Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 0038

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй,                                                                                       

           Шүүх хуралдаанд:

         Прокурор                                                  Н.Анхбаяр /онлайнаар/

         Яллагдагч                                                 С.Ж

         Яллагдагчийн өмгөөлөгч                           Т.Т

         Нарийн бичгийн дарга                             С.Гончигбал нарыг оролцуулан

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 180 дугаар захирамжтай С.Ж-д холбогдох 180300010038 дугаартай эрүүгийн хэргийг прокурор Н.Анхбаярын эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1961 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөнгөн хүнсний механикч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил 17-42 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ЧА61110279 регистрийн дугаартай, Б овогт С-ын Ж.

   Яллагдагч С.Ж нь 2017 оны 08 дугаар сарын 26-ны өглөө 07 цагийн үед Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутаг “Улаан шороот” гэх газарт 83-19 УБП улсын дугаартай Тоёота Гранд марк-2 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож зорчигч С.Т, С.О нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 180 дугаар захирамжаар:

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ж-д холбогдох хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж,

Шүүгдэгч С.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авсанаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

Прокурор Н.Анхбаяр эсэргүүцэлдээ:

... Хэргийг Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцээд 180 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар тээврийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 4-9-р хуудас/ хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Сэлэнгийн..."2017 оны 08 дугаар сарын 26-ны өглөө 08 цагийн үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас эгч маань залгаад болсон явдлын талаар хэлсэн"...гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/, хохирогч Д.Б-ийн..."Уньт дээр ирэхэд үүр цайгаад 06 цаг өнгөрөөд 07 цаг дөхөж байсан Дэлгэрмөрөн нойр хүрээд байна гээд Ж би машинд шөнөжин унтчихсан, би барья гээд Дэлгэрмөрөн хойно миний ард суугаад би жолоочийн хажуу урд суугаад арын голын суудал дээр Т, жолоочийн ард талд О сууж явсан...Уньтаас хөдлөөд их хол яваагүй байх хэсэг зүүрмэглээд явж байхад гэнэт л түс хийх чимээ гараад машин замын хажуу руу гараад эргэх шиг болсон тэгээд хэсэг би ухаан балартаад нэг сэрэхэд машинаас гараад уначихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/, гэрч Х.Дүүрэнжаргалын “...би өглөө 06 цаг 30 минутын үед босоод үнэгээ саасан үнэгээ саагаад байж байхад ойролцоогоор 07 цагийн үед байх манайх засмал замаас 30 орчим метрийн зайтай л байдаг юм гэнэт түс хийх чимээ гараад би өндийгөөд харсан чинь машин замын доод талруу эргэлдээд унаж байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг, гэрч  Б.Дэлгэрмөрөнгийн ..."тэгээд  миний нойр хүрээд ээжийн дүү Ж-д жолоо шилжүүлээд цааш  хөдөлсөн.. Онгоцны буудлаас цааш хөдлөөд Ж ах жолоо бариад жолоочийн хажуу урд суудал дээр аав Б аавын ард би суугаад миний хажууд Аригун ээж Т, О эгч суугаад хөдөлсөн...нэг  сэрэхэд машин онхолдоод цагдаа эмнэлэг ирсэн байсан...гэсэн мэдүүлэг, /хх-ийн 25-27-р хуудас/ 2017  оны 10  дугаар сарын  10-ны өдрийн шинжээчийн ..."жолооч С.Ж нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул,  саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна"...гэсэн заалтыг зөрчсөн нь тогтоогдож байна...” гэх дүгнэлт, /хх-ийн 29-р хуудас/ 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн шинжээчийн..."талийгаач С.Оюун-Эрдэний цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр цээжний битүү гэмтэл, үнхэлцэг хальсны урагдал, зүрх задрал хурц цус алдалт, өвчүү ясны хугарал, уушигны няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Талийгаач С.О нь  цээжний  битүү гэмтэл, үнхэлцэг хальсны урагдал,  зүрх задрал, хурц  цус алдалтын улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ"....гэх дүгнэлт, /хх-ийн 31-32-р хуудас/ 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн шинжээчийн..."талийгаач С.Т-ийн цогцост хийсэн шүүх эмнэлэгийн задлан шинжилгээгээр цээжний битүү гэмтэл, үнэлцэг хальсны урагдал зүрх задрал, хурц цус алдалт өвчүү ясны хугарал, баруун шилбэний ил хугарал, зүүн дунд чөмөгний хугарал, мөчдийн зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо...талийгаач С.Т нь цээжний битүү гэмтэл үнхэлцэг хальсны урагдал, зүрх задрал хурц цус алдалтын улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ"...гэх дүгнэлт, /хх-ийн 38-39-р хуудас/ хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч   П.Азжаргалын ..."2017  оны 08 дугаар сарын 26-ны өдөр манай ээж О Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутаг Улаан шороот гэх газар 83-19 УБП улсын дугаартай Тоёота гранд марк 2 маркийн автомашинд төрсөн ах Ж эгч Т, Т-ийн нөхөр Б.Т-ийн хүү Дэлгэрмөрөн, Т-ийн ач Аригун нарын хамт явж байгаад зам тээврийн осолд орж ээж О амь насаа алдсан"...гэсэн мэдүүлэг /хх-ийн 70-71-р хуудас/, 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн ..."жолооч С.Ж  нь  Монгол  улсын  Замын  хөдөлгөөний дүрмийн  9.2.  Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна"... гэсэн заалт зөрчсөн байх үндэслэлтэй байна"...гэх дүгнэлт, /хх-ийн 118-119-р хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар шүүгчийн захирамжинд заасан дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл /Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар/-ийн 1 дэх хэсэгт..."Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана"... өөрөөр хэлбэл шүүх хуралдааны хэмжээ хязгаарыг нэг талаас шүүх хуралдааныг чиглэсэн тодорхой зорилгын хүрээнд төлөвлөх, зохион байгуулах, нөгөө талаас ямар ч, тохиолдолд шүүгдэгчийн байдлыг дордуулахгүй байх ач холбогдолтой юм.

