Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 504

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

нэхэмжлэгч- ХБГА салбарын нэхэмжлэлтэй,

хариуцагч- С.Б холбогдох,

барьцааны үл хөдлөх эд хөрөнгө болох Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Харзат баг, 14-9 тоотод байрлах 50 м.кв талбай бүхий, Ү-0518000983 дугаартай 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс нь 5001211620 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхнаран нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Ш.Ц, Б.С нар 2014 оны 10 сарын 15-ны өдөр Хас банкны Говь-Алтай салбартай 5001211620 тоот зээлийн шугаман гэрээ байгуулан 40.000.000 төгрөгний зээл авч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өөрийн өмчлөлийн Г-0518000707 дугаар гэрчилгээтэй, 1016,13 мкв өмчлөх эрхтэй газар, 5 ханатай гэр, 32 инч самсунг зурагт, 2 хаалгатай цагаан хөлдөөгч, 20-43 ГАА улсын дугаартай УАЗ-2206 маркийн автомашин болон гуравдагч этгээд болох С.Б өмчлөлийн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Харзат баг 14-9 тоотод байрлах 50 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг тус тус барьцаалуулж талууд 5001211620-01 тоот Баталгаат ипотекийн гэрээг тус тус байгуулсан. Зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир шүүхэд хандсанаар Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 сарын 04-ний өдрийн 271 дүгээр шийдвэрээр зээлдэгч Ш.Ц, Б.С нараас зээлийн төлбөрт нийт 54.373.597,33 төгрөгийг гаргуулж банкинд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж зээлдэгч нарын өмчлөлийн Г-0518000707 дугаар гэрчилгээтэй, 1016,13 мкв өмчлөх эрхтэй газар, 5 ханатай гэр, 32 инч самсунг зурагт, 2 хаалгатай цагаан хөлдөөгч, 20-43 ГАА улсын дугаартай УАЗ22-06 маркийн автомашин хөрөнгийг худалдан борлуулж нийт 17.580.350 төгрөгийг төлсөн ба банкинд төлөх төлбөрийг өнөөдрийг хүртэлх хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тул банк 2016 оны 11 сарын 15-ны өдөр тус шүүхэд хандан 5001211620 тоот зээлийн шугамын гэрээний үүргийн гүйцэтгэлийг С.Б-ийн өмчлөлийн хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийг гаргасан ч шүүхээс үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргахдаа анхлан барьцаалуулагчид хандаж тухайн хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан байх шаардлагатай гэж үзсэн. Тиймээс зээлийн гэрээний үүрэгт төлөгдөөгүй 36.793.248,23 төгрөгийг барьцаалуулагч С.Б-ийн өмчлөлийн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Харзат баг 14-9 тоотод байрлах, 50 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцаар хангуулах гэсэн шаардлагаа өөрчилж барьцааны орон сууцыг албадан худалдах шийдвэр гаргуулахаар шаардаж байна. Учир нь хариуцагч С.Б нь зээлдэгч Ш.Ц, Б.С нарыг зээлийн төлбөрөө төлж чадахгүй тохиолдолд өөрийн хөрөнгөөр зээлийн төлбөрийг төлж барагдуулна гэдгээ хүлээн зөвшөөрч баталгаат ипотекийн гэрээ байгуулж, уг гэрээг улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн хүчин төгөлдөр гэрээ байгаа. Үндсэн зээлдэгч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа учраас гуравдагч этгээд болох С.Б-ийн барьцаалсан ипотекийн зүйлийг албадан худалдах шийдвэр гаргаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Б Хас банкны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. С.Б нь баз болох Ш.Ц, Б.С нар Хас банкнаас зээл авах үед барьцаа хөрөнгө хүрэхгүй байна гэж орон сууцаа барьцаанд тавиад өгөөч гэсний дагуу орон сууцаа барьцаанд тавьсан. С.