Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2017/01307

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ганчимэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Ү.Б-д холбогдох

Түрээсийн гэрээний үүргийн биелэлтээс учирсан хохирол 13,369,500  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад:

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О,  өмгөөлөгч А.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, өмгөөлөгч Э.Г шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллага иргэн Ү.Б-тай 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн ** дугаар хороо, 1 дүгээр 50 мянгат ** дугаар байрны * давхарт байрлах 36м2 талбай бүхий үйлчилгээний зориулалтай үл хөдлөх хөрөнгийг 12 сарын хугацаанд түрээслэхээр харилцан тохиролцож түрээсийн гэрээ байгуулсан.

Ийнхүү хооронд урт хугацааны гэрээ байгуулагдсан учраас манай компанийн зүгээс уг объектод үйл ажиллагаа явуулахад шаардлагатай засан сайжруулалт, засвар үйлчилгээг өөрсдийн зардлаар хийж гүйцэтгэн, гэрээнд заасан хугацаанд түрээсийн төлбөрөө төлж, элдэв зөрчил гаргалгүй үйл ажиллагаа явуулж ирсэн юм.

Гэтэл 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр түрээслүүлэгчийн зүгээс Түрээсийн гэрээг нэг талын санаачлагаар цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлсэн бөгөөд манай компани 08 дугаар сарын 29-ний өдөр хариу мэдэгдэл, хүсэлт явуулсан боловч одоог хүртэл албан ёсоор хариу өгөөгүй бичгээр хариу өгөх боломжгүй гээд 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гэхэд тухайн өрөөг суллаж өг гэж тус салбарт ажилладаг манай ажилчид хэлсэн. Ийнхүү хугацаанаас өмнө цуцлах болсноор бидний зүгээс уг объектод оруулсан салгаж боломгүй эд хөрөнгийн хохиролд орох болоод байна.

Хэрэв түрээсийн гэрээг ийнхүү хугацаанаас өмнө цуцлах, мөн хугацааны хувьд богино байсан бол бид дээрх засвар үйлчилгээг хийх шаардлагагүй байсан. Түрээслүүлэгчийн зүгээс засан сайжруулалт бүхий уг обьектыг цаашид түрээсэлж үр шимийг нь хүртэх боломж нээлттэй байгаа учраас ийнхүү хугацаанаас нь өнө гэрээг цуцалж түрээслүүлэгчийг хохироож байх тул арга буюу шүүхэд хандахад хүрээд байна.

Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 289 дүгээр зүйлийн 289.2.5 дах хэсэгт заасанчлан засвар, үйлчилгээний зардал болох 6,837,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Манай байгууллага иргэн Ү.Б-тай 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн * дугаар хороо, 1 дүгээр 50 мянгат ** дугаар байрны 1 давхарт байрлах 36 м2 талбай бүхий үйлчилгээний зориулалтай үл хөдлөх хөрөнгийг 12 сарын хугацаанд түрээслэхээр харилцан тохиролцож түрээсийн гэрээ байгуулсан.

Ийнхүү талуудын хооронд урт хугацааны гэрээ байгуулагдсан учраас манай компанийн зүгээс уг объектод үйл ажиллагаа явуулахад шаардлагатай засан сайжруулалт, засвар үйлчилгээг өөрсдийн зардлаар хийж гүйцэтгэн, гэрээнд заасан хугацаанд түрээсийн төлбөрөө төлж, элдэв зөрчил гаргалгүй үйл ажиллагаа явуулж ирсэн юм.

Гэтэл дээрх үл хөдлөх хөрөнгө нь Л.Л, Л.Д, Х.А гэх 3 хүний өмч болох  нь хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны явцад Ү.Б-с гаргаж өгсөн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх ба Түрээсийн гэрээг байгуулахдаа энэ тухайгаа нуун дарагдуулж түрээсийн гэрээг байгуулсан байна.

Өөрөөр хэлбэл Түрээсийн гэрээг байгуулах эрх бүхий этгээдүүдийн зөвшөөрлийг авалгүйгээр үл хөдлөх хөрөнгийг түрээслэн, уг объектод засан сайжруулалт хийгдсэний дараа худал шалтаг тооцон хугацаанаас нь өмнө гэрээг цуцалж манай байгууллагыг хохироож байгаа дээрх үйлдлүүд нь анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 318 дугаар зүйлийн 318.4-т заасны дагуу Түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Түрээсийн төлбөрт шилжүүлсэн 6,532,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна.

