Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
Хэргийн индекс | 102/2017/00330/И |
Дугаар | 102/ШШ2017/01327 |
Огноо | 2017-05-08 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 102/ШШ2017/01327
2017 оны 05 сарын 08 өдөр | Дугаар 102/ШШ2017/01327 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулган, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Төв аймгийн Баянчандмань сум, 2 дугаар баг Замт, сүж ..дугаар гудамжны ..тоотод оршин суух, эрэгтэй, ..регистртэй, Боржигон ургийн овогт Толя овогтой Г.,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, … дугаар байрны ..тоотод оршин суух, эмэгтэй, …регистртэй, Хурдан-Очир ургийн овогт Б.Т,
Хариуцагч: Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, …дүгээр байрны ..тоотод оршин суух, эмэгтэй, …регистртэй, Хурдан ургийн овогт Б. Тү нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 43,320,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Зээлийн болон Барьцааны гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагч Б.Т, Б.ТҮ нарын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гантулга, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Номиндалай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Т.Ганхуяг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Т.Ганхуяг би 2016 оны 3 дугаар сард Б.Т, Б.ТҮ нарт 28,880,000 төгрөг зээлж, зээлийн гэрээ байгуулсан. Би зээлийг 15 хоногийн хугацаатай, хүүгүй, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 0,5 хувийн алданги тооцох нөхцөлтэйгөөр Б.Т, Б.ТҮ нартай 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Зээлдэгч нар зээлийн гэрээний барьцаанд Б.ТҮийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 74 дүгээр байрны 20 тоот дахь 50,6 м.кв 2 өрөө …, Ү-... улсын бүртгэлийн гэрчилгээтэй орон сууцыг барьцаанд тавьж, барьцааны гэрээ байгуулсан. Зээлдэгч нар зээл төлөх 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр болоход надаас зээлсэн зээлээ төлөлгүй өнөөдрийг хүрсэн. Иймд зээлдэгч нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаа хөрөнгийг худалдан борлуулж, үндсэн зээл 28,880,000 төгрөг, алданги 14,440,000 төгрөг, нийт 43,320,000 төгрөг гаргуулах гэжээ.
Хариуцагч Б.Т, Б.ТҮ нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ:
Бид хэдийгээр зээлийн гэрээ байгуулсан боловч Т.Ганхуягаас 28,880,000 төгрөг аваагүй, мөнгө авсан өгсөн ямар ч баримт байхгүй. Харин “Басмаа констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нь Т.Ганхуягтай 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр “Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 7 дугаар хороо, гэр хорооллын дахин төлөвлөлтийн цахилгаан шугам сүлжээний зураг төсөл боловсруулах” ажлын гэрээ байгуулж гэрээний үнэ болох 64,000,000 төгрөг төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан. “Басмаа констракшн” ХХК-ийн ерөнхий захирал Б.Бямбадаваа нь Б.Т, Б.ТҮ бид хоёрын зээ дүү бөгөөд тэрээр “Чандмань хонгор групп” ХХК-ийн ерөнхий захирал Т.Ганхуягтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулаад, инженерийн шугам сүлжээний зураг төслийн ажлын гэрээний үнэ болох 64,000,000 төгрөг төлөх хэрэгтэй байгаа учир туслахыг хүссэн. Ингээд 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Хаан банкны 5020767503 тоот дансанд эхлээд 20,000,000 төгрөг, дараа нь 10,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөг хийсэн. Т.Ганхуяг үлдсэн 28,880,000 төгрөгийг заавал төлж байж зургаа ав гэсэн болохоор “Басмаа констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Мөнхбатын гуйлтаар Б.Т, Б.ТҮ бид хоёр Т.Ганхуягаас 28,880,000 төгрөг зээлж авч байгаа болж зээлийн гэрээ хийж, барьцаанд нь Б.ТҮийн улсын бүртгэлийн Ү-2205033603 дугаартай Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард аюушийн өргөн чөлөө 74 дүгээр байрны 20 тоот дахь 50,6 м.кв хоёр өрөө орон сууцаа барьцаалж, барьцааны гэрээнд гарын үсэг зурсан. Бид хоёр Н.Мөнхбатын өмнөөс Т.Ганхуягт 30,000,000 төгрөг дансаар төлж, мөн дээр нь 28,880,000 төгрөг зээлж авсан мэт зээлийн гэрээ хийж өөрийн амьдарч байгаа орон сууцаа барьцаанд тавьж хохирч байгаадаа гомдолтой байна. Иймд бид хоёроос нэхэмжлээд байгаа 43,320,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, харин 28,880,000 төгрөгөө “Басмаа констракшн” ХХК-иас нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна.
Бид Т.Ганхуягаас 28,880,000 төгрөг зээлсэн гэх дансаар болон бэлнээр авсан ямар ч баримт байхгүй, энэ мөнгийг огт аваагүй тул 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн зээлдүүлэгч Т.Ганхуяг, зээлдэгч Б.Т, Б.ТҮ нарын хийсэн зээлийн гэрээг, мөн өдрийн барьцаалагч Т.Ганхуяг, барьцаалуулагч Б.Т, Б.ТҮ нарын хийсэн барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус гэж тооцож шүүхийн журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гантулга сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэж байна. Талуудын хооронд байгуулсан 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ Иргэний хуульд заасан үндэслэлийн дагуу байгуулагдсан. Зээлийн гэрээг Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч Эрдэнэцэцэг нь Нотариатын тухай хуульд заасны дагуу гэрчилсэн тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Зээлийн гэрээ хүчин төгөлдөр байх хуулийн үндэслэл нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлд зааснаар талуудын хүсэл зоригийн дагуу хийж, гарын үсэг зурж баталгаажуулсан. Нөгөө талаар Чингэлтэй дүүргийн нотаритч н.Эрдэнэцэцэг Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасны дагуу талуудад эрх үүрэг, зээлийн гэрээний үр дагаврыг тайлбарлан зээлийн гэрээг гэрчилсэн. Нотариатч зээлийн гэрээний үр дагаврыг тайлбарлаж өгсөн. “Басмаа констракшн” ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 28,880,000 төгрөгийн үүргийг хариуцагч нар хүлээж авахдаа зээлийн гэрээг байгуулж, барьцаа хөрөнгөд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах үл хөдлөх хөрөнгийг барьцаалж байна гэдгийг нотариатч тайлбарлаж өгсөн. Үүний дагуу энэхүү зээлийн гэрээг талууд байгуулсан ба хариуцагч нар “Басмаа констракшн” ХХК-ийн өмнөөс үүргийг гүйцэтгэнэ гэж гэрээнд гарын үсэг зурсан. “Басмаа констракшн” ХХК болон “Чандмань хонгор групп” ХХК-ийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн. Энэ харилцааны дагуу “Басмаа констракшн” ХХК үүрэг гүйцэтгэх эрхээ Б.ТҮ, Б.Т нарт шилжүүлэн, хариуцагч нар хүлээж авснаа сөрөг нэхэмжлэлдээ хүлээн зөвшөөрсөн. Б.ТҮ, Б.Т нар 2014 он 3 дугаар сарын 30-ны өдөр 5020757603 20,000,000 төгрөг дараа нь 10,000,000 нийт 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Өөрсдийн үүргийн дагуу 30,000,000 төгрөгөө шилжүүлсэн ба дараагийн 28,880,000 төгрөгийг шилжүүлэхдээ гэрээ байгуулан нотариатч 28,880,000 төгрөгийн үүргийг хүлээж байгаа ба барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээ байгуулж байгаа гэдэг эрх үүргийг танилцуулсны үндсэн дээр зөвшөөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн дагуу 28,880,000 төгрөг зээлдэгч, зээлдүүлэгч авсан аваагүй гэж нэхэмжлэлийн шаардлага гарган маргаагүй. Хэлцлийг хүчин төгөлдөр бус болгох хууль зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн гэж сөрөг нэхэмжлэлдээ хариуцагч тайлбарлаж байгаа боловч өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгээгүй. “Басмаа констракшн” ХХК болон “Чандмань хонгор групп” ХХК нарын хооронд 2016 оны 5 дугаар сард хийсэн зураг төсөл боловсруулах гэрээний дагуу төлбөрийг “Басмаа констракшн” ХХК-ны үүргийг Б.Т, Б.ТҮ нар хүлээн авч зээлийн гэрээ байгуулан нотариатч энэ гэрээг батлахдаа эрх үүрэг, үр дагаврыг тайлбарлсан. Зээлийн гэрээг гэрчлэхгүй байх үндэслэл байхгүй байсан тул нотариатч гэрээг баталсан. Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Б.Т, Б.ТҮ нар ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг зээлийн гэрээний дагуу төлбөрийг барагдуулна гэдгээ ойлгож мэдсэн тул баталгаажуулж гарын үсэг зурсан тул сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэж байна. Талуудын хүсэл зоригийн дагуу 30,000,000 төгрөгийг 2 удаа, ажлын хөлс гэдэг гүйлгээний утгаар хийсэн. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж байгаа шиг Иргэний хуулийн 56.1.3, 56.1.4 дэх хэсэгт өөр хэлцлийг халхавчлах зорилгоор болон дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэдэг нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хэлцэл хийх үед Б.ТҮ, Б.Т нар нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу зээлийн гэрээ байгуулж байна, ажлын хөлсөө төлж байгаа гэдгээ буюу 30,000,000 төгрөг төлөн үлдэгдэл төлбөр дээр барьцаа хөрөнгө барьцаалж байна гэдгийг ойлгож байсан. Мөн энэ хэлцэл нь нотариатын тухай хуулийн шаардлагыг хангаж байна. “Басмаа констракшн” ХХК-ийн өмнөөс үүрэг хүлээж байна гэдгээ нотариатчид хэлж, зөвлөгөө аван энэ гэрээний үр дагаврыг бүрэн ойлгоод хийсэн. Энэ гэрээг хийхгүй байх боломж Б.ТҮ, Б.Т нарт байсан. Энэ гэрээ бичгээр хийх гэрээний шаардлагыг хангаж байна. Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хэлцэл хүчин төгөлдөр бус байх шаардлагыг хангаагүй. Талууд гэрээний гол нөхцлийг тохиролцсон, гэрээний шаардлагыг хангасан тул энэ гэрээ хуулийн шаардлага хангасан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Номиндалай шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Энэ зээлийн гэрээ нь ямар учиртай вэ гэхээр “Басмаа констракшн” ХХК-ийн захирал н.Мөнхбат нэхэмжлэгч Т.Ганхуяг нарын хооронд 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хийсэн ажил гүйцэтгэх гэрээнээс үүдэлтэй юм. Энэ ажил гүйцэтгэх гэрээ нь Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, гэр хорооллын дахин төлөвлөлтийн цахилгаан шугам сүлжээний зураг төсөл боловсруулах ажлын гэрээ юм. Т.Ганхуяг гэрээний дагуу зураг төслөө бэлэн болгосон боловч гэрээний дагуу 64,000,000 төгрөгийн гэрээний үнийн дүн дээр асуудал яригдаж эхэлсэн. “Басмаа констракшн” ХХК-иас 5,120,000 төгрөгийг данс руу шилжүүлсэн. н.Мөнхбат нь Б.Т, Б.ТҮ 2 эгчээсээ мөнгө байвал тусламж үзүүлээч гэж гуйсны үндсэн дээр Т.Ганхуягийн данс руу 10,000,000 төгрөгөөр 1 удаа, 20,000,000 төгрөгөөр 1 удаа нийт 2 удаа 30,000,000 төгрөг шилжүүлсэн байдаг. Т.Ганхуяг үлдсэн 28,880,000 төгрөг дээр барьцаа хөрөнгө тавьж байж зургийг өгнө гэсэн тул н.Мөнхбат эгч нартаа “байрыг барьцаалан зээл авсан болоод гэрээн дээр гарын үсэг зурчих, мөнгө төгрөг орж ирсний дараа Т.Ганхуягийн 28,880,000 төгрөгийг өгөн та хоёрын байрыг барьцаанаас чөлөөлж өгнө” гэж хэлсэн байдаг. Төрсөн ах дүү тул зээлийн гэрээн дээр 28,880,000 төгрөг авсан болж харагдуулан, барьцаанд нь өөрсдийнх нь амьдардаг орон сууцыг нь барьцаалсан. Энэ асуудал анхнаасаа н.Мөнхбат, Т.Ганхуяг нарын асуудал байсан. Б.Т, Б.ТҮ нар дүүгийнхээ хүсэлтийг биелүүлсэн. н.Мөнхбат, Т.Ганхуяг нарын мөнгө авч, өгөх асуудал дээр мөнгийг нь гаргаж өгөөд үлдсэн мөнгөн дээр нь орон сууцаа барьцаалсан юм. Уг нь энэ асуудал бол Т.Ганхуяг н.Мөнхбат нарын хоорондох 64,000,000 төгрөгийн гэрээний асуудал юм. Т.Ганхуяг 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн байгуулсан гэрээний дагуу мөнгөө н.Мөнхбатаас нэхэмжлэх бүрэн эрх нь байгаа. Б.Т, Б.ТҮ нар бол хариуцагч нь биш юм. Энэ ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой үүргийг Б.ТҮ, Б.Т нар хүлээгээгүй. Харуицагч нарын дүү н.Мөнхбат бэлэн мөнгө гуйсны үндсэн дээр 30,000,000 төгрөг шилжүүлсэн. Дахиад барьцаа тавин гэрээн дээр гарын үсэг зураач, Т.Ганхуяг зөвхөн барьцаа шаардаад байгаа, барьцаа тавьбал зургийг өгнө гэсэн тул н.Мөнхбатыг гуйсны үндсэн дээр орон сууцаа барьцаалсан. Өөрөөр хэлбэл Т.Ганхуяг, н.Мөнхбат нарын ажил гүйцэтгэх гэрээний дагуу мөнгө өгч авах асуудалд н.Мөнхбат нь Б.ТҮ, Б.Т нараар зээлийн гэрээн дээр гарын үсэг зуруулан, орон байрыг нь барьцаалсан байдаг. Энэ бол анхнаасаа өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл юм. Т.Ганхуяг мөнгөө авахын тулд 28,880,000 төгрөг Б.ТҮ, Б.Т нарт шилжүүлээгүй байж, зээлийн гэрээ хийсэн. Нэхэмжлэлийн гол утга дээр Т.Ганхуяг 2016 оны 3 дугаар сард Б.ТҮ, Б.Т 28,880,000 төгрөгийг зээлж гэсэн байна. Хариуцагч нарт ямар ч мөнгө зээлээгүй. 2015 оны 5 дугаар сарын 29-ний гэрээг хангахын тулд 64,000,000 төгрөгийг нэг нь авч, нөгөө нь зургаа авахын тулд Б.ТҮ, Б.Т нарыг ашигласан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрчлөх гэсэн юм. Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэдэг дээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэсэн үндэслэлийг нэмж гаргаж байна. Энэ зээлийн гэрээ нь н.Мөнхбат Т.Ганхуяг нарын хоорондын асуудлаас үүдэлтэй, дүр үзүүлж хийсэн хэлцэл юм. н.Мөнхбат нь “Т.Ганхуягаас 28,880,000 төгрөг авсан гээд зээлийн гэрээ хийчих би танд асуудалгүй байрыг чинь чөлөөлж өгнө” гэж хэлээд дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж байна. 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан “Басмаа констракшн” ХХК гүйцэтгэх захирал н.Мөнхбат “Чандмань хонгор групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Ганхуяг нарын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнээс үүдэлтэй Б.Т, Б.ТҮ нар “Басмаа констракшн” ХХК-ийн хувь эзэмшигч ч биш, удирдах зөвлөлд ч байдаггүй, зөвхөн дүүгийнхээ гуйсны үнсэн дээр н.Мөнхбатад тусалж энэхүү мөнгийг шилжүүлсэн. Иймд зээлийн гэрээ нь 282 дугаар зүйлийн 282.4 дахь хэсэгт зааснаар бэлэн мөнгө шилжүүлэн авсны үндсэн дээр зээлийн гэрээ хүчин төгөлдөр болно гэж заасны дагуу ямар нэгэн мөнгийг Б.Т, Б.ТҮ нар хүлээн аваагүй тул энэ зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус юм. Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3 дахь хэсэгт зааснаар энэхүү гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Ганхуяг нь хариуцагч Б.Т, Б.ТҮ нарт холбогдуулан, тэдэнтэй 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлдүүлсэн үндсэн зээл 28,880,000 төгрөг, гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүйгээс тооцсон алдангид 14,440,000 төгрөг, нийт 43,320,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргахдаа дээрх зээлийн гэрээний дагуу зээлдүүлсэн гэх 28,880,000 төгрөгийг бодитойгоор хүлээн аваагүй учир хууль зөрчиж байгуулсан гэж тайлбарлан маргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үндсэн нэхэмжлэлд холбогдуулан, 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан Зээлийн болон Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Т.Ганхуяг нь зээлдэгч Б.Т, Б.ТҮ нарт 28,880,000 төгрөгийг шилжүүлэх, зээлдэгч нар нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буюу 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дотор хүүгүйгээр буцаан өгөхөөр харилцан тохиролцож, зээлдэгч нар нь зээлийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх үүргээ биелүүлээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлийн 0,5 хувиар алданги тооцон хариуцахаар гэрээнд тусгасан байна.
Зээлийн гэрээний 3.2 дахь хэсэгт “зээлдүүлэгч мөнгийг зээлдэгч талд гэрээ байгуулсан өдөр бэлэн бусаар дансаар шилжүүлсэн” гэжээ.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан бөгөөд гэрээг хүчин төгөлдөр байгуулагдсан гэж үзэхийн тулд зээлийн гэрээний зүйлийг зээлдэгчид шлжүүлсэн байхыг шаардах бөгөөд нэхэмжлэгч Т.Ганхуяг нь 28,880,000 төгрөгийг хариуцагч Б.Т, Б.ТҮ нарт бэлэн болон бэлэн бусаар шилжүүлээгүй болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс маргаан бүхий зээлийн гэрээ нь захиалагч “Басмаа констракшн” ХХК болон гүйцэтгэгч “Чандмань хонгор групп” ХХК-иудын хооронд 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, гэр хорооллын дахин төлөвлөлтийн цахилгаан шугам сүлжээний зураг төсөл боловсруулах ажлын гэрээний дагуу захиалагч талын 64,000,000 төгрөг төлөх үүргийг хариуцагч Б.Т, Б.ТҮ нар нь шилжүүлэн авч, 30,000,000 төгрөгийн төлбөр шилжүүлэн, үлдэх 28,880,000 төгрөгийг төлөхөөр тохиролцон зээлийн гэрээ байгуулж, үүргийг хангуулахаар Б.ТҮийн өмчлөлийн орон сууцыг барьцаалсан гэж тайлбарлана.
Гэвч дээрх ажил гүйцэтгэх гэрээний 7.5 дахь хэсэгт “гэрээний нөхцөлд өөрчлөлт орсон тохиолдолд бичгээр нэмэлт өөрчлөлт оруулах, энэ нь гэрээний салшгүй хэсэг байна” гэж заасан байх бөгөөд уг гэрээний талууд, тодруулбал, захиалагч тал болох “Басмаа констракшн” ХХК нь төлбөр төлөх үүргээ Б.Т, Б.ТҮ нарт шилжүүлсэн байдал баримтаар тогтоогдохгүй байна.
Хэдийгээр хариуцагч Б.ТҮ нь 2016 оны 3 дугаар 30-ны өдөр бүгд 2 удаагийн төлөлтөөр 30,000,000 төгрөгийн төлбөрийг “Басмаа констракшн” ХХК-ийн өмнөөс “БАСМА АЗУРГИЙН ТӨЛБӨР” гэх утгатайгаар 5020767503 тоот данс руу шилжүүлсэн нь “Чандмань хонгор групп” ХХК-ийн захирал Т.Ганхуягийн данс болох нь зохигчдын тайлбар болон Б.ТҮийн ХААН банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тус тус тогтоогдох боловч ажил гүйцэтгэх гэрээний үүргийг шилжүүлэн авч гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй юм.
Хариуцагч Б.ТҮ нь Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт “хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно” гэж заасны дагуу “Басмаа констракшн” ХХК-ийн төлбөрийг төлсөн байх боломжтой байна.
Мөн хуулийн 210 дугаар зүйлийн 210.3 дахь хэсэгт “гуравдагч этгээд хариуцлага хүлээхээр хуульд заагаагүй бол түүний гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн хариуцлагыг үндсэн үүрэг гүйцэтгэгч хариуцна” гэж заажээ.
Зохигчдын маргаан бүхий зээлийн гэрээтэй холбон тайлбарлаж буй “Басмаа констракшн” ХХК болон “Чандмань хонгор групп” ХХК-иудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд нийцсэн ажил гүйцэтгэх гэрээ байх бөгөөд гэрээний талууд, тодруулбал, захиалагч тал өөрчлөгдсөн, бусдад үүргээ шилжүүлээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдох бөгөөд захиалагч “Басмаа констракшн” ХХК нь гэрээний дагуу 64,000,000 төгрөгийн төлбөр төлөх үүргээс 30,000,000 төгрөгийг гуравдагч этгээдээр төлүүлсэн байх бөгөөд төлөгдөөгүй үлдсэн төлбөрийг захиалагч өөрөө хариуцахаар байна.
Нэхэмжлэгч Т.Ганхуяг нь хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэг шаардах боловч гэрээний зүйлийг шилжүүлээгүй болохоо хүлээн зөвшөөрсөн, гэрээний талууд хэн аль нь мөнгө зээлдүүлээгүй гэдгийг мэдэж байсан бөгөөд Б.ТҮийн орон сууцыг “Басмаа констракшн” ХХК болон “Чандмань хонгор групп” ХХК-иудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний баталгаа болгох зорилгоор дүр үзүүлэн хэлцэл хийсэн гэж дүгнэх үндэслэлтэй байх тул дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасны дагуу 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Т.Ганхуяг болон Б.Т, Б.ТҮ нарын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийг ханган, нэхэмжлэгч Т.Ганхуягийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хариуцагч Б.Т, Б.ТҮ нар нь шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж дутуу төлсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар дутуу төлсөн 302,350 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Т, Б.ТҮ нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 43,320,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн Т.Ганхуягийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Т, Б.ТҮ нарын сөрөг нэхэмжлэлийг хангаж, 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Зээлийн болон Барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 374,550 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 302,350 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас 302,350 төгрөгийг гаргуулан /Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данс/ төсвийн орлогод оруулан, нэхэмжлэгчээс 604,700 төгрөгийг гаргуулан хариуцагч нарт олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА