Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 389

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд оршин суух, Бахат овогт Байболдын Алтанжолын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьездийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 8 дугаар багт оршин суух, Ители овогт Камесханы Сайлаужанд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд, хариуцагч К.Сайлаужан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Айбек нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Дэлгүүрт бараа худалдан борлуулсны мөнгөнөөс дутагдуулсан мөнгө 20860000 төгрөгийг гаргуулахыг шаарджээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Алтанжол нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Соёмбо найман нэрийн хүнсний дэлгүүрийг 2014 оны 9 дүгээр сарын 09-нээс эхлэн түрээслүүлэн ажиллуулж байгаа юм. Б.Алтанжол нь 2016 оны 8 дугаар сард БНХАУ-ын Ухаа хотын Ухаагийн их сургуульд магистрантурт суралцахаар явсан юм. Хятад улсад явахаас өмнө 8-ийн нэрийн дэлгүүрийг Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын уугуул, Ители овгийн Камесханы Сайлаужан гэдэг эмэгтэйд хариуцуулж худалдагчаар ажиллуулсан байна.

Худалдагч К.Сайлаужанд 24000000 төгрөгийн бараа худалдан борлуулж байхаар хариуцуулан үлдэж, түүнээс гадна 3000000 сая төгрөгийг түүнд бэлнээр өгчээ. Ингээд Б.Алтанжол 2017 оны 1 дүгээр сарын 14-ны өдөр БНХАУ-аас ирж бараагаа тоолж үзэхэд 20862000 төгрөгийн бараа борлуулан худалдсан ба үлдэгдэл 5800000 төгрөгийн бараа байжээ. Худалдагчаар ажиллаж байсан К.Сайлаужан нь худалдсан барааг борлуулсны үнээс 20862000 төгрөгийг өгөөгүй байна. Энэ тухай хоёр талын тооцоо бодсон акт болон К.Сайлаужаны өөрийн гараар бичсэн бичмэл нотлох баримтуудаар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл худалдагч К.Сайлаужан нь 20862000 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч гарын үсэг бүхий баримт өгсөн байна. Худалдагч К.Сайлаужанд эхний үед сар бүр 400000 төгрөг, сүүлд нэмэгдүүлэн 500000 төгрөг олгож байсныг хоорондын тооцооноос хасаж тооцсон юм. Иймд К.Сайлаужанаас 20862000 төгрөг гаргуулан Б.Алтанжолд олгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар мэдүүлэгтээ: Б.Алтанжол гэдэг хүн Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд байрлах Соёмбо хүнсний дэлгүүрийг 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн түрээслэн ажиллуулж байсан. Энэ хүн 2016 оны 8 дугаар сард Хятад улсад магистрант суралцахаар явсан. Хятад улс явахаас өмнө Соёмбо хүнсний дэлгүүрийг Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 8 дугаар багийн иргэн К.Сайлаужанд хариуцуулж ажиллуулсан байна. Тэгээд 2017 оны 01 дүгээр сард орж ирээд тооцоо хийсэн. К.Сайлаужанд нийтдээ 24 сая төгрөгийн худалдахаар хариуцуулж өгсөн. Түүнээс гадна 3 сая төгрөгийг бэлнээр өгсөн. Энэ 27 сая төгрөгийг авсан. Энэ тухай баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Ингээд 2017 оны 01 дүгээр сард Хятад улсаас ирээд бараагаа тоолж үзэхэд 20860000 төгрөгийн бараа байхгүй байсан. Үлдэгдэл 5,8 сая төгрөгийн бараа байсан. Үлдэгдэл 5,8 сая төгрөгийн бараа дотор хугацаа нь хэтэрсэн, ялзарсан, чанаргүй бараанууд байсан. Тэрнийг хасахад үлдэгдэл 20860000 төгрөгийн бараа байсан. Энэ хоёр хүн яриад К.Сайлаужан нь нийт бараанаас 20860000 төгрөг дутаасан нь үнэн болно гээд өөрөө гарын үсэг зурж баримт өгсөн. Энэ хүн 3 жил ажиллахдаа сар болгон тогтмол 400000 төгрөгийн цалин авдаг байсан. Сүүлд нь 500000 төгрөг авч байсан. Энэ талаар ямар нэгэн тооцоо байхгүй.

Иймд 20860000 төгрөгийг К.Сайлаужанаас Б.Алтанжолд гаргуулж өгөхийг хүсье. Энэ бол К.Сайлаужаны өөрийн гараар бичсэн нотлох баримтаар нотлогдож байгаа. К.Сайлаужан нь Монгол хэл мэддэг, Улаанбаатар хотод ажиллаж байсан. Энэ асуудлаар Улаанбаатар хотын болон аймгийн Цагдаагийн газарт хандаж байсан. Хамгийн сүүлд энэ хүн өөрөө гэр бүл болохоор Баян-Өлгий аймагт ирсэн. Энэ хүний гэр бүлийн асуудлаас болж хүлээж байгаад 3 дугаар сард нэхэмжлэл гаргасан байгаа. Нэхэмжлэлийн шаардлага бол К.Сайлаужаны өөрийн гараар бичсэн нотлох баримтаар нотлогдож байгаа. Энэ дээр зурсан гарын үсгийг минийх биш гэдэг талаар хүсэлт гаргаагүй. Энэ бол тодорхой асуудал учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч К.Сайлаужан шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Баян-Өлгий аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Б.Алтанжолын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьездийн нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Миний бие К Сайлаужан нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Соёмбо 8-н нэрийн барааны дэлгүүрт 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс эхэлж худалдагчаар ажиллаж эхэлсэн билээ. Миний бие бүрэн дунд боловсролтой, даруу төлөв зантай тул намайг ажиллаач гээд анх туслахаар ажилд авч дараа нь кассаар ажиллуулж эхэлсэн. Анх ажилд ороход минь Б.Алтанжол нь надтай ямар нэгэн гэрээ байгуулж байгаагүй.

 

Б Алтанжол нь 2016 оны 8 дугаар сард БНХАУ руу суралцахаар явж надад хүнсний дэлгүүрийг хариуцуулан үлдээсэн бөгөөд тухайн үед дэлгүүрт 24000000 төгрөгийн бараа байгаа гэж үлдээгээд явсан. Тэр үед надтай хамт бас нэгэн худалдагч ажилладаг байсан юм.

Миний эцэг өвчтэй тул би ажлаас гарч нутаг буцах гэхээр Б.Алтанжол нь өөр ажиллуулчихлаар хүн энд алга, чи хариуц, цаашид цалинг чинь нэмэгдүүлж өгнө гэж хэлж байсан тул цаашид үргэлжлүүлэн ажиллах болсон билээ. Б.Алтанжол нь тайлан тооцоо огт хийдэггүй, бараа бүтээгдэхүүнийг бидний хэн хэн нь ч тоолдоггүй байсан. Дэлгүүрийн дундаж орлого эхэндээ өдөрт 2000000 төгрөг, мөн нэг сая төгрөг гаран янз бүр хэлбэлздэг байсан бөгөөд миний бие Б.Алтанжолд өдрийн орлогын 20 хувийг картаар болон ХААН банкны Пост машинаар шилжүүлж, үлдэгдлийг бэлнээр авдаг байсан. Мөн БНХАУ руу суралцаж байх хугацаанд нь ч мөн мөнгө шилжүүлдэг байсан билээ Тухайн үед мөнгө хүлээлцэж өгөлцөж, авалцсан тухай гарын үсэг зурсан дэвтэр хөтөлдөг байсан боловч Б.Алтанжол нь БНХАУ-аас эргэж ирээд бүх дэвтэр, баримтуудыг надаас авчихсан юм.

Дэлгүүрийн үйл ажиллагааг анх явуулж эхэлснээс хойш Б.Алтанжолын ээж болон ах, дүү нар нь өөрсдийн өдөр тутмын хэрэгцээний зүйлсээ /хүнсний бүтээгдэхүүн, нэгж, ахуйн бараа гэх мэт/ байнга авч, миний бие тэдний хэрэгцээт зүйлсийг анхандаа дэвтэрт тэмдэглэж авч үлддэг байсан боловч сүүлд тэд эсэргүүцэж чамд хамааралгүй, бидний хөрөнгө гэх зэргээр ярьж намайг элдвээр хэл амаар доромжлох болсон учир бичихээ больчихсон юм.

Б.Алтанжолыг БНХАУ-д суралцаж байх хугацаанд миний бие бараа бүтээгдэхүүний зургийг баталгаажуулж интернетээр байнга явуулж байсан 2016 оны 1 дүгээр сараас эхэлж дэлгүүрийн орлого муудаж, тус оны 10 дугаар сараас эхэлж ойролцоо байрлах газар бас нэгэн дэлгүүр нээгдэж, хямдралтай бараа зарагдаж байгаа талаар би Б.Алтанжолд хэд хэдэн удаа мэдэгдсэн учир надтай хамт ажилладаг байсан худалдагчийг ажлаас гаргаж, цалинд нь бараа бүтээгдэхүүн авч эхэл гэж хэлсэн ёсоор хийж ирсэн юм.

2017 оны 1 дүгээр сарын 13-ний өдрийг хүртэл миний бие ганцаараа өглөөний 08 цагаас шөнийн 00:00 цаг хүртэл ачаалалтай, харуул хамгаалалтгүй газар ажиллаж ирсэн. Ганцаараа ажиллаж байх хугацаанд гадны хүмүүс намайг дарамталж, айлган сүрдүүлдэг байсан боловч бүх зүйлд тэвчиж хүчин зүтгэж ирсэн. Ингээд Б.Алтанжол нь БНХАУ-аас ирээд дэлгүүрийг хаах боллоо гээд тус оны 1 дүгээр сарын 13-ны өдөр надаас дэлгүүрийн түлхүүрийг авч маргааш тооцоо хийнэ гээд явуулчихсан. Оройд нь утасдаж тооцоо хийх тул хүрээд ир гэсэн тул очиход дэлгүүрийн бараануудыг нэг тийшээ ачаад явчихсан, дэлгүүрийг суллачихсан байсан бөгөөд надад дэвтрийн хоосон цаас: мөн бичгийн хоосон цаас өгөөд ...гарын үсэг зураад өгчих, бие өөрөө тооллого хийчихсэн байгаа. Одоохондоо тооцоохийгээгүй байгаа шүү... гээд намайг явуулсан. Тухайн үед 2 сарын цалинг надад олгоогүй байсан юм. 4 хоногийн дараа над руу утасдаж ээж ирсэн, чамтай ярина гэсэн, манайд хүрээд ир гэснээр ээжтэй нь уулзахад намайг их хэмжээний өрөнд уначихсан байна, чамайг цагдаа, шүүхэд өгнө гээд элдвээр хэлж, доромжлон, гүжирдэж одоог хүртэл цагдаад байнга байцаалт өгч, шүүхэд дуудуулж байгаадаа туйлын их гомдолтой байна.

Миний бие өөрийн тэмдэглэл хөтөлсөн дэвтэр, мөнгөний баримт, бараа бүтээгдэхүүний падаан зэргийг Б.Алтанжолд хүлээлгэн өгчихсөн байсан тул өөртөө нотлох ямар нэгэн баримт авч үлдээгүйг минь далимдуулж намайг худал гүжирдэж байна.

Иймд Б Алтанжолын гаргасан шаардлага нь хэт нэг талыг баримталсан, нотлох баримт хууль бусаар бүрдүүлсэн, хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч К.Сайлаужан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлээд 2015 оны 02 дугаар сар хүртэл туслахаар ажилласан. Тэгээд Алтанжол нь 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр надад би ажилд орох боллоо, миний оронд суугаад кассан дээр ажилла, хажууд чинь хүн авч өгнө гэсэн. Ингээд 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс эхэлж ажиллаж байх үед 2015 оны 6 дугаар сарын 13-ны өдөр аавын маань бие нь муу байсан учраас нутаг руу буцахаар болж өөр нэг хүнд ажлаа хүлээлгэж өгсөн. Тэгээд хоёр сарын дараа ирсэн чинь нөгөө хүн бас 10 хэдэн сая төгрөгийн барааг дутаасан байсан. Тэр үед би урьд нь ажлаа хүлээлгэж өгсөн, одоо ажилламааргүй байна гэсэн чинь Алтанжол нь надад чамаас өөр хүн ажиллуулж чадахгүй юм байна, эгчдээ жаахан ч гэсэн туслаач гээд гуйхаар нь ямар нэгэн гэрээ байгуулахгүйгээр ажиллаж байсан. Би ажиллаж байхдаа нэг ч өдөр амарч үзээгүй. Миний хажууд нэг туслах байсан. Тэр хүн бол долоо хоногт нэг өдөр амардаг байсан. Өглөөний 8 цагаас оройн 24 цаг хүртэл харуул хамгаалалтгүй найман нэрийн барааны дэлгүүрт ганцаараа суулгадаг байсан.

Алтанжол нь гуйгаад байхаар нь, мөн аавыгаа эмчлүүлэх мөнгө хэрэгтэй байсан болохоор Алтанжол дээр ажиллаж байсан. Ийм зүйл болно гэж төсөөлөөгүй. Тэгээд 8 дугаар дугаар сард суралцахаар явлаа, чи нутаг руу битгий яваарай. Эгчдээ жаахан ч гэсэн туслаарай гээд явуулаагүй. Ингээд 8 дугаар сард явсан. 9 дүгээр сард манай дэлгүүрийн хажууд том супермаркет нээгдээд тэднийх хямдхан зардаг байсан. Тэр үед дэлгүүр дотор ийм бараа байгаа, дэлгүүрийн байдал муудаж байгаа гэдгийг Алтанжолд хэлсэн. Тэгсэн чинь зүгээрээ, чамайг муу зүйл хийхгүй гэдгийг чинь мэдэж байгаа учраас тусална гэж байсан. Цалингаа тухай бүрт нь авдаг байсан. 9 дүгээр сард манай дэлгүүрийн хажууд шинээр дэлгүүр нээгдээд манай дэлгүүрийн орлого муудаж байна гэж ярихад би өөрөө очихоороо янзална. Чи түр хүлээж бай гэсэн. Тэгээд Алтжанжол нь 2017 оны 01 дүгээр сард ирсэн. Урьд нь би ажиллаж байхад 2 сая төгрөгийн орлого ордог байсан. Тэрний 25 хувийг өдөр болгон пост машинаар Алтанжолд явуулдаг байсан. Тэгээд өдөр болгоны зарлага, орлогын падааныг Алтанжол эгчид өгсөн. Би тухай үед дэлгүүр бараагүй боллоо, дэлгүүрт хэр зэргийн бараа байгааг зургийг нь татаж явуулдаг байсан. Энд том дэлгүүр нэгдээд манай дэлгүүр ажиллахаа болилоо гэсэн чинь 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Хятадаас ирчхээд орой би ирээд бараагаа тоолж авна гээд дэлгүүрийн түлхүүрийг аваад явсан. Оройн би 20 цагт ирэхэд бүх бараагаа хураагаад машиндаа хийсэн байсан. Тэгэхэд Алтанжолын ах нь байсан. Тэгээд бараагаа тоолсон уу гэхэд бараагаа би өөрөө тоолно, чи дэвтэр дээр гарын үсэг зураад өг, тэгээд хариугаа өгнө гэсэн. Тэгээд би Алтанжол эгчид ямар ч бараа тоололгүйгээр гарын үсгээ зураад өгсөн. Тэгсэн чинь 3, 4 хоног чимээгүй байснаа Алтанжол эгч манай ээж ирсэн байгаа, чамтай ярина гэж байна гээд дуудсан. Тэгээд очиход ээж нь байсан. Бид хоёр бараагаа тоолоод тооцоо хийсэн чинь ийм бараа байхгүй байна, хаашаа хийсэн юм бэ гээд намайг хэл амаар доромжилж загнасан. Тэр үед Алтанжол өөрөө байгаагүй, түүний ээж нь байсан. Тухайн үед өдөрт нь тооцоо хийдэггүй байсан. Алтанжолын ах, дүүс нь дэлгүүрээс мөнгө өгөлгүйгээр шууд бараа аваад явдаг байсан гэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн хүсэлтээр шинжлэн судалж

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Нэхэмжлэгч Б.Алтанжол нь К.Сайлаужанаас дэлгүүрт бараа худалдан борлуулсны мөнгөнөөс дутагдуулсан мөнгө 20860000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсжээ.

Б.Алтанжол нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Соёмбо найман нэрийн хүнсний дэлгүүрийг 2014 оны 9 дүгээр сарын 09-нээс эхлэн түрээслүүлэн ажиллуулж байгаа бөгөөд 2016 оны 8 дугаар сард БНХАУ-ын Ухаа хотын Ухаагийн их сургуульд магистрантурт суралцахаар явсан ба Хятад улсад явахаас өмнө 8-ийн нэрийн дэлгүүрийн худалдагч К.Сайлаужанд 24000000 төгрөгийн бараа худалдан борлуулж байхаар хариуцуулан үлдэж, түүнээс гадна 3000000 сая төгрөгийг түүнд бэлнээр өгсөн боловч 2017 оны 1 дүгээр сарын 14-ны өдөр БНХАУ-аас ирж бараагаа тоолж үзэхэд 20862000 төгрөгийн бараа борлуулан худалдсан ба үлдэгдэл 5800000 төгрөгийн бараа байсан тул дутагдуулсан барааны үнэ 20862000 төгрөгийг К.Сайлаужэанаас гаргуулахыг хүссэн ба хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгчээс нотлох баримтаар бараа тоолж авсан тухай болон нийт бараанаас 20862000 төгрөг дутаасан талаарх баримтыг гаргаж өгчээ.

Зохигчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Б.Алтанжол, хариуцагч К.Сайлаужан нарын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байна гэж үзлээ. Нэхэмжлэгчээс нийт бараанаас 20862000 төгрөг дутаасан нь үнэн гэж бичсэн Сайлаужаны гарын үсэгтэй баримтыг гаргаж өгсөн байх ба уг баримтын хувьд хариуцагч гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрч байгаа боловч уг баримтыг өөрөө үйлдээгүй, худалдагчаар ажилласан хугацаанд 20862000 төгрөгийн барааг дутагдуулснаа зөвшөөрөөгүй байна. Мөн энэхүү нотлох баримтыг бодит нөхцөл байдлыг тогтоосон баримт гэж үзэх боломжгүй байна. Учир нь тухай нотлох баримтаар нэхэмжлэгч Алтанжол нь сургуульд суралцахаар явах үед К.Сайлаужанд худалдаалах барааг тооллого хийж хүлээлгэн өгсөн эсэх, тухайн барааны төрөл, тоо, ширхэг, үнээр ангилж бичсэн нь тодорхойгүй, мөн тухайн үед үлдээсэн бараанд нэмж бараа хүлээлгэж өгсөн эсэх нь тодорхойгүй байх тул 24000000 төгрөгийг бараа 3000000 төгрөгийг бэлнээр К.Сайлаужанд хүлээлгэж өгснийг нотлох баримт гэж үзэх боломжгүй болно.

Хариуцагч К.Сайлаужаны тайлбар болон ХААН банкнаас гаргаж өгсөн Байболдын Алтанжолын ПОСТ машины орлого шилжиж ордог 5111096654 тоот дансны 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны гүйлгээний дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд Соёмбо Супермаркетээс 167 удаагийн үйлдлээр 23513370 төгрөгийн орлого орсон байх тул нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна.

Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн К.Сайлаужаны гарын үсэгтэй баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул Б.Алтанжолын К.Сайлаужанаас 20862000 гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3-д заасныг баримтлан Б.Алтанжолын К.Сайлаужанаас 20862000 гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262260 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК