Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Махайн Риза |
Хэргийн индекс | 110/2019/0014/З |
Дугаар | 020 |
Огноо | 2020-03-30 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 020
Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Еркеш даргалж, шүүгч М.Риза, Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Гомдол гаргагч: С-ХХК ХХК-ийн гомдолтой,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч нарт холбогдох,
Гомдлын шаардлага: “Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 0175151 дугаартай “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох тухай” захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Н, татварын хяналт шалгалтын улсын байцаагч Х.С, иргэдийн төлөөлөгч М.Тауке, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагчаас шүүхэд гаргасан гомдол болон түүний үндэслэлийн талаар итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нь гаргасан тайлбарт:
С-ХХК ХХК нь 2010 оны 03 дугаар сарын 16-ны өдөр үүсгэн байгуулагдсан. Тус компанийн захирлаар Б.Харшынбай би ажиллаж ирсэн. Компанийг үүсгэн байгуулснаас хойш ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг цаг тухайд нь гаргаж, илгээж байсан болно. Сүүлийн 2 жилийн хугацаанд дорвитой үйл ажиллагаа явуулаагүй. Гэтэл Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч нараас манай компанийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдох орлогыг нягтлан бодох бүртгэл,тайлан тэнцэлд т 8 200 400 төгрөгөөр орлогыг дутуу тайлагнасан, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлого болох 11 288 000 төгрөгийн тайланд огт тусгаагүй, 28 305 00 төгрөгийн үнийн дүнтэй үл хөдлөх эд хөрөнгөд ногдох тайлан гаргаж өгөөгүй, татвар ногдуулан төлөөгүй, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 4 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэн гэж үзжээ.
Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх үүргийг албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээд хүлээх бөгөөд С-ХХК ХХК-ийн хувьд нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлээгүй, гэрчилгээ аваагүй татварын улсын байцаагчид хуулийг буруу хэрэглэн тайлбарласан болох нь харагдаж байна. Манай компанийн шатахуун түгээгүүр нь ОХУ-д үйлдвэрлэсэн хуучны түгээгүүр ба аймгийн Мэргэжлийн хяналтын газраас очиж үзсэн улсын байцаагчаас шаардлага хангахгүй шатахуун түгээгүүрээр иргэд, аж ахуйн нэгж байгууллагад үйлчилгээ үзүүлэхгүй байх шаардлага, зөвлөмжийг өгсөн тул үйл ажиллагаагаа явуулаагүй 2 жил болж байгаа. Иймээс татварын улсын байцаагчийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 0175151 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргаж үндэслэлийг дараах байдлаар тодруулж байна. Үүнд:
1. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “ Энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”, 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хууль 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24:00 цагаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна.” гэж тус тус заасны дагуу 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс өмнөх захиргааны шийтгэл буюу торгууль, алдангиас бүрэн чөлөөлөгдөнө. С-ХХК ХХК-д шийтгэл оногдуулсан 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 0175151 тоот шийтгэлийн хуудасны 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх торгууль, алдангийг хасаж тооцох үндэслэлтэй.
2. Давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоолд дурдсанаар С-ХХК ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө байхгүй тул 305 694 төгрөгөөр тогтоосон үл хөдлөх хөрөнгийн татвар, торгууль, алданги үндэслэлгүй, төлөх үүрэг үүсэхгүй.
Хариуцагчаас “ҮТЕГ-ын даргын зөвлөлийн 2001 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж зөвшөөрөв” гэх тэмдэглэлтэй “Үл хөдлөх хөрөнгийн албан татварын хуулийг хэрэгжүүлэх аргачлал” нь өөрийн баталсан шийдвэр биш байхад “хуулбар үнэн” тэмдэг дарж нотлох баримтын шаардлага хангуулахгүйгээр гаргаж өгсөн байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д “Захиргааны хэм хэмжээний актыг хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага батална.” гэж заасныг зөрчсөн хүчин төгөлдөр бус, захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй тул “Үл хөдлөх хөрөнгийн албан татварын хуулийг хэрэгжүүлэх аргачлал”-ыг хуулиар зөвшөөрөгдөөгүй, нотолгооны ач холбогдолгүй нотлох баримт гэж үзэх хангалттай үндэслэл байна. Нэгэнт хуулийн дагуу ийм хэм хэмжээний акт батлан гаргах эрх олгогдоогүй тул шатахуун түгээх станцын эд хөрөнгүүдийг үл хөдлөх хөрөнгөд хамааруулахгүй, С-ХХК ХХК нь бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгөгүй болохыг Улсын бүртгэлийн хэлтэс тодорхойлсон.
3. 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс хойш дансны хуулгаас үзвэл 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 123 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 57 600 төгрөг, нийт 180 600 төгрөгийн борлуулалтын орлого олсон бол, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 57 600 төгрөгийн борлуулалтын орлого олсон байна. Уг борлуулалтын орлогод ногдох татварыг тооцвол 2015 оны борлуулалтын 180 600 төгрөгийн орлогод ногдох аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 18 060 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 18 060 төгрөг, нийт төлөх татвар 36 120 төгрөг, торгууль 30 хувиар 10 836 төгрөг, алданги 26.99 хувиар 2924 төгрөг, 2016 оны борлуулалтын 57 600 төгрөгийн орлогод ногдох аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 5 760 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар “0.0” төгрөг, нийт төлөх татвар 5 760 төгрөг, торгууль 30 хувиар 1 782 төгрөг, алданги 26.99 хувиар 1 728 төгрөг бүгд 59 096 төгрөг төлөхөөр байна.
4. 2015 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий дараах этгээд албан татвар суутган төлөгч байна.” гэж заасан ба 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн уг шалгуурыг огт хангаагүй, 50 сая төгрөгийн борлуулалтын орлого олоогүй учраас нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх үүрэг үүсэхгүй. Иймээс 2016, 2017 оны борлуулалтын орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар оногдохгүй байхаар тооцсон болно.
5. “Өлгий ойл” ХХК-иас бензин худалдаж авсан 8 710 000 төгрөгийн зардал нь 2006 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйл 12.1-д “Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцсоны үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно.”, 12.1.1-д “түүхий эд, үндсэн болон туслах материал хагас боловсруулсан бүтээгдэхүүн, уур ус, эрчим хүч, түлш, шатахуун, сэлбэг хэрэгсэл, сав, баглаа боодлын зэрэг бүх төрлийн материалын зардал” гэж тус тус заасны дагуу 2017 оны борлуулалтын орлогоос хасагдана. 2017 оны 509 600 төгрөгийн борлуулалтын орлогод ямар нэгэн татвар ногдохгүй.” гэжээ.
Хариуцагч аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч нараас шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
Ногооннуур сумын төвд үйл ажиллагаа явуулдаг улсын бүртгэлийн 0201100316001, байгууллагын регистрийн 3065472 дугаартай, Б.Харшынбай захиралтай С-ХХК ХХК-ийн 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар 31-ний өдрийг дуустал хугацааны татвар ногдуулалт, төлөлт, тайлагнах үүргийн биелэлтийг 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 02180600063 дугаар томилолтыг үндэслэн татварын хяналт шалгалт явуулан 2019 оны 01 дүгээр сарын 7-ны өдөр дуусган илэрсэн зөрчилд 0175151 дугаар шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулан хариуцлага тооцсон, шийтгэлийн хуудсыг хариуцагч С-ХХК ХХК нь зөвшөөрөөгүй болно.
1. 2016 оноос өмнө мөрдөгдөж байсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу борлуулалтын орлогын хэмжээ нь 10 сая төгрөгт хүрсэн өдрөөс хойш татварын тайлангаар нотлогдож байгаа нөхцөлд иргэн, аж ахуйн нэгжүүд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх үүрэгтэй. Энэ үүргийн дагуу тус компани нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр 2014 оны 09 дүгээр сарын 01-нд бүртгүүлэн 0041476 тоот гэрчилгээ авч, 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн бүртгэлээс хасагдсан байна. Бүртгүүлснээс хойш 2015-2016 онуудад нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг ердөө 3 удаа гаргаж өгсөн. 2015, 2016 онд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байсан нь нотлогдож байна. Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй“ гэсэн заалтыг баримтлан нэмэгдсэн өртгийн албан татвар, торгууль, алданги тооцсон болно.
2. 2015 онд 5 687 650 төгрөгийн бензиний борлуулалт хийсэн нь С-ХХК ХХК-ийн ХААН банкны 5187117850 тоот депозит дансны хуулгаар батлагдаж байна. Мөн татвар төлөгч өөрөө 2016 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд 5 600 000 төгрөгийн борлуулалт хийснээр тайлагнасан боловч нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд огт тусгаагүй “X” тайлан өгч байсан нь цахимаар илгээсэн тайлангуудаар нотлогдож байгаа. 5 600 000 төгрөгийн борлуулалт хийсэн нь компанийн цахимаар илгээсэн татварын тайлангаар нотлогдож байгаа учраас энэ нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үндэслэл болж байгаа. Тийм учраас 2015-2016 онуудад хийсэн борлуулалтад нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж, төлөх үүрэгтэй гэж үзсэн.
3. 2017 онд “Өлгий Ойл” ХХК-иас 48 тоот падаанаар 8 710 000 төгрөгийн шатахуун авсан ба уг барааны үлдэгдэл 2017 оны 4 дүгээр улирлын санхүүгийн байдлын тайланд огт байхгүй байгаа нь борлуулалт хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Худалдаж авсан шатахууны тодорхой хэсгийг тайландаа борлуулалтаар тусгасан. Үлдсэн хэсэг нь мөн адил борлогдсон эсэх нь нотлогдохгүй. Өөрөөр хэлбэл санхүүгийн тухайн оны тайланг харж үзэхэд жилийн эцэст ямар нэгэн барааны үлдэгдэл байхгүй. Тийм учраас тухайн төрлийн бүтээгдэхүүн худалдаж аваад, тухайн онд багтааж борлуулсан гэж үзэх үндэслэлтэй. Мөн 8 710 000 төгрөгийн шатахууны борлуулалтын үнийг тайландаа тодорхойлоогүй. Тийм учраас шатахуун худалдаж авсан 48 дугаар падааныг нь үндэслэн энэ төрлийн жишиг үнээр борлуулсан гэж үзээд, татвар ногдуулсан. Маргаантай холбоотой нэмэлт тайлбарыг бичгээр гаргаж өгсөн байгаа. Татвар төлөгчийг шалгалтын хугацаанд удаа дараа дуудсан боловч нэг ч удаа биелэн ирж уулзаагүй бензиний үлдэгдлийн талаар ямар нэгэн тайлбар бичгээр болон утсаар мэдэгдэж байгаагүй болно.
2017 оны ХААН банкны дансны хуулгаар 509 600 төгрөгийн борлуулалт хийсэн болох нь нотлогдож байгаа.
4. Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай ярихад, тухайн аж ахуйн нэгж байгуулагдсан цагаасаа хойш нэг ч удаа үл хөдлөх хөрөнгийн албан татварын тайлан гаргаж өгч, үл хөдлөх хөрөнгийн татвар төлж байгаагүй.
Тэрний дагуу жил бүрийн санхүүгийн тайлангаас нь үзэхэд С-ХХК ХХК нь 5 жилд 28 сая төгрөгийн үндсэн хөрөнгөтэй гэж тайлагнасан. Тухайн санхүүгийн тайланд тайлагнасан дүнгээр нь Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн дагуу баланс дахь үнийн дүнгээс 0.6 хувиар бодож, татвар ногдуулсан байгаа. 2013-2017 онуудын санхүүгийн байдлын тайланд 28 305 000 төгрөгийн үндсэн хөрөнгөтэй гэж тайлагнасан нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үндэслэл болж байна. Иймд татвар төлөгч С-ХХК ХХК-ийн захирал Х.Харшынбайн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, татварын улсын байцаагчдын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 0175151 дугаар шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс гаргасан дүгнэлтдээ:
Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагчдын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 0175151 дугаартай “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэв гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 02180600063 дугаартай “Татварын хяналт шалгалт хийх томилолтын”-ын[1] дагуу эрх бүхий албан тушаалтнаас С-ХХК ХХК-ийн 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх 5 жилийн татвар төлөлтөд хяналт шалгалт хийсэн байх ба энэ хугацаанд тус компани нь татвараа үнэн зөв тодорхойлж тайлагнах, төлөх үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан гэж үзээд 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 0175151 дугаартай “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсаар[2] Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 болон 4 дэх хэсгийг баримтлан компанид 2 118 670 төгрөгийн нөхөн татвар ногдуулж, нөхөн төлөх татварын 30 хувь болох 635 601 төгрөгөөр торгож, 745 227 төгрөгийн алдангийн хамтаар нийт 3 499 498 төгрөг төлөхийг даалгаж шийдвэрлэсэн байна. Хариуцагч талаас уг шийтгэлийн хуудасны үндэслэлийг тайлбарлахдаа “...хяналт шалгалт хийх явцад тус компани нь 2013-2017 оны байдлаар нийт 28 305 000 төгрөгийн үнийн дүнтэй үл хөдлөх эд хөрөнгөд ногдох албан татварыг, 2015-2016 онд нийт 11 288 000 төгрөгийн компанийн борлуулалтын орлогод ногдуулах нэмэгдсэн өртгийн албан татварыг, 2017 онд 8 200 400 төгрөгийн үйл ажиллагааны орлогод ногдох аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг тус тус төлөөгүй нь тогтоогдсоноор Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, мөн зүйлийн 4 дэх хэсэгт заасан зөрчил гаргасан гэж үзэж, нөхөн татвар, торгох шийтгэл, алдангийн хамтаар нийт 3 499 498 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн.” гэжээ.
Хэрэгт авагдсан С-ХХК ХХК-д хийсэн татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, ногдуулсан төлбөрийн тооцоо” бүхий баримтаас[3] үзэхэд 3 499 498 төгрөгийн төлбөрт 2015-2016 оны 11 288 000 төгрөгийн борлуулалтын орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй гэх зөрчилд хамаарах 1 128 800 төгрөгийн нөхөн тавар, 338 640 төгрөгийн торгох шийтгэл, 438 912 төгрөгийн алдангийн хамтаар нийт 1 906 352 төгрөгийн төлбөр, 2013-2017 онд 28 305 000 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгөд ногдох албан тавар төлөөгүй гэх зөрчилд хамаарах 169 830 төгрөгийн нөхөн татвар, 50 949 төгрөгийн торгох шийтгэл, 84 915 төгрөгийн алдангийн хамтаар нийт 305 694 төгрөгийн төлбөр, 2017 онд үйл ажиллагааны борлуулалтын орлогыг 8 200 400 төгрөгөөр дутуу тооцож уг үнийн дүнд ногдох аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөөгүй гэх зөрчилд хамаарах 820 040 төгрөгийн нөхөн татвар, 246 012 төгрөгийн торгох шийтгэл, 221 400 төгрөгийн алдангийн хамтаар нийт 1 287 452 төгрөгийн төлбөр тус тус багтсан байна.
Шүүх энэхүү маргаанд дараах хууль зүйн дүгнэлт хийж, С-ХХК ХХК-ийн шүүхэд гаргасан гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэгдүгээрт, тус компани нь 2013-2017 оны байдлаар нийт 28 305 000 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгөдөө ногдох албан татвар төлөөгүй зөрчил гаргасан гэх маргааны тухайд:
Хариуцагч татварын улсын байцаагч нараас С-ХХК ХХК-ийг энэ төрлийн зөрчил гаргасан гэж үзсэн үндэслэлээ “...тус компанийн 2013-2017 оны санхүү байдлын баталгаажсан тайланд 28 305 000 төгрөгийн үнийн дүнтэйтэйгээр тусгагдсан үндсэн хөрөнгийг шатахуун түгээх үйл ажиллагаа эрхэлдэг компани болохын хувьд шатахуун түгээх станцтай гэж үзсэн.
“Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хуулийг хэрэгжүүлэх аргачлал”-ын дагуу шатахуун түгээх станцуудын байшин барилга, зам талбай, шатах тослох материалын сав резервуар, дамжуулах шугам хоолой нь цогцолбороороо татвар ногдуулах үл хөдлөх эд хөрөнгөд хамаарах тул компанийн 5 жилийн хугацааны санхүү байдлын баталгаажсан тайланд тусгасан үндсэн хөрөнгийн үнийн дүнгийн 0.6 хувиар тооцож дээрх хугацаанд 169 830 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг төлөөгүй гэж үзсэн.” гэж тайлбарлажээ.[4]
Энэ зөрчлийн талаар гомдол гаргагчаас “...компанийн өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө байхгүй тул албан татвар нөхөн төлөх үүрэг үүсэхгүй.” гэж маргасан ба компанийн өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө байгаа эсэх асуудлаар Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1/41 дугаартай албан бичгээр[5] “...улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд С-ХХК ХХК-ийн нэр дээр ямар нэгэн үл хөдлөх хөрөнгө бүртгэгдээгүй” гэх хариуг шүүхэд ирүүлжээ.
Харин хэрэгт авагдсан С-ХХК ХХК-ийн 2013-2017 оны 5 жилийн санхүү байдлын баталгаажсан тайлангийн 1.2.1-д үндсэн хөрөнгийг тусгасан хэсэгт оны эхний үнэлгээгээр 2013 онд 11 300 000 төгрөг, 2014 онд 7 705 000 төгрөг, 2015 онд 3 100 000 төгрөг, 2016 онд 3 100 000 төгрөг, 2017 онд 3 100 000 төгрөг буюу нийт 28 305 000 төгрөгийн үнэ бүхий үндсэн хөрөнгө байгаагаар тайлагнасан байх ба компани нь нэмэлт байдлаар тайланд тусгагдсан үндсэн хөрөнгийн тодруулах тайланг тухайн жилүүдэд гаргаагүй нь аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 5-03/73 дугаартай албан бичиг[6], гомдол гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдсон.
Компанийн 2013-2017 оны санхүү байдлын баталгаажсан тайланд тусгасан 28 305 000 төгрөгийн үнэлгээтэй үндсэн хөрөнгийн талаар шүүхээс компанийн захирал Б.Харшынбайгаас тодруулахад энэ нь 9 м2 талбайтай блокоор барьсан шатахуун түгээгч ажилтны байр, Оросын Холбооны улсад үйлдвэрлэсэн шатахуун түгээгүүр, 5 тонны багтаамжтай бензиний сав зэрэг эд хөрөнгүүд болохыг гомдол гаргагчаас тайлбарласнаар тогтоогдсон ба тайланд тусгасан үндсэн хөрөнгө нь дээрх төрлийн эдгээр хөрөнгө байгаа тохиолдолд эдгээр нь хуульд зааснаар үл хөдлөх эд хөрөнгөд хамаарахаар байна.
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Монгол Улсын Иргэний хуулийн 84.3-т заасны дагуу тодорхойлогдсон бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулна.” гэж заасан ба Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3.-т “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна.”, 85 дугаар зүйлийн 85.2-т “Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга байгууламж болон бусад зүйл нь газрын бүрдэл хэсэг байна.” гэж тус тус заасан.
Иргэний хуулийн 84.3, 85.2-т заасан зохицуулалтын агуулгаас үзэхэд С-ХХК ХХК-ийн үндсэн хөрөнгө болох 2013-2017 оны байдлаар 28 305 000 төгрөгийн үнэлгээтэйгээр холбогдох тайланд тусгагдсан 9 м2 талбайтай блокоор барьсан шатахуун түгээгч ажилтны байр, Оросын Холбооны улсад үйлдвэрлэсэн шатахуун түгээгүүр, 5 тонны багтаамжтай бензиний сав зэрэг нь газар түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох шинжийг агуулсан, байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин байгууламж, бусад зүйл болохын хувьд үл хөдлөх эд хөрөнгөд хамаарч байна.
Түүнчлэн “Үндэсний Татварын Ерөнхий газрын даргын зөвлөлийн 2001 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж зөвшөөрөв” гэх тэмдэглэлтэй “Үл хөдлөх хөрөнгийн албан татварын хуулийг хэрэгжүүлэх аргачлал”-ын Нэгийн 1.3-т “Шатахуун түгээх станцуудын байшин барилга, зам талбай, шатах тослох материалын сав резервуар, дамжуулах шугам хоолой нь цогцолбороороо... үл хөдлөх эд хөрөнгөд тооцогдоно.” гэж заасан байх ба энэхүү аргачлалаар тодорхойлсон үл хөдлөх эд хөрөнгөд компанийн өмчлөлийн дээрх хөрөнгүүд мөн хамаарч байна.
Гомдол гаргагчаас “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд аргачлал баталж мөрдүүлэх эрхийг аливаа байгууллага, албан тушаалтанд олгоогүй, иймээс “ҮТЕГ-ын даргын зөвлөлийн 2001 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж зөвшөөрөв” гэх тэмдэглэлтэй “Үл хөдлөх хөрөнгийн албан татварын хуулийг хэрэгжүүлэх аргачлал” нь Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д заасан “Захиргааны хэм хэмжээний актыг хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага батална.” гэж заасныг зөрчсөн хүчин төгөлдөр бус шийдвэр тул шатахуун түгээх станцын эд хөрөнгийг үл хөдлөх хөрөнгөд хамааруулахгүй.” гэж маргасан боловч уг бичиг баримт нь хүчингүй болоогүй, одоог хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгааг Татварын ерөнхий газрын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 03/358 дугаартай албан бичгээр шүүхэд мэдэгдсэн.
Мөн “Үл хөдлөх хөрөнгийн албан татварын хуулийг хэрэгжүүлэх аргачлал”-ын Нэгийн 1.3-т шатахуун түгээх станцуудын байшин барилга, зам талбай, шатах тослох материалын сав резервуар, дамжуулах шугам хоолой зэрэг эд хөрөнгийг цогцолбороор нь үл хөдлөх эд хөрөнгөд хамааруулсан нь үл хөдлөх эд хөрөнгийг тодорхойлсон Иргэний хуулийн 84.3, 85.2-т заасан зохицуулалтын агуулгатай зөрчилдөөгүй, гомдол гаргагчийн маргааны хүрээнд дүгнэлт хийхэд 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д заасан захиргааны хэм хэмжээний актыг хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага батлах зохицуулалт нь 2001 онд гаргасан хэм хэмжээний актад буцаан үйлчлэхгүй тул Захиргааны ерөнхий хуулийн 64.1-д заасныг зөрчсөн гэх маргаан үндэслэлгүй юм.
Нөгөө талаар “Үл хөдлөх хөрөнгийн албан татварын хуулийг хэрэгжүүлэх аргачлал”-аар татвар ногдох үл хөдлөх эд хөрөнгийн төрлийг тодорхойлсныг эс тооцвол компанийн эзэмшлийн 9 м2 талбайтай блокоор барьсан шатахуун түгээгч ажилтны байр, Оросын Холбооны улсад үйлдвэрлэсэн шатахуун түгээгүүр, 5 тонны багтаамжтай бензиний сав зэрэг эд хөрөнгө нь дээр дүгнэсэнчлэн Иргэний хуулийн 84.3, 85.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгөд хамаарч байгаа тул С-ХХК ХХК-ийн 2013-2017 оны хугацаанд 28 305 000 төгрөгийн үнэлгээтэйгээр санхүүгийн тайландаа тусгасан үндсэн хөрөнгөд Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар албан татвар ногдуулах үндэслэл болно.
Иймд энэ талаарх гомдол гаргагчийн маргаан үндэслэлгүй байна.
Дээрх байдлаар С-ХХК ХХК нь 2013-2017 оны үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайлангаа хуульд заасан журмаар гаргаж өгөөгүй нь, компанийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөд ногдох албан татвар төлөөгүй нь тогтоогдсон ба энэ тохиолдолд компанийг Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг нуун дарагдуулсан, эсхүл бусад хүн, хуулийн этгээдэд үндэслэлгүйгээр шилжүүлсэн, эсхүл нягтлан бодох бүртгэл тайлан тэнцэлд, татварын тайланд тусгахгүй орхигдуулсан зөрчил гаргасан гэж үзэхээр байгаа тул уг зөрчилд хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нөхөн татвар ногдуулж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, алданги тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Ингэхдээ татварын улсын байцаагч нар нь С-ХХК ХХК-ийн үл хөдлөх хөрөнгөд албан татвар ногдуулах үнэлгээг дээрх байдлаар 2013-2017 оны санхүү байдлын тайланд оны эхний үнэлгээгээр 28 305 000 төгрөгөөр тусгагдсаныг үндэслэн 0.6 хувиар тооцож 169 830 төгрөгийн нөхөн татвар ногдуулсан нь Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан “Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг ...данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тодорхойлно.”, 6 дугаар зүйлийн 6.1-д “Үл хөлөх эд хөрөнгийн алба татварыг энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан үнэлгээнээс ...0.6-1.0 хувиар тооцож ногдуулна.”, 8 дугаар зүйлийн 8.1-д “Татвар төлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг жил бүрийн 1 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар байгаа үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээгээр тооцно” гэж заасантай нийцсэн байна.
Энэхүү зөрчилтэй холбогдуулан С-ХХК ХХК-д нөхөн төлүүлэх татвар болох 169 830 төгрөгийн 30 хувьтай тэнцэх хэмжээний 50 949 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалттай мөн нийцсэн, харин 84.915 төгрөгийн алданги тооцсон нь нөхөн төлүүлэх татварын 50 хувь байгаа нь дараах байдлаар хууль бус байна гэж үзлээ.
Хариуцагч талаас алдангийн хэмжээг тооцохдоо Зөрчлийн тухай хуулийг баримталсан гэж шүүх хуралдааны явцад тайлбарласан.
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч хуулийн этгээд нь үл хөдлөх эд хөрөнгийн жилийн албан татварыг улирал бүрийн сүүлийн 15-ны дотор тэнцүү хэмжээгээр тооцож төлнө.” гэж заасан. Уг зохицуулалтын дагуу С-ХХК ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараа тухайн хугацаанд төлөх ёстой гэж үзвэл компанийн 2013-2016 он, 2017 оны эхний 2 улирлын байдлаарх үл хөдлөх хөрөнгийн албан татвар төлөөгүй зөрчил нь Зөрчлийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчлэхээс өмнөх хугацаанд, 2017 оны сүүлийн 2 улиралд хамаарах албан татвар төлөөгүй зөрчил нь Зөрчлийн тухай хууль дагаж мөрдөгдсөн цаг хугацаанд хамаарч байна.
Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ.” гэж, 4 дэх хэсэгт “Зөрчилд тооцохгүй болсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж, 5 дахь хэсэгт “Шинээр зөрчилд тооцсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хүндрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж заасан.
2008 оны Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т “Энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна.” гэж заасныг Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчилсөн. Үүнд хуулийн 1 дүгээр зүйлээр Татварын ерөнхий хуулийн 74,75 дугаар зүйлийг өөрчлөн найруулснаар 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна.” гэж зааж, 4 дүгээр зүйлд энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж заасан.
Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр батлагдаж, уг хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр дагаж мөрдөнө.” гэж заасныг 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө гэж өөрчилсөн.
Түүнчлэн 2015 оны Зөрчлийн тухай уг хуулийг 2017 оны 05 дугаар 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон ба мөн өдөр Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаж, хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д энэ хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дагаж мөрдөнө гэж зааснаар энэ үеэс ...нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байх талаарх Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх заалтыг дагаж мөрдсөн байна.
Харин Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн тайлбарт энэ зүйлийн 1,2,3,4,5 дахь хэсэгт заасан нөхөн төлүүлэх хугацаанд нь төлөөгүй албан татварт алданги тооцох ба уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж тайлбарласан. Шийтгэлийн хуудсыг 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан ба алдангийн хэмжээг тогтоосон Зөрчлийн тухай хууль болон Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх заалт цаг хугацааны хувьд нэгэн зэрэг үйлчилж эхэлсэн тохиолдолд Зөрчлийн тухай хууль хүчин төгөлдөр болсноос өмнөх болон дараах хугацаанаас эхэлж алданги тооцохдоо хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан иргэн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх агуулгаар алдангийн хэмжээг нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхгүй байхаар тогтоосон Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар тооцохоор байна.
Татварын ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.3.1-д энэ хуулийн 43.5, 43.6-д заасан буюу татвар төлөгч өөрөө тодорхойлон төлөх ёстой өдрөөс эхлэн түүнийг төлөх хүртэлх хоногийн тоогоор алданги тооцох хугацааг тодорхойлох бөгөөд зохих үеэс эхлэн алданги тооцоход алдангийн нийт хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна гэж хуульд дээрх байдлаар заасан тул 50 хувиар алданги тооцсон татварын улсын байцаагчийн 0175151 дугаартай шийтгэлийн хуудсын холбогдох хэсгийг хууль бус байна гэж үзлээ.
Иймд шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.6-д төлбөр тогтоосон захиргааны актын төлбөрийн хэмжээг багасгах шийдвэрийг гаргахаар зохицулагдсаны дагуу алдангийн хэмжээг 30 хувиар бууруулж шийдвэрлэлээ.
Ингэснээр үл хөдлөх хөрөнгийн албан татвар төлөөгүй зөрчилд С-ХХК ХХК-нь зүй ёсоор 169 830 төгрөгийн нөхөн татвар, 50 949 төгрөгийн торгох шийтгэл, 33 966 төгрөгийн алдангийн хамтаар нийт 254 745 төгрөг төлөхөөр байна гэж үзлээ.
Нөхөн татвар ногдуулах, алданги тооцох хөөн хэлэлцэх хугацааны тухайд:
Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулахад хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байхаар заасан ба 11.3.1-д тайланг жилийн эцэст нэг удаа гаргаж тавар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд уг тайланг гаргаж татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тоолохоор заасан. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Албан татвар төлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор харьяалагдах татварын албанд тушаана.” гэж, 8 дугаар зүйлийн 8.2-т “...үл хөдлөх эд хөрөнгийн жилийн албан татварыг улирал бүрийн сүүлийн сарын 15-ны дотор тэнцүү хэмжээгээр тооцож төлнө.” гэж заасан. Татварын улсын байцаагч нар нь 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Татварын хяналт шалгалт хийх томилолтын”-ын дагуу компанийн 2013-2017 оны татвар төлөлтийн байдалд хяналт шалгалт хийсэн байх ба 2013 оны хувьд компанийн тухайн онд албан татвараа төлж дууссан байх хугацаа нь хуульд дээрх байдлаар зааснаар 2013 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байна. Иймээс компанид 2013 оны үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг нөхөн төлүүлэх хөөн хэлэлцэх хугацааг Татварын ерөнхий хуулийн 11.3.1-д зааснаар 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхэлж тоолоход татвар нөхөн төлүүлэх, алданги тооцох хөөн хэлэлцэх 5 жилийн хугацаа нь 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр дуусахаар байна.
Татварын байцаагч нарын компанийн татвар төлөлтийн байдалд шалгалт хийх томилолтын хугацаа 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхэлсэн байх ба Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 7-д “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа эхэлснээр хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсооно.” гэж заасан тул үл хөдлөх эд хөрөнгөд ногдох албан татвар төлөөгүй гэх зөрчилд эрх бүхий албан тушаалтнаас 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн шийтгэлийн хуудсар нөхөн татвар ногдуулж, алданги тооцох үед хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна гэж дүгнэлээ.
Хоёрдугаарт, 2015-2016 онд нийт 11 288 000 төгрөгийн компанийн борлуулалтын орлогод ногдох нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй гэх маргааны тухайд:
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 он/ 11 дүгээр зүйлийн 11.1-д “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол нэмэгдсэн өртгийн албан татварыг импортолсон болон үйлдвэрлэсэн, борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний албан татвар тооцох үнэлгээний 10 хувиар ногдуулна.” гэж заасан ба татварын улсын байцаагч нараас С-ХХК ХХК-ийн борлуулалтын орлогыг 2015 онд 5 688 000 төгрөг, 2016 онд 5 600 000 төгрөгөөр тодорхойлж, нийт 11 288 000 төгрөгийн борлуулалтын орлогод ногдох нөхөн татварт 1 128 800 төгрөг ногдуулж, уг зөрчилд 338 640 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж, 438 912 төгрөгийн алдангийн хамтаар нийт 1 906 352 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн байх ба үүнээс 568 800 төгрөгийн нөхөн татвар, 170 640 төгрөгийн торгох шийтгэл, 221 166.85 төгрөгийн алдангийн хамтаар нийт 960 606.85 төгрөгийн төлбөр нь компанийн 2015 онд гаргасан гэх 5 688 000 төгрөгийн үнийн дүнтэй зөрчилд хамааралтай байна.
2006 онд баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль нь 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдсөн байх ба хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийг Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа импортолсон болон экспортолсон этгээд, түүнчлэн бараа үйлдвэрлэсэн буюу борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн иргэн, хуулийн этгээд байна гэж тодорхойлжээ.
Үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь хуулийн этгээдийн орлогын албан татварын тайлангаар 10.0 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн байх хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10-т заасан нөхцөлийг хангасан этгээд ажлын 3 хоногт багтаан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх өргөдлөө харьяалах татварын албанд гаргахаар хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу С-ХХК ХХК нь Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн даргын 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/66 дугаар тушаалаар[7] нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн байх ба улмаар 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/20 дугаар “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн бүртгэлээс хасах тухай” тушаалаар[8] албан татвар суутган төлөгчийн бүртгэлээс хасагдсан байна.
Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Албан татвар төлөгч нь бараа, ажил, үйлчилгээнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг дор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдөр төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, батлагдсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана.” гэж заасны дагуу С-ХХК ХХК нь 2015 онд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн тайланг гаргаагүй байх ба энэ нь талуудын тайлбараар тогтоогдсон.
Тус компани нь 2015 онд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн тайланг гаргаагүй боловч татварын улсын байцаагч нараас мөн оны компанийн шатахуун борлуулсны орлогыг 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх С-ХХК ХХК-ийн ХААН банкин дахь 5187117850 дугаартай депозит дансны хуулгыг үндэслэн 5 688 000 төгрөгөөр тодорхойлсон байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.11-д “Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээс хойшхи нэг жилийн хугацаанд тэдгээрийн албан татвар ногдох орлогын хэмжээ 10.0 сая төгрөгт хүрээгүй нь хуулийн этгээдийн хувьд орлогын албан татварын тайлангаар, иргэний хувьд орлого, татвар тодорхойлох хуудсаар нотлогдсон бөгөөд дараагийн жилүүдэд уг орлогын хэмжээ 10.0 сая төгрөгт хүрэхгүй нөхцөлд харьяалах татварын алба нь түүнийг албан татвар төлөгчийн бүртгэлээс хасаж, гэрчилгээг хураан авна.” гэж заасан.
Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д “Татвар төлөгчийг бүртгэх журмыг Үндэсний татварын ерөнхий газрын дарга батална.” гэж заасны дагуу Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2009 оны 13 дугаартай тушаалаар баталсан “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэх, бүртгэлээс хасахад баримтлах журам”-ын Долоогийн 7.1-д “Татвар төлөгч нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн бүртгэлээс хасагдах тухай хүсэлтээ татварын албанд албан бичгээр гаргаж болно.”, “Татварын алба дараах үндэслэлээр татвар төлөгчийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн бүртгэлээс хасна.” гэж зааж, үүний 7.1.1-д хуулийн 6.11-д заасан үндэслэлийг тусгаснаас гадна 7.1.2-т “Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг нэг жилийн хугацаанд ирүүлээгүй” гэх үндэслэлийг заажээ.
С-ХХК ХХК-ийг аймгийн Татварын хэлтсийн даргын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/20 дугаар тушаалаар нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн бүртгэлээс хассан байх боловч тухайн онд уг компани нь нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг гаргаж өгөөгүй нь тогтоогдсон, мөн оны борлуулалтын орлого нь тухайн оны 12 сарын байдлаар 10 сая төгрөгт хүрсэн нь тогтоогдоогүй нөхцөлд хууль болон журмын дээрх зохицуулалтын дагуу 2016 оны 01 дүгээр сард С-ХХК ХХК-ийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн бүртгэлээс хасах нь татварын албаны үүрэг байх энэ үеэс татвар төлөгчийн бүртгэлээс хасаагүй нь захиргааны байгууллагын буруутай ажиллагаа тул компанийг албан татвар төлөгчийн бүртгэлээс хассан хэлтсийн даргын тушаал гарсан 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байсан гэж үзэхгүй тул энэ талаарх хариуцагчийн тайлбар, маргаан үндэслэлгүй байна.
