| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 106/2018/0637/Э |
| Дугаар | 879 |
| Огноо | 2018-09-25 |
| Зүйл хэсэг | 11.7.1., |
| Улсын яллагч | Н.Ням-Очир |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 879
Н.Гд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Ням-Очир,
шүүгдэгч Н.Г, түүний өмгөөлөгч Б.Болортуяа,
хохирогч М.Х,
нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 645 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Гн өмгөөлөгч Б.Болортуяагийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Н.Гд холбогдох эрүүгийн 1805 0020 80390 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Малчин овгийн Н-ын Г, 1985 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Мөнгөн хөсөг” ХХК-д инженер ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн .......тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:...../;
Н.Г нь 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 09-10 цагийн орчим Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 11 дүгээр байрны 237 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч М.Хтэй маргалдаж, улмаар түүнийг толь руу түлхсэний улмаас М.Хгийн биед дагзны хуйханд язарсан шарх, эрүүний баруун, зүүн булангийн дор, зүүн бугалга, баруун бугуйнд цус хуралт, баруун нүдний доод зовхины гадна буланд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай М.Хг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Н.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, хэрэг бүртгэлтэд буцааж, Н.Гг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.Гг 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г нь шүүхээс оногдуулсан 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Н.Гн өмгөөлөгч Б.Болортуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд: 1. Яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт “М.Хг толгойн тус газарт нь цохиж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” гэсэн бол шийтгэх тогтоолд “шүүгдэгч Н.Г нь 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 09-10 цагийн орчим М.Хтэй маргалдаж, зодолдон, түлхсэний улмаас М.Хгийн биед дагзны хуйханд язарсан шарх, эрүүний баруун, зүүн булангийн дор, зүүн бугалга, баруун бугуйнд цус хуралт, баруун нүдний доод зовхины гадна буланд зулгаралт бүхий бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэгт тус тус холбогджээ гээд тодорхойлох хэсэгтээ “М.Хтэй маргалдаж, түүний эрүүнээс түлхсэний улмаас хаалганы толь мөргөж, биед нь дагзны хуйханд язарсан шарх үүссэн” мэтээр дүгнэсэн нь хавтас хэрэгт авагдаагүй үйл баримтыг хийсвэрлэн дүгнэсэн.
2. Хохирогч гэх М.Х мөрдөн байцаалтад “намайг зодоод, хана мөргүүлээд байсан, босож ирээд намайг багалзуурдсан, олон удаа үсдэж боогоод байсан, нүүр урсан, хорсоод байна, цээж бас урсан” гэж, шүүхийн хэлэлцүүлэгт “үсдээд яваад байсан, эрүүнээс барьж байгаад толь руу 3 удаа мөргүүлсэн” гэж өөр өөрөөр мэдүүлдэг тул шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн зүгээс хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй байгааг онцолсон боловч шүүх “Г.Хгийн биед хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон” гэж үзээд өмгөөлөгчийн саналыг хүлээн аваагүй.
3. Шинжээчийн 10639 тоот дүгнэлт дээрх гэмтлүүдийг бүгдийг нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэсэн бол шинжээч эмч Г.Энхбаатарын мэдүүлэгт “дагзны хуйханд учирсан гэмтэл нь дан ганцаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн байх ба хохирогчийн мэдүүлсэнчлэн хоолой, нүүр, цээжинд багалзуурдсан, урсан гэмтэл тогтоогдоогүй явдал нь хохирогчийн мэдүүлэг худлаа болохыг нотолж байгаа. Хохирогчийн гар дээрх зүүн бугалга, баруун бугуйн дахь цус хуралт нь Г.Хгийн цохилтыг болиулахын тулд гарыг нь барьж, хорьсны улмаас үүссэн, эрүүний баруун, зүүн булангийн доорх гэмтэл нь Г.Хг шүлсээ нулимаад байхад нь өөр лүүгээ хаяуулахгүй гэж барьсаны улмаас үүссэн болох нь тодорхой байх ба шууд Г.Х лүү чиглэсэн үйлдэл хийгээгүй байна. Шинжээчийн дүгнэлтээр Г.Хгийн гар дээр гэмтэл тогтоогдсон нь Н.Гн мэдүүлснээр “Г.Хгийн гарыг нь барьж аваад зогсоож байхад хойшоогоо хүчээрээ гараа татаад хаалганы толь мөргөсөн” гэх үйл баримт тодорхой болсон. Харин энэ хэрэгт хагарсан толийг эд мөрийн баримтаар тооцох, зургаар бэхжүүлж аваагүй явдал нь шинжээчийн дүгнэлтээр Г.Х гараа татаад хүчиндээ мөргөсөн үү, Г.Хгийн хэлснээр 3 удаа мөргүүлж үү гэдгийг тогтоох боломжгүй болгосон. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд нотлогдоогүй болохыг харуулж байна.
Хохирогчид учирсан гэх дагзны хуйханд язарсан шархыг Н.Г учруулсан гэдэг нь эргэлзээтэй, магадгүй хохирогчийн үйлдлийг зогсоох явцад тэрээр гараа тавиулах гэж хүчээр гараа татаад хаалганд өлгөөтэй толийг толгойгоороо цохисон байхыг үгүйсгэхгүй. Энэ нь хохирогчийн “би хаалга хаагаад зогссон чинь” гэх мэдүүлгээр Н.Г зориудаар түүнийг хаалган дээр аваачаагүйг нотолж байгаа болно. Түүнчлэн тэдний хүү хараад зогсож байсан мэтээр хохирогч мэдүүлдэг. Хүү Золбоо хараад зогсож байсан бол “3 удаа мөргүүлсэн юм уу, эрүүнээс нь түлхэж мөргүүлсэн үү” гэдгийг тодорхой мэдүүлэх байсан болов уу. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ашиг сонирхлын зөрчилтэй асуудал дээр хэн нь тодорхойгүй Мөнхжаргал гэдэг хүнийг сурган хүмүүжүүлэгч гэж байлцуулан, эхийнх нь дэргэд эцгийнх нь эсрэг мэдүүлэг авсныг прокурор, шүүх аль аль нь нотлох баримтаар тооцож, насанд хүрээгүй гэрчийн мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон мэтээр дүгнэснийг зөвшөөрөхгүй.
Түүнчлэн шүүх Н.Гн үйлдэл нь гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж дүгнэсэн явдал нь хохирогч гэх Г.Хгийн зүй бус авир гарган /утас, түлхүүрийг нь өгөхгүй/ доромжилж /шоронгийн хадаас болгоно, ясыг чинь цайлгана/ шүлсээ нулимах, тархи толгой руу нь цохиод/ байгаа үйлдлүүдийг болиулах гэсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцох нь шударга үнэнд нийцэхгүй төдийгүй ойлгомжгүй, үндэслэл муутай яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байгаа тул Н.Гд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Н.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... хэрэг болсон өдрөөс хойш болсон бүх үйл явдлыг үнэн зөвөөр мэдүүлсээр ирсэн. Нэмж хэлэх зүйл байхгүй. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв...” гэв.
Хохирогч Г.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... тухайн өдөр болсон үйл явдлыг Н.Г анхнаасаа худал мэдүүлж ирсэн. Намайг хэл амаар доромжлоод байхаар нь би цаад өрөөнөөс гарч ирээд утсаар бичлэг хийсэн. Тэгэхэд миний утсан дээр өмнө нь хүүхэд зодсон бичлэг нь байсан. Ердөө л миний гар утсан дээр байсан зүйлсийг өөрийнхөө эсрэг ашиглуулахгүйн тулд миний гар утсанд маш их анхаарал хандуулдаг. Тэр өдөр Н.Г ажилдаа явах гээгүй. Үүрийн 5 цагт найзуудтайгаа гадуур зугаацаж байгаад гадаа автомашинд хоносон. Намайг ажил хийлгэхгүй хардаж, сэрдэж хүүхдийн хажууд элдэв үгээр доромжилдог. Ийм хэрэг болсноос хойш бүтэн нэг жилийн хугацаанд энэ үйлдлээ Н.Г хийсээр байсан. Н.Г дандаа худлаа ярьж, хууль бус үйлдэл хийдэг. Би Н.Гн биед халдаж, нүүр ам руу нь нулимаагүй. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
Прокурор Н.Ням-Очир тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Шүүгдэгч Н.Г цохисон, зодсон, хөнгөн гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэгдсэн. Шүүх хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн гэж үзэж байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Н.Г нь 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 09-10 цагийн орчим Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 11 дүгээр байрны 237 тоот, өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч М.Хтэй маргалдаж, улмаар түүнийг толь руу түлхсэний улмаас М.Хгийн биед дагзны хуйханд язарсан шарх, эрүүний баруун, зүүн булангийн дор, зүүн бугалга, баруун бугуйнд цус хуралт, баруун нүдний доод зовхины гадна буланд зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч М.Хгийн “... 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Н.Гн хамт мах авчираад “би ядраад байна, хэвтэж байя, чи махаа эвдээд янзалчих” гэж хэлсэн. Тэгсэн намайг дуудаад орилоод байсан. Над руу “чи өөрөө хий, пизда минь” гээд орилохоор нь урд өрөөндөө ороод хэвтсэн. Н.Г гар утсаар яриад найзындаа очлоо гээд байхаар нь “чи юм хийж байгаа бол дуусгачихаад яв” гэсэн чинь хэл амаар “пизда минь, лалар минь, гичий минь, янхан минь банзалдаж явж ирчихээд өөрөө хий” гээд босож ирээд намайг багалзуурдсан. Би “чи асуудлыг дандаа хэрүүл болгож байх юм, би чамайг цагдаад өгнө” гээд өөрийнх нь утсыг аваад халаасандаа хийчихээд утсаараа бичлэг хийж байтал, миний утсыг аваад шидсэн. Явах гэхээр нь би хаалга хаагаад зогссон чинь намайг толгойн хойд талд байсан толь мөргүүлээд толгой хагалсан. Намайг олон удаа үсдэж боогоод байсан. Тэгээд би цагдаа дууд гээд хүүдээ хэлсэн чинь миний хүү Золбоог “дуудвал ална шүү” гэж айлгасан. Би тэр хооронд хажуу айлынхаа хаалгыг нүдээд тусламж гуйтал хаалгаа тайлаагүй. ... Н.Г намайг “чи муу нүдний булай минь ална шүү” гээд чирээд гэрт оруулсан. ... байнга хэрүүлтэй, намайг ажил хийлгэхгүй дарамталдаг…” /хх 4-5, 6-9/,
насанд хүрээгүй гэрч Г.Золбоогийн “... аав гадуур хувцсаа өмсөөд гарах гэтэл ээж, аавыг “махаа эвд” гэж хэлсэн чинь тэр хоёр хоорондоо хэрүүл хийсэн. ...аав ээжийг толь руу түлхээд, толь хагарсан. Тэр үед ээжийн толгойноос цус гарсан...” /хх-92/,
шинжээч эмч Г.Энхбаатарын “... М.Хгийн биед учирсан дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дагзны хуйханд учирсан шарх нь дан ганцаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...” /хх 97-98/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “М.Хгийн биед дагзны хуйханд язарсан шарх, эрүүний баруун, зүүн булангийн дор, зүүн бугалга, баруун бугуйнд цус хуралт, баруун нүдний доод зовхины гадна буланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн 10639 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 25/,
Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх 17-18/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, Н.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Мөн прокуророос Н.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Н.Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн нь тогтоогдсон байх тул өмгөөлөгч Б.Болортуяагийн гаргасан “хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...энэ хуулийн тусгай ангид зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй” гэж “хөөн хэлэлцэх хугацааг” тогтоон хуульчилсан байх бөгөөд давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцэх үед шүүгдэгч Н.Гд холбогдох гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна.
Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 645 дугаар шийтгэх тогтоолд:
“Прокуророос шүүгдэгч Н.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт заалт оруулсугай.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтуудыг тус тус хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгдэгч Н.Гн өмгөөлөгч Б.Болортуяагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧИД Л.ДАРЬСҮРЭН
Ж.ЭРДЭНЭЧИМЭГ