх 4998 дугаартай дүгнэлт /хх-26/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч /хохирогч/ Б.Ггийн өмгөөлөгч Ц.Оюунгэрэлийн “...Б.Гд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэсэн утга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Учир нь, өмгөөлөгч Ц.Оюунгэрэлийн давж заалдах гомдолд дурдсан үйл баримтыг үнэн зөв болохыг нотолсон нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон гэрч нарын мэдүүлгийг үгүйсгэсэн баримт хэрэгт алга.

 “Аргагүй хамгаалалт” нь Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан “...амьд явах, халдашгүй чөлөөтэй байх, ...болон бусад эрхээ эдлэх”, энэ эрхэд халдсан довтолгооныг няцаах, түүнээс хамгаалах ач холбогдолтой бөгөөд хууль зүйн мөн чанарын хувьд Эрүүгийн хуулиар зөвшөөрөгдсөн, түүнчлэн уг хуулиар хамгаалагдсан ямар ч хохирол, хор уршигт хүргэж болох боловч гэмт хэрэгт тооцдоггүй, гэмт хэргийг үгүйсгэдэг онцлогтой.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн, ойр дотны хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан ба шүүгдэгч /хохирогч/ Б.Ггийн хувьд өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг тулгарсан довтолгоон хийгдээгүй гэж үзэх үндэслэлтэй бөгөөд энэ нь гэрч А.Цогбаярын                                  “...Б.Г З.Сыг зодоогүй, үснээс нь зулгаасан зогсож байсан. ...”, гэрч Д.Чимэддуламын “...чи яагаад байгаа юм бэ гээд З.Сыг үсдсэн. Б.Г, З.С хоёр үснээсээ зулгаацалдаад тавихгүй болохоор цагдаа дуудсан. ...” гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч /хохирогч/ Б.Ггийн хийсэн үйлдэл нь хуулиар зөвшөөрөгдсөн аргагүй хамгаалалтын шинжгүй, гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзнэ.

Түүнчлэн прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхээс шүүгдэгч З.С, Б.Г нарт оногдуулсан ял шийтгэл тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрөл, хэмжээнд нийцсэн, тэдгээрийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон байна.

Иймд шүүгдэгч /хохирогч/ Б.Ггийн өмгөөлөгч Ц.Оюунгэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “... торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.” гэж тус тус хуульчилсан байх тул 90 хоног дотор торгуулийн ял биелүүлэх хугацааг заах шаардлагагүй болно.

З.С, Б.Г нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич шийдвэрлүүлэх боломжтой бөгөөд харин анхан шатны шүүх тогтоолдоо энэ талаар заагаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс энэ талаарх заалтыг нөхөн оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх зүйлийн 1.1, 1.5 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 616 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “З.С, Б.Г нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч /хохирогч/ Б.Ггийн өмгөөлөгч Ц.Оюунгэрлийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                    

                                                                        

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧИД                                                   Д.ОЮУНЧУЛУУН

 

                                                    М.АЛДАР