Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 125/2015/0013/З |
Дугаар | 221/МА2016/0090 |
Огноо | 2016-01-28 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2016/0090
А.Э*******гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Дэлгэрмөрөн, хариуцагч Х******* Р.Э*******, хариуцагчийн өмгөөлөгч Н.Д******* нарыг оролцуулан хийж, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, А.Э*******гийн нэхэмжлэлтэй, Х*******д холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Э******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хар нуур-Ховд голын сав газрын захиргааны даргын 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/22 дугаар тушаалыг хүчингүйболгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах гэжээ.
Хариуцагч Х******* Р.Э******* шүүхэд гаргасантайлбартаа: Хар нуур-Ховд голын сав газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/22 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гарсан. Учир нь А.Э******* 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 5 хоногийн томилолтоор Ховд аймгийн Мөнххайрхан, Манхан, Зэрэг, Чандмань, Дөргөн, Мянгад, Буянт суманд ажиллах байсан боловч Мөнххайрхан суманд ажиллаад хүндэтгэн үзэх шалтгаангүй, чөлөө зөвшөөрөл авалгүй ажил таслан Ховд аймагт орж ирсэн. Үүнээс хойш А.Э******* нь ажилдаа ирэлгүй 7 хоног ажил тасалсан. А.Э******* 2015 оны 05 дугаар сарын 07-ны орой ажил тарсны дараа ширээ шүүгээгээ хоослоод, ажилтай холбоотой бүх бичиг баримтаа аваад, компьютер дээрх ажлын бүх файлаа устгаад явсан байсан. 2015 оны05 дугаар сарын 04-ний өдрөөс 13-ны өдөр хүртэл А.Э*******г ажилдаа ирүүлэх талаар өөрийнх нь ээж болон хадам аав нартай нь уулзаж, асуудлыг эерэгээр шийдвэрлэх гэж хичээсэн боловч үр дүнд хүрээгүй.
Иймээс Төрийн албаны тухай хуулиар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тус байгууллага нь 8 орон тоотой тул Ёс зүйн хороо байгуулаагүй гэжээ.
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 24 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хар нуур-Ховд голын сав газрын захиргааны даргын 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/22 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, А.Э*******г урьд эрхэлж байсан Хар нуур-Ховд голын сав газрын захиргааны гадаргын усны нөөц, чанар хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан ажилгүй байсан хугацааны олговор 3884372 төгрөгийг Хар нуур-Ховд голын сав газрын захиргаанаас гаргуулж А.Э*******д олгуулж, А.Э*******гийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагч Хар нуур-Ховд голын сав газрын захиргааны даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэ-Оюун давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Учир нь Ховд аймгийн 7 суманд 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр томилолтоор явж байгаад нэхэмжлэгч А.Э******* нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр /томилолтын хугацаа эхэлж байхад/ ажлаа хаяж орж ирсэн байдаг.
Ховдод орж ирээд 5 дугаар сарын 05, 06, 07-ны өдөр ажилдаа ирээгүй бөгөөд 07-ны орой ажил тарсны дараа бусадтай бүлэглэн ажлын комьютер дээрх бүх файл, мэдээллээ устгаж, ширээгээ суллаад явсан байдаг.
Энэ талаар 05 дугаар сарын 08-ны өдөр ажилдаа ирээд мэдсэн бөгөөд мэргэжилтэн Б.Мөнгөн, Ч.Чанцалдулам, бичиг хэргийн ажилтан Г.Энхбаяр нарт албан ёсоор мэдэгдсэн. Түүнчлэн энэ тухай хадам аавд нь мэдэгдсэн. Үүнээс хойш ажилдаа ирэх талаар удаа дараа мэдэгдсэн боловч энэ ажлаас гарна гэдэг байдлаар асуудалд хандаж байсан тул 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар ажлаас халсан. А.Э*******г ажлаас халахдаа хуулийн ямар нэгэн заалт зөрчиж, ажилтны эрх ашгийг хохироогоогүй.
Түүнчлэн А.Э*******гийн гаргасан зөрчлийг тогтоож, тохирсон сахилгын арга хэмжээ авсан нь хууль зүйн үндэслэлтэй. А.Э*******гийн гаргасан зөрчлийг зохих журмын дагуу шалгаж нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Гэтэл анхан шатны шүүхээс гэрчүүдийн мэдүүлэг, цагийн бүртгэл, томилолтын хуудас, компьютер шалгасан баримтуудыг үнэлэхгүйгээр шийдвэр гаргасан нь нотлох баримтын хүрээнд шийдвэр гаргах хуулийн шаардлагыг зөрчсөн.
Иймд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх маргаан бүхий актын үндэслэл болон хэрэгт авагдсан баримтуудад буруу дүгнэлт хийж, Төрийн албаны тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Хар нуур-Ховд голын сав газрын захиргааны даргын 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/22 дугаар тушаалаар Гадаргын усны нөөц, чанар хариуцсан ахлах мэргэжилтэн А.Э*******гхүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удирдлагаас албан ёсоор чөлөө авалгүй /ажлын 7 хоног/ албан үүргээ биелүүлээгүй, томилолтоор ажиллах эхний өдөр ажил хаясан, төрийн албаны ёс зүйг ноцтой зөрчиж, ёс зүйгүй авир гарган ажлын байрны зорилго зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлээр түүнийг төрийн албанднэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халсан байна.
Нэхэмжлэгч А.Э******* дээрх тушаалыг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...тушаалд Төрийн албаны тухай хуульд огт байхгүй заалтуудыг баримталж, илэрхий хууль хэрэглээний алдаатай акт гаргасан хэрэглэвэл зохих хуулийн заалт хэрэглээгүй, мөн төрийн албан хаагчийн ёс зүй зөрчсөн асуудлыг шалгаж тогтоогоогүй, Ёс зүйн хороогоор хэлэлцүүлээгүй гэж тодорхойлон маргажээ.
Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм[1]-ийн Тавдугаар зүйлийн 5.1.2-т Хөдөлмөрийн хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг бүрэн, үр бүтээлтэй ашиглах, 5.4.2-тажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг биечлэн хангах, 5.4.4-дзахирах, захирагдах ёсны зарчмыг баримталж, тодорхой асуудлаар өөр саналтай байсан ч удирдлагаас гаргасан хуульд нийцсэн шийдвэр, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх зэрэг ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөхөөр заасан байна.
Гэтэл нэхэмжлэгч А.Э******* нь Ховд аймгийн Мөнххайрхан, Манхан, Зэрэг, Чандмань, Дөргөн, Мянгад, Буянт сумдуудад 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 5 хоног ажиллахаар томилогдсон боловч томилолтоор ажиллах эхний өдөр буюу 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ажлаа орхиж явсан, улмаар 05 дугаар сарын 05, 06, 07, 08, 11, 12, 13-ны өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан зөрчил гаргасан болох нь томилолтоор ажилласан тухай тэмдэглэл[2], Хар нуур-Ховд голын сав газрын захиргааны цагийн бүртгэлийн дэвтэр[3], уг дэвтэрт хийсэн үзлэгийн тэмдэглэл[4], гэрч Л.Дорждэрэмийн ...томилолтоор явсан өдрийн орой дарга утасдаад Д.Игилик, А.Э******* нар Манхан сумаас буцаад ирсэн. Тийм учраас өнөөдөр Манхан сум руу явахгүй бол болохгүй болчихоод байна гэхээр нь би замын унаанд суугаад явсан..., гэрч Ч.Чанцалдуламын ...2015 оны 05 дугаар сарын 04-09-ний өдрийн хооронд томилолтоор яваад ирэх ёстой байсан. Гэтэл А.Э******* нь 05 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн ажлаас чөлөөлөгдөх хүртлээ ажилдаа ирээгүй... гэх мэдүүлгүүд болон бусад гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна.
Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд 26.1-д мөн хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд заасансахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулахаар заажээ.
Тодруулбал, дээр дурдсан сахилгын шийтгэлийг ёс зүйн зөрчил гаргасан этгээдэд ногдуулахаас гадна албан үүргээ биелүүлээгүй этгээдэд хүлээлгэхээр заасан байх тул төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн зөрчлийг Төрийн албаны зөвлөлийн 2010 оны Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам-д зааснаар Ёс зүйн хороо шалган тогтоогоогүй, зөрчил гаргасныг нотлох ажиллагааг хариуцагч хэрэгжүүлээгүй гэсэн үндэслэлээр маргаан бүхий тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй.
Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан албан үүргээ биелүүлээгүй гэдэгт хууль тогтоомж болон ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан чиг үүргийг гүйцэтгээгүй, хэрэгжүүлээгүй байхыг ойлгох бөгөөд нэхэмжлэгч А.Э******* нь 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Ховд аймгийн 5 сумын усны нөөц ашигласны төлбөрийн төвлөрүүлэлт, хуримтлал болон зарцуулалт, усны тухай хуулийн хэрэгжилтэнд дүн шинжилгээ хийх ажлын удирдамж-ийг өөрөө боловсруулж, байгууллагын удирдлагаар баталгаажуулж, томилолтын багийг ахалсан боловч албан томилолтоо орхин явж, удирдамжид заасан ажлыг гүйцэтгээгүй, улмаар ажлын 7 хоног ажил тасалж, хууль тогтоомж болон ажлын байрны тодорхойлолтод заасан албан үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Төрийн жинхэнэ албан хаагч нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан нийтлэг үүргийг хэрэгжүүлэх бөгөөд төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч ажиллаж байгаагийн хувьд баримтлах ёс зүйн хэм хэмжээний наад захын шаардлага нь ажлын цаг баримтлах, албан үүргээ биелүүлэх байхад 7 хоног ажил тасалж, улмаар ажилдаа ирэхгүй байгааг ноцтой зөрчил гаргасан гэж үзнэ.
Ийнхүү анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалт, нэхэмжлэгчийн албан үүргээ биелүүлээгүй нөхцөл байдал, түүнийг нотлох гэрчийн мэдүүлэг, цагийн бүртгэл зэрэг баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийлгүй, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хариуцагч тушаал гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн заалтыг алдаатай бичсэн байгаа нь тушаалыг хүчингүй болгох үндэслэл болохгүйг дурьдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Э*******гийн Хар нуур-Ховд голын сав газрын захиргааны даргын 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/22 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН