Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 0037

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,                                                                                           

           Шүүх хуралдаанд:

         Прокурор                                                   Ц.Гэрэлбаатар

         Шүүгдэгч                                                    Г.А

         Шүүгдэгчийн өмгөөлөгч                              М.Даваасүрэн, Д.Дарьбазар

         Нарийн бичгийн дарга                              С.Гончигбал нарыг оролцуулан

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоолтой, Г.А-д холбогдох 1715001390034 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч  Г.А-гийн давж  заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1976 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 4 дүгээр багт оршин суух, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, МЙ76081319 регистрийн дугаартай, Б овогт Г-ын А.

   Шүүгдэгч Г.А нь 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Хутаг-Өндөр сумын 4 дүгээр багт оршин суух хохирогч О.Д-ын гэрт түүнтэй хамт архи ууж хохирогч О.Д-ыг гэрт шүлсээ хаялаа гэж хэлснээс маргалдан О.Д-ын толгой руу цохиж “хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоолоор:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Булган аймгийн Прокурорын газраас  шүүгдэгч Б овогт Г-ын А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж,

Шүүгдэгч Г.А-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Г.А-г 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Г.А-д оногдуулсан 7 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-гийн цагдан хоригдсон 95 /ерэн тав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Шүрэн-Эрдэнэ нь оршуулахтай холбогдон гарсан зардалыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Хэрэгт хавсаргаж ирүүлсэн “ Гэрч Я.Уранчимэгийн мэдүүлгийг буулгасан” гэх нэртэй 1 минут 22 секундын бичлэгтэй CD 1 ширхэгийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

Эрүүгийн 1715001390034 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж,

Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогч хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.А-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэжээг хэвээр үргэлжлүүлж, 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.А давж заалдах гомдолдоо:

“... Шүүх хэдийгээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн "хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсны улмаас хохирогч нас барсан гэдэг зүйлээр зүйлчилсэн боловч энэ гэмтэл нь яг хэзээ, хэн учруулав гэдгийг бүрэн гүйцэд тогтоогоогүй гэж үзэж байна.

Хохирогч Д нь байнгын согтууруулах ундаа хэрэглэдэгийн улмаас хэзээ, хэнд зодуулснаа тодорхой мэддэггүй, хамтран амьдрагч Оюунсайхан анх "8 сарын 31-ний өдөр хүнд зодуулсан, орой намайг ирэхэд хүнд зодуулсан гэж ярьж байсан орой ирсэн хүмүүсээс намайг хэн зодчиховоо гээд байсан, ер нь 08 сарын 23-наас хойш талийгаач Намнан \багш\ гэх мэт хүмүүстэй маргалдаж зодолдсон асуудлыг насанд хүрээгүй гэрч Урангоо, \хх-90\ 08 сарын сүүлээр, насанд хүрээгүй гэрч Чулуунцэцэг \хх-57\ 08 сарын 23-ны орчим байх гэж гэрчлээд байхад шинжээчийн дүгнэлтэнд яагаад 08 сарын 20-нд энэ гэмтлийг авах боломжгүй гэсэн нь тодорхойгүй, 08 сарын 20-нд талийгаач хэнд зодуулснаас энэ асуулт тавигдав.

Гэрч Оюунсайхан 08 сарын 31-ний шөнө толгой руу нь цохьсон түүнээс хойш толгой нь өвдсөн гээд байгаа боловч шинжилгээний дүгнэлтээр тархи дарагдалттай холбоотойгоор хүн бүрт харилцан адилгүй хугацааны дараа толгой өвдөх шинж тэмдэг илэрдэг гэсэн нь гэмтэл аваад хэд хоног ч явж болохоор, эмч Олзмөнх мэдүүлэгтээ \хх-74-т\...тодорхой хэлэх боломжгүй хэдий ч гэмтэл учирсан даруйдаа амь насанд аюултай гэмтэл гээд байгаа нь 09 сарын 4-5-нд гэмтэл авсан байх магадлалтай. 09 сарын 4-5-нд Түмэнбаярыг Д-д ирж толгой барьж өгөхөд Ааяа, Бооёо \талийгаачийн салсан эхнэрийнх нь ах\ нар ирсэн, бариач хоноод явсан зэрэг нь согтууруулах ундаа хэрэглэж маргасан байхыг үгүйсгэхгүй. Ийм нөхцөл байдалд "Шинжээчийн дүгнэлтэнд хохирогчийн тархинд үүссэн цусан хураанаас дээж авалгүйгээр уг гэмтэл хэзээ авсныг тогтоох боломжгүй" гэж дүгнэсэн байхад ямар үндэслэлээр би тэр гэмтлийг учруулсан байхав гэдэгтээ эргэлзсээр байна. Мөн үйл явдлын талаар тодорхой гэрчилсэн гэрч Туваанжавын Намнанг өөрийн орон нутагт байхгүй гэдгээр гэрчээр оролцуулаагүй, сүүлд талийгаачийнд 09 сарын 4-5-нд Түмэнбаярыг очиход байсан шар Батаа, Бооёо \талийгаачийн салсан эхнэрийнх нь ах\ гэх мэт хүмүүс тэднийд байж хонож өнжсөн байхад эдгээр хүмүүсээс мэдүүлэг аваагүй, 8 сарын 31-ний үдээс хойш Намнан тэднийд архитай очсон өдөр нь тэр 2 муудалцаж байсан байхад энэ талаар тодруулж асуугаагүй, гэрч Оюунсайхан гал тогооны өрөөнд сав суулга угааж миний үйлдлийг харах боломжгүй байж намайг талийгаачийн толгой руу цохьсон гэж худлаа ярьсан. Миний дүү Сэлэнгээ Хутаг-Өндөр сум ороод эмч Мөнхзулаас хэргийн талаар асуухад талийгаачийг зоорьлуу унасан гэж ярьж байсан шүү гэж хэлсэн нь шинээр гарч ирсэн мэдээлэл тул үүнийг тодруулж үнэн мөнийг олохыг хүснэ. Эдгээр нөхцлүүдэд эргэлздэг, би өөрөө гэрч нартай нүүрэлдэж байцаагдмаар байгаа зэргийг харгалзан үзэж дахин шалгуулахаар хэргийг буцааж өгнө үү” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Гэрэлбаатар дүгнэлтдээ: “… анхан шатны шүүх Г.А-д холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн ... шийтгэх тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Булган аймгийн Прокурорын газраас Г.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Г.А-д холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, түүнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан байна.

Шүүгдэгч Г.А нь “... энэ гэмтэл нь яг хэзээ, хэн учруулав гэдгийг бүрэн гүйцэд тогтоогоогүй ... дахин шалгуулахаар хэргийг буцааж өгнө үү...” гэх давж заалдах гомдол гаргасан байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл

Б овогт Г-ын А нь 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 4 дүгээр багт оршин суух О.Д-тай хамт гэрт нь архи уусан ... О.Д нь түүнийг “гэрт шүлсээ хаялаа” гэж хэлсний улмаас хоорондоо маргалдаж Г.А түүнийг дарж унагаан улмаар толгой руу нь цохиж “...зүүн зулайн хатуу хальсан дээрх цусан хураа, тархи дарагдал, зүүн зулай хэсгийн аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт...” бүхий хүнд хохирол учруулсан ... О.Д нь уг гэмтлийн улмаас тархины мэс засал эмчилгээ хийлгэсэн боловч 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр нас барсан үйл баримт нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогддог, амь хохирогч шууд нас барсан эсхүл хэсэг хугацааны дараа нас барсан нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй боловч

