Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 162

 

М.Мөнхжаргалд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

Шүүгч Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор Ш.Эрдэнэбилэг,

Нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 53 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 260 дугаар магадлалтай 201626031303 тоот эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэлийн гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1990 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй Баруунхуасай овогт Мөнхбаярын Мөнхжаргал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан “Бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрах” гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч М.Мөнхжаргалыг бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, шилийг зэвсгийн чанартай хэрэглэн танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 03 жил 05 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан, 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 188 дугаар зүйлийн 188.1.1 дэх хэсэгт заасны дагуу М.Мөнхжаргалын бага насны хүүхэд О.Анужинг /РД: ЖЛ90031916/ харгалзан дэмжүүлэх асуудлыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар жич шийдвэрлүүлэхээр шилжүүлэн өгсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Илтгэгч шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэг нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “... М.Мөнхжаргал нь хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, хохирлоо сайн дураараа төлсөн байдал болон хувийн байдлын хувьд засарч хүмүүжих боломжтой, үйлдсэн хэргээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, мөн хохирогч Э.Амармэнд нь шүүхийн өмнөх шатанд хохирлоо төлүүлж авсан, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн, шүүх гэм хорыг арилсан, бага насны хүүхэдтэй, ганц бие эцэг зэргийг үндэслэн ганц бие эцэгт оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулан Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасныг хэрэглэж тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч М.Мөнхжаргал нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бусдыг илтэд үл хүндэтгэн, үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Э.Амармэндийн нүүрэн тус газар шар айрагны лонхоор 2 удаа цохиж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Хэргийн талаар мөрдөн байцаалтын шатанд шалгавал зохих асуудлуудыг бүрэн шалгаж тодруулсан. Хэргийн зүйлчлэл зөв, шүүгдэгчид оногдуулсан ял, шийтгэл тохирсон, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч М.Мөнхжаргал нь согтуугаар, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, бусдыг илтэд үл хүндэтгэн, догшин авирлаж, үл ялих зүйлээр шалтаглан шилийг зэвсгийн чанартай ашиглан, хохирогч Э.Амармэндийн нүүрэнд хоёр удаа цохиж хөнгөн гэмтэл учруулан танхайрах гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасах буюу хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болсон, түүнчлэн хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Танхайрах гэмт хэрэг нь бусдыг үл хүндэтгэсэн, нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлагдан ирсэн зан заншлыг үл тоомсорлох, ичгүүр сонжуургүй, догшин зан авир, бүдүүлэг үйлдэл гаргах, ямар ч шалтгаангүй, эсхүл ялимгүй зүйлийг шалтаглан гэмт хэрэг үйлдэхийг ойлгоно.

Шүүгдэгч М.Мөнхжаргалын үйлдсэн гэмт хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт цугларсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтуудад үндэслэн, хэрэг үйлдэгдэх үед байсан гэрчүүдийн мэдүүлгийг тал бүрээс нь хянаж, хэргийн бусад нөхцөл байдалтай харьцуулан дүгнэж хийсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлд заасан хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулах зохицуулалт нь заавал хэрэглэхийг шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээ биш бөгөөд шүүх шүүгдэгч М.Мөнхжаргалд ял шийтгэл оногдуулах нийтлэг зарчмыг үндэслэн, түүний үйлдсэн хэргийн шинж чанар, хувийн байдал болон ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 03 жил 05 сарын хорих ял шийтгэж, уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэлийн “Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасныг хэрэглэж тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 53 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 260 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэлийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                            ДАРГАЛАГЧ,

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Т.УРАНЦЭЦЭГ

                           ШҮҮГЧ                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН