Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 28

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж, нарийн бичгийн дарга О.Болормаа, улсын яллагч Ц.Сүхбат, хохирогч Э.Алтансүх, шүүгдэгч Ө.Ганболд, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Жамц /ҮД:2180/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:

 

            Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймаг Улиастай хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер математикч, артелер зэвсгийн инженер мэргэжилтэй, “Танан Импекс” ХХК-д гэрээт ажилтан, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 47 дугаар гудамжны 2 тоотод оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, /РД:ИЮ89122095/ Хорчин овогт Өгөөмөрбаянгийн Ганболдод Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 201625020487 дугаар 185/2016/0007/Э индекстэй хэргийг 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:                            

 

Шүүгдэгч Ө.Ганболд 2016 оны 02 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 8 дугаар байрны 72 тоотод иргэн Э.Алтансүхтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлан танхайрч, Э.Алтансүхийг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Ганболдын: 2016 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Мөнхтуяа, Алтансүх нар 5-6 хоног буудалд архидаж байгаад ирлээ гээд хөнжил, гудастайгаа, 1 шил архи 2 пиво авчихсан ирсэн. Тэр архи, пивоо Алтансүх, Мөнхтуяа бид гурав хамт уугаад, манайд хоносон. Маргааш нь буюу 10-ны өглөө Алтансүх дэлгүүрээс 1 шил архи авчирч уугаад Алтансүх нилээн согтоод унтсан. Гэтэл Мөнхтуяа анх удаа манай гэрийнхэнтэй уулзах гэж байж яаж согтуу орохов дээ та хоёр хамт байж бай гээд Алтансүхийг манайд үлдээгээд өөрөө явсан. Эхлээд Алтансүх Мөнхтуяатай яриад, дараа нь би Мөнхтуяа руу яриад бид хоёр 11 дүгээр хороололд байж байя, араас хүрээд ирээрэй гэсэн. Алтансүх бид хоёр 11-д ирэхдээ 1 шил архи, 4 пиво авсан байсан. Гэтэл Алтансүх архийг нь орцонд унагаагаад хагалсан. Тэгээд 4 пивоо уугаад, гэрт байсан виски уусан. Орой нь манай их сургуулийн ангийнхан уулзах гэж байсан болохоор би ангийнхаа найз Энхтүвшинг дуудсан. Тэгтэл Энхтүвшинд бэлдсэн байсан хоол, цайг Алтансүх унагаагаад асгачихсан. Үүнээс болж Алтансүх бид хоёр маргалдаад би Алтансүхийн цээж рүү нь нэг удаа цохиход Алтансүх арагшаа унасан. Тэгээд би нүүр рүү нь 2 удаа цохисон гэж мэдүүлсэн мэдүүлэг,

Талуудын хүсэлтээр:

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Алтансүхийн: 2016 оны 2 сарын 9-ний өдөр Мөнхтуяа бид хоёр Ганболдынд орохдоо 0,5 литрийн архи, 2 пиво авч ороод архиа ууж, ярьж хөөрөөд суусан.Маргааш өглөө нь буюу 10-ны өдөр би дэлгүүрээс 0,5 литрийн архи авч уугаад, би бага зэрэг согтсон. 11 дүгээр хороололд гэрт нь очоод байж байхад нэг хүүхэн ирээд Ганболд нэг виски задалсан. Нэг архи авсан байсныг би унагаагаад хагалчихсан байсан. Би архи нээх даадаггүй болохоор тэр вискинээс нь 2-3 хундага уугаад сонин болоод ирэхээр нь унтахаар хэвтсэн.Унтаад сэрэх үед Энхтүвшин гэдэг найз нь ирсэн байсан. Тэгээд найзтай нь танилцаад ууж суухдаа би ширээний буланд тавьсан байсан вискиг тохойгоороо цохиод асгасан. Тэгтэл Ганболд найз нөхөд ирсэн байхад гэр орон заваарууллаа гэж уурлаад намайг мөргөөд цохисон. Би хойшоо унахад ширээн дээр байсан юмнууд цохигдоод газраар унасан. Намайг унаж байх үед Ганболд миний нүд рүү өшиглөсөн. Хагалгаанд орсон зардал болох 2.300.000 төгрөгөө авсан. Гэхдээ цаашид дахин эмчилгээ хийлгэх учраас тухайн гарсан зардал болон гэм хорын хохирол 1.500.000 төгрөг нэхэмжилнэ. Гомдолтой байна гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

хавтаст хэргээс:

Мөрдөн байцаалтад гэрч Ж.Энхтүвшингийн: ...Намайг тэднийд очиход Мөнхтуяагийн найз залуу, Ганболд нар 2-3 пиво, виски уугаад нилээн согтсон байдалтай байж байсан. Мөнхтуяагийн найз залуу нилээн согтсон байдалтай байсан ба ширээн дээр байсан аягатай цай, надад мөнгөн аяганд хийж өгсөн вискиг тохойгоороо түлхэж газар унагасан чинь Ганболд дахиад виски аягалж өгөөд тэр залууд бариулсан чинь аягтай вискиг газар асгасан. Санаатай асгасан уу, санаандгүй асгасан уу гэдгийг мэдэхгүй. Тэгсэн чинь Ганболд тэр залууд уурлаад –Манай их сургуулийн найз ирчихсэн байхад аятайхан байгаач, аятайхан ууж идээч гэх зэргээр уурласан. Тэгтэл Мөнхтуяагийн найз залуу өөрийнхөө гар утсыг хана руу савж шидсэн ба хэн нь ч оногдоогүй. ...Ганболд Мөнхтуяагийн найз залуутай ширээн дээрхийг газар асгаснаас болж маргалдсан ба ингэж маргалдаж байхдаа Ганболд нь Мөнхтуяагийн найз залууг сандал дээр суусан байхад нь газар гараараа цээж рүү нь түлхэж унагаасан. ...Нэг харахад Ганболд уг залуугийн дээр нь гараад нэг гараараа цээжийг нь дараад, нэг гараараа цохиж байх шиг байсан ба яг хаашаа цохисныг нь би сайн хараагүй, тэгээд би газраас аяга, бууз түүж тавьчихаад Ганболд, Мөнхтуяагийн найз залуу 2-ыг салгасан. ...Би Ганболдыг цаад өрөө рүү нь явуулаад, Мөнхтуяагийн найз залууг босгоод цамцыг нь өмсгөөд нойл руу дагуулж ороод хамарнаас нь гарсан цусыг нь угаасан. ...Анх харахад тэр хоёрын нүүр ам нь зүгээр байсан, зодоон болсны дараа Мөнхтуяагийн найз залуугийн хамарнаас нь цус гарсан байсан, Ганболдын нүүр ам нь зүгээр байсан. ...Алтансүх ухаан балартаж унаагүй, мөн Ганболд тэр залуу руу юм барьж дайраагүй. ... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-52-53/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Мөнхтуяагийн: ...2016 оны 02 дугаар сарын 09-ний өглөө 09-10 цагийн үед найз Ганболд над руу утсаар яриад ...архи аваад ирээрэй гэхээр нь Алтансүх бид хоёр дэлгүүр ороод 1 шил 0,5 граммын архи, 2 шил пиво аваад Ганболдын Бэлхэд байдаг гэрт нь очсон. Очиход Ганболд ганцаараа байсан. ...Тэр хоёр архиа ууж дуусаад дахиад дэлгүүр рүү гараад 1 шил 0,75 граммын архи 2 ширхэг 2,5 литрийн пиво авчирч уугаад согтоод тэндээ бид нар хоносон. Тэр үед ямар ч хэрүүл маргаан, зодоон болоогүй. Маргааш нь бид нар хоол цай идэж уучихаад Алтансүх дэлгүүр рүү яваад 1 шил 0,75 граммын архи авчирсан. Алтансүх Ганболд 2 авчирсан архиа уугаад бас согтсон. Шинийн 2-ны өдөр болсон болохоор би гэртээ согтуу хүн яаж дагуулж очиж золголт хийнээ гэхэд Ганболд –Үлдээгээд явчих, бид хоёр нэмж уухгүй байж байя гэхээр нь Алтансүхийг Ганболдын гэрт үлдээгээд явсан. ...маргааш нь буюу 2016 оны 02-р сарын 11-ний өдрийн өглөө 09-10 цагийн үед  …Алтансүх над руу утсаар яриад эмнэлэг дээр байна, найзад чинь зодуулчихлаа гэхээр нь би хэн зодсон юм бэ гэсэн чинь Ганболд зодсон гэж хэлсэн. Би тэр үед юунаас болж яаж зодсон талаар тодруулж асуугаагүй. Алтансүх надад “угаасаа Ганболд худлаа ярина, найз Түвшинтэй нь ярья” гээд утсаар ярьж бичлэг хийж би Түвшинтэй ярихад “Танай хүнийг Ганболд архи асгалаа, аятайхан ууж чадахгүй гээд л зодсон” гэж ярьсан. ...Ганболд их тайван, уурлахдаа огцом ууртай. Алтансүх ааш зан сайтай, хэр баргийн хүнтэй эвээ олчихдог, хурдан л согтчихдог... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-54-55/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн №2323 тоот:

  1. Алтансүхийн биед баруун нүдний ухархайн дотор, доод ханын хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дээд зовхины гадна хэсгийн цус хуралт, уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Н.Энхцолмон гэсэн дүгнэлт /хх-62/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн №303 тоот:

  1. 2. Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №2323 үндэслэлтэй байна.
  1. Э.Алтансүхэд баруун ухархайн дотор, доод ханын хугарал, зовхины цус хуралт, баруун нүдний алимны доргилт гэмтэл тогтоогдлоо.
  2. Эдгээр гэмтлүүд нь шинэ, нэг цаг хугацаанд үүссэн байна.
  3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Гэмтэлд мэс засал хийгдсэн тул цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
  5. УНТЭ-д ухархайн ханын хугарлыг нөхөн сэргээх мэс засал хийгджээ.  Шинжээч эмч Ц.Ганболд, Ж.Ганцэнгэл, М.Энхтайван гэсэн дүгнэлт /хх-65-66/,

 

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-11/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-16, 51/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-17-18/, хохирогч Э.Алтансүхийн өвчтөний картын хуулбар /хх-24-50/, хохирлын баримтууд /хх-97-107/,

шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-92/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-88/, бакалаврын дипломын хуулбар /хх-110-111/, бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар /хх-112/, гэрч П.Оюунчимэгийн мэдүүлэг /хх-58/ зэрэг цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжилж, эд мөрийн баримтад үзлэг хийв.

 

Шүүгдэгч Ө.Ганболд 2016 оны 02 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 8 дугаар байрны 72 тоотод өөрийн гэртээ хохирогч Э.Алтансүхтэй архидан согтуурахдаа хивсэн архи асгалаа, зочилж ирсэн найзыг минь хүндэлсэнгүй гэж Э.Алтансүхийг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн 2323, 303 тоот дүгнэлтүүдээр тогтоогдон нотлогдов. Шүүгдэгч Ө.Ганболдын үйлдэлд эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн шинж тогтоогдохгүй байх тул зүйлчлэлийг эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ө.Ганболдын бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Ө.Ганболдын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Алтансүхийн бие махбодид хөнгөн гэмтэл учирсныг эмчлүүлэхэд гарсан зардалд 2.300.000 төгрөг нөхөн төлсөн нь хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт, хохирогчийн шүүхэд ирүүлсэн тайлбар, шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдов.  

 

            Шүүгдэгч Ө.Ганболд урьд ял шийтгэгдэж байгаагүй нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-88/ нотлогдож байна.                                                                                     

 

Шүүгдэгч Ө.Ганболд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэн чин санаанаас гэмшиж байгааг дурдах нь зүйтэй.

 

Хохирогч Э.Алтансүх энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, бие махбодидоо учирсан гэмтлийг хойшид эмчлүүлэхэд гарсан зардлаа хууль зүйн үндэстэй нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэн авах эрхтэй болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хуурцгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар шийдвэрлэв.

 

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 284, 286, 295, 296, 297, 298  дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:                

  1. Прокуророос Өгөөмөрбаянгийн Ганболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчилж зүйлчилсүгэй.
  2. Өгөөмөрбаянгийн Ганболдыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар Өгөөмөрбаянгийн Ганболдыг 2 /хоёр/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.
  4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Ө.Ганболдын 2016 оны 6 сарын 16-ны өдрөөс 2016 оны 6 сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 11 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.  
  5. Хохирогч Э.Алтансүх энэ гэмт хэргийн улмаас бие махбодидоо учирсан гэмтлийг хойшид эмчлүүлэхэд гарсан зардал, гэм хорын хохирлоо хууль зүйн үндэстэй нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэн авах эрхтэйг дурдсугай.
  6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хуурцгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээсүгэй.
  7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Ө.Ганболдод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, баривчлах ялыг 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.
  8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ө.Ганболдод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

   

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Ү.ТҮМЭНЖАРГАЛ