Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2001

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******,*******-ын гаргасан,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,289,566.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д., өмгөөлөгч Ж.,  хариуцагч Г., өмгөөлөгч Б., нарийн бичгийн дарга Ч.Нарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Д., өмгөөлөгч Ж. нар тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

            “Миний бие хариуцагч Г.тай олон жил сайн найзын харилцаатай байсан бөгөөд түүнийг мөнгө зээлээч гэж надаас гуйхад банкнаас хадгаламж барьцаалсан зээл авч, зээлдүүлсэн.

 

            Энэхүү үйл баримтыг дэлгэрэнгүй дурьдахад 2016 оны 09 дүгээр сард хариуцагч над руу ярьж, “Шангрилла малл”-д дэлгүүрийн бараа татахад мөнгө хэрэг болоод байна гэхэд би түүнд 5,000,000.00 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр, мөн 2016 оны 12 дугаар сард 1,000,000.00 төгрөгийг шилжүүлсэн юм.

 

            Хариуцагч тал энэ хугацаанд 3,000,000.00 төгрөгийн үндсэн төлбөрт, зээлийн хүүнд 161,300.00 төгрөгийг тус тус төлсөн боловч үлдэх 3,000,000.00 төгрөгийг хадгаламж барьцаалсан зээлийн хүү болох 289,566.00 төгрөгийн хамт төлөөгүй.

 

            Өөрөөр хэлбэл, би уг 6,000,000.00 төгрөгийг банкнаас зээлж, түүнд өгөхдөө  нийт 450,866.00 төгрөгийн хүү төлсөн бөгөөд үүнээс хариуцагч тал 161,300.00 төгрөгийг төлсөн тул үлдэх 289,566.00 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байгаа ба өнгөрсөн шинэ жилийн арга хэмжээнд миний өмнөөс хариуцагчийн төлсөн 200,000.00 төгрөгийг хасч, нийт 3,089,566.00 төгрөгийн авлагатай үлдсэн.

 

            Үүнээс 3,000,000.00 төгрөгийг үндсэн зээл, 89,566.00 төгрөгийг хадгаламжийн хүүнд төлсөн хохиролд тооцож байгаа бөгөөд хэрэгт авагдсан зээлийн талаар харилцан мессеж бичсэн үйл баримтын хувьд маргахгүй, хариуцагч тал надтай хамт европын орноор аялахдаа алдсан эд зүйлийн үнийг барьцаалах хэлбэрээр миний зээлийг буцаан төлөхгүй байгаа.

 

            Би, харилцан мессеж бичихдээ өгсөн зээлийг буцаан авахгүй гэж хэлээгүй, харин шинэ жилийн арга хэмжээнд төлсөн 200,000.00 төгрөгийг буцаан авахгүй, суутгаж тооцоход татгалзах зүйлгүй гэсэн юм.

 

            Иймд, хариуцагч Г.гаас үндсэн зээлийн үлдэгдэл 3,000,000.00 төгрөг, хохиролд 89,566.00 төгрөг, нийт 3,089,566.00 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

            Хариуцагч Г., өмгөөлөгч Б. нар тус шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Миний бие нэхэмжлэгч Д.Түмэннастай хамт Чех улсын Праг хотоор аялаад Герман улсаар дамжин Итал улсын Венец, Ромоор аялж дуусаад Термини гэдэг нэртэй Ромын вагоноос Наплес хот руу автобусны тасалбар авна, улмаар тээш хадгалах газар өгсөн ачаагаа авч, автобус хүлээж байсан.

 

Энэ үед нэхэмжлэгч Д.Түмэннаст өлсөж байна гэхээр нь би түүнд ойрхон харагдаж байсан хоолны газар руу хамт явъя гэхэд тэрээр ядарч байгаа учраас ачаагаа харж хоцорсон юм.

 

Ингээд намайг 5-8 минут орчим болоод буцаж ирэхэд Д.Түмэннаст зүүрмэглэсэн байдалтай сууж байсан ба миний ягаан өнгөтэй үүргэвч алга болсон байсныг цагдаагийн газар болон Монгол Улсын элчин сайдын яаманд мэдэгдэж, энэ тухай тэмдэглүүлсэн ба тухайн үед Д.Түмэннаст “найз нь чиний хохирлыг Монголд очоод барагдуулна” гэхэд би итгэж, энэ асуудлыг орхисон юм.

 

Гэтэл тэрээр Монголд буцаж ирсэний дараагаар европоор аялахад зориулагдсан зардлыг нэхэмжилж, харин миний хохирлыг барагдуулахгүй байгаад гомдолтой байгаа бөгөөд нэхэмжлэгчийн энэхүү хайнга, хариуцлагагүй үйлдлийн улмаас надад 13,072,591.00 төгрөгийн хохирол учирсан.

 

Би, нэхэмжлэгчээс 6,000,000.00 төгрөгийг шилжүүлэн авсан талаар маргаан байхгүй, үүнээс 3,000,000.00 төгрөгийг 161,300.00 төгрөгийн хамт буцаан төлсөн хэдий ч гагцхүү надад учирсан хохирлыг барагдуулахгүй байгаа атлаа европоор аяласан зардлыг зээл гэж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрхгүй.

 

Бидний хооронд зээлийн гэрээ байгуулж, зээлийг хүүтэй гэж тохироогүй бөгөөд нэхэмжилж буй 3,089,566.00 төгрөгийг надад учирсан хохиролд харилцан тооцоод эвлэрэх санал гаргасныг хүлээн авахгүй байх тул 13,072,591.00 төгрөгийг жич нэхэмжлэх болно.

 

Хэдийгээр бидний хооронд 6,000,000.00 төгрөгийг шилжүүлсэн тухай баримт байгаа боловч зээлийн гэрээ байгуулаагүй, гэрээний харилцаа үүсээгүй харин Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн харилцаа үүссэн гэж үзэж байгаа ба харилцан авлага, өглөг байх тул буцаан нэхэмжлэх эрхгүй юм.

 

Иймд, дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Д.Түмэннастаас хариуцагч Г.д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,289,566.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаасаа 200,000.00 төгрөгөөс татгалзаж, 3,089,566.00 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна.

 

            Энэхүү хэрэгт шүүхээс 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Д.Түмэннастаас 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр  хариуцагч Г.гийн “Хаан банк” ХХК дахь тоот дансанд 4,997,700.00 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 597,600.00 төгрөг, мөн 397,700.00 төгрөг, нийт 5,993,000.00 төгрөгийг шилжүүлсэн ба зохигчид нэхэмжлэгчийн “Төрийн банк” ХХК дахь тоот данс, хариуцагчийн “Хаан банк” ХХК дахь тоот дансны эзэмшигч этгээдийн талаар маргаагүй.

 

            Гэвч талууд энэхүү 5,993,000.00 төгрөгийг зээл мөн эсэх талаар харилцан маргаж, хариуцагчийн зүгээс өмнө төлсөн 161,300.00 төгрөгийг зээлийн хүү биш хэмээн татгалзаж байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан.

 

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан боловч гэрээний зүйл болох мөнгө буюу эд хөрөнгийг бодитоор зээлдэгчид шилжүүлээгүй тохиолдолд түүнд зээлийг буцаан төлөх үүрэг үүсэхгүй юм.

 

            Тодруулбал, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “эд хөрөнгө шилжүүснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно” гэж заасны дагуу тус хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.

 

            Хэдийгээр зохигчдын хооронд 5,993,000.00 төгрөгийг зээлэх тухай бичгийн хэлбэртэй гэрээ байгуулагдаагүй боловч тэдгээрийн хувьд зээлийн харилцаа бодит үйлдлээр хийгдэж бий болсон байна. Учир нь, Иргэний хуулийн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасны дагуу талууд зээлийг хүүтэй байхаар тохиролцсон нөхцөлд гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлагатай бөгөөд харин хүү тохиролцоогүй бол заавал бичгээр зээлийн гэрээг байгуулах шаардлагагүй тул зээлийн гэрээний зүйлийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэн өгснөөр зээлийн харилцаа үүсч болно.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Г.гаас 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 161,300.00 төгрөгийг “зээлийн хүү” гэж, мөн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 3,000,000.00 төгрөгийг “зээлийн хагас төлөлт” гэж нэхэмжлэгчид нийт 3,161,300.00 төгрөгийг төлсөн ба зохигчид энэхүү үйл баримтын талаар маргахгүй байгаагаас үзвэл тэдгээрт анхнаасаа зээлийн харилцаа үүсгэх хүсэл зориг байсан ажээ.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” гэж, түүнчлэн 41.2-т “Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана” гэж заасны дагуу хариуцагчийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр болон 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн үйлдлийг шинжилбэл түүний дансанд шилжсэн 5,993,000.00 төгрөгөөс 3,000,000.00 төгрөг болон 161,300.00 төгрөгийг “зээлийн хагас төлөлт, зээлийн хүү” гэж төлсөн нь хариуцагч тал дээр дурьдсан 5,993,000.00 төгрөгийг буцаан төлөх ёстой гэсэн сэдэл буюу эрх, үүргийг ухамсарласан байх тул зохигчдын хооронд зээлийн харилцаа үүссэн, үүсгэх хүсэл зориг тухайн үед байсан гэдгийг хариуцагч нь хожим өөрийн бодит үйлдлээр дэмжин илэрхийлсэн байна.

 

Иймд, зохигчдын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 206, 208-д тус тус зааснаар үүрэг гүйцэтгэгч тал гэрээгээр тохирсон үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд хэдийгээр хариуцагч Г. үндсэн зээл 5,993,000.00 төгрөгөөс 3,000,000.00 төгрөгийг төлсөн боловч тэрээр үлдэх зээлийг буцаан төлөөгүй байна.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл талууд зээлийг тодорхой хугацаатай байхаар харилцан тохиролцоогүй байх тул Иргэний хуулийн 283.1-д “Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ” гэж заасны дагуу хариуцагч нь зээлийн үлдэгдлийг буцаан төлөх үүрэгтэй юм.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Г. нийт 5,993,000.00 төгрөгөөс 3,000,000.00 төгрөгийг үндсэн зээлд, 161,300.00 төгрөгийг зээлийн хүү гэж тус тус төлсөн ба талууд шинэ жилийн баярын арга хэмжээнд нэхэмжлэгчийн өмнөөс хариуцагчийн төлсөн 200,000.00 төгрөгийг үндсэн зээлийн үлдэгдлээс суутган тооцох талаар маргахгүй байна.

 

Гэвч хариуцагчийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төлсөн 161,300.00 төгрөгийг зээлийн хүүнд тооцохгүй бөгөөд нэхэмжлэгч тал хүү шаардах эрхгүй юм. Учир нь, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар тухайн гэрээ, түүнд тусгагдсан гол нөхцөл хүчин төгөлдөр болох ба хэрэв хариуцагч тал зээлийн хүү төлж буй тохиолдолд тэдгээрийн хооронд хүүний талаар ямар нөхцөл, хувь хэмжээ, хугацаатай тохиролцсон гэдгийг тодорхой буюу ойлгомжтой илэрхийлсэн бичгийн хэлбэртэй хэлцэл байх ёстой.

 

Гэтэл нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд 5,993,000.00 төгрөгт хүүний талаар тодорхой хүсэл зоригийг илэрхийлсэн бичгийн хэлбэртэй хэлцэл байгуулагдаагүй байх тул хариуцагчийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэгчид төлсөн 161,300.00 төгрөгийг зээлийн хүү үзэхгүй учраас үүнийг үндсэн зээлээс хасч тооцох нь зүйтэй юм.

 

Нэхэмжлэгч Д.Түмэннастаас хариуцагч Г.д холбогдуулан зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс улбаалан тухайн зээлийг олгоход банкнаас авсан эх үүсвэрийн хүүнд төлсөн 89,566.00 төгрөгийг хохиролд тооцон нэхэмжилж байна.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заасан. Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгэгч этгээд хүлээсэн үүргээ зөрчсөнөөс улбаалан үүрэг гүйцэтгүүлэгч этгээдэд дээр дурьдсан хохирол учирсан тохиолдолд үүрэг гүйцэтгэгч нь тухайн хохирлыг хариуцах үүрэгтэй.

 

Гэтэл хэрэгт нэхэмжлэгч тал ийнхүү хариуцагчид 5,993,000.00 төгрөгийн зээлийг олгохдоо бусдаас хүүтэй зээлсэн үйл баримтыг нотлохгүй байгаагаас гадна түүний өөрийн хүсэл зоригийн дагуу дээрх хэмжээний мөнгийг хэн нэгэн этгээдээс зээлж авсанд хариуцагчийг буруутгах боломжгүй юм.   

 

Тодруулбал, нэхэмжлэгч Д.Түмэннастын хувьд бусдаас мөнгө зээлсэн үйл баримтыг иргэний эрх зүйн бие даасан харилцаа гэж үзэх бөгөөд уг зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчийн бусдын өмнө хүлээсэн эрх, үүрэг нь хариуцагчийн хүлээсэн үүрэгтэй шууд шалтгаант холбоогүй, хариуцагч тал үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчээс бусдад төлөх ёсгүй байсан зээл, зээлийн хүү буюу гарах ёсгүй зардал гарсан гэж үзэхгүй юм.

 

Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хуулиар хориглоогүй буюу хуульд шууд заагаагүй эрх, үүргийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж болно” гэжээ.

 

Энэ нь, аливаа иргэн эрх зүйн этгээд болохын хувьд өөрөө хүсэж, сайн дураар, хүсэл зоригоо илэрхийлж, эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцаанд оролцож, гэрээ болон хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлж, хариуцлага хүлээх тул нэхэмжлэгч нь хүсэл зоригийн дагуу бий болгосон харилцаанаас үүссэн үүргийг биелүүлэх үүрэгтэй, тухайн гэрээнээс бий болох эрсдэлийг хариуцах ёстой болно.

 

Иймд, нэхэмжлэгчийн гаргасан хариуцагчид холбогдох гэрээний үүргээ зөрчснөөс нэхэмжлэгчид 89,566.00 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.  

 

Шүүхээс дээр дурьдсныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагч тал нэхэмжлэгчид нийт 3,361,300.00 төгрөгийг төлсөн байх тул түүнээс 2,631,700.00 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 457,866.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар хариуцагч Г.гаас 2,631,700.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Түмэннастад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 457,866.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 67,600.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 57,057.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНДАЛБАЯР