Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 877

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.Зд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

          прокурор Ц.Гантулгабат,

          шүүгдэгч Ч.З, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,

          нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 2060 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Гантулгабатын бичсэн 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 87 дугаартай прокурорын эсэргүүцлээр Ч.Зд холбогдох эрүүгийн 1806 0447 81185 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Хүрлүүд овгийн Ч-н З, 1978 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн ....... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн ....... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:...../;

 

Ч.З нь 2018 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Халдвартын эмнэлгийн орчим иргэн Л.Нын жолоодон явсан 78-58 УНХ улсын дугаартай “Тоёота приус 11” загварын автомашины салхины шилийг чулуу шидэн хагалж, их гэрлийг нь өшиглөж гэмтээсний улмаас 460.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Ч.Згийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Хэрэгт, шүүгдэгч Ч.З нь 2018 оны 5 дугаар сарын 13-ны өдөр иргэн Л.Нын жолоодон явсан 78-58 УНХ улсын дугаартай “Тоёота пруис 11” загварын автомашины салхины шилийг чулуу шидэж хагалан, их гэрлийг нь өшиглөж гэмтээн 460.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт мөн өдөр хохирогч Л.Нт зодуулж, биедээ хөнгөн зэргийн гэмтэл авсандаа гомдол гарган шалгуулж байгаа гэсэн нь хэрэгт авагдсан өргөдөл, хохирогчийн мэдүүлэг, холбогдогчийн мэдүүлэг, гэрч Д.Сарангаравын мэдүүлэг, гэрчээр Л.Наас мэдүүлэг авсан тэмдэглэл, хохирогч Ч.Згийн мэдүүлэг, шинжээчийн 6264 дугаартай Ч.Згийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.

Хэдийгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж зааснаар гэмт хэрэг тус бүрт ял оногдуулж болохоор заасан хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал болох тухайн гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр, ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг нотлоогүй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлоогүй байгаа нь мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна гэж үзэж, Ч.Зд холбогдох эрүүгийн хэргийг дүүргийн прокурорын газарт буцаан шийдвэрлэжээ.

 

            Прокурор Ц.Гантулгабат бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... шүүгчийн захирамжийг 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, дараах үндэслэлээр эсэргүүцэл бичиж байна. Үүнд:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд заасан хэргийг прокурорт буцаах тухай хуулийн зохицуулалтыг авч үзвэл зөвхөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх тохиолдолд прокурорт буцаах асуудлыг зохицуулсан хуулийн зүйл, заалт болох нь илэрхий бөгөөд маш ойлгомжтой байна. Гэвч Ч.Зд холбогдох шүүхийн хэлэлцүүлэг нь яллагдагч Ч.Згийн бичгээр гаргаж өгсөн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах шаардлагагүй, хэргийг түргэн шуурхай шийдэж өгнө үү гэх утга бүхий хүсэлтийг нь үндэслэл болгож яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн шүүгчийн захирамж гарсны дараа товлогдсон шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэлэлцэн тогтоох шүүхийн хэлэлцүүлэг байсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Монгол Улсын нэрийн өмнөөс гаргах шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байна.” гэжээ. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хурлаар хэргийг хянан хэлэлцээд шүүхээс гаргах шийдвэр нь зөвхөн шийтгэх эсхүл цагаатгах хэлбэртэй байх ёстойг хоёрдмол утгагүй, бүрэн тодорхой хуульчилсан атал анхан шатны шүүхээс хэрэглэх ёсгүй хуулийн зүйл, заалт хэрэглэж, үндэслэлгүйгээр хэргийг прокурорт буцаасан байна.

2. Шүүгчийн захирамжид дурдаж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй гэж үзжээ.

Прокурорын зүгээс Ч.Зд холбогдох хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн гэдгийг хангалттай нотлох баримт хэрэгт авагдсан гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоодог. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэгдсэн бодит байдлыг улсын яллагч бүрэн бодитой сэргээн дүрсэлж, нотолж чадсан эсэхийг шүүхийн хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцсэний үндсэн дээр шүүхийн шийдвэр гарах учиртай. Гэвч шүүхийн хэлэлцүүлгээр нотлох баримтыг шинжлэн судлахаас өмнө шүүгч тухайн хэргийг нотлогдоогүй байна хэмээн үзэж, хэргийг прокурорт буцааж буй нь үндэслэлгүй байна.

3. Шүүхийн хэлэлцүүлгээр өмгөөлөгчийн зүгээс яллагдагч Ч.Згийн биед хохирол учруулсан гэх хэргийг тус хэрэгтэй нэгтгэн шалгуулах ёстой хэмээн тайлбар гаргаж, анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг тогтоогдсон гэж үзжээ.

Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлд, эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах асуудлыг зохицуулсан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно.” гэжээ. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл нэгдүгээрт, зөвхөн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэж, эсхүл тусгаарлаж болохоор байна. Хоёрдугаарт, нэг цаг хугацаанд үүссэн 2 өөр зүйл заалтад заасан 2 өөр төрлийн гэмт хэргийг үйлдсэн харилцан эсрэг хохирогч, яллагдагчаар татагдах хэргийг нэгтгэх хууль зүйн боломжгүй. Гуравдугаарт, тухайн хуулийн зүйл, заалтаас авч үзвэл эрүүгийн хэргийг нэгтгэж болох тухай боломжийг зохицуулсан болохоос биш заавал нэгтгэнэ гэсэн агуулгыг хууль тогтоогчийн зүгээс хуульчлаагүй болох нь агуулга, үг зүйн сонголтын хувьд тодорхой байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэв.

 

Шүүгдэгч Ч.З тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...таксины мөнгөнөөс болж маргалдсан...” гэв.

 

Шүүгдэгч Ч.Згийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны, үндэслэлтэй гарсан учраас захирамжийг хэвээр үлдээх саналтай байна. Хэрэгт авагдсан баримтууд хангалттай нотлогдоогүй байсан. Гэм буруугийн хуралдаанд шинээр нотлох баримт гарсан тохиолдолд шүүх хэргийг буцааж болно ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Мөрдөн байцаалтаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар бүрэн шалгажээ.

 

Шүүх, Ч.Зд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” буюу хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж, хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, үйл баримтад болон шүүгдэгч гэм буруутай эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэх боломжтой.

 

Шүүгдэгч Ч.Зд хохирогч Л.Нын үйлдлийн улмаас биед нь хөнгөн хохирол учирсан гэх өөр хохирогч, яллагдагчтай гэмт хэргийг  тусад нь шийдвэрлэх боломжтой тул заавал нэгтгэн шалгах шаардлагагүй бөгөөд шүүх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг буруу тайлбарласан байна.

 

Иймд “… шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх …”-ээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Ч.Зд холбогдох хэргийг тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 2060 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Ч.Зд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч Ч.Зд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Т.ӨСӨХБАЯР

 

                                 ШҮҮГЧИД                                              Л.ДАРЬСҮРЭН

 

                                                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