Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2019/00745

 

"Е” шашны

байгууллагын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2018/02693 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 155 дугаар магадлалтай

“Е” шашны байгууллагын нэхэмжлэлтэй,

А.Б, “А” ХХК-иудад холбогдох

“Түрээсийн гэрээ”-ний барьцаанд өгсөн 4 800 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй

Хохиролд  5 072 740 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баасанжаргалын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэлмаа, Б.Сарангэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баасанжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус байгууллага нь шашны сургалт болон шашны холбогдолтой бусад үйл ажиллагаа явуулах зорилгоор 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр иргэн А.Бтэй харилцан тохиролцсоны дагуу түүний өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо Үйлдвэрийн баруун бүс Москвагийн гудамж 5 тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай барилгын 3 дугаар давхрыг бүхэлд нь буюу 292.8 м.кв талбайг 1 сарын 4 800 000 төгрөгөөр түрээсэлж №01 тоот Түрээсийн гэрээ байгуулсан. Уг түрээсийн гэрээний 3.1-д заасны дагуу түрээслүүлэгч тал болох иргэн А.Бөд 1 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх буюу 4 800 000 төгрөгийг барьцаа болгон шилжүүлсэн. Бид харилцан тохиролцож түрээсийн гэрээнд заасан журмын дагуу гэрээний хугацаагаа сунгасан бөгөөд, гэрээний хугацаанд манай байгууллагын зүгээс сар бүрийн төлбөрөө цаг хугацаанд нь бүрэн төлж гэрээгээр хүлээсэн үүргээ ягштал биелүүлж байсан. Манай байгууллага олон гишүүнтэй болж түрээсийн байрандаа багтахгүй болсон бөгөөд мөн 2 давхарын түрээслэгч байгууллага болох Наран ресторанаас бидний үйл ажиллагаанд саад хийж байсан тул бид цаашид түрээсийн гэрээг үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Иймээс манай байгууллага 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өөр газарлуу нүүх болсонтой холбоотойгоор гэрээний 4.4-т заасан үүргийнхээ дагуу 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс гэрээг цуцлах болсон тухай 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдөр утсаар залгаж албан ёсоор мэдэгдсэн бөгөөд 2016 оны 6 дугаар сарын 26-ны өдөр түрээсийн талбайг чөлөөлсөн. Учир нь түрээслүүлэгч А.Б нь оффистоо байхгүй, хөдөө ажлаар явсан байсан тул бид утсаар залгаж албан ёсоор мэдэгдсэн бөгөөд түрээсийн талбайг албан ёсоор хүлээлгэн өгөх болон барьцаа мөнгө буцаан авах талаар утсаар ярих үед манай байгууллагын барьцааны мөнгийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр түрээсийн талбайг хүлээн авахдаа буцаан өгнө гэж хэлсэн боловч одоог хүртэл бидэнтэй уулзаж, барьцааны мөнгө өгөлгүй гэрээний үүргээ зөрчиж, мөн түрээсийн талбайг хүлээн авахгүй, хүлээж авах хүнийг зааж өгөхгүй байсан тул түлхүүрийг өөрийнх нь байгууллагын холбогдох хүнд хүлээлгэн өгсөн. Бид А.Бөөс барьцаа мөнгө буцаан авах гэж утсаар залгасан боловч утсаа авахгүй, авахаараа хөдөө байна, завгүй байна гэх мэтээр олдохгүй байсан тул бид иргэн А.Бөд холбогдуулан түрээсийн №01 тоот гэрээний дагуу барьцааны төлбөрт өгсөн 4 800 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Иймд хариуцагч А.