Яллагдагч, шүүгдэгчийн хувьд шүүхэд шилжүүлсэн хэрэг гэдэг нь яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт дурдсан Эрүүгийн хуулийн тодорхой зүйл, хэсгээр зүйлчлэгдсэн гэмт хэргийг ойлгоно. Өөрөөр хэлбэл шүүх хуралдааны хэмжээ хязгаар нь прокурорын яллах дүгнэлтийн агуулгаар хязгаарлагдана. Шүүх дүгнэхдээ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй".. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1-1-д гэмт гэмт хэрэг хэзээ, хаана, яаж үйлдэгдсэн, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.4-д зааснаар яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж, чанар хэр хэмжээ, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.6 гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлийг бүрэн дүүрэн шалгаж тогтоогоогүй байна...гэж,

1. Осол гарахад тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Дэлгэрмөрөн, яллагдагч С.Ж нарын биед учирсан хохирлын шинж байдлыг тогтоогоогүй байна Өөрөөр хэлбэл зорчигч Б.Дэлгэрмөрөнгийн баруун дунд чөмөг хугаралтай, хадуулсан, яллагдагч С.Ж хүзүүний хүнд хэлбэрийн гэмтэлтэй мэс заслын эмчилгээ хийлгэж хүзүүний бэхэлгээ хийлгэсэн талаарх эмнэлэгийн магадлагаа, эмнэлгийн карт хэрэгт авагдсан байхад шинжээч томилж, шинжилгээ хийлгэх, хохирогчоор тогтоох зэрэг мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй байна"...гэсэн заалт нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь: Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд зааснаар..."Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан. Гэтэл шүүхээс осол гарахад тээврийн хэрэгсэлд зорчиж явсан яллагдагч С.Ж нарын биед учирсан хохирлын шинж байдлыг тогтоогоогүй байна"..гэсэн нь ойлгомжгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар С.Ж нь автомашин жолоодож явсан жолооч юм. Хуульд зааснаар жолооч С.Ж нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн. Дээрх үндэслэл тогтоогдож байхад жолооч С.Ж-ы эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоогдоогүй гэсэн заалт нь хэргийн нөхцөл байдалд тохироогүй байна. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14/ өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх"...эрхтэй гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн б.Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй"...гэж, заасан ба зорчигч Б.Дэлгэрмөрөн нь удаа дараа, шүүх эмнэлэгт үзүүлэхээс татгалзсан нь шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй гэж мэдүүлсэн ба Б.Дэлгэрмөрөн, С.Ж нар нь Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6. "садангийн хүн" гэж гэрлэгчийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг"... гэж зааснаар садангийн хүн гэж үзнэ. Иймд хэрэгт гэрч Б.Дэлгэрмөрөнгийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан дээрх эрхийг хязгаарласан үндэслэл болно.

2. Мөн насанд хүрээгүй 9 настай С.Аригунаас осол болсон талаар мэдүүлэг авах, 3. Гэмт хэрэг гарсан шалтгааныг нөхцлийг бүрэн дүүрэн шалгаж, тогтоох гэсэн заалтыг хангах боломжгүй байна.

Тодруулбал: С.Ж нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, энэ талаар эсрэг мэдүүлэг өгөгдсөн болон осол гараагүй гэж зөрүүтэй мэдүүлсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байхад 9 настай зорчигч асуу гэж үзэж байгаа нь учир дутагдалтай байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл: /Нотолбол зохих байдал/-ийн 1.1 /гэмт хэрэг гарсан байдал/ гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/ 1.2 гэмт хэргийг хэн үйлдсэн, 1.3 Гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, 1.4 Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, 1.5 гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, 1.6 гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих асуудал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл Замын хөдөлгөөний дүрмээр тээврийн хэрэгслийн жолооч замын хөдөлгөөнд оролцох, эрх, үүрэг зэргийг зохицуулсан бөгөөд яллагдагч С.Ж нь дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан "Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих" гэмт хэргийн үндсэн шинжид хамаарч байна. Түүнчлэн С.Ж-ы Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтанд зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хуулийн холбогдох зүйл, заалт өөрчлөгдөхгүй хэргийг хянан шийдвэрлэхэд эргэлзээгүй байна.

4. Шүүхийн захирамжийн 4 дэх заалт учир дутагдалтай болжээ. Хэрэгт яллагдагч, болон түүний өмгөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нараас тээврийн прокурорын газарт гаргасан хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлд зааснаар прокуророос шийдвэрлэсэн ба оролцогч нараас прокурорын газарт гаргасан хүсэлт, гомдлыг байгууллагын дотоод журамд зааснаар бичиг хэргийн ажилтан хүлээн авч бүртгэлд оруулж, хянаад хуульд заасны дагуу тэдгээрт тухай бүр нь тээврийн прокурорын газрын хариу мэдэгдэх хуудсаар шийдвэрлэнийг танилцуулсан. Энэ талаарх баримт хэрэгт авагдсан байна. оролцогч нараас энэ талаарх шийдвэрийг гардан авсан байхад хуульд заагаагүй, хэрэгт хамааралгүй байхад тэдгээрийн эрхийг зөрчсөн гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зүйлгүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагын дагуу мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн болно.

Шүүгчийн захирамжийн захирамжлах: Тээврийн прокурорын газрын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т зааснаар гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэсэн байх тул тээврийн прокурорын газраас дээрх зүйл анги, хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдээгүй болно. Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 180 тоот захирамжийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив...” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Анхбаяр дүгнэлтдээ: “… Бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна...Шүүгчийн захирамжийг хүчингүй болгох саналтай байна ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл С.Ж-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь үндэслэл бүхий болжээ.

            Учир нь: С.Ж-д холбогдох хэрэгт нотолбол зохих асуудал буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг зайлшгүй тогтоох шаардлагатай.

Прокурор нь “зорчигч Б.Дэлгэрмөрөнгийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоох нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй... Б.Дэлгэрмөрөн нь шинжилгээ хийлгэхгүй гомдолгүй гэсэн” гэх боловч хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох нь заавал шинжилгээ хийлгэх тохиолдолд хамаарахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт хуульчилсан.

Иймд зам тээврийн осол гарах үед 83-19УБП улсын дугаартай Тоёота гранд марк- 2 маркийн автомашинд зорчиж явсан Б.Дэлгэрмөрөн, тухайн автомашиныг жолоодож явсан гэх С.Ж нарын эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоох нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, ял оногдуулахад нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой гэж үзнэ.

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн атлаа /хх 147/ хүсэлт гаргасан этгээдэд танилцуулсан, гардуулсан эсэх нь тодорхойгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрх бүхий албан тушаалтанд гомдол гаргах эрхийг хангаагүй гэх үндэслэл болно.

Мөн эсэргүүцэлд дурьдсан “шүүгчийн захирамжийн захирамжлах: тээврийн прокурорын газрын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т зааснаар гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэсэн байх тул тээврийн  прокурорын газраас дээрх зүйл анги, хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдээгүй” /хх 178/ гэсэн нь ойлгомжгүй байна.

Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих бусад асуудлуудыг шалгаж тогтоосон байх ба хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дүгнэлтэд “...тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байсан эсэхийг тогтоох боломжгүй. Тээврийн хэрэгслийн тэнхлэг тохиргоо алдагдах нь тухайн тээврийн хэрэгслийн дугуйны хээ элэгдэхэд нөлөөлөхөөс жолооны хүрдэнд нөлөөлөхгүй...” гэсэн /хх 29/, тусгай мэдлэг бүхий техникийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэй гаргасан 181 дугаартай дүгнэлтэнд ”... 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дүгнэлт үндэслэлтэй...” гэсэн /хх 119/ байх тул шүүгчийн захирамжинд заасан бусад үндэслэл болох насанд хүрээгүй С.Аригунаас мэдүүлэг авах, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцлийг бүрэн дүүрэн шалгаж тогтоох зэрэг нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцэлд дурьдсан зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

     ТОГТООХ нь:

1.Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 180 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурор Н.Анхбаярын эсэргүүцэлд дурьдсан зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч С.Ж-д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.УРАНЧИМЭГ

                 ШҮҮГЧ                                                            М.ХҮРЭЛБААТАР

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Ё.БЯМБАЦЭРЭН