Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 00602

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2017/00602

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 4-р байр, 2 тоотод оршин суух, Харчин овогт Магсарын Түвдэндорж /РД: НЧ75042818/,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу, 16-12 тоотод байрлах, “Улаанбаатар шинэчлэл” ХХК /РД: 5183383/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханзхутагт Дамдинбазарын гудамж, 37 дугаар байрны 2 тоотод оршин суух, “Жиашидэ” ХХК /РД: 5392543/-д холбогдох, 

 

Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 37 дугаар байр, 1 дүгээр орц, 1 давхарын 5 тоотын орон сууцыг эзэмших эрх үүссэн болохыг тогтоолгох, 19 993 000 төгрөг гаргуулах тухай М.Түвдэндоржийн үндсэн нэхэмжлэлтэй,

28 445 000 төгрөг гаргуулах тухай “Улаанбаатар шинэчлэл” ХХК-ийн үндсэн нэхэмжлэлтэй,

60 422 748 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Түвдэндорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Жавзмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Оюунбадам, хариуцагчийн өмгөөлөгч М.Цэрэндэжид, М.Хувцагаан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Түвдэндорж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч миний бие “Жиашидэ” ХХК-тай 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар барих” гэрээ байгуулж, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханзхутагт Дамдинбазарын гудамж, 37 дугаар байр, 5 тоот 60.01 м.кв талбай бүхий орон сууцыг 30 хувийн урьдчилгаа 22 768 600 төгрөгийг бэлэнээр төлсөн. Үлдэгдэл 70 хувийг 8 хувийн хүүтэй орон сууцны зээлээр авахаар болж, Голомт банк зээлийг судлаад 2011 оны 12 дугаар сарын 08-ны өдор 11/24 тоот албан бичиг ирүүлж “Жиашидэ”ХХК-тай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан бичиг баримтаа бүрдүүлэхийг албан ёсоор мэдэгдсэн. Гэтэл тус компани болон түүний удирдлагууд цагдаагийн байгууллагад эрүүгийн хэргийн улмаас шалгагдаж, энэхүү шалгагдаж байх үедээ үйл ажиллагаа явуулж байсан байрандаа ирэхээ больж, хаягаа өөрчилж, уг байрнаас нүүн олдохгүй болсон ба удирдлагууд нь Монголоос гарч ямарч сураггүй болсон учраас Голомт банкнаас олгож байсан 8 хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдах боломжгүй болж хохирсон. Иймд Баянгол дүүрэг 18 хороо, 4 хороолол, Жалханзхутагт Дамдинбазарын гудамж, 37 байрны 1 орц 1 давхарын 5 тоотын 60.01 м.кв талбайтай орон сууцыг эзэмших эрх үүссэн болохыг тогтоож өгнө үү. Мөн хариуцагч нь гэрээий 3.1-д заасан үүргээ биелүүлээгүй тул гэрээний 3.3-д заасны дагуу 0.01 хувийн алданги 3 550 000 төгрөгийг “Жиашидэ" ХХК-иас гаргуулж өгнө үү. Түүнчлэн, уг орон сууц нь гэрээнд заасан 60.01 м.кв талбайгаас 3.75 м.кв-аар дутуу байх тул түүний үнэ 4 462 500 төгрөгийг “Жиашидэ” ХХК-иас гаргуулж өгнө үү. Мөн “Жиа шидэ” ХХК-ийн борлуулалтын албаны менежер н.Асралмаа нь орон сууцны гэрчилгээ гаргах гэж байгаа, манай захиралууд хуулийн байгууллагад шалгагдаж байгаа тул компанийн данс битүүмжлэгдсэн, мөнгө яаралтай хэрэгтэй байна гэж хэлээд үлдэгдэл 6 000 000 төгрөгийг шилжүүл бусад төлбөр 2 компанийн хоорондох гэрээний дагуу тооцогдсон гэж хэлээд 6 000 000 төгрөгийг авсан тул уг 6 000 000 төгрөгийг “Жиа шидэ” ХХК-иас гаргуулж өгнө үү. Мөн “Өгөөмөр мандал” ХХК-ийн захиалгаар баригдах дээрх орон сууцны дотоод засвар чимэглэл, үйлчилгээ бүрэн хийгдээгүй байхад миний бие өөрийн хөрөнгөөр дотоод засвар чимэглэл, үйлчилгээг бүрэн хийсэн тул шал хана, тааз гал тогооны хэсэг, 00-ын өрөө, обой, хаалга, гэх мэт дотоод засвар, засал чимэглэлд зарцуулсан 5 980 500 төгрөгийг “Жиашидэ” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “Улаанбаатар шинэчлэл” ХХК-ийн төлөөлөгч Б.Эрдэнэсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Түвдэндорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Улаанбаатар шинэчлэл” ХХК болон “Жиа шидэ” ХХК нар 2012 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр “Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлыг тээвэрлэх” гэрээ байгуулж гэрээний 3.1-д заасны дагуу захиалагч “Өгөөмөр мандал” ХХК, гүйцэтгэгч “Жиашидэ” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний үндсэн дээр хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх ажлыг манай компани гүйцэтгэж, “Жиашидэ” ХХК гүйцэтгэсэн ажлын хөлсийг санхүүжүүлэх үүрэг хүлээсэн. Гэтэл “Жиашидэ” ХХК-ийн удирдлагууд оффиссын байрлалаа өөрчлөн, хаяг тодорхойгүй болж алга болсон. Иймд 2 компанийн хооронд байгуулсан гэрээний дагуу манай компаний хийж гуйцэтгэсэн ажил үйлчилгээний хөлс 28 445 000 төгрөгийг “Жиашидэ” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Жиашидэ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Оюунбадам шүүхэд болон шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Түвдэндоржийн нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: М.Түвдэндорж нь 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “Жиашидэ” ХХК-тай “Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулах гэрээ”-г байгуулсан байдаг. Тэрээр Голомт банкнаас 2011 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 11/211 тоот авчирч 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулах гэрээ”-ний 2.1-д зааснаар орон сууцны нийт үнийн дүнгийн 30 хувь болох 22 768 600 тогрөгийг төлсөн байна. Үүний үндсэн дээр 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тус 37 дугаар байрны 5 тоотод байрлах 63.76 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны түлхүүрийг гардуулж өгч, түүнээс хойш М.Түвдэндорж эзэмшиж байгаа болно. Гэрээний 4.2-т “Захиалагч нь орон сууцны төлбөрийг гэрээний хавсралтад заасан графикийн дагуу саадгүй төлнө” гэсний дагуу төлөх үүрэгтэй байна. Мөн гэрээний 1.3-т “Гүйцэтгэгч нь захиалсан орон сууны барилгыг барьж дуусган гэрээнд заасан төлбөрөө 100 хувь төлсөн захиалагчид хүлээлгэн өгөх нөхцөлтэй” хийгдсэн байдаг. Хариуцагчийн зүгээс М.Түвдэндоржийг маргаан бүхий 2 өрөө орон сууцны эзэмшигч гэдэгт маргах зүйлгүй байна. М.Түвдэндорж нь 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр орон сууцаа авсанаас хойш одоог хүртэл 5 жил гаруй хугацаа өнгөрч байхад эзэмшиж байгаа орон сууцны үлдэгдэл төлбөрөө бүрэн гүйцэд төлөөгүй. М.Түвдэндож нь орон сууцаа 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээж авсан атлаа “Жиашидэ” ХХК-иас гэрээний 3.1-д зааснаар үүргээ биелүүлээгүй гэж гэрээний 3.3-т заасан 0.01 хувийн алданги тооцсон 3 550 000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч гэрээ байгуулахдаа 2 өрөө байрыг 63.76 м.кв-аар тооцож хүлээн зөвшөөрч 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байрандаа орсон байна. Байрандаа орсон цагаасаа орон сууцны м.кв хэмжээг мэдэх боломжтой байсан, эсхүл нэн даруй шалгаж үзэж эд хөрөнгийн доголдлыг арилгуулах, доголдолгүй төрлийн эд хөрөнгөөр солиулах зэргээр худалдан авагчаас шаардах эрхтэй байсаар атал шаардлага гаргаагүй байх тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлд зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэх үндэслэлтэй байна. Харин М.Түвдэндоржоос н.Асралмаагийн хувийн харилцах дансанд шилжүүлсэн гэх 6 000 000 төгрөгийг “Жиашидэ” ХХК-иас нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Мөн тэрээр уг орон сууцанд 5 980 500 төгрөгийн засвар хийсэн нь, мөн хариуцагч нь доголдолтой орон сууцыг түүнд хүлээлгэн өгсөн нь баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Жиашидэ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Оюунбадам шүүхэд болон шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Улаанбаатар шинэчлэл” ХХК-ийн нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: 2012 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр “Жиашидэ" ХХК болон “Улаанбаагар шинэчлэл” ХХК-ийн хооронд “Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлыг тээвэрлэх тухай гэрээ” гэж байгуулсан байдаг. “Жиашидэ” ХХК нь Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороололын Жалханц хутагг Дамдинбазарын гудамж, 37 дугаар байрны орон сууцны барилга угсралтын ажлыг 2008 оноос эхлэн 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хооронд барьж дуусгаж, 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 59/2011 дугаар актаар барилга байгууламжийг ашиглалтанд оруулахаар техникийн комисст хүлээлгэн өгч, улмаар 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Улсын комисст хүлээлгэн өгсөн. Дээрх орон сууцны захиалагчид нь 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2012 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн хооронд нийт 72 айл буюу 80 хувь нь байрандаа орсон. 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдөр тус 37 дугаар  байрны СӨХ нь “БатУндрага” нэртэйгээр байгуулагдсан. Үүнээс үзэхэд тус байрны сууц өмчлөгчид нь орон сууцны халаалт, халуун, хүйтэн, бохир, ариутгал, хог, цахилгаан зэрэг СӨХ-ны болон дундын өмчлөлийн ашиглалтын төлбөрийг өөрсдөө хариуцахаар хуульд заасан байна. Гэтэл “Улаанбаатар шинэчлэл” ХХК нь гэрээний 3.1-д заасны дагуу захиалагч “Өгөөмөр мандал” ХХК, гүйцэтгэгч “Жиашидэ” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний үндсэн дээр хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх ажлыг манай компани гүйцэтгэж “Жиашидэ” ХХК-д гүйцэтгэсэн ажлын хөлс гэж 28 445 000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Хэрэгт байгаа нэхэмжлэгчээс ирүүлсэн нотлох баримтууд нь шаардлага хангахгүй байна. Тухайлбал, 2012 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 2012 оны 9 дүгээр сарын хоорондох УБ хотын хот тохижилт үйлчилгээний хог тээврийн баримт нь “Цүзүкү юмэ” ХХК-ийн нэртэй баримт өгсөн байгаагаас харахад уг баримт нь “Улаанбаатар шинэчлэл” ХХК-ийн хог тээвэрийн баримт гэж үзэхээргүй байна. Мөн “Цүзүкү юмэ” ХХК нэртэй баримтууд нь хэдэн сарын хэдний өдөр, аль дүүргийн, аль хорооны хогийн баримт болох нь тодорхойгүй, хогийн төрөл зүйл тэмдэглэлгүй, хог тээврийн компанийн ажилтны гарын үсэггүй, хог ачуулсан СӨХ, хорооны засаг дарга, ажилтны овог нэр, хаяг, утасны дугаар, мөн он сар өдөргүй, гарын үсэггүй, тохижилт үйлчилгээний диспичерээс олгосон талон байхгүй, гагцхүү “Улаанбаатар шинэчлэл” ХХК-ийн санхүүгийн тэмдэг дарагдсан байгаа нь уг баримтууд нь нотлох баримтын шаардага хангахгүй байна. Мөн энэ талаарх Иргэний хуулийн 75 дугаар зүлйийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэснийг хэтрүүлсэн байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Жиашидэ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Оюунбадам шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Жиашидэ” ХХК нь 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдөр М.Түвдэндоржтой “Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар барих 91 тоот гэрээ”-ээг байгуулсаныг нэхэмжлэгч тал үгүйсгэдэггүй. Гэрээний дагуу маргаж буй орон сууцыг М.Түвдэндоржид хүлээлгэн өгөх, 75 874 400 төгрөгийг “Жиашидэ” ХХК-д төлөх ёстой байсан. Компанийн зүгээс гэрээнд заасан үүргээ биелүүлсэн боловч, М.Түвдэндорж өнөөдрийг хүртэл 53 105 800 төгрөгний үлдэгдлийг төлөхгүй байгаа. М.Түвдэндорж нь “Үл хөдлөх эд хөрөнгө захиалан бариулах гэрээ”-ээг хийж байрандаа орсон. Энэ байдлаас харахад “Жиашидэ” ХХК-ийг гэрээний үүрэг зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй. Харин М.Түвдэндорж тус гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин 53 105 800 төгрөгийг төлөхгүй “Жиашидэ” ХХК-ийг хохироож байгаа тул гэрээнд заасан хугацаа хэтэрсэн алдангийг нөгөө талдаа төлөхөөр байна. Иймд М.Түвдэндоржоос гэрээний үлдэгдэл төлбөр 53 105 800 төгрөг, гэрээний 4.3-т заасан үндэслэлээр 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сар хүртэл 1502 хоногт тооцогдох алданги 7 316 948 төгрөг, нийт 60 422 748 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч М.Түвдэндорж шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэл гаргасан хариу тайлбартаа: Гэрээний хувьд хүчин төгөлдөр. Бид гарын үсгээ зурж баталгаажуулсан. 53 105 800 төгрөгийг банкаар төлнө гээд төлөх график дээр баталгаажуулсан. Энэ компани 2011-2015 он хүртэл алга болчихоод одоо алданг нэхэмжлээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Түвдэндорж нь хариуцагч “Жиашидэ” ХХК-д холбогдуулан Баянгол дүүрэг 18 хороо, 4 хороолол, Жалханзхутагт Дамдинбазарын гудамж, 37 байр, 5 тоот орон сууцыг эзэмших эрх үүссэн болохыг тогтоолгох, алданги 3 550 000 төгрөг, орон сууцны талбайн зөрүүн төлбөрт 4 462 500 төгрөг, орон сууцны үлдэгдэл төлбөрт төлсөн 6 000 000 төгрөг, орон сууцанд засвар хийсэн төлбөрт 5 980 500 төгрөг, нийт 19 993 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...хариуцагч гэрээнд заасан хугацаанд орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн тул алданги төлөх үндэслэлгүй, ...тайлбан зөрүүний талаар шаардлага гаргах хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн, ...хариуцагч биет байдлын доголдолтой орон сууцыг түүнд хүлээлгэн өгсөн нь тогтоогдохгүй” гэж үгүйсгэн маргажээ.

 

Нэхэмжлэгч “Улаанбаатар шинэчлэл” ХХК нь хариуцагч “Жиашидэ” ХХК-д холбогдуулан “Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлыг тээвэрлэх тухай гэрээ”-ний үүрэгт 28 445 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...нэхэмжлэгч нь гэрээний дагуу ажлыг хийгээгүй, ...гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” гэж үгүйсгэн маргажээ.

 

Хариуцагч “Жиашидэ” ХХК нь нэхэмжлэгч М.Түвдэндоржид холбогдуулан гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 53 105 800 төгрөг, алданги 7 316 948 төгрөг, нийт 60 422 748 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэгч М.Түвдэндорж нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “хариуцагч нь 2011-2015 он хүртэл гэрээний үүргийг шаардаагүй тул алданги нэхэмжлэх эрхгүй” гэж үгүйсгэн маргажээ.

 

Шүүх нэхэмжлэгч М.Түвдэндоржийн нэхэмжлэлийн шаардлагаас Баянгол дүүрэг 18 хороо, 4 хороолол, Жалханзхутагт Дамдинбазарын гудамж, 37 байр, 5 тоот орон сууцыг эзэмших эрх үүссэн болохыг тогтоолгох хэсгийг хангаж, үлдэх хэсэг болон нэхэмжлэгч “Улаанбаатар шинэчлэл” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч М.Түвдэндоржийн нэхэмжлэлийн Баянгол дүүрэг 18 хороо, 4 хороолол, Жалханзхутагт Дамдинбазарын гудамж, 37 байр, 5 тоот орон сууцыг эзэмших эрх үүссэн болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч М.Түвдэндорж болон хариуцагч “Жиашидэ” ХХК нарын хооронд байгуулагдсан 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 91 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар барих гэрээ”-ээр хариуцагч “Жиашидэ” ХХК нь Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 37 дугаар байр, 5 тоотын 63.76 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв-ыг 1 190 000 төгрөгөөр тооцон, нийт 75 874 400 төгрөгийг нэхэмжлэгч М.Түвдэндоржид худалдах, нэхэмжлэгч нь гэрээний урдчилгаанд 22 768 600 төгрөгийг хариуцагчид төлөхөөр харилцан тохиролцсон нь гэрээ болон талуудын тайлбараар нотлогдож байхаас гадна талууд гэрээний хүчин төгөлдөр эсэх, нэхэмжлэгч нь урдчилгаа төлбөрт хариуцагчид 22 768 600 төгрөгийг төлсөн болон тухайн орон сууц нь өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчийн эзэмшилд байгаа үйл баримтын талаар маргаагүй байна.

 

Дээрх орон сууцыг 2008 оны 5 дугаар сараас барьж эхлэн 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дуусган, улмаар 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хариуцагчийн өмчлөлд шилжсэн нь Барилга байгууламийг ашиглалтанд оруулах техникийн комиссын 2012 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 59/2012 дугаар акт болон улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 91 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар барих гэрээ” байгуулагдах үед тухайн орон сууц нь хариуцагчийн өмчлөлд шилжсэн байх тул тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

Нэхэмжлэгч М.Түвдэндорж гэрээний үлдэгдэл төлбөр 53 105 800 төгрөг төлсөн нь хавтаст хэрэг авагдсан баримтаар тогтоогдохгүй байх боловч урдчилгаанд 22 768 600 төгрөгийг төлж, эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр тухайн орон сууцыг эзэмшиж, ашиглаж байх тул Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д зааснаар түүнд Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханзхутагт Дамдинбазарын гудамж, 37 дугаар байр, 5 тоот орон сууцыг эзэмших эрх үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

2. Орон сууцны үлдэгдэл төлбөрт төлсөн 6 000 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээний үүрэгт 6 000 000 төгрөгийг төлсөн гэх боловч уг төлбөрийг хариуцагч хүлээн авсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул тэдний хооронд гэрээний үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар хариуцагчаас 6 000 000 төгрөгийг шаардах эрхгүй байна.

 

3. Орон сууцны талбайн зөрүүн төлбөрт 4 462 500 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Хариуцагч нь гэрээний 1.1-д зааснаар 63.75 м.кв орон сууцыг нэхэмжлэгч М.Түвдэндоржид шилжүүлэх үүрэгтэй боловч 60.07 м.кв талбайтай орон сууц шилжүүлсэн болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байх тул хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй байна. Иймд Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д зааснаар эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзэх боломжгүй байна.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байх бөгөөд мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тэрээр 2012 оны 6 дугаар сараас тухайн орон сууцыг эзэмшиж эхэлснээр түүний дээрх шаардах эрх нь тухайн өдрөөс үүсэх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

 

4. Гэрээний алданги 3 550 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Гэрээний 3.1, 3.3-т зааснаар хариуцагч 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, дээрх хугацааг хариуцагч 90 хоногоор хэтрүүлсэн бол 90 хоног хэтэрсэн хоног тутам гэрээний үнийн дүнгийн 0.01 хувийн алдангийг нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцсон боловч нэхэмжлэгч нь 2012 оны 6 дугаар сараас тухайн орон сууцыг эзэмшиж эхэлснээс хойшх хугацаанд алдангийн талаар шаардлага гаргаагүй байх тул түүнийг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

 

5. Орон сууцанд засвар хийсэн зардалд 5 980 500 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар хариуцагч чанарын шаардлага хангаагүй орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн нь баримтаар тогтоогдох тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар засварын зардал 5 980 500 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй байна. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч 2012 оны 6 дугаар сард орон сууцыг эзэмшиж эхэлсэн үйл баримтаас үзвэл тухайн зардлыг хариуцагч чанарын шаардлага хангаагүй орон сууцыг засан сайжруулахад гарсан зардал гэж үзэх үндэслэл нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 

6. Гэрээний үлдэгдэл төлбөр 53 105 800 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

 

Нэхэмжлэгч гэрээний урдчилгаанд 22 768 600 төгрөг төлж, үлдэгдэл 53 105 800 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдож байх тул хариуцагч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар үлдэгдэл 53 105 800 төгрөгийг шаардах эрхтэй байжээ.

 

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд мөн зүйлийн 76.2-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ.

 

Гэрээний дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид орон сууцыг шилжүүлэн өгснөөр нэхэмжлэгч нь тухайн орон сууцыг 2012 оны 6 дугаар сараас эзэмшиж эхэлсэн. Уг хугацаанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хариуцагч гэрээний үүргийг нэхэмжлэгчээс шаардаж байсан, мөн хөөн хэлэлцэх хугацаа түр зогоссон, тасалдсан гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийг гэрээний үүргийг шаардах Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна” гэснийг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т зааснаар үлдэгдэл төлбөрийг төлөх үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй байна.

 

7. Гэрээний алданги 7 316 948 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Талууд гэрээний үлдэгдэл төлбөрийг хэзээ төлөх талаар гэрээнд тодорхой заагаагүй боловч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлснээр нэхэмжлэгч хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй. Нэхэмжлэгч орон сууцыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан атлаа үлдэх төлбөрийг төлөөгүй тул гэрээний 4.3-т заасны дагуу алданги төлөх үүрэгтэй байсан байна. Гэвч талууд гэрээний үүргийн талаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх тул Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар гэрээний нэмэгдэл үүрэг болох анзийн хөөн хэлэлцэх хугацаа нэгэн зэрэг дууссан гэж үзэх үндэслэлтэй.

 

8. Нэхэмжлэгч “Улаанбаатар шинэчлэл” ХХК-ийн гэрээний үүрэгт 28 445 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч “Улаанбаатар шинэчлэл” ХХК болон хариуцагч нарын хооронд 2012 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр “Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлыг тээвэрлэх гарээ” байгуулагдсан байх бөгөөд талууд гэрээний хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй байна. Гэрээний 2, 5.1-д зааснаар нэхэмжлэгч нь аж ахуйн нэгжийн ахуйн болон бусад төрлийн бүх хог хаягдлыг тээвэрлэн зайлуулах, хариуцагч нь гэрээний хөлс 1 сарын 520 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

Гэрээний шинж, агуулга, талуудын эрх үүрэг, хөлс төлөх журам зэргээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон хогч хаягдалыг тээвэрлэн зайлуулах, хариуцагч нь ажлын хөлсөнд сар бүр 520 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэг талуудад үүссэн байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь дээрх гэрээний дагуу нэхэмжлэгчид 28 445 000 төгрөг төлөөгүй гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлох баримтаар нотолж чадаагүй байх тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар гэрээний үүрэгт 28 445 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч М.Түвдэндоржид Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханзхутагт Дамдинбазарын гудамж, 37 дугаар байр, 5 тоот орон сууцыг эзэмших эрх үүссэн болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх гэрээний алданги 3 550 000 төгрөг, орон сууцны талбайн зөрүү төлбөрт 4 462 500 төгрөг, орон сууцны үлдэгдэл төлбөрт төлсөн 6 000 000 төгрөг, орон сууцанд засвар хийсэн зардалд 5 980 500 төгрөг, нийт 19 993 000 төгрөг гаргуулах шаардлагыг, хариуцагчийн нэхэмжлэгч М.Түвдэндоржид холбогдох, гэрээний  үлдэгдэл төлбөр 53 105 800 төгрөг, алданги 7 316 948 төгрөг, нийт 60 422 748 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг, нэхэмжлэгч “Улаанбаатар шинэчлэл” ХХК-ийн хариуцагчид холбогдох гэрээний үүрэгт 28 445 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 89 дүгээр зүйлийн 89.1, 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Түвдэндоржид Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханзхутагт Дамдинбазарын гудамж, 37 дугаар байр, 5 тоот орон сууцыг эзэмших эрх үүссэн болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх алданги 3 550 000 төгрөг, орон сууцны талбайн зөрүү төлбөрт 4 462 500 төгрөг, орон сууцны үлдэгдэл төлбөрт төлсөн 6 000 000 төгрөг, орон сууцанд засвар хийсэн зардалд 5 980 500 төгрөг гаргуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 77 дугаар зүйлийн 77.1, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Түвдэндоржид холбогдох, гэрээний үүрэгт 53 105 800 төгрөг, алданги 7 316 948 төгрөг гаргуулах тухай хариуцагч “Жиашидэ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг, хариуцагч “Жиашидэ” ХХК-д холбогдох, 28 445 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгцч “Улаанбаатар шинэчлэл” ХХК-ийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.Түвдэндоржоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 466 353 төгрөгийг, нэхэмжлэгч “Улаанбаатар шинэчлэл” ХХК-иас төлсөн 300 175 төгрөгийг, хариуцагч “Жиашидэ” ХХК-иас төлсөн 495 379 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Жиашидэ” ХХК-иас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Түвдэндоржид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.БАЯСГАЛАН