Б энэ зээлээс нэг ч төгрөг аваагүй, Хас банк С.Б-ийн орон сууцаар зээлийн үүргийг хангуулахаар нэхэмжлэл гаргаад 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 38 дугаар шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгож байсан. Харин Ш.Ц, Б.С нараас зээлийн 54 сая төгрөг гаргуулахаар шүүхийн шийдвэр гарч эдгээр хүмүүс шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд зээлээ бэлэн мөнгөөр төлөөд явж байгаа. Ш.Ц, Б.С  нарын барьцаа хөрөнгийг албадан худалдаад, зарж борлуулсан талаарх эд хөрөнгө байхгүй. Харин газар, машин зэргээ эдгээр хүмүүс өөрсдөө зараад мөнгийг нь зээлэндээ төлсөн. Эдгээр машин, газрыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар худалдаагүй, зээлдэгч нар өөрсдөө зарж зээлийн төлбөрөөс төлж, одоо сар болгон график гаргаад төлөлт хийгээд явж байгаа. Тиймээс сар болгон тодорхой хэмжээний төлөлт хийгдэж байгаа учраас бусад барьцаалсан эд хөрөнгөд ажиллагаа хийгээгүй гэдгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс тайлбарлаж хэлсэн. Үндсэн зээлдэгч Ш.Ц, Б.С  нар зээлээ төлөхгүй байгаа асуудал байхгүй одоо ч төлөлт хийгээд явж байгаа. Мөн С.Б-д холбогдуулан энэ нэхэмжлэлийн шаардлагыг хоёр ч удаа гаргаад шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байгаа учир гуравдагч этгээдийн барьцааны хөрөнгөд заавал халдах шаардлага байхгүй гэж үзэж байна. Өөрчилсөн шаардлагын тухайд хариуцагч С.Б ипотекийн гэрээ байгуулж үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Иргэний хуулийн 153-р зүйл, 13-р бүлэгт барьцаа хөрөнгийн талаар заасан. Тэгэхээр зээлийн үлдэгдэл төлбөр 36 сая төгрөгийг тэргүүн ээлжинд Ш.Ц, Б.С нарын хөрөнгөөр хангуулаад тэдгээр нь өөрсдийн хөрөнгөөр төлж барагдуулах боломжгүй болсон тохиолдолд гуравдагч этгээдийн хөрөнгөөр хангуулахаар заасан. Мөн Иргэний хуулийн 175-р зүйлд шүүхийн шийдвэрийн үндсэн дээр барьцааны зүйлийг албадан худалдах, хуулийн 174-д заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч зохих ёсоор гүйцэтгээгүй бол ипотекийн зүйлийг албадан худалдахаар заасан. Тэгэхээр энд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар үндсэн зээлдэгч нарын хөрөнгийг худалдан борлуулаад энэ хоёр хүн зээл төлөх ямар ч хөрөнгөгүй болсон бол гуравдагч этгээдээс шаардах байсан. Үндсэн зээлдэгч нарын хөрөнгийг албадан худалдсан асуудал байхгүй. Ш.Ц, Б.С нар машин, газраа өөрсдөө зарж зээлийн төлбөрөөс төлсөн байдаг. Одоогийн байдлаар үндсэн зээлдэгч нараас уг зээлийн төлбөрийг гаргах боломжгүй болсон зүйл байхгүй байгаа учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х нь хариуцагч С.Б-д холбогдуулан зээлийн гэрээний төлөгдөөгүй өр төлбөр болох 36.882.300 төгрөгийг барьцаалуулагч С.Б-ийн өмчлөлийн барьцаа хөрөнгөөр хангуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгчийн төлөөлөгч 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаан дээр “...барьцааны зүйл болох Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 14-9 тоотод байрлах 50 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг албадан худалдах шийдвэр гаргуулах” гэж өөрчилсөн бөгөөд нэхэмжлэгчийн өөрчилсөн дээрх шаардлагад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад тайлбар гаргаж оролцох боломжтой гэсэн тайлбар гаргасан /хх-1-2, 61, 112, шүүх хуралдааны тэмдэглэл/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” бөгөөд нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй.

Нэхэмжлэгч Хасбанкны Говь-Алтай салбар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийг төлөөлөн оролцож байсан итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Золжаргалаас татгалзаж, салбарын захирал нь өөрөө оролцох хүсэлт гаргасан болно /хх-74-75, 106/.

Хариуцагч С.Б нь Хасбанкны Говь-Алтай салбарын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт өөрийгөө төлөөлөн оролцох бүрэн эрхийг 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн итгэмжлэлээр Ж.М-д олгосон байна /хх-82-84/.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Хасбанкны Говь-Алтай салбар нь 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 5001211620 дугаартай зээлийн шугамын гэрээг Ш.Ц, Б.С  нартай байгуулж, зээлдэгч нар нь 40.000.000 төгрөгний зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлдүүлсэн байх бөгөөд 5001211620 дугаартай барьцааны гэрээг 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Ш.Ц-тай байгуулж, 5 ханатай, шалтай, давхар бүрээстэй гэр, самсунг маркийн 32 инч зурагт, хоёр хаалгатай цагаан өнгийн хөлдөөгч, УАЗ-2206 маркийн ГАА 20-43 улсын дугаартай цагаан саарал өнгөтэй автомашин зэргийг барьцаалж, барьцаа хөрөнгийн хамтран өмчлөгчөөр Б.С гэрээнд гарын үсэг зурсан байна /хх-8-14, 15-22/.

Харин 5001211620-01 дугаартай гэрээ нь 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч Хасбанкны Говь-Алтай салбар нь Ш.Ц, С.Б нартай байгуулж гарын үсэг зурсан баталгаат ипотекийн гэрээ байх бөгөөд уг гэрээний арын хуудсанд буюу хэргийн 29-р хуудсанд авагдсан барьцаа хөрөнгийн жагсаалт гэх хүснэгтэд 2013 оны 5001211620-01 дүгээр барьцааны гэрээний 1-р хавсралт гээд Говь-Алтай аймаг Есөнбулаг сум, Баянхайрхан баг 10-17 тоотод байрлах 1016,13 м.кв талбай бүхий Г-0518000707 дугаартай өмчлөлийн газрын үнэлгээг 5.000.000 төгрөг гэж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах үнийн дүнг 3.500.000 төгрөг гэж талууд болон Ш.Ц гарын үсэг зурсан,

хэргийн 30-р хуудсанд авагдсан барьцаа хөрөнгийн жагсаалт гэх хүснэгтэнд 2014 оны 5001211620-01 дүгээр баталгаат ипотекийн гэрээний 1-р хавсралт гээд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 14-9 тоотод байрлах, Ү-0518000983 дугаартай, 50 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны үнэлгээг 47.000.000 төгрөг гэж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах үнийн дүнг 32.900.000 төгрөг гэж талууд болон хариуцагч С.Б гарын үсэг зурж улсын бүртгэлд бүртгүүлсэн байна /хх-23-30/.

Дээрх баталгаат ипотекийн гэрээний зүйл болох Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 14-9 тоотод байрлах, Ү-0518000983 дугаартай, 50 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц нь хариуцагч С.Б-ийн өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө байх бөгөөд тухайн эд хөрөнгийг Хасбанкны 20-р салбарт барьцаалуулах, барьцааны гэрээнд гарын үсэг зурах эрхийг Ш.Ц-д 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр итгэмжлэлээр олгосон байна /хх-33, 31-32/.

Түүнчлэн нэхэмжлэгч Хасбанкны Говь-Алтай салбар нь зээлийн шугамын гэрээний зээлдэгч Ш.Ц, Б.С , баталгаат ипотекийн гэрээний барьцаалуулагч С.Б нарыг хариуцагчаар татан зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 54.373.597,23 төгрөгийг гаргуулах, ...барьцаа хөрөнгөөр болон зээлдэгчийн бусад орлогоос зээлийн гэрээний үүргийг хангуулах шаардлага гарсныг Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 271 дүгээр шийдвэрээр Ш.Ц, Б.С нараас зээл, хүүгийн төлбөрт 54.373.597,23 төгрөгийг гаргуулж Хасбанкны Говь-Алтай салбарт олгохоор, С.Б-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож, дээрх шүүхийн шийдвэрийн биелэлтэй холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа Говь-Алтай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст явагдаж байгаа болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1/531, 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1/702, 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1/750 дугаартай албан бичгүүдээр тогтоогдож байна /хх-44, 81, 110/.

Хэргийн 34-38 дугаар хуудсанд авагдсан Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 271 дугаартай шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

Нэхэмжлэгч Хасбанкны Говь-Алтай салбар нь С.Б-д холбогдуулан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд удаа дараа гаргасныг Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 38 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 16 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж, тус шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 04, 2016 оны 11 дүгээр сарын 08, 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрүүдийн 1708, 1714, 133/ШЗ2018/01339 дугаартай захирамжуудаар тус тус хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна /хх-39-42, 101-105, 97-98, 99-100, 45-47/.

Гэтэл нэхэмжлэгч Хасбанкны Говь-Алтай салбар нь баталгаат ипотекийн гэрээний барьцаалуулагч С.Б-д холбогдуулан түүний барьцааны хөрөнгөөр 5001211620 дугаартай зээлийн шугамын гэрээний зээлдэгч болох Ш.Ц, Б.С л нарын зээлийн гэрээний үүргийг хангуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг удаа дараа гаргасныг шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байдал тогтоогдож, тус шүүхийн шүүгчийн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 133/ШЗ2018/01339 дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэлээр дээрх шаарлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжийн гомдлыг хэлэлцсэн шүүх бүрэлдэхүүн зээлийн гэрээний үүргийн төлөгдөөгүй төлбөрийн хэмжээ багасаж, үнийн дүн өөрчлөгдсөн гэх үндэслэлээр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гаргасан шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна /хх-48-49, 53-59/.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...С.Б нь Ш.Ц баз, үндсэн зээлдэгч нарын хүсэлтийн дагуу орон сууцаа барьцаанд тавьсан, тухайн зээлийн төлбөрөөс нэг ч төгрөг аваагүй, Ш.Ц, Б.С нараас зээлийн 54.373.597,23 төгрөгийг гаргуулах шүүхийн шийдвэр гарч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдээд үндсэн зээлдэгч нар төлбөрөө төлөөд үлдэгдэл 36.793.248,23 төгрөг байгаа. Сар болгон төлөлт хийгдэж байхад үндсэн зээлдэгч нарын барьцааны эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар шаардлага гаргаагүй, тэдгээрийн хөрөнгийг худалдан борлуулаад ч зээлээ төлөх ямар ч боломжгүй болсон буюу эдгээр хүмүүсээс зээлийн төлбөрийг гаргах боломжгүй болсон зүйл байхгүй байхад гуравдагч этгээдийн барьцааны хөрөнгийг албадан худалдахаар шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Эхлээд үндсэн зээлдэгч нарын эд хөрөнгөд халдаж тэдгээрийн хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулаад хүрэлцэхгүй болсон төлбөр төлөх эд хөрөнгөгүй, ашиг, орлоггүй болсон нь нотлогдсон тохиолдолд дараагийн ээлж болох гуравдагч этгээдийн хөрөнгөд халдах байсан...” гэж тайлбарлан маргасан /хх-86, шүүх хуралдааны тэмдэглэл/.

Зээлийн болон барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, талууд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 156 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байх тул зээлийн болон баталгаат ипотекийн гэрээ нь хүчин төгөлдөр байх бөгөөд хариуцагч тал дээрх баталгаат ипотекийн гэрээ байгуулагдсан талаар маргаагүй болно.

Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т “барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно...” гэж заасан тул хариуцагч С.Б өөрөө зөвшөөрч Ш.Ц, Б.С нарын зээлийн гэрээний үүрэгт өөрийн эд хөрөнгийг барьцаалж, баталгаат ипотекийн гэрээ байгуулж, зээлдэгч үндсэн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд банкны шаардлагыг хангахаар барьцаалуулагч Ш.Ц нь энэхүү гэрээний 1 дүгээр хавсралтад заасан үл хөдлөх эд хөрөнгийг, барьцаалуулагч С.Б нь энэхүү гэрээний 2 дугаар хавсралтад заасан үл хөдлөх эд хөрөнгийг түүний дагалдах хөрөнгө, засан сайжруулах зорилгоор хийсэн нэмэлт, өөрчлөлтийн хамт тус тус барьцаалуулж банкны шаардлагыг хангахыг зөвшөөрсөн талаар гэрээний 2.1-д, гэрээний 3.2.3, 4.1.7-д зээлдэгч үндсэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гэрээний үүргийг барьцаагаар хангуулах шаардах эрх банкинд үүссэн тохиолдолд барьцаалуулагч нь энэ гэрээний 2.1-д заасан барьцаа хөрөнгөөр хангуулахыг банкинд зөвшөөрсөн, зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч, батлан даагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол банк үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар шаардах эрхтэй болохыг хүлээн зөвшөөрч талууд гэрээнд тусгаж, барьцаалуулагч буюу хариуцагч С.Б гэрээнд гарын үсэг зурсан байна /хх-23-28/.

Баталгаат ипотекийн гэрээнд үүргийн гүйцэтгэлийг эхлээд үндсэн зээлдэгч буюу үүрэг гүйцэтгэгч Ш.Ц барьцаа хөрөнгөөр, дараа нь гуравдагч этгээдийн буюу хариуцагч С.Б-ийн барьцаа хөрөнгөөр хангуулах талаар тохиролцоо хийгдээгүй байх бөгөөд гэрээний 3.2.5-д хэд хэдэн барьцаалуулагч оролцож байгаа тохиолдолд барьцаалуулагчдын хөрөнгөөс банкны шаардлагыг хангуулах дараалал болон хэмжээг банк тогтоох ба үүнийг барьцаалуулагчид хүлээн зөвшөөрч байна гэж тохиролцсон байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...эхлээд үндсэн зээлдэгч нарын эд хөрөнгөд халдаж тэдгээрийн хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулаад хүрэлцэхгүй болсон төлбөр төлөх эд хөрөнгөгүй, ашиг, орлоггүй болсон нь нотлогдсон тохиолдолд гуравдагч этгээдийн хөрөнгөд халдах байсан...” гэх тайлбар үндэслэлгүй, түүний тайлбарт дурдсан үүрэг гүйцэтгэх дараалал тогтоосон болох нь, тохиролцоо хийгдсэн болох нь, Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.7-д заасан шаардлагыг үүрэг гүйцэтгэгч Ш.Ц-д гаргасан болох нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдоогүй болно.

Түүнчлэн Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.4-т үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлага нь хэд хэдэн үл хөдлөх эд хөрөнгийн ипотекоор хангагдахаар байвал үл хөдлөх эд хөрөнгө тус бүрийг тухайн шаардлагыг бүхэлд нь хангахад ашиглах бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч шаардлагаа хангуулахдаа аль нэгэн үл хөдлөх эд хөрөнгийг сонгож болно гэж, мөн хуулийн 157 дугаар зүйлийн 157.3-т банк барьцааны аль эд хөрөнгөөр үүргийг хангуулахыг сонгох эрхтэй гэж заасан бөгөөд баталгаат ипотекийн гэрээний 3.2.5-д барьцаа хөрөнгөөс үүрэг гүйцэтгүүлэх дарааллыг банк тогтооно гэж заасныг хариуцагч С.Б хүлээн зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурсан тул банк аль нэг барьцааны зүйлээс эсхүл барьцааны бүх зүйлээс шаардлагаа хангуулах сонголтоо хийх эрхтэй байна.

Харин барьцаагаар хангагдах шаардлагыг үүрэг гүйцэтгэгч болон гуравдагч этгээд /барьцаалуулагч/-ийн хөрөнгөөр нэгэн зэрэг хангахаар бол уул шаардлагыг үүрэг гүйцэтгэгчийн хөрөнгөөр эхэлж хангуулах шаардлагыг барьцаалуулагч үүрэг гүйцэтгүүлэгчид тавих эрхтэй гэж Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.8-д заасан бөгөөд хариуцагч С.Б-ийн зүгээс үүрэг гүйцэтгэгч Ш.Ц-ын хөрөнгөөр эхлээд үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаарх шаардлагыг нэхэмжлэгч Хасбанкны Говь-Алтай салбарт гаргасан болох нь тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч зээлийн гэрээний төлөгдөөгүй төлбөр 36.793.248,23 төгрөгийг барьцаа хөрөнгө болох өөрийн өмчлөлийн Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум Харзат баг, 14-5 тоотод байрлах Ү-0518000983 улсын бүртгэлийн дугаартай 50 м.кв талбайтай орон сууцыг худалдан борлуулж банкийг хохиролгүй болгохыг хүссэн шаардах хуудсыг 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хариуцагч С.Б-д өгсөн болох нь хэргийн 43-р хуудсанд авагдсан шаардах хуудсаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Хасбанкны Говь-Алтай салбарын Ш.Ц, Б.С  нартай 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан 5001211620 дугаартай зээлийн шугамын гэрээний 24 сарын хугацаа 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр дууссан, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан “үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж, мөн хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1-д заасан “үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах хугацаа болсон, эсхүл үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэх эрхтэй болсон үеэс буюу хуульд заасан бусад тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах үүрэгтэй” гэж, 174 дүгээр зүйлийн 174.1-д заасан “ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Хасбанкны Говь-Алтай салбарын 5001211620 дугаартай зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй байна.

Харин Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1-д “ипотек нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ” гэж, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д “барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээг гэрээнд тусгахаар” заасан байх тул 5001211620-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээний 1 дүгээр хавсралтад хариуцагч С.Б-ийн өмчлөлийн барьцааны орон сууцны үнэлгээг 47.000.000 төгрөг гэж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах үнийн дүнг 32.900.000 төгрөг гэж талууд тохиролцсон нь барьцааны зүйлээр бус барьцааны зүйлийн үнээс шаардлага хангагдахаар байна /хх-30/.

Мөн Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д заасны дагуу хариуцагч С.Б нь барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангах эрхтэй тул барьцаалагчийн зээлийн үүргийг биелүүлсэн тохиолдолд орон сууцаа барьцаанаас чөлөөлүүлэх боломжтой юм.

Иймд хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх бичгийн нотлох баримтуудаар хариуцагч С.Б нь 5001211620 дугаартай зээлийн гэрээний зээлдэгч болох Ш.Ц, Б.С нарын зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд банкны шаардлагаар барьцааны зүйл болох өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг банкинд зөвшөөрч гэрээ байгуулагдсан үйл баримт нотлогдон, тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, 5001211620-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээний 1 дүгээр хавсралтанд дурдсан барьцааны зүйл болох хариуцагч С.Б-ийн өмчлөлийн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 14-9 тоотод байрлах, Ү-0518000983 дугаартай, 50 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг албадан худалдаж үнээс нь гэрээгээр тохиролцсон үүргийн гүйцэтгэлийг хангах үнийн дүн болох 32.900.000 төгрөгөөр 5001211620 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Говь-Алтай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгах нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 176 дугаар зүйлийн 176.1-д зааснаар дуудлага худалдаа явуулснаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болох өмчлөгч буюу гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг урьдчилан хангасан тохиолдолд дуудлага худалдаа явуулахыг зогсоож болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар “нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагч татгалзлаа нотолсон баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 342.361,50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 342.361,50 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан 5001211620 дугаартай 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан зээлийн шугамын гэрээний үүргийг үндсэн зээлдэгч Ш.Ц, Б.С  нар сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох хариуцагч С.Б-н өмчлөлийн Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Харзат багийн 14-р гудамжны 05 тоотод байрлах, орон сууцны зориулалттай, 50 м.кв талбай бүхий 3 өрөө, Ү-0518000983 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс нь 5001211620 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг 32.900.000 /гучин хоёр сая есөн зуун мянган/ төгрөгөөр хангуулахыг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.3-т заасныг баримтлан үүрэг гүйцэтгүүлэгч болох Хасбанкны Говь-Алтай салбар, үүрэг гүйцэтгэгч болох Ш.Ц, Б.С , хариуцагч С.Б нар дуудлага худалдаанд оролцох эрхтэй болохыг дурдсугай.

3. Иргэний хуулийн 176 дугаар зүйлийн 176.1-д заасныг баримтлан дуудлага худалдаа явуулснаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болох өмчлөгч буюу хариуцагч нь үүрэг гүйцэтгүүлэгчийн буюу Хасбанкны Говь-Алтай салбарын шаардлагыг урьдчилан хангасан тохиолдолд дуудлага худалдаа явуулахыг зогсоож болохыг Хасбанкны Говь-Алтай салбар, Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст тус тус мэдэгдсүгэй.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 342.361,50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Б-өөс 342.361,50 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                                     Д.ЯНЖИНДУЛАМ