Иймд Ү.Б-тай байгуулсан 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож сарын хугацаанд төлсөн түрээсийн төлбөр 6,532,000 төгрөг, засан сайжруулалтын зардалд 6,837,500 төгрөг нийт 13, 369,500 төгрөгийг Ү.Б-с гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ү.Б шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Т ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Ү.Б миний бие хариуцагчаар ороцож байгаа бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн  зөвшөөрөхгүй  байгаа тул дараах хариу тайлбарыг гаргаж байна. Т ХХК нь С нь түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцлуулсантай холбогдуулан  гарсан хохирол гэж 6,897,500 төгрөгийг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

С нь манай дэлгүүрт 2016 оны 03 дугаар сараас эхлэн байрлаж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд манай хүү хүнд өвдсөн тул бид удахгүй гадагшаа удаан хугацаагаар явж эмчлүүлэх шаардлага гарсан юм.

Ийм учраас дэлгүүр ажиллуулах хүн хүч дутмаг байх тул тус салбар дэлгүүрийн үйл ажиллагааг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш зогсоож хаахаас өөр аргагүй болсон юм. Энэ тухайгаа түрээсийн гэрээнд заасан ёсоор түрээслүүлэгч тал Сайн ломбардад албан ёсоор мэдэгдэж гэрээг цуцлах саналаа тавьсан юм. Гэвч нэхэмжлэгч тал түрээсийн талбайн засварын материалын зардалд 2,837,500 төгрөг, хаягны зардалд 2,500,000 төгрөг засварын ажлын хөлс 1,500,000 төгрөг буюу нийт 6,897,500 төгрөгөөс засварын материалын 2,837,500 төгрөгийн зардалд тооцсон зарим зүйлс хийгдээгүй бөгөөд мөн баримтаар тогтоогдохгүй байна. Гэсэн хэдий ч Ү.Б миний бие засварын материалын зардалд тооцсон 2,837,500 төгрөгийг төлөх бөгөөд хаягны зардал 2,500,000 төгрөг, ажлын засварын хөлс 1,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь тухайн хаягыг Т ХХК нь өөрсдөө авч яван дахин ашиглах боломжтой юм. Харин засварын ажлын хөлсөнд нэхэмжилсэн 1,500,000 төгрөг нь дээрх 2,897,500 төгрөгийн материалын зардалд багтсан байгаа тул энэхүү зардал болох 4,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Ү.Б-д холбогдуулан  6,837,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, түрээсийн төлбөрт төлсөн 6,532,000 төгрөг нийт 13,369,500 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг  гаргажээ.

Хариуцагч Ү.Б нь нэхэмжлэлийн шаардлагаас 2,837,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар дараах нөхцөл байдал тогтоогдов.

1. Түрээсийн талбайг засан сайжруулалтын зардалд 6,837,500 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Зохигчдын хооронд 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс нэг жилийн хугацаатай Чингэлтэй дүүрэг * дугаар хороо, 1 дүгээр 50.000-ын ** дугаар байрны * давхарт 36м2 талбайг нэг сарын 1,000,000 төгрөгөөр түрээслэх, түрээслүүлэхээр харилцан тохиролцож “Түрээсийн гэрээ”-г байгуулж гэрээний гол нөхцөлийг тохирсон байгаа тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-д заасны дагуу гэрээ байгуулагдсан гэж үзэв.  /хх-ийн 5-6 дугаар тал/

Хариуцагч Ү.Б нь түрээсийн гэрээг цуцлах тухай саналыг бичгээр  мэдэгдсэн тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д, энэ хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.1.-д заасан нөхцөл үүссэн тул гэрээг нэг талын санаачилгаар  цуцалж, 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүрэг ** дугаар хороо, 1 дүгээр 50.000-ын ** дугаар байрны * давхарт 36м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эд материалыг хүлээлцсэн нь баримтаар тогтоогдож байна./хх-ийн 60 дугаар тал/

Түрээсийн гэрээний дагуу түрээслүүлэгчийн зөвшөөрлийн дагуу түрээслэгч тал тухайн объектод засвар үйлчилгээ хийсэн болох нь зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул хариуцагч Т ХХК нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5 дахь хэсэгт зааснаар хөлсөлж авсан эд хөрөнгийг хөлслүүлэгчийн зөвшөөрлөөр өөрийн зардлаар засан сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа  төлүүлэхээр хөлслүүлэгчээс шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч тал объектод хийсэн засварт 2,837,500 төгрөг, хаягны  зардалд 2,500,000 төгрөг, засварын ажлын хөлс 1,500,000 төгрөгийг нэхэмжилсэн ба хариуцагч Ү.Б 2,837,500 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэгдэл 4,000,000 төгрөгийг төлөхгүй гэж маргасан.

Т ХХК нь түрээсийн гэрээ байгуулснаас хойш Чингэлтэй дүүрэг ** дугаар хороо, 1 дүгээр 50.000-ын ** дугаар байрны ** давхарт 36м2 талбайд өөрсдийн зардлаар 2,837,500 төгрөгийн засвар хийсэн баримтаар тогтоогдож байна./хх-ийн 9-39 дүгээр талууд/

Иргэний хуулийн 332 дугаар зүйлийн 332.4.-д “Түрээсийн гэрээ дуусгавар болоход түрээслэгч нь салгаж болох засан сайжруулалтыг салгаж авах буюу түрээслүүлэгч нь зохих үнийг төлж өөртөө авч болно.” гэж зааснаар нэхэмжлэгч  нь ломбардад ашиглагдаж байсан ширээ, сандал, хаяг зэргийг буцаан авах боломжтой, харин засварын ажлын хөлс 1,500,000 төгрөгөөс нэхэмжлэгчийн зөвшөөрсөн 800,000 төгрөгийг хасаж, үлдэгдэл  700,000 төгрөг, материалын зардал 2,837,000 төгрөг нийт 3,537,500 төгөргийг хариуцагч Ү.Б-с гаргуулж Т ХХК-д олгох нь зүйтэй.

2. Түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, түрээсийн төлбөрт төлсөн 6,532,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Эрхийн  улсын бүртгэлийн Ү-22020032** дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг ** дугаар хороо, 1 дүгээр 50.000-ын ** дугаар байрны * давхарт  ** тоот  хаягтай 30м2 талбайтай хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр  Л.Л, Х.А, Л.Д нар хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдэж 0001380** гэрчилгээг 2011 оны 04 дүгээр сарын 08-ны олгосон байна./хх-ийн 86 дугаар тал/

Талуудын хооронд 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 07-ны  өдрийг хүртэл  1 жилийн хугацаатай, нэг сарын 1,000,000 төгрөгөөр түрээсэлэхээр харилцан тохиролцож түрээсийн гэрээнд түрээслүүлэгч Ү.Б, түрээслэгч О.З нар гарын үсэг зурж хавтас хэрэгт авагдсан баримт, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна./хх-ийн 5-6 дугаар тал/

Хариуцагч Ү.Б нь Чингэлтэй дүүрэг * дугаар хороо, 1 дүгээр 50.000-ын ** дугаар байрны 1 давхарт  ** тоот  хаягтай 30м2 талбайтай хоёр өрөө орон сууц нь гэр бүлийн дундын өмч, дээрх үл хөдлөх эд хөрөнгийн түрээслэхэд эхнэр нь Л.Л хажууд байсан гэж төлөөлөгч, өмгөөлөгч нар маргаж байгаа боловч баримтаар нотлоогүй.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл”,  56.1.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хэлцлийг” хүчин төгөлдөр бус байна гэж хуульчилсан.

Хариуцагч Ү.Б нь түрээсийн гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч биш бөгөөд өмчлөгч нараас зохих зөвшөөрлийг аваагүй байх  талуудын хооронд 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан Түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэв.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн  492.1.1 “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж зааснаар талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус болсон тул хариуцагч нь нэхэмжлэгчээс түрээсийн гэрээний  төлбөрт төлсөн  6,000,000 төгрөгийг шаардах эрхтэй.

Талуудын хооронд түрээсийн гэрээ 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдаж, 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр дуусгавар болж хариуцагч түрээсийн төлбөрт төлсөн 6,000,000 төгрөгийг, засаж сайжруулахад гарсан зардал 3,537,500 төгрөг нийт 9,537,500 төгрөгийг Ү.Б-с гаргуулах  хариуцагч Т ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хуулийн 115.2.2 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 318 дугаар зүйлийн 318.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ү.Б-аас 9,537,500 төгрөгийг гаргуулж Т ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 224,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ү.Б-с нэхэмжлэл хангагдсан 9,537,500 төгрөгт ногдох  улсын тэмдэгтийн хураамжид 167,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.ГАНЧИМЭГ