Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 926

 

МАГАДЛАЛ

2018.10.9                                                       № 926                                                  ХЯНУУЛАХ

 

 

 

 

 

 

 

Ч.Сд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          шүүгдэгч Ч.Сгийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг,

          нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж, шүүгч А.Алтанхуяг, Ч.Отгонбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 671 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.С, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар, шүүгдэгч Ч.Сд холбогдох 1805 0169 30371 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Таадаг овгийн Чинбатын С, 1994 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо;

Ч.С нь бусдыг хуурах зорилгоор фэйсбүүк хуудсанд “цагийн ажилд авна” гэсэн зар тавьж,

2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, 10 дугаар хорооллын автобусны буудал дээр иргэн А.Хтай уулзаж, “ажилд оруулж өгнө” гэж худал хэлэн Цоглог хотхоны 201 дүгээр байрны 1 дүгээр орцны 9 дүгээр давхарт дагуулан гарч, “утсаар чинь яриад өгье” гэж “Iphone-6” загварын гар утсыг аваад, лифтээр бууж зугтан, А.Хд 472.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, 10 дугаар хорооллын автобусны буудал дээр иргэн З.Хтай уулзаж, “ажилд оруулж өгнө” гэж худал хэлэн Голден парк хотхоны 104 дүгээр байрны 15 давхарт дагуулан гарч “утсаар чинь яриад өгье” гэж “Samsung S-6” загварын гар утсыг авч “бичгийн цаасанд гараад ир” гэж худал хэлж гарган, улмаар утсыг нь авч зугтан, З.Хд 297.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Нисэхийн байрны буудал дээр иргэн Э.Стэй уулзаж, “ажилд оруулж өгнө” гэж худал хэлж, 58 дугаар байрны 4 давхарт “гар утсаар чинь яриад өгье” гэж “Iphone-6” загварын гар утсыг аваад, лифтээр бууж зугтан, Э.Сд 472.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Нисэхийн байрны буудал дээр иргэн М.Мтэй уулзаж, “ажилд оруулж өгнө” гэж худал хэлж, 58 дугаар байрны 8 давхарт гарч “утсаар чинь яриад өгье” гэж “Samsung G-3” загварын гар утсыг нь аваад, лифтээр бууж зугтан, М.Мд 479.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нисэхийн байрны буудлын орчим “Нандин” нэртэй ломбардны гадаа иргэн Х.Бтай уулзаж, “ажилд оруулж өгнө” гэж худал хэлэн 66 дугаар байрны 5 давхарт гарч, “утсаар чинь яриад өгье” гэж “Samsung S-4” загварын гар утсыг аваад, 6 давхарын лифтээр бууж зугтан, Х.Бд 108.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Нисэхийн байрны буудал дээр иргэн Г.Дтай уулзаж, “барьцаагүй мөнгө зээлүүлнэ” гэж худал хэлэн 65 дугаар байрны 7 давхарт гарч “утсаар чинь яриад өгье” гэж хэлэн “Iphone-6S” загварын гар утсыг аваад, лифтээр бууж зугтан, Г.Дд 584.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Ч.Сгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Таадаг овгийн Чинбатын Сг “хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Сг 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Сд оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Сгийн урьд цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Сд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ч.С давж заалдах гомдолдоо: “...Миний бие Чинбат овогтой С нь 2016 онд Улаанбаатар хотод орж ирээд эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд хадам ах Болдбаатарын хашаанд түр оршин суух бүртгэлтэйгээр амьдарч байгаа юм. Би бага байхаасаа зураг зурдаг, хөдөлмөрийн багшийгаа дагаж мужааны ажил, тэр дундаа сийлбэр хийх ажилд дур сонирхолтой болж, энэ чиглэлээр гаршиж мэргэшсэн. Тиймдээ ч хотод ирж өөрийн таньдаг ах Ө.Амаржаргалын “Молор шүтээн угсаатан” ХХК-нд мужаан сийлбэрчнээр тасралтгүй ажилласан юм. Энэ хугацаандаа морин хуур, шатар, монгол гэр, гэрийн тавилга захиалгаар хийж, байнгын ажилтай, тогтмол орлоготой байсан. Өөрийн мэргэжил, боловсролыг дээшлүүлэх зорилгоор Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн дүрслэх урлагийн салбарт элсэн орж суралцаж байсан, эрхэлсэн ажил, хийж бүтээсэн зүйлдээ дур сонирхолтой, цаашид улам их зүйл урлаж бүтээх хүсэл эрмэлзэлтэй хүн билээ.

Миний бие өөрийн шунахай зан, тухайн цаг үед тохиолдсон санамсаргүй асуудлаас болж амьдралдаа маш том алдаа гаргасандаа харамсаад барахгүй байна. Миний ажлын байр, амьдарч байсан гэрийн ойролцоо байдаг. Сар бүр цалин орлогоо аваад эхнэртээ өгдөг, эхнэр маань 2 нялх хүүхдээ хараад гэртээ байдаг юм. Тухайн үед Солонгос улс руу явахаар виз гарлаа гээд ирсэн. Түүнд баяр хүргэж хоолонд оруулах, караокед орох зорилгоор маш муухай хэрэг үйлдсэн юм. Харин энэ талаар эхнэр болон ах, эгч нартаа огт хэлээгүй нууж явсаар шүүхэд очсон хойноо мэдэгдэж хохирол төлбөрөө төлсөн юм. Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Цаашид дахин гэмт хэрэг үйлдэхгүй, өөрийн чаддаг ажлаа шудрагаар хийж, гэр бүл, үр хүүхдээ асарч, тэжээж амьдарна. Би 6 хүнийг хохироосон, хохирогч нарт учруулсан хохирлоо бүрэн төлж уучлалт гуйсан. Эдгээр хохирогч нарын гар утсыг хуурч аваад найз нөхдөө дайлж дуусгасан. Ар гэр амьдралдаа зарцуулсан зүйл байхгүй юм. Харин анхан шатны шүүхээс намайг байнга гэмт хэрэг үйлдэж, амьжиргааны эх үүсвэр болгосон гэж зүйлчлэн хүнд ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Ар гэрт үлдэж байгаа эхнэр, хүүхдүүд маань ямар ч цалин орлогогүй, өвлийн бэлтгэлгүй, түлээ түлш, идэх хоолгүй үлдэж байгааг эрхэм шүүгч та бүхэн минь харж үзэж, оногдуулсан ялын зүйлчлэлийг хөнгөрүүлж, ял шийтгэлийг тэнсэж өгөхийг чин сэтгэлээсээ хүсэж байна. ...” гэжээ.

Шүүгдэгч Ч.Сгийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх Ч.Сгийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар ял шийтгэл оногдуулахдаа “залилах гэмт хэргийг 6 удаагийн үйлдлээр үйлдсэн тул түүнийг тухайн гэмт хэргийг байнга буюу хоёроос дээш үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй, тухайн гэмт хэргийг үйлдсэн этгээд нь гэмт хэргийг үйлдэж олсон эд хөрөнгө, орлогоо ямар зүйлд хэрхэн зарцуулснаас үл шалтгаалан өөрийн шударгаар олсон орлогоор гүйцэтгэж чадахгүй байгаа үүргээ гүйцэтгэж байгаа нөхцөлд уг гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй” гэж заасан байна. Ч.С нь эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Баталгаатай гэр бүлтэй, өрх гэрийн тэргүүний хувьд эхнэр, хүүхдээ тэжээн тэтгэх үүргийг гүйцэтгэж байгаа ганц хүн нь юм. Харин түүний эхнэр Г.Мөнхнаран нь 2015, 2016 онд охин С.Анужин, хүү С.Эрхэс нарыг төрүүлж, хүүхдүүдээ асран гэртээ байгаа бөгөөд зөвхөн нөхрийнхөө ажил хийж олсон орлогоор энэ гэр бүл амьдарч байгаа юм. Ч.С нь дээрх гэмт хэргүүдийг үйлдэхдээ 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Х.Бг хуурч 108.000 төгрөгийн үнэтэй гар утсыг нь аваад үүнээс хойш 2 сар шахам хугацааны дараа 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Г.Д, 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр М.М, 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Э.С, 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр А.Х, 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр З.Х нарын гар утсыг хуурч авсан байдаг. Өөрөөр хэлбэл, сүүлийн 5 удаагийн гэмт хэргийг 11 хоногийн дотор үйлдэж, бусдад 2 сая гаруй төгрөгийн хохирол учруулахдаа тогтвортой, үргэлжилсэн удаан хугацаанд үйлдээгүй бөгөөд түүнийг гэмт хэрэг үйлдэхээс өөр замаар олсон орлого байхгүй, амьдралын эх үүсвэр, амьжиргааны эх сурвалж байхгүй, гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг гэр бүл, үр хүүхдээ тэжээж тэтгэх болон бусад байдлаар амьдрал ахуйдаа хэрэглэсэн хэрэглээ болгосон гэж үзэж, байнга энэ гэмт хэргийг үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон гэж дүгнэхэд учир дутагдалтай байна.

Ч.С нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Улаанбаатар хотод “Молор шилтгээн угсаатан” ХХК-нд 2 жил тогтвор суурьшилтай ажиллаж байгаа талаар тодорхойлолт уг компаниас ирүүлснээс гадна, ажил гүйцэтгэж байсан болон гүйцэтгэх гэрээнүүд түүний ажиллаж байсан газар, авч байсан цалингийн тодорхойлолт зэрэг баримтуудаар амжиргааны эх үүсвэртэй байсан болохыг гэрчилнэ. Харин энэ талаар мөрдөн байцаалтын шатанд тодруулж шалгаагүй, түүний хувийн байдал, ажил эрхлэлт, цалин хөлсний асуудлаар гэр бүл, найз нөхөд, хамт олноос нь асууж байцаагаагүй, 6 удаагийн үйлдлийн тоог үндэслэн хэт нэг талыг барьсан дүгнэлт хийсэн нь ял шийтгэлийг хүндрүүлж оногдуулах үндэслэл болсон гэж үзэж байна.

Ч.С нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, цагдаагийн байгууллагад баригдсан даруйдаа өөрийн үйлдсэн бусад хэргүүдийг сайн дураараа илчлэн мэдүүлсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, бага насны 2 хүүхэдтэй, эхнэр нь ажилгүй, орлогогүй байгаа, цаашид дахин гэмт хэрэг үйлдэхгүй шудрагаар амьдрах бүрэн боломжтой хүн юм. Нөгөө талаар гэмт хэргийн замаар олсон орлогыг найз нөхөдтэйгээ баар, караокед орж зарцуулсан, тэр мөнгөөр амьжиргааны эх үүсвэр болгох үйлдэл үйл ажиллагаа явуулаагүй, энэ талаар ар гэр, эхнэр, хүүхдүүддээ мэдэгдээгүй зэргээс түүнийг бусдыг залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьжиргааны эх үүсвэр болгосон гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд Ч.Сгийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, уг зүйл, хэсэгт зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү. ...” гэв.

  

                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Ч.С нь бусдыг хуурах зорилгоор фэйсбүүк хуудсанд “цагийн ажилд авна” гэсэн зар тавьж,

2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, 10 дугаар хорооллын автобусны буудал дээр иргэн А.Хтай уулзаж, “ажилд оруулж өгнө” гэж худал хэлэн Цоглог хотхоны 201 дүгээр байрны 1 дүгээр орцны 9 дүгээр давхарт дагуулан гарч, “утсаар чинь яриад өгье” гэж “Iphone-6” загварын гар утсыг аваад, лифтээр бууж зугтан, А.Хд 472.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, 10 дугаар хорооллын автобусны буудал дээр иргэн З.Хтай уулзаж, “ажилд оруулж өгнө” гэж худал хэлэн Голден парк хотхоны 104 дүгээр байрны 15 давхарт дагуулан гарч “утсаар чинь яриад өгье” гэж “Samsung S-6” загварын гар утсыг авч “бичгийн цаасанд гараад ир” гэж худал хэлж гарган, улмаар утсыг нь авч зугтан, З.Хд 297.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Нисэхийн байрны буудал дээр иргэн Э.Стэй уулзаж, “ажилд оруулж өгнө” гэж худал хэлж, 58 дугаар байрны 4 давхарт “гар утсаар чинь яриад өгье” гэж “Iphone-6” загварын гар утсыг аваад, лифтээр бууж зугтан, Э.Сд 472.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Нисэхийн байрны буудал дээр иргэн М.Мтэй уулзаж, “ажилд оруулж өгнө” гэж худал хэлж, 58 дугаар байрны 8 давхарт гарч “утсаар чинь яриад өгье” гэж “Samsung G-3” загварын гар утсыг нь аваад, лифтээр бууж зугтан, М.Мд 479.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нисэхийн байрны буудлын орчим “Нандин” нэртэй ломбардны гадаа иргэн Х.Бтай уулзаж, “ажилд оруулж өгнө” гэж худал хэлэн 66 дугаар байрны 5 давхарт гарч, “утсаар чинь яриад өгье” гэж “Samsung S-4” загварын гар утсыг аваад, 6 давхарын лифтээр бууж зугтан, Х.Бд 108.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Нисэхийн байрны буудал дээр иргэн Г.Дтай уулзаж, “барьцаагүй мөнгө зээлүүлнэ” гэж худал хэлэн 65 дугаар байрны 7 давхарт гарч “утсаар чинь яриад өгье” гэж хэлэн “Iphone-6S” загварын гар утсыг аваад, лифтээр бууж зугтан, Г.Дд 584.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн үйл баримт тогтоогдлоо.

Шүүгдэгч Ч.С нь нэр бүхий 6 иргэнийг хуурч, гар утсыг нь залилан авсан цаг хугацаа, газар зүйн байршил, шинж байдал, үнэ өртөгийн талаар /2хх-20/ тодорхой мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогч А.Х /1хх-10/, хохирогч З.Х /1хх-69/, хохирогч Э.С /1хх-102/, хохирогч М.М /1хх-157-158/, хохирогч Х.Б /1хх-216/, хохирогч Г.Д /2хх-11-13/, иргэний нэхэмжлэгч Д.Саруул /1хх-160/, иргэний нэхэмжлэгч Т.Даваажаргал /1хх-46/ нарын мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ /1хх-15-16, 48-49, 83-84, 106-107, 166-167, 223-224, 2хх-21-22/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-75, 138/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх-94-96, 133-136/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Харин шүүгдэгч Ч.С, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нар нь “залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгоогүй” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

Прокуророос Ч.Сг залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг нотлох баримтад тулгуурлан бодитой тогтоосон байх боловч залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэх гэмт хэргийн хүндрүүлэх шинжийн талаар буруу дүгнэлт хийжээ.

Залилах гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын өмч хөрөнгийг хуурч, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж хууль бусаар завшиж өөрт хэрэглэх буюу ашиг орлого олох гэсэн шунахай сэдэлт, зорилготой байдаг бөгөөд гэмт этгээд тухайн эд хөрөнгийг хадгалан хамгаалагдаж байсан эзнээс өөрийн болгон авч, захиран зарцуулах бодит бололцоог бий болгосон үеэс энэ гэмт хэрэг төгссөнд тооцогддог. Харин үргэлжилсэн үйлдэл бүрийг гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулах эсэхийг хэргийн нөхцөл байдлыг харгалзан ялгамжтай авч үзэх учиртай.

Тодруулбал, шүүгдэгч Ч.С нь 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хохирогч Х.Бг, 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Г.Дг, 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр М.Мг, 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хохирогч З.Сг, 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хохирогч А.Хг, 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хохирогч З.Хг тус тус залилан мэхэлж, гар утсыг авсан байна.

Өөрөөр хэлбэл Ч.Сгийн үйлдсэн гэмт хэргийн эхний нэг үйлдэл нь дараагийн үйлдлээсээ хоёр сарын өмнө, сүүлийн таван удаагийн үйлдэл нь 11 хоногийн дотор үйлдэгдсэн байх ба тогтвортой үргэлжилсэн удаан хугацаанд үйлдээгүй байх тул “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр” гэх шинжид хамааруулан үзэх боломжгүйн гадна нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан, үргэлжилсэн нэг гэмт хэрэг болгоныг “байнга үйлдсэн” шинжид хүндрүүлэн зүйлчлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд үл нийцнэ.

Нөгөөтэйгүүр “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон шинж нь “... гэмт хэрэг үйлдэж байнга үйлдэж, түүнээс олсон орлогыг амьдралын эх үүсвэр болгосон, өөрөөр хэлбэл гэмт хэргийг өөрийн амьдралын зорилго, байнгын үндсэн ажил болгосон шинжтэй, нөгөө талаас байнга хэвшмэл маягтай, гэмт хэргийг үндсэн ажил болгосон. ...” зэрэг онцлогтой бөгөөд шүүгдэгч Ч.Сгийн үйлдэлд дээрх ойлголтыг цаг хугацааны хувьд адилтган үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Харин шүүгдэгч Ч.С нь бусдыг хуурах зорилгоор фэйсбүүк хуудсанд “цагийн ажилд авна” гэж зар тавьж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан үйлдэл нь хохирогч А.Хгийн “...миний утасны цэнэг дуусчихлаа, чи утсаа өгч бай гээд миний утсыг аваад арван давхар руу хүнтэй утсаар яриад гарсан ба намайг эндээ байж байгаарай гэж хэлсэн. Би түүнийг 30 гаран минут хүлээгээд гарч ирэхгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан. ...” гэх мэдүүлэг, хохирогч З.Хгийн “...намайг тус байрны 15 давхарт дагуулан гарч “менежертэй уулзуулна” гэж хүлээлгэж байгаад миний гар утсаар яриад байж байя гэж хэлээд намайг “бичгийн цаасанд гараад ир” гээд гадагшаа гаргасан юм. Би бичгийн цаас аваад ирэхэд тэр хүн миний гар утсыг аваад зугтсан байсан. ...” гэх мэдүүлэг, хохирогч Э.Сгийн “...тэр ах миний утсыг аваад цахилгаан шатны зүг рүү явсан ба би түүнийг хүлээгээд 4 давхарын шатан дээр үлдсэн. 1-2 минутын дараа би түүний араас 5 давхар руу гарч харахад байхгүй байсан. ...” гэх мэдүүлэг, хохирогч М.Мгийн “...Тэр эрэгтэй хүн намайг дагуулаад Нисэхийн 58 дугаар байр руу “анкет бөглөнө” гэж дагуулж ороод 8 давхарт очоод “гар утсаа өгч бай, мобикомын дугаар руу яриад өгье” гэж хэлсэн. Намайг 7-8 давхарын шатны голд зогсож байхад миний гар утсаар 8 давхарт хүнтэй яриад байх шиг байсан. Тэндээсээ цахилгаан шатаар доошоо буугаад зугтсан байсан. ...” гэх мэдүүлэг, Х.Бгийн “...тэр залуу “утасны цэнэг дуусчихлаа, утсаараа нэг яриулаач” гэхээр нь би утсаа өгөөд яриултал тэр залуу дээшээ утсаар яриад явсан. Тэгээд дуу нь сонсогдохгүй болохоор нь дээшээ гараад хартал тэр залуу байгаагүй ба цахилгаан шатаар буугаад явсан байсан. ...” гэх мэдүүлэг, Г.Дгийн “...тэр хүн 10 орчим минут миний гар утсаар үл таних хүнтэй яриад байсан бөгөөд би тэр үед 5-6 давхарын шатны голд зогсож байгаад тэр хүний дуу гарахаа болихоор нь дээшээ 6 давхарт гарахад тэр хүн алга байсан ба лифтээр доошоо буусан байсан. ...” гэх мэдүүлэг болон шүүгдэгчээс хэргийн талаар гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдсон байна.

Иймд давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ч.Сд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж …болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд, анхан шатны шүүхээс Ч.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, түүнийг “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, ...эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, түүний гэм буруу, хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан, тухайн зүйлд зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, хэргийн зүйлчлэл, ял шийтгэлийн талаар гаргасан шүүгдэгч Ч.С, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нарын давж заалдах гомдлуудыг хүлээн авлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 671 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Прокуророос Ч.Сд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад, “шүүгдэгч Таадаг овгийн Чинбатын Сг “хуурч, өмчлөлийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэм буруутайд тооцсугай.” гэснийг “Таадаг овгийн Чинбатын Сг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

- 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар шүүгдэгч Ч.Сг 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Сг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

- 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Сд оногдуулсан 03 жил 05 сар хорих ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Сд оногдуулсан 6 сар хорих ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧИД                                                   Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                                                    М.АЛДАР