Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2018/ДШМ/63

 

2018            10             03                                                2018/ДШМ/63

 

Н.Б, Н.М, Н.Х нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай               

                                                                                                                                                                                     Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: Г.Мөнхтүвшин,

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч: С.Энхзул, Ж.Хүдэрчулуун, Ж.Жаргалсайхан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2018/ШЦТ/94 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Н.Б, Н.Х, Н.М нарт холбогдох, эрүүгийн 1820000680048 дугаартай, 2 хавтас, 394 хуудас бүхий хэргийг шүүгдэгч Н.М, хохирогч Э.С, шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Энхзул, Ж.Жаргалсайхан нарын давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат, 1988 оны 11 дүгээр сарын 21-нд төрсөн, яс үндэс халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн ........ сумын 4 дүгээр баг, ....... ...... тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь Дорноговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацааагаар хянан харгалзсан, Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жил 5 сар 18 хоногийн ялыг биечлэн эдэлж, 2 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, 06 сар 12 хоногийг тэнсэн сулласан, 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр суллагдсан, Боржигон овогт Н-ын Б /РД:ЕП88112.../,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотын харьяат, 1986  оны 05 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 32 настай, яс үндэс халх, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сүлжигч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Сайншанд сумын ...... дүгээр баг, Данзанваанчигийн ...... тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 34 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 03 сар 10 хоногийг тэнсэн сулласан, Өөлд овогт Н-ын М /РД: ЧС860510.../,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн харъяат, 1979 оны 06 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 39 настай, яс үндэс халх, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Сайншанд сумын ........ дугаар баг, ........ тоотод оршин суух, Улаанбаатар Төмөр замын Сайншанд дахь ........... ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2200000 төгрөгөөр торгох ялаар, Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, Боржгин овогт Н-ийн Х /РД: ЕП79060416/ нарт холбогдуулан Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхтүвшингээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Н.Б, Н.М нар нь бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 23-ны шөнө Улаанбадрах сумын 4 дүгээр багт оршин суух иргэн Э.С-ийн байнга амьдрах байшингийн цонхоор нэвтрэн орж мөнгөн эмээл хулгайлсан,

Шүүгдэгч Н.Б, Н.Х нар нь бүлэглэн 2017 оны 10 дугаар сард Сайншанд сумын 5 дугаар багт байрлах Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн Хүрээ 3 байгууламжийн 29 ширхэг дээврийн зориулалттай орос төмрийг хууль бусаар авсан  гэмт хэрэгт холбогджээ.

 Анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Н-ын Б, Боржгин овогт Н-ийн Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.1-т заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар хулгайлах гэмт хэргийг,

Шүүгдэгч Боржигон овогт Н-ын Б, Өөлд овогт Н-ын М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т заасан хүний байнга амьдрах орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Н-ийн Х-г хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,

Шүүгдэгч Н.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч Н.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Н.Б-д оногдуулсан хорих ялыг нэмж, нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил, 6 сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б-д оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг, шүүгдэгч Н.М-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч Н.Х-д 1 жилийн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.Х нь шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй бол уг шийдвэрийг хүчингүй болгож, прокурорын дүгнэлтийг үндэслэн ял оногдуулахыг мэдэгдэж,

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар прокурорын 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 5/14 тоот тогтоолоор 21-83ДГО улсын дугаартай Тоёота Истима маркын тээврийн хэрэгслийг битүүмжилснийг хүчингүй болгож, иргэний нэхэмжлэгч Б.Номуунбатад олгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 21-83 ДГО улсын дугаартай Тоёота Истима маркийн тээврийн хэрэгслийн үнэ 1500000 төгрөгийг шүүгдэгч Н.Б, Н.М нараас хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлого болгож,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Н.Б, Н.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсанаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.М давж заалдсан гомдолдоо: Миний бие нь Н.Б-тэй найз нөхөд бөгөөд 2018.03.23-ны өдөр Н.Б эхнэртэйгээ муудаад намайг хайж манай гэрт ирсэн байдаг. Тэгээд Н.Б-тэй гэрийнхээ хашааны гадаа таарч, гадаа сааданд хамт архи уусан бөгөөд Н.Б надаас тэгэхэд эмээл авах хүн байна уу, эсхүл түр ломбарданд тавьчихаар хүн байна уу гэж асуусан. Тухайн үед би хэний эмээл юм бэ гэхэд эгчийн эмээл гэж хэлсэн. Би тухайн үед Н.Б-тэй бүлэглэж хулгайн үйлдэл хийгээгүй, оролцоогүй. Хамт Улаанбадрах сум явсан нь үнэн. Эмээлийг авахыг хараагүй. Машин дотор сууж байсан. Эгчийн эмээл гэж хэлсэн болохоор эгчдээ хэлсэн гэж бодсон юм. Н.Б-ийг төрсөн эгчийнхээ гэрээс эмээлийг хулгайлж авсан гэдгийг мэдээгүй. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Миний бие эхнэр, 6 сараас 10 насны 3 хүүхэдтэй бөгөөд эхнэр ажил, хөдөлмөр эрхэлдэггүй, хөгжлийн бэрхшээлтэй аавыгаа асарч халамжилдаг. Гэтэл би гэр бүлдээ туслаж чадахгүй, хэлс хэрэгт шийтгэгдсэндээ гомдолтой байна. Би Н.Б-тэй Улаанбадрах сум явсан, эмээл авах хүн асууж өгсөн, найздаа тусалж байна гэж бодсон. Өөр санаа зорилго байгаагүй гэжээ.