Хариуцагчаас компани нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн бүртгэлээс хасуулах хүсэлтээ 2017 онд өгсөн, бүртгэлээс хасагдах хүртэлх хугацаанд компанийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч гэж үзнэ гэж маргасан боловч дээрх журмын Долоогийн 7.1-д заасан татвар төлөгч нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн бүртгэлээс хасагдах тухай хүсэлтээ татварын албанд албан бичгээр гаргаж болно гэх зохицуулалтыг энэ талаарх хүсэлтээ хуулийн этгээд заавал гаргах агуулгаар ойлгохгүй бөгөөд хууль болон журмын зохицуулалтаар хасах үндэслэл үүссэн тохиолдолд албан татвар төлөгчийг бүртгэлээс хасах үүргийг татварын албанд буюу захиргааны байгууллагад хүлээлгэсэн байна.
Иймээс энэ талаарх хариуцагч талын маргааныг үндэслэлгүй байна гэж үзлээ.
2015 онд тус компанийн борлуулалтын орлого 10 сая төгрөгт хүрсэн нь тогтоогдоогүй ч дээрх байдлаар С-ХХК ХХК-ийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн бүртгэлээс хасах үндэслэл 2016 оны 01 дүгээр сард үүссэн байх тул хуулийн 6 дугаар зүйлийн 6.13-т “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн бүртгэлээс хасагдсан нь тухайн этгээдийг уг татварыг төлөгч байхдаа явуулсан үйл ажиллагааны төлөө нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн дагуу хүлээлгэх хариуцлагаас чөлөөлөх болон нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр шинээр бүртгүүлэхгүй байх үндэслэл болохгүй.” гэж зааснаар тус компани нь 2015 оны борлуулалтын орлогод ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг хуульд заасан хэмжээгээр нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй юм. Иймээс татварын улсын байцаагч нараас 2015 онд С-ХХК ХХК-ийг борлуулалтын орлогод ногдох нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй зөрчил гаргасан гэж үзэж, нөхөн татвар ногдуулсан нь үндэслэлтэй байна.
Ингэхдээ хариуцагчаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад 2015 оны борлуулалтын орлогыг дээрх байдлаар ХААН банкин дахь компанийн депозит дансны хуулга бүхий баримтаар 5 688 000 төгрөгөөр тогтоож, энэ үнийн дүнгээр тухайн онд төлөх нөхөн татвар, алданги тооцож, торгох шийтгэлийн хэмжээг тодорхойлсон байгаа. Уг баримтаас үзэхэд 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар компанийн дансанд 5 687 650 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн, үүнээс “бензиний үнэ” гэх агуулгаар 4 182 650 төгрөг, “ор” гэх агуулгаар 125 000 төгрөг, С-ХХК ХХК 15/12459 тендер цуцлав 09/04” гэх агуулгаар 400 000 төгрөг, Бат эрдэнээс гэх агуулгаар 980 000 төгрөгийн орлогын гүйлгээ тус тус хийгдсэн байна. “Бензиний үнэ”-ээс өөр агуулгаар хийгдсэн нийт 1 505 000 төгрөгийг компанийн үйл ажиллагааны орлого биш гэж гомдол гаргагчаас маргасан ба энэ талаарх үндэслэлээ “Энэ гурван төрлийн орлого манай компанийн үйл ажиллагааны орлого биш. “Ор” гэдэг агуулгаар дансанд орсон 125 000 төгрөгийг орлого гэдэг гүйлгээний агуулгатай гэж ойлгож болно. Гэхдээ яг юуны үнэ вэ гэдгийг тодорхой санахгүй байна. Харин “тендер цуцлав” гэсэн агуулгаар дансанд орсон 400 000 төгрөг нь бензиний үнэ бүхий орлого биш бөгөөд хүү Х.Жагсалаг нь тухайн 2015 онд компанийн нэрээр өвс худалдаж авах тендерт оролцохдоо дэнчингийн үнэд төлсөн 400 000 төгрөгийг компанийн дансанд буцаасан. Харин 980 000 төгрөг нь Дархан аймгаас ирсэн миний найз Бат-эрдэнийн манай аймгийн зарим хүүхдийн цэцэрлэгт мах худалдсаны орлого бөгөөд уг мөнгийг манай компанийн дансанд хийж, гаргаж авья гэж хүссэн. Шууд өөрийн дансанд хийхээр 10 хувийн татвар ногдох юм байна гэж байсан. Иймээс 980 000 төгрөгийг Бат-эрдэнээс манай компанийн дансанд хийсэн ба эргээд уг мөнгийг би өөрийн дансанд шилжүүлээд Бат-эрдэнэд гаргаж өгсөн.” гэж шүүхэд тайлбарлажээ.
Хэрэгт авагдсан С-ХХК ХХК-ийн ХААН банкин дахь 5187117850 дугаартай дансны хуулга бүхий баримтаас үзэхэд 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр тус дансанд иргэн Бат-эрдэнээс 980 000 төгрөгийн орлогын гүйлгээ, 12 дугаар сарын 21-ний өдөр уг данснаас 990 000 төгрөгийн зарлагын гүйлгээ тус тус хийгдсэн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг маргаантай холбогдуулж Н.Бат-эрдэнэ нь 2015 оны 12 дугаар сард 980.000 төгрөгийг бэлнээр хүлээж авсан тухай нотариатын баталсан баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Мөн 400 000 төгрөгийн орлогын гүйлгээтэй холбогдуулж “...2015 оны 9 дүгээр сард улсын нөөцөд өвч бэлтгэх тендерт оролцохоор тухайн үед тендерийн баталгаа гаргасан ба тендерт шалгараагүй тул мөнгөө буцааж С-ХХК ХХК-ийн дансаар дамжуулж 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр шилжүүлж авсан.” гэх агуулгатай С-ХХК ХХК-ийн захирал Б.Харшынбайн хүү гэх Х.Жагсалагаас гаргасан 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн огноотой баримтыг гомдол гаргагчаас шүүхэд гаргаж өгсөн ба ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 5180/47 дугаартай албан бичгээр С-ХХК ХХК-ийн 5187117850 дугаартай дансанд 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр С-ХХК ХХК 15/12459 тендер цуцлав” гэсэн утгатай 400 000 төгрөгийн гүйлгээ нь манай салбарын тендерийн баталгааны данснаас буцаасан гүйлгээ байна.” гэх хариуг шүүхэд ирүүлжээ.
Тогтоогдоогүй нөхцөлд орлогын гүйлгээгээр компанийн дансанд шилжүүлсэн мөнгө болгоныг үйл ажиллагааны орлого гэж үзэхгүй бөгөөд дээрх тохиолдолд С-ХХК ХХК 15/12459 тендер цуцлав 09/04” мөн “ Бат-эрдэнээс” гэх гүйлгээний агуулгаар компанийн дансанд орсон нийт 1 380 000 төгрөгийг компанийн 2015 оны үйл ажиллагааны орлогод тооцох нь учир дутагдалтай байна. Өөрөөр хэлбэл дээрх орлого нь компанийн тухайн жилийн борлуулалтын орлого мөн эсэх нь маргаантай, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад 1 380 000 төгрөгийн орлого нь үйл ажиллагааны орлого мөн эсэхийг тогтоогоогүй байна.
Хариуцагчаас С-ХХК ХХК-ийн 2015 оны борлуулалтын орлогын хэмжээг 5 688 000 төгрөг гэж үзсэн нь дансны хуулгаар бодит байдалд орлогын нийт хэмжээ 5 687 650 төгрөг байх тул энэ үнийн дүнгээс борлуулалтын орлого болох нь тогтоогдоогүй дээрх 1 380 000 төгрөгийг орлогыг хасаж тооцох үндэслэлтэй бөгөөд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон компанийн 2015 оны нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах борлуулалтын орлого нь 4 307 650 төгрөг байхаар байна гэж үзлээ.
Татварын улсын байцаагч нараас компанийн гаргасан гэх 2015-2016 онд нийт 11 288 000 төгрөгийн борлуулалтын орлогод ногдох нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй гэх зөрчилд нөхөн татвар ногдуулж, алданги тооцохдоо нийт төлөх алдангийн хэмжээг 438 912 төгрөгөөр тогтоосон нь нөхөн төлөх татварын 38.88 хувь байгаа нь дээр тайлбарласанчлан хууль бус байна. С-ХХК ХХК нь 2015 онд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй нь тогтоогдсон ба уг зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт хамаарч байх тул хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 11.19 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 он/ 11 дүгээр зүйлийн 11.1, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар компани нь 2015 оны борлуулалтын орлого 4 307 650 төгрөгт ногдох 430 765 төгрөгийн нөхөн татвар, торгох шийтгэлд нөхөн төлүүлэх татварын 30 хувиар 129 229.5 төгрөг, алдангид нөхөн төлүүлэх татварын 20 хувиар 86 153 төгрөг нийт 646 147.5 төгрөг төлөхөөр байна.
Татварын улсын байцаагч нараас С-ХХК ХХК-ийн 2015 оны борлуулалтын орлогыг дээрх байдлаар 5 688 000 төгрөгөөр тодорхойлсноор маргаан бүхий шийтгэлийн хуудсаар 568 800 төгрөгийн нөхөн татвар, 170 640 төгрөгийн торгох шийтгэл, 221 166.85 төгрөгийн алдангийн хамтаар нийт 960 606.85 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосныг шүүх дээрх үндэслэлээр нөхөн төлөх татварын хэмжээг 138 035 төгрөгөөр, торгох шийтгэлийн хэмжээг 41 410.5 төгрөгөөр, алдангийн хэмжээг 135 013.85 төгрөгөөр буюу нийт төлбөрийн хэмжээг 314 459 төгрөгөөр багасгаж шийдвэрлэлээ.
Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулахад хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байхаар зааснаар компанийн 2015 оны нэмэгдсэн өртгийн албан татварыг нөхөн төлүүлэх, алданги тооццох хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй болохыг дурдах нь зүйтэй
Гомдол гаргагчаас 2015 оны компанийн депозит дансны хуулгын дагуу тухайн оны нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох борлуулалтын хэмжээг 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс хойш тооцож 180 600 төгрөг, нөхөн татварын хэмжээ нь 18 060 төгрөг, торгох шийтгэл 10 836 төгрөг, алдангид 2924 төгрөг нийт 31 820 төгрөгөөр тодорхойлж, үндэслэлээ ...Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”, 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хууль 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна.” гэж тус тус заасны дагуу 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс өмнөх захиргааны шийтгэл буюу торгууль, алдангиас бүрэн чөлөөлөгдөнө.
С-ХХК ХХК-д шийтгэл оногдуулсан 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 0175151 тоот шийтгэлийн хуудасны 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх торгууль, алдангийг хасаж тооцох үндэслэлтэй.” гэж тайлбарлажээ.
Уг хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”, 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хууль 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна.” гэж заасан.
Эрх бүхий албан тушаалтнаас С-ХХК ХХК-д 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24:00 цагаас өмнө биш 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн шийтгэлийн хуудсаар захиргааны шийтгэл хүлээлгэсэн тул уг хууль нь 2015 оны нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөөгүй зөрчилд 2019 онд захиргааны шийтгэл хүлээлгэхтэй холбоотой харилцаанд үйлчлэхгүй юм. Харин 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд зааснаар 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд Татварын хууль тогтоомжийн дагуу төлөөгүй албан татвар, нуун дарагдуулсан хөрөнгө, орлогоо 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор сайн дурын үндсэн дээр шинээр татварын албанд тайлагнаж мэдүүлсэн тохиолдолд хүлээх хариуцлагаас нэг удаа чөлөөлөгдөхөөр байна. С-ХХК ХХК нь хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд 2015 оны борлуулалтын орлогод ногдох 4 307 650 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг 2019 он хүртэл тайлагнаж, төлөөгүй нь тогтоогдсон ба “Сархылас” ХХК нь хуулийн үйлчлэлд хамаарах хугацааны төлөөгүй нэмэгдсэн өртгийн албан татвараа хуульд заасан журмаар татварын албанд сайн дураар тайлагнаж мэдүүлээгүй байх тул 2015 онд хамаарах нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх үндэслэл байхгүй байна.
Иймд энэ талаарх гомдол гаргагчийн маргааныг үндэслэлгүй байна гэж үзлээ.
С-ХХК ХХК нь 2016 онд 5 600 000 төгрөгийн борлуулалтын орлогод ногдох нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй гэх маргааныг дараах байдлаар үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.
Тус компани нь 2016 оны нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайланг 01, 09, 11 дүгээр саруудад татварын албанд гаргахдаа борлуулалтын орлогоо 0.0 дүнтэйгээр тайлагнасан боловч тухайн оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайландаа үйл ажиллагааны орлогоо 5 600 000 төгрөгөөр тодорхойлж тусгасан байх ба татварын улсын байцаагчаас уг тайланг үндэслэн дээрх үнийн дүнгээс тооцож нэмэгдсэн өртгийн албан татварт 560 000 төгрөг нөхөн төлүүлж, 168 000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж, 217 745.15 төгрөгийн алданги тооцсон байжээ.
С-ХХК ХХК нь 2016 онд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх үүрэг үүсэхгүй гэж маргасан ба үндэслэлээ “...2015 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий дараах этгээд албан татвар суутган төлөгч байна.” гэж заасан ба 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн уг шалгуурыг огт хангаагүй, 50 сая төгрөгийн борлуулалтын орлого олоогүй учраас нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхгүй.” гэж тайлбарлажээ.
2015 онд баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль нь 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн ба хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий дараах этгээд албан татвар суутган төлөгч байна.” гэж, үүний 5.2.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа ажил үйлчилгээний борлуулалт хийсэн” гэж заажээ. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д "нэмэгдсэн өртгийн албан татвар суутгах үүрэг үүсэх өдөр" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхэлж, орлого олж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн уг үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийг” гэж, 4.1.19-д "нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч болсон өдөр" гэж энэ хуулийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгэгдэн гэрчилгээ авсан өдрийг” гэж, 6 дугаар зүйлийн 6.1-д “Энэ хуулийн 4.1.8-д заасны дагуу албан татвар суутгах үүрэг үүссэн хувь хүн, хуулийн этгээд ажлын 10 өдөрт багтаан албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх өргөдлөө харьяалах татварын албанд гаргана.” гэж, 6.2-т “Харьяалах татварын алба энэ хуулийн 6.1-д заасан этгээдийн өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын гурван өдөрт багтаан албан татвар суутган төлөгчөөр бүртгэж, тухайн этгээдэд гэрчилгээ олгоно.” гэж тус тус заасан.
Хуулийн уг зохицуулалтын дагуу С-ХХК ХХК-ийн 2016 оны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч хуулийн 6.2-т зааснаар албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээр татварын албанаас гэрчилгээ олгосон тохиолдолд уг компанийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд компанийн нэмэгдсэн өртгийн албан татвар суутгах үүрэг үүсэх өдрийг хуулийн 4.1.8-д зааснаар энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхэлж, орлого олж, үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийг ойлгохоор байна. Гэтэл С-ХХК ХХК-ийн 2016 оны борлуулалтын орлогын хэмжээ нь аж ахуйн нэгжийн орлогын тухайн оны тайлангаар 5 600 000 төгрөг байгааг хуульд заасан борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч хуулийн этгээд гэж үзэхгүй, тус компани нь борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая хүрсэн хуулийн этгээдийн хувиар 2016 онд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр шинээр бүртгүүлээгүй тул 2016 онд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх үүрэг үүсэхгүй гэх гомдол гаргагчийн маргаан үндэслэлтэй байна.
Хариуцагчаас С-ХХК ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн бүртгэлээс хасуулах хүсэлтээ 2017 онд өгсөн, бүртгэлээс хасагдах хүртэлх хугацаанд компанийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч гэж үзнэ гэж маргасан боловч тус компани нь анх 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд зааснаар борлуулалтын орлогын хэмжээ 10.0 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн хуулийн этгээдийн хувьд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр бүртгүүлснээс хойш хуульд зааснаар нэг жилийн хугацаанд тухайлбал 2015 оны байдлаар компанийн борлуулалтын орлогын хэмжээ нь 10 сая төгрөгт хүрсэн нь тогтоогдоогүй, 2015 онд нэмэгдсэн өртгийн албан татварын 1 жилийн тайланг гаргаж өгөөгүй тохиолдолд холбогдох журамд зааснаар 2016 оны 01 дүгээр сард албан татвар төлөгчийн бүртгэлээс хасагдах үндэслэл үүссэн,энэ үеэс компанийг хууль, журмын зохицуулалтын дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн бүртгэлээс хасах үүргийг татварын алба хэрэгжүүлээгүй нь буруу тул сүүлд албан татвар төлөгчийн бүртгэлээс хассан 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл компанийг албан татвар төлөгч байсан гэж үзэхгүй талаарх дүгнэлтийг дээрх байдлаар шүүхээс хийсэн. Түүнчлэн 2015 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээр хуулийн 6 дугаар зүйлийн 6.11-д заасны дагуу Гааль,Татварын Ерөнхий газрын даргын 2016 оны А/22 дугаар тушаалаар баталсан “Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийг бүртгэх, бүртгэлээс хасах журам”-ын Зургаагийн 6.1.1-д ...хуулийн 6.8-д заасны дагуу суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойшхи дараалсан 12 сарын албан татварын тайлангаар бүртгүүлэх босгын хэмжээнд хүрээгүй нь эрсдэлийн асуудал эрхэлсэн нэгж эсхүл хяналт шалгалтын асуудал эрхэлсэн нэгжийн акт, дүгнэлтээр тогтоогдсон бол 6.1-д зааснаар татварын алба нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийг бүртгэлээс хасахаар зохицуулагдсан байна.
2016 оны 01 дүгээр сараас уг журам үйлчилж эхэлсэн байх ба С-ХХК ХХК нь 2015 оны байдлаар 50 сая төгрөгийн борлуулалтын орлоготой байх шаардлагыг хангах эсэхийг хянан шалгаж тогтоох, хүрээгүй нь тогтоогдсон тохиолдолд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн бүртгэлээс хасах нь татварын албаны үүрэг байх ба уг журамд бүртгэлээс хасах асуудлаар хуулийн этгээд хүсэлт гаргасан байхыг шаардаагүй байна. Иймээс С-ХХК ХХК-ийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн бүртгэлээс хассан шийдвэрийг захиргааны байгууллага зохих хугацаанд буюу 2016 оны 01 дүгээр сард гаргалгүйгээр компани хүсэлт гаргасан гэх үеэс 2017 оны 03 дугаар сард бүртгэлээс хассанаар нь үүнээс өмнөх хугацаанд компанийг 50 сая болон түүнээс дээш борлуулалтын орлоготой албан татвар төлөгч мөн гэж үзэх үндэслэлгүй тул татварын улсын байцаагч нараас 2016 онд С-ХХК ХХК нь 5 6 000 000 төгрөгийн борлуулалтын орлогод албан татвар төлөөгүй зөрчил гаргасан гэж үзсэн нь хууль бус байна. Иймээс гомдол гаргагчийг Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт хамаарх зөрчил гаргаагүй байна гэж үзээд маргаан бүхий шийтгэлийн хуудасны тус компанид 2016 онд нэмэгдсэн өртгийн албан татвар нөхөн ногдуулж, торгох шийтгэл оногдуулсан, алданги тооцсон нийт 945 745.15 төгрөгийн төлбөртэй холбоотой хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Гуравдугаарт, 2017 онд 8 200 400 төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогод ногдох албан татвар төлөөгүй зөрчил гаргасан гэх маргааны тухайд:
С-ХХК ХХК нь 2017 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг гаргахдаа тухайн оны компанийн үйл ажиллагааны орлогыг 390 000 төгрөгөөр, борлуулсан бүтээгдэхүүний өртгийг 380 000 төгрөгөөр, татвар ногдуулах орлогын дүнг 10 000 төгрөгөөр, төлбөл зохих татвараа 1000 төгрөгөөр тус тус тайлагнасан бол татварын улсын байцаагчаас тухайн онд татвар ногдуулах аж ахуйн нэгжийн орлогыг 8 200 400 төгрөгөөр тодорхойлж нөхөн татвар ногдуулсан байх ба үндэслэлээ “...тус компани нь 2017 онд “Өлгий Ойл” ХХК-иас 8 710 000 төгрөгийн А80 төрлийн 6500 литр бензин худалдан авсан нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 48 дугаартай зарлагын падаанаар, мөн компанийн ХААН банкин дахь депозит дансанд 2017 онд 509 600 төгрөгийн үйл ажиллагааны орлого орсон нь хуулгаар тогтоогдсон.
Иймээс үйл ажиллагааны орлого 509 600 төгрөгт 2017 оны компанийн аж ахуйн нэгжийн орлогын тайланд тусгасан 390 000 төгрөгийн орлого багтсан гэж үзээд 509 600 төгрөгийн орлогыг 48 дугаартай зарлагын падаанаар худалдаж авсан 8 710 000 төгрөгийн татвар ногдох орлогоос хасаад гарсан 8 200 400 төгрөгийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулах үнийн дүн гэж үзсэн. 8 710 000 төгрөг нь бүхэлдээ компанийн борлуулалтын орлогод тооцогдох боловч дээрх байдлаар уг үнийн дүнгээс 509 600 төгрөгийг хасч тооцсон нь компанийн эрх зүйн байдлыг доордуулаагүй. 8 710 000 төгрөгөөр худалдаж авсан бензин борлогдсон гэж үзээд нөхөн татвар ногдуулж, татвар төлөөгүй зөрчилд торгох шийтгэл оногдуулсан. 8710 000 төгрөг нь борлуулсан бүтээгдэхүүний өртгийн хувьд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д заасан зардал хамаарах боловч С-ХХК ХХК нь хяналт шалгалт хийх явцад өөр баримт материал гаргаж өгөөгүй, өөр материал шалгаж үзэх боломж байгаагүй.”гэж тайлбарлажээ.
Гомдол гаргагчаас маргаан бүхий шийтгэлийн хуудасны энэ хэсгийг эс зөвшөөрсөн үндэслэлээ “...манай компанийн бензин түгээгүүр нь ОХУ-д үйлдвэрлэсэн хуучны түгээгүүр байсан ба аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчаас шаардлага хангахгүй түгээгүүрээр иргэд, аж ахуйн нэгж байгууллагад үйлчилгээ үзүүлэхгүй байх шаардлага, зөвлөмжийг өгсөн тул үйл ажиллагаагаа явуулаагүй 2 жил болж байгаа. Татварын улсын байцаагчид Ногооннуур сумд байрлалтай шатахуун түгээх станцад байгаа бензиний үлдэгдлийг шалгаагүй, газар дээр нь үзлэг хийгээгүй, манай компани нь 8 710 000 төгрөгийн бензин шатахууныг борлуулсан эсэхийг тогтоогоогүй. Түүнчлэн “Өлгий ойл” ХХК-иас бензин худалдаж авсан 8.710.000 төгрөгийн зардал нь 2006 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцсоны үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно.”, 12.1.1-д “түүхий эд, үндсэн болон туслах материал хагас боловсруулсан бүтээгдэхүүн, уур ус, эрчим хүч, түлш, шатахуун, сэлбэг хэрэгсэл, сав, баглаа боодлын зэрэг бүх төрлийн материалын зардал” гэж тус тус заасны дагуу 2017 оны борлуулалтын орлогоос хасагдах тул 2017 оны 509 600 төгрөгийн борлуулалтын орлогод ямар нэгэн татвар ногдохгүй” гэж тайлбарлан маргажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар С-ХХК ХХК нь 2017 онд “Өлгий Ойл” ХХК-иас 8 710 000 төгрөгөөр 6500 литр шатахуун худалдаж авсан нь 48 дугаартай зарлагын падаанаар, тухайн онд 509 600 төгрөгийн боруулалтын орлогын гүйлгээ хийгдсэн нь 5187117850 дугаартай депозит дансны 2017 оны хуулгаар, компани нь мөн онд 390 000 төгрөгийн үйл ажиллагааны орлоготойгоор тайлагнасан нь аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 4 дүгээр улирлын тайлангаар, компанийн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулах орлогоор тодорхойлсон 8 200 400 төгрөг нь дээрх байдлаар 48 дугаартай падаанаар худалдаж авсан 8 710 000 төгрөгийн шатахууны үнэд багтаж байгаа нь хариуцагч нарын тайлбараар тус тус тогтоогдож байна.
2006 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д тодорхойлсон албан татвар ногдох орлогын төрөлд 7.3.1-д зааснаар үйл ажиллагааны орлого хамаарах бөгөөд уг орлогын төрөлд хуулийн 8 дугаар 8.1.1-д зааснаар үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил үйлчилгээний борлуулалтын орлого хамаардаг байна.
Хуулийн дээрх зохицуулалтаар С-ХХК ХХК нь шатахуун түгээх үйл ажиллагааны борлуулалтын орлогод аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөгч мөн боловч хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг албан тавар төлөгчийн татварын жилийн албан татвар ногдуулах орлогод ногдуулна гэж заасан.
Албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо хуулийн 16.2-т зааснаар энэ хуулийн 8.1.1-д заасан үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил үйлчилгээний борлуулалтын орлогын хувьд ...албан татвар ногдох орлогын нийт дүнгээс мөн хуулийн 12 дугаар зүйлд заасан зардлыг хасаж албан татвар ногдох орлогыг тодорхойлохоор байна.
Хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцсоны үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно.” гэж, үүний 12.1.1-д “түүхий эд, үндсэн болон туслах материал, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, уур, ус, эрчим хүч, түлш, шатахуун, сэлбэг хэрэгсэл, сав баглаа боодлын зэрэг бүх төрлийн материалын зардал” гэж заасан. Татварын улсын байцаагчаас компанийн 2017 оны татвар ногдох үйл ажиллагааны орлогыг тодорхойлохдоо тухайн онд “Өлгий Ойл” ХХК-иас шатахуун худалдаж авсан 8 710 000 төгрөгөөс компанийн банкин дахь дансны хуулгаар тодорхойлогдсон шатахуун борлуулсны 509 600 төгрөгийг хасаж, үлдсэн 8 200 400 төгрөгийн 10 хувиар нөхөн татвар ногдуулсан байх ба энэ нь шатахуун худалдаж авсан үнэ болохын хувьд хуулийн 12.1.1-д заасан албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд хамаардаг байна.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар татвар ногдох орлогоос зардлыг хасаж татвар ногдуулах орлогыг тодорхойлох байтал татварын улсын байцаагч нараас компанийн бусдаас шатахуун худалдаж авсан 8 710 000 төгрөгийн зардлаас банкин дахь дансны хуулгаар тогтоогдсон 509 600 төгрөгийн татвар ногдох орлогыг хасаж, үлдсэн 8 200 400 төгрөгийг татвар ногдуулах орлогоор тодорхойлсон нь хуулийн 16.1, 16.2-т заасныг тус тус зөрчсөн, албан татвар ногдуулсан 8 200 400 төгрөгийн үнийн дүн нь татвар ногдуулах орлого биш, харин татвар ногдох орлогоос хасагдах зардал байхад хасагдах зардлын дүнгээс тооцож аж ахуйн нэгжийн орлогын албан татвар нөхөн ногдуулсан нь буруу байна.
Иймд маргаан бүхий шийтгэлийн хуудсаар татвар ногдуулах аж ахуйн нэгжийн орлогыг 8 200 400 төгрөгөөр тодорхойлж, уг үнийн дүнгээс нөхөн татвар 820 040 төгрөг ногдуулж, 246 012 төгрөгийн торгох шийтгэл, 221 400 төгрөгийн алданги тооцож, нийт 1287 452 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
“Сархыламс” ХХК нь хэрэгт авагдсан нотлох баримт болох 2017 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар үйл ажиллагааны орлогоо 390 000 төгрөгөөр тодорхойлсон, банкны хуулгаар 509 600 төгрөгийн шатахуун борлуулсны орлогын гүйлгээ хийгдсэн үнийн дүнтэй байгаа. Гомдол гаргагчаас шатахуун түгээгүүр эвдэрсний улмаас дээрх 8 710 000 төгрөгийн шатахууны борлуулалт хийгдээгүй, татварын улсын байцаагч нараас үлдэгдэл бензиний хэмжээг шалгаж тогтоогоогүй гэж маргасан ба С-ХХК ХХК нь 8 710 000 төгрөгийн шатахууныг бусдаас худалдаж авсан нь тогтоогдсон боловч энэ нь хуульд зааснаар татвар ногдох орлогоос хасагдах зардалд хамаардаг байх тул 6500 литрийн шатахууныг тухайн 2017 онд бүрэн борлуулсан эсэх, ингэснээр албан татвар ногдох нийт борлуулалтын орлого болон татвар ногдуулах бодит орлого нь ямар үнийн дүнтэй байгааг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтнуудаас тогтоогоогүй байна. Иймээс татвар ногдох орлогоос хасагдах зардалд албан татвар ногдуулсан гэх гомдол гаргагчийн маргааныг үндэслэлтэй байна гэж үзсэн болно.
Компанийн 2017 оны татвар ногдуулах орлого нь тодорхой бус, 8 200 400 төгрөгийн татвар ногдуулах борлуулалтын орлоготой нь тогтоогдоогүй байхад “шалгаж үзэх өөр санхүүгийн материал байхгүй” гэх үндэслэлээр татвар ногдох орлогоос хасагдах зардалд шууд нөхөн татвар ногдуулсан нь эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээх тухай Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1, 2006 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 16.1, 16.2, гомдол гаргагч хуулийн этгээдийн эрхийг тус тус зөрчсөн гэж үзэхээр байна. Иймээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд цугларсан нотлох баримтын хүрээнд тус компани нь 2017 онд татвар ногдуулах борлуулалтын орлогоо тайландаа 8 200 400 төгрөгөөр дутуу тайлагнасан, энэ үнийн дүнд ногдох татварыг үл төлж Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
С-ХХК ХХК-ийг 2017 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөөгүй зөрчил гаргасан гэх үндэслэлтэй холбогдуулж, маргаан бүхий шийтгэлийн хуудсаар нөхөн татвар, торгох шийтгэл, алдангийн хамтаар нийт 1 287 452 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг шүүхээс дээрх үндэслэлээр хүчингүй болгосон нь гомдол гаргагчийг мөн онд төсөвт төлбөл зохих албан татвараас чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд шүүхийн уг шийдвэр нь зөрчил гаргасан нь тогтоогдсон тохиолдолд эрх бүхий албан тушаалтнаас С-ХХК ХХК-ийн 2017 оны аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны орлогод ногдуулах нөхөн татварыг бодитоор тогтоож, хуульд заасан журмаар тодорхойлсны үндсэн дээр албан татвар ногдуулах үндэслэлтэй эсэхийг шийдвэрлэхэд саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр С-ХХК ХХК-ийн шүүхэд гаргасан гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, татварын улсын байцаагчийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 0175151 дугаартай шийтгэлийн хуудасны С-ХХК ХХК-ийг 2016 онд 5 600 000 төгрөгийн борлуулалтын орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар 560 000 төгрөг, 2017 онд 8 200 400 төгрөгийн үйл ажиллагааны орлогод ногдох 820 040 төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөөгүй зөрчил гаргасан гэх үндэслэлээр нийт 1 380 040 төгрөгийн нөхөн татвар, 414 012 төгрөгийн торгох шийтгэл, 439 145.15 төгрөгийн алдангийн хамтаар нийт 2 233 197.15 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэснийг тус тус хүчингүй болгож, 2015 онд гаргасан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй зөрчилд 568 800 төгрөгийн нөхөн татвар ногдуулсныг 138 035 төгрөгөөр, 170 640 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсныг 41 410.5 төгрөгөөр, 221 166.85 төгрөгийн алданги тооцсоныг 135 013.85 төгрөгөөр буюу төлбөрийн хэмжээг нийт 314 459.35 төгрөгөөр багасгаж, 2013-2017 онд үл хөдлөх хөрөнгийн албан татвар төлөөгүй зөрчилд нөхөн төлүүлэх албан татварын 50 хувиар алданги тооцсоныг 30 хувиар буюу 50 949 төгрөгөөр багасгаж, гомдлын шаардлагын үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Ингэснээр С-ХХК ХХК нь маргаан бүхий шийтгэлийн хуудсаар 2013-2017 онд 28 305 000 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгөд ногдох 169.830 төгрөгийн нөхөн татвар, 50949 төгрөгийн торгох шийтгэл, 33 966 төгрөгийн алдангийн хамтаар 254 745 төгрөгийн төлбөр, 2015 онд 4 307 650 төгрөгийн борлуулалтын орлогод ногдох нэмэгдсэн өртгийн нөхөн татварт 430 765 төгрөг, торгох шийтгэлд 129 229.5 төгрөг, алдангид 86 153 төгрөгийн хамтаар 646 147.5 төгрөг буюу нийт 900 892.5 төгрөгийн төлбөр төлөхийг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.6, 106.3.13 -т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, мөн зүйлийн 4 дэх хэсэг, 2008 оны Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 2015 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8, 5 дугаар зүйлийн 5.2, 2006 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагчийн шүүхэд гаргасан “Баян-Өлгий аймгийн татварын хэлтсийн улсын байцаагчийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0175151 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох”-ыг хүссэн гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, шийтгэлийн хуудасны С-ХХК ХХК-ийг 2016 онд 5 600 000 төгрөгийн борлуулалтын орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар, 2017 онд 8 200 400 төгрөгийн үйл ажиллагааны орлогод аж ахуйн нэгжийн орлогын албан татвар тус тус төлөөгүй зөрчил гаргасан гэх үндэслэлээр нийт 1 380 040 төгрөгийн нөхөн татвар, 414 012 төгрөгийн торгох шийтгэл, 439 145.15 төгрөгийн алдангийн хамтаар бүгд 2 233 197.15 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг тус тус хүчингүй болгож, 2015 онд гаргасан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй зөрчилд нөхөн татвар, торгох шийтгэл, алдангийн хамтаар нийт 960 606.85 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэснийг 314 459.35 төгрөгөөр багасгаж, 2013-2017 онд үл хөдлөх хөрөнгийн албан татвар төлөөгүй зөрчилд нөхөн төлүүлэх албан татварын 50 хувиар алданги тооцсоныг 30 хувиар буюу 50 949 төгрөгөөр багасгаж, үлдсэн хэсэг болох компанийн 2013-2017 онд 28 305 000 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайлан гаргаагүй, ногдох албан татвар төлөөгүй зөрчилд холбогдох 169 830 төгрөгийн нөхөн татвар, 50949 төгрөгийн торгох шийтгэл, 33 966 төгрөгийн алдангийн хамтаар төлөх 254 745 төгрөгийн төлбөр, 2015 оны 4 307 650 төгрөгийн борлуулалтын орлогод ногдуулах нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй зөрчилд холбогдох нөхөн татварт 430 765 төгрөг, торгох шийтгэлд 129 229.5 төгрөг, алдангид 86 153 төгрөгийн хамтаар төлөх 646 147 төгрөг буюу нийт 900 892.5 төгрөгийн төлбөртэй холбоотой хэсгийг хүчингүй болгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, гомдол гаргагчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-т заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
[1] Хэргийн 1 дүгээр хавтас, 190 дугаартай хуудас
[2] Хэргийн 8 дугаар хуудас
[3] Хэргийн 14 дүгээр хуудас
[4] Хэргийн 161-167 дугаар хуудас
[5] Хэргийн 1 дүгээр хавтас, 169 дүгээр хуудас
[6] Хэргийн 236 дугаар хуудас
[7] Хэргийн 35 дугаар хуудас
[8] Хэргийн 36 дугаар хуудас