Б болон “А” ХХК нараас түрээсийн гэрээний дагуу төлсөн барьцааны 4 800 000 төгрөгийг гаргуулж, биднийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Түрээсийн гэрээний зүйл болсон Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс буюу Москва хорооллын замын урд байрлах ивээл супермаркеттай барилгын 3 давхарт байрлах объект нь энэ иргэний хэргийн хариуцагч А.Бийн өмчлөлийн 2013 оны 02 дугаар сард ашиглалтад орсон, огт ашиглаагүй шинэ объект байсныг Е гэх энэ байгууллага түрээслэх замаар авч ашигласан билээ. Түрээсийн гэрээний дагуу ашиглахдаа Е нь уг барилгад зориулалтын бус хана хийж, 4-5 цонхны шилийг хагалж, паркетан шалыг эвдэж хэмхэлсэн байсан бөгөөд түрээсийн гэрээгээ дуусгавар болгох талаар А.Бөд огт мэдэгдэлгүйгээр гэнэт алга болсон ба түлхүүрийг огт хамааралгүй этгээд болох нэгдүгээр давхарт байрлаж байсан Ивээл супермаркетын худалдагчид өгөөд алга болсон байсан. Нэхэмжлэлд дурдахдаа гэрээг дуусгавар болгох талаар утсаар мэдэгдсэн гэж бичсэн байх бөгөөд энэ нь огт болоогүй зүйл болно. Гэрээний 4.4-т гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах талаар тохиролцсон бөгөөд цуцлах санал гаргасан тал 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх үүргийг хүлээсэн байгаа болно. Гэтэл энэ талаар огт мэдэгдэлгүйгээр гэнэт алга болсон нь цаанаа ямар учиртайг мэдэхгүй ч гэрээнд зааснаар барьцааны мөнгийг буцаан олгохгүй үндэслэл болж байна. Харин гэрээний 5.1.5-д заасны дагуу Е нь өөрсдийн үйл ажиллагаанд зориулж хийсэн өрөө тусгаарласан ханыг буулгаж аваагүй, хэвийн элэгдэл хорогдлоос гадна барилгын шалыг дахин ашиглах боломжгүйгээр гэмтээсэн, хананы зарим хэсэгт засвар хийхээс аргагүй байдалд оруулсан, цонхыг хагалж солихоос өөр нөхцөлгүй болгосон зэрэг нөхцөл байдлууд байсан учир А.Б нь өөрийн зардлаар барилгын засварын компаниар засвар хийлгэсэн байна. Энэ зардал нь 5 072 740 төгрөг болсон ба уг хохирлоо Еээс гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлдээ түрээсийн гэрээг дуусгавар болгох талаар А.Бөд огт мэдэгдэлгүйгээр алга болсон ба түрээсийн байрны түлхүүрийг барилгын нэг давхарт байрлах огт хамааралгүй этгээд болох Ивээл супермаркетын худалдагчид өгөөд алга болсон гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Манай байгууллага 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өөр газар луу нүүж гэрээг цуцлах тухай гэрээний 4.4-т заасан үүргийнхээ дагуу 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдөр утсаар залгаж албан ёсоор мэдэгдэх үед хариуцагч нь гэрээг цуцлах талаар хүлээн зөвшөөрч барьцаа мөнгийг байрыг чөлөөлж өгөх үед хүлээлгэж өгнө, одоо хөдөө сонгуулийн ажилтай байна гэж хэлсэн бөгөөд бид утсаар ярихдаа харилцан тохиролцсон учраас бичгээр мэдэгдэл хүргүүлээгүй. Ингээд бид 2016 оны 6 дугаар сарын 26-ны өдөр түрээсийн талбайг чөлөөлж өгөхөөр утсаар залгах үед А.Б нь танай байгууллага гарах хэвээрээ юу, хөдөө ажилтай завгүй байна гээд 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр уулзахаар тохирсон. Бид тохиролцсон хугацаандаа байрыг хүлээлгэн түлхүүрийг өгч, барьцаа мөнгө авахаар залгаж уулзах гэтэл А.Б нь утсаа салгаад бидэнтэй уулзахгүй, утсаа авахгүй, авахаараа хөдөө байна, завгүй байна гэх мэтээр шалтаг тоочиж байрыг хүлээж авахгүй, байрны түлхүүрийг хэнд гардуулж өгөх талаар хэлэхгүй зориуд манай байгууллагын барьцаа мөнгийг буцаан өгөхөөс зайлсхийж, биднийг хохироож өдийг хүрсэн. Бид түрээсийн байрыг чөлөөлснөөс хойш А.Бтэй уулзаж холбогдож чадахгүй байсан тул 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр түрээсэлж байсан барилгын 1 давхарт ажилчидтай нь уулзан байрыг хүлээлгэж, түлхүүрийг өгье гэхэд нягтлан, хамаатны дүү гэх ажилтан зөвшөөрч байснаа А.Бтэй холбогдон утсаар ярьснаа гэнэт бид хүлээж авахгүй, гэрээ хийсэн хүндээ хүлээлгэж өг гэж хүлээж авахаас татгалзсан. Тухайн үед ямар ч нэмэргүйг ойлгон улмаар гарч хажуу зүүн талын байранд амьдрах А.Бийн ээжийнх гэрт очиж уулзан хүүтэйгээ холбогдон бидэнтэй яриулж өгөхийг хүссэн. Ээж нь хүүтэйгээ яръя гэснээр бид явсан. Энэ хооронд хэд хэдэн удаа холбогдон уулзах гэсэн боловч чадалгүй байсаар 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр А.Бтэй очиж уулзах гэтэл А.Б байхгүй байсан тул ээжтэй нь уулзсан. А.Бийн ээж нь /та нартай уулзаарай гэж хүүдээ утсаар хэлэх гэтэл утсаа авахгүй байсан учраас мессеж бичиж үлдээсэн/ гэсэн. Одоо эмнэлэг явах гэж байна. А.Бөд та нартай уулз гээд дамжуулаад хэлье гэсэн боловч одоог хүртэл бидэнтэй холбогдоогүй. Иймээс бид тус өдрөө А.Бийн оффист очиж түрээслүүлэгчтэй гэрээ байгуулах үед манай байгууллагын түрээсийн төлбөр, барьцаа мөнгийг хүлээн авч, ашиглалтын зардлын тооцоог хийж байсан А.Бийн эхнэрийн А компанид ажилладаг нягтлан бодогч н.Эрдэнэбилэг болон өөрийн нягтлан бодогч нартай уулзах үед нягтлан бодогч нь “...охин нь хагалгаанд орж байгаа утсаа авахгүй байна” гээд, нягтлан бодогч нь “...А.Б нь хувиараа  та нартай гэрээ байгуулсан, гэрээ байгуулсан хүнтэйгээ өөртэй нь уулз, бид түлхүүрийг хүлээж авахгүй, манайх бол тусдаа Асиансити компани бидэнд хамааралгүй” гэх мэтээр үл ойшоон А.Б болон түүний ажилчид барьцаа мөнгийг өгөхөөс зориуд зайлсхийж байсан. А.Б болон түүний ажилчид байрыг хүлээн авч түлхүүрийг гардаж авахгүй цаг хожиж байсан тул бид арга буюу Бичил хороололд байдаг А.Бийн хамаатан гэх оффисийн үүдэнд сахиулаар ажиллаж байсан н.Онон гэх эмэгтэйд А.Бөд түлхүүрийг нь өгөөрэй гээд түлхүүрийг хүлээлгэж өгсөн. Маргааш нь утсаар асуухад түлхүүрийг н.Туул гэх А.Бийн туслахад хүлээлгэн өгсөн тухай хэлсэн. Гэтэл А.Бөд түрээсийн гэрээг дуусгавар болгох талаар хэлээгүй, огт танихгүй Ивээл супермаркетын худалдагчид түлхүүрийг өгсөн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. 1 давхарт байрлах Ивээл супермаркет нь А.Бийн эхнэрийн хариуцан ажиллуулдаг дэлгүүр бөгөөд түлхүүрийг гардаж авсан н.Онон гэх эмэгтэй нь А.Бийн хамаатны дүү юм. Хариуцагч нь гэрээний 5.1.5-д заасны дагуу Бурханы сүм нь өөрсдийн үйл ажиллагаанд зориулж хийсэн өрөө тусгаарласан ханаа буулгаж аваагүй, барилгын шалыг дахин ашиглах боломжгүйгээр гэмтээсэн, хананд засвар хийхээс аргагүй байдалд оруулсан, цонхыг хагалж солихоос өөр нөхцөлгүй байдалд оруулж А.Б нь өөрийн зардлаар барилгын засварын компаниар засвар хийлгэсэн гээд 5 072 740 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй.

Манай Бурханы сүм нь хариуцагч А.Бтэй байгуулсан түрээсийн гэрээний дагуу түрээслүүлэгчийн анх хүлээлгэж өгөх үеийн байдлаар зориулалтын дагуу хэвийн ашиглаж, тус гэрээний 1.5, 5.2.1, 5.2.2, 5.2.5-д зааснаар түрээслүүлэгч А.Бийн зөвшөөрлөөр өөрийн үйл ажиллагааны зорилгод нийцүүлэн барилгын үндсэн хийц, засал чимэглэлийг өөрчилж гэмтээхгүйгээр зориулалтын тусгаарлах хана хийж өөрийн зардлаар объектод урсгал засвар хийж эвдрэл гэмтэлгүй цэвэрхэн ашиглаж, түрээсийн байрыг чөлөөлж өгөхдөө анх хүлээж авах үеийн байдлаар хэвийн үлдээсэн. Түрээсийн байрыг чөлөөлөхдөө гэрээнд заасны дагуу тусгаарлах ханануудыг зориулалтын дагуу буулган авч ханан дээр ямар ч гэмтэл үүсгээгүй бүрэн бүтэн үлдээсэн. Эвдэрч хагарсан цонх байгаагүй харин ашиглах хугацаандаа тоос шороо, уснаас хамгаалах резинүүдийг бүгдийг шинээр сольж цонхнуудыг бүрэн бүтэн үлдээсэн. Тааз гэрэл чийдэн, бүргэд хаалга бүрэн бүтэн эвдрэл гэмтэлгүй үлдээсэн, сангийн хэвийн үйл ажиллагаатай үлдээсэн боловч түрээслүүлэгч талаас барилгыг хүлээн авах хүн олдохгүй, хүлээж авахгүй биднийг хохироосон. Хэрэв манай байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас эвдрэл гэмтэл гарсан гэж үзвэл хариуцагч А.Б нь Иргэний хуулийн 298 дугаар зүйлийн 298.1-д зааснаар түрээсийн гэрээ дуусгавар болсноос хойш манай байгууллагад гомдол гаргах боломжтой байсан. Гэтэл хариуцагч А.Б нь бидэнтэй уулзаж барилгыг хүлээж авахгүй зугтааж байсан бөгөөд бид А.Бтэй утсаар болон биечлэн уулзаж чадахгүй байсан тул арга буюу 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр гэрт нь оффист нт очсон ч уулзаж, холбогдох чадахгүй байх үед хариуцагч нь 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Ивээл супермаркеттай барилгын 3 давхарт засвар хийлгэхээр “Өндөр түрүү” ХХК-иас үнийн санал гаргуулж, тус өдрөө засварын ажлын урьдчилгаанд 2 000 000 төгрөг, үлдэгдэл төлбөрөө 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр өгсөн энэхүү үйлдэл нь хариуцагч нь бидэнтэй уулзаж байрыг хүлээн авч түлхүүрийг гардаж аваагүй байж аль хэдийн байрандаа орж үзээд байраа хүлээж аваад засвар хийлгэхээр өөр байгууллагатай тохиролцсон байсан байна. Хариуцагч А.Б нь байраа хүлээн авч түлхүүрээ гардаж аваагүй хэрнээ байрандаа аль хэдийн ороод засвар хийсэн энэхүү үйлдэл нь манай байгууллагын барьцаа мөнгийг өгөхөөс зориуд зайлсхийсэн хууль бус үйлдэл юм.

Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2018/02693 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 288 дүгээр зүйлийн 288.2.2-т заасныг баримтлан хариуцагч А.Б, Асиансити ХХК нарт холбогдох түрээсийн гэрээний барьцаанд төлсөн 4 800 000 төгрөг гаргуулах тухай Еийн нэхэмжлэл, хариуцагч Ед холбогдох хохиролд 5 072 740 төгрөг гаргуулах тухай А.Бийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91 750 төгрөг, хариуцагч А.Бөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96 100 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 155 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2018/02693 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96 100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баасанжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр буруутгаж, шийдвэрийг нь хүчингүй болгосон байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзсэн гол үндэслэлээ тайлбарлахдаа “Нэхэмжлэгч нь шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн бичлэгийг үзлэгийн тэмдэглэлээр баталгаажуулаагүй” гэсэн байх бөгөөд анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрөө уг бичлэгийг шүүх хуралдаан дээр үзэж, судлах шаардлагагүй гэж тайлбарласан байх бөгөөд шүүх шийдвэртээ ч энэ талаар тодорхой дурджээ.

Нотлох баримтыг цуглуулах, шүүхэд гаргаж өгөх, нотлох баримтаар үнэлүүлэх үүрэг хэргийн оролцогчдод өөрт зөвхөн хуулиар хүлээлгэсэн байхад түүнийг заавал шүүх хийх ёстой гэх замаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болгосон нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 155 дугаар магадлал нь “Хууль ёсны ба үндэслэл бүхий байх” хуулийн шаардлага хангахгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан агуулга, хуулийн зарчмаас зөрүүтэй гэж үзэх үндэслэл болж байгаа учир энэхүү хяналтын гомдлыг гаргаж байна.

Еийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд харин нэхэмжлэгч Еээс өөрийн эд хөрөнгөнд учруулсан хохирлыг нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дараах сөрөг нэхэмжлэлийг гаргасан байдаг.

Түрээсийн гэрээний зүйл болсон Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс буюу Москва хорооллын замын урд байрлах Ивээл супермаркеттай барилгын 3 давхарт байрлах обьект нь энэ иргэний хэргийн хариуцагч А.Бийн өмчлөлийн 2013 оны 2 сард ашиглалтанд орсон, огт ашиглаагүй шинэ обьект байсныг Е гэх энэ байгууллага түрээслэх замаар авч ашигласан билээ.

Түрээсийн гэрээний дагуу ашиглахдаа Е нь уг барилгад зориулалтын бус хана хийж, 4-5 цонхны шилийг хагалж, паркетан шалыг эвдэлж хэмхэлсэн байсан бөгөөд түрээсийн гэрээгээ дуусгавар болох талаар А.Бөд огт мэдэгдэлгүйгээр гэнэт алга болсон ба түлхүүрийг огт хамааралгүй этгээд болох нэгдүгээр давхарт байрлаж байсан Ивээл супермаркетын худалдагчид өгөөд алга болсон байсан.

Нэхэмжлэлд дурдахдаа гэрээг дуусгавар болох талаар утсаар мэдэгдсэн гэж бичсэн байх бөгөөд энэ нь огт болоогүй зүйл болно. Гэрээний 4.4-т гэрээг хугацаанаас өмнө цуцлах талаар тохиролцсон бөгөөд цуцлах санал гаргасан тал 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх үүргийг хүлээлгэсэн байгаа болно. Гэтэл энэ талаар огт мэдэгдэлгүйгээр гэнэт алга болсон нь цаанаа ямар учиртайг мэдэхгүй ч гэрээнд зааснаар барьцааны мөнгийг буцаан олгохгүй байх үндэслэл болж байна.

Харин гэрээний 5.1.5-д заасны дагуу Е нь өөрсдийн үйл ажиллагаанд зориулж хийсэн өрөө тусгаарласан ханаа буулгаж аваагүй, хэвийн элэгдэл хорогдолоос гадна барилгын шалыг дахин ашиглах боломжгүйгээр гэмтээсэн, хананд зарим хэсэгт засвар хийхээс аргагүй байдалд оруулсан, цонхыг хагалж, солихоос өөр нөхцөлгүй болгосон зэрэг нөхцөл байдлууд байсан учир А.Б нь өөрийн зардлаар барилгын засварын компаниар засвар хийлгэсэн байна.

Энэ бүхнийг дурдаад байгаа нь нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй болохыг нотлохыг хүссэн бөгөөд давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон учир Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 155 дугаартай магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэв.

“Ертөнцөд сайн мэдээ тараах бурхны  сүм” шашны байгууллага нь А.Б, “А” ХХК-д холбогдуулан “Түрээсийн гэрээ”-ний барьцаанд өгсөн 4 800 000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, хохирол 5 072 740 төгрөг шаардаж сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаажээ.

“Ертөнцөд сайн мэдээ тараах бурхны сүм” шашны байгууллага, иргэн А.Б нар 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр №01 дугаартай “Түрээсийн гэрээ” байгуулж, түрээслүүлэгч А.Б нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, Москва гудамж-5 тоотод орших үйлчилгээний зориулалттай барилгын 3 дугаар давхрыг бүхэлд нь буюу 292.8 м.кв талбайг түрээслэгчийн үндсэн үйл ажиллагаа буюу шашны сургалт болон бусад холбогдолтой сургалт явуулахад нь зориулж түрээслэх, түрээслэгч гэрээний зүйлийг зориулалтын дагуу ашиглах, нэг сарын түрээсийн төлбөрийг 4 800 000 төгрөгөөр тогтоож, төлбөрийг улирлаар хийх, гэрээг нэг жилийн хугацаатай, гэрээний хугацаа дууссаны дараа үргэлжлүүлэн сунгах хүсэлтэй бол гэрээний хугацааг хавсралтаар сунгахаар харилцан тохиролцжээ.

Гэрээ хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байх бөгөөд гэрээний талаар зохигч маргаагүй, талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1. дэх заалтад нийцсэн байна.

Түрээсийн гэрээний 3.1.-д түрээслүүлэгч нь ажлын байрыг хүлээлгэн өгөхдөө нэг сарын төлбөртэй тэнцэх барьцаа авна, 4.4.-т гэрээг талууд хугацаанаас өмнө цуцлах тохиолдолд санал гаргасан тал нь нөгөө талдаа 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэж, энэ тухай зөвшилцөж шийдэлд хүрэх бөгөөд энэ үүргээ түрээслэгч биелүүлээгүй тохиолдолд барьцаа төлбөрийг буцаан өгөхгүй байх үндэслэл түрээслүүлэгч талд бий болно гэж тохиролцжээ.

Гэрээ 2013 оны 04 дүгээр сарын 01-нээс 2016 оны 07 дугаар  сарын 01-ний өдрийг хүртэл хэрэгжсэн, түрээслэгч 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өөр газар нүүх болсонтой холбогдуулан гэрээний 4.4.-т заасан үүргийн дагуу гэрээ цуцлах болсон талаар 2016 оны 05 дугаар сарын 28-нд утсаар мэдэгдэж, 06 дугаар сарын 26-ны өдөр түрээсийн талбайг чөлөөлсөн үндэслэлээр барьцаанд өгсөн 4 800 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсныг хариуцагч эс зөвшөөрч, 30 хоногийн өмнө гэрээ цуцлах талаар мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, түрээсийн байрыг хүлээлгэж өгөөгүй гэх үндэслэлээр маргаж, түрээсийн талбайг зохих ёсны элэгдлээс илүү муутгасан байснаас байранд засвар хийсэн гэж засварын зардлыг нэхэмжилж сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1., 160.3.-т зааснаар барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсноор барьцааны эрх дуусгавар болсон бол барьцаалагч барьцааны зүйлийг барьцаалуулагчид буцаан өгөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч гэрээг цуцалж, түрээсийн зүйлийг ашигласан хугацааны төлбөрийн талаар маргаангүй үндэслэлээр барьцааны хөрөнгийг буцаан шаардсан нь хууль зөрчөөгүй боловч гэрээ цуцлах саналаа гэрээгээр тохирсон хугацаанд мэдэгдээгүй, түрээслэсэн эд хөрөнгийг хүлээлгэн өгөх гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэх хариуцагчийн тайлбарыг няцаасан үндэслэлээ баримтаар нотлоогүй тул барьцааны хөрөнгийг буцаан шаардах эрхгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо анхан шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн байна.

Хариуцагч нь түрээсийн байранд засвар үйлчилгээ хийсэн гэх үндэслэлээр засварын зардлыг гаргуулахаар нэхэмжлэгчээс шаардаж сөрөг нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй тул шүүх хариуцагчид хохирол учирсан гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.2. дахь заалтыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг нотлохоор “...2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр сүмийн ажилтан нар “А” ХХК-ийн ажилтнуудтай уулзсан талаарх бичлэг бүхий флаш диск, тус бичлэг дээрх яриаг буулгасан баримт болон хариуцагч А.Бөд байрыг суллаж өгсөн тухай мэдэгдсэн талаарх гар утасны зурвасыг хэвлэсэн байдлаар баримтжуулж” гаргаж өгснийг шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэн шийдвэрийн үндэслэл болгоогүй байна.

Шүүхийн дээрх дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс буруутгаж, шүүх холбогдох баримтыг үзлэгээр баталгаажуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д заасан нотлох баримт бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй, зайлшгүй шаардлагатай гэж үзсэн бол шүүх хуралдааныг хойшлуулах, нотлох баримтыг шинжлэн судлах, үнэлэх боломжоо хэрэгжүүлээгүй гэж үзэн, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан нь үндэслэл муутай болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3.-т хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нөхцөл байдлыг тодруулахын тулд үзлэг, туршилт хийх ажиллагааг гүйцэтгүүлэх хүсэлт гаргах эрхтэй гэж, 25.2.2.-т  хэргийн оролцогч нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж, 38 дугаар зүйлийн 38.7.-д нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгнө, 38.6.-д хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх нотлох баримтыг бүрдүүлнэ гэж, 105 дугаар зүйлийн 105.2.-т нотлох баримтыг урьд нь гаргах бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж шүүх үзвэл түүнийг хүлээн авч, шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно тус тус заасан.  

Нэхэмжлэгч 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэргийг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хянан шийдвэрлэсэн байна.

Энэ хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлосон баримтыг гаргаж өгөх хангалттай хугацаа байсан бөгөөд шүүх хуралдаан дээр гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх үндэслэлээ нотлоогүй боловч шүүх нотлох баримтыг хүлээн авсан байна.

Дээрх нотлох баримтад үзлэг хийлгэх, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг нэхэмжлэгч гаргаагүй, нотлох баримтыг шинжлэн судалсан талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан /хх-98/, тэдгээр нь нотлох баримт гаргах, цуглуулах хуульд заасан журам зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй талаар шийдвэрт тусгасан байхад давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийг нотлох баримт бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэл муутай, шийдвэрийг хүчингүй болгох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5., 168 дугаар зүйлийн 168.1.6.  дахь заалтад нийцээгүй байна.  

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсний үндсэн дээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангажээ.

Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 155 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2018/02693 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баасанжаргалын гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.ЦАГААНЦООЖ

                                   ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД