Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 18

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нарийн бичгийн дарга С.Наранжаргал,

Улсын яллагч Д.Цогт-Эрдэнэ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаа,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 201613010009 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 7 дугаар сарын 13-нд З******* суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэрэгжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эцэг, эх, 2 дүүгийн хамт З******* сумын Хонгор багт оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаартай, *******,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр З******* сумын Хонгор багийн Дээд хар гэх газраас иргэн ******* эзэмшлийн адуун сүргээс гал цуулбар имтэй хээр адуу /гүү/ хулгайлж улмаар төхөөрч бусдад 800000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* нь 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр З******* сумын Хонгор багийн нутаг “Дээд хар” гэх газраас иргэн ******* гал цуулбар имтэй, улаан хээр зүсмийн гүүг хулгайлж 800000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч *******ийн: Би ******* эзэмшлийн адуун сүргээс гал цуулбар имтэй хээр гүүг хулгайлсан. Аав хээр гүүгээ төхөөрөөд бэлдчихээрэй гэхээр нь би Түмэнбаярын адуунаас хээр гүүг нь барьж аваад төхөөрчихсөн юм  гэх мэдүүлэг, 

            Мөрдөн байцаалтын шатанд:

            Хохирогч *******: Би 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 04-ний хооронд З******* сумын Хонгор багийн нутаг “Доод хар” гэх газраас адуун дотроосоо улаан хээр зүсмийн гүүгээ хулгайд алдсан юм. Тэгсэн З******* сумын хэсгийн төлөөлөгч хээр зүсмийн адууны шир хураасан байна гэж сонсоод би 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр З******* суманд очиж хэсгийн төлөөлөгчтэй уулзаж хээр зүсмийн адууны ширийг харахад манай хулгайд алдсан хээр гүүний шир мөн байсан. Уг гүүний хоёр чих нь гал цуулбар имтэй, баруун талын гуяндаа манай өөрийн саран дэвсгэртэй хас тамгатай, харин тамга нь жаахан бүдэг байдаг юм. Мөн адууны ширэнд 2 хөх нь байсан...гэх мэдүүлэг,

Гэрч *******: 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр манай эхнэр Г.Ванданмагсар гэдэг айлд түүхий эд байна гэж хэллээ чи үзээд үнэ тохирвол аваарай гэж хэлж байсан. Тэгээд маргааш нь 10 цагийн үед Их-Уул сумын төвд ******* гэрээс очиж 3 ширхэг адууны ширийг нэгийг нь 35000 төгрөгөөр бодож нийт 105000 төгрөг бэлэн өгч худалдаж авсан. ...Хэсгийн төлөөлөгч таниас авсан 3 адууны шир гэсчихлээ ирээд үзээдэх гээд очиж үзэхэд ******* худалдан авсан шир зүсээрээ мөн байсан. Хээр зүсмийн адууны ширний баруун талын гуянд бүдэгхэн тамганы оромтой, 2 чих нь гал цуулбар имтэй, нимгэн цавиндаа хоёр хөх нь байсан...гэх мэдүүлэг,

Гэрч: Би 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс адуугаа хайгаад 3 өдрийн дараа З******* сумын Хонгор багийн нутгаас олсон. Тэгсэн адуун дотроос хээр зүсмийн гүү алга болсон байсан. Тэгээд З******* сумын цагдаатай уулзахад 3 ширхэг адууны шир үзүүлсэн. Тэр ширнүүд дунд манай хээр гүүний шир байсан. Манай алдсан хээр гүү маань 2 чихиндээ гал цуулбар имтэй, буруу талын гуяндаа саран дэвсгэртэй хас тамгатай байсан. Би хэсгийн төлөөлөгчийн өрөөнд байсан 3 адууны ширнээс хээр зүсмийн адууны ширийг үзэхэд 2 чих нь гал цуулбар имтэй, байсан...гэх мэдүүлэг,

Гэрч: ******* адуу хоёр чих гал цуулбар имтэй, буруу талын гуяндаа саран дэвсгэртэй хас тамгатай адуунууд байдаг юм. Тэр алдагдсан гээд байгаа хээр гүүний хоёр чих гал цуулбар имтэй, буруу талын гуяндаа саран дэвсгэртэй хас тамгатай байсан... гэх мэдүүлэг,

Гэрч: ...Түмэнбаярын адуу хоёр чих гал цуулбар имтэй, буруу талын гуяндаа саран дэвсгэртэй хас тамгатай адуунууд байдаг юм...гэх мэдүүлэг,

Гэрч : ...2015 рны 11 сарын сүүлээр Энэбиш ах хээр гүү ганцаараа төхөөрсөн. Би гэдсийг нь арилгасан. Хэний адуу байсан, ямар им тамгатай байсныг нь мэдэхгүй... гэх мэдүүлэг, эд зүйл хураан авсан тогтоол, тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт, гэрэл зургууд зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч *******ийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр З******* сумын Хонгор багийн нутаг “Дээд хар” гэх газраас иргэн ******* гал цуулбар имтэй, улаан хээр зүсмийн гүүг хулгайлж 800000  төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэвч шүүгдэгч *******ийн бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.2-т заасан хөнгөн гэмт хэрэг байна.

Мөн Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сар өнгөрсөн бол гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй гэж заасан байх тул шүүгдэгч *******ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******ийг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар *******ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч *******ид авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.ИХТАМИР