Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баттуулайн Болормаа |
Хэргийн индекс | 119/2016/0027/з |
Дугаар | 25 |
Огноо | 2019-10-18 |
Маргааны төрөл | Газар, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 25
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж, шүүгч П.Ууганцэцэг, Б.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ***-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ОАЗД Д.Б-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “ОАЗД-ын 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай” А/280, 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/502 дугаар захирамжууд илт хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрхийг сэргээж, 80 м.кв, 85 м.кв газар эзэмшүүлэх акт гаргахыг АЗД-д даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 119/2016/0027/з дугаарын индекстэй захиргааны хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ***, түүний өмгөөлөгч ***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, шинжээч ***, иргэдийн төлөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Орхон аймаг Баян-Өндөр сум, *** багт байрлах *** гудамжид хууль бусаар эзэмшихээр гэрээ байгуулж, миний эзэмшиж байсан объектыг 2015 оны 10-р сарын 10-ны өдрийн А/497 дугаар тогтоолоор буулгасан байдаг. Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03-р сарын 02-ны өдрийн 147 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны 2016 оны 05-р сарын 16-ны өдрийн 175 дугаар тогтоолоор шийдвэрлэж А/497 дугаар захирамжийг хүчингүй болгосон. Тухайн барьсан компани нь 900 м.кв газарт барилга барьсан. Цаана нь 500 мкв газар үлдсэн байдаг. Ийм учраас эзэмшиж ашиглаагүй газарт миний газрыг олгож өгнө үү гэсэн хүсэлтийг тавьсан. Захиргааны байгууллага газар байгаа гэж хэлдэг мөртлөө эцэслээд газраа авъя гэхэд манайд ямар ч газар байхгүй гэдэг хариултыг байнга хэлдэг. Тийм учраас хуучин байсан газраа авмаар байна. АЗД-ын А/280, А/507 дугаар захирамжуудыг илт хууль бус болохыг тооцуулах шаардлагаа дэмжиж оролцож байна. “**” ХХК-ийн барилгыг буулгаж, газрыг чөлөөлүүлэх тухай шаардлагыг өөрчилж 80 м.кв, 85 м.кв газрын эзэмших эрхийг сэргээж, худалдааны зориулалттай 165 м.кв газар эзэмшүүлэх тухай акт гаргахыг хариуцагчид даалгах шаардлага гаргасан. Өөрийн эзэмшиж байсан 80 м.кв, 85 м.кв газрын эзэмших эрхийг сэргээж эзэмшүүлж өгнө үү гэсэн хүсэлттэй байна.” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Орхон аймгийн Баян-Өндөр сумын *** багийн нутаг дэвсгэрт *** гудамжинд *** 80 м.кв, 85 м.кв газрыг 2021 он хүртэл гэрээ байгуулж хууль ёсны дагуу эзэмших эрхтэй байсан. ОАЗД-ын 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/497 дугаар захирамжаар ***-ын эзэмшиж байсан газрыг албадан чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Энэ нь Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн гэж гомдол гаргасан. Ингээд А/497 дугаар захирамжийг хүчингүй болгосон. Уг газар дээр байсан павилонуудыг албадан буулгасан байсан. Иргэний хэргийн анхан шатны шүүхээр 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 147 дугаартай шийдвэрээр 195 сая төгрөгийг ***-д олгохоор шийдвэрлэж өгсөн. Барилга эзэмших акттай холбоотой барилгыг буулгах шаардлага гаргасан боловч хүлээж аваагүй. Хууль бусаар сонгон шалгаруулалт зарлаж “**” ХХК-д миний эзэмшиж байсан 80 м.кв, 85 м.кв газрыг эзэмшүүлсэн нь хууль бус байна гэж үзэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан. 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/280 дугаар захирамж, 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/502 дугаар захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Анхнаасаа тус газар дээр төсөл сонгон шалгаруулалт зарлагдаагүй байсан. Засаг дарга дур мэдэж төсөл сонгон шалгаруулалт зарласан. Тус газар дээр хуулийн дагуу газар эзэмших гэрээ байгуулж худалдааны төвийн үйл ажиллагаа явуулж байсан учраас *** энэ газрыг эзэмших эрхтэй гэж үзэж байгаа. Засаг дарга шийдвэр гаргахаас өмнө ***-д мэдэгдэл өгөөгүй. Тухайн тэр байгууллага дээр барьсан барилгыг өөрчлүүлэхээр Засаг даргатай уулзаж байсан боловч эрхийг нь хангаагүй. Шууд энэ хоёр захирамж гарсан байдаг. Танай газар төсөл сонгон шалгаруулалтад багтсан гэж ***-д огт мэдэгдээгүй. *** Газрын тухай хуульд заасны дагуу Засаг дарга болон Газрын албатай гэрээ байгуулж тус газруудыг 2021 он хүртэл эзэмших эрхтэй байсан. Засаг дарга “**” ХХК-д газар эзэмшүүлэх захирамж гаргахдаа Газрын тухай хуульд заасны дагуу уг газар нь давхцаж байгаа эсэхийг анхаарч захирамжаа гаргах ёстой байсан. Шууд шийдвэр гаргасан нь илтэд хууль бус байна. Үүгээрээ иргэн ***-ын эрх ашиг хохирсон. Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 175 дугаар тогтоолоор газар эзэмших эрх бидэнд үлдсэн учраас гэм хорын хохирлоо гаргуулж авъя гэсэн боловч 175 дугаар тогтоолыг авч үзэхгүйгээр шийдвэрээ гаргасан. Шийдвэрүүд нь үндэслэлгүй юм шиг болоод дахиж шийдвэр гаргуулах үндэслэл байгаа юм байна гэж үзсэн. Илт хууль бус актыг хүчингүй болгосон зүйл байхгүй байгаа учраас “**” ХХК-д газар эзэмшүүлэхээр олгосон захирамж нь илт хууль бус болохыг тогтоож ОАЗД-д газар чөлөөлүүлэх захирамж гаргахыг даалгаж өгнө үү гэсэн. 2015 оноос хойш энэ маргаан үргэлжилсэн. *** газар эзэмших гэрээгээ сунгах гэж хүсэлт гаргасан боловч газрын маргаанаа шийдвэрлэх хүртэл манайх энэ газар эзэмших гэрээг сунгахгүй гэсэн хариу өгсөн. *** газар эзэмших эрхгүй байна гэсэн шийдвэр өнөөдрийг хүртэл гараагүй байгаа. “Ц” худалдааны төвд хууль бусаар давхардуулж газар эзэмшүүлсэн шийдвэр явж байгаа. 175 тоот тогтоолоор иргэн ***-ын эрх ашиг нь хамгаалагдаж шийдвэрлэгдсэн боловч тогтоолыг хүлээж аваагүй. Тийм учраас илт хууль бус актыг хүчингүй болгож ***д 165 м.кв газар эзэмшүүлэхийг ОАЗД-д даалгаж өгнө үү. Барилгыг буулгах үндэслэлгүй гэж үзэж Иргэний хэргийн шүүх эцэслэн шийдвэрлэж гэм хорын хохирол гаргуулахаар болсон. Хууль бусаар “**” ХХК-д газар эзэмшүүлснээр миний эрх ашгийг минь хохироож байна гэж Засаг даргатай газрын маргааны асуудлаар хэд хэдэн удаа уулзсан. “**” худалдааны төв нь 500 м.кв газар дээр баригдсан байсан. Засаг даргатай уулзахаар таны эрх ашиг зөрчигдсөн байна гэж хэлдэг. Танд газар олгоно гэж хэлдэг. Энэ асуудлыг цэгцлээд газраа авъя гэж хэлэхээр Газрын албанаас манайд ямар ч газар байхгүй гэж хэлдэг. Тийм учраас хуучин газраа авмаар байна. 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/208 дугаар захирамж, 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/507 дугаар захирамжуудыг илт хууль бус гэж үзэж байна. Байгалд мэдэгдэхгүйгээр миний эзэмшиж байсан газрыг албадан чөлөөлүүлж “**” ХХК барилга бариулсан. Тэр үед Иргэний хэргийн шүүхэд маргаан хэлэлцэгдэж байсан. Иргэний хэрэг шийдвэрлэж байх үед 03 тоот иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гэж гарсан. Энэ тогтоолын хавсралтыг ирүүлээгүй. ОАЗД-ын Тамгын газрыг төлөөлж байсан хүмүүс энэ хавсралтыг хэрэгт өгөөгүй. Уг нотлох баримтыг ирүүлээч гэхэд ирүүлээгүй. 2014 оны 05-р сарын 16-ны өдөр гарах ёсгүй захирамж гарсан байна гэж ойлгоод нэхэмжлэлийн шаардлагаа илтэд хууль бусаар тогтоолгох шаардлага гаргасан. ОАЗД 1400 метр газар дээр төсөл сонгон шалгаруулалт зарласан тухай захирамж гаргасан байдаг. “**” ХХК газар эзэмших эрхтэйг тодотгосон илт хууль бус захирамж байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж 80 м.кв, 85 м.кв газрын эзэмших эрхийг сэргээхийг хариуцагчид даалгах шаардлага гаргасан. *** гудамжид газар байхгүй гэдэг зүйл ярьж байгаа. Хэрвээ тэнд газар олгох боломжгүй гэвэл өөр газар худалдааны зориулалттай газар олгуулж өгнө үү гэдэг байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байсан. Гэтэл одоогийн байдлаар газар байхгүй тул танд газар олгох боломжгүй гэсэн учраас одоо хуучин эзэмшиж байсан гэрчилгээтэй газруудаа авъя гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгаа.” гэв.
Хариуцагч ОАЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2013 оны 03 дугаартай иргэдийн Хурлын тогтоолоор *** гудамжинд худалдааны төв барих тухай хэсэгчилсэн төлөвлөлтийн ажил хэрэгжүүлж уг ажлыг газар эзэмшигч иргэдтэй хамтран зохион байгуулна гэсний дагуу тэнд газар эзэмшиж байсан иргэдтэй 3 удаа уулзалт зохион байгуулсан байдаг. Үүний дагуу төсөл сонгон шалгаруулалт зарласан. Сонгон шалгаруулалт нээлттэй зарлагдсан. Газрын эзэд нь *** эздийн холбоо байгуулж төсөл сонгон шалгаруулалтад оролцсон. Мөн “**” ХХК гээд нийт гурав, дөрвөн газар төсөл сонгон шалгаруулалтанд оролцсон. Энэ сонгон шалгаруулалтанд “**” ХХК сонгогдож уг газрыг эзэмшүүлсэн байдаг. Иргэдийн Хурлаас гаргасан бодлогыг үндэслээд сонгон шалгаруулалт зарласан. ОАЗД-ын 2014 оны 05-р сарын 16-ны өдрийн А/280, 2014 оны 09-р сарын 22-ны өдрийн А/502 дугаар захирамжууд нь өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр хүчинтэй байгаа. Мөн мэргэжлийн байгууллагын шинжээч дүгнэлт гаргасан байсан. Одоо бол тэнд газар олгох боломжгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Одоо эзэмшиж байсан газар дээр нь “**” худалдааны төв баригдсан. *** нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж “**” худалдааны төвийн барилгыг буулгаж, газрыг чөлөөлүүлэх тухай акт гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөд оруулж ирсэн. Хуучин эзэмшиж байсан газрыг олгох боломжгүй байна. “**” худалдааны төвийн газар эзэмшүүлэх захирамж нь өнөөдөр хүчинтэй байгаа. Тэр гудамжны ойр хавьд гэж яриад байгаа. Энэ саналыг хангах юм бол нийтийн эзэмшлийн гудамж талбай байж таараад байгаа. “**” худалдааны төвийн хажууд газар олгож, барилга бариулна гэдэг нь боломжгүй зүйл байна. Цаахан талд нь хоосон газар байдаг. “**” ХХК тэр газрыг эзэмшдэг. Өмнө нь 7 дугаар хороололд газар өгөх гэж явж байгаад больсон байдаг. Одоогийн байдлаар өөр газар, өөр байршилд газар эзэмшүүлэх боломжтой. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Гуравдагч этгээд “**” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “**” ХХК 15 жилийн хугацаатай газар эзэмших гэрээ байгуулж барилга байгууламж барьж үйл ажиллагаа явуулж байгаа. 18 иргэн, байгууллага, түрээслэгч 100 гаран иргэн байдаг. 2015 онд “**” ХХК-тай холбоотой 2 захирамж гарсан нь ямар учиртай юм бэ гэхээр Газрын тухай хуульд заасны дагуу төсөл сонгон шалгаруулалт зарласан. Сонгон шалгаруулалтын төсөлд оролцох сонирхолтой байгууллагууд материалаа явуулсан. Сонгон шалгаруулалтын үр дүнд 1400 м.кв газрыг “**” ХХК-д эзэмшүүлсэн. 900 м.кв газар дээр “**” худалдааны төв үйл ажиллагаагаа явуулж байгаа. 500 м.кв газар нь нийтийн эзэмшлийн талбай байгаа. Иргэн *** худалдааны төв иргэн миний газар дээр барилга байгууламж барьж хохирол учруулсан гэж байна. “**” ХХК-д *** гудамжинд газар эзэмшүүлэх захирамж гаргасан нь хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад байршил “**” ХХК-ийн эзэмшиж авсан газар ***-ын эзэмшиж байсан газартай давхцаж байгаа эсэх дээр шинжээч томилж дүгнэлт гаргуулсан. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр давхцаж байна гэсэн асуудал гарч ирсэн. Би энэ дүгнэлтийг үндэслэлгүй байна гэж үзэж шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан. Эдгээр байдлаас үзэхэд гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөж байгаа учраас шүүх хуралдаанд оролцож байгаа. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 5 дахь удаагаа өөрчилж байгаа. Хамгийн сүүлд 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/208 дугаар захирамж, 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/507 дугаар захиргааны актыг хүчингүй болгож, өмнө өөрийн эзэмшиж байсан 80 м.кв, 85 м.кв газар эзэмшүүлэх захиргааны акт гаргахыг ОАЗД-д даалгаж өгнө үү гэж байна. Хот А зэрэглэлд бол газар байхгүй. Барилгын тэр хавиар 80 м.кв, 85 м.кв газар олгох ямар ч зай байхгүй байгаа. Барилга барих норм шаардлага хангагдахгүй болно. Нэхэмжлэгч Барилга, хот, байгуулалтын газраас энэ талаар тодорхой хариу авсан байх. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй. Харин хотын төлөвлөгдсөн газраас газар олгож болох байх. Нэхэмжлэгчийн хохирол төлбөрийг гаргаж өгч болно гэж үзэж байгаа.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** ОАЗД-ын 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай” А/280, 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/502 тоот захирамжууд илт хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрхийг сэргээж, 80 м.кв, 85 м.кв газар эзэмшүүлэх акт гаргахыг ОАЗД-д даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Шүүхээс хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар, холбогдох хуулийн заалтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэг. ОАЗД-ын 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай” А/280, 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/502 дугаар захирамжууд илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:
ОАЗД 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 422 дугаар захирамжаар *** багийн “**” захын урд 80 м.кв газрыг худалдааны зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар, 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 498 дугаар захирамжаар *** багийн “**” захын ард 85 м.кв газрыг худалдааны зориулалтаар 9 жилийн хугацаатайгаар тус тус иргэн ***-д эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмших гэрээ байгуулан эрхийн гэрчилгээ олгож,
ОАЗД-ын 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/280 дугаар “Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай” захирамжаар *** багийн *** гудамж “**” хүнсний захын ард худалдаа үйлчилгээний зориулалтаар 1400 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр,
Төсөлд сонгон шалгарсан гэдэг үндэслэлээр ОАЗД 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/502 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамж гарган *** багийн *** гудамж “**” хүнсний захын ард худалдаа үйлчилгээний зориулалтаар 1400 м.кв газрыг 15 жилийн хугацаатай “**” ХХК-д эзэмшүүлж, газар эзэмших гэрээ байгуулан гэрчилгээ олгож тус тус шийдвэрлэсэн байна.
Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-д “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна.”, 31.3-д “ Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.” гэж тус тус зохицуулжээ.
Нэхэмжлэгч ***-ын *** баг “**” захын ард эзэмшиж байсан 80 м.кв, 85 м.кв газруудтай давхардуулан 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай” А/280 дугаар захирамж гарган, төсөлд шалгарсан гэж 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр “Газар эзэмшүүлэх тухай” А/502 дугаар захирамжаар “**” ХХК-д 1400 м.кв газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь дээрхи хуулийн заалтуудыг зөрчсөн болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болох ***-ын эзэмших эрх бүхий газрын кадастрын зураг, “**” ХХК-ийн эзэмшиж байгаа 1400 м.кв газрын кадастрын зураг, Орхон аймгийн Ерөнхий архитекторын баталсан 2014 оны “**” ХХК-ийн Худалдаа үйлчилгээний барилгын эскиз зураг, 2015 оны “**” ХХК-ийн “Худалдааны төв”-н барилгын эскиз зурагнууд болон 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр;
Мөн ОАЗД 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай” А/280 дугаар захирамж гаргахдаа газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй өөрөөр хэлбэл Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаар тогтоол болон түүний хавсралтад *** багийн *** гудамж “**” хүнсний захын ард худалдаа үйлчилгээний зориулалтаар газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулах талаар тусгагдаагүй газарт газар эзэмшүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тус тус тогтоогдож байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** гудамжыг тохижуулах асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар бодлогын түвшинд шийдвэрлэсэн гэж тайлбарладаг боловч Орхон аймгийн нутаг дэвсгэрт 2014 онд газрын харилцааны талаар баримтлах бодлого, газар эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэх тухай шийдвэрлэсэн 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаар тогтоолд *** баг *** гудамжинд төсөл сонгон шалгаруулах журмаар газар эзэмшүүлэх асуудал тусгагдаагүй байгаа нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 “Аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно.” заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.
Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3 33 дугаар зүйлийн 33.4 дэх заалтуудыг зөрчиж АЗД А/280, А/502 дугаар захирамжуудыг гаргасан нь тухайн шийдвэр гаргах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 он/ 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасан “ захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэх захиргааны актыг илт хууль бусад тооцох үндэслэлд хамаарч байна. Тодруулбал, Газрын тухай хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчиж шийдвэр гаргасан нь нэхэмжлэгч ***-ын газар эзэмших эрхэд халдсан захиргааны актын илэрхий алдаа байх тул ОАЗД-ын 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай” А/280, 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/502 дугаар захирамжуудын холбогдох хэсгүүдийг илт хууль бус болохыг тогтоох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1257 дугаар тогтоолоор “**” ХХК-ийн газар эзэмшлийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй гэж үзсэн гэж тайлбарладаг боловч илт хууль бус захиргааны актын тухайд захиргааны акт анхнаасаа хүчин төгөлдөр бус байдаг. Өөрөөр хэлбэл бусдын эзэмшил газарт давхцуулан газар эзэмшүүлэх, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглосон хуулийн тодорхой заалтууд байхад /Газрын тухай хуулийн 31.2, 31.3, 33.4 /иргэн ***-ын эзэмшил газарт давхцуулан, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газарт “**” ХХК-д газар эзэмшүүлсэн АЗД-ын А/280, А/508 дугаартай захирамжуудын холбогдох хэсгүүд анхнаасаа хүчин төгөлдөр бус юм.
Иргэн ***-тай болон тухайн үед газар эзэмшиж байсан иргэдтэй зөвшилцсөний үндсэн дээр, 1400 м.кв газарт худалдааны зориулалттай барилга барих асуудлыг шийдвэрлэсэн гэж нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нар тайлбарладаг боловч Газрын тухай хуулийн “Гэрээний хугацаа дуусахаас өмнө бусдын эзэмшил газрыг солих буюу эргүүлэн авах” гэсэн 42 дугаар зүйл, “Гэрээний хугацаа дуусахаас өмнө бусдын эзэмшил газрыг солих буюу эргүүлэн авахад нөхөх олговор олгох” гэсэн 43 дугаар зүйлүүдэд заасныг холбогдох захиргааны байгууллага хэрэгжүүлээгүй нь тэдгээрийн тайлбарыг үгүйсгэж байна.
Хоёр: Газар эзэмших эрхийг сэргээж, 80 м.кв, 85 м.кв газар эзэмшүүлэх акт гаргахыг АЗД-д даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч ***-д ОАЗД-ын 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Эзэмшиж, ашиглаж буй газрын хэмжээ өөрчлөх тухай” 422 дугаар захирамжаар *** баг, ** захын ард 80 м.кв газрыг худалдааны зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулан 0391546 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон байна.
Мөн ОАЗД-ын 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх зориулалт өөрчлөх, газар эзэмшүүлэх тухай” 498 дугаар захирамжаар *** баг, Х захын ард 85 м.кв газрыг худалдааны зориулалтаар 9 жилийн хугацаатайгаар иргэн ***-д эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.
Дээрхи ***-д газар эзэмшүүлсэн ОАЗД-ын захирамжуудыг хүчингүй болгоогүй, ***-ын газар эзэмших эрх дуусгавар болоогүй, газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон ямар нэгэн шийдвэр гараагүй байгаа учраас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээж, дахин газар эзэмшүүлэх тухай захиргааны акт гаргахыг АЗД-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл байхгүй гэж үзлээ.
Хэдийгээр ***-ын 80 м.кв газар эзэмших эрхийн хугацаа 5 жил /2012 оноос 2017 он/ байсан боловч түүнийг дууссан гэж үзэх үндэслэлгүй, ОАЗД-ын илт хууль бус шийдвэрүүдийн улмаас иргэн ***-ын газар эзэмших эрхийн хугацаа тасалдаж, эзэмших эрх бүхий газраа зориулалтын дагуу эзэмших, ашиглах боломжгүй байсан байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.2, 106.3.13 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 он/ 9 дүгээр зүйлийн 9.1.7, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 33 дугаар зүйлийн 33.4 дэх заалтуудыг баримтлан ОАЗД-ын 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/280 дугаар захирамжийн хавсралтын “4 дүгээрт *** *** гудамжинд, “**” хүнсний захын ард 1400 м.кв худалдаа үйлчилгээ 15 жил “ гэснийг, 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/502 дугаар захирамжийн хавсралтын “4 дүгээрт Худалдаа үйлчилгээ “**” ХХК 15 жилийн 1400 м.кв *** баг, *** гудамжинд, “**” хүнсний захын ард“ гэснийг тус тус илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох газар эзэмших эрх сэргээж, 80 м.кв, 85 м.кв газар эзэмшүүлэх акт гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасныг баримтлан шинжээчийн зардалд нэхэмжлэгч ***-аас 150.000 төгрөг, хариуцагч ОАЗД-аас 150.000 төгрөг тус тус гаргуулан “ГМОМОН” ХХК-д олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч ***-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллага болох ОАЗД-аас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА
ШҮҮГЧИД П.УУГАНЦЭЦЭГ
Б.МӨНХЖАРГАЛ