Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жалцаны Цэнгэл |
Хэргийн индекс | 182/2016/01021/И |
Дугаар | 182/ШШ2017/01019 |
Огноо | 2017-05-19 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 182/ШШ2017/01019
2017 оны 05 сарын 09 өдөр | Дугаар 182/ШШ2017/01019
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х.Н-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:“С” ХХК-д холбогдох
Илүү төлсөн талбайн үнэ 45 451 596 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, хариуцагчийн өмгөөлөгч Э.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэвэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэгч Х.Н нь 2008 оны 07 дугаар сарын 21-ний өдөр худалдаа үйлчилгээ барилгын захиалагч “С” ХХК-тай хөрөнгө оруулах гэрээ байгуулсан. Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар нийт 73,46 м.кв талбайд хөрөнгө оруулалт хийх, 1 м.кв талбайн үнэ 1890 ам.доллар байхаар тохиролцсон ба энэ гэрээгээр хариуцагч нь барилгыг 2009 оны 2 дугаар улиралд багтаан хүлээлгэн өгөхөөр болсон. Хариуцагч “С” ХХК нь барилгыг хугацаандаа ашиглалтанд оруулаагүй тул талууд 2013 оны 4 дүгээр улиралд багтаан хүлээлгэн өгөхөөр тохиролцсон.
“С” ХХК нь захиалагчид 203 тоотын 73,46 м.кв талбайг хүлээлгэн өгөх үүргийг гэрээгээр хүлээсэн. “С” ХХК-ийн зүгээс тухайн барилгыг схем зураг бүхий холбогдох баримтыг бүрдүүлэн өгч, улмаар 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 13/151 албан бичгээр улсын бүртгэлийн газарт хандсан. Нэхэмжлэгч Х.Нгийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ 2013 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гарсан.
Х.Н нь өөрийн авсан талбайг 73.26 м.кв талбайд хүрч байгаа эсэх талаар хэмжилт хийлгэхээр “ХА” ХХК-д хандаж талбайн хэмжилт хийлгэсэн. Хэмжилт хийлгэхэд 10.7 м.кв талбайгаар дутаж байна. Хэмжилтийн тайланг уншихад МNS:60582009 стандартыг хэрэглэсэн гэдэг үг, үсэг байхгүй байгаа. МNS:60582009 стандартын гол агуулга нь ханыг дотор хананаас тооцох уу, огтлолцол тэнхлэгээс тооцох уу, гадар хананаас тооцох уу гэдэг зузаан ханатай холбоотой барилгад хамааралтай байна. Манай нэхэмжилж байгаа талбайн хувьд шилэн ханатай барилга юм. Огтлолцол тэнхлэгээс, ханын зузаанаас болж талбайн хэмжээ өөрчлөгдөх боломжгүй. Шилэн гэдэг нь нийтэд илэрхий үйл баримт юм. Ийм тохиолдолд МNS:605892009 гэдэг стандартыг хэрэглэх шаардлага байхгүй. Хүлээлгэн өгсөн талбай нь хэмжиж үзэхээр 10,7-аар м.кв дутаж байгаа. Гэрээнд заасан хэмжээндээ хүрэхгүй байна. Нэхэмжлэгчийн ээж Б.Отгонбаяр нь итгэмжлэлийн үндсэн дээр “С” ХХК-д удаа дараа хандаж байсан байдаг. “С” ХХК нь мөнгийг буцаан өгнө гэж амаар хэлдэг боловч мөнгө өгдөггүй. Иймд “С” ХХК-иас дутуу талбай болох 10.7 м.кв талбайн үнэ 20 223 ам.доллар буюу 45 451 596 төгрөгийг гаргуулж өгнө үү. 1 м.кв талбайн үнэ 1890 ам.доллар, валютын ханшийг 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханш болох 2247.52 төгрөгөөр тооцож байгаа гэв.
Хариуцагч “С” ХХК хариу тайлбартаа болон хариуцагчийн өмгөөлөгч Э.Уянгасайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. “С ХХК нь Х.Нтай 2008 оны 07 дугаар сарын 21-ний өдөр худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Уг гэрээний 1.1-д “Пийс Тауэр” оффис үйлчилгээний зориулалттай барилгын 2 дугаар давхрын 203 тоот, 73.6 м.кв /нийтийн эзэмшлийн/ талбайг гэрээнд заасан нөхцлөөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, 73.6 м.кв талбайг Х.Нд хүлээлгэн өгөх үүргээ биелүүлсэн. Х.Н нь гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, гэрээнд гарын үсэг зурсан. ...
... Х.Н нь 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр “ХА “ХХК-иар хэмжилт хийлгэсэн байх бөгөөд уг хэмжилтийг үндэслэж, дутуу талбайн үнэ 45 451 596 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. “ХА” ХХК-иас хийсэн талбайн хэмжилтийг хүлээн зөвшөөрөхгүй. 2009 оны 52 дугаар тогтоолоор баталсан стандартаар “ХА” ХХК нь хэмжилт хийсэн. Дүгнэлт гаргахад үндэслэл болгосон энэ стандартыг хэрэглэх, хамрах хүрээг тодорхойлсон байна. Энэ стандартыг орон сууцны доторх айлын сууцны талбайг хэмжихэд хэрэглэх арга зүйг тодорхойлоход хэрэглэнэ. 1.2-т энэхүү стандартыг орон сууцны дундын өмчлөлийн талбайг тооцоход хэрэглэнэ гэж заасан. Энэ стандартыг хэрэглэх хамаарах хүрээг тус стандартын 1 дүгээр зүйлд тодорхой заасан. Гэтэл “ХА” ХХК нь үйлчилгээний талбай хэмжихэд хэрэглэсэн. Орон сууц гэдгийг Орон сууцны тухай хуульд тодорхой заасан. Үйлчилгээ талбайг орон сууцны талбайтай адилтган үзэж, төсөөтэй хэрэглэх боломжгүй байна. Хэмжилтийн үндэслэл болж байгаа стандартыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Дүгнэлт нь хууль бус дүгнэлт юм. 203 тоотын талбай нь эргэн тойрон шилэн ханатай биш. Хананаас ханын хооронд хэмжилт хийгээд байна. Тэнхлэгээс хэмжихэд энэ талбай зөрөх боломжгүй. 2008 онд гэрээ байгуулсан ба МNS:605892009 стандарт батлагдсанаас хойш гэрээ байгуулагдаад хэмжилтийн хэмжээг тохирсон зүйл байхгүй. Нэхэмжлэлийн тайлбар үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Н нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан илүү төлсөн талбайн үнэ 20 223 ам.доллар буюу 45 451 596 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж үзнэ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үнийн дүнгээ /нэхэмжлэл гаргах үеийн буюу 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар 1 ам.долларыг 2247.52 төгрөг/ тодорхойлж байна. /х.х-ийн 4 тал/
Нэхэмжлэгч Х.Н нь өөрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах, өөрийгөө бүх шатны шүүхэд төлөөлөх зэрэг бүрэн эрхийг Н.Бд 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр итгэмжлэлээр олгосон, итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1, Нотариатын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.3-т заасан хуулийн шаардлагыг хангасан байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ. /х.х-ийн 5 тал/
Нэхэмжлэгч Х.Н нь 45 451 596 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч “С” ХХК-д холбогдуулан гаргасан ба “С” ХХК-ийн захирал Д.Б нь тус компанийг бүрэн төлөөлөх эрхийг Д.Э 2016 оны 11 дүгээр сарын 09-ний итгэмжлэлээр олгосон. /х.х-ийн 23 тал/
Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э эрх, үүргийг танилцуулж, нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч, хариу тайлбар гаргасны дараа, “С” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тус компанийг төлөөлж байгаа этгээдээс татгалзснаар төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болж, хариуцагч нь өөрийн төлөөлөгчөөр Б.Гг итгэмжлэн томилж, 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 17/0310 тоот итгэмжлэл олгосноор Б.Г, Н.Б нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 32 дугаар зүйлийн 32.2, 35 дугаар зүйлийн 35.1, 35.2, 36 дугаар зүйлийн 36.1, 36.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хэргийн оролцогч болсон гэж үзнэ. /х.х-ийн 25-27, 38, 58 тал/
Нэхэмжлэгч Х.Н нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан илүү төлсөн талбайн үнэ 45 451 596 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 2008 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 13/10/29 тоот “худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ, Худалдаа хөгжлийн банкны шилжүүлэгийн баримт, 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр олгогдсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “ХА” ХХК-ийн гаргасан талбайн хэмжилтийн зураг” зэргийг үндэслэж байгаа болно. /х.х-ийн 7-18 тал/
Хариуцагч “С” ХХК нь “... гэрээнд заагдсан хэмжээний талбайг хүлээлгэн өгсөн. Барилгын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, барилгын норм ба дүрэм, чанар стандартыг зөрчөөгүй, доголдолтой эд хөрөнгийг шилжүүлэн өгөөгүй. “ХА” ХХК-ийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй” гэх тайлбарыг гаргаж байгаа. /х.х-ийн 30-31 тал/
Нэхэмжлэгч Х.Н нь ... гэрээгээр тохирсноос дутуу талбай бүхий үйлчилгээний заал хүлээлгэн өгснөөс илүү төлсөн төлбөр 20 223 ам.доллар буюу 45 451 596 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч “С” ХХК нь гэрээнд заасан хэмжээний талбайг хүлээлгэн өгсөн гэж маргаж байгаа болно.
Зохигчдын хооронд байгуулагдсан 2008 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 13/10/29 дугаартай “худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын” гэрээгээр Х.Н нь “С” ХХК-ийн Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах буй “Пийс тауэр” оффис үйлчилгээний зориулалттай барилгын 2 дугаар давхарт 203 тоотын 73.46 м.кв талбайг /нийтийн эзэмшлийн талбайн хамт/ 1 м.кв талбайн үнийг 1890 ам.доллараар тооцож, 138 839 ам.доллараар бариулах, хариуцагч нь орон сууцыг 2013 оны 4 дүгээр улиралд багтаан хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын тайлбар, 2008 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн №13/10/29 тоот “худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын” гэрээ, 000291548 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ, Худалдаа хөгжлийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт, “ХА” ХХК-ийн 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн талбайн хэмжилтийн зураг, Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтэсээс шүүхийн журмаар гаргуулсан нотлох баримт зэргээр тогтоогдож байна. /х.х-ийн 7-17, 46-57 тал/
Нэхэмжлэгч Х.Н нь гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрийг бүрэн төлж, хариуцагч “С” ХХК нь гэрээний зүйл болох үйлчилгээний заалыг хүлээлгэн өгсөн байх бөгөөд Х.Н нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202020809 дугаарт бүртгэгдэн 000291548 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр олгогджээ. /х.х-ийн 9-12, 46-57, 53-55 тал/
Зохигчдын хооронд байгуулагдсан 2008 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 13/10/29 дугаартай “худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын” гэрээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх тул гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, гүйцэтгэлийг шаардах эрхтэй.
Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд маргаагүй харин гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой эсэх асуудлаар маргаж байгаа болно.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг тул зохигчдын хооронд “худалдаа үйлчилгээний барилга захиалгаар бариулах ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдсан гэж үзнэ. /х.х-ийн 7-8 тал/
Хавтас хэргийн 46-57 дугаар талд шүүхийн журмаар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулсан нотлох баримт болох Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах буй “ хэмжээтэй гэж тэмдэглэгдсэн байгааг дангаар өмчлөх сууцны талбай гэж үзнэ.
Талуудын хооронд байгуулагдсан 2008 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн гэрээний 1.1-д ... оффис, үйлчилгээний зориулалттай барилгаас 2 дугаар давхрын №203 тоот нийт 73.46 м.кв /нийтийн эзэмшлийн талбай хамт/ гэсэн хэдий ч нийтийн эзэмшлийн талбай нь дангаар өмчлөх сууцны талбайд тооцогдохгүй, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д зааснаар дундын өмчлөлийн талбайд орох тул нэхэмжлэгчийн өмчлөж авсан 203 тоот үйлчилгээний заалны талбай хэмжээ 73,46 м.кв байхаар тохиролцсон гэж үзэхээр байна. /х.х-ийн 51, 57 тал/
Нэхэмжлэгч өөрийн захиалсан үйлчилгээний заалны талбайд “ХА” ХХК-иар 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хэмжилт хийлгэсэн байх бөгөөд дүгнэлтээр уг талбайн хэмжээ нь 62.76 м.кв гэж тогтоогджээ.