 анхан шатны шүүх “хохирогч О.Д нь дээрх гэмтлийг авсан даруйдаа эмнэлгийн тусламж авсан бол амь нас нь аврагдах боломжтой байсан” гэх шинжээчийн 129 дугаартай дүгнэлтийг үндэслэн Г.А-д холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлөн өөрчилж, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулсан нь үндэслэл бүхий болжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Я.Уранчимэг нь тухайн үйл баримтын талаар мэдүүлэхдээ “...би газраар хэвтэж байсан ... талийгаач Д нь А гэх залууг чи яахаараа гэрт шүлсээ хаядаг юм бэ, энэ чинь бас айл юм байгаа биз дээ гэсэн...би өндийгөөд босч ирээд харахад том өрөөний зүүн урд буланд А гэх залуу Д-ыг арагш нь эвгүй байдлаар савж унагаасан, тэгээд дээр нь сууж гараараа 2-3 удаа толгойн хэсэгт нь чиглүүлээд цохиж харагдсан...” гэж /хх 99-101/,

мөн тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт “... архиа уусны дараагаар А талийгаачийн гэрт шүлсээ хаяж, талийгаач нь А-г яагаад гэрт шүлс хаяж байгаа юм гэж уурлаж А талийгаач хоёр барьцалдаж авч, А талийгаачийг ар гэдэргээр нь унагааж толгой хавьд нь 2-3 удаа цохисон ... дараа нь Оюунсайхан А салгаж гэрээсээ хөөж явуулсан...” гэж /2 дугаар хх 38/,

гэрч Д.Оюунсайхан нь “...А том өрөөнд орж ирээд шууд шүлсээ хаясан, ингэтэл Д сууж байгаад босч ирээд гэр оронд шүлсээ хаялаа гээд А-г цээжин тус газар нь гараараа нэг удаа цохиод авсан. Ингэтэл А Д-ыг цээжээр нь тэвэрч аваад дарж унагаагаад толгой тархи руу нь гараараа цохиж эхэлсэн ... доороо хийчихсэн цээжин дээр нь гараад суучихсан зодож байсан ... би босч очоод ... А-г хөөгөөд явуулсан ...” гэж /хх 45-46/,

дахин мэдүүлэхдээ “...А талийгаачийг цээжээр нь тэвэрч аваад хойш нь гэдрэг савуулаад унагааж байгаад дээр нь гараад толгой руу нь гараараа цохисон...“ гэж / хх 47/ тус тус мэдүүлсэн байна.

Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 129 дугаартай дүгнэлтэд “...амь хохирогч О.Д нь гавал тархины битүү гэмтлийг 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр авсан байх боломжгүй...” гэсэн /хх 174/ байх тул дээрхи баримтуудаар шүүгдэгчийн давж заалдах гомдол нь үгүйсгэгдэж байна.

Мөн шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь “...эмчид дуудлага өгөхдөө зоорь луу унасан гэсэн ... хэргийн материал танилцуулаагүй...” гэх боловч амь хохирогчийн биед учирсан дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон /хх 174/ бөгөөд Г.А, түүний өмгөөлөгч М.Даваасүрэн нарт хэргийн материал танилцуулсан баримт хавтаст хэрэгт /хх 226/ авагджээ.

Хэргийн үйл баримтын талаар гэрч Я.Уранчимэг, Д.Оюунсайхан нарын удаа дараа тогтвортой өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр шүүгдэгч Г.А-гийн гэм буруутай үйлдлийн улмаас О.Д-ын биед хүнд гэмтэл учирсан, уг гэмтэлтэй шалтгаант холбоотойгоор хохирогч нас барсан үйл баримт тогтоогдсон, анхан шатны шүүх түүнд холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Иймд шүүгдэгч Г.А-гийн гаргасан “... дахин шалгуулахаар хэргийг буцааж өгнө үү..” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

1.Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.А-гийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ё.БЯМБАЦЭРЭН

         ШҮҮГЧИД                                                          М.ХҮРЭЛБААТАР

                                                                                                 С.УРАНЧИМЭГ