| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2021/0065/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/85 |
| Огноо | 2021-03-23 |
| Зүйл хэсэг | 11.5.1., |
| Улсын яллагч | Н.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 2021/ШЦТ/85
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х
Улсын яллагч Н.Д
Хохирогч А.Ж
Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Э, Г.Ө
Шүүгдэгч В.Г, О.Ц нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В.Г, О.Ц нарт холбогдох эрүүгийн 2025000000371 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт.
1. В.Г,
2. О.Ц,
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.
1. Шүүгдэгч В.Г нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Э-О” ХХК-ний захирлаар ажиллаж
байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан “ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас хамгаалах хэрэгсэлээр үнэ төлбөргүй хангах, 17 дугаар зүйлийн 17.2.1-д зааснаар шинээр ажилд орж байгаа иргэнийг сургалтанд хамруулах, 17.4-т ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх сургалтыг жилд 2-с доошгүй удаа зохион байгуулж нийт ажилтныг хамрууж шалгалт авч байна. Мөн 28 дугаар зүйлийн 28.1.4-т ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх тогтоох, бууруулах арилгах зорилгоор эрсдлийн үнэлгээ хийх, 28.1.6-д ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм заавар журам баталж мөрдүүлэх, 28.1.8-д аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, Аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтанд хамрагдаагүй зааварчилгаа аваагүй шалгалт өгөөгүй ажилтнаар үүрэг гүйцэтгүүлэхгүй байх, 28.1.7 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар шаардлагатай мэдлэгийг эзэмшсэн байх, 28.1.11 үйлдвэрлэлийн осол хурц хордлого мэргэжлээс шалтгаалсан өвчний тоон мэдээллийн талаар тэмдэглэл хөтлөж холбогдох байгууллагад мэдээлж байх заалтуудыг 27.4-т заасан Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар инженер техникийн болон эрүүл ахуйн боловсролтой мэргэшсэн хүнийг ажиллуулна гэх хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас тус компаний ажилтан А.Ж нь 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байхдаа конвейрын ременд зүүн гараа хавчуулан бие махбодид нь эрүүл мэндийг удаан хугацаагаар нь сарниулсан хүндэвтэр гэмтэл болгоомжгүй учруулсан,
2. О.Ц нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Э-О ХХК-нд ээлжийн ахлахаар ажиллаж байхдаа 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас тус компаний ажилтан А.Ж нь 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байхдаа конвейрын ременд зүүн гараа хавчуулан бие махбодид эрүүл мэндийг нь удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч В.Г, О.Ц нарыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Ц мэдүүлэхдээ “2020 оны 07 дугаар сарын 26-ны өглөө үүрээр энэ хэрэг болсон. Тухайн үед кониверийн элс нь гоожиж байсныг янзлах гээд А.Ж ахыг хүрж олоод ир гэж хэлсэн боловч хүрз олдохгүй байна гэхээр нь ирмэнийг нь суллаад элсийг нь гоожуулъя гэж хэлсэн. 1-р конверь ажиллаж байхад А.Ж ах ирмэн дээр гараа тавьчихсан байсан. Би түүнийг нь хараад Жамсран ахаа та гараа оруулчихвал яах юм бэ, ажиллаж байхад нь хүрз оруулахаар ямар болоод гарч ирдэг билээ гээд А.Ж ахыг холдуулсан. Үүний дараа 1-р конверь ажиллуулахаас өмнө А.Ж ахыг конвериасаа хол зогсож байгаарай ажиллууллаа шүү гэж хэлэхэд за гэсэн. Би конверь ажиллуулахад хүний орилох чимээ гарахаар нь буцаагаад унтрааж харахад А.Ж ахын гар нь орчихсон байсан. Би тухайн үед би айж балмагдсан байсан. Яах вэ гэж асуухад А.Ж ах ирмэнийг тасал гэж хэлэхээр нь би даргаас асуугаад тасалъя гэхэд би арыг нь даана миний гар орчихсон байна. Хутга авч ирээд тасал гэж хэлэхээр нь тасалсан. Өглөө 07 цаг болж байхад өөрийн машинаар нэгдсэн эмнэлэг рүү хүргэж өгсөн. Замдаа явж байхад эмчилгээний төлбөр мөнгийг нь хэрхэн шийдэхээ даргатай ярилцана гэж хэлсэн. Түүнээс би ямар нэгэн байдлаар дарамтлаагүй. Залуу хүн ажллаж амьдрахын төлөө зүтгэж байна. Надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Г мэдүүлэхдээ “О.Цын ярьж байгаа зүйл бүгд үнэн. Конивер эргэж байхад А.Ж гараа хийгээд шороог буулгаж байсан гэж байна. Энэ үнэн юм. Түүнээс зүгээр зогсож байгаад гараа хийх боломжгүй. Гараа хийгээд бүх шороог гараараа буулгаж байсан тэр үед нь О.Ц кониверийг унтраагаад гараа ав гэж хэлсэн юм байна. Уг конивер луу хүрзнээс өөр хийх зүйл байдаггүй. Хүрз байхгүй байсан гэж ярьж байна. Хүрз уг нь байдаг мөн хөдөлмөр хамгааллын хувцас байдаг. Бүх ажилчдадаа өгсөн. Би маргааш өглөө нь ажил дээрээ очоод юу болсон ямар учир шалтгаанаас болж ийм асуудал болсон талаар лавлахад А.Жын буруу болж таарсан. Гараа конивер луу хийсэн байсан. Гэхдээ ажлын төлөө гараа хийж шороог цэвэрлэх гэж байгаад гараа хугалсан байсан. А.Ж нь ажлын байран дээр хэд хэдэн удаа архи ууж мөн түүнээсээ болоод хүн алах шахаж дараа нь би бичлэгийг нь үзүүлээд загнаж байсан. Би А.Жыг ажлаас 07 дугаар сард халж байсан. А.Жын эхнэр нь мессеж бичиж хөөцөлдөж байгаад буцаагаад ажилд нь оруулсан юм шиг байсан. Заавал ийм асуудалд хүрэх шаардлага байсан юм уу. Дуртай үедээ ажлын байран дээр архи уудаг мөн түүнээсээ болж гараа гэмтээсэн эцэст нь би үүн дээр нь унаж байгаад харамсаж байна. Бүгдийг нь би чимээгүй тэвчиж явсан өөрийнх нь буруу байхад тэр бурууг хэлэлцэхгүй байх юм” гэв.
Хохирогч А.Ж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “2020 оны 07 дугаар сарын 26-ны орой 20 цагт ээлжинд гарсан. Өглөө үүрээр 05 цагийн үед О.Ц гүйж гарч ирээд намайг буугаад ир гэж дуудахаар нь очиход пункерын шороо гоождог хэсгийн ирмэн нь мултарсан байсан. Хүрз асуухад байхгүй та надаас хоёр хоногийн өмнө авсан гэж хэлсэн. Би хүрз аваагүй сүх, шанагаар цэвэрлэсэн тухайгаа хэлэхэд О.Ц хүрз хайхаар яваад олоогүй ирсэн. Бид хоёр лоом, шанага зэрэг зүйлээр шороог унагаах гэж үзсэн боловч болоогүй. Бид хоёр бункерээ султгах гээд би бункерын хажууд зогсож байсан. Би бункерын захаар байсан шороог 4 хуруугаараа унагаасан нь үнэн. Конивер зогсоогоод О.Ц яасан байна гэж асуухаар нь шороогоор дүүрсэн байна гэдгийг хэлсэн. Би тийшээ очиж тонгойгоод шороог зайлуулах гэж байхад конивер хөдлөөгүй байсан. Аваад татах гэж байхад конивер гэнэт ажиллаад миний гарыг гэмтээсэн. О.Ц буцааж зогсоогоод над дээр ирээд уурласан би гараа гаргамаар байна хутга авч ирээд үүнийг тасалчих гэж хэлэхэд даргатай ярьж байж болъё гэж хэлсэн. Даргаас асуух хамаагүй би энэ ирменийг хариуцна гэж хэлж тастуулсан. О.Цын машинаар эмнэлэг рүү явсан. Эмнэлэг явах замд элий балай, шогийн зүйл яриад байв даа гэж надад хэлсэн” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хэргийг газрын үзлэг нөхөн хийсэн тэмдэглэл, гэрэл зураг. /хх-ийн 25-26-р хуудас/
2. Хохирогч А.Жын “Намайг ковшоо жолоодож байх үед ээлж ахалсан ажилчин О.Ц дуудаад конвейерын ремен мултарсан байна энийг янзалья гэхээр нь би О.Цоос хүрз асуутал өөдөөс та уржигдар аваа биз дээ та хүрзээ яасан юм бэ гэхээр нь би аваагүй ковшийн шанагаа сүхээр цохиж цэвэрлэсэн гэж хэлсэн. Тэгээд О.Ц хүрз хайж явж байгаад хүрз ололгүй ирсэн О.Ц бид 2 конвейерын хажууд очоод ременээ янзлах гэж оролдоод дийлэхгүй байхаар нь бункерээ султгая гээд О.Ц явж конвейер ажиллуулах кноп дарж би харин элс асгарч байгаа үгүйг нь харж зогссон. Конвейерээсээ элсээ хэсэг асгаж байгаад зогсоож О.Ц надаас элс хир гоожиж байна гэхээр нь би зөндөө гоожпоо байж байгаарай энийг авья гээд урагшаа тонгоож овоолгоостой байсан элсийг 2 гараараа татаж авах гэж байтал конвейерийг О.Ц гэнэт ажиллуулсаны улмаас миний зүүн гар хавчуулагдаж хугарч гэмтсэн. Тэгээд О.Ц конвейерийг унтрааж над дээр ирэн гараа ав гээд байхад чинь гэж хэлэн аашилсан, Миний гар ременд хавчуулагдчихлаа таслаад өг гэхэд О.Ц би даргаас асууя гэхээр нь би хамаагүй ээ ременийг тасалсан хариуцлагаа би хүлээнэ хутга авчраад хурдан тасдаад өг гэж хэлэн О.Цоор тасдуулсан. Тэгээд Орхон аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төв рүү О.Цын машинаар явж байтал О.Ц надад хандаж за чи тэгээд новшроод байв даа хогийн юм яриад гэж хэлсэн. Миний зүүн гарын атгаалжин чөмөг хугарч төв мэдрэлийн 3 судас гэмтэлтэй гэсэн оноштой байгаа. Одоогийн зовиур зүүн гар хавдартай байнгын даарч бадаарна, тэнгэр муухай үед зүүн гарын яс янгинаж өвдөнө, шөнө орой болохоор унтаж чаддаггүй. Хөдөлмөр аюулгүй байдал хариуцсан ажилтан гэж байдаггүй. Нэг дэвтэр яваал байдаг хааяа зуруулаад хааяа зуруулдаггүй. Би уг нь ковшийн оператор даанч ээлж ахалсан О.Ц юу гэж хэлнэ тэр болгоныг хий гэж захирал болон механик Олзвой хэлдэг. 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Э-О ХХК-ний захирал В.Г надтай гар утсаар ярьж чамайг ажлаас халсан байхад яагаад очиж ажилласан юм гэж надад хэлсэн. Би 7 сард бүтэн ажиллаж цалингаа бүтэн авсан. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал хариуцсан ажилтан байгаагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32, 34-35-р хуудас/
3. Гэрч Д.О-ийн “2020 оны 09 дүгээр сарын эхээр захирал В.Гын өрөөнд хуулийн зөвлөх Баасанжав, нягтлан Баасансүрэн, Энэбиш, В.Г захирал нарын хамт сууж байхад В.Г захирал, Б хуулийн зөвлөх нар “...цагдаагаас дуудвал хөдөлмөр хамгааллын ажилтан байхгүй ажилласан гээд бөөн асуудал үүссэж магадгүй, тэгэхээр хуулийн зөвлөх Б-выг манай компаний хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хариуцаж ажилладаг гэж мэдүүлэг өгнө шүү гэж хэлсний дагуу Б-выг манай компаний хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал хариуцсан ажилтан гээд цагдаад мэдүүлэг өгчихсөн юм. Хуулийн зөвлөх Баасанжаваас цагдаагаас намайг дуудаад мэдүүлэг авах үед таныг компаний хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал хариуцсан ажилтан гээд хэлвэл зүгээр үү гэж асуухад зүгээрээ, би өөрөө мэдэж байгаа гэж хэлсэн. Нягтлан бодогч Б, Эбид гуравын хувьд захирал В.Г болон хуулийн зөвлөх Б нарын үгэнд орохоос өөр арга байгаагүй. Баасанжавыг манай компаний хуулийн зөвлөх, хуульч ажилтай, хууль, хүчний байгууллагад өмнө нь ажиллаж байсан болохоор итгээд хэлээрэй гэсэн үгийг мэдүүлэг өгөхдөө хэлсэн юм. Яг үнэндээ бол “Эр-О” ХХК-д хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал хариуцсан ажилтан гэж байгаагүй, өмнө ч байгаагүй. Ажлын талбай дээр аюулгүй ажиллагааны дэвтэр дээр нягтлан бодогч Баасансүрэн зааварчилгаа бичээд ажилчдаар гарын үсэг зуруулдаг байсан. Тухайн үед Баасанжав гэдэг хүн байгаагүй. 2020 оны 07 дугаар сард /өдрийг нь санахгүй байна/ захирал В.Гыг хөдөө амарч байх үед манай ажлын газрын хамт олон захирал В.Гын байгаа газарт очиж эргэж уулзсан. Тэр үед В.Г захирал надад хандаж Баасанжав гэдэг хүнийг манай компаний хуулийн зөвлөхөөр ажилладаг шүү гэж танилцуулсан. 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр осол гарч А.Жын биед гэмтэл учирсанаас хойш цагдаагийн байгууллага шалгаж эхэлсний дараа компанид заавал хөдөлмөр, хамгаалал, аюулгүй байдал хариуцсан ажилтан байх ёстой гээд хуулийн зөвлөх Б манай компаний хөдөлмөр, хамгаалал, аюулгүй байдал хариуцсан ажилтан гэж хэлэхээр болсон юм. А.Ж нь 2020 оны 03 дугаар сарын сүүлээр “Э-о” ХХК-д ковшийн оператороор ажилд орсон. 2020 оны 07 дугаар сарын эхээр А.Ж, гагнуурчин Баярбат нар ажилдаа ирэхдээ согтуу, ажлын байран дээр пиво уусан шалтгаанаас Баасансүрэн ажлын талбай дээрээс явуулсан гэж сүүлд сонссон. А.Ж, Баярбат нар ажилдаа 2 хоног ирээгүй ба тэр хугацаанд захирал В.Г миний утасруу залгаад А.Ж, Б нарыг ажлаас халчих уу гэхээр нь би тэр хоёр өөрсдөө ирж уулзах байх, тэрний дараа халах эсэхийг шийдсэн дээр байх гэж хэлсэн. архи ууж ажлаасаа хөөгдсөн өдрөөс хойш 2 хоногын дараа А.Ж, Бнар надтай уулзах үед та хоёрыг ажпаас халсан тушаал гараагүй байгаа, над дээр ямар нэгэн тушаал ирээгүй, архи, согтууруулах ундааны зүйлийг битгий уу гэж олон удаа хэлсэн, ямар ч байсан маргаашнаас ажилдаа ирээд ажлаа сайн хий, удахгүй наадам болох гэж байгаа болохоор мөнгө төгрөг хэрэг болж байгаа байх гэж хэлсэн. А.Жыг ажилдаа ирээгүй 2 хонох үед түүний эхнэр нь нягтлан Баасансүрэнгийн утасруу залгаж мессеж бичиж байсан гэсэн. Миний хувьд А.Ж, Баярбат нарыг ажлаас халсан тушаалтай танилцаагүй. Тийм тушаал гарсан талаар мэдээгүй. А.Ж 2020 оны 07 дугаар сард ажлаа хэвийн хийж гүйцэтгэсэн. Би “Э-о” ХХК-ний ажилчдыг халах, ажилд эргүүлэн авах эрх бүхий албан тушаалтан биш. Надад ийм эрх мэдэл байхгүй, А.Ж, Бнар архи ууснаас хойш 2 хоног өөрсдөө ажилдаа ирээгүй. Би В.Г захиралтай утсаар ярих үедаа А.Ж, Б нарын цалингаас нь хасаад ажлын хийлгэвэл яасан юм бэ гэж асуухад В.Г захирал наад хоёроо дуудаад ажлыг нь хийлгэ гэж хэлсэний дараа А.Ж, Б нарыг дуудаж ажилд нь оруулсан юм... 2020 оны 07 дугаар сарын эхээр А.Жыг ажлаа таслаад 2 хоног ирээгүй байж байгаад эргээд ажилдаа орох явцыг захирал В.Г мэдэж байсан. В.Г захирлын зөвшөөрлөөр А.Ж эргэж ажпаа хийсэн юм. Би өөрөө В.Г захиралтай уулзаж ярьсан. Тухайн үед А.Ж, Баярбат нарыг халсан тушаал ч гаргаагүй. Яагаад В.Г захирал А.Жыг 2020 оны 07 дугаар сард бүтэн ажиллаж байгааг мэдсээр байж мэдээгүй гэж мэдүүлэг өгсөнийг ойлгохгүй байна. В.Г захирал амралтанд явсаны дараа ч гэсэн өдөр болгон сүлжээтэй газарт очоод нягтлан бодогч Б, Э нартай утсаар ярьж өдөр болгон хэн хэн ажилласан талаар мэдээлэл авдаг байсан. Миний хувьд захирлыг эзэнгүй хойгуур үйлдвэрийн ажлын талбайг хариуцаж байгаагүй. Харин компаний тоног төхөөрөмж, машин механизмыг хариуцан ажилладаг юм. Энэ талаар В.Г захирал сайн мэдэж байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40-р хуудас/
4. Гэрч Л.Б-гийн “2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр “Эрдэнэт Оргил” ХХК-ний захирал В.Гын тушаалаар А.Жыг ажпаас халсан тушаал гаргасан. А.Ж, түүний эхнэр нар надруу болон Олзвой ахын утас руу залгаж эргэж ажилдаа аваач гэж гуйсан. Мөн захирал В.Гын утас руу залгаж ярьсан байх гэж бодож байна. А.Жыг 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс эхлээд туслах ажилтнаар ажиллуулсан боловч наадмын амралт эхэлсэн. Наадмын амралтын дараа гагнуурчны туслахаар ажиллуулж байгаад 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс хойш ковшийн оператороор ажиллуулсан. Гэхдээ ямар нэгэн тушаал гаргасан эсэхийг мэдэхгүй байна. Энэ талаар В.Г захирал мэдэж байсан. Өмнө гэрчээр өгсөн мэдүүлэгт А.Жыг 2020.07.06-ны өдөр эргүүлэн ажилд авсан гээд андуураад буруу хэлчихсэн байсан. 2020.07.08-ны өдөр ажилд эргүүлэн авсан юм. А.Жыг 2020 оны 07 дугаар сард ажилласан 15 хоногыг бодсон, мөн осолд орсоноос хойшхи 6 хоногыг өвчинтэй хугацаагаар бодож цалин 1,444,180 төгрөгийг захирал В.Гын хаан банкны 5093064899 дугаарын данснаас А.Жын цалин авдаг хаан банкны дансруу шилжүүлсэн. Уг мөнгийг 2 хувааж шилжүүлсэн ба 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 500,000 төгрөгөөр 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 5046 дугаарын дансруу 944,000 төгрөгийг шижлүүлсэн. А.Жын хувьд цалин авдаг хаан банкны тогтсон данс байхгүй, аав болон эхнэрийнхээ дансаар цалингаа авдаг байсан. Ихэвчлэн аавынхаа дансаар цалингаа авдаг байсан. А.Жын аавын дансны дугаарыг санахгүй байна. Ямарч байсан А.Ж 2020 оны 07 дугаар сард 15 хоног ажилласан боловч цалинг нь бүтнээр олгосон” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 41-43, 44-р хуудас/
5. Гэрч П.Б-ын “2020 оны 07 дугаар сарын 26-наас өмнө хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал хариуцсан ажилтан гэж байгаагүй. Харин Баасансүрэн нягтлан хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын зааварчилгааны дэвтэр дээр гарын үсэг зуруулдаг байсан. Ослоос хойш буюу 2020 оны 08 дугаар сард хуулийн зөвлөх Баасанжав гэдэг хүнийг 1-2 удаа харсан. Тэрнээс хойш харагдаагүй. Баасанжав гэдэг хүн бид нар ямар нэгэн зааварчилгаа өгч байгаагүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 48-р хуудас/
6. Гэрч П.Э-ийн “А.Ж нь “Э- О” ХХК-д 2020 оны 03 дугаар сараас эхэлж ковшийн оператороор ажиллаж байсан. А.Ж ах ажил дээрээ архи уусан зөрчил гаргаад 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр захирал В.Гын тушаалаар ажпаас халагдсан. А.Ж ах ажлаас халагдсаны дараа түүний эхнэр Б нь нярав Б, механик ажилтай О нараас утсаар ярьж гуйсан гэсэн. Энэ талаар В.Г захирал мэдэж байсан байх гэж бодож байна. Яагаад гэвэл А.Жыг 2020 оны 07 дугаар сард ажилласан гээд цалин бодож олгосон. Хэрвээ В.Г захирал А.Жыг ажилласан талаар мэдээгүй байсан бол цалин олгохгүй байсан. В.Г захирлын гарын үсгээр ажилчдад цалин олгодог” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 49-50-р хуудас/
7. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 632 дугаартай “А.Жын биед зүүн атгаал ясны дээд 3/1-ээр далд зөрөөтэй ташуу хугарал, зүүн шуу, богтосын мэдрэлийн бүрэн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх байдлыг эдгэрэлтээс шалтгаалан тогтооно. Гэмтэл нь 2020.07.26-нд үүссэн байж болно” гэсэн дүгнэлт. /хх-ийн 52-53-р хуудас/
8. Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн “Ажил олгогч нь Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан “ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас хамгаалах хэрэгсэлээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй. 17 дугаар зүйлийн 17.2.1 -д шинээр ажилд орж байгаа иргэнийг сургалт, 17.4-т ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх сургалтыг жилд 2-с доошгүй удаа зохион байгуулж нийт ажилтныг хамрууж шалгалт авч байна. 28 дугаар зүйлийн 28.1.4-т ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх тогтоох, бууруулах арилгах зорилгоор эрсдлийн үнэлгээ хийх, 28.1.6-д ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм заавар журам баталж мөрдүүлэх, 28.1.8-д аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтанд хамрагдаагүй зааварчилгаа аваагүй шалгалт өгөөгүй ажилтнаар үүрэг гүйцэтгүүлэхгүй байх, 28.1.7 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар шаардлагатай мэдлэгийг эзэмшсэн байх, 28.1.11 үйлдвэрлэлийн осол хурц хордлого мэргэжлээс шалтгаалсан өвчний тоон мэдээллийн талаар тэмдэглэл хөтлөж холбогдох байгууллагад мэдээлж байх заалтуудыг тус тус зөрчсөн байна.
-Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27.2-т заасан ажил олгогч нь үйлдвэрлэл үйлчилгээний онцлог ажлын байрны эрсдлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан зөвлөл ажиллуулна. 27.4-т заасан Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар инженер техникийн болон эрүүл ахуйн боловсролтой мэргэшсэн хүнийг ажиллуулна. Хохирогч А.Ж нь 2020.07.25-ны өдөр хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дэвтэрт гарын үсэг зурж зааварчилгаа аваагүй байна...” гэсэн дүгнэлт. хх-ийн 59-62-р хуудас/
9. Гэрч Б.Б-вын “...Э-Оанхнаасаа хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан гэж байхгүй байсан. Үйлдвэрийн осол 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гарсанаас хойш намайг тухайн байгууллагын хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан мөн гэж тушаалыг нөхөж гаргасан байна” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 74-75-р хуудас/
10. В.Гын “Би дээрх зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна, яагаад гэвэл хохирогч гэх А.Жыг 2020 оны 04 дүгээр сарын эхээр ажилд аваад 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ажлаас халсан. А.Жыг ажпаас халсан байхад дур мэдэн өөрөө ажлын талбай дээр ирээд ажиллаж осолд орсон.. Э-О ХХК нь бетон зуурмаг үйлдвэрлэх, дүүрэгч материал, элс хайрга чулуу бутлах ангилах тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байна. Э-О ХХК-ийг би өөрөө 2003 онд үүсгэн байгуулж байсан. Миний өмчлөлийн компани байгаа юм. Манай компанид хөдөлмөр, хамгаалал аюулгүй ажил хариуцсан ажилтан гэж байхгүй. А.Жд осол гарсанаас хойш 8.600.000 гаран төгрөгийг өгсөн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 87-89-р хуудас/
11. О.Цын “Би А.Жд хандаж та наанаасаа холд, гараа авчихвал яах юм бэ гэж хэлэхэд А.Ж ах миний үгийг тоогоогүй Би конвейр унтрааж байгаад А.Ж ахад хандаж та наанаасаа холд, ремен дээр байгаа шороод хүрзээр ав гэж хэлэхэд А.Ж ах хүрз олдохгүй байна гэж хэлсэн. Би А.Ж ахад хандаж хүрз олдохгүй байвал конвейрын саванд байгаа шороог нэг мөр асгаад суллаж байгаад цэвэрлэнэ гэж хэлээд А.Ж ахыг хол зогсож байгаарай гэж хэлчихээд конвейрыг ажиллуулахад А.Ж ах хашгирсан би конвейрыг унтраагаад А.Ж ах дээр очиход ременд зүүн гараа хавчуулсан байсан. 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр А.Ж бид хоёрт хөдөлмөр, хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн хүн байхгүй. Өөрсдөө сайн дураараа аюулгүй ажиллагааны зааварчилгааны дэвтэр дээр гарын үсэг зурдаг байсан. Осол гарсан өдөр буюу 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр түүнээс өмнөх өдрүүдэд Э-ОХХК-нд хөдөлмөр хамгаалал аюулгүй ажил хариуцсан ажилтан гэж байгаагүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 94-95-р хуудас/
12. 2020 оны 07 дугаар сарын 26-ны үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүтгэсэн акт. /хх-ийн 158-161-р хуудас/
13. Хөдөлмөрийн дотоод журам /хх-ийн 166-169-р хуудас/
14. Э-О ХХК-ий Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн ажиллах журам. /хх-ийн 170-188-р хуудас/
15. Э-О ХХК-н хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэм /хх-ийн 193-194-р хуудас/ болон шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа, яллагдагч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д дүгнэлтдээ “Үйлдсэн хэргийн тухайд 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр “Э- О” ХХК нь хөдөлмөр аюулгүй ажиллагааны дүрэм журам, хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн. Уг үйлдэгдсэн гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу бэхжүүлэн авсан нотлох баримт болох хохирогч А.Жын мэдүүлэг, гэрч Баасансүрэнгийн мэдүүлэг, гэрч Олзвоогийн мэдүүлэг, гэрч Энэбишийн мэдүүлэг мөн яллагдагч нарын мэдүүлэг, 632 дугаартай дүгнэлт, мэргэжлийн хяналтын газрын 04 дугаартай дүгнэлт зэргээр магадлан тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн гаргасан дүгнэлтээр “Э-О” ХХК үйл ажиллагаагаа явуулахдаа захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон дүрэм журмыг зөрчөөгүй харин хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийг биелүүлээгүй зөрчсөн байдал харагдаж байна. Энэ нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтаар тогтоогдож байна. Хөдөлмөр аюулгүй байдлын ажилтан мөн энэ талаар ажилчдадаа сургалт зохион байгуулж байсан бол уг осол гарахгүй хүний эрүүл мэндэд гэмтэл учрахгүй байсан. Уг хуулийг дагаж мөрдөөгүйгээс болж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэг үйлдэгдсэн. Тухайн осол болох үед О.Ц ямар буруутай юм бэ гэх асуудал яригдаж байна. Хохирогч сая ярьж байна. Олзвоо болон О.Ц дарга нар О.Цын хэлсэн үгийг үг дуугүй дагаж биелүүлээрэй гэсэн мөн тухайн орой уг ээлжийг ахалж байсан миний хувьд тухайн товчлуурыг дараад унтраах эрх байхгүй. О.Ц кониверийг ажиллуулж байсан гэж байна. Энэ нь мөн бусад нотлох баримтаар тогтоогдож байна. 07 дугаар сарын 26-ны шөнө О.Ц, хохирогч А.Ж нар хоёулаа ажиллаж байсан мөн О.Ц ээлжийг ахалж ажиллаж байсан хүний хувьд гадаа ажил хийж байсан хүнийг конивер ажиллахгүй байна гэж дуудаж хохирогч конивэр луу гараа хийсэн байхад товчлуур дарж уг төхөөрөмжийг ажиллуулж хүний биед хүндэвтэр хохирол учруулах нөхцөл боломжийг хангасан байна. Тийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэн авсан нотлох баримтуудаар уг хэрэг үйлдэгдсэн болох нь тогтоогдож байна. Шүүгдэгч В.Гын хувьд үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байна. Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээ, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Хохирлын тухайд хохирогч 3 184 202 төгрөгийн хохирлыг баримтаар нэхэмжилсэн байна. Өнөөдрийн байдлаар 7 440 000 төгрөг бүрэн төлөгдсөн байна. Хохирогч цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа гарган өгсөн. Гурван судас тасарсан тул түүнийг зайлшгүй холбуулах шаардлагатай болохыг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад мэдүүлж байна. Тиймээс хохирогчид цаашид гарах эмчилгээний мөнгийг нээлтэй үлдээх нь зүйтэй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-т зааснаар ажилтан нь хөдөлмөрийн чадвараа 51-60 хувиар алдсан тохиолдолд 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг ажил олгогчоос гаргуулах хүсэлтийг гаргаж байгаа юм байна. Иймд ажил олгогч хуульд заасны дагуу уг тэтгэмжийг өгөх нь зүйтэй. Тийм учраас нэхэмжилж байгаа мөнгийг олгуулах нь зүйтэй. Уг мөнгийг олгуулахдаа эмчилгээний зардал мөн төлсөн байдал зэрэгтэй нь харьцуулан үлдэгдэл мөнгийг гаргуулах нь зүйтэй гэх саналтай байна. Шүүгдэгч В.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2 700 000 төгрөгөөр торгох саналтай байна. Уг оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч О.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2 700 000 төгрөгөөр торгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Эрдэнэт Оргил” ХХК-ний хөдөлмөр аюулгүй байдлын дэвтэр байгаа уг дэвтрийг шүүгдэгч В.Г хүсэлт гаргаад авч болно. Хэрвээ авахгүй гэвэл шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байна. Хэргийн улмаас шүүгдэгч нарт хувийн баталгааг гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй. Хохирол төлбөрийн тухайд шүүхээс тогтоосон хэмжээгээр хохирогчид олгох нь зүйтэй гэх саналтай байна” гэв.
Шүүгдэгч В.Гын өмгөөлөгч Г.Ө шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Миний үйлчлүүлэгч гэм буруугийн тал дээр маргах зүйлгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол төлбөрийн хувьд хохирогч А.Жт нийтдээ 8 384 000 төгрөгийн хохирлыг урьдчилсан байдлаар шүүхийн өмнөх шатанд хэрэг гарсны дараа эмчилгээ болон цалиндаа зарцуулаарай гэж өгсөн. Хохирогч үүнээс 3 184 000 төгрөгийг нь эмчилгээ болон хоол хүнсэндээ зарцуулсан гэж байна. Гэтэл энэ мөнгийг гэр орондоо зарцуулаарай гэж өгсөн мөнгө биш юм. Эмчилгээ болон цалин гэж зарцуулах ёстой. Хохирогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-т зааснаар 13 000 000 төгрөгийг нэхэмжилж байна. Хоёрдугаар хавтаст хэргийн 110-р тал дээр эмнэлгийн магадлах комиссоор орж хэдий 69 хувиар тогтоосон боловч энэ нь 6 сарын хугацаагаар тогтоосон. Манай талаас 6 сарын хөдөлмөрийн хөлсний хэмжээг өгөх боломжтой. Мөн хохирогчийг 07 дугаар сарын 03-ны өдөр ажлаас халсан тушаал хэрэгт авагдсан байдаг. Хэрвээ та хууль бус тушаал гэж үзэж байгаа бол нотлох баримтаа бүрдүүлээд иргэний шүүхэд хандаад тогтоолгох боломжтой. Харин өнөөдрийн байдлаар та хэрэг болох үед ажилгүй байсан тул Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т зааснаар хохирогчид цалин хөлс олгогдож байгаагүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөрийг шаардах эрхтэй гэж заасан байна. Тиймээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээгүүр цалинг чинь бодоход сарын 420 000 гэж бодоход хөдөлмөрийн магадлах комиссын нотлох баримтыг үнэлээд 6 сар гэж тооцоход таны 6 сарын цалин 2 520 000 төгрөг болж байна. Мөн тэтгэмжийн 180 000 төгрөгийг 6 сард үржүүлэхээр 1 128 000 төгрөг болж байна. Үүнийг 2 520 000 төгрөгөөс хасахад 1 28 000 төгрөгийн цалин авах үндэслэлтэй байна гэж өмгөөлөгчийн хувьд дүгнэж байна. Тийм учраас урьдчилан 8 360 000 төгрөгийн хохирол төлсөн тул одоо ямар нэгэн төлөх төлбөр байхгүй. Харин ирээдүйд гарах эмчилгээний зардлыг манай талаас төлөх боломжтой. Уг зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй. Тийм учраас хохирол төлбөрийг бүрэн төлсөн тул хохиролгүйд тооцож өгнө үү гэх саналтай байна. Шүүхээс нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн тул хохирол төлбөрөө төлөхийг илэрхийлж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн өмнө 2005 оны 11 сард Орхон аймгийн шүүхээс 1 жилийн хугацаагаар тэнсэж эрүүгийн хариуцлага хүлээсэн хэдий ч уг гэмт хэргийг үйлдсэнээс хойш 16 жил өнгөрсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасанд нийцэж байгаа тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн мөн хохирогчид учруулсан хохирлыг бүрэн дүүрэн төлж барагдуулсан зэргийг харгалзаж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн зүй бус үйлдэл нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар ажил байдлын хувьд “Э-О” ХХК-ний захирал 10-20 хүн ажиллуулж улсдаа тодорхой хэмжээний татвар төлдөг мөн нийгэмд тодорхой хэмжээний бүтээн байгуулалт хийдэг. Ам бүл 7 эхнэр хүүхдүүдийн хамт тогтвор суурьшилтай амьдардаг эдгээр хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэв.
Шүүгдэгч О.Цын өмгөөлөгч М.Э шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “Тухайн өдөр осол гарсан болохыг Мэргэжлийн хяналтын байцаагч дүгнэсэн. Тийм учраас мэргэжлийн байгууллагаас гаргасан дүгнэлтийг үндэслэж харах нь зүйтэй гэж үзэж байна. Өөр нэмэлт тайлбар байхгүй. О.Цын хувьд ажилд ороод удаагүй ажилдаа сэтгэлээсээ ханддаг архи дарс хэрэглэдэггүй. Хохирол төлбөрийн тухайд өөрөө төлнө гэж бодож байсан боловч эхний ээлжинд хохирогчийн биед ямар гэмтэл хэдэн төгрөгийн хохирол учирсан талаар мэдээгүй тул өөртэй нь ярьж мэдээлэл авсны үндсэн дээр төлбөр төлнө гэж бодож байсан. Тиймээс шүүгдэгч О.Цыг анх удаа ийм төрлийн гэмт хэрэг холбогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдлыг нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэх саналтай байна” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1.Үйл баримтын талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч А.Жын “Намайг ковшоо жолоодож байх үед ээлж ахалсан ажилчин О.Ц дуудаад конвейерын ремен мултарсан байна энийг янзалья гэхээр нь би О.Цоос хүрз асуутал өөдөөс та уржигдар аваа биз дээ та хүрзээ яасан юм бэ гэхээр нь би аваагүй ковшийн шанагаа сүхээр цохиж цэвэрлэсэн гэж хэлсэн. Тэгээд О.Ц хүрз хайж явж байгаад хүрз ололгүй ирсэн О.Ц бид 2 конвейерын хажууд очоод ременээ янзлах гэж оролдоод дийлэхгүй байхаар нь пункрээ султгая гээд О.Ц явж конвейер ажиллуулах кноп дарж би харин элс асгарч байгаа үгүйг нь харж зогссон. Конвейерээсээ элсээ хэсэг асгаж байгаад зогсоож О.Ц надаас элс хир гоожиж байна гэхээр нь би зөндөө гоожпоо байж байгаарай энийг авья гээд урагшаа тонгоож овоолгоостой байсан элсийг 2 гараараа татаж авах гэж байтал конвейерийг О.Ц гэнэт ажиллуулсаны улмаас миний зүүн гар хавчуулагдаж хугарч гэмтсэн. Тэгээд О.Ц конвейерийг унтрааж над дээр ирэн гараа ав гээд байхад чинь гэж хэлэн аашилсан. Миний гар ременд хавчуулагдчихлаа таслаад өг гэхэд О.Ц би даргаас асууя гэхээр нь би хамаагүй ээ ременийг тасалсан хариуцлагаа би хүлээнэ хутга авчраад хурдан тасдаад өг гэж хэлэн О.Цоор тасдуулсан. Тэгээд Орхон аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төв рүү О.Цын машинаар явж байтал О.Ц надад хандаж за чи тэгээд новшроод байв даа хогийн юм яриад гэж хэлсэн. Миний зүүн гарын атгаалжин чөмөг хугарч төв мэдрэлийн 3 судас гэмтэлтэй гэсэн оноштой байгаа. Одоогийн зовиур зүүн гар хавдартай байнгын даарч бадаарна, тэнгэр муухай үед зүүн гарын яс янгинаж өвдөнө, шөнө орой болохоор унтаж чаддаггүй. Хөдөлмөр аюулгүй байдал хариуцсан ажилтан гэж байдаггүй. Нэг дэвтэр яваал байдаг хааяа зуруулаад хааяа зуруулдаггүй. Би уг нь ковшийн оператор даанч ээлж ахалсан О.Ц юу гэж хэлнэ тэр болгоныг хий гэж захирал болон механик Олзвой хэлдэг. 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Э- О ХХК-ний захирал В.Г надтай гар утсаар ярьж чамайг ажлаас халсан байхад яагаад очиж ажилласан юм гэж надад хэлсэн. Би 7 сард бүтэн ажиллаж цалингаа бүтэн авсан. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал хариуцсан ажилтан байгаагүй” гэсэн мэдүүлэг, хэргийг газрын үзлэг нөхөн хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч Д.О, О.Б, П.Б, П.Э, Б.Б нарын мэдүүлэг, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 632 дугаартай дүгнэлт, Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, 2020 оны 07 дугаар сарын 26-ны үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүтгэсэн акт, хөдөлмөрийн дотоод журам, Э-О ХХК-н Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн ажиллах журам, Э-О ХХК-н хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэм, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч В.Г, О.Ц нар нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Э-О ХХК-ний захирал, ээлжийн ахлагчаар тус тус ажиллаж байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр үйлдвэрлэлийн осол гарч тус компаний ажилтан А.Ж нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа конвейрын ременд зүүн гараа хавчуулж, бие махбодид нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр гэмтэл учирсан үйл баримт тогтоогдож байна.
2. Шүүгдэгч нарын гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Шүүгдэгч В.Г нь О.Ц нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч В.Г, О.Ц нарыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгч нарын гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.
3. Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв. Шүүгдэгч нарын хувийн байдал оногдуулсан ялын хэмжээ зэргийг харгалзан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар
Гэмт хэргийн улмаас хохирогч А.Жын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд “Э- о” ХХК, захирал В.Г нь хохирогчийн эмчилгээний зардал, гэм хорын хохиролд 7 440 000 төгрөг төлсөн байна. Хохирогч нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар нөхөн олговор 13 500 000 төгрөгийг ажил олгогчоос нэхэмжилсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1 дэх хэсэгт “ажил олгогч нь үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 31-50 хувь алдсан ажилтанд 7 сарын цалингын дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгоно” гэж заажээ. Хохирогч А.Ж нь сард 1 500 000 төгрөгийн цалин хөлс авдаг байсан нь В.Г болон А.Жын мэдүүлгээр нотлогдож байна. Иймд шүүгдэгч В.Гаас /Э-О ХХК/ 13 500 000 төгрөгийг гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй. В.Гаас /Э-О ХХК/ хохирогчид төлсөн 7 400 000 төгрөгөөс эмчилгээний зардал болох /баримтын хүрээнд дэх/ 3 184 202 төгрөгийг хасч, илүү төлсөн гэх 4 255 798 төгрөгийг 13 500 000 төгрөгөөс хасч 9 244 202 төгрөгийг В.Гаас гаргуулан хохирогчид олгуулахаар шийдвэрлэв. Хохирогч нь цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байх тул хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.
5. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Эрдэнэт-Оргил ХХК-ий хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дэвтрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “Э-О” ХХК-д буцаан олгож, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч В.Г, Боржигон овогт Оюун-Эрдэний О.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Гыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар, О.Цыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Г, О.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Г, О.Ц нар нь торгох ялаас зайлсхийвэл хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Гаас 9 244 202 төгрөг гаргуулан хохирогч Орхон аймаг Баян-Өндөр сум тоотод оршин суух А.Жд олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Эрдэнэт-Оргил ХХК-н хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дэвтрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “Э-О” ХХК-д буцаан олгосугай.
7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч О.Ц нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд хохирогч А.Ж нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС