Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 937

 

                                                        Д.Н-т холбогдох эрүүгийн

                                                                   хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч Ц.Оч, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор С.Энхтуул,

хохирогч Т.Жигмэддагва, түүний өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч Д.Н-ийн өмгөөлөгч Т.Сайнбаяр,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 287 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, хохирогч Т.Жигмэддагвын гаргасан давж заалдах гомдлоор Д.Н-т холбогдох эрүүгийн 201725031183 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Баян буурал овгийн Д.Н-, 1975 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 43 настай, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй /РД:/,

            Д.Н- нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Т.Жигмэддагвад “Солонгос улс руу хүмүүс явуулж байсан, Хөдөлмөрийн яаманд ажилладаг, энэ оны 2 дугаар сарын 23-ны өдөр 20 хүний квот байгаа, тэрэндээ багтааж хүмүүс явуулна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр 11.500.000 төгрөгийг, 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 10.000.000 төгрөгийг, 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр 5.000.000 төгрөгийг нийт 26.500.000 төгрөгийг,

            - Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.Соёлмаад “Манай дүү Гадаад харилцааны яаманд ажилладаг, оны өмнө Солонгос улс руу 10 хүн явуулсан, одоо цагаан сараас өмнө 10 хүн явуулна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр 5.000.000 төгрөгийг тус тус залилан авч, бусдад нийт 31.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

          Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Д.Н-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Н-ийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон мэхлэж, эд хөрөнгийг залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр нийт 3 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Н-ээс нийт 21.500.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Т.Жигмэддагвад олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Д.Н-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 2 сарын хугацаанд Т.Жигмэддагвад учруулсан хохирол болох 21.500.000 төгрөгийг бүрэн төлөхийг үүрэг болгож, энэ хэрэгт Д.Н-ийн өмчлөлд байх улсын бүртгэлийн Ү-2204016100, Г-2204002127 дугаартай Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөм 24 дүгээр гудамжны 5А тоот хувийн сууц, газрыг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Д.Н- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, Д.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч Т.Жигмэддагва давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Д.Н- нь төрийн байгууллага, албан тушаалтны нэр барин “Солонгос улсад ажиллах урт хугацааны виз гаргаж өгнө” хэмээн миний бие Т.Жигмэддагваар дамжуулан төрөл, садан, найз нөхөд болох 12 хүнийг залилан мэхлэж, сэтгэл санааны болон эд хөрөнгийн асар их хохирол учруулсан. Тэрээр бусдыг залилж, амар хялбар аргаар мөнгө олж, өөрөө Солонгос улс руу зугтаах санаа зорилго агуулан, бусдад итгэл үнэмшил төрүүлэхүйц үг, яриаг маш сайн төлөвлөж, олон гэр бүлийг хохироосон. Гэтэл шүүх түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирлын асуудлыг сайтар анхаарч үзэлгүйгээр, зөвхөн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх байдлаар хандаж, хэт нэг талыг барьсанд гомдолтой байна. Анхан шатны шүүх шийтгэх тогтоол уншиж танилцуулсанаас хойш 4 сар гаруй хугацаа өнгөрөхөд шүүгдэгч Д.Н- нь хохирлыг барагдуулах талаар идэвхи санаачилга гаргалгүй, шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэсэн билээ. Энэ нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль залилан мэхлэгчдэд ашигтай хууль болсон мэтээр нийгмийг буруу чиглэл рүү түлхэж байна. Иймд шүүгдэгчийн хохирол барагдуулах хүсэл эрмэлзэлгүй байдлыг харгалзан ялыг нь биеэр эдлүүлэн, албадан хөдөлмөр эрхлүүлж хохирлыг барагдуулахаар шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Хохирогч Т.Жигмэддагвын өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хохирогч Т.Жигмэддагвын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгч Д.Н-ийн хувьд өнөөдрийг хүртэлх хугацаанд хохирол төлбөрийг төлөөгүй...” гэв.

Шүүгдэгч Д.Н-ийн өмгөөлөгч Т.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Д.Н- нь бага ангийн багш ажилтай бөгөөд цалингаа хуримтлуулж, дээр нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж хохирол төлбөрийг нөхөн төлж барагдуулахаа илэрхийлсэн байдаг. Шийтгэх тогтоолд  Д.Н-ийн өмчлөлд байх улсын бүртгэлийн Ү-2204016100, Г-2204002127 дугаартай Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөм 24 дүгээр гудамжны 5А тоот хувийн сууц, газрыг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, битүүмжлэлийг чөлөөлөхөөр заасан. Өнөөдрийн байдлаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй. Энэ нь хохирогч Т.Жигмэддагваас шалтгаалсан. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд шүүгдэгч Д.Н- нь өөрийн цалингаа хуримтлуулж нийт 3.100.000 төгрөгийг хохирогч Т.Жигмэддагвын дансанд шилжүүлсэн байдаг. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

Прокурор С.Энхтуул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх шүүгдэгч Д.Н-ийн хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо тодорхой хэмжээгээр төлсөн, үлдэх хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, 2 сарын хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсэн нь үндэслэл бүхий болсон. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Д.Н- нь “Би Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн яаманд ажилладаг, Солонгос улс руу 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 20 хүн явуулна” гэж хуурч, иргэн Т.Жигмэддагваас 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр зээлийн гэрээ байгуулах замаар 11.500.000 төгрөгийг, 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 10.000.000 төгрөгийг, 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр 5.000.000 төгрөгийг, нийт 3 удаагийн үйлдлээр 26.500.000 төгрөгийг бэлнээр авсан,

мөн “Манай дүү Гадаад харилцааны яаманд ажилладаг, цагаан сараас өмнө Солонгос улс руу 10 хүн явуулна” гэж хуурч, иргэн С.Соёлмаагаас 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр 5.000.000 төгрөгийг бэлнээр авсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдлоо.

Хохирогч Т.Жигмэддагва, С.Соёлмаа нар нь Д.Н-т мөнгө өгөх болсон шалтгаан, өгсөн мөнгөнийхөө тоо хэмжээ, эх үүсвэрийн талаар /хх-ийн 42-47, 49-50/ тодорхой, тогтвортой мэдүүлж, түүнийхээ эх сурвалжийг зааж чадсан байх бөгөөд энэ нь гэрч Т.Майдаржав /хх-ийн 54-55/, О.Хандам /хх-ийн 63-64/, Б.Тэлмүүн /хх-ийн 66-67/, Б.Нарантуяа /хх-ийн 68-69/ нарын өгсөн мэдүүлэг, Д.Н-ийн гаргасан баталгаа /хх-ийн 86-88/, Т.Жигмэддагва, Д.Н- нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ /хх-ийн 89/, холбогдох мөнгөн орлого, зарлагын гүйлгээ хийгдсэн талаарх банкны дансны хуулга /хх-ийн 20-23/ зэргээр давхар нотлогджээ.

Шүүгдэгч Д.Н- нь хохирогч нараас үлэмж хэмжээний мөнгийг авахдаа өөрийгөө Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн яаманд, дүүгээ Гадаад харилцааны яаманд ажилладаг мэтээр ойлгуулж, “Солонгос улсад ажиллах виз гаргаж өгнө, холбогдох бичиг баримтыг чинь хөөцөлдье” гэж хэлсэн зүйл нь бодитойгоор хэрэгжих үндэслэл тогтоогоогүй бөгөөд тэрээр зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг өөртөө авч хэрэглэсэн байдал тогтоогдож байна.   

Хохирогч нарын хохирсон байдлын талаарх мэдүүлгүүд нэгэн адил утга бүхий байх бөгөөд Д.Н-ийн үйлдлийг шууд санаа, шунахай зорилготой гэмт үйлдэл гэж үзэх үндэслэлтэйн гадна, тэрээр бусдад учруулсан хохирлыг дангаар хариуцан арилгавал зохино.

Дээрх байдлыг үндэслэн, шүүгдэгч Д.Н-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авснаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв болжээ.         

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэхийн зэрэгцээ, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэхэд оршдог.

Шүүгдэгч Д.Н- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос тодорхой хэсгийг нөхөн төлсөн, цаашид үлдэх хохирлоо өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж төлж барагдуулахаа илэрхийлсэн байна.

Анхан шатны шүүхээс дээрх байдлыг харгалзан шүүгдэгч Д.Н-т тухайн зүйлд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөх хугацааг тогтоон, үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Хохирогч Т.Жигмэддагва давж заалдсан гомдолдоо “...Д.Н- нь хохирлыг барагдуулах талаар идэвхи санаачилга гаргалгүй, шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэсэн тул түүгээр албадан хөдөлмөр эрхлүүлж хохирлыг барагдуулахаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Анхан шатны шүүх Д.Н-т холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн байх бөгөөд ийнхүү шийдвэрлэхдээ Д.Н-ийн “...өөрийн хувийн сууц, газрыг худалдан борлуулж хохирлыг барагдуулна...” гэх мэдүүлгийг үндэслэн, түүний өмчлөлийн хувийн орон сууц, газрыг шийдвэр хүчин төгөлдөр болмогц битүүмжлэлээс чөлөөлөхөөр заасан.

Гэвч анхан шатны шүүхийн шийдвэрийг хохирогч Т.Жигмэддагва нь өөрөөс хамааралтай тодорхой шалтгааны улмаас 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр гардан авч, улмаар 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдөр давж заалдах гомдол гаргаснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй байна.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шийдвэрт оролцогч гомдол гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэр түдгэлзэж, уг шийдвэрийг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүснэ.

Түүнчлэн давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах явцад, шүүгдэгч Д.Н-ийн зүгээс 3.100.000 төгрөгийг хохиролд нөхөн төлсөн зэргээс үзэхэд түүнийг хохирол барагдуулах идэвхи санаачилга гаргаагүй, шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэсэн гэж дүгнэх үндэслэлгүй байна. 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Т.Жигмэддагвын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 287 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Т.Жигмэддагвын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ОЮУНЧУЛУУН

                                 ШҮҮГЧИД                                                   Ц.ОЧ

                                                                                                     Н.БАТСАЙХАН