Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
Хэргийн индекс | 181/2016/00071/И |
Дугаар | 00928 |
Огноо | 2017-04-04 |
Маргааны төрөл | Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө, компаний хувьцаа, бусад үнэт цаасны маргаан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 00928
2017 оны 04 сарын 04 өдөр | Дугаар 102/ШШ2017/00928 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 1 дүгээр байр, 7 тоотод оршин суух, Намнан овогт Шадравын Нацагням /РД: ЦД63072805/,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, бага тойруу, 26-31 тоотод оршин суух, Боржигон Санж овогт Авирмэдийн Энхтөр /РД: УК66112073/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 476-р байр, 8 тоотод оршин суух, Боржгон овогт Алгаагийн Баянмөнх /РД: ЧН77102473/-д холбогдох,
“Найн Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 16/07, 16/09 дугаартай тогтоолыг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, гүйцэтгэх захирал А.Баянмөнхийн эрх дуусгавар болж шинэ гүйцэтгэх захирлаар У.Барбарих томилогдсоныг тогтоолгох, А.Баянмөнхөөс “Найн Т” ХХК-ийн гэрчилгээ, тамга тэмдэгийг албадан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Барбарих, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Баттулга, хариуцагч А.Баянмөнх, хариуцагчийн өмгөөлөгч Х.Цогтсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Барбарих шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч Д.Баттулга нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Нацагням нь “Найн Т” ХХК-ийн 35 хувийн хувьцаа эзэмшигч, А.Энхтөр нь 30 хувийн хувьцаа эзэмшигч, А.Баянмөнх нь 35 хувийн хувьцаа эзэмшигч нар бөгөөд 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр санаа нэгдэн “Найн Т” ХХК-ийг үүсгэн байгуулж, А.Баянмөнхийг гүйцэтгэх захирлаар томилж, улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ, тамга тэмдэг авсан. Гүйцэтгэх захирал А.Баянмөнх нь “Найн Т” ХХК-ийг төлөөлөн өөрийн дур зоргоор, бусад хувь нийлүүлэгч, хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрөлгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь “Найн Т” ХХК-ний дийлэнх олонхи буюу 65 хувийн хувьцаа эзэмшигч Ш.Нацагням, А.Энхтөр нарын эрх, ашиг сонирхолд ноцтой хохирол учруулж хөрөнгө оруулалтыг саатуулж улмаар үнэ цэнийг унагаах бодит байдлыг бий болгосон нь нэхэмжлэгч бидний олох ашиг орлогод хохирол учруулж байна. А.Баянмөнхийг уг нэхэмжлэлээ татаж авах, бусад хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрөлтэйгээр хийсэн гэрээ хэлцэлдээ үнэнч байх, бусад хувьцаа эзэмшигчдийнхээ ашиг сонирхлыг хүндэтгэж, мэдээллээр хангахыг удаа дараа шаардсан боловч компанийн болон гэрийн хаягтаа байхгүй, утсаа авахгүй зугтаах болсон. Иймд 35 хувийн хувьцаа эзэмшигч Ш.Нацагням 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2 дахь заалтыг үндэслэн Компанийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах санал шаардлагыг гаргаж, гүйцэтгэх захирал А.Баянмөнхөд компанийн дүрэмд дурьдсан компанийн болон гэрийн хаягаар, и-мэйл хаяг, мессэжээр мэдэгдэж хүргүүлсэн боловч Компанийн тухай хуульд заасан 10 хоногийн хугацаанд ямар нэг шийдвэр гаргаагүй. Иймд Ш.Нацагням хувьцаа эзэмшигчийнхээ бүрэн эрхийн дагуу Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.7 дахь заалтуудыг үндэслэн “Найн Т” ХХК-ний ээлжит бус хурлыг 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хуралдуулах шийдвэр гаргаж, гаргасан шийдвэр зэргийг дээр дурдсан хаягууд, и-мэйл, мессэжээр илгээн, хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласан. Энэ зарын дагуу 35 хувийн хувьцаа эзэмшигч А.Баянмөнх хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралд ирж, 100 хувийн ирцтэйгээр хурал эхэлсний дараа хуралд оролцохгүйгээ мэдэгдэн хурлыг орхиж явсан. 35 хувийн хувьцаа эзэмшигч Ш.Нацагням, 30 хувийн хувьцаа эзэмшигч А.Энхтөр нар буюу 65 хувийн хувьцаа эзэмшигчид үргэлжлүүлэн хуралдаж А.Баянмөнхийг гүйцэтгэх захирлаас чөлөөлж, У.Барбарихыг гүйцэтгэх захирлаар томилж, ‘"Найн Т” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх олгож, “Плагиоклаз” ХХК-ийн 50 хувийн хувьцааг ямар нэг болзолгүйгээр буцаан шилжүүлж, Ашигт малтмалын хайгуулын ХҮ-019899 тоот тусгай зөвшөөрлийг “Гоби Минералс Групп” ХХК-д шилжүүлж, Компанийн ээлжит хурлыг зарлан хуралдуулахаар хуралд оролцогсдын 100 хувийн саналаар шийдвэрлэж тогтоолыг баталсан. Хариуцагч А.Баянмөнх нь тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч гадаадын хөрөнгө оруулалт босгох үүрэгтэй ажиллах “Гоби Минералс Групп" ХХК-д зөвхөн өөрөө 20 хувийг эзэмших шаардлага тавиад, санаархлаа хэрэгжүүлэхийн тулд “Плагиоклаз” ХХК, “Гоби Минералс Групп” ХХК-дын хооронд байгуулсан “Геологи, хайгуулын ажлын тайлан мэдээ, мэдээллийг худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл шүүхэд гаргасан нь Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4.3-д заасан гүйцэтгэх захирал компанийн эрх ашигтай нийцүүлэн үндэслэлтэй шийдвэр гаргах гэсэн заалтыг, Компанийн дүрэмд заасан компаний болон гэрийн хаягтаа байхгүй, утасны дуудлага, мессэжэд хариу өгөхгүйгээр, компанийн дүрэм, гэрчилгээ, тамга тэмдгийг авч санаатай зугтааж байгаа нь мөн хуулийн 97.6-д заасан Компани нь энэ хуулийн 97.1-д заасан баримт бичгийг өөрийн үйл ажиллагаа эрхлэн явуулах газар буюу хувьцаа эзэмшигчдийн мэдэх, тэдний нэвтрэх боломж бүхий газар хадгална гэсэн заалтуудыг тус тус зөрчиж байгаа нь 65 хувийн хувьцаа эзэмшигч Ш.Нацагням, А.Энхтөр нарын эрх, ашиг сонирхолд хохирол учруулж байна. Түүнчлэн А.Баянмөнх нь Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д заасан хугацаанд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлан хуралдуулаагүй тул түүний хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулахаас бусад бүрэн эрх дуусгавар болсон байдаг. Иймд “Найн Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 16/07 дугаартай тогтоолыг хүчин төгөлдөр болохыг тогтоон, гүйцэтгэх захирал А.Баянмөнхийн эрх дуусгавар болж, шинэ гүйцэтгэх захирлаар У.Барбарих томилогдсоныг тогтоон, А.Баянмөнхөөс “Найн Т” ХХК-ийн гэрчилгээ, тамга тэмдгийг албадан гаргуулан, түүний хууль зөрчсөн үйлдлийг нь таслан зогсоож өгнө үү гэжээ.
Хариуцагч А.Баянмөнх шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Найн Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ш.Нацагням, А.Энхтөр нар нь удаа дараа компанийн хурлыг хууль зөрчин хуралдуулж, хууль бус шийдвэрүүд гаргаж, хувьцаа эзэмшигч, компанийн гүйцэтгэх захирал А.Баянмөнхийг хохироож байгаа. Тухайлбал, “Найн Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хуралдуулсан бөгөөд тэгэхдээ “гүйцэтгэх захирал А.Баянмөнх нь тодорхойгүй шалтгаанаар хуралд оролцоогүй болно” гэж тэмдэглэжээ. Уг хурлаар Дорноговь аймгийн Мандах сумын нутагт байрлах Улаан цохио нэртэй газрын ХҮ-019899 тоот ашигт малтмалын хайгуулын анхдагч материал, тайлан, мэдээ, мэдээллийн хамт “Гоби Минералс Групп” ХХК-д шилжүүлэх тухай, хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх бүх эрхийг “Плагиоклаз” ХХК-ийн захирал М.Машбатад итгэмжлэн олгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. “Найн Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хуралдуулсан. Ингэхдээ гүйцэтгэх захирал А.Баянмөнх нь “Найн Т” ХХК-ийн компанийн тамга, гэрчилгээ зэргийг авч яван олдохгүй байгаа, түүнд хүлээлгэх хариуцлагын талаар хэлэлцэхээр шийдвэрлэж байжээ. Уг хурлаараа А.Баянмөнхийг гүйцэтгэх захирал албан тушаалаас чөлөөлөх, гүйцэтгэх захиралаар У.Ууганбаярыг томилох, “Плагиоклаз” ХХК-д 50 хувийн хувьцааг буцаан шилжүүлж өгөхийг зөвшөөрөх зэрэг асуудлыг шийдвэрлэсэн байна. “Найн Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хувьцаа эзэмшигч Ш.Нацагнямын санал, шаардлагаар хуралдуулж мөн л хувьцаа эзэмшигч А.Баянмөнх тодорхойгүй шалтгаанаар оролцоогүй гэж тэмдэглэсэн. Тус хурлаараа А.Баянмөнх нь түүнд олгосон гүйцэтгэх захирлын эрх үүрэг, дуусгавар болсны дараа “Плагиоклаз” ХХК, “Гоби Минералс Групп” ХХК-ний эсрэг нэхэмжлэл гаргасан хувьцаа эзэмшигчдийн олонхийн эрх ашиг, сонирхолд ноцтой хохирол учруулахаар байгаа тул нэхэмжлэлээс татгалзах хүсэлтийг шүүхэд гаргах шийдвэрийг гаргаж байжээ. Энэхүү зарлан хуралдуулсан гэж байгаа хурлын шийдвэрүүд нь Компанийн тухай хуулийг ноцтой зөрчсөн, хувьцаа эзэмшигч А.Баянмөнхөд хурлын зарыг зохих журмын дагуу мэдэгдэлгүй, эрх ашгийг илтэд хохироосон болно. Компанийн тухай хууль, компанийн дүрэмд заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлаагүй, хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдах шийдвэр гарснаас хойш хуралдах өдөр, газрыг өөрчилсөн, хурлаар хэлэлцэхээр товлоогүй асуудлыг хэлэлцсэн зэрэг хуульд нийцээгүй олон зөрчлийг гаргасан болно. Тухайлбал, Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулна” гэж заасан. Мөн уг хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/, эсхүл энэ хуулийн 61.7-д заасан этгээд хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэрийг гаргана” гэж тодотгосон. Хуулийн дагуу компанийн гүйцэтгэх захирал А.Баянмөнх нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг Өдрийн сонины 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 80 дугаарт, 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хуралдуулахаар зарласан, мөн Өдрийн сонины 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 126 дугаарт, 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 15 цагаас хойшилсон хуралдааныг хуралдуулахаар хувьцаа эзэмшигч нарт мэдэгдэж зарлуулсан. Гэтэл хувьцаа эзэмшигчид хуралдаа ирж оролцоогүй болно. “Найн Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хувьцаа эзэмшигч Ш.Нацагням зарлан хуралдуулснаар 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хийсэн гэх бөгөөд хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан асуудлыг шийдвэрлэсэн байна. Хувьцаа эзэмшигч Ш.Нацагням нь компанийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахдаа Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2, 61.3, 61.4 дэх хэсэгт зааж зохицуулсан заалтуудыг зөрчсөн. Түүнчлэн, хурлын хэлэлцэх асуудал, хуралд бэлтгэх явцад хувьцаа эзэмшигчдийн танилцаж болох баримт бичгийн жагсаалт зэрэг хуралд бэлтгэж баримт бичгүүдийг бэлэн болгохгүйгээр богино хугацаанд хурлыг хийх гэж оролдсон. Үүгээрээ компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.1, 60.2.2, 60.2.4, 60.2.5 дах хэсэгт заасан заалтуудыг зөрчсөн болно. Мөн хуулийн 60.3-т “Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хувьцаа эзэмшигчдийн хурлыг энэ хуулийн 60.1-д заасан шийдвэр гарснаас хойш 40-өөс доошгүй хоногийн дараа хуралдуулна” гэсэн заалтыг баримтлаагүй байна. Ийнхүү богино хугацаанд компанийн гүйцэтгэх захирлыг 2 ч удаа өөрчилсөн шийдвэр гаргасан нь хурлын шийдвэрүүд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадахгүй байна. Иймд “Найн Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн ээлжит бус хурлын шийдвэр нь Компанийн тухай хууль, компанийн дүрмийн олон заалтуудыг зөрчсөн байх тул нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй оолгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Нацагням, А.Энхтөр нар нь хариуцагч А.Баянмөнхөд холбогдуулан, “Найн Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 16/07, 16/09 дугаартай тогтоолыг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, гүйцэтгэх захирал А.Баянмөнхийн эрх дуусгавар болж, шинэ гүйцэтгэх захирлаар У.Барбарих томилогдсоныг тогтоолгох, А.Баянмөнхөөс “Найн Т” ХХК-ийн гэрчилгээ, тамга, тэмдэгийг албадан гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг “...нэхэмжлэгч нарын ээлжит бус хурал нь Компанийн тухай хуульд нийцээгүй” гэх үндэслэлээр үгүйсгэн маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
“Найн Т” ХХК-ийн 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн үүсгэн байгуулах хурлын 1 дугаар тогтоолоор хариуцагч А.Баянмөнхийг “Найн Т” ХХК-ийн ерөнхий захирлаар хугацаагүй томилж, 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр улсын бүртгэлд түүнийг тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгэж, улмаар “Найн Т” ХХК-ийн үүсгэн байгуулагчдын 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 1 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар тус компанийн нийт хувьцааны 35 хувийг хариуцагч А.Баянмөнх, 35 хувийг нэхэмжлэгч Ш.Нацагням, үлдэх 30 хувийг нэхэмжлэгч А.Энхтөр нар эзэмшдэг болсон нь компанийн дүрмээр нотлогдож байхаас гадна талууд дээрх үйл баримтын талаар маргаагүй байна. Иймд нэхэмжлэгч Ш.Нацагням, А.Энхтөр нар нь “Найн Т” ХХК-ийн нийт хувьцааны 65 хувийн эзэмшигчийн хувьд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.8-д заасны дагуу компанийн үйл ажиллагааны талаар шаардлага гаргах эрх бүхий этгээд гэж үзэхээр байна.
Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.3-т зааснаар компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байх бөгөөд хувьцаа эзэмшигчдийн хурал ээлжит болон ээлжит бус байна. Нэхэмжлэгч нар нь ээлжит бус хурлыг хуралдуулахаар мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2, 61.2-т заасны дагуу хариуцагчид санал, шаардлага гаргах эрхтэй ба уг санал, шаардлага нь мөн зүйлийн 61.3-т заасан шаардлагыг хангасан байх ёстой. Гэвч нэхэмжлэгч нь хэргийн 27 дугаар талд авагдсан санал, шаардлагыг хариуцагчид хүргүүлсэн гэж үзэх, мөн хэзээ уг санал, шаардлагыг гаргасан эсэх нь баримтаар тогтоогдохгүй байна.
Нөгөөтэйгүүр, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.7-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн санал, шаардлагыг хүлээн авч, ажлын 10 өдөрт багтаан хурлыг хуралдуудах эсэх талаар шийдвэр гаргах үүрэгтэй ба энэ талаар шийдвэр гараагүй тохиолдолд нэхэмжлэгч нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай шийдвэрийг бие даан гаргаж болно. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нар нь ээлжит бус хурал хуралдуулах тухай шийдвэр гаргасан эсэх нь баримтаар нотлогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгч нарын 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 16/17, мөн өдрийн 16/09 дүгээр хувьцаа эзэмшигчдийн ээлжит ээлжит бус хурал болон уг хурлаас гарсан шийдвэр нь Компаний тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.4-т заасантай нийцэхгүй байх тул хурал болон түүнээс гарсан шийдвэрийг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй байна.
Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш 4 сарын дотор зарлан хуралдуулна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар санхүүгийн жил нь 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болох бөгөөд хариуцагч нь Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлан хуралдуулах үүрэгтэй байжээ. Гэтэл хариуцагч нь энэ талаар мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу шийдвэр гаргаасан гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байх тул мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д заасны дагуу түүний хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй байна.
Хариуцагч А.Баянмөнхийн компанийг төлөөлөх бүрэн эрх дээрх байдлаар дуусгавар болсон боловч дараагийн гүйцэтгэх удирдлага томилогдоогүй байх тул компанийн тамга, тэмдэг болон аж ахуй нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэг хувьцаа эзэмшигчээс нөгөөд нь олгох үндэслэлгүй байна.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч А.Баянмөнхийг “Найн Т” ХХК-ийг төлөөлөх бүрэн эрхгүй буюу гүйцэтгэх удирдлагын үүрэг дуусгавар болсныг тогтоож, үлдэх “Найн Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 16/07, 16/09 дугаартай тогтоолыг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, шинэ гүйцэтгэх захирлаар У.Барбарих томилогдсоныг тогтоолгох, А.Баянмөнхөөс “Найн Т” ХХК-ийн гэрчилгээ, тамга тэмдэгийг албадан гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.8, Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д заасныг баримтлан хариуцагч А.Баянмөнхийг “Найн Т” ХХК-ийг төлөөлөх бүрэн эрхгүй буюу гүйцэтгэх удирдлагын үүрэг дуусгавар болсныг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “Найн Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 16/07 дугаар, 16/09 дугаар тогтоолыг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, шинэ гүйцэтгэх захирлаар У.Барбарих томилогдсоныг тогтоолгох, “Найн Т” ХХК-ийн аж ахуй нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга, тэмдэгийг албадан гаргуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН