Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2019/00908

 

“...минерал” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг,  Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

            Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн   

          2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 147/ШШ2019/00040 дүгээр шийдвэр,

            Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 03 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: “...минерал” ХХК

          Хариуцагч: А.Б-эд холбогдох

          3,799,860 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Болорцэцэг, хариуцагчийн төлөөлөгч Ш.Мягмарцэрэн, нарийн бичгийн даргад Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: А.Б- нь 2018-05-25-ны орой 21:30 цагийн орчимд Баруун-Урт сумын 6-р баг ...ын 4 замын уулзвар дээр Сивик маркийн ..-00 СҮЭ улсын дугаартай автомашиныг жолоодож явах үедээ манай компанийн Volkswagen Multivan маркийн 06-67 УНУ улсын дугаартай автомашиныг мөргөж осол гаргасан. Тухайн үед тэр даруй замын цагдаа дуудаж, ослын хэргийг бүртгүүлсэн. Хэргийн газрын үзлэг, замын цагдаагийн шалгалтаар хариуцагч А.Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.9-д заасныг зөрчсөн буруутайг тогтоосон. А.Б- өөрийн бурууг хүлээж манай компанийн автомашинд учирсан хохирлыг барагдуулна гэсэн. Сүхбаатар аймгаас Улаанбаатар хотод эвдэрсэн автомашиныг тээвэрлэхэд 400,000 төгрөг, шаардлагатай сэлбэг хэрэгслийг худалдан авахад 7,961,860 төгрөг, будаг засварын ажлын хөлсөнд 900,000 төгрөг, үнэлгээ хийлгэхэд 238,000 буюу нийт 9,499,860 төгрөгийн зардал компаниас гарсан. Манай компанийн автомашинд учирсан эвдрэл, гэмтлийг засварлах зардлыг нөхөн төлөх зорилгоор А.Б- нь 2018-06-20-ны өдөр 700,000 төгрөг, жолоочийн даатгалын журмаар Монгол даатгал ХХК-с 2018-06-13-ны өдөр 5 сая төгрөгийг тус тус шилжүүлсэн. “...минерал” ХХК-д учирсан хохирлын үлдэгдэл төлбөр буюу 3,799,860 төгрөгийг 2018-7-31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахыг А.Б-эд мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл энэхүү хохирлыг барагдуулах талаар ямар ч арга хэмжээ авсангүй. Иймд 3,799,860 А.Б-ээс гаргуулж өгнө үү гэжээ.

        Хариуцагч тайлбартаа: Нэхэмжлэгчийн 06-67 УНУ дугаарийн автомашинтай мөргөлдөж осол гаргасан болно. Нэгэнт өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан тул төлж барагдуулахаар тохиролцсон бөгөөд албан ёсоор хохирлын төлбөрийн үнэлгээг гаргуулахаар нэхэмжлэгч талаас шаардахад “...минерал” ХХК нь Ашид билгүүн үнэлгээний газраар үнэлгээ хийлгэж нийт сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээний хөлсийг үнэлүүлэн 5,820,000 төгрөгт гэмтсэн авто машиныг бүрэн засварлаж анхны байдалд нь сэргээнэ гэсэн үнэлгээ гарсан болно. Энэ үнэлгээг нэхэмжлэгч өөрөө гаргуулж нэхэмжилсний дагуу миний бие даатгалын баримт бүрдүүлж Монголдаатгал компаниас 5 сая төгрөг, хувиасаа 700,000 төгрөг төлж хохирлоо бүрэн  барагдуулсан. Үлдэгдэл 120,000 төгрөгийг төлж болно. Иймд Ашид билгүүн үнэлгээний байгууллагын гаргасан хууль ёсны /нэхэмжлэгчийн өөрөө гаргуулсан/ үнэлгээг бүрэн төлсөн тул нэмж төлбөр нэхэмжилж байгааг хариуцахгүй гэжээ./хх32/

        Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 147/ШШ2019/00040 дүгээр шийдвэр гаргаж, Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-г баримтлан А.Б-ээс 3,399,860 төгрөг гаргуулан ...минерал ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 400,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

       Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 03 дугаар магадлалаар Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 40 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасан байна.

 

     Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Шийдвэрийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна. Шүүгч нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулж, мөн өдрөө хэргийн оролцогчдод эрх, үүрэг тайлбарлаж, гарын үсэг зуруулсан баримт хавтаст хэрэгт авагдсан байна. Үүнээс хойш анхан шатны шүүх хурал болох өдөр хүртэл 2 сар гаруй хугацаанд нэхэмжлэгч, хариуцагч аль аль нь эрхээ хэрэгжүүлж, тайлбараа гаргаж, өөрт байгаа нотлох баримтуудаа өгсөн. Анхан шатны шүүх хурал эхлэхийн өмнө шүүгч эрх, үүргийг нэг бүрчлэн тайлбарлаж өгсөн, энэ талаар талуудаас ямар нэгэн хүсэлт гаргаагүй байдаг. Анхан шатны шүүхийн зүгээс “хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчсөн” зүйл байхгүй, тэдгээрийн эрхийг бүрэн хангаж, хэргийг шийдвэрлэсэн. ИХШХШТХ-н 6.1, 6.2, 38.1-д ХХША-ны үндсэн зарчмыг хуульчилсан байх бөгөөд давж заалдах шатны шүүх “ач холбогдол бүхий нотлох баримтууд дутуу байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн” гэж анхан шатны шүүхийг буруутгаж, түүний шийдвэрийг хүчингүй болгож байгаа нь энэхүү үндсэн зарчмыг зөрчиж байна. Түүнээс гадна хариуцагч шүүхэд гаргасан тайлбараараа “...минерал” ХХК-ийн эзэмшлийн автомашинтай мөргөлдөж осол гаргасан. Нэгэнт өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан тул төлж барагдуулахаар тохиролцсон” гэж өөрийн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрсөн, энэ талаар талууд маргаагүй байхад “замын цагдаагийн эрх бүхий албан тушаалтан ослын акт үйлдсэн эсэх, үзлэг хийсэн тэмдэглэл” зэргийг шаардсан нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх шийдвэртээ “Монгол Улсын Иргэний хуулийн 497.1, 499.1, 510.1-т тус тус зааснаар Тээврийн хэрэгслийг ашиглах явцдаа бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ба үг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулснаас омнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй байна. Иймд хариуцагчийн болгоомжгүй үйлдлийн улмаас эвдэрч гэмтсэн эд хөрөнгөө засч, хэвийн байдалд оруулахад нэхэмжлэгчээс гарсан бодит зардлыг хариуцагч А. Б- мөнгөөр төлөх үүрэгтэй байх тул нийт хохирлын зөрүүг хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг бүрэн хангасан гэж үзэж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

       “...минерал” ХХК 2018-11-05-ны өдөр А.Б-эд холбогдуулан нэхэмжлэл гаргаж,  3,799,860 төгрөг шаардсан бөгөөд үндэслэлээ “...2018-05-25-ны өдөр болсон зам тээврийн ослын улмаас манай өмчлөлийн тээврийн хэрэгслийг тээвэрлэхэд гарсан зардал 400,000 төгрөг, сэлбэг хэрэгсэл 7,961,860 төгрөг, будаг засварын ажлын хөлс 900,000 төгрөг, үнэлгээ хийлгэх хөлс 238,000 төгрөг нийт 9,499,860 төгрөгийн зардал гарсан... А.Б-  700,000 төгрөг төлсөн, даатгалаар 5,000,000 төгрөг авсан тул үлдэх мөнгийг гаргуулна...” гэжээ. 

        Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...ослын улмаас үнэлгээ хийлгэхэд 5,820,000 төгрөгт бүрэн засвар хийнэ гэсэн...5,700,000 төгрөг төлсөн тул үлдэх 120,000 төгрөгийг төлнө...бусдыг нь зөвшөөрөхгүй...” гэжээ.

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.

        Давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах үндэслэлээр хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Хариуцагч нь ослын улмаас учирсан хохирлын үнэлгээ хийсэн хуулийн этгээдийг оролцуулах хүсэлт гаргасныг /хх 54/ анхан шатны шүүх “... ач холбогдолгүй..” /хх55/ гэсэн үндэслэлээр татгалзсан нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарна.  

        Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ. Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй. Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана.

        Шүүх үнэлгээ хийлгэсэн байгууллагын төлөөлөгчийг оролцуулах хүсэлтийг тодруулах /гуравдагч этгээдээр оролцуулах, гэрчээр асуулгах, үзлэг хийлгэх гэх мэт/ ажиллагаа хийгээгүй атлаа “ач холбогдолгүй...” гэсэн дүгнэлтийг хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.1.3, 38 дугаар зүйлийн 38.6, 40 дүгээр зүйлийн 40.3, 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсгийг зөрчсөн байна.

        Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгосон нь мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь хэсэгт нийцсэн байх тул магадлалыг хэвээр үлдээв.     

      Шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудад шаардлага болон татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэйг сануулж, нотлох баримтын талаар дүгнэлт хийсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 03 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 75,748 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                                       Б.УНДРАХ