Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2019/00844

 

 

“...капитал партнерс ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        

          2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2018/02832 дугаар шийдвэр,

           Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 349 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгч: “...капитал партнерс ББСБ” ХХК

          Хариуцагч: “...барс” ХХК-д холбогдох

           33,006,050 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Лхагвадорж, Д.Батнасан, нарийн бичгийн дарга Г.Сувд-... нар оролцов.

      Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Талууд 2015-12-02-ны өдөр ЗГ0604150106 тоот зээлийн гэрээ байгуулан 15 сая төгрөгийг, 6 сарын хугацаатай, сарын 3.5%-н хүүтэй, Хужирбуланд хашаа байшин засварлах зориулалтаар олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож “...барс” ХХК-тай ЗБ0604150106 тоот барьцааны гэрээ байгуулж, компанийн өмчлөлийн СХД-н ...-р хороо, ....-р байрны .. тоот, 2 өрөө, 26.7 м.кв талбаатай, үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн ...т барьцааны гэрээг бүртгүүлж баталгаажуулсан. 2015-12-03-ны өдрийн төлбөрийн даалгавраар “...барс” ХХК-н Хаанбанкны данс руу 15 сая төгрөг шилжүүлсэн. Гэрээний 2.3-т заасан зээлдэгч нь гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үндсэн зээлээ төлөөгүй тохиолдолд хуваарь зөрчсөн үндсэн зээлд нэмэгдүүлсэн хүүг 1.2.3-д зааснаар тооцох ба гэрээний хугацаа дууссан эцсийн өдрөөс эхлэн үндсэн зээлийн төлөгдөөгүй нийт өрийн үлдэгдлээс зээл төлөгдөж дуустал үндсэн хүүг, 1.2.2-д зааснаар нэмэгдүүлсэн хүүг 1.2.3-д заасан хувиар тус тус тооцон авна. Зээлдэгч үндсэн зээлээ хугацаанд нь төлж барагдуулаагүй тохиолдолд ИХ-н 222.5, 452.2 дах хэсэгт заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд үндсэн хүүний 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэг хүлээж, зээлдэгч гарын үсэг зурж баталгаажуулсан болно. “...барс” ХХК нь 2016-01-02-с эхлэн зээлээ төлөх байсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул удаа дараа сануулж, хугацаа өгч мэдэгдсэн. 2016-06-02-ны өдөр гэрээний хугацаа дууссан тул үндсэн зээл 15 сая төгрөг, үндсэн болон хугацаа хэтрүүлсэн хүү 15,260,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,639,350 төгрөг, нотариатын төлбөр 36,500 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлахтай холбоотой улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, нийт 33,006,050 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

    Хариуцагч тайлбартаа: ИХ-н 451.1-д заасан зээлийн гэрээ нь хуулиар тогтоосон үндэслэл журмын дагуу байгуулагдсан байж шаардах эрхийг бий болгодог. Гэтэл зохигчдын хооронд байгуулагдсан гэх зээлийн гэрээ нь хуулиар тогтоосон үндэслэл журмыг зөрчсөн тул шаардах эрхийг бий болгохгүй. Нөгөөтэйгүүр хариуцагчаас төлж байсан гэх төлөлтийн талаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ огт дурдаагүй байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 183/ШШ2018/02832 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан “...барс” ХХК-с 32,899,350 төгрөг гаргуулж ... капитал партнерс ББСБ ХХК-д олгох, нэхэмжлэлээс 106,700 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан ...барсХХК нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл Сонгинохайрхан дүүрэг, ... дугаар хороо Баруун Толгойт ..., Москвагийн гудамж ... байр, ... тоот орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангахыг даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн 393,180 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 392,647 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 349 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2018/02832 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо: ИХ-н 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан. Иймээс зээлдүүлэгч нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд байхыг шаарддаг. Хэргийн 7 дахь талд 2007-09-28-ны өдөр “... капитал партнерс” ББСБ-д санхүүгийн тусгай зөвшөөрөл олгосон мэт харагдаж байна. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл “... капитал ББСБ” ХХК-г “... партнерс” ХХК-д нэгдэхийг санхүүгийн зохицуулах хорооноос нэгдэхийг зөвшөөрсөн байна. Компанийн тухай хуулийн 20.1-д “Компанийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх, үүрэг, хариуцлагыг өөр компанид шилжүүлэхийг компанийг нэгтгэх гэнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл “... капитал” ХХК нь “... партнерс ” ХХК-д нэгдэж 2014-11-05-ны өдөр нэгдэж “...капитал партнерс” ХХК болж байгаа. Гэтэл Санхүүгийн зохицуулах хорооноос 2007-09-28-ны өдөр тухайн үед үүсч бий болоогүй байсан хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгосон гэж үзэхээр байна. Нөгөөтэйгүүр, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 9.3-д “Тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд банк бус санхүүгийн үйл ажиллагааны төрөл. эрхлэх хугацааг тодорхой заана” Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол тусгай зөвшөөрлийг 3 жилээс доошгүй хугацаагаар олгоно” 6.2-д “Тусгай зөвшөөрлийг хуульд өөрөөр заагаагүй бол анх олгосон хугацаанаас нь доошгүй хугацаагаар сунгаж болно” гэж тус тус заасан. Гэтэл 2007-09- 28-ны өдрийн тусгай зөвшөөрөлд эрхлэх хугацааг тодорхой заагаагүй тул хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна. Мөн Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 9.4-д зааснаар санхүүгийн зохицуулах хорооны олгосон зөвшөөрлийн үндсэн салбар, нэгжийг байгуулах ба тухайн хуулийн этгээдийг албан байгуулсан бол түүнийгээ улсын бүртгэлд бүртгүүлэх естой талаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11.1.13-д заасан. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс салбараа албан ёсоор байгуулж бүртгүүлсэн эсэх нь тодорхойгүй байна Иймээс эрх бүхий этгээд хуулийн хучин төгөлдөр зээлийн гэрээ байгуулсан гэж үзэх боломжгүй тул хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй. Нэхэмжлэгч нь “хаан банк” ХХК-д төлбөрийн даалгавар бичсэн байх боловч бодитойгоор мөнгөн төлбөр шилжүүлэгдсэн гэх баримт байхгүй байдаг. Иймээс бодит нөхцөл байдлыг тодруулах зорилгоор мөнгөн төлбөр бодитойгоор шилжүүлэгдсэн эсэхийг тогтоолгох зорилгоор дансны хуулгыг гаргуулах хүсэлтийг гаргаж байсан Хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны явцад "...барс" ХХК-ийн захирал амаржсан байсан тул дансны хуулгыг гаргаж өгөх боломжгүй байсан ба энэ талаар анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа дурдаж байсан. 2018-08-01-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийг харвал Д.Алтангэрэл нь тус шүүх хуралдаан оролцохдоо хуулийн этгээдийн нэршлийг ашиглан н.Ганзориг гэх хүнтэй тус зээлийг авсан болохыг хэлдэг. Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний зүгээс болж өнгөрсөн бодит үйл явдлыг тодруулах зорилгоор гэрчийг асуулгах хүсэлтийг гаргаж байсан боловч үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан. ИХШХШТХ-н 43.1-д “Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно” гэж заасан. Гэтэл шүүх нь зээлийн гэрээ байгуулагдах үед хариуцагчийн захирал байсан гэх тухайн үеийн бодит нөхцөл байдлыг мэдэх Д.Алтангэрэлийг гэрчээр асуулгах хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг үндэслэлгүй. ХХША-г хэт нэг баримталж явуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймээс холбогдох ажиллагааг хийлгэж хэргийг шударгаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

“...капитал партнерс” ХХК 2018-04-24-ний өдөр нэхэмжлэл гаргаж, “...барс” ХХК-с нийт 33,006,050 төгрөг шаардаж, үндэслэлээ “...2015-12-02-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 15 сая төгрөг зээлүүлсэн..үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээл 15 сая төгрөг, үндсэн болон хугацаа хэтрүүлсэн хүү 15,260,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,639,350 төгрөг, нотариатын төлбөр 36,500 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад төлсөн 70,200 төгрөгийг авна... үүргийн гүйцэтгэлийг Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, ..дугаар хороо Баруун Толгойт ..., Москвагийн гудамж ... байр, ... тоот орон сууцаар хангуулна...” гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлээс үндсэн зээл 15 сая төгрөг, 12 сарын хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардлыг зөвшөөрч бусдыг нь төлөхгүй гэж маргасан байна. 

Анхан шатны шүүх нэхэмжлэлээс үндсэн зээл 15,000,000 төгрөг, хүү 15,260,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,639,350 төгрөг нийт 32,899,350 төгрөгийг хангаж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар заасныг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагч талын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Нэхэмжлэгч нь 2015-12-02-ны өдөр 15,000,000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй зээлүүлэх, хариуцагч зээлийг хүлээн авч үүргийн гүйцэтгэлд  Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Толгойт ..., Москвагийн гудамж ... байрны ... тоотод 2 өрөө орон сууцыг барьцаалсан нь тогтоогджээ.

Шүүх зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд зээл олгосон гэж үзсэн нь, мөн талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 451, 452 дугаар зүйлийн зохицуулалтад нийцсэн байна.

Зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр   зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэх үндэслэл тогтоогдоогүй тул гэрээний үүргийг талуудын хэн аль биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй юм.

“...капитал партнерс” ХХК нь зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлж, 15,000,000 төгрөгийг хариуцагчид хүлээлгэн өгсөн, “...барс” ХХК зээлийг хугацаандаа төлөөгүй байх тул зээлдүүлэгч гэрээний үүргийг зээлдэгчээс шаардсан нь буруу биш байна. 

Шүүх зээлийн гэрээний үүрэгт нийт 32,899,350 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийн барьцааны хөрөнгөөр хангуулахаар заахдаа Иргэний хуулийн 451, 156, 157,174,175 дугаар зүйл, Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.    

Хариуцагч нь хяналтын гомдолд заасан зарим үндэслэлийг анхан шатны шүүхэд гаргаагүй, мэтгэлцээгүй байх тул тус шүүхээс энэ талаар дүгнэлт хийх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4, 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсгийг агуулгад нийцэхгүйг дурдах нь зүйтэй.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хууль, Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2018/02832 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 349 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч талын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 400,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