Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2020/0323

 

Ё.С-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгч Ё.С нарыг оролцуулан Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлоор Ё.С-ийн нэхэмжлэлтэй, Б аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Баянхонгор  аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 04 дүгээр шийдвэрээр: “Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 7 дугаар зүйлийн 7.1.11, 35 дугаар зүйлийн 35.1.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас Б аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд Ё.С-г томилохыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад даалгаж, харин ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б давж заалдах гомдолдоо: “...Төрийн албаны зөвлөл нь 2018 оны 105 дугаар тогтоолоор зөвхөн нэг иргэн буюу Ё.С-ийн нэрийг дэвшүүлсэн нь дээрх хууль болон журмыг зөрчсөн бөгөөд томилох эрх бүхий албан тушаалтанд сонгох боломж олгоогүй талаар дүгнэлт хийгээгүй, ... Ё.С нь Б  аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, Тэргүүлэх аудитор хийж байх хугацаандаа байгууллагынхаа автомашиныг авч яваад шатааж, байгууллагад их хэмжээний хохирол учруулсан байгааг дүгнэх нь зүйтэй. ...Ц.О, Ё.С нар уулзаж ярилцсан, тохирсон зэрэг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтуудыг цуглуулах, үнэлэх ажиллагааг хийх шаардлагатай байна. Ё.С нь Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 105 дугаар тогтоолыг гарсан даруй гардаж авсан бөгөөд тогтоолын дагуу тухайн албан тушаалд томилогдохгүй байгааг өөрөө мэдсээр байж, 2018 оноос хойш 2020 он 01 дүгээр сарыг хүртэл шүүхэд хандаагүй нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны тухай асуудал хөндөгдөнө. ...иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Т.Э давж заалдах гомдолдоо: “...Төрийн албаны тухай хууль болон холбогдох дүрэм, журмыг үндэслэсэн хэдий боловч дээрх хууль тогтоомж, шийдвэрийг буруу ойлгон тайлбарлаж, иргэн миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн шийдвэр гаргасан. ...Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-аар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалын ...сонгон шалгаруулалтад тэнцсэн эхний 2 албан тушаалтныг санал болгох байсан, нэр дэвшүүлсэн иргэдийн дотроос нэг хүнийг сонгож, тухайн албан тушаалд томилсон тухайн шийдвэр гаргах байтал Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 105 дугаар тогтоолоор зөвхөн нэг иргэний нэрийг дэвшүүлсэн нь дээрх хууль болон журмыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг дутуу цуглуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулалгүй хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын төлөөлөгч нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 12.1.4-д “... Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, ... сонгох, ...”, 20 дугаар зүйлийн 20.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчид ... дараахь асуудлыг өөрийн бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ”, 20.1.14-д “хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх”, 22 дугаар зүйлийн 22.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын дарга ... дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 22.1.6-д “Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг томилуулах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх” гэж тус тус зааснаар Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг томилох эрх бүхий этгээд нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид байхад нэхэмжлэгч Ё.С нь Б аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг хариуцагчаар тодорхойлон “Б аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилохыг даалгуулах ...” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэж үзэж байгаа эрх, ашиг сонирхол нь ямар захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааны улмаас хөндөгдсөн болохыг анхаарч үзэлгүйгээр, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2-т заасны дагуу хариуцагчаар татагдсан этгээд нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь тогтоогдвол түүнийг шүүгч нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр жинхэнэ хариуцагчаар солих, хэрэв нэхэмжлэгч хариуцагчийг солихыг зөвшөөрөөгүй бол шүүгч тухайн этгээдийг хамтран хариуцагчаар татан оролцуулах үүргээ хэрэгжүүлэхгүйгээр хариуцагч Б аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын бүрэн эрхэд хамааралгүй асуудлаар шийдвэр гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна.

Хэдийгээр нэхэмжлэгч шүүхээр зөрчигдсөн гэж үзсэн эрхээ хэрхэн сэргээлгэх, нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийг өөрөө тодорхойлох эрхтэй боловч нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол нь ямар захиргааны байгууллагын үйл ажиллагааны улмаас хэрхэн хөндөгдсөн болохыг дүгнэж, жинхэнэ хариуцагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах нь шүүхийн үүрэг учраас анхан шатны шүүхээс дээрх хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу жинхэнэ хариуцагчийг татан оролцуулах нь зүйтэй.

2. Нэхэмжлэгчээс “...Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 105 дугаар тогтоолоор намайг Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн боловч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хурлаар нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцээгүй гэж үзэж байна ...” гэж, хариуцагчаас “ ... Тэргүүлэгчдийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар Ё.С-г томилохоос 100 хувийн саналаар татгалзаж, Т.Э-ыг томилсон” гэж тус тус маргасан байхад энэ талаарх үйл баримтыг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй. Тодруулбал, Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 105 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, Ё.С-г Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар томилох эсэх асуудлыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн эсэх талаар нотлох баримтыг цуглуулаагүй байх тул анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т заасан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүх Б аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хуралдаанаар Ё.С-г томилох эсэх асуудлыг хэлэлцсэн эсэхийг тогтоож, Тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэл, тогтоолыг хэрэгт нотлох баримтаар хавсаргах, гуравдагч этгээд Т.Э-ыг тус албан тушаалд жинхлэн томилсон шийдвэр гарсан эсэхийг тодруулах шаардлагатай байна.

3. Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т заасны дагуу нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхой, ямар нэгэн эргэлзээгүйгээр тодорхойлох учиртай. Хэрэв нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байгаа тохиолдолд үүнийг тодруулах нь шүүхийн үүрэг юм. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр нь хэргийн оролцогчдод ойлгомжтой, биелэгдэх боломжтой байх ёстой.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасан гаргавал зохих акт гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын хувьд нэхэмжлэгч нь эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага, албан тушаалтан биелүүлээгүй буюу шийдвэрлэхгүй орхигдуулсан эсхүл шаардлагатай акт гаргахаас татгалзсан шийдвэрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдсон тохиолдолд захиргааны зохих акт гаргахыг захиргааны байгууллага, албан тушаалтанд даалгуулахаар нэхэмжлэл гаргах боломжтой.

Гэтэл нэхэмжлэгч Ё.С-аас “Б аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилохыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан атлаа захиргааны хэзээ гаргасан, ямар татгалзал, эсхүл эс үйлдэхүйн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж маргаж байгаа болохоо тодорхойлоогүй байх тул анхан шатны шүүх энэ талаар тодруулах нь зүйтэй.

4. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тохиолдолд нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх сэргэх ёстой бөгөөд нэхэмжлэгчийн томилуулахаар маргаж буй албан тушаалд гуравдагч этгээд Т.Э-ыг томилсон шийдвэр хүчин төгөлдөр байх тохиолдолд нэхэмжлэгчийн эрх сэргэх боломжтой эсэхийг тодруулан дүгнэх,

мөн хариуцагчаас нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж маргаж байх тул энэ талаарх баримтыг цуглуулж, дүгнэх шаардлагатай.

Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор  аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                      Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                                                     Г.БИЛГҮҮН