Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2019/00971

 

“... шанд” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

     Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн         

          2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2019/00072 дугаар шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 472 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: “... шанд” ХХК

          Хариуцагч: Я.Г-

          Хариуцагч: Д.Н- нарт холбогдох

          Нэхэмжлэл: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 114,844,213 төгрөг гаргуулах,

          Сөрөг нэхэмжлэл: Гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгахад гарах зардалд 2,511,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан зохигчийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Дэ-, хариуцагч Я.Г-, түүний өмгөөлөгч О.Чулуунчимэг, нарийн бичгийн даргад Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: 2015-09-15-ны өдөр СХД-н ...-р хороонд байрлах .. давхар .. айлын орон сууцны дотор заслын ажлыг хийж гүйцэтгэхээр Я.Г-той барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажлын үнэлгээг харилцан тохирч, барилгын дотор заслын ажил эхэлсэн. Я.Г- 2015-09-25-ны өдөр урьдчилгаанд 2 сая төгрөг өгсөн. Бид ажлаа гэрээнд заасан хугацаанд буюу 2015-10-05-ны өдөр хийж гүйцэтгээд актын хамт хүлээлгэн өгсөн. Я.Г- гэрээнд гарын үсэг зурдаггүй. Би гарын үсэг зуруулъя гээд өгөхөөр маргааш зурж өгнө гэж авч яваад буцааж өгөөгүй. Бид урьдчилгаа мөнгөө аваагүй байж ажил эхлүүлсэн. Бид шприц цацах, муруй хананд бетон цутгах багахан ажил үлдсэн бөгөөд энэ үед ажлаа зогсоосон. Я.Г- нь ...манай ажлыг яаралтай дуусгах хэрэгтэй байна, улсын комисс хүлээж авах гээд байна гэхэд нь ...та гэрээнд гарын үсэг зурж өгөхгүй бол ажлаа үргэлжлүүлэхгүй гэж хэлсэн. Я.Г- нь Б.Д-, П.Н- нарт борлуулалтын өрөөнд очоод үнэлгээгээ тохироод ир гэж үүрэг өгөхөд би хажууд нь байсан. Ингээд үнэлгээг тохиролцох үед би үлдсэн ажил дээр бага зэрэг үнэ буулгаж болох талаар хэлсний дагуу тохирч надаас бусад нь инженер болон Д.Н- нар гарын үсэг зурж баталгаажсан тул ажлаа хийгээд дуусгасан. Би өдөр болгон ирж гэрээнд гарын үсэг зурж өгөөч гэж Я.Г-оос гуйж, түүнийг төлбөрөө төлөхийг шаардахад гарын үсэг зурсан хүмүүстэй ярь гээд өөрөө алга болсон. Албан бичгээр 4-5 удаа сануулсан. Уг ажлыг Я.Г- хүлээн зөвшөөрч, үнэ тохирч ажил эхлэх зөвшөөрөл өгсөн атлаа өөрөө баталгаажуулаагүй. Иймд ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрт 76,562,809 төгрөг, түүний алданги 38,281,404 төгрөг, нийт 114,844,213 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

       Хариуцагч тал тайлбартаа: 2015-9-15-ны өдөр С.Дэ-тай барилгын ажил хийхээр тохиролцсон. Солонгос ажилчид ажиллуулна гэхэд нь би зөвшөөрөөгүй. Гадаадын иргэн ажиллуулах зөвшөөрөл авч ирж өг, улсын комисс хүлээж аваагүй байранд ажилчид байрлуулж болохгүй гэж хэлсэн. С.Дэ-тай зөвшилцөөнд хүрээгүй үндэслэл нь м.кв-ийн үнэ 2,500 төгрөгийн ажлыг 1,350 төгрөгөөр хийнэ гэсэн. Монгол хэл мэдэхгүй солонгос ажилчдаар шууд ажил хийлгэж эхэлсэн бөгөөд ажилчид нь миний үгэнд орохгүй, миний үүрэг болгосноос өөр байдлаар хийж байсан. Шаардлага тавихад С.Дэ-гийн үгэнд ороод, миний үгэнд орохгүй байсан. Анх тохирсон ажил дээр шприц гэсэн нэг ч үг байхгүй. Гэтэл С.Дэ- өөрийн хүссэнээр ажлаа хийж, миний хэлснээс зөрүүтэй зүйлүүд хийж байсан. Мэргэжлийн хяналтын байцаагчтай ярилцахад барилгын гадна талд цавуулаг материалаар хийж болно гэсэн. Манай барилгын ажил автортойгоо хэрхэн хийгдэх талаар ярилцаж байж барилгын бүх зураг төсөл батлагдсан. Хэрэв өөрчлөх шаардлага гарвал барилгын автортой ярилцаж байж шийдэгдэх асуудал. С.Дэ- өөрөө дур мэдэж өөрчлөн шприц цацсан. С.Дэ- аливаа баримт дээр надаар гарын үсэг зуруулдаггүй. Ажлаа 100% хийсэн гэж өөрөө гарын үсэг зурдаг. Би С.Дэ-гийн хийсэн ажил буюу тоосго, шавар, өрлөг хэсгийг хүлээн зөвшөөрч баримтанд гарын үсэг зурсан. Шприц явагдахгүй, автортой ярь гэж олон хэлсэн. Мэргэжлийн хяналтын дүгнэлт дээр барилгын гадна талд цавуулаг материал орж болно гэсэн. Нэгэнт мэргэжлийн хяналтын дүгнэлт гарч байгаа тохиолдолд гаднах цавуулгийн зүйлийг хүлээн зөвшөөрье. Солонгос ажилчид ажиллах зөвшөөрөлтэй гэрээг авч ирж өг гэхээр өгдөггүй хэрнээ жилийн дараа 2016-02-05-ны өдөр хэрэгт гарган өгсөн байдаг. Бичиг баримтууд дээр миний гарын үсэгтэй баримт маш цөөхөн. Гадна талын хийх ёстой талбай 1371 м.кв талбай юм. Дотор талын айлуудын хананд шприц цацах ёс журам байхгүй. Нэхэмжлэгчийн хийсэн ажлын бүрэн үгүйсгэхгүй, энэ маргаанд эхнэр Д.Н- хамаагүй. Тэрээр миний ажилд тусалдаг байсан. Ажлын урьдчилгаанд 3 сая төгрөгийг би нэхэмжлэгчид өгсөн талаар гэрч мэдүүлсэн байгаа. Надаас 76,562,809 төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Шинжээчийн дүгнэлтээр ажлыг 51,962,468 төгрөг гэж тогтоосон нь үндэслэлтэй. Мөн нэмэлт шинжээчийн дүгнэлтээр 2, 3 дугаар давхарын ажлыг үнэлгээнд оруулсан нь үндэслэлгүй. Учир нь цаг хугацааны хувьд сүүлд гарсан бөгөөд бодит үнэнд нийцээгүй. Ажлын доголдолд 2,511,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

       Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 102/ШШ2019/00375 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.1-д заасныг тус тус баримтлан Я.Г-оос 48,962,498 төгрөг гаргуулан ... шанд ХХК-д олгож, нэхэмжлэлээс 65,881,715 төгрөгийг   Д.Н-т холбогдох хэсгийн хамт хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан ... шанд ХХК-д холбогдох, 2,511,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлээсээ Я.Г- татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 732,171 төгрөгийг, Я.Г-оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Я.Г-оос 402,762 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, шинжээчийн зардалд хариуцагчаас 1,077,780 төгрөг, нэхэмжлэгчээс 1,452,220 төгрөг гаргуулан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д, Я.Г-оос 63,900 төгрөг, нэхэмжлэгчээс 86,100 төгрөг гаргуулан шинжээч Ж.Цээлээд тус тус олгож шийдвэрлэжээ.

       Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 472 дугаар магадлала...гол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 102/ШШ2019/00072 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...48,962,498... гэснийг ...59,184,603... гэж, ...65,881,715... гэснийг ...55,659,610... гэж, 2 дах заалтад ...402,762... гэснийг ...453,873 ... гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295 951 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосон байна.

       Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Давж заалдах шатны шүүх нь шинжээчийн дүгнэлт болон актыг үндэслэн зөв шийдсэн ч гүйцэт шийдээгүй дутуу шийдсэн тухайд гомдолж байна. 2015-9-р сард хийсэн уг ажлыг хариуцагч 1 жил гаран зогсож ажлаа эхлүүлж байх үед нь манай байгуулага нь хариуцагч Я.Г-той харилцан хариуцагчийн зааж өгсөн ажлыг заасан хугацаанд хийж дуусгах, хариуцагч Я.Г-той тохирсон хийх ажлынхаа ажлын хөлс болох үнэ ханшаа ярьж тохиролцож Я.Г-ын бичгээр өгсөн ажил эхлүүлэх 2015-9-16 №15\57-р албан бичиг ажил эхлэхийг Я.Г- зөвшөөрснөөр, мөн уг барилгад ямар ямар ажил эхлүүлэх тухай  Я.Г-, талбай хариуцсан ерөнхий инженер Б.Д- нарын гарын үсэгтэй 4-н зөвшөөрлөөр A. 2015-9-17-ны өдрийн Б. 2015-9-20-ны өдрийн B. 10-20-ны өдрийн \2 зөвшөөрөл \тус тус хариуцагчийн гарын үсэгтэй зөвшөөрөл нь заагдсан ажлуудыг хийхийг  Я.Г- өөрөө гарын үсэг зурж баталгаажуулсан зөвшөөрснөөр ИХ-н 343.1-д заасанаар ажил гүйцэтгэх харилцааг үүсгэн 9 давхар орон сууцны подволд өрлөг, шавар болон дээвэрт өрлөг шавар, мөн 2,3,4,5,6,7,8,9-р давхрын доорх ажлууд, давхартаа 6 айлтай уг барилгын давхар бүр доторх бүх өрлөг, өрлөгийн шавар, муруй бетон ханны шпризтэй шавар, бетон ханны муруй хананд тэгшилж гараар зөөвөрлөн шприз, хана таазанд хар замаска, шалны тэгшилгээ хийх зэрэг бүх ажил нь гар аргаар зөөвөр тээвэрлэж байсан. Хариуцагчийн зөвшөөрлөөр олон ажлыг гар гаргаар 2-9 давхар хүртэл хийж заасан хугацаанд нь хариуцагч тал болох Я.Г-од заагдсан ажлуудыг актаар хүлээлгэн өгөх үүрэг бид инженер, нярав, жолооч, БНАСАУ-ын ажилчид нийт 40 хүн хүлээсэн. Ажил гүйцэтгэх үүргийн дагуу ажлаа АКТААР 100% хийж , чанар 100% гэж үнэлүүлэн  Я.Г-, инженер Б.Д- нарт хүлээлгэн өгсөн. АКТ: Гэрээний дагуу бүх хийгдсэн ажлаа хүлээн авсан акт: Я.Г-, инженер Б.Д- нарыг гарын үсэгтэй актууд A. Ажил гүйцэтгэгч хийсэн ажлаа хүлээлгэн өгсөн акт: 2015-9-15, 2015-9-22 \ 2-6 хүртэлх бүх ажлууд\. Б. Ажил гүйцэтгэгч хийсэн ажлаа хүлээлгэн өгсөн акт: 2015-9-22- 2015-10-05 \б-9 давхар хүртэлх бүх ажлууд\ B. хариуцагчийн  зөвшөөрөл өгсөн бүх ажлуудыг хийж хүлээн авсан 2015.9.22- 2015.10.05- 2015.10-18 ны өдөр хүртэлх заагдсан ажлуудыг уг актуудаар хийж дуусгаж Я.Г-, инженер Б.Д- нарт хүлээлгэн өгсөн 3 төрлийн актаар хийсэн ажлаа гүйцэтгэгч компани хүлээлгэн өгсөн. 4. ДУУСАН БҮХ АЖЛЫГ ХАМТРАН ДҮГНЭСЭН ХЯНАЛТ: Туслан гүйцэтгэгч манай хийсэн бүгд ажлыг захиалагч Я.Г- , талбайн инженер Б.Д-, Д.Н- нар бүгд явж хамтарсан хяналт шалгалт хийж хяналтын тэмдэглэл хөтөлж туслан гүйцэтгэгч ...ШАНД ХХК- нь зөвшөөрсөн бүх ажлыг 100% хийж чанартай хүлээлгэн өгч зөрчил гаргаагүй байна гэж хамтарсан хяналтын үзлэгээр дүгнэж гарын үсэг зурж баталгаажуүлсан нотлох баримт хэрэгт байдаг. 5. Хийсэн ажлыг хүлээн авсан нотлох баримт болох актыг үндэслэн ажлын гүйцэтгэл тоо хэмжээг захиалагчийн төлөөлөгч инженер Б.Д-тай хамтран гүйцэтгэгч байгуулага гаргасан нь ажлын хөлсний гүйцэтгэл тоо хэмжээ: Туслан гүйцэтгэгч ...шанд ХХК нь ажилчдынхаа хийсэн ажлын хөлсийг нотлох баримт болох ажлын зөвшөөрлүүд, ажлыг 100% хүлээн авсан АКТ-уудад захилагчын инженер Б.Д-ын гарын үсгийг баталгаажуулсан Я.Г-ын гарын үсэгтэй хүлээлгэн өгсөн нотлох баримт болох дээрх актуудаа үндэслэн хийсэн ажлыг актаар хүлээн авсны дараах санхүүжилтавах хийсэн ажлын тоо хэмжээ гэж бүх хийсэн ажлааа дүгнэж ажлын гүйцэтгэлээ гаргасан. Уг гүйцэтгэлийг хамтран гаргахад шалгаж захиалагч Я.Г-ын инженер Б.Д- баталгаажуулан гарын үсэг зурсан. Энэ нь захиалагчын хяналт тавих инженер хянаж дүгнэсэн гэсэн нотлох баримт юм. Ажлын гүицэтгэлд урьдчилгааг хасаж үлдэгдэл 76,562,809 төгрөгийг нэхэмжилсэн байгаа. Манай байгууллагыг ийм хэмжээний ажил гүйцэтгэснийг захиалагчын инженер нь хянаж баталгаажуулах үүрэгтэй байдаг. Энэ хийсэн ажлын гүйцэтгэлийг хянах хяналтыг Монголын бүх барилгын салбарын талбайн инженерүүд хийж гүйцэтгэдэг үүрэгтэй байдаг. Захиалагчийн инженер Б.Д- нь 2016 онд шүүхэд баталгаажуулан гаргасан тодорхойлт бичгээр туслан гүйцэтгэгч 76,562,809 төгрөгийн ажил хийсэн үнэн гэж нотлосон ба шүүхэд гэрчээр асуугдахдаа нотлож хэлсэн байдаг ч мөн Я.Г- хурал болгонд бидний ажил хийсэнг хүлээн авснаа үгүйсгэдэггүй. Энэ нь ийм хэмжээний ажил хийсэнг хүлээн зөвшөөрч байгаа шинж юм. Энэ 76,562,809-д урьдчилгаа 2 саяаа хасж тооцож нэхэмжилсэн мөнгө байхад шүүх бүрт давхардуулж хасаад байгаа. Шүүх    инженер Б.Д-ын нь захиалагч талыг төлөөлж хийсэн ажлыг хүлээн авсанг Я.Г- баталгажуулж байсан нь Я.Г- гарын үсэг зураагүйгээр хийсэн ажлыг хүлээлгэн өгөөгүй гэж дүгнэхгүй гэсэн нь үүнийг дагаад хийсэн ажлын тоо хэмжээг хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байна. Туслан гүйцэтгэгч ...ШАНД ХХК нь гаргасан хийсэн ажлын гүйцэтгэл нь тухайн цаг үед захиалагч болон захиалагчын инженерийн хүлээн авсан актанд тулгуурлан гаргасан захиалагчийн инженерын нотлох гарын үсэгтэй хийсэн ажлын үнэн зөв нотлох ҮҮНЭЭС нийслэлийн давж заалдах шатны шүүх зөв дүгнэж хариуцагч Я.Г- ажил хүлээн авсан актанд өөрөө гарын үсэг зурж баталгаажуулсанг нотлож байгааг зөв дүгнэсэн.Бид актыг үндэслэн тоо хэмжээгээ гаргасан. Ингээд захиалагчийн бүх ажлыг хийж дуусгаад ажлынхаа хөлсөө авах болохоор захиалагч бүх ажлаа хийлгэчихээд хариуцлагаа хүлээхгүй үүргээ биелүүлэхгүй гэрээнд гарын үсэг зурахгүй олон удаа явуулж захиалагч зугтаж, ажлаа дуусгаж эцэст нь энэ олон хүний ажлын хөлсыг өгөхгүй ажилчдын хөдөлмөрийн хөлсийг мөлжиж өөртөө ашиг олсон нь хууль зөрчсөн үйлдэл юм.  Я.Г- нь хийлгэсэн ажилдаа олон хүний хөдөлмөрийн хөлсийг өгөх үүргээ биелүүлэх ёстой гэж үзэж байна. Шинжээч Зоригт нь анхнаасаа хууль зөрчиж буйг шүүх дүгнэж үзээгүй. Зоригт шинжээч нь анхнаасаа ажлын хөлсийг шүүхээр шийдвэрлүүлээгүй эхлэн төлбөр гэж 2.0 сая төгрөгийг Я.Г-оос авсан нь шүүхэд ирсэн мөнгө хүлээн авсан баримтаар нотлогдож байгаа. Энэ нь шинжээч нэг талыг барьж дүгнэлт гаргахд шуүд нөлөөсөн гэж үзэж байгаа. Шинжээч 2016 онд шүүхэд ажлыг бүрэн хэмжээгүй гэдгээ шүүхэд хууль сануулан гэрчээр асуугдахдаа 2,3-р давхарыг огт хэмжээгүй гэж гэрчилж хэлсэн. Энэ манай хийсэн 2,3р давхарын бүх ажлыг огт хэмжээгүй гэдгээ шүүхийн өмнө хүлээн зөвшөөрдөг. Шинжээч өмнө хуулийн өмнө хууль сануулсаар байтал хэмжээгүй гэж хэлчихээд 3 жилийн дараа 2019 онд гэнэт огт хэмжээгүй ажлыг нэг талыг барьж захилагч Я.Г-ын “мэдээлэлд тулгуурлан”- гаргалаа гэж бичиж байгаад 2,3-р давхарын тооцоог дотор бий гэж 10 222 135 төгрөг гэж гаргасан.Энэ нь манай тоо хэмжээг мөнгө өгсөн захиалагчын талд орж нэг талыг барьж дутуу гарсан бидний гаргасан 78,562,809 - урьдчилгаа- 2.0 – 76,562,809 гэсэн төгрөг тухайн цаг үед захиалагчтай хамтран гаргасан нотлох баримт болох АКТыг үндэслэн гаргасан үнэн бодит ажлын хөлс гэж үзэж энэ мөнгөө гаргуулан авах хүсэлтэй байна. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуулинд заасан нотлох баримт болох актыг үндэслэж, шинжээчийн өмнөх болон нэмж гаргасан тооцоог үндэслэсэн нийт 62,184,603 зөв шийдсэнг бидний зүгээс үнэлж байгаа боловч гүйцэт шийдээгүй, дутуу шийдсэн гэж үзэж гомдолж байна. Дутуу шиидсэнгээ бид юу гэж үзэж байгаа вэ гэхээр бүх ажлаа актаар хүлээн авсан ч шинжээч тоо хэмжээг гаргахдаа дутуу гаргасан гэж үзээд байгаам. Тухайн цаг үед захиалагчийн инженерийн гарын үсэгтэй хүлээн авсан ажлыг актыг Я.Г-ын баталгаажуулан гарын үсэг зурж үнэлж байсан тул захиалагчийн инженер Б.Д- нь захиалагчийн төлөөлөн тооцоо гаргах эрх бүхий хүн мөн гэж үзэж нотлох баримт АКТ-нд гарын үсэг зурсан байна гэж үзэж захиалагчийн инженер болон Туслан гүйцэтгэгчийн инженерүүдийн гаргасан гүйцэтгэл нь үнэн зөв нотлох баримт үндэслэсэн юмаа гэж үзэж байгаа болно. Үүнийг үнэлж 76,562,809 төгрөгийн гүйцэтгэлийг гүйцэт шийдээгүй байна гэж үзэж байна. Шинжээч анхнаасаа нэг талыг барин захиалагчын талд үйлчилж шударгаар үнэн зөв хийсэн ажлын тоо хэмжээг ЗӨВ ГАРГААГҮЙ бүх ажлыг ДУТУУ НЭГ талыг\ мөнгө өгсөн Захиалагч Я.Г-ын талд\ БАРЬЖ хэмжсэнээс болж манай ажилчдын хийсэн ажлын нотлох баримт болох актыг үндэслэн захиалагчийн инженерийн хяналтанд дор хамтран олон инженерүүд олон дахин хэмжиж нягтлан тооцож гаргасан хийсэн ажлын тоо хэмжээг шүүх 4 жилийн хугацаанд нотлох баримт үндэслэсэн гаргасан урьдчилгаа хасаад 76,562,809 төгрөгөөр гаргасан ажлын хөлсний гүйцэтгэлийг үнэлэхгүй байгаад гомдлож байна. Туслан гүйцэтгэгч компанийн ажилчид бид хийх ажлаа хийж дуусгаж актаар хүлээлгэн өгч үүргээ биелүүлсэн харин хариуцагч актаар хүлээн авсан ажлын хөлсийг өгөх үүргээ Я.Г- өөрөө биелүүлэхгүй байгаас нэхэмжлэгч бид хүлээж 4 жил хохирсоор ирлээ. Иймд магадлалд шинжээчийн дүгнэлт болон ажил хүлээлцсэн актыг үндэслэсэн ч гүйцэт шийдээгүй тухай гомдлож байгаа тул магадлалд өөрчлөлт оруулан 62,184,603 төгрөгөөр хангаж шийдвэрлэсэн хэсгээс үлдэх үлдсэн үлдэгдэл 14,378,206 төгрөгийг нэмж хариуцагчаас гаргуулж нийт 76,562,809 төгрөгийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хуулийг зөв хэрэглэсэн боловч илэрхий тооцооллын шинжтэй болон нотлох баримтыг үнэлэхдээ хайхрамжгүй хандсанаас болж буруу үндэслэлгүй шийдвэр гаргасан. Учир юу гэвэл анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтийг үндэслээд хариуцагчаас 48,962,498 төгрөгийг гаргуулж шийдсэн байсан нь нотлох баримтанд үндэслэсэн бодитой шийдэл байсан. Гэтэл давж заалдах шатны шүүх хэргийн материалтай гүйцэд нягт нямбай танилцаагүйгээс болов уу ямартай ч хайхрамжгүй байдлаас болж нэмэлт шинжээчийн дүгнэлт гээчийг үндэслэж нэмж 10,222,135 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Энэхүү нэмэлт шинжээчийн дүгнэлтийг бүрэн гүйцэд уншваас энэхүү ажил нь урьд үнэлэгдсэн болохыг салаа утгагүйгээр ойлгомжтой бичсэн байх агаад энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнээд нэмж тооцоогүй байдаг. Уг шинжээч энэхүү ажлын үнэлгээг урьд үнэлсэн эсэх талаар 2 удаа мэдүүлэг өгөхдөө 2 өөр янзаар өгснөөс болж энэхүү асуудлыг мухарлуулахаар нэмэлтээр түүнийг томилсон. Улмаар нэмэлтээр ирсэн дүгнэлтээр урьд хэмжээд үнэлсэн талаараа дурьдсан байхад давж заалдах шатны шүүх ийм үндэслэлгүйгээр таамаглан шийдсэн байх тул гомдол гаргахад хүрлээ. Иймд магадлалд өөрчлөлт оруулж, үндэслэлгүй шийдсэн 10,222,135 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

     “... шанд” ХХК 2016-02-18-ны өдөр шүүхэд хандан, Я.Г-, Д.Н-  нараас нийт 114,844,213 төгрөг гаргуулахыг шаардсан бөгөөд үндэслэлээ тайлбарлахдаа “...2015-09-15-ны өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ..-р хороонд байрлах .. давхар .. айлын орон сууцны дотор заслын ажлыг хийж гүйцэтгэхээр тохирч ажлыг бүрэн хийсэн ...захиалагч 78,562,809 төгрөг төлөхөөс 2,000,000 төгрөгийг урьдчилгаанд өгч  үлдэх 76,562,809 төгрөгийг төлөөгүй тул уг мөнгийг алданги 38,281,404 төгрөгийн хамт авна...” гэжээ

    Хариуцагч Я.Г- нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...3,000,000 төгрөг төлсөн байгаа...хийсэн ажлын хэмжээг шинжээчийн дүгнэлтэд зааснаар буюу 51,962,468 төгрөг гэдгийг зөвшөөрнө..,алданги шаардсан нь үндэслэлгүй...” гэж марган сөрөг нэхэмжлэл гаргаж, “..,ажлын гүйцэтгэл доголдолтой байсан.,.” гэсэн үндэслэлээр 2,511,000 төгрөг шаардсан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан байна.

     Хариуцагч Д.Н- нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “..нэхэмжлэгчтэй гэрээ байгуулж байгаагүй...” гэж маргажээ. 

    Анхан шатны шүүх Я.Г-оос 48,962,498 төгрөг гаргуулан “... шанд” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 65,881,715 төгрөгийг Д.Н-т холбогдох нэхэмжлэлийн хамт  хэрэгсэхгүй болгож, Я.Г- сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталсан байна.       Шүүх ийнхүү шийдвэр гаргахдаа “...шинжээчийн дүгнэлтээр хийсэн ажлын хэмжээ 51,962,468 төгрөг болох нь тогтоогдсон тул үүнээс урьдчилгаанд төлсөн 3,000,000 төгрөгийг хасаж үлдэх мөнгийг гаргуулна...” гэсэн дүгнэлт хийсэн байна.   

     Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, Я.Г-оос 59,184,603 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “...шинжээчийн 2016-06-06-ны өдрийн дүгнэлтэд нэхэмжлэгчийн хийсэн ажлыг 51,962,468 төгрөгөөр тогтоохдоо барилгын 2-3 давхарт гүйцэтгэсэн ажлын хэмжээг оруулаагүй байна.... 2018-10-17-ны өдөр гаргасан нэмэлт дүгнэлтээр 2, 3 дугаар давхарт хийсэн ажлын хөлс 10,222,135 төгрөг байна... иймд нийт ажлын хөлсийг 62,184,603 төгрөгөөр тооцож үүнээс төлсөн 3,000,000 төгрөгийг хасаж үлдэх мөнгийг гаргуулна...” гэжээ. 

     Нэхэмжлэгч гомдолдоо ажлын хөлс 76,562,809 төгрөгийг бүрэн хангуулахыг хүссэн бол  Я.Г- нь магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх агуулгатай гомдол гаргасан байна.   

      “... шанд” ХХК, Я.Г- нар ажил гүйцэтгэх гэрээний хөлс гаргуулсан хэсэгт гомдол гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийг үндэслэн хяналтын гомдлын хэмжээнд тус шүүхээс нэхэмжлэлийн талаар  дүгнэлт хийнэ.

       Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгч “... шанд” ХХК, хариуцагч Я.Г-, нарын гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

      1. “... шанд” ХХК, Я.Г- нар 2015-09-15-ны өдөр гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь  Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороонд байрлах, .. давхар, .. айлын орон сууцны барилгын дотор хананы болон заслын ажлыг хийж гүйцэтгэх, Я.Г-   хөлс төлөхөөр тохиролцсон нь нотлогдож байна.

      Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

      Хоёр шатны шүүх “... шанд” ХХК, Я.Г- нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд нийцсэн байна.

      Гэрээг хүчин төгөлдөр бус гэх байдал тогтоогдоогүй тул талуудын хэн аль үүргээ биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

     2. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Я.Г- нь нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлыг хүлээн авсан байна. Захиалагч нь гүйцэтгэсэн ажилтай холбоотой ямар нэг шаардлагыг ажил гүйцэтгэгчид гаргаж байсан баримт хэрэгт байхгүй тул “... шанд” ХХК гэрээнд заасан ажлыг гүйцэтгэсэн буюу үүргээ биелүүлсэн гэж шүүх үзсэн нь үндэслэл бүхий болжээ. 

     Ажил гүйцэтгэгч ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгсөн тул ажлын хөлсийг гэрээний нөгөө талаас шаардах нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсгийг зөрчихгүй.  

   3. Гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно. Ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй боловч гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэн, тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлнө.

    “... шанд” ХХК нь ажил гүйцэтгэсний хөлсийг 78,562,809 төгрөг гэж тодорхойлсон боловч энэ нь баримтаар тогтоогдоогүй байна. Тухайлбал, нэхэмжлэлийн үндэслэлд заасан “Иргэн Я.Г-ын хийсэн ажлыг актаар хүлээн авсны дараах санхүүжилт олгох ажлын тоо хэмжээ дүн” гэх баримтад хариуцагч Я.Г- гарын үсэг зураг зураагүй байх тул талууд ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлөх хөлсний хэмжээг тохиролцон тогтоосон гэж үзэх үндэслэлгүй юм. 

    Иймд хоёр шатны шүүх ажил гүйцэтгэсний хөлсийг зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож тооцсон нь буруу биш бөгөөд ийнхүү дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2 дахь хэсгийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. 

   Түүнчлэн, шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагын талаар шинжээчээр томилогдсон “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн дүгнэлтүүдийг үндэслэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37, 40 дүгээр зүйлийн зохицуулалтуудыг зөрчөөгүй байна. 

   Ажил гүйцэтгэгчид төлөх хөлсний хэмжээг тооцохдоо хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэрийг хэвээр үлдээх тухай хариуцагч Я.Г-ын гомдол Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1,344 дүгээр зүйлийн 344.2 дахь хэсэгт нийцээгүй гэж үзлээ. Иймд тус шүүхэд гаргасан Я.Г-ын  гомдлыг хангахгүй орхино. 

   Ажлын хөлсийг нийт 78,562,809 төгрөгөөр тохиролцсон үйл баримтыг “... шанд” ХХК нотлож чадаагүй байна. Шүүх ажлын үнэлгээг тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр гаргуулсан нь Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан ажиллагаа байх тул нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй байна.   

   Шаардлага болон татгалзаа нотлох үүргийг зохигч хүлээнэ. Давж заалдах шатны шүүх талуудын гаргасан баримт, хүсэлтийг үндэслэн хэрэгт буй нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээв.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 472 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “... шанд” ХХК, хариуцагч Я.Г- нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр төлсөн 229,841 төгрөг, хариуцагчаас 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн 178,550 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