 

Хохирогч Э.С давж заалдсан гомдолдоо: Миний бие Э.С нь Н.Э-тэй гэр бүл болоод 16 жил болж, бид ханилан суугаад 4 хүүхдийн эцэг эх баталгаатай гэр бүл юм. Улаанбадрах суманд гэрт маань орж эмээл авсан Б нь эхнэрийн төрсөн дүү. Тухайн үед Б, Э-ээс эмээл авах зөвшөөрөл авч байсан билээ. Эхнэрээс минь зөвшөөрөл авсан нь надаас мөн адил зөвшөөрөл авсантай адилхан. Энэ эмээл эхнэр бид 2-ын дундын өмч хөрөнгө учраас эхнэр маань зөвшөөрөл өгөх эрхтэй. Дүү Б-ийн үйлдлийг хулгайн хэрэг гэж үзэхгүй байгаа учраас энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Миний бие нь хөдөөний бүрэг даруу хүн учраас тулгамдаж буруу зөрүү мэдүүлэг өгсөн байх талтай учраас гомдлыг хүлээн авна уу гэжээ.

Шүүгдэгч Н.Б-ийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: 336 дугаар ангиас алдагдсан гэх төмөр нь тодорхой эзэнтэй, уг байгууллагын эзэмшлийнх гэхэд эргэлзээтэй. Энэ бүгдийг нотлох баримтын хүрээнд эргэлзээгүйгээр нотолж чадаагүй. Улмаар 336 дугаар ангиас Хүрээ 3 байгууламж нь 1981 онд 232 сая төгрөгийн үнэлгээтэй ашиглалтанд орсон гэх боловч яг одоогийн байдлаар уг ангийн үндсэн хөрөнгө улмаар элэгдэл хорогдлоос эхлээд жил бүрийн тооллогоор ямар байдлаар, яаж үнэлэгдэж, бүртгэгдэж байсан эсэх нь тодорхойгүй. Ялангуяа 2017 оны жилийн эцсийн тооллогын бүртгэлээр энэхүү хөрөнгө нь байдаг эсэх нь тодорхой бус. Тиймээс ч хохирогч Тэмүүжингээс уг эд хөрөнгө нь одоогоор яг хэдэн төгрөгийн хохирол учирсаныг мэдэхгүй байна хэмээн мэдүүлсэн байгаа учраас энэ бүгдийг дахин тодруулах шаардлагатай гэж үзэж байна. Улмаар уг эд хөрөнгө нь тухайн цэргийн ангийн эд хөрөнгө мөн бол ямар ч харуул хамгаалалтгүйгээр эзэнгүйдүүлж орхигддогийн учир шалтгаан юутай холбоотой болох, мөн энэ хэргийн хохирогч Тэмүүжингээс эд хөрөнгө алдагдсан талаар 2018.03 сард цагдаагийн байгууллагад ханддаг нь ямар учиртай болохыг дахин шалгаж тогтоох, Хавтаст хэргийн 232-233 дугаар хуудсанд авагдсан яллагдагч Х-гаас мэдүүлсэн мэдүүлэгт “тухайн үед Б бид 2 уг төмрийг хулгайлж байна гэж бодоогүй ч байгууламж нь эзэнгүй байсан, төмрүүд нь газарт уначихсан байсан тул өөрсдийгөө хулгай хийж байна гэж бодоогүй. Тийм учраас уг төмрийг өдрийн цагаар авсан” гэх мэдүүлэг мөн хх-229-230 авагдсан яллагдагч Н.Б-с мэдүүлсэн “уг эд зүйлийг авахдаа хулгайлж байна гэж бодоогүй. Бид 2 хашааг эзэнтэй гэж бодоогүй. Тэр төмрийг авсанаас хойш уг хашааг цэргийн ангийн 336 дугаар ангийн эзэмшил юм байна гэдгийг мэдсэн. Гэхдээ уг хашаа нь одоо ч харуул, хамгаалалт байхгүй” гэсэн мэдүүлгүүд болон улмаар эдгээр шүүгдэгч нар шүүхийн хэлэлцүүлэгт мөн адил ийм байдлаар мэдүүлгийг өгч байсан болохыг анхаарч энэхүү үйлдэлд хулгайн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бүрэн хангах, санаа зорилгын хэлбэр нотлогдон тогтоогдож байна гэхэд эргэлзээтэй. Үүнийг зайлшгүй шалгах ёстой. Бд холбогдох эмээлийн хулгайн хэрэг дээр хх-71-72 авагдсан гэрч Э-ээс мэдүүлсэн “Б-г тэр хэргийнхээ хохирлыг барагдуулах гээд мөнгөний хэрэг гарч надаас эмээл гуйж байна гэж бодсон. 2018.03.20-ны өдөр байх Б ээжийн утас руу залгаад аниа мөнгөний хэрэг гарчихлаа, та эмээлээ зарах гэж байгаа юм уу, би эмээлийг чинь үнэ хүргээд зарчихая, үнэ хүргэхгүй бол ломбарданд тавиад буцаагаад аваад өгье гэж хэлсэн. Тэгэхэд нь би нөхрөөсөө асуугаадахъя, тэгвэл тэгэхгүй юу даа гэж хэлсэн” гэсэн мэдүүлгийг шүүхээс огт үнэлээгүй ба энэ талаар оролцогчдоос ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй учир дутагдалтай. Өөрөөр хэлбэл энэ хэргийн хохирогч С түүний эхнэр болох энэ хэргийн гэрч Э нарын мэдүүлэг нь хоорондоо зөрүүтэй байхад нөхцөл байдлыг шүүх хуралдаан дээр тодруулж тогтоогоогүй нь уг гэм буруугийн тал дээр зайлшгүй шаардагдах ажиллагаа гэж үзэж байна. Иймд энэхүү үндэслэлээр хэргийг дахин хянаж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Шүүгдэгч Н.Б, Н.М нарын өмгөөлөгч С.Энхзул давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Шүүгдэгч Н.Б-ийн хувьд хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудал дээр маргахгүй байгаа бөгөөд өөрөө гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа. Харин анхан шатны шүүх Бд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, ялыг нэмж, нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэнийг эс зөвшөөрч байна. Б нь Х, М нартай тус тусад нь бүлэглэн өөр, өөр цаг хугацаанд хулгайлах гэмт хэргийг үйлдсэн боловч энэ Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байхад тухайн зүйл, хэсэг тус бүрт ял оногдуулж тус тусдаа бие даасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг эрс дордуулсан. Мөн Бд ял оногдуулахдаа Мтай бүлэглэж үйлдсэн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байх бөгөөд харин ганцаараа дээрх гэмт хэргийг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн талаараа тогтвортой мэдүүлсэн байна.

Шүүгдэгч Н.М-ын гэм буруугийн хувьд: Анхан шатны шүүхээс М-ыг Б-тэй бүлэглэн 2018.03.23-ны шөнө машин механизм ашиглан, Улаанбадрах сумын 4 дүгээр багт оршин суух иргэн С-гийн байнга амьдрах байранд нэвтрэн орж мөнгөн эмээлийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь санаатай нэгдэж хулгайн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй, хулгайн гэмт хэрэг үйлдэхэд хэн ямар оролцоотой оролцсон болох нь бусад нотлох баримтуудаар тогтоогдоогүй байхад шүүх Мын мэдүүлгийг өөрийнх нь эсрэг ашиглаж дүгнэн, гэм буруутай гэж үзэн ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх М-ын гэрчээр болон шүүх хуралдааны шатанд өгсөн мэдүүлгийг тогтоолынхоо үндэслэлээ болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2, 16.3 дугаар зүйлийн 8, 8.3-т заасныг тус тус зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байж шүүхийн шийдвэрийн үндэслэл болох атал хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримт болох хохирогч Сгийн 4 удаагийн мэдүүлэг, гэрч Э, гэрч Н, гэрч Г, гэрч М, насанд хүрээгүй гэрч Э нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар М нь Бтэй хулгайн гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн нь нотлогдохгүй байна. Хавтатс хэргийн 44-47 дугаар хуудсанд Бат-Эрдэнийн яллагдагчаар өгсөн “М бид хоёр машиндаа үлдээд юм яриад сууж байхдаа би Маас эмээл худалдаж авчихаар хүн байна уу гэж асуутал М ямар эмээл байгаа юм бэ, хэр эртнийх юм бэ, байвал зарж болно шдээ гэж хэлсэн ... би урьд нь С ахынд хэд хэдэн удаа ирж байсан болохоор эмээл хаана байдгийг мэддэг байсан болохоор шууд очиж авсан Сгийн гэрээс эмээл авах үед Очирмөнх, М нар нь машин дотор байсан” гэх мэдүүлэг, шүүх хуралдааны шатанд Б-ийн өгсөн “энэ асуудалд М ямар ч хамааралгүй юм. Учир нь Мад манай эгчийн эмээл гэж хэлсэн. Улаанбадрах суманд очоод намайг байшин руу орохыг М хараагүй, машинд сууж байсан” гэсэн мэдүүлгээр М нь Бтэй бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн нь үгүйсгэгдэж байх бөгөөд Б гэмт хэргийг ганцаараа үйлдсэн гэдгээ тогтвортой мэдүүлсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэснийг шүүх анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Б-ийн гэмт хэргийг үргэлжилсэн гэмт хэрэг гэж үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж үзэх, М-ын үйлдсэн хэрэг нь хангалттай нотлогдож чадахгүй байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, Мын үйлдлийг хэрэгсэхгүй болгож өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Шүүгдэгч Н.М-ын өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: М-ыг, Б-тэй бүлэглэн иргэн С-гийн орон байранд нэвтэрч машин механизм ашиглан мөнгөн тоногтой эмээл хулгайлсан гэх үйлдэлд хамтран бүлэглэж оролцсон гэсэн зүйлчлэлээр зүйлчилсэн байдаг. Хавтаст хэргийн материалаас гэрч нарын мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгч нарын анх гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээс харахад эмээл авч байгаа энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж байна уу, үгүй юу гэдэг дээр эргэлзээ төрөхөөр байгаа. Гэрч Э нь Б-ийн төрсөн эгч бөгөөд түүний мэдүүлэгт “Б надаас асуухад нь би тэгвэл тэгэхгүй юу даа гээд хэлчихсэн” гэж мэдүүлдэг. Төрсөн дүүдээ эмээл авахыг зөвшөөрсөн байсан гэдгийг анхнаасаа мэдүүлсэн байдаг. Энэ нь хохирогч С-гийн мэдүүлгээр тогтоогддог. Мөн Б-ийн анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэгт “М нь эмээл авсан үйлдэлтэй ямар ч холбоогүй” гэдгийг хэлсэн байдаг. Үүн дээр шүүх дүгнэлт хийхдээ учир дутагдалтай хийсэн байна. Шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа юм. Шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт сэжигтэн, яллагдагчийн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй ч гэсэн М-ын гэрчээр, яллагдагчаар, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн зэрэг 3 удаагийн мэдүүлэг өгөхдөө өөр, өөрөөр тогтворгүй мэдүүлэг өгч байгаа нь Мыг яллах, шийтгэл оногдуулах үндэслэл болж байна гэсэн дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай болсон байна. Б-ийн эгчээсээ эмээл авсан энэ үйлдэл дээр нь М бүлэглэж оролцсон гэх зүйл тогтоогдохгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мыг Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлд зааснаар бүлэглэж үйлдсэн гэж журамлаж ял оногдуулсан. Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ялыг ялгамжтай оногдуулахаар заасан. Гэтэл шүүх гүйцэтгэгчид нь 1,6 жилийн хорих ял оногдуулаад, хамтран оролцсонд нь 2 жилийн хорих ял авсан. Эндээс Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэдэг нь харагдаж байгаа юм. Эцэст нь дүгнээд хэлэхэд М нь шүүгдэгч Бтэй бүлэглэж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн, хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байгаа зэрэг дээр эргэлзээ төрж байгаа учраас шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж, шүүгдэгч Мын үйлдлийг хэрэгсэхгүй болгох бүрэн үндэслэлтэй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна гэв.

Прокурор Г.Мөнхтүвшин давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгч Б-г М-тай бүлэглэн 2018.03.22-ны шөнө Улаанбадрах сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Сгийн нэвтэрч мөнгөн тоногтой эмээлийг авч, 6 сая төгрөгийн хохирол учруулсан,  шүүгдэгч М, Х нар нь бүлэглэн 2017 оны 10 дугаар сард Сайншанд сумын 5 дугаар багт байрлах 336 дугаар Цэргийн ангийн эзэмшлийн Хүрээ 3 байгууламжийн дээврийн төмрийг авч 548100 төгрөгийн хохирол учруулсан гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан. ”Б бид 2 мөнгөний талаар яриад мөнгөн эмээл авах хүн байна уу гэж яриад Улаанбадрах сум орж байшингийн урд зогсож, хэнийх юм бэ гэхэд манай хүргэнийх гэж хэлсэн. Чи орох уу гэхэд би орохгүй, чи өөрөө ор гэж Б-ийг хэлсэн. Б миний савхин бээлийг өмсөөд, гутлаа тайлаад байшингийн урд талын цонхоор орсон. Ойролцоогоор 10 минут болоод байшингаас гарч ирэхдээ хуйлаад тэвэрчихсэн гарч ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-18-19/, 2018.03.23-ны өдөр хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-03-08/, мөнгөн тоноглолтой эмээлийг эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол /хх-22/, хохирогч Сгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт “том хүү Э нь 2018.03.23-ны өглөө гэрээс хичээлийн хэрэгсэл авах гээд очиход нь байшингийн цонх онгорхой байсан. Гэртээ ороход нь мөнгөн тоноглолтой эмээл нь байхгүй байсан гэж хэлсэн. Тэр эмээлийг тухайн үед Сайхандулаан сумаас 8 сая төгрөгөөр худалдаж авч байсан” гэсэн мэдүүлэг /хх-27/, мөн Сгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгт “би тухайн үед эмээлийг Б авсан талаар мэдээгүй, Б эмээлийг авах талаар надаас асууж байгаагүй. Тухайн үед манай гэрт хэн орж хулгай хийсэн талаар мэдээгүй. Хадам ээж маань ганц хүүтэй. Хадам ээж, эхнэр 2 маань намайг гомдолгүй гээд хэлчих гээд гуйгаад байсан. Тийм учраас надад гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-65/ авагдсан байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Сг дахин шалгахад Эрдэнэнавч нь хохирогч Сгийн өмнөөс гомдол гаргасан байдаг. Гэрч Э-аас  асуухад “хохирогч Сгийн өмнөөс гомдол гаргасан нь үнэн. Тухайн үед хэлэхэд Сгийн утас нь холбогдохгүй байсан гэсэн” мэдүүлэг байдаг ба хохирогч Сгээс дахин мэдүүлэг авахад “би Э Б-ийг эмээл авах талаар надад нэг ч хэлээгүй” гэх мэдүүлгүүдийг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн байдаг. Шүүгдэгч Б Хтай бүлэглэж 2017.10 дугаар сард Хүрээ 3 байгууламжийн дээврийн төмрийг хулгайлсан гэмт хэргийн хувьд өмгөөлөгчийн зүгээс тухайн эд хөрөнгө нь тухайн байгууллагын эд хөрөнгө гэдэг нь эргэлзээтэй гэдэг асуудлыг хөнддөг.  Хэрэгт хохирогч Тэмүүжингийн мэдүүлэгт 1981 онд анх ашиглалтанд орж байсан. Манай сахиурын орон тоо 2017 онд хасагдаж ямар ч харуул хамгаалалтгүй болсон. 2017.10 сард дээврийн төмөр болон ханын төмөр алга болсон талаар мэдсэн” гэдэг, мөн гэрч Т-ын мэдүүлэг /хх-194/,  Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн даргын үүргийг түр гүйцэтгэгч Б-ын мэдүүлэг /хх-221/ байдаг, мөн Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн барилга байгууламжийн бүртгэл авагдсан байдаг. Х, Б нар нь хар багаасаа Зүүнбаян багт өссөн гэж мэдүүлдэг ба 336 дугаар ангийн эд хөрөнгө гэдгийг мэдэж байсан. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүх шүүгдэгч Н.Б, Н.Х нарыг 2017 оны 10 дугаар сард Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багт орших Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн “Хүрээ-3” байгууламжаас 29 ширхэг дээврийн зориулалттай төмрийг бүлэглэж хууль бусаар авсан гэмт хэргийг,  шүүгдэгч Н.Б, Н.М нар нь 2018 оны 03 дугаар сарын 23-ны шөнө Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байх иргэн Э.С-ийн байнга амьдрах байрны цонхоор орж мөнгөн эмээл бүлэглэж хулгайлсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Н.Х-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, шүүгдэгч Н.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 сарын хорих ял,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-д зааснаар 1 жилийн хорих ялыг тус тус оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-т зааснаар түүнд холбогдох ялуудыг нэмж нэгтгэн 1 жил 6 сарын хорих ял, шүүгдэгч Н.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, шүүгдэгч Н.Б, Н.М нарын ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн тус шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2018/ШЦТ/94 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Шүүгдэгч Н.М, шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Энхзул, шүүгдэгч Н.Б-ийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан, хохирогч Э.С нарын давж заалдсан гомдлуудад үндэслэн тухайн хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцвэл анхан шатны шүүхээс хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага нь шүүгдэгч нарын  хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд нь тохирсон байна гэснийг буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан  “шударга ёсны зарчим”-д нийцээгүй, ялыг ялгамжтай зөв оногдуулж чадаагүй гэж үзэхээр байна.

Шүүгдэгч Н.Б, Н.М нарын бүлэглэж үйлдсэн гэмт хэргүүд нь шүүгдэгч нарын хэрэг бүртгэлтийн шатанд гэрчээр өгсөн мэдүүлгүүд /1-р хх 16-19/, шүүгдэгч нарын яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хохирогч Э.С /1-р хх-9, 26-27, 64-65/, иргэний нэхэмжлэгч Д.М /1-р хх 67-68/, насанд хүрээгүй гэрч С.Э /1-р хх-10/,  Г.Г /1-р хх-11/ нарын мэдүүлэг болон бусад баримтууд зэргээр,

Шүүгдэгч Н.Б, Н.Х нарын бүлэглэж үйлдсэн хулгайн гэмт хэрэг нь Зэвсэгт хүчний 336 дугаар ангийг төлөөлж хохирогчоор мэдүүлэг өгсөн Б.Тэмүүжингийн мэдүүлэг /1-р хх 182-183, гэрч Э.Тайванжаргал, /хх-191/ З.Амарсайхан /хх 207-208/, Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн барилга байгууламжийн бүртгэл болон бусад баримтуудаар тус тус тогтоогдсон байх ба эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт олж авсан, эдгээр нь хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий баримтат мэдээллүүд байна.

Мөрдөн шалгах болон шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, хассан нөхцөл байдлууд тогтоогдсонгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т зааснаар хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Н.М, Н.Б нар нь урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж Э.Сгийн гэрээс мөнгөн эмээл хулгайлсан болох нь Н.Б-ийн гэрчээр өгсөн “ ... Ногооноо архи ууж байхдаа хөөрөг, эмээлийн талаар ярихад нь би Ногооноод манай хүргэний гэрт мөнгөн эмээл байгаа гэж хэлсэн. Тэгэхэд Ногооноо тэгвэл тэрийг чинь авъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би, чи хаана өгөх юм бэ гэхэд хоёулаа одоо очиж уулзая гэж хэлээд Хөгжлийн төв Дорноговь гэх байрны гадаа Б гэх залуугийн ахтай уулзсан. Б-ийн ах бид 2-т эхлээд үзүүлэх зүйлээ аваад ир, мөнгө өгч чадахгүй гэсэн. Тэгээд П  шатахуун түгээх станцаас Ногооноо иргэний үнэмлэх, би машиныхаа бичиг баримтыг тавьж 100.000 төгрөгөнд шатахуун аваад Сгийн эмээлийг авахаар явсан. ... Улаанбадрах сумын төв дээр шөнө 23 цагийн орчимд очсон. Ногооноод хүргэн Сгийн байшинг зааж өгсөн. Ногооноо гартаа бээлий өмсөхөд М ах Ногооноог би орохгүй, чи өөрөө ор  гэж хэлээд гараараа миний куртикний захнаас татаад чи мэдэж байгаагаараа өөрөө гутлаа тайлаад ор гэж хэлсэн. Тэгээд би гутлаа тайлаад оймстойгоо, гартаа бээлий өмсөөд байшингийн хаалганы талын вакум цонхыг гараараа дарж түлхэж ороод байшингийнх нь том өрөөний гэрлийг асаагаад том өрөөнд байсан мөнгөн хэрэглэлтэй эмээлийг аваад машиндаа ачсан. Тэгээд бид 3 Сайншанд руу явсан. Маргааш өглөө нь Ногооноогийн найз Б  ахынх нь гэрт очиж уулзаад эмээлээ үзүүлэхэд 1.5 сая төгрөгөөр худалдаж авъя гэх хэлэхээр нь би хямдхан зарахгүй, 4-5 сая төгрөгнөөс доошоо зарахгүй, хямдхан зарна гэвэл би хүргэндээ буцааж аваачиж өгөөд өөрөө учраа олчихно гэж хэлсэн. Тэгээд Ногооноо нөгөө ахтайгаа өөр газар үзүүлье гэж хэлээд 6 баатарын урд талд нэг айлд очиж эмээлээ үзүүлэхэд авахгүй гэж хэлсэн. Тэгээд буцаж яваад Ногооноо 80 сая төгрөгийн зээл авсан ах дээр очъё гэж хэлээд Симба дэлгүүрийн урд талын мотоциклийн сэлбэгийн дэлгүүрийн ах машинд орж миний эмээлийг үзсэн. Тэгээд байж байхад шаргал өнгийн примо маркийн машин ирээд жолооч нь миний машинд байсан эмээлийг үзсэн. Тэгээд Ногооноогийн гэрийн гадаа байж байхад примо маркийн машины жолооч болон Б-ийн ах 2 ирээд 1.5 сая төгрөгөөр авъя гэж ирсэн. Тэгээд зарахгүй гэж хэлсэн. Тэгээд примо маркийн машины жолооч ... 1.8 сая төгрөгөөр худалдсан. Эмээл зарж олсон мөнгөнөөс Ногооноод би 200.000 төгрөг өгсөн. Клонкод 100.000 төгрөг өгсөн. Үлдсэн мөнгийг Ногооноо бид 2 хамт үрж дуусгасан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 16-17/,

Н.М-ын гэрчээр өгсөн “ ... Улаанбадрах сум ороод ... улаан тоосгон байшинтай хашаагүй, зүүн талдаа 1 гэртэй байшингийн гадаа очсон. Бэс энэ хэнийх юм бэ гэхэд хүргэнийх гэж хэлсэн. Тэр үед О ах бид 2-ыг та 2 цоожтой айлд ирээд яах гээд байгаа юм, юу хийх гээд байгаа юм, больцгоогооч гэж хэлсэн. Б намайг орох уу гэхэд нь би орохгүй, чи өөрөө ор гэж хэлэхэд Б гартаа миний савхин бээлийг өмсөөд гутлаа тайлаад байшингийн урд талынх нь цонхоор орсон, ... гарч ирэхдээ хуйлаад тэвэрчихсэн эмээл авч гарч ирээд машиндаа хийсэн. Маргааш өдөр нь Б бид 2 эмээлээ аваад манай найз Б-ийн ах С-ийн гэр лүү очиж үзүүлэхэд сүүлийн үеийн эмээл байна гээд авахгүй гэсэн. Тэгээд С-г аваад 6 баатарын урд талд байдаг С-ийн найз Б-т үзүүлэхэд авахгүй гэсэн. С, Б 2 бид 2-ыг Симба худалгааны төвд хүргээд өгчих гэж хэлээд Симба төвийн гадаа очсон. Сэргэлэн машинаас буугаад М-ийн машинд орсон, М  намайг дуудаад эмээлээ Хур говь зочид буудлын хойд талд очиж үзүүлээд бэлэн мөнгөөр 1.800.000 төгрөгөөр худалдсан. Мөнгөө аваад Б бид 2 Маргадын автомашин угаалга орж машинаа угаалгасан. Эмээл зарсан мөнгөнөөс би бэлнээр 200.000 төгрөг авсан. Б бид 2 цэнхэрт орж хоолонд орчихоод авто угаалгаас машинаа аваад төмөр зам орж Аянчин зочид буудалд 40.000 төгрөгийн 1 өрөө авчихаад Хур говийн караоке ороод би найз Н, Д нараа утсаар дуудаж, бид 4 1 цаг караокед дуулчихаад Аянчин буудалд очиж авсан өрөөндөө орж архи ууж байгаад би шөнө 00 цаг өнгөрч байхад Н-тай хамт гараад, би гэр лүүгээ ганцаараа явсан. Би эмээл зарсан мөнгөнөөс бэлнээр 200.000, мөн буудал, хоол идсэн, архи уусан гээд 300.000 төгрөгийг Б-тэй хамт үрэлцсэн “ /1-р хх-ийн 18-19/ гэж тус тус  мэдүүлсэн мэдүүлгүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3-т  заасан мэдүүлэг авах журмын дагуу гэрч нарт худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх учрыг тайлбарлан танилцуулж, үнэн зөв мэдүүлэг өгнө гэсэн баталгаа болгож гарын үсгийг нь зуруулж авсан мэдүүлгүүд тул хуульд заасан заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт олж авсан, хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой нотлох баримт гэж үзнэ.

Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлд зааснаар өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй тул яллагдагч нарын мэдүүлгүүд нь дангаараа яллах үндэслэл болохгүй боловч шүүгдэгч нарын яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл,  гэрч Г.Г-ийн мэдүүлэг, шүүгдэгч нарын харилцан бие биенийгээ гэрчилсэн гэрчийн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Д.М-ийн мэдүүлэг, нэхэмжлэл зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тус тус батлагдан тогтоогдсон байна.

Хохирогч Э.С нь шүүгдэгч Н.Б-ийн төрсөн эгч Н.Э-ийн нөхөр боловч энэ нь шүүгдэгч Н.Б нь төрсөн эгчийнхээ гэрийн цонхоор орж эд зүйлсийг бусадтай бүлэглэн хулгайлсныг гэмт хэрэгт тооцохгүй гэж үзэх үндэслэл болохгүй.

Шүүгдэгч Н.Мын хувьд Н.Б нь цоожтой айлын цонхоор орж эмээлийг авч байсныг мэдсэн, эмээлийг зарж борлуулах, зарсан мөнгийг шүүгдэгч Н.Б-тэй хамт зарж үрсэн нь шүүгдэгч нарын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, иргэний нэхэмжлэгч Д.М-ийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байгаа тул түүнийг иргэн Э.С-гийн гэрээс Н.Бтэй бүлэглэн хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж анхан шатны шүүх үзсэн нь үндэслэлтэй болсон.

Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь нууц далд аргаар үйлдэгддэг онцлогтой бөгөөд шүүгдэгч Н.Б-ийн хувьд өөрийн төрсөн эгч Э-д эмээлийн талаар хэлж байсан байж болох боловч тухайн хэрэг гарах үед Н.Э болон Э.С нарын зөвшөөрөлгүй нууцаар орон байранд нь нэвтэрч эмээлийг хулгайлсан болох нь тогтоогдсон түүний энэхүү үйлдэлд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинж бүрэн хангагдсан гэж үзнэ.

Мөн шүүгдэгч Н.Б нь шүүгдэгч Н.Х-тай бүлэглэн Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн эд хөрөнгө болох “Хүрээ-3” байгууламжаас 29 ширхэг дээврийн төмрийг авсныг хулгайн үйлдэлд тооцох ба өдрийн цагаар, харуул хамгаалалтгүй байсан газраас бусдын өмчийг авсан нь хулгайн гэмт хэрэгт тооцохгүй гэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Харин энэ утгаар нь буюу “Хүрээ-3” байгууламж нь харуул хамгаалалтгүй байснаас шүүгдэгч нарын тухайн үйлдлийг прокуророос хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэж үзэж Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн байх ба шүүгдэгч нар өөрсдийн үйлдсэн гэмт хэргийг шударгаар хүлээн мэдүүлсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байхад шүүгдэгч Н.Б-ийн өмгөөлөгч Ж.Жаргалсайханы зүгээс гэм буруугийн талаар дахин шалгуулахыг хүсч гомдол гаргасан нь ойлгомжгүй байна.

Шүүгдэгч Н.Б нь 2017 оны 10 дугаар сард Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийг Н.Хтай бүлэглэж үйлдсэн, 2018 оны 03 дугаар сарын 23-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т заасан гэмт хэргийг Н.Мтай бүлэглэж тус тус үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д зааснаар хулгайлах гэмт хэргийг “үргэлжилсэн нэг гэмт хэрэг” үйлдсэн гэж үзэх үндэслэл болохгүй.

Учир нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт заасан болон 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т заасан гэмт хэргүүд нэг төрлийн буюу хулгайлах гэмт хэрэг мөн боловч энэ нь тус тусдаа хулгайлах гэмт хэргийн өөр өөр шинжийг агуулсан, тус тусад нь ял оногдуулж болох өөр өөр зүйл хэсгүүдэд заасан 2 өөр гэмт хэрэг гэж үзнэ.

Тодруулбал Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь ямар нэгэн хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан тохиолдолд тухайн зүйл хэсэгт заасан ял шийтгэлийг оногдуулахаар заасан нэг гэмт хэрэг, харин Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг буюу дээрх гэмт хэргийг ... орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, эсхүл ... машин механизм ашиглах зэргээр хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол мөн тусдаа өөр ял шийтгэл оногдуулахаар заасан бие даасан нэг гэмт хэрэг болно.

Энэ талаар анхан шатны шүүх “... гэмт хэрэг үйлдэх санаа зорилго нь тус тусдаа үүссэн, өөр өөр цаг хугацаанд үйлдэгдсэн, тус бүрдээ бие даасан гэмт хэргийн шинжийг агуулсан ... “ гэж дүгнэсэн нь дээрх хуулиудад нийцсэн, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Н.Б-ийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т заасан ялын доод хэмжээний буюу 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлж 1 жилийн хорих ял оногдуулсан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл боллоо.

 Энэ нь шүүгдэгч Н.Б-ийн анхан шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг болон давж заалдах шатны шүүхэд гаргасан түүний өмгөөлөгч Ж.Жаргалсайханы гаргасан “... гэм буруугийн тал дээр зайлшгүй ажиллагаа хийлгэх шаардлагатай” гэсэн гомдлын агуулга зэргээс үзэхэд шүүгдэгч Н.Б-ийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй ба хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах хуульд заасан нөхцөл бүрдээгүй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өмгөөлөгч давж заалдах гомдлыг шүүхэд хүргүүлэхээс өмнө өмгөөлж байгаа хүндээ давж заалдах гомдлыг урьдчилан танилцуулсан байхаар зохицуулсан нь өмгөөлөгч, түүний үйлчлүүлэгч нар нь нэгдмэл нэг байр суурьтай буюу нэг ижил санаа зорилгоор гомдлоо гаргана гэж ойлгогдох бөгөөд энэ утгаараа шүүгдэгч Н.Б нь өмгөөлөгч Ж.Жаргалсайханы гаргасан давж заалдсан гомдлыг дэмжиж, тэд уг гомдлоо санал нэгтэй гаргасан гэж үзэх тул тэдний давж заалдсан гомдлын агуулгаас гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Мөн шүүгдэгч Н.Бат-Эрдэний өмгөөлөгч С.Энхзул “шүүгдэгч Н.Б-ийн гэм буруугийн талаар маргаагүй, ял шийтгэлийг хөнгөрүүлэх” агуулга бүхий байр суурийг илэрхийлж оролцсон, шүүгдэгч нь энэхүү гомдолд гарын үсэг зурснаас үзэхэд тэднийг нэг байр суурьтай гэж үзэж болох боловч энэ нь дээрх гомдлоос агуулгын хувьд илтэд зөрүүтэйгээс шүүгдэгч Н.Б-ийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болсонгүй.

Түүнчлэн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Н.Б-д 1 жилийн, шүүгдэгч Н.М-д 2 жилийн хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, ... -ийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим болон мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг зарчимд нийцээгүй, ял шийтгэлийг ялгамжтай зөв оногдуулаагүйг зөвтгөж шийтгэх тогтоолд энэ үндэслэлээр өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн шүүгдэгч Н.М, шүүгдэгч Н.Б, Н.М нарын өмгөөлөгч С.Энхзул, шүүгдэгч Н.Б-ийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан, хохирогч Э.С нарын давж заалдсан гомдлууд тус тус үндэслэлгүй байх тул гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн  үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 4, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1, 1.2, 39.7 дугаар зүйлийн 1, 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2018/ШЦТ/94 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дугаар заалтын “шүүгдэгч Н-ын Б-ийг   ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,” гэснийг,

 “ ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,” гэж,

4 дүгээр заалтын “... 1 жил 6 сарын ... ” гэснийг,

“2 жил 6 сарын” гэж,

5 дугаар заалтын “... 1 жил 6 сарын ...” гэснийг

“2 жил 6 сарын” гэж,

7 дугаар заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.Х нь шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй бол уг шийдвэрийг хүчингүй болгож, прокурорын дүгнэлтийг үндэслэн ял оногдуулахыг мэдэгдсүгэй.” гэснийг

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Н.Х нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг  мэдэгдсүгэй.” гэж, тус тус өөрчилж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж,  шүүгдэгч Н.М, шүүгдэгч Н.Б, Н.М нарын өмгөөлөгч С.Энхзул, шүүгдэгч Н.Б-ийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан, хохирогч Э.С нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсанаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Н.Б, Н.М нар нь тус бүр 48  хоног цагдан хоригдсныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

                                                    ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

                                                                                                        А.САЙНТӨГС