Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 100

 

  А-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, шүүгчид М.Нямбаяр, С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 389 дүгээр шийдвэртэй, А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьездийн нэхэмжлэлтэй, С-д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Маншүк, нэхэмжлэгч А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, хариуцагч С нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Дэлгүүрт бараа худалдан борлуулсны мөнгөнөөс дутагдуулсан 20.860.000 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлд: “А нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Со найман нэрийн хүнсний дэлгүүрийг 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн түрээслүүлэн ажиллуулж байгаа. А нь 2016 оны 8 дугаар сард БНХАУ-ын Ухаа хотын Ухаагийн их сургуульд магистрантурт суралцахаар явсан. БНХУ-д явахаас өмнө 8 нэрийн дэлгүүрийг С гэдэг эмэгтэйд хариуцуулж худалдагчаар ажиллуулсан байна. Худалдагч С-т 24,000,000 төгрөгийн бараа худалдан борлуулж байхаар хариуцуулан үлдээж, түүнээс гадна 3000000 төгрөгийг түүнд бэлнээр өгчээ. Ингээд А 2017 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр БНХАУ-аас ирж бараагаа тоолж үзэхэд 20,862,000 төгрөгийн бараа борлуулан худалдсан ба үлдэгдэл 5,800,000 төгрөгийн бараа байжээ. Худалдагчаар ажиллаж байсан С нь худалдсан барааг борлуулсны үнээс 20,862,000 төгрөгийг өгөөгүй байна. Энэ тухай хоёр талын тооцоо бодсон акт болон С өөрийн гараар бичсэн бичмэл нотлох баримтуудаар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл худалдагч С нь 20,862,000 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч гарын үсэг бүхий баримт өгсөн байна. Худалдагч С нь эхний үед сар бүр 400,000 төгрөг, сүүлд нэмэгдүүлэн 500,000 төгрөг олгож байсныг хоорондын тооцооноос хасаж тооцсон юм. Иймд С –ээс 20,862,000 төгрөг гаргуулан А-д олгож өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “Миний бие С нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Со 8-н нэрийн барааны дэлгүүрт 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс эхэлж худалдагчаар ажиллаж эхэлсэн. Миний бие бүрэн дунд боловсролтой, даруу төлөв зантай тул намайг ажиллаач гээд анх туслахаар ажилд авч, дараа нь кассаар ажиллуулж эхэлсэн. Анх ажилд ороход минь А нь надтай ямар нэгэн гэрээ байгуулж байгаагүй. А нь 2016 оны 8 дугаар сард БНХАУ-руу суралцахаар явж надад хүнсний дэлгүүрийг хариуцуулан үлдээсэн бөгөөд тухайн үед дэлгүүрт 24,000,000 төгрөгийн бараа байгаа гэж үлдээгээд явсан. Тэр үед надтай хамт бас нэг худалдагч ажилладаг байсан. Миний эцэг өвчтэй тул би ажлаас гарч нутаг буцах гэхээр А нь өөр ажиллуулчихлаар хүн энд алга, чи хариуц, цаашид цалинг чинь нэмэгдүүлж өгнө гэж хэлж байсан тул цаашид үргэлжлүүлэн ажиллах болсон. А нь тайлан тооцоо огт хийдэггүй, бараа бүтээгдэхүүнийг бидний хэн хэн нь тоолдоггүй байсан. Дэлгүүрийн дундаж орлого эхэндээ өдөрт 2,000,000 төгрөг, мөн нэг сая  гаруй янз бүр хэлбэлздэг байсан бөгөөд миний бие А-д өдрийн орлогын 20 хувийг картаар болон ХААН банкны пост машинаар шилжүүлж, үлдэгдлийг бэлнээр авдаг байсан. Мөн БНХАУ-руу суралцаж байх хугацаанд нь ч мөн мөнгө шилжүүлдэг байсан. Тухайн үед мөнгө хүлээлцэж өгөлцөж, авалцсан тухай гарын үсэг зурсан дэвтэр хөтөлдөг байсан боловч А нь БНХАУ-аас эргэж ирээд бүх дэвтэр, баримтуудыг надаас авчихсан. Дэлгүүрийн үйл ажиллагааг анх явуулж эхэлснээс хойш А-ын ээж болон ах, дүү нар нь өөрсдийн өдөр тутмын хэрэгцээний зүйлсээ /хүнсний бүтээгдэхүүн, нэгж, ахуйн бараа гэх мэт/ байнга авч, миний бие тэдний хэрэгцээт зүйлсийг анхандаа дэвтэрт тэмдэглэж авч үлддэг байсан боловч сүүлд тэд эсэргүүцэж чамд хамааралгүй, бидний хөрөнгө гэх зэргээр ярьж намайг элдвээр хэл амаар доромжлох болсон учир бичихээ больчихсон. А-ыг БНХАУ-д суралцаж байх хугацаанд миний бие бараа бүтээгдэхүүний зургийг баталгаажуулж интернетээр байнга явуулж байсан. 2016 оны 1 дүгээр сараас эхэлж дэлгүүрийн орлого муудаж, тус оны 10 дугаар сараас эхэлж ойролцоо байрлах газар бас нэгэн дэлгүүр нээгдэж, хямдралтай бараа зарагдаж байгаа талаар би А-д хэд хэдэн удаа мэдэгдсэн учир надтай хамт ажилладаг байсан худалдагчийг ажлаас гаргаж, цалинд нь бараа бүтээгдэхүүн авч эхэл гэж хэлсэн ёсоор хийж ирсэн. 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл миний бие ганцаараа өглөөний 08 цагаас шөнийн 00:00 цаг хүртэл ачаалалтай, харуул хамгаалалтгүй газар ажиллаж ирсэн. Ганцаараа ажиллаж байх хугацаанд гадны хүмүүс намайг дарамталж, айлган сүрдүүлдэг байсан боловч бүх зүйлд тэвчиж хүчин зүтгэж ирсэн. Ингээд А нь БНХАУ-аас ирээд дэлгүүрийг хаах боллоо гээд тус оны 1 дүгээр сарын 13-ны өдөр надаас дэлгүүрийн түлхүүрийг авч маргааш тооцоо хийнэ гээд явуулчихсан. Оройд нь утасдаж тооцоо хийх тул хүрээд ир гэхэд нь очиход дэлгүүрийн бараануудыг нэг тийшээ ачаад явчихсан, дэлгүүрийг суллачихсан байсан бөгөөд надад дэвтрийн хоосон цаас, мөн бичгийн хоосон цаас өгөөд гарын үсэг зураад өгчих, би өөрөө тооллого хийчихсэн. Одоохондоо тооцоо хийгээгүй байгаа шүү... гээд намайг явуулсан. Тухайн үед 2 сарын цалинг надад олгоогүй байсан. 4 хоногийн дараа над руу утасдаж ээж ирсэн, чамтай ярина гэсэн, манайд хүрээд ир гэснээр ээжтэй нь уулзахад “намайг их хэмжээний өрөнд уначихсан байна, чамайг цагдаа, шүүхэд өгнө” гээд элдвээр хэлж, доромжлон, гүжирдэж одоог хүртэл цагдаад байнга байцаалт өгч, шүүхэд дуудуулж байгаад туйлын их гомдолтой байна. Миний бие өөрийн тэмдэглэл хөтөлсөн дэвтэр, мөнгөний баримт, бараа бүтээгдэхүүний падаан зэргийг А-д хүлээлгэн өгчихсөн байсан тул өөртөө нотлох ямар нэгэн баримт авч үлдээгүйг минь далимдуулж намайг худал гүжирдэж байна. Иймд А-ын гаргасан шаардлага нь хэт нэг талыг баримталсан, нотлох баримт хууль бусаар бүрдүүлсэн, хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 389 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3-д заасныг баримтлан А-ын С-ээс 20862000 гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэжээ. 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “А нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Со” 8-н нэрийн хүнсний дэлгүүрийг 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн иргэн С-д түрээслүүлж ажиллуулж байсан. А нь 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс эхэлж БНХАУ-ын Ухаан хотын Уханы их сургуульд магистрантурт суралцахаар явсан. Хятад улсад явахаас өмнө 8 нэрийн дэлгүүрийг С гэдэг эмэгтэйд хариуцуулж худалдагчаар ажиллуулсан байна. Худалдагч С 24,000,000 төгрөгийн бараа худалдан борлуулж байхаар хариуцуулан үлдээж, түүнээс гадна 3,000,000 төгрөгийг бэлнээр өгчээ. Ингээд А 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр БНХАУ-аас ирж бараагаа тоолж үзэхэд 20,862,000 төгрөгийн бараа борлуулан худалдсан ба үүнээс нэг ч төгрөгийг А-д хүлээлгэн өгөөгүй. Өөрөөр хэлбэл С нь худалдсан барааны үнээс 20,862,000 төгрөгийг дутагдуулсан байна. Үлдэгдэл 5,800,000 төгрөгийн барааг хүлээж авсан юм. Энэ тухай хоёр талын тооцоо бодсон акт болон С –ийн өөрийн гараар бичсэн бичмэл нотлох баримтуудаар нотлогдож байна. Худалдагч С –д сар бүр олгох цалин хөлсийг уг тооцооноос хасаж тооцсон юм. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан “Хариуцагч С –ийн тайлбар болон ХААН банкнаас гаргаж өгсөн А-ын ПОСТ машины орлого шилжиж ордог 5111096654 тоот дансны 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны гүйлгээний дэлгэрэнгүй хуулга зэргээс үзэхэд “Со” Супермакетаас 167 удаагийн үйлдлээр 23.513.370 төгрөгийн орлого орсон байх тул нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна” гэж үзсэн нь С –ээс 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр үйлдсэн бичгийн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж чадаагүй байгаа явдалд гомдолтой байна.  Ингэхээр анхан шатны шүүх нь А-ын нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2. “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иргэний хэрэгт цугларсан нотлох баримтуудын маргааныг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байсныг анхаарч үзээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.”Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 389 дүгээр шийдвэрийг хүчингүйд тооцон “Дэлгүүрт бараа худалдан борлуулсны мөнгөнөөс дутагдуулсан 20860000 төгрөгийг С-ээс гаргуулан А-д олгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ. 

 

Нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт: “А миний итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьездээс гаргасан давж заалдах гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Анх тухайн хүнсний дэлгүүрийг ажиллуулах үед зарын дагуу С-ийг туслахаар авч өөрөө худалдагч болж ажиллаж байсан. Тодорхой хугацааны дараа би төрийн ажилдаа орох болсон тул С-д худалдагч болгох хүсэлт тавьж байсан. С тухайн үед ч дуртай хүлээн зөвшөөрсөн. Хамт ажиллаж байх хугацаанд С-ийн хандлагыг ажиглаж байхад маш няхуур, нямбай, тооцооны асуудалд нарийн хандаж байгаа нь ажиглагдаж надад энэ хүнд итгэх итгэл төрж байсан. Тиймээс бид хоёр итгэлцлийн үндсэн дээр аман гэрээгээр хамтран ажил эхлүүлсэн юм. Дэлгүүрт ХААН банкны Пост машин ажиллаж байсан. Үүнд үндсэн барааны цэвэр ашиг болох 20 хувь нь өдөр бүр тэр пост машинд орж байсан. Ашиг олох гэж наймаа хийдэг жамтай шүү дээ. Жишээ нь, нэг ундааг 1500 төгрөгөөр бусдаас худалдан авлаа гэж бодоход 1600 төгрөгөөр зараад үүний ашиг болох 100 төгрөгийг тэр пост машинаас миний дансанд орж байдаг. Үлдсэн мөнгө нь худалдагч үндсэн бараа авдаг. Ашиг олохын тулд үндсэн барааны мөнгөө нэмнэ үү гэхээс биш тэр мөнгөнөөс авна гэсэн ойлголт байхгүй. Үндсэн бараатай байж ашиг олдог учраас. Зарим үед пост машинд тухайн өдрийн ашгаасаа илүү мөнгө орж ирдэг. Үүнийг би өөрөө байгаа үед орой дэлгүүр хаах цагт нь ирж тооцоо хийж илүү пост машинд орсон мөнгийг буцааж бэлнээр өгөөд явдаг. Яагаад гэвэл маргаашийн бараа таталтын үндсэн мөнгө нь учраас. Харин БНХАУ-руу явсан үед ХААН банкны интернет банкийг ашиглаж илүү орсон орлогын мөнгийг С-ийн данс руу нь шууд шилжүүлдэг байсан. Тухайн дэлгүүрт 167 удаагийн үйлдлээр 23513370 төгрөг орсон гэдэг нь ийм учиртай юм. Энэ нь зөвхөн өдөр бүр зарагдаж байсан барааны цэвэр ашгийн хуримтлал юм. Үүнийг худалдагч С өөрөө өдөр бүр тооцооны дэвтэр дээрээ тодорхой бичсэн ба энэ тухай дэвтэр нь байгаа. 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл өдөр бүр Пост машин ажиллаж байгаа нь энэ 167 удаагийн үйлдэл гэдэг нь ийм учиртай. (5сар 15хоног х 30 хоногт =165хоног нийт энэ нь зарим сар нь 31 хоногтой) Худалдагч С нь олон жил ажиллаж байсан туршлагатай худалдагч хүн билээ. 

Тэрээр зүгээр ч нэг хайхрамжгүй цагаан хуудсанд гарын үсэг зурж, бараа тоолж өгөлгүй дэлгүүрийн түлхүүр өгнө гэж огт тийм үндэслэлгүй худал мэдүүлэг өгсөнд харамсаж байна. Энэ хүнийг би олон жил хамтарч ажиллаж байгаа хүний хувьд энэ хүний зан чанар ямар хүн бэ гэдгийг өөрийн хэмжээнд гадарлаж байгаа. Тухайн үед учир шалтгаанаа хэлээд боломжтой үедээ өгье гэж ямар нэг зүйл хэлсэн бол би бас харж үзэх байсан. Яагаад гэвэл миний итгэлийг олж олон жил надад хамтарч ажилласан гэдэг үүднээс би бас өөрөөр харах байсан. Гэтэл ингээд худлаа ярьж намайг хуураад яваад байхаар нь гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх хуралдаанаар гомдлыг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд А заавал оролцоно.” гэжээ. 

 

Хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 389 дүгээр шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд нь гомдолдоо С намайг А-аас хүлээж авсан барааны үнээс 20,862,000 төгрөгийн бараа дутагдуулсан гэдэг нь ор үндэсгүй худал бөгөөд миний бие А-ын ХААН банкин дахь данс руу нь ПОСТ машинаар орлогоос байнга шилжүүлдэг байсан. Я.Сьездийн гаргасан гомдлоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг тус тус зөрчсөн гэдэг нь үндэслэлгүй бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудаа С миний бичиж өгсөн баримт гэх өөрсдийн гараар үйлдсэн баримтыг хуурамч, хууль бусаар бүрдүүлж өгч, мөн А-ын БНХАУ-руу суралцахаар явсан хугацаанаас эхэлж зөвхөн дэлгүүрийн орлого муудаж эхэлсэн үе болох 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны  1 дүгээр сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны гүйлгээний дэлгэрэнгүй хуулгыг банкнаас гаргуулж бүрдүүлж өгсөн байна. Үүнээс өмнө дэлгүүрийн орлого сайн байсан ба өдрийн орлогын 20-25 хувийг ПОСТ машинаар байнга шилжүүлж байсан. Орлого муудсан байгаа бага мөнгө шилжүүлж байгаа шүү гэдгээ А-д өөрт нь хэлж байсан билээ. 

С би 3 жил А-ын дэлгүүрт ажиллахдаа сар бүр 400.000 төгрөгийг цалин авч, сүүлд ачаалалтай ажиллахад 500.000 төгрөг болгож цалинг минь нэмэгдүүлсэн ба цалингийнхаа талаар баримт бичиж өгсөн минь үнэн. Гэвч миний бичиж өгсөн баримтыг А нь буруугаар ашиглаж үг, өгүүлбэр нэмж найруулан бичиж миний эсрэг ашиглаж намайг худал гүжирдэж, их хэмжээний өрөнд унагаж, сэтгэл санааны дарамт цочролд оруулж байгаад нь туйлын их гомдолтой байна. А нь С надаар дэвтрийн хоосон цаасанд зуруулж авсан гарын үсэг нь намайг барааны үнээс дутагдуулсан гэж хүлээн зөвшөөрсөн явдал огт биш бөгөөд зөвхөн түүний гуйлтын дагуу зурж өгсөн байсан тул А нь өөрөө баримт гэх бичгийг үйлдэж хуурамч нотлох баримт бүрдүүлсэн гэдэг нь илт харагдаж байгаа бөгөөд үүнийг нотлох баримт гэж үзэх боломжгүй гэдгийг анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоосон билээ. Хуульд зааснаар нотлох гэж байгаа үйл баримт нь “үнэн зөв” байх ёстой. Нотлох баримтыг шүүх шинжлэн судлаад гарсан үр дүнд эргэлзээ байгаа бол үнэн зөв гэж үзэхгүй байх үндэстэй. Иймд шүүх нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор авч үзэж, нягтлан шинжилж судалсны үндсэн дээр үнэн зөвийг тогтоож, хуулийн үндэслэл бүхий шийдвэр гаргасан байна. Миний бие С бие давхар тул биеийн байдал муудаж, эрүүл мэндээс шалтгаалж 6 дугаар сараас хойш байнгын эмчилгээ сувилгаанд байсан юм. Шүүх, цагдаад байн байн дуудагдан байцаалт өгч чирэгдүүлж, дарамтад орсоор байгаад сэтгэл санааны хүчтэй цочролд автагдан, улмаар хямралд орж, анхан шатны шүүх хуралдаанд оролцохоосоо өмнө хоёр сартай жирэмсэн байсан бөгөөд энэ асуудлын улмаас үр зулбасан. Иймд С би А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьездийн гаргасан гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож, Баян-Өлгий аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 389 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлсэн, хөлсөөр ажиллах гэрээний үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд түүний учруулсан хохирол, эд хөрөнгийн алдагдлыг шаардах эрхийн үндэслэлийг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ. 

 

Нэхэмжлэгч А нь түүний “Со” нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан хариуцагч С-д холбогдуулан худалдан борлуулсан барааны үнээс дутагдуулсан гэх 20.860.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “2016 оны 8 дугаар сард БНХАУ-д суралцахаар явахдаа 24.000.000 төгрөгийн бараа, дэлгүүрийн эргэлтийн хөрөнгөд зориулж 3.000.000 төгрөгийн бэлэн мөнгө, нийт 27.000.000 төгрөгийн бараа, бэлэн мөнгийг дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байсан С-д хүлээлгэн өгсөн, 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр БНХАУ-аас ирж, дэлгүүрийн үлдэгдэл барааг тоолоход 5.800.000 төгрөгийн бараа байсан, харин 20.862.000 төгрөгийн барааг худалдан борлуулсны мөнгийг худалдагч дутагдуулсан” гэж тайлбарлажээ. Харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд маргасан байна. 

Хэргийн 4-5 дугаар талд авагдсан тэмдэглэл, 39 дүгээр талд авагдсан тэмдэглэлийн дэвтэрт А-ын “Со” дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан хариуцагч С нь “Нийт 27 сая төгрөгийн бараа хүлээж авсан нь үнэн болно.”, “Нийт бараанаас 20.862.000 төгрөг дутаасан нь үнэн болно.” гэж тэмдэглэл үйлдэж байсан талаар маргаагүй боловч хэрэгт авагдсан бусад баримтууд, тухайлбал 29-37 дугаар талд авагдсан банкны дансны хуулга, зохигчийн тайлбар зэргийг харьцуулан дүгнэвэл, 8 нэрийн дэлгүүр ажиллуулж байсан А нь худалдагчаар ажиллаж байсан С-т 24.000.000 төгрөгийн бараа болон 3.000.000 төгрөгийн бэлэн мөнгийг хэзээ, хэрхэн хүлээлгэж өгсөн эсэх, 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар дэлгүүрт үлдсэн худалдан борлогдоогүй барааны тоо, үнэ, энэ хугацаанд дэлгүүрийн эргэлтийн хөрөнгөд ямар үнийн дүнтэй бараа, бүтээгдэхүүн татаж, худалдан борлуулж байсан эсэх, мөн хугацааны дэлгүүрийн орлого, зарлага, худалдагч С-ийн дэлгүүрийн эзэнд дэлгүүрийн орлогоос бэлэн болон бэлэн бусаар шилжүүлсэн, хүлээлгэн өгсөн мөнгөний дүн зэрэг нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлох үйл баримтууд тус тус нотлогдон тогтоогдохгүй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар нэхэмжлэгч нь өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй боловч нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлд дурдсан үйл баримтыг нотолж чадаагүй тул хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй болно. 

Нэхэмжлэгч талын гаргаж өгсөн тэмдэглэл бүхий бичмэл баримтуудад хариуцагч С нь өөрийн гарын үсгээ зурсан гэж мэдүүлж, энэ талаар маргахгүй байгаа хэдий ч тус тэмдэглэлд тусгагдсан агуулгын талаар шүүхэд маргасан ба тэмдэглэлд дурдсан үйл баримтууд нь дэлгүүрийн орлого, зарлагыг тодорхойлох санхүү, бүртгэлийн анхан шатны бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хэргийн 4-5 дугаар талд авагдсан тэмдэглэл, 39 дүгээр талд авагдсан тэмдэглэлийн дэвтрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2.-т зааснаар бусад нотлох баримтуудтай харьцуулан, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шүүхээс үнэлэх боломжгүй байна. 

Иймд хөлсөөр ажиллах гэрээнээс үүдэлтэй маргаанд үүрэг гүйцэтгэгч буюу худалдагч С нь үүргээ зөрчсөний улмаас үүрэг гүйцэтгүүлэгч А-д хохирол учирсан, эд хөрөнгийн алдагдал үүссэн нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3.-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын нотлох баримтыг үнэлэхтэй холбоотой гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ. 

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262,260.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 389 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262,260.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.КӨБЕШ

 

 

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

 

 

С.ӨМИРБЕК