Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 1638

 

Д.Түмэннастын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2017/02001 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Түмэннастын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.Дэлгэрмаад холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3 289 566 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Содномдаржаа,

Хариуцагч Г.Дэлгэрмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Даваажав нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч Г.Дэлгэрмаатай олон жил сайн найзын харилцаатай байсан бөгөөд түүнийг мөнгө зээлээч гэж гуйхад нь банкнаас хадгаламж барьцаалсан зээл авч, зээлдүүлсэн. 2016 оны 9 дүгээр сард хариуцагч над руу ярьж, мөнгө хэрэг болоод байна гэхэд би түүнд 5 000 000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр, мөн 2016 оны 12 дугаар сард 1 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Хариуцагч энэ хугацаанд 3 000 000 төгрөгийн үндсэн төлбөрт, зээлийн хүүнд 161 300 төгрөгийг тус тус төлсөн боловч үлдэх 3 000 000 төгрөгийг хадгаламж барьцаалсан зээлийн хүү болох 289 566 төгрөгийн хамт төлөөгүй. Өөрөөр хэлбэл, би 6 000 000 төгрөгийг банкнаас зээлж, түүнд өгөхдөө нийт 450 866 төгрөгийн хүү төлсөн бөгөөд үүнээс хариуцагч 161 800 төгрөгийг төлсөн тул үлдэх 289 566 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байгаа ба өнгөрсөн шинэ жилийн арга хэмжээнд миний өмнөөс хариуцагчийн төлсөн 200 000 төгрөгийг хасч, нийт 3 089 566 төгрөгийн авлагатай үлдсэн. Үүнээс 3 000 000 төгрөгийг үндсэн зээл, 89 566 төгрөгийг хадгаламжийн хүүнд төлсөн хохиролд тооцож байгаа бөгөөд хэрэгт авагдсан зээлийн талаар харилцан мессеж бичсэн үйл баримтын хувьд маргахгүй, хариуцагч тал надтай хамт европын орноор аялахдаа алдсан эд зүйлийн үнийг барьцаалах хэлбэрээр миний зээлийг буцаан төлөхгүй байгаа.

Би харилцан мессеж бичихдээ өгсөн зээлийг буцаан авахгүй гэж хэлээгүй, харин шинэ жилийн арга хэмжээнд төлсөн 200 000 төгрөгийг буцаан авахгүй, суутгаж тооцоход татталзах зүйлгүй гэсэн юм. Иймд хариуцагч Г.Дэлгэрмаагаас үндсэн зээлийн үлдэгдэл 3 000 000 төгрөг, хохиролд 89 566 төгрөг, нийт 3 089 566 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч Д.Түмэннастай хамт Чех улсын Праг хотоор аялаад Герман улсаар дамжин Итали улсын Венец, Ромоор аялж дуусаад Термини гэдэг нэртэй Ромын вагоноос Наплес хот руу автобусны тасалбар авна, улмаар тээш хадгалах газар өгсөн ачаагаа авч, автобус хүлээж байсан. Энэ үед нэхэмжлэгч Д.Түмэннаст өлсөж байна гэхээр нь би түүнд ойрхон харагдаж байсан хоолны газар руу хамт явъя гэхэд тэрээр ядарч байгаа учраас ачаагаа харж хоцорсон юм. Намайг 5-8 минут орчим болоод буцаж ирэхэд Д.Түмэннаст зүүрмэглэсэн байдалтай сууж байсан ба миний үүргэвч алга болсон байсныг цагдаагийн газар болон Монгол Улсын элчин сайдын яаманд мэдэгдэж, энэ тухай тэмдэглүүлсэн ба тухайн үед Д.Түмэннаст “найз нь чиний хохирлыг Монголд очоод барагдуулна” гэхэд би итгэж, энэ асуудлыг орхисон юм. Гэтэл тэрээр Монголд буцаж ирсний дараагаар европоор аялахад зориулагдсан зардлыг нэхэмжилж, харин миний хохирлыг барагдуулахгүй байгаад гомдолтой байгаа бөгөөд нэхэмжлэгчийн энэхүү хайнга, хариуцлагагүй үйлдлийн улмаас надад 13 072 591 төгрөгийн хохирол учирсан. Би нэхэмжлэгчээс 6 000 000 төгрөгийг шилжүүлэн авсан талаар маргаан байхгүй. Үүнээс 3 000 000 төгрөгийг 161 300 төгрөгийн хамт буцаан төлсөн хэдий ч гагцхүү надад учирсан хохирлыг барагдуулахгүй байгаа атлаа европоор аяласан зардлыг зээл гэж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Бидний хооронд зээлийн гэрээ байгуулж, зээлийг хүүтэй гэж тохироогүй бөгөөд нэхэмжилж буй 3 089 566 төгрөгийг надад учирсан хохиролд харилцан тооцоод эвлэрэх санал гаргасныг хүлээн авахгүй байх тул 13 072 591 төгрөгийг жич нэхэмжлэх болно. Хэдийгээр бидний хооронд 6 000 000 төгрөгийг шилжүүлсэн тухай баримт байгаа боловч зээлийн гэрээ байгуулаагүй, гэрээний харилцаа үүсээгүй, харин Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн харилцаа үүссэн гэж үзэж байгаа ба харилцан авлага, өглөг байх тул буцаан нэхэмжлэх эрхгүй. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар хариуцагч Г.Дэлгэрмаагаас 2 631 700 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Түмэннастад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 457 866 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 67 600 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 57 057 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2017/02001 дугаартай шийдвэр нь шүүхийн шийдвэр хууль ёны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, хэрэгт нотлох баримтаар өгсөн “хэргийн оролцогч Д.Түмэннаст, Г.Дэлгэрмаа нарын хооронд мессэнжир хаягт бичигдсэн тэмдэглэл”-ийг шүүх хуралдаан дээр судалсан боловч энэ талаар шүүх үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн алдаа гэж үзэж байна.

1. Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс Д.Түмэннаст, Г.Дэлгэрмаа нарын хооронд 2016 оны 9 дүгээр сард өгөлцөж, авалцсан 4 993 000 төгрөгийг зээлийн харилцаа үүссэн гэж үзэхгүй байна. Тодруулбал, Д.Түмэннаст Европын орнуудаар аялалд хамт явахын тулд “аялалдаа хэрэглэ” гэж сайн дураараа шилжүүлсэн бөгөөд энэ мөнгөний 2 600 000 төгрөг нь хулгайд алдагдсан эд зүйлстэй хамт алга болсон. Үүргэвчээ хулгайд алдах болсон шалтгаан нь Д.Түмэннастын хайнга, болгоомжгүй үйлдэлтэй шууд холбоотой. Энэ талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй.

2. Хэрэгт нотлох баримтаар мессэжээр харилцсан мэдээллийг хэвлэж өгсөн. Энэ талаар Д.Түмэннаст маргаагүй. Д.Түмэннаст дээрх мэдээлэлд “ ...за за найз нь тэгүүл мөнгөө нэхэхгүй ... хохиролдоо суутгаж байгаа бол аваа ав...” гэсэн. Энэ тухайгаа шүүх хуралдаан дээр “... хэрэгт авагдсан зээлийн талаар харилцан мессеж бичсэн үйл баримтын хувьд маргахгүй ... би харилцан мессэж бичихдээ өгсөн зээлийг буцаан авахгүй гэж хэлээгүй ...”   гэж тайлбарладаг.

Г.Дэлгэрмаагийн хувьд Европын орнуудаар аялах шаардлага байгаагүй бөгөөд өндөр зардалтай аялалд явахгүй гэдгээ Д.Түмэннастад хэлэхэд “надаас мөнгө ав, аялалдаа хэрэглэ” гэж өөрийн санаачилгаараа мөнгө шилжүүлсэн ба хулгайд алдагдсан эд зүйлд дээрх мөнгө байхгүй болж, улмаар Д.Түмэннаст нь “хохиролдоо суутгаж аваа ав” гэж хүсэл зоригоо илэрхийлсэн дээрх баримтыг шүүх үнэлэхгүй байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн алдаа гэж үзэж байна. ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу дээрх бичгийн нотлох баримтыг үнэлээгүйд гомдолтой байна.

Иймд хэргийн тал бүрээс нь нягтлан үзэж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

 

Нэхэмжлэгч Д.Түмэннаст нь хариуцагч Г.Дэлгэрмаад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3 289 566 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 200 000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Г.Дэлгэрмаа нь 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 4 997 700 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 597 600 төгрөг, 397 700 төгрөг, нийт 5 993 000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Түмэннастаас зээлж авсан болох нь талуудын тайлбар болон нэхэмжлэгчийн Төрийн банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байх ба зохигчдын хооронд бичгийн гэрээ байгуулагдаагүй боловч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

Нэхэмжлэгч Д.Түмэннастын Голомт банкны дансны хуулгаас үзэхэд хариуцагчаас 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 161 300 төгрөгийг зээлийн хүү, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 3 000 000 төгрөгийг зээлийн хагас төлөлт гэсэн гүйлгээний утгаар нэхэмжлэгчид шилжүүлжээ. Мөн нэхэмжлэгчийн өмнөөс шинэ жилийн баярын зардалд 200 000 төгрөгийг хариуцагч төлснийг нэхэмжлэлээс хасаж тооцох талаар маргаагүй байна. /хэргийн 7-8 дугаар тал/

 

Талууд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хүү тогтоосон гэрээг бичгээр байгуулаагүй болон хариуцагчид зээлсэн уг мөнгөнд тооцон нэхэмжлэгч бусдад 89 566 төгрөгийн хүү төлж, хохирсон болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Түмэннастын хариуцагчид гэж 5 993 000 төгрөгөөс дээрх 3 361 300 төгрөгийн төлөлт хийгдсэн гэж шүүх зөв дүгнэжээ.

 

Анхан шатны шүүх 3 089 566 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 2 631 700 төгрөгийг хангаж, үлдэх хэсэг болох 457 866 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Энэ талаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй байна.

 

Хариуцагч дээрх мөнгийг нэхэмжлэгчээс зээлээгүй, европын орнуудаар аялахад зориулж хэрэглэ гэж өгсөн, улмаар түүний эд зүйлийг хулгайд алдсаны хохиролд тооцож суутгахаар тохиролцсон гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан журмын дагуу баримтаар нотлоогүй байна. Гадаад улсад аялаж байхдаа хариуцагчийн эд хөрөнгө алдагдаж, нэхэмжлэгч дээрх мөнгийг хохиролд тооцох эсэх талаар талууд цахим захидлаар харилцан маргалдаж байсан үйл баримт нь хариуцагч уг мөнгийг төлөхөөс чөлөөлөгдөх буюу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан гэх үндэслэл болохгүй юм.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулах тухай хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2017/02001 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57 057 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.МӨНХЗУЛ

     

                                       ШҮҮГЧИД                                    Д.ЦОГТСАЙХАН

 

                                                          С.ЭНХТӨР