Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 111/ШШ2020/0004

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Сувдмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдох “*******-г Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Чимэдцэрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга ******* 2018 онд өндөр насны тэтгэвэрт гарсан тул Төрийн албаны тухай хуулийн дагуу энэ албан тушаалын сул орон тоог нийтэд зарласан юм. Иймд иргэн ******* би 2018 оны 10 сард төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтанд орж тэнцэн төрийн албаны зөвлөлийн хурлаар орж энэ албан тушаалд батлагдсан юм. Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 10 сарын 22-ны өдрийн тоот тогтоолоор ... г Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж, Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад санал болгосугай... гэсэн шийдвэр гарсан юм. Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 10 сарын 22-ны өдрийн тоот тогтоол гарснаас хойш миний бие Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга *******тай 3 удаа уулзсан боловч “Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6-д заасны дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлнэ, таныг дуудна явж бай, Т.******* 2020 онд сонгуульд нэр дэвшинэ, таныг 2020 оны 1 сарын 02-ны өдрөөс ажилд авна, та хэл ам гаргахгүй байж бай, хоёулаа 6 сар хамтарч ажиллана” гэх мэтээр худлаа ярьсаар одоог хүрлээ. Одоо болохоор сонгуулийн хууль өөрчлөгдөж байгаа. Шинэ сонгуулийн хууль хүлээж байна нэр дэвших асуудал яригдаагүй гээд хойшлуулаад байгаа.

Иймд иргэн миний ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилохыг Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга *******т даалгасан шийдвэр гаргаж өгнө үү.” гэв. 

Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга ******* нь өндөр насны тэтгэвэрт гарсан учир Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6-т заасан бүрэн эрхийн хүрээнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар Т.*******ыг томилуулах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлсэн.

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн дугаар тогтоолоор “Т.*******, *******, ******* нарыг Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцөд бүртгэх”, “*******-г Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад санал болгосон.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын зүгээс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6-т заасан бүрэн эрхийн хүрээнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанд Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн дугаар тогтоолыг танилцуулсан бөгөөд Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар Төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшүүлж, санал болгосон *******г дэмжээгүй.

Дээрх тогтоолоор *******-г зөвхөн нэр дэвшүүлж, санал болгосон бөгөөд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилох талаар тусгаагүй тул аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж, бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргасан.

Мөн Улсын Их Хурлын 2013 оны 13 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 9 дэх хэсгийн 33 дугаар зүйлийн 33-ын “б”-д “энэ журмын 9-ийн "б", "в", "г", 10-т заасан албан тушаал бүрт 2-оос доошгүй иргэний нэрийг” гэж заасан бөгөөд журмын “9-ийн г/Улаанбаатар хотын Ерөнхий менежер, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаас дээшхи удирдах албан тушаалтан болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга” гэж заасан.

Төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журамд зааснаар 2-оос доошгүй иргэний нэрийг дэвшүүлэх албан тушаалд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга” гэж тодорхой заасаар байтал Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн дугаар тогтоолоор нэг иргэнийг нэр дэвшүүлсэн нь энэхүү журмыг зөрчсөн гэж үзэж байна.

Мөн ******* нь Баянхонгор аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор хийж байх хугацаандаа 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр тус аймгийн Богд сум руу хувийн ажлаар /жолоочгүйгээр/ гэр бүл, найзуудын хамт албан байгууллагынхаа УАЗ-2206 пургон авто машиныг авч яваад шатааж, байгууллагад их хэмжээний хохирол буюу 18750000 /Арван найман сая долоон зуун тавин мянган/ төгрөгийн хохирол учруулсан ноцтой зөрчил гаргаж, төрийн удирдах албан тушаалтны үүргээ хангалтгүй биелүүлж хуулийн байгууллагаар шалгагдаж байсан тул Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3, 39.1.11-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл"-ийг зөрчсөн тул Төрийн албаны удирдах албан тушаалд томилох боломжгүй гэж үзсэн.

Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана." гэж заасан бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гаргасан тогтоолын талаар 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн дугаар тогтоолын дагуу *******г аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилох боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Гуравдагч этгээд Т.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* ******* нь Төрийн албаны зөвлөлөөс зарлан, зохион байгуулсан Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтанд орж 63 оноогоор тэнцсэн.

Төрийн албанд ажиллах хугацаандаа багийн Засаг даргаас сумын Засаг дарга хүртэл сумын түвшинд ажилласан мөн аймгийн Хөдөлмөр халамжийн .йлчилгээний хэлтэст нийгмийн ажилтан, Хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтэн, аймгийн Бөөнцагаан-Орог нуурын сав газрын захиргааны дарга зэрэг ажлуудыг аймаг, сумын түвшинд хийж хэрэгжүүлж ирсэн.

2002 оны Төрийн албаны тухай хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-т “Төрийн албаны төв байгууллага дараах албан тушаалд нэг хүний нэрийг дэвшүүлж, түүнийг томилох эрх бүхий этгээдэд санал болгоно” гэсэн заасан боловч энэхүү хуулийн заалтад аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалыг заагаагүй.

Мөн УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-аар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалт, нэр дэвшүүлэх асуудлыг зохицуулсан байна. Энэхүү журмын 33-т Төрийн албаны зөвлөл, Салбар зөвлөл нь удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтаас тухайн албан тушаалын шаардлагыг хамгийн сайн хангаж байгаа нэр дэвшигчээс эхлэн дараахь байдлаар нэр дэвшүүлнэ:

а/энэ журмын 9-ийн "а"-д заасан албан тушаал бүрт 3-5 иргэний нэрийг;

б/энэ журмын 9-ийн "б", "в", "г", 10-т заасан албан тушаал бүрт 2-оос доошгүй иргэний нэрийг. /энэ хэсгийн 9-ийн “г” гэдэгт Улаанбаатар хотын Ерөнхий менежер, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаас дээшхи удирдах албан тушаалтан болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга хамаарч байна/. Энд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаал энэ заалтад хамаарч байгаа учраас албан тушаалын сонгон шалгаруулалтад тэнцсэн эхний 2 албан тушаалтныг санал болгох байсан.

Энэхүү журмын 36-т Томилох эрх бүхий этгээд Төрийн албаны зөвлөл, Салбар зөвлөлөөс нэр дэвшүүлсэн иргэдийн дотроос нэг хүнийг сонгож, тухайн албан тушаалд томилсон тухай шийдвэр гаргана” гэж заасан.

Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйл Хурлын даргын нийтлэг бүрэн эрхийн 22.1.6-д “Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг томилуулах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх” гэж заасны дагуу энэ албан тушаалд томилогдсон.

Сонгон шалгаруулалтын 3 төрлийн багц шалгалтын үнэлгээнээс ерөнхий шаардлагын үнэлгээнд өгсөн оноог дахин нягталж, шалгуулахаар Төрийн албаны зөвлөлд 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гомдол гаргасан боловч одоог хүртэл хариуг өгөөгүй.

Иймд миний хувьд ямар нэгэн хууль тогтоомж зөрчөөгүй, Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтад орж тэнцэн энэхүү албан тушаалыг хашиж байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь тус шүүхэд хандан “Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлж дүгнээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг: Нэхэмжлэгч *******-г Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилохыг даалгах шаардлагын тухайд:

Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 85 дугаар тогтоолоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалаас *******г чөлөөлж, тус албан тушаалд Т.*******ыг үүрэг гүйцэтгэгчээр томилжээ.

Монгол улсын Төрийн албаны зөвлөлөөс Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж, 2018 оны 10 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд тус сонгон шалгаруулалтад *******, *******, Т.******* нар оролцож, нийт 100 оноо авахаас ******* 63.1, ******* 60.0, Т.******* 63.0 оноо авч, Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн дугаар тогтоолын 1 дэх заалтаар дээрх иргэдийг тус албан тушаалд томилогдох нөөцөд бүртгэж, 2 дахь заалтаар *******-г Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад санал болгосон байна.

Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1а/04 тоот албан бичгээр Төрийн албаны зөвлөлд хандаж, ...Санал болгосон ******* нь Баянхонгор аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, Тэргүүлэх аудитор хийж байх хугацаандаа 2016 оны 09 сарын 22-ны өдөр тус аймгийн Богд сум руу хувийн ажлаар гэр бүл, найзуудын хамт албан байгууллагынхаа УАЗ-2206 пургон машиныг жолоогүйгээр ашиглаж яваад шатааж байгууллагад 18750000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан ноцтой зөрчил гаргаж, төрийн удирдах албан тушаалтны үүргээ хангталтгүй биелүүлж байсан тул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид дээрх албан тушаалд томилох боломжгүй гэж үзсэн. Иймд Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр *******-г аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилохоос татгалзсан тухайгаа мэдэгдсэн байна. Мөн Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 1а/144 тоот албан бичгээр дахин *******г томилох боломжгүй, харин тус албан тушаалд Т.*******ыг томилуулах саналд дүгнэлт гаргуулахаар, 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1а/473 тоот албан бичгээр тус тус хандсан, 2020 оны 1 сарын 17-ны өдрийн 1а/26 тоот албан бичгээр тус албан тушаалд Т.*******ыг томилон ажиллуулж байгаа талаар дурджээ.

Төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшүүлж санал болгосон *******-г аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилохоос татгалзсан шалтгаан болох …Өлзийт сумын 1 дүгээр багт 22-43 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл шатсан... гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгаад Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 531 дугаар Прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна. Түүнчлэн Монгол улсын Ерөнхий Аудиторын 2017 оны 3 сарын 03 дугаар Б/64 дүгээр тушаалаар *******-г Баянхонгор аймгийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын үүрэгт ажлаас чөлөөлж, тус газарт ахлах шинжээчээр томилж байжээ.

Мөн Т.*******ыг Баянхонгор аймгийн Өлзийт сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаанд нь ...Өлзийт сумын эрх бүхий албан тушаалтнууд нь 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр тус сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Ар өнц” гэх газарт нөхөн сэргээлтээр ажиллах гэрээ байгуулахдаа хээл хахууль авсан байж болзошгүй... гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгаад Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 157 дугаар Прокурорын тогтоолоор гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хаасан талаарх баримтууд тус тус хавтас хэрэгт авагдсаныг дурдах нь зүйтэй.

Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11 дэх хэсэгт зааснаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаал нь төрийн захиргааны албан тушаалд хамрагдана.

Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 35.1.6-д ...Төрийн захиргааны болон хуульд өөрөөр заагаагүй бол төрийн тусгай албаны удирдах албан тушаалд томилогдох нэг ажилтныг Улсын Их Хурлаас тогтоосон журмын дагуу сонгон шалгаруулж, нэр дэвшигчийн талаархи дүгнэлтээ уг ажилтныг томилох эрх бүхий байгууллагад өгөх...-өөр заасан.

Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолын хавсталаар баталсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын 33.а-д ...энэ журмын 9-ийн б, в, г, 10-т заасан албан тушаал бүрт 2-оос доошгүй иргэний нэрийг... нэр дэвшүүлэхээр, 9-ийн г-д ...аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга... гэж тусгасан байна.

Хууль, журамд тухайн албан тушаалд нэр дэвшүүлж санал болгох иргэний тоог өөр өөрөөр тусгасан байгаа хэдий ч Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т ...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн... гэж, Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн... гэж тус тус заасан бөгөөд хууль нь журмаас үйлчлэх хүчин чадал, эрэмбийн хувьд илүү юм.

Тиймээс Төрийн албаны зөвлөлийн 2018 оны дугаар тогтоол нь Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 35.1.6-д хуульд зааснаар нэг иргэнийг санал болгосон, мөн уг тогтоол өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчлэлтэй байгаа болох нь Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Тогтоол хэрэгжүүлэх тухай” 01/1543 дугаар, 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн “Хариу өгөх тухай” албан бичгээр Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга *******т хандаж, Төрийн албаны зөвлөлийн 2018 оны дугаар тогтоол хүчин төгөлдөр болохыг мэдэгдэж, тогтоолыг хэрэгжүүлэхийг шаардсан, түүнчлэн ******* Авилгатай тэмцэх газарт гаргасан гомдлыг тус газрын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 05/1064 дүгээр албан бичгээр Төрийн албаны зөвлөлд шилжүүлж, үүний дагуу Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 04/328 тоот албан бичгээр хариу өгсөн, мөн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 01/1545 тоот албан бичгээр Төрийн албаны зөвлөлийн 2018 оны дугаар тогтоол хүчин төгөлдөр болохыг мэдэгдэж, тогтоолыг хэрэгжүүлэхийг Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас дахин шаардсан тухай дээрх баримтуудаар тогтоогдож байна.

 Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын 37-д ...Томилох эрх бүхий этгээд Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөлийн санал болгосон нэр дэвшигчийг тухайн албан тушаалд томилохоос татгалзвал энэ тухайгаа зохих үндэслэлийн хамт нэр дэвшигчийн материалыг хүлээн авснаас хойш ажлын 7 өдрийн дотор Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөлд албан бичгээр мэдэгдэнэ. Энэ тохиолдолд Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөл нь тухайн сонгон шалгаруулалтад тэнцэж нөөцийн жагсаалтад орсон иргэдээс нэр дэвшүүлэх, эсхүл сонгон шалгаруулалтыг дахин явуулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ... гэж тусгасан бөгөөд Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тус Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар *******-г томилохоос татгалзсан албан бичгүүдэд Төрийн албаны зөвлөлөөс тухай бүр хариу өгч, өнөөдрийг хүртэлх хугацаанд Төрийн албаны зөвлөлийн шийдвэрээр өөр иргэнийг дахин нэр дэвшүүлээгүй, мөн дахин сонгон шалгаруулалтыг шинээр зарлаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаас, мөн нэхэмжлэгч, хариуцагч талын тайлбаруудаар нотлогдож байна.

Гэтэл хариуцагч тал ...аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд нэг иргэнийг нэр дэвшүүлэхээр хуульд заасан. Харин нарийвчилсан зохицуулсан журмаар тус албан тушаалд 2-оос доошгүй иргэнийг нэр дэвшүүлэхээр заасан байхад Төрийн албаны зөвлөлийн 2018 оны дугаар тогтоол нь нэг иргэнийг нэр дэвшүүлж журам зөрсчөн тул хэрэгжүүлэх боломжгүй... гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.    

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан ...Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 10 сарын 22-ны өдрийн тоот тогтоол гарснаас хойш миний бие Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга *******тай 3 удаа уулзсан боловч “...иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлнэ, таныг дуудна явж бай, Т.******* 2020 онд сонгуульд нэр дэвшинэ, таныг 2020 оны 1 сарын 02-ны өдрөөс ажилд авна, та хэл ам гаргахгүй байж бай, хоёулаа 6 сар хамтарч ажиллана гэх мэтээр худлаа ярьсаар өнөөдрийг хүрсэн. Одоо болохоор сонгуулийн хуульд өөрчлөлт орж байгаа тул нэр дэвших асуудал яригдаагүй гэсэн хариу өгдөг... гэсэн тайлбараас үзэхэд нэхэмжлэгч ******* нь дээрх тогтоолын дагуу Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай удаа дараа уулзаж, амаар хариу авч байсан болох нь харагдах бөгөөд хариуцагч тал үүнтэй маргаагүй болно.

Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд нэхэмжлэгч *******-г Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилохгүй байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус эс үйлдэхүй нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг тус албан тушаалд томилохыг эрх бүхий албан тушаалтанд даалгаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хоёр. “…ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлагын тухайд:

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.” гэж, мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасан даатгуулагч болон ажил олгогч нь дор дурдсан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө.”, Засгийн газрын 1994 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам”-ын 2.е-д “хууль бусаар ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож буруутай этгээд нь уг даатгуулагчийг ажилдаа эргэж орсноос хойш нэг сарын дотор нэг удаа даатгалын зохих санд төлнө.” гэж тус тус заасан.

Харин нэхэмжлэгч ******* хувьд Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд урьд нь ажиллаж байгаагүй, энэ албан тушаалд эгүүлэн тогтоогдоогүй, тус албан тушаалаас үндэслэлгүйгээр халагдсан тухай асуудал биш тул дээрх хуулийн заалтууд хамааралгүй юм.

Иймд “…ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх…” шаардлага хангагдах хууль зүйн үндэслэлгүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 7 дугаар зүйлийн 7.1.11, 35 дугаар зүйлийн 35.1.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд *******-г томилохыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад даалгаж, харин “…ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх…” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар анхан шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.СУВДМАА