Х.Н нь гэрээнд заасан мөнгийг “С” ХХК-д бүрэн шилжүүлсэн боловч, тухайн үйлчилгээний заалны талбайн хэмжээ тохирсон хэмжээнээс бага байх тул зөрүү мөнгө шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-т зааснаар гэрээнд заасан тоо хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэх бөгөөд нэхэмжлэгчийн хүлээн авсан үйлчилгээний зориулалттай талбай нь гэрээнд зааснаас 10.7 м.кв талбайгаар дутуу байгаа болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, “ХА” ХХК-ийн дүгнэлтээр нотлогдсон гэж үзнэ. /х.х-ийн 13-18 тал/
Хариуцагч нь гэрээнд заагдсан хэмжээний талбайг хүлээлгэн өгсөн, “ХА” ХХК-ийн хэмжилтийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа боловч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч өөрийн татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.
Зохигчдын хэн алин нь өөрийн гаргаж буй шаардлагын болон татгалзлын үндэслэлийг нотлох үүргийг хуулиар хүлээдэг.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн “... хариуцагчийн хүлээлгэн өгсөн ... 203 тоотын үйлчилгээний заалны талбайн хэмжээ, гэрээгээр тохирсон хэмжээнээс бага байгаа нь “ХА” ХХК-ийн хэмжилтээр тогтоогдсон” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, “ХА” ХХК-ийн дүгнэлтийг хариуцагч баримтаар үгүйсгэж чадаагүй эрх, үүргээ хэрэгжүүлээгүй.
Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д “Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно” гэж,
349.2-т “Хууль буюу гэрээнд баталгаат хугацаа заасан бөгөөд уг хугацааны дотор ажлын дутагдлыг илрүүлсэн бол гомдлын шаардлага гаргах хугацааг дутагдал илрүүлсэн өдрөөс эхлэн тоолно” гэж,
349.3-т “Энэ зүйлд заасан гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолно” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон талбайн зөрүүний талаар гомдлын шаардлага гаргах, нэхэмжлэл гаргах эрхтэй. /х.х-ийн 13-18 тал/
Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.3-д зааснаар хариуцагч “С” ХХК нь 10.7 м.кв талбайн зөрүүд 20 223 ам.долларыг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй.
Зохигчид 2008 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн “Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын” гэрээгээр Х.Н нь “С” ХХК-ийн Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах буй “Пийс Тауэр” оффис үйлчилгээний зориулалттай барилгын 2 дугаар давхарт 203 тоотын 73.46 м.кв талбайг 1 м.кв талбайн үнийг 1890 ам.доллараар тооцож, 138 839 ам.доллараар бариулахаар харилцан тохиролцсон.
Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.2-д “хуулиар хориглоогүй бол талууд мөнгөн төлбөрийн үүргийг гадаадын мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэж болно” гэж заажээ.
Иймд талууд төлбөрийг гадаад мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэхээр гэрээгээр тохиролцсон байх тул гэрээ байгуулах үеийн ханшаар буюу 2008 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханш /1 ам.доллар х 1156.76 төгрөг/-аар тооцож, хариуцагч “С” ХХК нь 10.7 м.кв талбайн зөрүүд 23 393 157 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Нд олгож, нэхэмжлэлээс 22 058 438 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. /х.х-ийн 86 тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2, 77.5-д заасан журмын дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гд мэдэгдсэн боловч, тэрээр биечлэн оролцох боломжгүй тухайгаа шүүхэд мэдэгдсэн байх тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэж, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. /х.х-ийн 83-84 тал/
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.3-д зааснаар хариуцагч “С” ХХК-иас 23 393 157 /хорин гурван сая гурван зуун ерэн гурван мянга нэг зуун тавин долоон/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х.Нд олгож нэхэмжлэлийн шаардлагаас 22 058 439 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Нгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 385 210 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “С” ХХК-иас 274 915 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар давах болон хяналтын журмаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШЗ2017/02941 дүгээр захирамжаар авсан “шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” арга хэмжээ хүчинтэй хэвээр байхыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.ЦЭНГЭЛ