Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2019/00798

 

Ц.Ч-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

     Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн           

          2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 142/ШШ2019/00025 дугаар шийдвэр,

          Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 23 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Ц.Ч-

          Хариуцагч: “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-д холбогдох

          “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн захирлын 2018-11-12-ны өдрийн Б/266 дугаар тушаалыг хүчингүй болгох, урьд ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтансүх, нарийн бичгийн даргад Ч.Уранбилэг нар оролцов.

 

         Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн Түлш тээврийн цехэд 13 жил тасралтгүй үйлчлэгчээр ажилласан. Гэтэл 2018-11-02-ны өдөр Цехийн дарга намайг дуудан ёс зүйн хороонд танай цехийн инженерүүд гомдол гаргасан байна гэж хэлсэн. Яг одоо хариу тайлбар бич гэсэн. Ёс зүйн хороонд бичгээр гомдол ирсэн бол гомдлыг танилцуулах байсан ч танилцуулаагүй тайлбар авсан.Ёс зүйн хорооны хуралдааныг хүлээж байтал 2018-11-09-ний өдөр “ажлын байрыг сольсон байна” гэж хэлсэн. Ёс зүйн хороо хуралдалгүйгээр, ирсэн гомдлын үнэн зөвийг шалгаж тогтоогоогүй, ёс зүйн хорооноос ямар ч дүгнэлт гаргаагүй байхад 2018 -11-12-ны өдрийн Б/266 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай захирлын тушаал гарч 2018-11-13-ны өдөр ажлын байрыг сольсон. Ёс зүйн хороонд ирсэн гомдлыг ёс зүйн дүрмэнд заасны дагуу шалган тогтоогоогүй байж ажлын байрыг минь өөрчилсөн, хүнд нөхцөлд ажиллаж байхад энгийн нөхцөл рүү шилжүүлсэн, мөн үндсэн цалин удаан жилийн нэмэгдэл 35% байсан 30% болгож 5%-р бууруулсан тушаал гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн тушаалд “удирдлагын санал”-р гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн 2018-11-12-ны өдөр гарсан Б/266 дугаартай тушаалыг надад 2018-11-13-ны өдөр танилцуулсан, эх хувиар нь надад гардуулж өгөөгүй . Иймд “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-н 2018-11-12-ны өдрийн Б/266 дугаар тушаалыг хүчингүй болгож,түлш дамжуулах цехийн үйлдвэрлэлийн цэвэрлэгээ үйлчилгээний үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

        Хариуцагч тайлбартаа: Үйлчлэгч Ц.Ч- нь өөрийн ажлын байрны тодорхойлолтод заасан шууд харьяалагдах албан тушаалтнууд болох ашиглалтын инженер, цехийн инженерүүд, инженер техникийн ажилтнуудын тавьсан үүрэг даалгаврыг байнга эсэргүүцэж, цаг хугацаанд нь гүйцэтгэдэггүйн улмаас ажилчид бохир орчинд ажиллаж эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлдөг. Мөн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлдэг, төлөвлөгөөт ажлыг тогтоосон цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэдэггүй зэргийг нь үндэслэн ажлын байрыг нь өөрчилж, хөдөлмөрийн нөхцөлийг нь сайжруулсан. Үйлчлэгч нарын цэвэрлэгээ, зан харьцаа ёс суртахуунд нь хяналт тавих эрх бүхий албан тушаалтан (ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй) бага эмч З.Цогзолмаад 1 сар сануулах арга хэмжээ авсан. Харин Ч-т сахилгын арга хэмжээг аваагүй. Үйлчлэгч Ц.Ч-ын ажлын байрыг өөрчлөөгүй, өөр ажилд шилжүүлээгүй, түүний ачааллыг хөнгөлж түлш дамжуулах цехээс, захиргаа удирдлага руу шилжүүлсэн нь түүний хөдөлмөрлөх нөхцөл, цалин мөнгөөр нь хохироогоогүй учир нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4.13-т заасан хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгоход нөлөөлөх зүйлгүй юм. Үйлчлэгч Ц.Ч- нь хөдөлмөрийн хүнд нөхцөлд тус компанид нийт 13 жил ажиллажээ. Дээрх хуульд зааснаар нийтдээ 20-с доошгүй жил үүнээс 10-с доошгүй жил нь хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгал төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол тэтгэвэр тогтоолгох эрх нь нээгддэг учир түүний ямар нэгэн эрх зөрчигдөөгүй байна. Түүний ажлын нөхцөлийг сайжруулснаар 538.661 төгрөгийн цалин авч байгаа болно. Эндээс харахад үндсэн цалин болон нэмэгдлийг, нэг ч төгрөгөөр бууруулаагүй гэжээ.

 

       Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 142/ШШ2019/00025 дугаар шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан Эрдэнэтийн дулааны цахилгаан станц төрийн өмчит хувьцаат компанийн захирлын 2018-11- 12-ны өдрийн Б/266 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ц.Ч-ыг Эрдэнэтийн дулааны цахилгаан станц төрийн өмчит хувьцаат компанийн түлш дамжуулах цехийн үйлдвэрлэлийн цэвэрлэгээ үйлчилгээний ажилтны ажилд эгүүлэн томилж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, Эрдэнэтийн дулааны цахилгаан станц төрийн өмчит хувьцаат компаниас 70.200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

        Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 23 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 142/ШШ2019/00025 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтансүхийн гаргасан гомдлыг хангахгүй орхисон байна.

 

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Шүүх Ц.Ч-ын нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад ИХШХШТХ-ийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэсэн байхад хариуцагч талын гаргаж өгсөн Ц.Ч-тай холбоотой баримтуудад бодит дүгнэлт хийсэнгүй. Ц.Ч-ын хувийн байдал, ажилдаа хандаж байгаа хандлага, удирдах ажилтнуудаас өгсөн үүрэг даалгавруудыг биелүүлдэггүй зэрэг байдал нь түүний ажлын байрыг солихоос өөр аргагүй байдалд хүргэсэн.Энэ нь нотлогдсоор байтал шүүх . зөвхөн тушаалын хууль хэрэглээнд дүгнэлт хийн шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна. Ц.Ч-ын ажлын байрыг өөрчилснөөр түүний Үндсэн хуульд заасан ямар нэгэн эрх нь огт зөрчигдөөгүй бөгөөд түүний ажлын орчин нөхцөл нь сайжирсан болох нь түүний шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн тайлбар мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдох юм. Байгууллагын инженер техникийн ажилтнуудын саналыг шүүх нэхэмжлэгчийн ажилдаа тэнцэхгүй байгааг нотлохгүй гэжээ. Тухайн байгууллагын цэвэрлэгээ үйлчилгээн дээр мэргэжлийн комиссын дүгнэлт гаргуулах шаардлагатай гэсэн шүүхийн хийгээд байгаа дүгнэлт үндэслэлгүй юм. Яагаад гэвэл Ц.Ч-ыг захиргаа аж ахуйд үйлчлэгчээр ажиллуулж байгаа болохоос түүний ажлыг солиогүй юм. Энэ бол сэлгэн ажиллуулж түүний хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулсан. Ц.Ч-ын ажлын байрыг өөрчилсөн тушаал дээр Л.Эрхбаатарын өмнөөс түүнийг орлох эрхгүй санхүү хариуцсан захирал гарын үсэг зурсан байна гэжээ. Санхүү хариуцсан дэд захирал биш, Үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал гарын үсэг зурсан. Манай байгууллагын хөдөлмөрийн дотоод журмаар гүйцэтгэх захирлын эзгүйд Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал буюу дэд захирал түүнийг орлон гүйцэтгэж байхаар зохицуулалт байгаа учраас тушаал дээр гарын үсэг зурсан нь хууль зөрчөөгүй Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Ц.Ч- 2018-11-14-ний өдөр “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” Төрийн өмчит хувьцаат компанид холбогдуулан нэхэмжлэл гаргаж, захирлын 2018-11-12-ны өдрийн Б/266 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, компанийн түлш дамжуулах цехийн үйлдвэрлэлийн цэвэрлэгээ үйлчилгээний ажилтны ажилд эгүүлэн тогтоолгохыг шаардсан байна. Нэхэмжлэгч үндэслэлээ тайлбарлахдаа “...удирдлагын хүсэлтээр гэсэн нь үндэслэлгүй...ажил солих талаар хэлээгүй...” гэсэн байна. 

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...удирдлагын санал, ажлын шаардлагыг харгалзан тушаал гаргасан...” гэсэн тайлбар өгчээ. 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтансүх хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан боловч хариуцагч “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Эрхбаатар 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Б/86 дугаар тушаал гаргаж Ц.Ч-ыг түлш дамжуулах цехийн ашиглалтын хэсэгт үйлдвэрийн цэвэрлэгээ, үйлчилгээний ажилтнаар томилсон. Нэхэмжлэлийг зөвшөөрч байна” гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрсөн тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 142/ШШ2019/00025 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 23 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК нь   “...2018-11-12-ны өдрийн Б/266 дугаар тушаалыг хүчингүй болгох, түлш дамжуулах цехийн үйлдвэрлэлийн цэвэрлэгээ үйлчилгээний ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох...” тухай  Ц.Ч-ын нэхэмжлэлийг зөвшөөрснийг батлаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 142/ШЗ2019/01139 дүгээр захирамжаар хариуцагч “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК хяналтын журмаар гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                         ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