Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2019/00746

 

Хын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 133/ШШ2018/00504 дүгээр шийдвэр

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 36 дугаар магадлалтай

Хын нэхэмжлэлтэй,

С.Бөд холбогдох

Барьцааны хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхнасангийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхмандах, Э.Мөнх-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Шагдархүүгийн Цэдэнбал, Баатарын Сарангэрэл нар 2014 оны 10 сарын 15-ны өдөр Хны Говь-Алтай салбартай 5001211620 тоот зээлийн шугаман гэрээ байгуулан 40 000 000 төгрөгийн зээл авч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өөрийн өмчлөлийн Г-0518000707 дугаар гэрчилгээтэй, 1016,13 м.кв өмчлөх эрхтэй газар, 5 ханатай гэр, 32 инч самсунг зурагт, 2 хаалгатай цагаан хөлдөөгч, 20-43 ГАА улсын дугаартай УАЗ-2206 маркийн автомашин болон гуравдагч этгээд болох Сосорын Бийн өмчлөлийн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Харзат баг 14-9 тоотод байрлах 50 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг тус тус барьцаалуулж талууд 5001211620-01 тоот Баталгаат ипотекийн гэрээг тус тус байгуулсан. Зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир шүүхэд хандсанаар Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 сарын 04-ний өдрийн 271 дүгээр шийдвэрээр зээлдэгч Ш.Цэдэнбал, Б.Сарангэрэл нараас зээлийн төлбөрт нийт 54 373 597,33 төгрөгийг гаргуулж банкинд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж зээлдэгч нарын өмчлөлийн Г-0518000707 дугаар гэрчилгээтэй, 1016,13 м.кв өмчлөх эрхтэй газар, 5 ханатай гэр, 32 инч самсунг зурагт, 2 хаалгатай цагаан хөлдөөгч, 20-43 ГАА улсын дугаартай УАЗ 22-06 маркийн автомашин хөрөнгийг худалдан борлуулж нийт 17 580 350 төгрөгийг төлсөн ба банкинд төлөх төлбөрийг өнөөдрийг хүртэлх хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тул банк 2016 оны 11 сарын 15-ны өдөр тус шүүхэд хандан 5001211620 тоот зээлийн шугамын гэрээний үүргийн гүйцэтгэлийг С.Бийн өмчлөлийн хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийг гаргасан ч шүүхээс үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргахдаа анхлан барьцаалуулагчид хандаж тухайн хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан байх шаардлагатай гэж үзсэн.

Тиймээс зээлийн гэрээний үүрэгт төлөгдөөгүй 36 793 248,23 төгрөгийг барьцаалуулагч С.Бийн өмчлөлийн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Харзат баг 14-9 тоотод байрлах, 50 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцаар хангуулах гэсэн шаардлагаа өөрчилж барьцааны орон сууцыг албадан худалдах шийдвэр гаргуулахаар шаардаж байна. Учир нь хариуцагч С.Б нь зээлдэгч Ш.Цэдэнбал, Б.Сарангэрэл нарыг зээлийн төлбөрөө төлж чадахгүй тохиолдолд өөрийн хөрөнгөөр зээлийн төлбөрийг төлж барагдуулна гэдгээ хүлээн зөвшөөрч баталгаат ипотекийн гэрээ байгуулж, уг гэрээг улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн хүчин төгөлдөр гэрээ байгаа. Үндсэн зээлдэгч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа учраас гуравдагч этгээд болох С.Бийн барьцаалсан ипотекийн зүйлийг албадан худалдах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: С.Б Хны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. С.Б нь баз болох Ш.Цэдэнбал, Б.Сарангэрэл нар Хнаас зээл авах үед барьцаа хөрөнгө хүрэхгүй байна гэж орон сууцаа барьцаанд тавиад өгөөч гэсний дагуу орон сууцаа барьцаанд тавьсан. С.Б энэ зээлээс нэг ч төгрөг аваагүй, Х С.Бийн орон сууцаар зээлийн үүргийг хангуулахаар нэхэмжлэл гаргаад 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 38 дугаар шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгож байсан. Харин Ш.Цэдэнбал, Б.Сарангэрэл нараас зээлийн 54 сая төгрөг гаргуулахаар шүүхийн шийдвэр гарч эдгээр хүмүүс шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд зээлээ бэлэн мөнгөөр төлөөд явж байгаа. Ш.Цэдэнбал, Б.Сарангэрэл нарын барьцаа хөрөнгийг албадан худалдаад, зарж борлуулсан талаарх эд хөрөнгө байхгүй. Харин газар, машин зэргээ эдгээр хүмүүс өөрсдөө зараад мөнгийг нь зээлэндээ төлсөн. Эдгээр машин, газрыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар худалдаагүй, зээлдэгч нар өөрсдөө зарж зээлийн төлбөрөөс төлж, одоо сар болгон график гаргаад төлөлт хийгээд явж байгаа. Тиймээс сар болгон тодорхой хэмжээний төлөлт хийгдэж байгаа учраас бусад барьцаалсан эд хөрөнгөд ажиллагаа хийгээгүй гэдгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс тайлбарлаж хэлсэн. Үндсэн зээлдэгч Ш.Цэдэнбал, Б.Сарангэрэл нар зээлээ төлөхгүй байгаа асуудал байхгүй одоо ч төлөлт хийгээд явж байгаа. Мөн С.Бөд холбогдуулан энэ нэхэмжлэлийн шаардлагыг хоёр ч удаа гаргаад шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байгаа учир гуравдагч этгээдийн барьцааны хөрөнгөд заавал халдах шаардлага байхгүй гэж үзэж байна. Өөрчилсөн шаардлагын тухайд хариуцагч С.Б ипотекийн гэрээ байгуулж үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Иргэний хуулийн 153-р зүйл, 13-р бүлэгт барьцаа хөрөнгийн талаар заасан. Тэгэхээр зээлийн үлдэгдэл төлбөр 36 сая төгрөгийг тэргүүн ээлжинд Цэдэнбал, Сарангэрэл нарын хөрөнгөөр хангуулаад тэдгээр нь өөрсдийн хөрөнгөөр төлж барагдуулах боломжгүй болсон тохиолдолд гуравдагч этгээдийн хөрөнгөөр хангуулахаар заасан. Мөн Иргэний хуулийн 175-р зүйлд шүүхийн шийдвэрийн үндсэн дээр барьцааны зүйлийг албадан худалдах, хуулийн 174-д заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч зохих ёсоор гүйцэтгээгүй бол ипотекийн зүйлийг албадан худалдахаар заасан. Тэгэхээр энд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар үндсэн зээлдэгч нарын хөрөнгийг худалдан борлуулаад энэ хоёр хүн зээл төлөх ямар ч хөрөнгөгүй болсон бол гуравдагч этгээдээс шаардах байсан. Үндсэн зээлдэгч нарын хөрөнгийг албадан худалдсан асуудал байхгүй. Цэдэнбал, Сарангэрэл нар машин, газраа өөрсдөө зарж зээлийн төлбөрөөс төлсөн байдаг. Одоогийн байдлаар үндсэн зээлдэгч нараас уг зээлийн төлбөрийг гаргах боломжгүй болсон зүйл байхгүй байгаа учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 133/ШШ2018/00504 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан 5001211620 дугаартай 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан зээлийн шугамын гэрээний үүргийг үндсэн зээлдэгч Ш.Цэдэнбал, Б.Сарангэрэл нар сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох хариуцагч Хойд овогт Сосорын Б /ДЮ76050511/-н өмчлөлийн Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Харзат багийн 14-р гудамжны 05 тоотод байрлах, орон сууцны зориулалттай, 50 м.кв талбай бүхий 3 өрөө, Ү-0518000983 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс нь 5001211620 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг 32 900 000 /гучин хоёр сая есөн зуун мянган/ төгрөгөөр хангуулахыг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж.

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.3-т заасныг баримтлан үүрэг гүйцэтгүүлэгч болох Хны Говь-Алтай салбар, үүрэг гүйцэтгэгч болох Ш.Цэдэнбал, Б.Сарангэрэл, хариуцагч С.Б нар дуудлага худалдаанд оролцох эрхтэй болохыг дурдаж.

Иргэний хуулийн 176 дугаар зүйлийн 176.1-д заасныг баримтлан дуудлага худалдаа явуулснаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болох өмчлөгч буюу хариуцагч нь үүрэг гүйцэтгүүлэгчийн буюу Хны Говь-Алтай салбарын шаардлагыг урьдчилан хангасан тохиолдолд дуудлага худалдаа явуулахыг зогсоож болохыг Хны Говь-Алтай салбар, Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст тус тус мэдэгдэж.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 342 361,50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Бөөс 342 361,50 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 36 дугаар магадлалаар: Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 133/ШШ2018/00504 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхнасангийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 342.361.50 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхнасан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн 133/ШШ2018/ 00504 дугаар шийдвэр, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 36 дугаар магадлал       нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж гомдол гаргаж байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд зааснаар хэрэг хэлэлцэж эхлэх хүртэл нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн талаар хэргийн материалд болон шүүх хуралдаан дээр яригдаагүй. Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ талаар яриад, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбараа хэлээд, хэргийн оролцогч нар мэтгэлцэх шатанд шүүгч асуулт асууж, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг нь тодруулж асуун, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчид нэхэмжлэлийн шаардлагын талаар тайлбарлан өгч, шүүх хуралдаан завсарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг нь өөрчлүүлэн бичүүлэн шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хийсэн.

Энэ байдлаас дүгнэлт хийхэд шүүхээс хэт нэг талыг барьж, өөрөөр хэлбэл шүүхээс шүүх хуралдаан дээр шүүгчээс зааж, тайлбарлан өгч нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлүүлэн, шүүх хуралдаан үргэлжлэн явсан байдлыг нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байгаа.

Энэ маргаан өмнө нь Хны Говь-Алтай салбар иргэний хэргийн шүүхэд 2 удаа өгч хэрэгсэхгүй болгож байсан шүүхийн шийдвэр хэргийн материалд байгааг анхаарч үзнэ үү.

Мөн зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир шүүхэд хандснаар Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 4-ний өдрийн 271 дугаар шийдвэрээр зээлдэгч Ш.Цэдэнбал, Б.Сарангэрэп нараас зээлийн төлбөрт нийт 54 373 597 төгрөгийг гаргуулж Хинд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж зээлдэгч нар банкинд нийт 17 580 350 төгрөгийг бэлнээр хийсэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд график гарган бэлэн мөнгөөр зээлээ төлөөд явж байгаа.

Зээлдэгч Ш.Цэдэнбал, Б.Сарангэрэл нар сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр зээлийг төлүүлэхээр байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас зээлдэгч нар нь сайн дураар биелүүлэхгүй байгаа талаар хавтаст хэргийн материалд бичгийн нотлох баримт байхгүй. Зээлдэгч нарын барьцаалсан эд хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас албадан дуудлага худалдаагаар зарж борлуулан зээл төлөгдсөн асуудал байхгүй, энэ талаар ч хэргийн материалд бичгийн нотлох баримт байхгүй. Энэ хэргийн зээлдэгч нь С.Б биш байгааг анхаарч үзнэ үү.

Иймд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байгаа тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Х С.Бөд холбогдуулан барьцааны хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Зээлдэгч Ш.Цэдэнбал, Б.Сарангэрэл нар 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хны Говь-Алтай салбараас 40 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 30 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулсан байна.

Зээлдэгч нар нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд С.Б нь Банкны шаардлагыг хангуулахаар өөрийн өмчлөлийн Говь-Алтай аймгийн Есөн булаг сум, Харзат багийн 14-9 тоот, 50 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалуулж, зохигч мөн өдөр “Баталгаат ипотекийн гэрээ” байгуулжээ.

Зээлдэгч нар үүргээ биелүүлээгүй үндэслэлээр банк шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Говь-Алтай аймгийн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн №271 дугаартай шийдвэрээр зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 54 373 597 төгрөгийг зээлдэгч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн, дээрх шийдвэрт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, зээлийн барьцаанд барьцаалсан хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж, зээлийн төлбөрийг төлснөөр төлбөрийн үлдэгдэл 36 882 300 төгрөг байгаа нь Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1\531 тоот албан бичгээр тогтоогдсон байна. \ХХ-44\

Дээрх төлбөрийг “Баталгаат ипотекийн гэрээ” байгуулсан, барьцаалуулагч С.Бийн өмчлөлийн эд хөрөнгөөр хангуулахаар банк нэхэмжлэлийн шаардлага гаргасан үйл баримт тогтоогджээ.

 Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах үүрэгтэй.

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл болохыг дүгнэн, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа талууд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн 32 900 000 төгрөгийг хангахаар харилцан тохиролцсныг үндэслэн хариуцагчийн өмчлөлийн барьцааны хөрөнгийг албадан худалдаж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн 32 900 000 төгрөгийг хангуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 153, 156, 174, 175 дугаар зүйлүүдийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, шийдвэрийг хэвээр үлдээхдээ үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх нэхэмжлэлийг шийдвэрлэхийн тулд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой байх учиртай.

Анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгч нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж асуусныг шүүх хэт нэг талыг барьсан гэж үзэх боломжгүй тул энэ үйлдэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

Түүнчлэн зээлдэгч нар зээлийн төлбөрийг тодорхой хуваарь гарган шийдвэр гүйцэтгэх албанд төлж байхад сайн дураар төлөөгүй гэх үндэслэлээр гуравдагч этгээдийн хөрөнгөд халдаж байгаа нь хуульд нийцээгүй гэх тайлбараа хариуцагч нотлоогүй, мөн С.Б нь өөрийгөө зээлдэгч биш гэх үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч байгаа нь гомдлыг хангах үндэслэл болохгүй.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 133/ШШ2018/00504 дүгээр шийдвэр, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 36 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхнасангийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41 050 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.ЦАГААНЦООЖ 

ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД